Categories
мэдээ улс-төр

Б.Саранчимэг: Ил тод байдлыг хуульчлан мөрдүүлж байж авлига, хулгайг бууруулна DNN.mn

Эрдэнэс Таван толгой ХК-ийг тойрсон “нүүрсний хулгай” хэмээн нэрлэгдэж буй асуудал улс төр, эдийн засгийн халуун сэдэв болоод байна. Энэ асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэгийн байр суурийг тодрууллаа.


-Нүүрсний хулгайн асуудал ингэж ужгирсан гол шалтгаан таны бодлоор юу вэ?

-Том дүр зургаар нь харвал манай улсын эдийн засагт төрийн өмчит компаниудын эзлэх байр суурь маш өндөр байна. Томоохон уул уурхайн ордуудад суурилсан төрийн өмчит компаниудыг дагасан авлига, албан тушаалын гэмт хэрэг буурахгүй байгаа нь Монгол Улс төдийгүй байгалийн баялаг ихтэй хөгжиж буй орнуудын нийтлэг асуудал буюу “Баялгийн хараал” гэдэг.

АНУ-ын Олон улс дамнасан авлигын хэргүүдийг мөрдөн шалгах байгууллагын мэдээллээс үзвэл дэлхий даяарх авлигын хэргийн дөрөвний нэг орчим хувь нь уул уурхай, газрын тосны салбарт, тэр дундаа дийлэнх нь хөгжиж буй орнуудад тохиолдож байна. хүмүүс

Үүний гол шалтгаан нь манайхтай адил хөгжиж буй улс орнуудад компаниудын засаглалын чадавх буюу ил тод нээлттэй, үр дүнтэй удирдлага, хяналтын тогтолцоо бэхжээгүй байдагтай холбоотой. Одоо шинэчлэгдсэн Улсын бүртгэлийн хуулийн дагуу нийт аж ахуйн нэгжүүдийн дөнгөж 50 хувь нь эцсийн өмчлөгчөө бүртгүүлсэн байна. Энэ ажлыг эрчимжүүлэх, тэр тусмаа уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудыг дэлгэрэнгүй тайлагнадаг болгож хуульчилбал уул уурхай дагасан албан тушаал, авлигын хэрэг буурна. Товчхондоо бизнесийн зарчмаар ажиллаж төрд аль болох өндөр ногдол ашиг төвлөрүүлэх зорилготой төрийн өмчит уул уурхайн компаниудыг улстөрчид нөлөөлөлдөө байлгаж, олон нийтэд ил тод бус далд хувийн зорилгодоо ашиглах боломжтой явж ирсэн нь өнөөдрийн иргэдийг бухимдуулах, жагсах хэмжээнд асуудал хүндрэх шалтгаан болжээ гэж үзэж байна.

-Тэгвэл уг асуудлыг шийдвэрлэх арга зам нь юу байх вэ?

-Стратегийн том ордууд нэгэнт төрийн мэдэлд, эсвэл төрийн оролцоотой байх тохиолдолд тэдний үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод байлгах нь хамгийн чухал. Зөвхөн төрийн өмчит гэлтгүй ерөөсөө ард түмний өмч болох ашигт малтмал, газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулж буй төр, хувийн хэвшлийн бүх компанийн үйл ажиллагааг нийтэд ил тод болгох нь авлига, ашиг сонирхлын зөрчлийг бууруулах гол арга зам юм гэдэг нь олон улсад батлагдсан.

“Яагаад гэвэл хүнгүй, харанхуй газар хулгай дээрэм их гардагтай адил хаалттай, нууцлаг орчинд л авлигын хэрэг илүү гардаг. Өнөөдрийн яригдаж буй “нүүрсний хулгай” гэх асуудал ч гэсэн олон нийт, төрийн холбогдох байгууллагуудын мэдээлэл ил тод бус, нууц байснаас үүдсэн гэж хэлж болох юм.”

Тиймээс байгалийн баялгийг ашиглахтай холбоотой аливаа үйл ажиллагаанд ил тод байдлыг системтэйгээр хэвшүүлэхийн тулд яригдаад хэдэн жилийн нүүр үзсэн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хуулийг даруй батлан хэрэгжүүлэх шаардлагатай байна. Мэдээж хэрэг ганц энэ хуулийг батлаад бүх зүйл сайхан болчихгүй ч маш олон зүйлийг энэ хуулиар өөрчлөх боломжтой.

-Ийм хууль байдаг хэрэг үү, эсвэл та шинээр санаачилж байгаа юм уу?

-Миний хувьд УИХ-д сонгогдсон цагаасаа Их хуралд байгаль орчны асуудалд илүүтэй анхаарч, ногоон хөгжлийн асуудлыг хөндөж ирсэн. Одоо Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд ч уул уурхайн салбарын ашиглалт, олборлолт, нөхөн сэргээлтийн асуудал хамаардаг. Өнгөрсөн сард “Олборлох үйлдвэлэлийн ил тод байдлын санаачилга” болон “Нээлттэй өмчлөл” ОУ-ын байгууллагуудын төлөөлөгчдийн хүлээж авч уулзаж энэ асуудлаар хамтарч ажиллахаар ярилцсан. Монгол Улсын 2006 онд нэгдэн орсон олон улсын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын хүрээнд ийм хууль байх ёстой юм байна гэдэг санал хэдэн жилийн өмнө анх гарч Уул уурхайн яаманд боловсруулж эхэлсэн байдаг юм. Уг ажлыг энэ онд ХЗДХЯ-нд шилжүүлсэн. Учир нь энэ бол зүгээр нэг олон улсын санаачилгатай холбоотой биш, зөвхөн ашигт малтмалын салбарын асуудал ч биш харин эрдэс баялгийн салбарт ил тод байдлыг хэрэгжүүлэх замаар авлигыг бууруулж сайн засаглалыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой хууль юм байна гэж үзсэн хэрэг. Сар орчмын өмнө ХЗДХЯ-наас авсан мэдээллээр бол бидний ярьж буй Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хуулийн төслийг боловсруулж дууссан, энэ ондоо багтаан УИХ-д өргөн барих төлөвлөгөөтэй байгаа юм билээ. УИХ-ын дарга ч энэ чиглэлээр шуурхай ажиллах үүрэг чиглэл өгсөн гэж ойлгосон.

Миний хувьд Засгийн газар хууль, журмын дагуу өргөн бариад оруулаад ирвэл УИХ дээр уг хуулийг чанартай хэлэлцэн батлуулахын төлөө ажиллах бодолтой байна. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын нарийн бичгийн дарга нарын газрын төлөөлөлтэй уулзаж санал солилцоход цөөнгүй олон улсын байгууллага ийм хууль гаргах нь зүйтэй гэж зөвлөдөг тухай ярьж байсан. Америк, Англи, Канад, Нигери, Либери гэх мэт улсуудад төстэй хуулиуд байдаг юм билээ.

-Энэ хуулиар яг юуг яаж зохицуулах вэ?

-Одоогоор зөвхөн хуулийг боловсруулах үеийн төслийн мэдээлэлтэй байна. Энэ хуулийн гол зорилго нь олборлох буюу уул уурхай, газрын тос, байгалийн хийн салбар нэмээд ургамал, амьтны нөөцийг эзэмшиж ашиглахтай холбоотой тусгай зөвшөөрөл, татвар, төлбөр, хураамж, олон нийт болон орон нутгийн оролцоо, байгаль орчны нөлөөлөл, гэрээ хэлцлүүд, борлуулалт, тээвэрлэлт гэх мэт бүх төрлийн мэдээллийг нийтэд ил тод болгох юм. Үүнийг дагаад мэдээллийг хэн, хэзээ, хэрхэн ил тод болгох эрх, үүрэгтэй байх вэ, зөрчвөл ямар хариуцлага хүлээлгэх вэ гэх мэт асуудлыг ч нарийвчлан зохицуулах шаардлага гарна.

“Онцлон дурдахад, олборлох салбарт зөвхөн хайгуул, ашиглалт төдийгүй туслан гүйцэтгэх, борлуулалт зуучлал, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж буй бүх компаниудын эцсийн өмчлөгчдийг тодорхойлж хэн нь хэн бэ гэдгийг олон нийтэд ил тод мэдээлдэг болох асуудал уг хуульд тусах ёстой гэж бодож байна.”

-Эцсийн өмчлөгч гэдгийг бага зэрэг тодруулж өгнө үү?

Эцсийн өмчлөгч гэдэг нь компанийн бүртгэл, гэрчилгээн дээрх нэр төдий биш, магадгүй тэнд нэр бичигдсэн хүмүүсээр дамжуулан тухайн компанийн үйл ажиллагааг жинхнээсээ ард нь удирдан чиглүүлж, ашиг орлого хүртэж байгаа цаад эздийг хэлж байгаа юм. Хууль зүйн хувьд ихээхэн нарийн тодорхойлолтууд бий. Манай улсын хувьд Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зэрэг цөөнгүй хуульд энэ ойлголт суусан байгаа.

Ер нь дэлхий даяарх эрдэс баялгийн салбартай холбоотой авлигын хэргүүдийг авч үзэхэд 70 гаруй хувь нь эцсийн өмчлөгч нь далд, нууцлаг компаниудаар дамждаг гэдэг судалгаа бий. Эдгээр нууцлаг өмчлөлийн цаана улстөрчид, эрх мэдэлтнүүд байх явдал түгээмэл учраас эцсийн өмчлөгдийг ил болгож байж авлигад хяналт тавих боломжтой болно гэж үздэг

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Ш.Раднаасэд: 40 их наядын хулгайг гудамжнаас хийж чадахгүй. Ордон дотроос л зохион байгуулна DNN.mn

Төрийн ордонд нэг тохиолдол батлагдав | News.MN

Нүүрсний хулгайн хэрэгт шууд болон шууд бусаар холбогдсон 17 хүний нэрийг өчигдөр Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-аас зарласан. Үүнтэй холбоотойгоор нүүрсний хэрэгт холбогдсон УИХ-ын таван гишүүн мэдээлэл хийж байна.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Гэм зэмгүй, дарга нарыг дагаж далжганадаггүй, таныг дэмжиж байна гэж илүү дутуу юм ярьж өрөө тасалгаагаар нь орж явдаггүй. Номхон тэмээг ноолоход амар гэдэг шиг бидний нэрийг зарлаж байна. Миний авсан мэдээллээр прокурор болон хуулийн байгууллагаас нэр гараагүй юм байна. Энэ бол намаас өгсөн нэр юм байна. Үүний учир байдлыг нэр зарласан хүмүүсээс нь бид орж шалгая, ямар учиртай зүйл болоод байгааг нь асууя. Бодит үнэнийг шалгах гэж байгаа бол шалга. Харин шалгаж чадахгүй бол АТГ өөрөө татан буугдах ёстой.

Талбай дээр 8, 9 хоног зогсож байгаа ард иргэдийн уурыг намжааж, жагсаалыг тараахын тулд нэр зарласан болгож оруулах гэж байгаа бол эндүүрч байна. Өмнө нь олон удаа ийм юм болсон. Энэ бол танил сценар. Хөөн хэлэлцэх хугацаа, өмд гутал, ЖДҮ гэх мэт. Би үүнтэй холбоогүй. Тэр болгонд дуугүй байсан. Цаг хугацаа үнэнийг харуулах болов уу гэж бодож явдаг байсан. Одоо бол хэтэрч байна. Аливаа юманд хязгаар гэж байдаг. Тиймээс энэ байдлыг тодруулъя гэж АТГ-т бид ирж байгаа.

Ямар нэгэн байдлаар биднээс мэдүүлэг авч байж яллагдагч, сэжигтнээр татах ёстой. Өнөөдөр тийм үйлдэл нэг ч хийгээгүй. АТГ-аас нэг ч дуудаагүй. Энэ байгууллага битгий хэл үүнтэй холбоотой асуудлаар хэн ч хэзээ ч бидэнтэй ярьж байгаагүй” гэлээ.

Мөн тэрбээр “Эрдэнэс Тавантолгойн Б.Ганхуяг гэдэг хүнийг би зүс мэднэ. Гэхдээ тэр хүнтэй уулзаж, учирч ярьж явсан тохиолдол надад нэг ширхэг ч байхгүй. Шинэчлэлийн хороо нэрээр явж байхад нь нэг уулзаж байсан. Яг үнэндээ Т.Аюурсайханы л хүн, түүнтэй нийлж явсан. Одоо Т.Аюурсайханы туслах зөвлөхүүд нь бүгд баригдсан байгаа биз дээ. Яг энэ жинхэнэ хулгайчдаа зарлахгүй байгаа юм. Тавантолгойн хөрс хуулалт, тээвэр нүүрснээс эхлүүлээд олон багц асуудал дээр хулгайч нарыг бүгдийг нь зарлах ёстой. Тэрийг нь хэн бэ гэдгийг ч мэдэж байгаа.

Ер нь 40 их наяд төгрөгийн хулгайг хийвэл гудамжнаас хийж чадахгүй. Тэр ордон дотор хийнэ. Ордон дотроос энэ хулгайг зохион байгуулна. Тийм учраас ордон дотроос хулгайг хайх хэрэгтэй” гэв.

Categories
мэдээ цаг-үе

Зэвсэгт хүчний 40 эмэгтэй алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр Өмнөд Суданыг зорьжээ DNN.mn

Зэвсэгт хүчний 40 гаруй эмэгтэй алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд  үүрэг гүйцэтгэхээр Өмнөд Суданыг зорьжээ

НҮБ-ын энхийг сахиулах UNMISS ажиллагааны арванхоёрдугаар ээлжид үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны бүрэлдэхүүн Өмнөд Судан улсыг зорьжээ.

Тодруулбал, мотобуудлагын батальоны эхний ээлжийн бүрэлдэхүүн арваннэгдүгээр сарын 15-ны өдөр, хоёр дахь ээлжийнхэн арванхоёрдугаар сарын нэгний өдөр явсан бол гурав дахь ээлжийн офицер, ахлагч нар эх орноосоо морджээ. Энэ удаа ажиллагааны газар орныг зорьж байгаа гурав дахь цуврааны бүрэлдэхүүний нэг онцлог нь 40 гаруй эмэгтэй цэргийн алба хаагч нэг дор үүрэг гүйцэтгэхээр явж байгаа аж.

Тус батальоны нийт цэргийн алба хаагчдын дотор 90 гаруй эмэгтэй цэргийн алба хаагч сонгон шалгаруулалтад тэнцэж, ажиллагааны өмнөх сургалтад амжилттай хамрагджээ.

Categories
мэдээ цаг-үе

“Бөртэ чоно” шагналыг гардуулж өгөх ёслолын ажиллагаа Чингис хаан музейд болно DNN.mn

Бөртэ чоно" шагнал гардуулах ёслол 20 дахь жилдээ болно

Монголын Үндэсний Олимпын Хорооны/МҮОХ/ тэргүүн дээд “Бөртэ чоно” шагналыг гардуулж өгөх ёслолын ажиллагаа арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Чингис хаан музейн байранд болохоор товлогджээ.

Энэ жил 20 дахь удаагаа зохиогдох “Бөртэ чоно” ёслол 16 номинацаар шилдгүүдээ тодруулна. Оны шилдэг тамирчдыг спортын сэтгүүлчдийн саналаар шалгаруулах юм.

Өнгөрсөн жил жүдоч М.Уранцэцэг олимпын наадам болон ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн амжилтаараа оны шилдэг тамирчнаар шалгарч, “Бөртэ чоно”-ын эзэн болсон билээ.

Эх сурвалж: МҮОХ

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Сүхбаатарын талбай дээр улс төрийн хар зах ид ажиллаж байна DNN.mn

Төв талбай дээр иргэдийн жагсаал ес дэх өдрөө үргэлжилж байна. Жагсаж, Төрийн ордныг гороолж, нүүрсний хулгайчдын нэрсийг зарлахыг шаардаж, одоо суултаар үргэлжилж, талбай дээр хонож өнжих боллоо. Шаардлагын уриа лоозон өдрөөс өдөрт өөрчлөгдөж байна. Сүхбаатрын талбайд ард түмний үзэл бодлын чөлөөт индэр аялж байна гэж өнөөдөртөө өөдрөгөөр харж байна. Дэлхийн сүүлийн 100 жилийн бүх хувьсгал жагсаалаар л эхэлсэн. Өнөөдөр болж байгаа жагсаалд ирэгсэд, дэмжигсэд анхнаасаа хүсэл сэтгэлийнхээ дуудлагаар ирсэн гэдэгт итгэж байна. Нүүрсний хулгайг ярилцсан, одоо яах вэ гэдгийг хэлэлцсэн, гэвч тэдэнд тогтсон штаб, зохион байгуулагч, гол дүр байхгүй. Яг л ийм өнгөөр эхэлсэн жагсаал цуглаан маань хоёр, гурав дахь өдрөөсөө эхлэн “Жагсаалаа хулгайлуулчихлаа” гэсэн яриатай боллоо. Юу, яасан жагсаал хулгайлуулах вэ гэсэн чинь үнэхээр “Нүүрсний хулгайчдыг илрүүл, хариуцлага тооц” хэмээн шаардаж байсан жагсагчид маань гэнэт “Засгийн газар огцор” болоод явчихсан тууж байв. Нүүрсний хулгайчидтай тэмцье гэж анх шүгэл үлээсэн Засгийн газрыг дэмжиж боссон жагсагчид маань өөрийн мэдэлгүй “Засгийн газраа огцор” болчихсон тууж яваагаа гэнэт ойлгоцгоосон. Эндээс л өнгөт хувьсгалын технологиуд илт мэдрэгдэж эхлэв. Болгоомжлол, учир мэдэх хүмүүсийн хүрээнд бий болсон.

Өнөөдрийн жагсаалаас анзаарагдаж байгаа нь урьд урьдын жагсаалуудын тод дүрүүд, уриалан дуудагчид, зохион байгуулж байсан хүмүүс, аливаа нам хүчин эвсэл, ТББ-уудын тод төлөөллүүдийн хэнийг нь ч жагсагчид хүлээн авахгүй байна. Дабль стандартын талаар нийгэмд шүгэл үлээсэн нөхдийг төв талбайд харагдвал бараг “алах” юм ярьж байна. Лайвчин Д.Мөнх-Эрдэнэ үзэгдвэл нядааж хаях бололтой. Монголын сөрөг хүчин АН-ынхан тэнд нэгдэх гэвэл дүүжилнэ гэнэ. За ер нь бүгдийг тэнд хүлээж авахгүй, хөөж явуулах бололтой. Бүгдийг нь ямар нэг захиалгатай явдаг, хөлсний, том бүлгийн эрх ашгийг хамгаалагчид хэмээн үзэцгээж байгаа гэх.

Энэ жагсаал эцэстээ тэгээд хаана хүрч дуусах нь өнөөдөр хүмүүст сонин байна. Учир нь яг одоо бол Сүхбаатарын талбай дээр улс төрийн хар зах ид ажиллаж байна. Тэнд ч хэсэг хүн “Женко новшийг яая…” гэцгээн цуглан ярьж байхад, урдхан талд нь “Женко энд ямар ч хамаагүй, Хү-к л…” гэсэн хэсэг байх. Тэгвэл наана нь хэсэг хүмүүс “Их хурлыг тараая, дахин сонгууль явуулъя” гэж байхад, нөгөө талд нь “Засгийн газар дотор муусайн нүүрсний хулгайчид нуугдчихсан байна, огцруулъя” гэцгээх. Талбайн голд цөөнгүй бүлэг хүмүүс тойрч зогсоод “Нүүрсний хулгайчид байна гэж анх шүгэл үлээсэн Засгийн газар, Л.Оюун-Эрдэнийг огцруулна гэж юу байсан юм бэ, хэн тэгээд нүүрсний хулгайтай тэмцэх юм” гэх мэтчилэн ярьцгаах нь холоос сонсогдоно. Олон өнгө, олон янзын дуу хоолой, олон талын үзэл бодол, хандлага үймж байна. Бүгд улс төрийн өнгө аястай, улстөржсөн, улс төрөөр амьсгалсан. Дор хаяж 5000 хүн үргэлж талбай дээр байх шиг байна. Энэ тоо үдэд 10 мянгаас дээш давж байна. Өвлийн энэ тэсгим хүйтнээр бол энэ их тоо. Том жагсаал. Суулт хийн хонож байгаа хүний тоо өдөрт нэмэгдэж байна. Гадныхны нүдээр өвлийн хүйтэнд, гайхаж алмайрмаар дүр зураг.

Төр засгийн эрх барьж байгаа хүмүүсийн хувьд энэхүү олон өдрийн жагсаалд гадна дотны гар хөл орж, зорилгоосоо гажсан, хяналтаас гарсан үймээн болчих вий гэсэн болгоомжлолтой байгаа нь нууц биш. Талбай дээрх олон янзын байр суурь, үзэл бодолд хууль хүчний байгууллагуудын зүгээс хүндэтгэлтэй хандаж, ерөнхийд нь хянаж, хүч хэрэглэхгүй гэсэн байр суурьтай байна. Эндээс юу харагдаж байна гэхээр орчин үеийн жагсаал цуглааныг хүчээр тараахаа больчихсон юм байна. Гэтэл дэлхийн олон улс оронд явагдсан “Өнгөт хувьсгал”-ын элементүүд Монголын өнөөдрийн жагсаалд шууд орж ирсэн байгааг судлаачид анзаараад эхэллээ. Дэлхийн “Өнгөт хувьсгал”-ын эхлэлийг 1989 оны Чехийн “Хамба хилэн хувьсгал” гэж үздэг. Үүнтэй төстэй ажиллагаа Зүүн Европын зарим оронд гарсан. За тэгээд Сербид “Бульдозерийн хувьсгал” эхэлж Ерөнхийлөгчөө Гаагийн шүүхэд өгсөн. Гүржид “Сарнайн хувьсгал”, залгуулаад Украинд “Улбар шар хувьсгал”, Киргизэд “Алтанзулын хувьсгал”… хэмээн наашилсан даа, Монгол руу. Сайн анзаарвал шүү. Монголчууд мэддэггүй юм шиг байна, манай 7 сарын 1-ний хэрэг явдлыг дэлхийн Өнгөт хувьсгалын жагсаалтад “Ноолууран хувьсгал” гэсэн нэрээр нэмсэн байдаг юм. Тэгэхээр бид бас өнгөт хувьсгал хийсэн болж таарах нь…

Өнгөт хувьсгал бүхэн гадны гар хөл оролцсон, санхүүгийн схемтэй, том гүрнүүдийн далд турхиралттай үйл явц байдгийг судлаачид нэгэнт тодорхойлсон. Монголд ноднин зуны Наадмыг эсэргүүцсэн жагсаал болсныг гарцаа байхгүй “Өнгөтэй” гэдгийг судлаачид баталдаг. 7 сарын 1-ний хэрэг явдлыг Олон улсад “Өнгөт хувьсгал” гэж тогтоосон нь өнөөдөр ч давтагдаж болох үйл явц гэдгийг хэлж байна. Үүсээд буй хурцадмал нөхцөл байдлыг улс төрийн түвшинд аваачих зорилготой, тусгай бэлтгэгдсэн нөхдүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр улс төрийн шаардлага тавьж, олон нийтийг эсэргүүцлийн хөдөлгөөнд оруулж, шаардлагатай цэгүүдэд маш нууцаар санхүүжилт хийж, мөнгө болон материаллаг зүйлс тарааж, улмаар эмх замбараагүй байдлыг нийгмийн хамгийн цочрол ихтэй масс болох оюутан залуус, бэлтгэгдсэн мэргэжлийн хэсэг бүлэг хүмүүсээр эхлүүлэх, үүнд олны танил хүмүүсийг ашиглах… гэгчлэн Олон улсад нотлогдсон технологиуд өнөөдөр Сүхбаатарын талбайд ажиглагдаж байгааг мэргэжилтнүүд үгүйсгэхгүй байна. Эцсийн үндсэн зорилго, агуулга нь хотын төв талбай дахь олон нийтийн цуглаан, Засгийн газрын гол гол барилгуудыг боогдуулах, эзлэн авах явдал л байдаг. Арай ч үүндээ хүрэхгүй байх гэж найдъя. Монголын өнөөдрийн жагсаалыг одоохондоо улс төрийн хар зах аятай байгаагаар даруухан тодорхойллоо. Маргааш юу болж хувирахыг бол мэдэхгүй. Өнгөт хувьсгалын нэг аюултай үзэгдэл нь Бэлгэдэл бий болгож хэрэгжүүлэх байдаг. Сая тэр Засгийн газрын ордныг бүтэн ороох шахам урт цагаан даавуу гэнэт төв талбайд бий болж, түүн дээр “Засгийн газар огцор” хэмээн бичиж, бүрэнхийд учиргүй орилолдож эхэлсэн нь гарцаа байхгүй “Өнгөт хувьсгал”-ын шинж төрх, зохион байгуулалт. Өнгөт хувьсгал бол өөрсдөөр нь өөрсдийг нь нураалгах айхавтар зорилго агуулсан байдгийг судлаачид нотолсон. Өнгөт хувьсгал өнгө, бэлгэ тэмдэгт их ач холбогдол өгдөг. Учир нь тэмдэгт зүйл нь аман мэдээллийн харьцаанаас иргэдийн сэтгэл зүйд илүүтэйгээр нөлөөлдөг. Тэд хувьсгалынхаа бэлгэ тэмдгээр “улаан сарнай”, “улбар шар” өнгүүдийг сонгодог нь зүгээр ч нэг хэрэг биш гэдгийг монголчууд минь анхаарах цаг болсон. Өнөөдөр Сүхбаатарын талбай дээр нэг тод өнгийн, урт даавуу гэнэт их хэмжээгээр гарч ирж давлагаалбал “Энэ цаанаасаа зохион байгуулалттай, гадны гар хөл орсон, хөөрсөн залуусыг юунд ч турхирч, юунд ч хүргэж мэдэх, гадны хар мэргэжилтнүүд орж иржээ” гэдгийг талбайд жагсагчид маань хурдан ойлгож, гол зорилгодоо анхаарлаа төвлөрүүлэн, бие биедээ шаардах ёстой юм. Ийм л, яаж ч мэдэх улс төрийн хар зах өнөөдөр Сүхбаатрын талбай дээр бужигнаж байна шүү.

Гэхдээ аливаа жагсаал цуглаан, тэмцэл хөдөлгөөн бүгдэд үр дүн, үнэ цэнэ гэж бий. Өнөөдрийн жагсаал дуусна. Тэр үед өнгөрсөн 30 жилд эх орноо тонон дээрэмдсэн улс төрийн луйварчид, авлигачид бүгд дотроо “За одоо учиртайхан байхгүй бол болохгүй нь. Ард түмэн яаж ч мэдэхээр болжээ. Хэзээ нэгэн цагт миний хулгай баригдах юм байна. Тэр үед юу ч зогсоохгүй юм байна. Эцэстээ эх оронгүй болох, эсвэл шоронд орох хоёр зам л үлдэх нь” гэдгийг яс махандаа шингэтэл ойлгоно байх. Энэ жагсаал ингэтэл нь мэдрүүлж байгаа гэж итгэж, найдаж байна. Ингэж ойлгоосой, ухамсарлаасай, ухаараасай гэж эх орноо тонон дээрэмдсэн хүмүүст хэлэх байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Р.Эрдэнэбаяр: АМНАТ бол НӨАТ биш. Гадаадын хөрөнгө оруулагчид үүнээс болоод орж ирэхгүй байна DNN.mn

“Хүнд үйлдвэрийн эрдэс холбоо” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Р.Эрдэнэбаяртай ярилцлаа.


АМНАТ-ийн асуудлаар ярьдаг хүн сүүлийн үед олон болжээ?

-Тийм ээ, олон хүн ярьдаг болсонд баярлаж байна. Миний хувьд АМНАТ-ийг давхардуулж ногдуулж болохгүй, олон улсын зах зээлийн үндэслэлгүй өндөр үнээр АМНАТ-ийн суурийг буруу тооцоолж, олоогүй орлогод нь дахин АМНАТ ногдуулснаас болж өөрийн ордгүй олон баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд дампуурч, олон хүн ажилгүй боллоо, байгуулагдах гэж байсан олон том үйлдвэрийн төслүүд зогслоо гэж ярьдаг байсан. Ашигт малтмалын хуулиа хурдан шинэчилж алдсан алдаагаа засаач гэж шаардсаар ирсэн.

-Олон улсын зах зээлийн үнэ яагаад маргаан дагуулдаг юм бэ?

-Энэ маргаан дагуулдаг үнийг Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолын дагуу Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, ГЕГ, ТЕГ, АМГТГ-ын ажлын хэсэг сар бүр зарладаг. Төмрийн хүдэр, баяжмалын үнийг www.umetal.com, жоншны хүдэр, баяжмалын үнийг Хятадын www.indmin.com, нүүрсний үнийг БНХАУ-ын www.en.sxcoal.com сайтуудын үнийг үндэслэн тогтоодог. Манай экспортлогчдын гэрээний үнээс олон улсын зах зээлийн үнэ 1.5-2 дахин өндөр тогтоогддог учир том маргааныг дагуулдаг.

-Манай экспортлогчид яагаад олон улсын зах зээлийн үнээр хүдэр, баяжмал, нүүрсээ худалдаж чаддаггүй вэ?

-Хятадын томоохон үйлдвэрлэгчид Австрали, Канад, ОХУ, Индонези, Бразилаас их хэмжээний нүүрс, төмрийн болон жоншны хүдэр, баяжмалаа худалдан авдаг. Тэдний хүдэр, баяжмал нийлүүлэх хэмжээ, чанар, тээвэрлэлтийн асуудал томоохон үйлдвэрлэгчдийн шаардлагыг хангадаг. Нүүрсний хувьд бидэнд том боломж байдаг ч тэр үнээр гэрээ хийж чаддаггүй. Саяхан “ЭТТ” ХК-д томилогдсон БЭТ 1 тн коксжсон нүүрсийг 109 ам.доллараар экспортолж байгаа, хилээр гаргах нөхцөлөөр 140-150 ам.доллараар экспортлохоор ажиллаж байгаа гэсэн. Гэтэл 2022 оны улсын төсөвт коксжсон нүүрсийг дунджаар 128 ам.доллараар зарна гэж тооцсон боловч Олон улсын зах зээлийн үнэ 2022 онд 225-344 ам.доллар гэж зарласан. АМНАТ-ийг 2022 оны тавдугаар сард 109 ам.доллараар зарсан байхад 344 ам.доллараар тооцож АМНАТ ногдуулж төлнө гэсэн үг. Олоогүй орлогодоо АМНАТ төлдөг ийм стандарт бус татвартай улс болсон. Эрчим хүчний нүүрсний хувьд Засгийн газрын 2021 оны 174 дугаар тогтоолын дагуу 14 ам.доллараар зараад 15 ам.доллар АМНАТ-ийг жил гаруй төлсөн. Нүүрсний ангилал өөрчлөгдсөн ч АМНАТ-ийн дарамт төдийлөн бууруугүй. Мөн төмрийн хүдрийг 70 ам.доллар гэрээний үнээр зарахад 110 ам.доллар, жоншны хүдрийг 220 ам.доллар гэрээний үнээр зарахад 320 ам.доллар зарсан гэж тооцдог. Ийм ойлгомжгүй байдлаар олоогүй орлогод нь АМНАТ ногдуулж байгаа нь хүдэр болон баяжмал экспортлогчдыг санхүүгийн хүнд байдалд оруулсаар байна.

-Баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдэд АМНАТ-ийн ямар хүндрэл учирч байна?

-Агуулга багатай хүдрийг АМНАТ шингэсэн, НӨАТ-тай үнээр баяжуулах үйлдвэр худалдаж аваад баяжуулаад экспортлоход дахин АМНАТ ногдуулдаг болсноор алдагдалтай ажиллах болсон. ЕСБХБ (Европын Сэргээн босголтын хөгжлийн банк) манай улсын АМНАТ ногдуулж буй суурь үнэлгээг буруу байна, АМНАТ-ийг олборлох шатанд ногдуулчихаад баяжуулах, боловсруулах шатанд ногдуулж буй нь гадаадын хөрөнгө оруулагчдыг орж ирэх боломжгүй болгосон гэж үзээд Засгийн газарт зөвлөмж хүргүүлсэн байдаг. Ихэнх оронд олборлолтын шатанд АМНАТ ногдуулсан бол бусад шатанд АМНАТ ногдуулдаггүй. Маш товчоор хэлэхэд, АМНАТ бол НӨАТ биш. Үүнээс болоод гадаадын хөрөнгө оруулагчид орж ирэхгүй байна.

-Давхардаж буйг тодруулаач?

-Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй этгээд олборлолттой холбогдолтой бүх зардлаа тооцоолж АМНАТ ногдуулан төлсний дараа НӨАТ-тай үнээр хүдэр, нүүрсээ баяжуулагчид худалддаг. Энэ өртөг нь баяжмалд эзлэх хүдрийн өртөг – 70 хувь болдог. Харин -30 хувь нь үйлдвэрлэлийн бүх нэмэлт 32 төрлийн зардлууд, Эрээн хүртэлх тээврийн зардлууд болдог. Хүдэрт ногдох 70 хувийг хасахгүйгээр дахин АМНАТ ногдуулдаг. Харин тэр өмнөх шатанд төлсөн АМНАТ-ийн хасалт чинь баяжуулагчдад ирж буй татварын дарамтыг бууруулдаггүй.

-Дагалдах металлд АМНАТ ногдуулж буй нь зөв үү?

-Энэ бол бас л маргаантай асуудал. Манай улсад Боловсруулах үйлдвэр байхгүй. Зэс боловсруулах үйлдвэрийг байгуулах талаар олон жил яригдсан. Эрдэнэтийн баяжмал 5-7 хувийн төмрийн хүдэр, молибдентэй, Оюу толгойн зэсийн баяжмал алт, мөнгө агуулдаг. Төмрийн хүдэрт нэлээд хэдэн төрлийн металлууд маш бага хэмжээгээр байдаг. Манай улсад боловсруулах үйлдвэрүүд өндөр хөгжсөн бол зарим үнэт металлуудыг тодорхой хувийг нь хүдэр, баяжмалаас салгаж авах боломж үүсч болно.

-Баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдэд АМНАТ ногдуулахгүй болсноор улсын болон орон нутгийн төсвийн орлого буурах уу?

-Буурахгүй. Өөрийн ордгүй баяжуулах үйлдвэрүүдэд АМНАТ дахин ногдуулахгүй тохиололд 10 орчим татвар, төлбөр, хураамжуудыг нь орон нутгийн төсөвт төлүүлж олон арван ажлын байрыг нь хэвээр хадгалж үлдэх нь энэ улс оронд илүү ач холбогдолтой. Улсын болон орон нутгийн төсвийн орлого буурахгүй, харин ч илүү нэмэгдэнэ. Үүнийг Сангийн яам л сайн ойлгох хэрэгтэй. Сангийн яам энэ стандарт бус бодлогоо хамгаалаад Ерөнхийлөгчийн уриалга, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн эсрэг ажиллаад байвал Монгол Улсад хүнд үйлдвэр хөгжихгүй, ажлын байр нэмэгдэхгүй ядуурал буурахгүй, гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй, валютын орлого нэмэгдэхгүй.

-Хулгайлагдсан гэх нүүрсний АМНАТ-ийн талаар тодруулахгүй юу?

-Үндсэн хуулиар энэ хулгайлагдсан нүүрс чинь “Төрийн нийтийн өмч” шүү дээ. Хэдий хэмжээний нүүрс хулгайгаар экспортлогдсон талаар маш олон тоо яригдаж байна. Ерөнхий сайд нүүрсний 1 тэрбум долларын далд эдийн засаг үүссэн, Нүүрсний түр хорооны дарга одоогоор 2.5 сая тн, Т.Доржханд гишүүн 40 орчим их наяд төгрөгийн нүүрс алдагдсан, гишүүн асан н.Энхболд 6.4 сая тн гэсэн тоонууд гаргаж ирээд байна. Иймд яаралтай нүүрс хулгайгаар экспортолсон этгээдийг илрүүлж, АМНАТ-ийг нөхөн ногдуулж, алданги, торгуулийг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хамт төлүүлэх ёстой. Ингэж чадвал 2023 оны төсвийн алдагдал эрс буурна.

-АМНАТ-ийн хуулийг яаж өөрчлөх ёстой вэ?

-2019 оны гуравдугаар сараас өмнө хэрэгжиж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийг сэргээн өөрчлөх хэрэгтэй. Энэ тохиолдолд хүдэр, баяжмал, бүтээгдэхүүнд АМНАТ давхардуулан ногдуулдаггүй болсноор Татварын алба, татвар төлөгчдийн хооронд маргаан гарахгүй болно.

-Аж ахуйн нэгж, боловсруулах үйлдвэрүүд АМНАТ-ийн хуулийн ажлын хэсэгт багтсан уу. Орох тухай саналаа хэлж байв уу?

-Ашигт малтмалын хуулийг шинэчлэх ажлын хэсэгт зөвхөн Уул уурхайн үндэсний ассоциацаас нэг хүн орсон. Ашигт малтмалын тухай хууль хурдан өргөн баригдаасай. Манай улсын эдийн засаг, экспортын хөгжилд түлхэц болох маш чухал суурь хууль.Цэвэр кокс, ган, ширэм, хорголжин, жоншны хүдрээс төрөл бүрийн бүтээгдэхүүн хийх төсөлтэй нэлээд хэдэн компаниуд байгаа ч энэ Ашигт малтмалын тухай хуулийн шинэчлэлийг хүлээсээр байна.

-АМНАТ-ийг хэрхэн тооцож байж зөв голдиролдоо орох вэ?

-Эхлээд олон улсын зах зээлийн үнээр бус гэрээний үнээр АМНАТ-ийг ногдуулдаг болох хэрэгтэй. Давхардуулж ногдуулдаггүй болох. Хүдэр, баяжмалын дагалдах металлд АМНАТ ногдуулж болох эсэхийг сайн судлах нь чухал.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй DNN.mn

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 14, Буд гариг. Билгийн тооллын 21, их морь одтой, цагаагчин үхэр өдөр. Өдрийн наран 8:34 цагт мандан, 16:59 цагт жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -19 хэм хүйтэн DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -30…-32 градус, бусад хэсгээр -25…-27 градус, өдөртөө -17…-19 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, Алтай уулархаг нутаг, говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Байдраг голын хөндийгөөр -35…-40 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -29…-34 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -16…-21 градус, бусад нутгаар -22…-27 градус, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -25…-30 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -19…-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8…-13 градус, бусад нутгаар -14…-19 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -30…-32 градус, өдөртөө -19…-21 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө -29…-31 градус, өдөртөө -19…-21 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Хөх тэнгэрийн доорх эдийн засгийн дайн​” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Х.Баттулгын үед
хийснээс ч том хэмжээний оффтейк
гэрээг МАН-ынхан байгуулсан” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

АТГ-аас нүүрсний хулгайн
хэрэгт холбогдсон 17 хүний
нэрийг зарлалаа.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Хөх тэнгэрийн доорх эдийн засгийн дайн” нийтлэл хэвлэгдлээ.

“Эрдэнэс Таван толгой” компанийн Нийгмийн судалгаа, хөгжлийн төвийн дарга асан Э.Батжаргал “Б.Ганхуяг захирал том төслийг ил тод, шуурхай явуулна гэсэн нь буруудлаа” гэв.

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Төв талбайн жагсаал орон нутгийн иргэдээр өргөжжээ.

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Хунан “Залуус соёлтой, мэдрэмжтэй, мэдээлэлтэй, ухамсартайгаар жагсаж байна” хэмээн ярилаа.

“Чиглэл” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Бумцэнд “Одоогоор хүнсний
ган сав, ирэх жилээс хөргөгч,
хөлдөөгч үйлдвэрлэхээр
бэлтгэж байна” хэмээснийг “Цаг үе, үйл явдал” нүүрээс уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлэв DNN.nn

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, мөн нэр бүхий 12 гишүүний хамт Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.


Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл


Үндэсний Статистикийн газрын мэдээлснээр Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хзмжээ 120.00 ам.доллар байгаа нь олон улсын дунджаас 3.5 дахин бага. Сүүлийн хоёр жил үргэлжипсэн цар тахлын улмаас бараа материалын хомсдлоос шалтгаалсан үнийн өсөлт үргэлжилсээр байна. Энэ нь нийгмийн дундаж давхрага, аж ахуйн нэгжүүдэд улам их дарамт үзүүлэхээр байна. Иймд хувийн хэвшлийн байгууллагуудад цалингаа өсгөх шаардлага тавих бус боломж бүрдүүлж өгөх нь зүйтэй гэж үзэн энэхүү хуулийн төслийг боловсрууллаа хэмээн хууль санаачлагч Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл танилцуулав. Тэрбээр хуульд нэмэлт оруулснаар аж ахуйн нэгж байгууллагыг цалин нэмэгдүүлсэн хувиар аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөвчлөх, чөлөөлөх боломж бүрдэнэ гэж үзжээ. Хуулийн төсөл батлагдсанаар хувийн хэвшлийн байгууллагуудын хувьд цалингаа нэмэгдүүлэх сэдэл бий болж, энэ нь эргээд ажилтан, иргэдийн орлогод бодитой дэмжлэг үзүүлнэ гэв.

Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай УИХ-ын тогтоолын төсөл


УИХ-аас баталсан “Шинэ Сэргэлтийн бодлого батлах тухай’ тогтоолын нэгдүгээр хавсралтын 6.4.-д “Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг зохион байгуулна.” гэж, уг баримт бичгийн хоёрдугаар хавсралтын 6.4.5.-д “Төр хувийн хэвшилтэй өрсөлдөж үйл ажиллагаа эрхлэхгүй, зөвхөн стратегийн ач холбогдол бүхий салбарт, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чухал ач холбогдолтой томоохон төслийг хэрэгжүүлэх зорилгоор, мөн төрөөс үнэ тарифын зохицуулалт хийдэг, хувийн салбар дангаараа эрхлэх боломжгүй, нийтийн ашиг сонирхлын үүднээс зайлшгүй эрхлэх үйл ажиллагааны чиглэлд компани байгуулдаг байх, бизнесийн үйл ажиллагааны удирдлагад хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх байдлыг хязгаарлаж, бизнесийн шийдвэр нь улс төрийн нөлөөллөөс ангид байх, төрийн өмчит хуулийн этгээдийн засаглалыг сайжруулж, нээлттэй хувьцаат компани болгох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх” гэж заасан. Гэвч эдийн засгийг зохицуулах чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудын дэргэд аж ахуйн шинжтэй үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийг олноор үүсгэн байгуулах явдал хавтгайрлаа. Үндэсний статистикийн газрын мэдээлж байгаагаар төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн тоо 2013 онд 4,532 байсан бол 2021 онд 5,407 болж өссөн. Тодруулбал, 2013 оны байдлаар ТӨҮГ, ОНӨҮГ-ийн тоо 261 байсан бол 2021 онд 406 болж, төсвийн байгууллага 3,929 байсан нь 4,789 болсон байна. Ингэж хувийн хэвшлийн гүйцэтгэх бүрэн боломжтой ажил, үйлчилгээг явуулахаар төрийн зүгээс аж ахуйн үйл ажиллагаа явуулах хуулийн этгээдийг үүсгэн байгуулж буй нь өөртөө илт давуу байдлыг бий болгон дангаар гүйцэтгэх, өрсөлдөөний тэгш байдлыг үүсгэх зүй бус үр дагавруудтай. Эдгээр төрийн өмчит үйлдвэрийн газар, компаниудын дийлэнх олонх нь алдагдалтай ажиллаж байгаа бөгөөд энэ нь эргээд улсын төсөвт дарамт үзүүлж байна. Эдгээр үндэслэл, шаардлагын улмаас аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай тогтоолын төслийг боловсрууллаа гэж хууль санаачлагч танилцуулав. Хуулийн төсөл батлагдсанаар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, төрийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулах явдал хумигдана гэж үзжээ.

Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл


Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно;” гэж нарийвчлан зааж өгсөн. Улмаар 1994 онд “Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль”-ийг Улсын Их Хурлаас баталсан. Мөн 2005 онд уг хуульд өөрчлөлт оруулж, жагсаал, цуглаан хийхэд зөвшөөрөл авдаг байсныг мэдэгдэл болгон өөрчилсөн боловч өнөөг хүртэл хуулийн хэрэглээнд мэдэгдэл бус зөвшөөрөл утгаар ойлгогдсоор ирсэн. Хүний эрхий түгээмэл тунхаглалын 20 дугаар зүйлд “Хүн бүр чөлөөтэй тайван хуран цуглаж, эвлэлдэн нэгдэх эрхтэй” гэж заасан. Иймд иргэдээ Үндсэн хуулиар баталгаажуулан өгсөн эрхийг нь уг хуулиар улам ойртуулан өгөх шаадлага үүсэж байна гэж хууль санаачлагч танилцуулав.

Тэрбээр, хуулийн төсөл батлагдсанаар жагсаал, цуглаан зохион байгуулахдаа зөвшөөрөл авах бус мэдэгддэг болгож, мэдэгдснээр тухайн арга хэмжээг эхлүүлэх бололмжийг бүрдүүлж өгснөөр иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх Үндсэн хуулиар зааж өгсөн эрхийг баталгаажуулж өгнө. Мөн технологийн олон, цахим хэрэглээний өсөлттэй холбоотойгоор тодорхой шийдвэрийг хэлэлцэх үед эсэргүүцэл, түүнийг даган бий болдог аяндаа үүссэн цуглааныг хуульчлан зааснаар Үндсэн хуульд зааж өгсөн дээрх эрхийн баталгааг хангаж өгнө гэж үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.