Дархан-Уул аймгийн Дархан сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэр дэх “Тэс Петролиум” ХХК-ийн шатахууны нөөцийн сав шатсан осол арванхоёрдугаар сарын 1-ний өдөр гарсан. Ослын улмаас гурван иргэний амь нас хохирсон нь тогтоогдоод байгаа. Торуулбал “Тэс Петиролиум” ХХК-ийн нягтлан бодогч, харуул, шатахууны нярав гэх гурван хүн ажил үүргээ гүйцэтгэж явахдаа ослын улмаас нас барсан юм. Талийгаач Ө.Нандинцэцэгийн ах Б.Батмөнхөөс цөөн асуултад хариулт авлаа. Талийгаачийн тухайд “Тэс Петролиум” ХХК-ийн нягтлангаар ажиллаж байсан юм.
-Таны гэр бүлд эмгэнэл илэрхийлье. “Тэс Петролиум”-ын зүгээс ар гэрийнхэнтэй нь уулзав уу. Ямар байр суурь илэрхийлж байна вэ?
-Талийгаач миний том эгчийн охин. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “Тэс Петролиум” ХХК-ийн салбарт нягтлан бодогчоор ажилд ороод байсан юм. Энд ажилд ороод дөнгөж жил болоод л ийм харамсалтай осолд нэрвэгдчихлээ. Анх ажилд ороход нь хортой нөхцөлд ажиллах учраас ар гэрийнхэн нь таатай хүлээж аваагүй. Миний дүү ХААИС-ийг төгсөөд “Глобал бридж консракшн” ХХК, “Хаан банк” зэрэг байгууллагад мэргэжлээрээ ажиллаж байгаад энэ шатахуун түгээх станцад ажилд ороод байсан юм.
Яг одоо ар гэрийнхнийх нь сэтгэл зүй маш хүнд байна. Бага охиноо гэнэтийн ослоор алдсан аавын дотор ямар олигтой байх билээ. Компанийн төлөөлөл ар гэрийнхэнтэй нь осол болдог өдрийн үдээс хойш уулзсан байна лээ. Гэнэтийн муухай мэдээ дуулсан тэдний маань зүрх нь зогсчих шахсан. Компанийн зүгээс ослын шалтгаан нөхцөлийг тодруулах ажлын хэсэг гараад явж байгааг л хэлж байна лээ.
-Ослоос хойш арав орчим хоногийн хугацаа өнгөрсөн байна. Ямар нэгэн нэмэлт мэдээлэл ар гэрт нь өгсөн үү?
-Одоогоор чимээгүй байна. Бидний тухайд ч өнгөрсөн хугацаанд талийгаачийгаа нутаглуулах ажилтай завгүй байлаа. Ажлын хэсгийн дүгнэлт бол хэд хэдэн удаа гарах хугацаа өнгөрсөн гэж хувьдаа харж байна. Гэтэл чимээгүй байгааг нь гайхаад л байна шүү. Мэргэжлийн хүмүүс бол шалтгаан үндэслэлийг нь тэр дор нь тогтооно шүү дээ. Хэн нь ямар алдаа гаргасан болоод дуугай яваад байгаа юм бол, надад мэдэх юм алга. Жагсаал гэх дуулианы хажуугаар энэ хэрэг ингээд замхрах вий гэх хардлага ч төрж байна. Ослын улмаас хөдөлмөрийн насны гурван хүн амь насаа алдлаа шүү дээ. Дуугай суух асуудал огт биш. Харьяа байгууллагууд нь шуурхай ажиллаж шалтгаан нөхцөлийг нь тогтоох ёстой. Хэн, хаана ямар зөрчил гаргаснаар гал гарахад хүргэв. Эсвэл “Тэс Петролиум” ХХК аюулгүй байдлын асуудалдаа хайнга хандсанаас болж эрүүл саруул гурван хүн зуурдаар ертөнцийн мөнх бусыг үзүүлэв үү. Өглөө ажилдаа шуурхайлаад гарсан дүү маань ажлын байрандаа амь насаа алдлаа. Гэнэт л ийм аюул тохионо гэж байхгүй биз дээ.
Хаа нэг газар хэн нэгэн хариуцлага алдсанаас л ийм осол гарсан байж таарна. Онцгой байдал, мэргэжлийн хяналт гээд байгууллагуудаас ийм эрсдэлтэй газар тогтмол шалгалт оруулдаг л байсан байлгүй. Тэд энэ эрсдэлийг олж харсан уу, компанид сануулга өгсөн үү, сануулгынх нь дагуу зөрчил арилгах арга хэмжээг цаг тухайд нь авч ажилласан уу гээд олон асуудал бий. Энэ бүхнийг ажлын хэсэг шударгаар олж тогтооно гэж найдаж байна. Талийгаачдын ар гэрээс ч зохих хэмжээний шаардлага тавьж ажиллана.
-Та бүхэн талийгаачтай хамт ажилладаг хүмүүстэй нь уулзсан уу. Тэд юу ярьж байна вэ?
-Ажлын газрынхан нь гэх цөөхөн хүн ирээд явна лээ. Ажлын байранд аймшигтай гал гарсан тухай л хэлж байсан. Тэр олон тонн шатахуунтай саванд гал ноцно гэдэг дэндүү аюултай осол. Дахин ийм осол гарч хэн нэгний амь нас эрсдэж, өөр нэг гэр бүл зовлонд унахгүй гэх баталгаа алга. Үүний тулд л ажлын хэсэг хариуцлагатай шуурхай ажиллаж галын дүгнэлтийг зөв гаргах нь чухал. Компанийн зүгээс ар гэртэй нь уулзаад л өнгөрдөг жишиг байж болохгүй. Ослын шалтгааныг тогтоож, буруутай албан тушаалтан хариуцлага хүлээж байж бусдад сэрэмж болно. Гурван хүний амь авсан ноцтой ослын хажуугаар илээд өнгөрч огт болохгүй.