Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 1111 төвд ирсэн өргөдөл, гомдол, томуу, томуу төст өвчний тухай болон бусад цаг үеийн асуудлаар албаныхан мэдээлэл өглөө.
Өнгөрсөн сард нийт 270 иргэн эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар 1111 төвд ханджээ. Тэдний дийлэнх нь өргөдөл, гомдол, санал, 47 хувь нь талархал байжээ. Эмнэлгийн хүлээгдэл, эмнэлэгт цаг захиалах шат дамжлага төвөгтэй байгааг 19.6 хувь нь дурдсан байна.
Мөн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, салбарын хөрөнгө оруулалт, даатгал, цахим систем, урьдчилан сэргийлэлт, эмнэлгийн зогсоол төлбөртэй байгаа талаар олон иргэн ханджээ.
Гемодиализийн эмчилгээний аппаратыг нэмэх хүсэлт мөн ирүүлсэн байна. Нийт өргөдлийн 24 хувийг ЭМЯ-нд хаяглажээ. Эрт илрүүлэгт хэрхэн хамрагдах, томуугийн вакцин хийлгэх хүсэлтээ илгээжээ. Санал хүсэлтийн дийлэнх нь ЭМЯ, ЭХЭМҮТ, ХӨСҮТ, ХСҮТ, Улсын 1, 2, 3-р эмнэлэгтэй холбоотой байсан байна.
Иргэдийн санал хүсэлтийг Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 1111 төвөөс гадна ЭМЯ-ны цахим хаягаар авч эхэлжээ. Мөн Эрүүл мэндийн байгууллагууд руу хүргүүлж, богино хугацаанд хариу өгөх чиглэлээр үүрэг даалгавар өгч, хяналт тавьж ажиллана гэдгийг ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Эрхэмбаяр хэллээ.