Categories
мэдээ нийгэм

​О.Даваасамбуу: Уул уурхайн салбар дахь хулгайтай тэмцэхэд Монгол Улсын төрийн нүд чих болсон лабораторийн шинжилгээний үр дүнг ашиглаж хяналтаа тавих ёстой DNN.mn


Геологийн төв лаборатори ТӨҮГ-ын захирал О.Даваасамбуутай Монгол Улсын эрдэс баялгийн салбарт тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй, эрдсийн чиглэлээр цогц шинжилгээ гүйцэтгэдэг 65 жилийн түүхтэй, Монгол Улсын Геологийн төв лабораторийн тухай ярилцлаа.


-Та Геологийн төв лабораторийн захирлаар томилогдоод жил гаруй болж байна. Өөрийн байгууллагын үйл ажиллагааны талаар товчхон танилцуулахгүй юу?

Геологийн төв лаборатори нь 65 жилийн тэртээ Монгол Улсад геологийн судалгаа, эрэл хайгуул эхэлсэн цаг үеэс Монгол Улсын газрын хэвлий дэх эрдэс баялаг, ашигт малтмалын мэдээллийг бий болгох, 1:200,000-ны масштабтай геологийн зураглалын ажлын лабораторийн шинжилгээг гүйцэтгэж эхэлсэн боловч өнөөдөр улс нийгмийн хөгжилд нэн чухал ач холбогдол бүхий түүхий эд болох эрдэс баялгийг нээн илрүүлэх, түүний нөөцийг тогтоох, олборлох, баяжуулах, уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд геологич, уурхайчид, баяжуулагчдыг дэлхийн 105 оронд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын түвшинд гурвалсан стандартаар магадлан итгэмжлэгдсэн шинжилгээний үр дүнгээр хангаж ирлээ.

Бидний энэ амжилтын үр дүнд манай салбар улсын төсвийн орлогын 30 хувь экспортын бүтээгдэхүүний 90 хувийг бүрдүүлэгч эдийн засгийн тулгуур салбар боллоо.

Манай лабораторийн хувьд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын сүлжээ лабораториудтай өрсөлдөхүйц хэмжээний тоног төхөөрөмж, чадварлаг инженерүүдээс бүрдсэн хүний нөөцтэй, орчин үеийн лаборатори болж чадсан. Үүний тод жишээ нь бид Засгийн газрын захиалгаар төрийн нүд чих болж, зарим уул уурхайн бүтээгдэхүүнд Засгийн газрын хяналтын шинжилгээг гүйцэтгэж байна. Мөн лабораторийн шинжилгээний эталон загвар болох хэмжил зүйн аттестатчилсан стандартчилсан загварыг олон улсын “ISO 17034 Стандартчилсан загвар үйлдвэрлэгчид тавих ерөнхий шаардлага” стандартын шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэж, мэргэжлийн сүлжээг үүсгэн, Англи, АНУ, ОХУ, Хятад, Австрали, Германы дистрибьютерээр дамжуулан дэлхий даяар худалдан борлуулж байна. Мөн дэлхийн бусад лабораториудаас зохион байгуулагддаг ур чадварын сорилд тогтмол амжилттай оролцож, өөрийн лабораторийн мэргэжлийн ур чадварыг үнэлүүлэхээс гадна ISO 17043 Тохирлын үнэлгээ-Ур чадварын сорилт зохион байгуулагчид тавих ерөнхий шаардлага” стандартаар итгэмжлэгдэж, эрдсийн шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй гадаад дотоодын лабораториудын ур чадварыг үнэлдэг. Бидний зохион байгуулж буй УЧС-ын хөтөлбөрт оролцож амжилттай үнэлэгдсэнээр MNS ISO/IEC 17025 стандартыг хангах нэг гол үзүүлэлт болж өгдөг төдийгүй, Монгол Улсын хэмжээнд стандартчилал, хэмжил зүйн шалгуурыг хангуулах нэг хөшүүрэг болдог.

Нэг үгээр хэлбэл эрэл хайгуул, зураглалын ажлаас эхлээд орд, газрыг илрүүлэх, олборлох, баяжуулах, бүтээгдэхүүний чанарын баталгааг олгох зэрэг геологи, уул уурхайн салбарын бүх л үе шатанд лабораторийн шинжилгээг гүйцэтгэдэг, улсын хэмжээний цорын ганц байгууллага юм. Бидний шинжилгээний ажлын үр дүнг олон улсад хүлээн зөвшөөрснөөр уул уурхайн салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татаж чадсан.

-Таны яриаг сонсоход Монгол Улсын түүхэн хөгжилд лабораторийн оруулсан хувь нэмэр, үүрэг оролцоо өндөр байсан гэж ойлгогдлоо.

Тийм шүү. Үе үеийн төрийн мэргэн бодлого, манай лабораторид өөрийн мэдлэг, боловсрол, хичээл зүтгэлээ зориулсан удирдлагууд, инженерүүд ажилтнуудын маань нөр их хөдөлмөрийн үр шим юм даа.

-Өнөөдөр танай байгууллагын ажлын ачаалал хэр байна вэ?

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас Монгол орны геологийн судалгаа, хайгуул, уул уурхайн олборлолтын ажил зогсонги байдалтай байсан хэдий ч энэ оноос харьцангуй идэвхжиж, эрчимжиж байна. Мөн улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа 1:50000-ны масштабтай зураглалын ажил зохих түвшинд үргэлжлүүлэн хийгдэж эхэллээ. Үүнтэй холбогдуулаад ажлын хэмжээ нэмэгдэж байна. Зарим лаборатори нэгжүүд 2, 3 ээлжээр ажиллаж, шинжилгээний үр дүнг хугацаанд нь гарган өгөхөөр чармайн ажиллаж байна. Өнгөрсөн онуудтай харьцуулахад дээжийн тоо, гүйцэтгэл, үндсэндээ 2 дахин өссөн үзүүлэлттэй байна.

-Геологийн төв лаборатори нь миний ойлгосноор өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг ТӨҮГ гэж ойлгодог…

Үнэнийг хэлэхэд сүүлийн жилүүдэд Монгол Улсын хэмжээнд геологийн салбар маань орхигдсон байсан. Нэг үгээр хэлэхэд геологичдын олсон, нээн илрүүлж, нөөцийг батлуулсан томоохон орд газруудыг үндсэнд нь олборлож, уул уурхайн салбарт ашиглаж эхлээд байна. Одоо геологичдын хүчийг ашиглан шинэ орд газрууд, нөөцийг илрүүлэх эрэл хайгуул, судалгааны ажлыг дорвитой хийх шаардлага үүссэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар Үндэсний геологийн албыг 2020 онд шинээр байгуулсан нь цаг үеэ олсон оновчтой шийдвэр байлаа. Геологийн төв лабораторийн дүрэмд өөрчлөлт оруулж, Үндэсний геологийн алба, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай хосолмол удирдлагатай болсон нь лабораторийн үйл ажиллагааг төрийн бодлоготой уялдуулах, чухал ач холбогдолтой шийдвэр байлаа. Ингэснээр бид өнгөрсөн нэг жилийн хугацаанд УУХҮЯ, ҮГА-аас бодлогын хувьд ихээхэн дэмжлэгийг авч, өнөөдөр Геологийн төв лаборатори гэдэг байгууллага ЗГ, УИХ-ын анхаарлын төвд очиж чадлаа.

-ЗГ болон УИХ-ын анхаарлын төвд очиж чадлаа гэдгийг тодруулбал?

-Бид үндсэн үйл ажиллагаанаас гадна ЗГ-ын захиалгаар хяналтын шинжилгээг гүйцэтгэдэг гэж түрүүн дурдсан. Өнөөдөр хүний эрүүл мэндийн асуудал, экологи, байгаль орчны асуудал онцгой тавигдаж байгаа энэ үед бүх төрлийн бүтээгдэхүүн, түүхий эдэд тавих төрийн хяналт чухал юм. Олон улсын жишигт төрийн хяналт буюу Засгийн газрын хяналтыг бүх салбарт лабораторийн шинжилгээний үр дүнд үндэслэн тавих болсон. Жишээ нь хүнс, барилга, бараа бүтээгдэхүүн нь хүний эрүүл мэндэд хоргүй, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдаалах ёстой.

Манай лабораторийн хувьд уул уурхайн бүтээгдэхүүнд тавих төрийн хяналтын нүд чих юм. Ялангуяа экспортын бүтээгдэхүүний 90 хувийг эзэлж буй уул уурхайн бүтээгдэхүүнд тавих төрийн хяналт зохих хэмжээнд хийгдэж байгаа эсэх нь эргэлзээтэй л байна. Уул уурхайн бүтээгдэхүүн болох хүдэр, баяжмалын ялгаа, түүн доторх ашигт элементийн агуулгыг ямар ч хүн нүдээр хараад тодорхойлох боломжгүй, зөвхөн лабораторийн шинжилгээний үр дүнгээр тодорхойлогддог гэдэг нь хүн бүрт ойлгомжтой.

-Хилээр нэвтрүүлж буй уул уурхайн бүтээгдэхүүнд тавих төрийн хяналт өнөөдөр хэрхэн явагдаж байна. Тухайлбал нүүрсний хулгайн асуудал нийгэмд хурцаар тавигдаж байна. Экспортод гарч байгаа нүүрсэнд хяналтыг хэрхэн тавьж байна вэ?

Өнөөдрийн энэ яригдаж байгаа нүүрсний хулгай бол улсын хилээр бүртгэлгүй татвар төлөөгүй ч юмуу шалтгаанаар гаргасан нүүрсний талаар ярьж байна гэж ойлгож байна. Энэнээс нарийн зохион байгуулалттай төр анхааралдаа авахгүй бол болохгүй хулгай зөвхөн нүүрс биш, бусад экспортод гарч байгаа баяжмалуудад гарч байхыг үгүйсгэхгүй.

-Тэр нь юу гэсэн үг вэ, Тодруулбал?

Хилээр гарч байгаа бүх төрлийн уул уурхайн бүтээгдэхүүнд зохих лабораторийн шинжилгээ хийж хяналт тавиагүйгээс тухайн баяжмалын доторх ашигт элементийн агуулга, чанарыг бууруулснаар тухайн бүтээгдэхүүнийг хямд үнээр тооцож татвар төлөх асуудлыг хэлж байгаа юм. Баяжмалыг хүдрийн үнээр гаргах боломж гэж харагдаж байгаа юм. Жишээ нь саяхан батлагдсан нүүрсний ангиллыг тогтоосон стандарт нь олон улсын стандартад нийцүүлсэн, хилээр гарч байгаа нүүрсний ангилал, чанарт нь тохирсон үнээр борлуулах, тэр хэмжээгээр татварыг бодитой тогтоох төрийн бодлогын хүрээнд батлагдсан стандарт юм. Энэ стандарт нь шаардлагын хувьд бага ялгаатай хэдий ч үнийн хувьд багагүй зөрүүтэй тиймээс стандартад нийцүүлэн лабораторийн нарийн шинжилгээг үндэслэж, нүүрсний чанар, ангилал, үнийг тогтоон, татварыг бодитоор ногдуулах ёстой. Цаашлаад яривал хилээр гарч буй уул уурхайн бүтээгдэхүүний хэдэн тонн тутамд нэг шинжилгээг хийх өөрөөр хэлбэл нэг шинжилгээний үр дүн хэдий хэмжээний баяжмалыг төлөөлөх вэ гэдэг стандарт Монголд байхгүй байгаа. Олон улсын байгууллагаас уул уурхайн бүтээгдэхүүнд тавих хяналтын талаарх зөвлөмжид дээрх хэмжээг тогтоож, хуульчлах талаар зөвлөмжийг өгсөн байдаг. Тэгэхээр төрийн бодлогоор дээрх хэмжээг тогтоож мөрдөх нь уул уурхайн бүтээгдэхүүнд тавих төрийн хяналтыг сайжруулах, улмаар татварыг бодитоор тогтоож, улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэх эхний алхам, чухал шийдвэр юм.

-Гаалийн байгууллагын шинэчлэлийн хүрээнд Гаалийн төв болон салбар лабораториудад 20 орчим тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдсэн тухай мэдээлэл бий. Гаалийн байгууллагын лаборатори нь уул уурхайн бүтээгдэхүүний хяналтын шинжилгээг хийдэггүй гэсэн үг үү?

Хийж байгаа, хийж байгаа. Гаалийн ерөнхий газрын харьяа Гаалийн төв лаборатори нь зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүнд биш улсын хилээр нэвтрүүлж буй тухайлбал, архи, тамхи, мансууруулах бодис, эм эмийн бэлдмэл, ноос ноолуур гэх мэт бүх төрлийн бараа бүтээгдэхүүнд хяналтын шинжилгээг гүйцэтгэдэг, хамран хүрээ их. Нөгөө талаас уул уурхайн бүтээгдэхүүний хувьд Гаалийн хяналтын тухай хуулийн зохицуулалтаар түүвэрлэсэн аргаар хийгддэг магадлан шинжилгээ юм. Энэ нь хилээр гарах тухайн үеийн гаалийн хяналт хийгдэж байгаа болохоос биш төрийн хяналтыг бүрэн төлөөлж чадахгүй, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох түвшний Засгийн газрын хяналтын шинжилгээ биш юм гэж хэлж болно.

-Та яриандаа “Манай лабораторийн хувьд уул уурхайн бүтээгдэхүүнд тавих төрийн хяналтын нүд чих” гэлээ. Танай лаборатори юугаараа давуу талтай вэ, танай лабораторийн үр дүн хэр баталгаатай вэ?

Бүх төрлийн лабораторийн үйл ажиллагааны гол цөм болсон зохицуулалт нь ISO/IEC 17025 “Сорилт болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага” стандарт болон “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль”-иар бие даасан, хараат бус, хөндлөнгийн байх үндсэн шаардлага юм.Хараат бус, бие даасан, хөндлөнгийн байх шаардлага нь 1-рт шинжилгээний үр дүнд нөлөөлөх нөлөөллөөс хамгаалах, 2-рт шинжилгээний үр дүнгийн нууцлалыг хадгалах үндсэн зохицуулалт бөгөөд заавал биелүүлэх шаардлага байдаг.

Манай лаборатори нь олон улсын түвшинд итгэмжлэгдсэн цаг үеэс өнөөдрийг хүртэл энэхүү стандартын шаардлагыг бүрэн хангаж, хадгалж ирсэн бөгөөд бидний үр дүн дэлхийн 105 оронд хүлээн зөвшөөрөгдөж байна. Геологи, уул уурхайн салбарын хөгжлийн дунд үед лабораторийн Чанарын тогтолцоог нэвтрүүлж, олон улсын түвшинд итгэмжлэгдсэнээр өнөөдрийн уул уурхайн салбар дах хөрөнгө оруулагчдыг татаж, ашигт малтмалын орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, үр ашгийг хүртэх хэмжээнд хүрсэн нь манай лабораторийн үр дүнгийн баталгаа юм уу даа.

-Хоёулаа, богино хугацаанд өргөн хүрээнд ярилцлаа. Танд нэмж хэлэх зүйл байвал сүүлийн хормыг танд үлдээе?

Япон, Солонгос ч юмуу одоо өндөр технологийг экспортолж, технологийн хөгжилд суурилсан эдийн засагтай улс орон биш шүү дээ манайх. Улсын төсвийн 30 хувь, экспортын бүтээгдэхүүний 90 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлдэг, уул уурхайд суурилсан эдийн засагтай манай орны хувьд төрийн хяналтын нүд чих болсон лабораторийн чадавх, нэр хүнд, статусыг бодлогоор дэмжиж, өндөрт хадгалах ёстой. Цаашлаад Засгийн газрын хяналтын шинжилгээний схем, стандартыг тогтоох, лабораторийн шинжилгээний үр дүнд үндэслэн төрийн хяналтыг хэрэгжүүлэх, дүгнэлт, дүн шинжилгээ хийж, татвар ногдуулах чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудын хяналтын системийн эрхзүйн орчныг сайжруулах шаардлагатай.

Ярилцлага өгсөнд баярлалаа, таны цаашдын ажилд амжилт хүсье.

За баярлалаа.

Categories
мэдээ цаг-үе

Энэ сарын 16-19-нд болох ЭЕШ-ыг зохион байгуулах төвүүдийн байршил DNN.mn

Элсэлтийн Ерөнхий Шалгалт(ЭЕШ)-ыг энэ оноос эхлэн жилд хоёр удаа авахаар болсон.

Эхний удаагийн шалгалтыг зургаадугаар сард зохион байгуулсан бол хоёр дахь удаагийн шалгалтыг улсын хэмжээнд 2022 оны арванхоёрдугаар сарын 16-19-нд товлоод байгаа.

Монгол хэл бичгийн шалгалтыг энэ удаагийн ЭЕШ-тай хамт зохион байгуулах бөгөөд арванхоёрдугаар ангид суралцаж буй суралцагчид орох боломжгүй юм. Учир нь ЭЕШ-д бүрэн дунд боловсролын гэрчилгээ авсан шалгуулагчид орно гэж ЭЕШ-ын журамд заасан байдаг.

2022 оны хоёр дахь ЭЕШ-ын онцлог нь шалгуулагчид өмнөх шалгалтын дүн оноогоо ахиулах, дахин их, дээд сургуульд суралцах боломжийг олгоход оршино.

2022 оны хоёр дахь удаагийн шалгалтыг авах байруудыг танилцуулж байна.

зураг

1
2

3

4
Categories
мэдээ нийгэм

Жагсаалд оролцсон гадаадын иргэнд сануулга өгчээ DNN.mn

Талбай дүүрэн хүн цугласан “МАНАН дэглэмийн эсрэг ард түмний нэгдэл” жагсаал

Гадаадын иргэн, харьяатын газраас жагсаал, цуглаанд оролцсон гадаадын зарим иргэнд Монгол Улсын хууль тогтоомжийг сануулж, холбогдох мэдээлэл, зөвлөмжийг өглөө.

Гадаад улсын нэр бүхий иргэд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн наймдугаар зүйлд заасан гадаадын иргэнд хориглосон үйл ажиллагаа явуулсан тул тухайн гадаадын иргэдэд Гадаадын иргэн, харьяатын газраас биечлэн сануулга өгч, хууль тогтоомжийг сахин биелүүлэхийг анхааруулж, зөвлөмж мэдээллийг өгсөн байна.

Тус зөвлөмжид “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 8.1.3-т Гадаадын иргэн нь Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн үйл ажиллагаа явуулах байгууллага байгуулах, түүнд элсэн орох, хөрөнгө, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэргээр улс төрийн аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно хэмээн заасан байдаг. Мөн 8.1.4-т Монгол Улсын үндэсний эв нэгдлийг бусниулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах, харгис, хүмүүнлэг бус шашны сургаал, номлолыг дэлгэрүүлэх, шашны үйл ажиллагааг хүний эрхийг зөрчсөн, хуульд нийцээгүй бусад аргаар явуулах, садар самуун, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг түгээх, сурталчлах, хэрэглэхийг хориглосон. Иймд Монгол Улсад оршин сууж буй гадаадын иргэдэд Монгол Улсын хууль тогтоомжийг сахин биелүүлж, аливаа улс төрийн шинжтэй жагсаал, цуглаанд оролцохгүй байх, мөн аюулгүй байдлаа хангаж, гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна. Цаашлаад Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн, хууль бус үйлдэл гаргасан, гадаадын иргэнд хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх, Монгол Улсаас албадан гаргах хүртэл арга хэмжээ авдаг хуулийн зохицуулалттайг анхаарна уу” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын албан хаагчид 68 иргэний аюулгүй байдлыг авран хамгаалжээ DNN.mn

Онцгой байдлын алба хаагчдад төрийн дээд цол, одон, медаль гардуулна

Нийслэлийн Онцгой байдлын газарт өнгөрсөн хоногийн хугацаанд цасанд суусан таван дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ. Дуудлагын дагуу Налайх, Багануур, Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэн, найман хүүхэд, 60 том хүнийг осгох, хөлдөх аюулаас авран хамгаалж, 10 автомашиныг цаснаас татан гаргалаа. Тухайлбал, Багануур дүүргийн хоёрдугаар хороо Нарийны ам хэмээх газарт их хэмжээний цас орж халтиргаа гулгаа үүссэн нөхцөл байдалтай, Портер болон Приус-30 маркийн автомашинуудын шатахуун дууссан, цасанд суусан, нялх хүүхэдтэй явж байна гэсэн дуудлагыг 17:50 цагт ирүүлснээр Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бүрэлдэхүүнийг очиход 22-48 насны гурван том хүн, 0-13 насны таван хүүхэд осголтын байдалтай байсныг аюулгүй газар руу шуурхай тээвэрлэн хүргэсэн.

Багахангай дүүргийн нэгдүгээр хороонд автомашин цасанд суусан гэх дуудлагыг 21:29 цагт ирүүлснээр дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход Nissan Muso загварын автомашин цасанд суусан байдалтай 20-36 насны гурван иргэн, нэг настай хүүхэд байсныг бөгөөд автомашиныг татан гаргаж, аюулгүй байдлыг хангалаа.
Төв аймгийн Эрдэнэ сумын мэргэн Таньюкийн хөшөөнөөс урагшаа зэвсгийн агуулахаас урд зүгт 1.2 км-т “Toyota aqua” загварын авто машин цасанд суусан, нялх хүүхэдтэй явж байна гэсэн дуудлагыг 21:40 цагт ирүүлснээр Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бүрэлдэхүүнийг очиход хоёр хүүхэд, гурван том хүн осголтын байдалтай байсныг аюулгүй байдлыг ханган, Налайх дүүрэг рүү зөөвөрлөсөн.
Төв аймгийн Эрдэнэ сумын Өвөр жанчивлангийн харалдаа 2 автобус 100 иргэн цасанд суусан байна гэсэн дуудлагыг 21:05 цагт ирүүлснээр Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бүрэлдэхүүнийг очиход Улаанбаатар хотоос Төв аймаг Эрдэнэ суманд байрлах Өвөр жанчивлангийн сувилал руу явж байсан суудлын автобустай 49 иргэн, Starex, Ниссан патрол, Ланд-200, Rx-350 автомашинууд цасанд суусан байсныг татан гаргаж, 49 иргэнийг тээвэрлэн сувиллын байрлалд хүргэж, аюулгүй байдлыг хангалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Түвшинжаргал: Дизель түлшээ Хятадаас авъя гэхээр өндөр үнэтэй, төлөлт шууд хийхийг шаарддаг DNN.mn

– Дизель түлшний 21 хоногийн нөөцтэй болсон гэв –


Дизель түлш нийслэл орон нутагт аль алинд нь хомсдол үүсээд багагүй хугацаа өнгөрсөн. Ялангуяа уул уурхайн бүс нутаг, нүүрс тээврийн бүсэд дизель түлшний нөөцгүй болсон нь хүндрэл учруулж эхлээд байв. Нүүрс тээврийн компаниуд бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжгүй болж, дизель түлш хомсдоод зогсохгүй олдсон нь литр тутам нь 5000 төгрөгт хүрч байгааг орон нутгийнхан хэлж байв. Түүнчлэн нийслэлд ч ялгаагүй ШТС-уудад тасарсан хэрнээ шагийн түлш энд тэндгүй худалдаалсаар байсан юм. Бид энэ талаар тогтмол сурвалжлага, ярилцлага бэлтгэн хүргэсээр байгаа.

Петровис: 13 ШТС-аар дизель түлшийг худалдаалж байна

Энэ долоо хоногт нөхцөл байдал ямар байгаа талаар нефть импортлогч компаниудтай холбогдон тодрууллаа. Ялангуяа дизель түлш худалдаалж байгаа ШТС-ууд хаана ямар байршилд байгааг мэдээлэхийг хичээв. “Петровис” компанийн борлуулалтын менежер н.Мөнх-Оргил “Манай компанийн хувьд өнгөрсөн хугацаанд тасалдал үүсээгүй. Бид хэвийн үед ямар хэмжээгээр нөөцөө бэлддэг байсан тэр нөөцөөрөө л явж байсан. Гэвч улсад гаднаас нийлүүлж байгаа нөөцийнх нь хэмжээ багассан. Тэгэхээр бусад компаниудын нөөц ч багасч таарна шүү дээ.

Ингэхээр яалт ч үгүй эрэлт бий болно. Зэргэлдээ хоёр ШТС байлаа гэхэд нэг нь байхгүй бол нөгөөхөөс нь худалдаа хийх эрэлт өснө. Ийм шалтгаанаар манай худалдан авалт нэмэгдсэн. Бид тээврээ гүйцэхгүй байсан. Хамгийн гол нь аюулгүйн нөөц болох эмнэлэг, цагдаа, онцгойгийн хэрэглээг таслахгүйн тулд өдөр бүр 500-1000 литр түлшийг үлдээж дараагийн орлогод шилжүүлж байсан.

Өнөөдөр ч манай ШТС-ууд хэвийн түгээж байгаа. 13 ШТС-аар дизель түлшийг худалдаалж байна. Удахгүй есөн ШТС-д нэмж бууна” гэв.

Шунхлай: Хотын төв болон зүүн хэсгээр хэвийн олгож байгаа

Тэгвэл “Шунхлай” компанийн борлуулалтын менежер “Дизель түлшний нийлүүлэлт бага байгаа. Өдөрт 2-3 вагон л орж ирж байна. Тийм болохоор бид бүрэн хүчин чадлаараа 24 цагийн турш худалдаалж чадахгүй байгаа. Ялангуяа хотын баруун чиглэлд нэлээд эрэлттэй байдаг юм байна. Нийлүүлэлт хийлээ, удахгүй дууссан мэдээлэл ирдэг. Харин хотын төвөөр болон зүүн хэсгээр хэвийн олгож байгаа” гэв. Бусад компанийн хувьд тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзаж байв.


Дизель түлшний нөөц болон цаг үеийн асуудлаар Ашигт малтмал газрын тосны газрын Газрын тос, бүтээгдэхүүний хэлтсийн дарга Б.Түвшинжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.


-Дизель түлшний нөөц юу болж байна вэ?

-Өчигдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 21 хоногийн нөөцтэй болсон.

-БНХАУ болон ОХУ-аас ачигдсан дизель түлш ирсэн үү?

-Ирж байгаа. Тасралтгүй орж ирсээр байгаа. Одоо цаашид хэвийн болно. Ер нь яагаад тасалдах шалтгаан үүссэн бэ гэвэл манай улс сард 80-85 мянган тонн дизель түлш хэрэглэдэг. Үүний 45.000 тонныг нь ОХУ-ын нефть, үлдсэн 35.000 тонн бусад компаниуд нийлүүлдэг. Гэтэл бусад компаниудын хомсдолоос болоод нийлүүлж чадахаа больчихсон. Ангарск нь бас хэмжээгээ багасгаад цаанаасаа татдаг болоод явдал, зай нь холдоод татан авалт удааширсан. Гэтэл манай ердийн хэрэглээнийхэн өдөрт 20.000 төгрөгт авдаг байсан бол ховордох сургаар 100.000 төгрөгт авдаг болоод хомсдол үүсгэчихсэн. Одоо бол тогтворжсон. Сая Хятадаас 280 вагон “Евро-5” авлаа. ОХУ-ын нийлүүэлт ч тогтворжлоо. Сая төмөр замын асуудал гацаад байсныг бүгдийг шийдлээ. Өмнө нь хоногт 20, 30 вагон түлш орж ирдэг байсан бол одоо 100 вагон түлш орж ирж байна.

-Шатахууныг боломжтой нэг нь чөлөөтэй оруулж ирэх тухай асуумаар байна. Заавал наана нь олон төрлийн шат дамжлага гэхгүйгээр үндсэн том лабораториор оруулаад шаардлага хангавал худалдаалж болдог эрхийг олговол ямар вэ. Тэгвэл өнөөдрийн хомсдол, үнийн хөөрөгдөл буурах биш үү?

-Нефтийн бүтээгдэхүүн чинь онцгой бараа бүтээгдэхүүн. Тэсэрч дэлбэрэх аюултай. Стандарт шаардлага нь өндөр, хэн дуртай нь оруулж ирээд байх боломжгүй. Тиймээс яамнаас импортлох, худалдах, жижиглэнгийн худалдаа хийх тусгай зөвшөөрлийг яам олгодог.

Тэсэрч дэлбэрэх аюултай онцгой бараа бүтээгдэхүүн учраас аюулгүй ажиллагааны нарийн стандарт бий. Түүнийг нэлээд сайн үзэж харж шалгаж байж зөвшөөрлөө олгодог. Дурын хүн оруулж ирээд дэлбэрэх тэсрэх, алдаж асгах гэх мэт олон сөрөг үр дагавар бий болох эрсдэлтэй.

-Тэгвэл өнөөдрийн нефть импортлогчид эрэлтийг бүрэн хангаж чадаж байгаа юу?

-Хангалтай. 100 гаруй компани оруулж ирэх тусгай зөвшөөрөлтэй.

-Дизель түлшний импортын эх үүсвэрийг нэмэх талаар ямар байр суурьтай байна вэ. Хоёрдогч, гуравдагч хөрш улсаас авдаг байх хэрэгтэй гэж мэргэжлийн хүмүүс яриад байгаа шүү дээ?

-ОХУ-аас яагаад түлхүү аваад байна вэ гэхээр манай Засгийн газар нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр урт хугацааны гэрээ хийчихсэн. Жишээ нь, АИ-92 гэхэд 830 ам.доллараар, дизель түлшийг 10 хувь хөнгөлөх зэргээр нэлээд хөнгөлөлттэй нөхцөлөөр авчихсан. Хоёрт, 45 хоногийн дотор төлбөрөө цувуулж төлж болдог. Тэр нь манай импортын компаниудад давуу. Яахав, БНХАУ-аас авч болно.

ОХУ-аас одоо бидний авч байгаа нь “Евро-2” шүү дээ. Тэгвэл Хятадаас “Евро-5” гээд арай үнэ өндөр үнэтэйг авах хэрэгтэй болно. Тэд төлбөрөө 100 хувь төлсний дараа ачуулдаг. Тэгэхээр манай компаниудад нэлээд хүндрэл үүсгэдэг.

-Ер нь цаашид нэмэх шаардлагатай биз дээ?

-Мэдээж шаардлагатай. Гэхдээ бид хоёр л улстай хиллэж байна. Жишээ нь, Казахстанаас авъя гэхээр ОХУ-ын нутгаар дамжиж таарна. Дамжуулан өнгөрүүлэх зөвшөөрлийн асуудал гарч ирнэ. Бид мөнхийн хоёр хөрштэй. Гуравдагч улс гэхээр энэ хоёр улсын нутгаар дамжих болчихоод байгаа юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол Улс АНУ-ын хооронд 244 сая ам.долларын худалдаа хийжээ DNN.mn

Ам.доллар ХОМСДЛОО, Төв банк, Засгийн газарт хийх ажил их байна

Монгол Улс АНУ-ын хооронд 2021 оны эцсийн байдлаар 244 сая ам.долларын худалдаа хийснээс манай орны импорт 213 сая, экспорт 31 сая ам.доллар байна.

АНУ-аас Монголд оруулсан шууд хөрөнгө оруулалтын 36 хувь нь геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолтын, 36 хувь нь худалдаа, нийтийн хоолны, 9 хувь нь банк, санхүүгийн, 2 хувь нь мал аж ахуйн гаралтай түүхий эдийн боловсруулалтын салбарт, үлдсэн 16 хувь нь бусад салбарт ногдсоныг “Монгол-Америкийн хамтын ажиллагаа 35 жилд” эрдэм шинжилгээний бага хурлын үеэр мэдээлэв. Тус хурлыг энэ онд тохиож буй Монгол Улс, АНУ хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойд зориулан Монголбанкны санаачилгаар ГХЯ, ЭЗХЯ, АНУ-ын ЭСЯ, МҮХАҮТ, Монгол дахь Америкийн худалдааны танхим хамтран зохион байгуулсан юм.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хурлын үеэр хэлэхдээ “АНУ бол манай “гуравдагч хөрш”, улс төр, эдийн засгийн чухал түнш. Монгол Улс, АНУ-ын харилцаа стратегийн түншлэлийн түвшинд хүрч, эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж байна. АНУ нь технологи, санхүүгийн салбарт дэлхийд тэргүүлэгч, худалдаа, хөрөнгө оруулалтын том тоглогч тул хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг илүү өндөр түвшинд хөгжүүлэх хэрэгцээ байгаа”-г онцоллоо.

Хурлаар Монгол Улс, АНУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх арга зам, боломжийн талаар илтгэл хэлэлцүүлэв

Categories
мэдээ цаг-үе

Булган аймгийн Баян-Агт суманд 4.2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ DNN.mn

Булган аймгийн Баян-Агт суманд 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсныг Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.

Тодруулбал, Улаанбаатарын цагаар өнөөдөр 22:57:33 цагт Булган аймгийн Баян-Агт сумаас хойд зүгт 15 километрийн зайд 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Газар зүйн байршлын хувьд 49.17 102.15 (Өргөрөг, Уртраг) байжээ.

Categories
мэдээ цаг-үе

2022 оны хоёр дахь ЭЕШ энэ 7 хоногт эхэлнэ DNN.mn

2019 онд 2.2 сая сурагч SAT шалгалт өгчээ

2022 оны 2 дахь Элсэлтийн ерөнхий шалгалтыг 12 дугаар сарын 16-19-нд улсын хэмжээнд зохион байгуулна.

Улаанбаатарт хотод зохион байгуулах ЭЕШ-ын байр, байршлын мэдээллийг танилцуулж байна.

Categories
мэдээ цаг-үе

Засгийн газрын гадаад өрийн талаарх мэдээллийг сонсоно DNN.mn

Монгол Улсын гадаад өрийн нийт хэмжээ 33 тэрбум давав | News.MN

УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гадаад өрийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонсоно.

Түүнчлэн тус мэдээллийн цагаар гадаад үнэт цаасны дахин санхүүжилт, өрийн зохицуулалт, гадаад зээлийн үр өгөөж, дотоод үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээл, Засгийн газрын өрийн баталгаа, эрсдэлийн үнэлгээний талаарх мэдээллийг давхар сонсох юм. Иймд иргэд уг сэдэвтэй холбоотой асуултаа https://d.parliament.mn/asuulga/0d3b7793-868a-42a5… хаягаар хүргүүлэх боломжтой.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэнэ DNN.mn

Ирэх сараас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэнэ | News.MN

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос ирэх онд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосон.

Тодруулбал, улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550,000 төгрөг болгосон юм. Уг шийдвэр 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжинэ. Энэ нь ажлын нэг цагт 3,273 төгрөг 81 мөнгө ногдож байна гэсэн үг.

Өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөг байгаа бөгөөд он гараад 130,000 төгрөгөөр нэмэгдэх нь. 2024 онд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны нэгдүгээр улиралд багтаан дахин шинэчлэх аж.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2022 гуравдугаар улирлын байдлаар манай улсын хэмжээнд 15 ба түүнээс дээш насны 1.1 сая иргэн хөдөлмөр эрхэлж байна.

Тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах энгийн ажилд хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллаж байгаа ажилтны хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор эрх бүхий этгээдээс тогтоосон цагийн үндсэн цалин /хөлс/-гийн нийтээр дагаж мөрдвөл зохих хамгийн доод хязгаарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэнэ.

Тодорхой боловсрол, тусгай мэргэжил, ур чадвар шаардах ажилд хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллаж байгаа хүний цагийн үндсэн цалин хөлсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоохыг хориглодог.