Олон нийтийн сүлжээгээр “соц” үеийн нэг мэдээ нэлээн явж байгаа харагдсан. Тэр нь сүүтэй холбоотой. Одоо уншихад ч яахав инээдтэй, хөгийн харагдаж байгаа юм. Гэтэл тухайн үед бол яалт ч үгүй болж байсан үйл явдал. Тухайн багц мэдээ нь гурван хэсэгтэй. “Сүүнээс болж зодолджээ”, “Манаачаас болоод…”, “Ашиг багатай бараа” гэсэн гарчигтай жижиг мэдээнүүд л дээ. Эхнийх дээр 27 дугаар дэлгүүрт сүү нь ирчихээд байхад худалдагч нь ирэхгүй байснаас болж тэр хавьдаа олныг хамарсан зодоон болсон тухай. Дараагийнх нь 13 дугаар дэлгүүрт сүү хүргэхээр машин ирсэн боловч манаач нь байхгүйгээс болоод буцаад явчихсан тухай. Сүүлийнх нь сүүнээс ашиг маш бага буюу 30-50 мөнгөний л ашигтай байдаг учраас худалдагч нар нь дургүй байдаг гэсэн агуулгатай.
Эдгээрээс монголчууд нийтлэгээрээ ажлын хариуцлага гээч зүйл огт байдаггүйг харж болно. Гэхдээ хамгийн гол нь зарим хүмүүсийн магтан дуулаад байдаг “соц” үе бол жинхэнэ хөгийн цаг хугацаа байсныг бэлээхэн харуулж байгаа юм. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн нь ховор, тэр чигээрээ оросоос хамааралтай. Орос бараа л хорвоод хосгүй чанартай гэсэн ганц ойлголттой. Бусад бараа бүтээгдэхүүнийг харьцуулж сонголт хийхийн эцэсгүй ганц л сонголт монголчуудын өмнө байсан. Үнэндээ орос бараа гэгч нь ямар байсныг хэлүүлэх юун. Элдэв түүхээс харж байхад тухайн үед оросуудын манайхтай хийдэг худалдаа нь гэж хөгийн л юм байсан харагддаг. Монголоос авч болох бүхнийг туйлын хямдаар авах мөртлөө эргээд бидэнд муухан бараагаа асар үнэтэй зардаг. “Дугуй булант” цай гэхэд л хаягдал шахуу иш энэ тэрхэнийг нь нийлүүлж шахаад Монгол руу нийлүүлэх жишээтэй. Жилдээ бараг ганц удаа шахуу шинэ жилийн хавьцаа л алим, жүрж амсана. Авах гэж дэлгүүрт ёстой л “алаан” болно. “45-н” нэртэй гутал авах гэж их дэлгүүрийн хамаг шатыг дүүргэсэн их дараалал үүснэ. Ингээд явбал монголчууд үнэхээр хөөрхийлөлтэй амьдарч байсан юм шүү дээ.
Уг нь бол хэдүүлээ чөлөөт зах зээлийн буянаар өнгөрсөн бүх цаг үеийнхээ туршид хэрэглэж байгаагүй чанартай гэсэн болгоныг өөрсдийнхөө сонголтоор авч байна. Энэ бүхэн үнэндээ чөлөөт эдийн засаг, зах зээлийн нийгмийн л ач өгөөж шүү дээ.