Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Бат-Эрдэнэ: Эрх зүйн орчин эдийн засгаа бодитоор дэмждэг байх ёстой DNN.mn


Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


-Оны төгсгөлд ярилцаж байгаа учраас улирч буй жилдээ салбар яамны зүгээс хийсэн бодлогын чанартай томоохон ажил, эрх зүйн ямар өөрчлөлтүүд хийгдэв гэдгээс яриагаа эхэлье ээ?

-Юуны өмнө удахгүй гарах гэж буй шинэ жилийн мэндийг танай сонины уншигчдад болон нийт монголчууддаа өргөн дэвшүүлье ээ. Тэгэхээр бид энэ онд байгаль орчны багц хуулиудад дата, анализ хийж амжлаа. Тэр утгаараа байгаль орчин, аялал жуулчлалд тулгамдаж буй эрх зүйн асуудал яг хаана гарч байгааг маш сайн олж харсан. Тиймээс энэ чигийн нийт 34 хууль, эрх зүйн орчинд дата, анализ хийлээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын тогтоол, захиргааны хэм хэмжээний актууд гэх мэт бүгдийг нь харьцуулсан байдлаар судалгаа шинжилгээний ажлуудыг хийсэн гэсэн үг. Эдгээр эрх зүйн шинэ зохицуулалт, өөрчлөлтүүд ирэх жил буюу 2023 онд бүгд УИХ-д өргөн баригдана. Гэхдээ өргөн барихаасаа өмнө бүх алдаа дутагдлыг арилгаж, хуулийн өөрчлөлтүүдийг засварлах маягаар өргөн барина гэсэн үг. Өөрөөр хэлбэл, эрх зүйн орчин эдийн засгаа бодитоор дэмждэг байх ёстой юм. Нөгөөтэйгүүр бид Ойн агентлаг байгуулж чадлаа. Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, ойн агентлагийг албан ёсоор байгууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойн стратегийг манай улс анх удаагаа тодорхойлж, ойн угшлын төлөвлөгөө батлан гаргалаа. Мөн Аялал жуулчлалын тухай хуулийг өргөн барилаа. Энэ хуулиар аж ахуйн нэгж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд аж ахуйн нэгжүүд рүү төрийн зарим чиг үүргийг бүхэлд нь болоод хэсэгчлэн тэр чигт нь шилжүүлэх асуудлыг хөндлөө. Түүнээс гадна бид агаарын тээврийн либералчлалыг хийж чадлаа. Үүнийг хийснээр манай улсад ирэх жуулчдын тоо харьцангуй нэмэгдэх бүрэн боломжтой боллоо.

-Байгаль орчны хамгааллын хувьд ямар ажлууд хийгдэв. Үүнд та тодорхой хариулаад өгөхгүй юo?

-Мэдээж салбар яамны зүгээс хамгааллын ажлыг хамгийн түрүүнд хийх үүрэгтэй. Тэр утгаараа Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсийг 5594 га-аар тэллээ. Ингэснээр ирээдүйд газрыг нь өмчлөх, улмаар барилгачихаас хамгаалж байна гэсэн үг шүү. Түүнчлэн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт 55202 га талбайг мөн хамгаалалтын бүсэд нэмж авлаа. Энэ газар ирээдүйд мөн адил Богд хан уулын араас орох байсныг таслан зогсоосон гэж ойлгож болох юм. Суурьшлын бүсэд бид анхаарч ажиллалаа. Тэр дундаа Богд хан уулын дархан цаазат газар байгаа суурьшлын бүсийг бид “Бүсийн” тав дахь ангиллаар оруулж, тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийгээд удахгүй өргөн барихаар бэлтгэж дуусч байна. Уг хуулиар өдийг болтол Богд хан уулын газар байшин барилга худалдаж авсан иргэд үл хөдлөх хөрөнгөө барьцаалж зээл авах ч юм уу эсвэл эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй байсныг зохицуулж өглөө. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх хөрөнгөө эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй байсан олон айл өрхийн асуудал дээрх хуулийн хүрээнд шийдэгдэнэ гэсэн үг.

-Тусгай хамгаалалттай газар нутагт шийдвэрлэх ёстой асуудал их байдаг шүү дээ. Тэр утгаараа энэ онд тэр чиглэлийн ямар ажлуудыг хийв?

-Асуудал цөөнгүй байгаа нь үнэн. Түүний нэг нь тусгай хамгаалалттай газар нутагт ажиллаж буй төрийн албан хаагчийн техникийг тодорхой хэмжээгээр сольж, сайжрууллаа. Бүх байгаль хамгаалагчдаа гэнэтийн ослын даатгалд хамрууллаа. Хамгийн чухал асуудал бол цалин хөлс. Тэр утгаараа цалингийн нэмэгдлийн асуудлыг бид ойрын хугацаанд шийдэхээр Засгийн газрын хуралдаанд удахгүй асуудал нь орж, хэлэлцэгдэх гэж байна. Нөгөөтэйгүүр ус ундарга, гол мөрөн, сав газрын байгаль орчны асуудал байна. Тухайлбал, усны ундарга, эх булаг бүхий газруудын 1440 тонн хог хаягдлуудыг цэвэрлэж дууслаа. Дээрх газруудын ойр орчимд байрлах нүхэн жорлонгуудыг буулгалаа. Мал амьтан, иргэдийн зорчих хэсгийг хаасан хашаажуулалтыг зааг гарган буулгаж ажиллаж байна.

-Салбар яамны зүгээс энэ онд хийж хэрэгжүүлсэн томоохон төсөл хөтөлбөрүүд юу байна вэ?

-Олон улсын байгууллагын хувьд Монгол Улстай хамтран ажиллаж байгаа томоохон 24 төсөл, хөтөлбөр бий. Үүнээс 22 төсөл нь буцалтгүй зээл, тусламжаар хэрэгжиж байгаа. Тухайлбал, Монгол-Солонгосын “Ногоон эрэн” төслийн гуравдугаар шатыг бид энэ жил эхлүүлж чадсан. Нийт найман сая ам.доллартай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламжаар орж ирж байгаа томоохон төсөл байгаа. Мэдээж эко системийн тогтвортой байдлыг хангах, хөдөө аж ахуйн менежмэнтийн гээд олон асуудал бий. Түүнчлэн “Ойн салбарын хөгжлийн хөтөлбөр” гэх мэт төслүүд Монгол Улсад амжилттай сайн хэрэгжээд явж байна. Өнгөрсөн 11 дүгээр сард НҮБ-ын Суурь Конвенцод нэгдэн орсон улс орнуудын бага хурлын 27 дахь удаагийн чуулган Египет улсын Шарм-эль-Шейх хотноо амжилттай болж өндөрлөсөн. Үүнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсэх, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болоод миний бие оролцлоо. Ингээд ажиллаж байхад нэг зүйлийг бид анхаарах ёстой гэж ойлгосон. Тэр нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний хөтөлбөрийг санаачлах ёстой юм билээ. Тиймээс энэ хүрээнд Уур амьсгалын ногоон сантай хамтраад 2.8 сая ам.доллараар хийгээд явж байна. 2026 онд СOP 17 буюу конвецийн талын бага хурлыг Монгол Улсад зохион байгуулна. Энэ хүрээнд цөлжилтийн эсрэг авах арга хэмжээнүүдийг эхлүүллээ. Өнгөрсөн сард Тайландад болсон НҮБ-ын Ази Номхон далайн эдийн засгийн нийгмийн комиссын хурлыг Монгол Улс анх удаагаа даргаллаа. Мөн ирэх оны эхээр Монгол Улсад анх удаагаа НҮБ-ын маш том хурал болох гэж байна. Энэ хүрээнд агаарын бохирдлын эсрэг 53 орон байдаг. Эдгээр 53 орны түншлэлийг Монгол Улсад байгуулах, Улаанбаатар хотын тунхаг гаргах зэрэг арга хэмжээг хийнэ. Үүний үр дүнд агаар орчны бохирдлын эсрэг үр дүнтэй тодорхой ажлууд хийгдэнэ гэж ойлгож болох юм.

-Аялал жуулчлалын салбарын тухайд ярихгүй юу. Манай улсын эдийн засгийн голлох салбаруудын нэг шүү дээ?

-Мэдээж аялал жуулчлалын салбар гэдэг манай улсын эдийн засгийн гол салбарын нэг. Тиймээс бид Азийн хөгжлийн банкны зээлээр Хэнтий, Хөвсгөл аймагт хэрэгжиж байгаа төслүүдийг эхлүүлсэн. Тухайлбал, Хөвсгөл аймагт Хөвсгөл нуурыг хамгаалах ажлыг хийлээ. Жишээлбэл, Хөвсгөл нуурт живсэн автомашин, техник, хог хаягдлыг татан гаргалаа. Мөн цаана нь үлдсэн томоохон хог хаягдлыг татан гаргахаар судалгааны ажлуудаа хийж дуусгалаа. Энэ ажлыг ирэх оны зургадугаар сарын эхээр эхлүүлэхээр төлөвлөж байна. Түүнээс гадна тоосжилтын асуудал бий. Энэхүү тоосжилт нуурын бохирдолд маш их хэмжээгээр нөлөөлж байдаг. Тиймээс тоосжилтын асуудлыг шийдэхийн тулд бид 37.9 км авто зам тавих ажлыг амжилттай урагшлуулсан.

-Энэ онд манай улсад ирсэн гадаадын жуулчид хэд байв. Эдийн засгийн үр өгөөж нь юу байв?

-Өнгөрсөн 2019 онд манай улсад 577 мянган жуулчин ирсэн байдаг. Үүний 168 мянга нь БНХАУ-ын иргэд, жуулчид байсан. Харин энэ жилийн хувьд цар тахалтай холбоотойгоор аялал жуулчлалын салбар хоёр гаруй таг зогслоо шүү дээ. Ингээд буцаад сэргэхдээ бид яаралтай жуулчдын тоог нэмэгдүүлэх арга хэмжээг зайлшгүй авах шаардлагатай гэж үзсэн. Энэ хүрээнд БНСУ-ын жуулчид хамгийн их ирдэг учраас энэ чиглэлд түлхүү анхаарч ажиллалаа. Өөрөөр хэлбэл, Солонгосоос ирэх жуулчдыг визгүй болголоо. Ингээд харахад бид энэ онд 300 мянган жуулчдыг хүлээн авсан байна. Үндсэндээ амлаж байсан тоо хэмжээндээ албан ёсоор хүрсэн гэсэн үг. Тэр утгаараа гадаадын жуулчид хэдий их ирнэ төдий чинээ эдийн засгийн үр өгөөж нь нэмэгдэнэ л гэсэн үг шүү дээ. Нөгөөтэйгүүр Монгол Улсад транзитыг маш сайн хөгжүүлэх ёстой. Оросоос орж ирж байгаа жуулчид манай улсад гурав хоночихоод Солонгос, Тайланд руу шууд нисчихдэг. Тиймээс бид транзит дээр нэлээд сайн анхаарч үзэх ёстой. Транзитын бодлогыг сайн хөгжүүлэх ёстой гэж бид харж байгаа. Хоёрдугаарт, өвлийн цаг хугацаанд манай улсад аялал жуулчлалын бүтээгдэхүүн гэж алга байна. Ирсэн жуулчид зочид буудалд ганц нэг хонож, ойр зуур дэлгүүр хэсэхээс өөр хийх зүйлгүй байна. Тэгэхээр бид өвлийн аялал жуулчлалдаа онцгой анхаарах цаг болсон. Ирэх жил бид нийтдээ 70 орчим томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. Энэхүү ажлыг Гадаад харилцааны яам, Соёлын яамтай хамтраад хэрэгжүүлнэ.

-Монгол Улсын хэмжээнд нийт 1200 гаруй нуур байдаг гэсэн тооцоо бий. Ер нь гол мөрөн, нуур усны хамгаалах чиглэлд салбар яамны зүгээс ямар ажил хийгдэж байна вэ?

-Усны засаглалыг шинэлэг аргаар хэрэгжүүлэх гээд олон улсын төсөл хөтөлбөр бий. Манай улсын хувьд нэг жилийн хугацаанд 2300 гаруй гол, булаг шанд ширгэж, 1600 гаруй нь буцаад сэргэдэг гэсэн судалгаа байдаг. Энэ утгаараа бид жилдээ 600-700 гаруй гол, булаг шандыг алдаж байдаг гэсэн үг. Монгол Улсын хур тунадсын хэмжээ жилд 7.3 хувиар буурч байдаг. Сүүлийн 80 жилийн хугацаанд уур амьсгалын өөрчлөлт буюу дэлхийн дулаарал Монгол Улсад 2.25 хэмээр явагдсан. Дэлхий дахинд бол нэг орчим хэмээр өөрчлөгдсөн байдаг. Угтаа 1.5 хэмээс цааш өөрчлөгдөж байвал энэ нь аюулын харангыг дэгдээсэн үзүүлэлт гэж үздэг. Гэтэл манай улсад 2.25 хэмээр нэмэгдчихсэн, мөн адил сүүлийн 40 жилд цэвдгийн хэмжээ 30 гаруй хувиар багасчихсан байна. Үүнээс үүдэлтэй хөрсний доройтол, гадаргын ус, гүний ус, мод, хөрс, бэлчээр гээд бүх зүйлээ энэ хэмжээнд алдаж байна гэсэн үг. Нэг талдаа байгалийн хүчин зүйл явагдаж байгаа боловч хамгийн их нөлөөлж байгаа зүйл бол хүний хүчин зүйл юм. Монгол Улсын нийт газар нутгийн 75 хувь нь бэлчээр байдаг. Гэтэл үүний 55 хувь нь доройтчихсон байна. Нийт 30 гаруй сая толгой малын бэлчээрийн даацтай гэдэг боловч одоо 70 орчим сая толгой малтай боллоо. Тиймээс энэ асуудалд бид цаашдаа яаралтай арга хэмжээ авахгүй бол гол, мөрөн, булаг шанд, нуур цөөрөм маш их хэмжээгээр үргэлжлээд ширгэнэ. Тиймээс яаралтай арга хэмжээнүүдийг авах шаардлагатай гэж бид үзэж байгаа. Тэр утгаараа тухайлбал, Улаанбаатар хотыг тойроод хөв, цөөрөм байгуулах ажлыг хийж хэрэгжүүлээд эхэлсэн. Ингэснээр нэг талдаа гол усны ундаргыг хамгаалах, нөгөө талдаа нийслэл хотын чийгшлийг сайжруулах, тоосжилтыг бууруулах ажил давхар хийгдээд явж байгаа гэж ойлгож болох юм.

-Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд салбар яамны зүгээс хэрхэн оролцож байна вэ. Мэдээж хамгийн гол оролцох ёстой салбар шүү дээ. Тэр утгаараа уг хөдөлгөөний хүрээнд хийж хэрэгжүүлсэн үр дүнгийн талаар ярихгүй юу?

-Тус хөдөлгөөн өрнөөд нэг жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд бид 10 сая мод тарьж, ургуулж чадлаа. Жилдээ 13 орчим сая тарьц, суулгац бэлддэг байсан бол одоо 37 орчим сая тарьц, суулгацыг бэлддэг болсон. Тэрбум гэдэг тоогоороо бол 2030 он гэх хугацаагаа хараад үзэхэд жилдээ 130-150 сая мод тарих ёстой. Тарьж, ургаж байж л бид энэ зорилгодоо хүрэх ёстой шүү дээ. Гол нь ургуулах ёстой. Тиймээс тарьсан модоо хянах, араас нь давхар анхаарах ажлуудыг бид хийж байна. Зарим газарт 86 хувийн ургалттай байна. Зарим газартаа 97 хувийн ургалттай ч байна. Нөгөө талдаа бид ойн стратегийг баталж гаргасан. Тэр утгаараа ойн стратегид бид байрлал зүйн асуудлыг тогтоож өгч байна. Тухайлбал, хаана ямар мод, ямар хөрсөнд таривал зохимжтой вэ гэдгийг гаргаж өгсөн. Уул уурхайн 21 компани нийтдээ 608 сая мод тарьж, ургуулна гэдэг амлалтыг авсан. Үүний хүрээнд Оюу толгой компанитай бид хамтраад Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн голын орчим буюу 334.7 га газарт нөхөн сэргээх ажлуудыг эхлүүлсэн. Энэ жилдээ бид 100 га газрыг нөхөн сэргээгээд ирэх жилд үлдсэн газрыг нөхөн сэргээх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэр мөн адил орхигдсон га талбайг нөхөн сэргээх үүрэг, амлалт аваад ажиллаж байгаа. Дараагийн нэг том ажил бол “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг сурагчдын дунд өрнүүлж эхэллээ. Нийслэлийн ЕБС-иудын охид, хөвгүүдийн зөвлөлийн төлөөлөгчид гарын доорх материал ашиглан модны үр суулгаж ургуулна. Байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалахад өсвөр үе, залуучуудын оролцоог дэлхий нийтээрээ чухалчилж байгаа цаг үед БОАЖ-ын сайдын санаачилгаар ногоон үе буюу “Green Gen­eration” хөтөлбөр нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжиж эхлээд байна. “Green Genera­tion” хөтөлбөрөөр дамжуулан байгаль эх дэлхийгээ хайрлан, хамгаалах үйлсэд өсвөр үе, хүүхэд залуусын оролцоог идэвхжүүлэн тэдэнд зөв дадал, зуршил, хандлага бий болгож буйгаараа чухал ач холбогдолтой юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид БОАЖЯ-аар зочилж уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт болон хүлэмжийн хийг бууруулах, байгаль орчны асуудалд дэлхийн нийтээрээ нэгдэж, тэр дундаа ирээдүйн эх дэлхийн эзэд хүүхэд, залуусын оролцоог тодотгож байна.

-Олон нийтийн зүгээс байнга ярьдаг, байнга шүүмжилдэг нэг асуудал бол Улаанбаатар хотын утаа шүү дээ. Уг асуудалд салбарын сайдын хувьд ямар бодлого хэрэгжүүлж ажиллаж байна. Цаашид бид ер нь ямар аргаар энэхүү утаанаас салах вэ?

-Нэгдүгээрт, би хэд хэдэн тоо баримтуудыг дурдах нь зөв байх гэж харж байгаа. Тухайлбал, түлш гэдэг бол дулаан үйлдвэрлэлийн асуудал. Хүн яах гэж түлш түлж байна вэ гэхээр дулаахан байхын тулд түлж байгаа. Дулаан үүсгэх, цахилгаан үүсгэх энэ бүх зүйл бол Эрчим хүчний асуудал. Нөгөөтэйгүүр манай улс энэ асуудалд тогтолцооны гажуудалтай байна. Учир нь өнгөрсөн цаг хугацаанд утаа арилаагүй, буураагүй нь үүний том илрэл. Өөрөөр хэлбэл, 2019-2020 онд утаа харьцангуй гайгүй, байхгүй байсан гэж хүмүүс ярьдаг. Тэр үед Улаанбаатар хотын хэмжээнд нийт 346 мянган тонн сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж байсан. Гэтэл одоо 2022-2023 онд 620 мянган тонн түлшийг хэрэглэж байна. Дээрээс нь нийслэлийн 20 аж ахуйн нэгжийн 68 цэг дээр 183 нам даралтын зуух ажиллаж байна. Энэ бүгд түүхий нүүрс түлж байгаа. Ингээд тооцоогоо эргээд харахаар 700 мянга гаруй болж байгаа юм. Гэтэл 2019 оны үед Эрчим хүчний яамнаас эрчим хүчний дэд станцуудыг байгуулаад 41 мянган өрхийг цахилгаанд шилжүүлсэн. Тэгэхээр тухайн үед 195 мянган өрхтэй гэж байхад 41 мянган нь хасагдах ёстой шүү дээ. Гэтэл өнөөдөр 205 мянган өрхтэй болчихсон байна. Нэгдүгээрт, өрхийн тоо нэмэгдчихлээ. Газар олголт зогсоогүй хэвээрээ л байна, Үндсэн хуулийн зарчмаараа яваад. Хоёрдугаарт, 346 мянган тонн түлш байсан чинь одоо бараг 740 мянган тонн болчихлоо. Үүнээс нэг зүйл ажиглагдаж байгаа биз. Бидний хэрэглээ ихсээд байхад яаж утаа буурах билээ дээ. Утаа буурна гэдэг бол яндангүй бүс олон болох ёстой л гэсэн үг. 195 мянган өрхийн 41 нь хасагдаад бодит хасагдсан тооцоолол явагдаж байж л бид утаагүй болох тухай асуудлыг ярих ёстой.

-Утаа байгаа ч тодорхой хорт бодис ч гэх үү иргэдийн эрүүл мэндэд үзүүлэх хохирол багассан гэж үзээд байгаа шүү дээ. Үүнийг танай яам хянаж байдаг уу?

-Агаар, орчны бохирдлын стандартыг Байгал орчны яам хянаж байдаг. Тухайлбал, өнөөдөр сайжруулсан шахмал түлш стандартын хэмжээнд байгаа. Жишээлбэл, дэгдэмхий 22-25 хувьтай байна. Бид үүнийг 12 хувь болгоё гэж байгаа. Өдөөгчийг нь бие болгож байж тухайн түлшийг хурдан асаах, уугилт багатай байх ийм процесс явагдаж байгаа. Түлш үйлдвэрлэгдэж байна. Үйлдвэр нь Эрчим хүчний яамд харьяалагдаж байгаа. Нөгөөтэйгүүр Улаанбаатар хотод 632 мянган автомашин явж байна. Үүний 87 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байна. Өөрөөр хэлбэл, гурван машин тутмын 50 хувь нь ядангийн шүүлтүүр нь ажиллахгүй байна. Гэхдээ бүгд үзлэг оношилгоо дээрээ тэнцсэн гэсэн бичиг даруулчихдаг. Үүний цаана бас л авлигын асуудал байгаа. Байгаль орчин аялал жуулчлалын яам бол хяналт тавих чиг үүрэгтэй байгууллага. Бид хяналтаа тавиад л явж байгаа. Бидний тавьж байгаа стандартыг биелүүлэх эдийн засгийн боломж өнөөдөр алга. Сая бид 44 мянган айлыг цахилгаанаар халаах төлөвлөгөө гаргаж өгсөн. Гэтэл бас л боломгүй гэдэг хариуг бидэн өгсөн. Хэрэв үүнийг хэрэгжүүлсэн бол бид ядаж утааг 20 орчим хувиар бууруулж чадах байсан. Гэтэл эдийн засгийн асуудлаас болоод ингээд л таг зогсчихож байгаа юм. Тэгэхээр бид тогтолцоогоо зөв болгохгүй л бол утааны асуудлын ард гарч чадахгүй юм билээ.

-Тогтолцооны гажуудал гэж ярьж байна. Яг юуг хэлээд байна вэ?

-Байгаль орчны яам утаагаа хариуцаж байгаа. Гэхдээ манай яам түлш үйлдвэрлэгч биш. Түлш үйлдвэрлэж буй үйлдвэрийн эзэн биш. Эрчим хүч үйлдвэрлэгч биш байхгүй юу, бид. Тэгэхээр энэ бүхнийг хийж байгаа газартай бид хариуцлагын асуудал ярихгүйгээр утаанаас салахгүй. Гэтэл утааны асуудалд Байгаль орчны яам хариуцлага хүлээж байна. Тэгэхээр тухайн түлш үйлдвэрлэж байгаа салбар бидэнд хамаагүй гэдэг өнцгөөр асуудалд ханддаг. Угтаа утаагүй болохын тулд бид яндангүй бүс бий болгох ёстой. Яндангүй бүс бий болгоно гэдэг бол цахилгаанжуулна л гэсэн үг. Гэтэл тэр их хэмжээний цахилгааны нөөц бидэнд алга байна. Цахилгаанаар шийдэхийн тулд эрчим хүчний хангалтыг сайн хийх ёстой. Эрчим хүчний хангалтыг сайн хийж чадвал янданг бууруулах боломж байна. Энэ бол угтаа Эрчим хүчний яамны асуудал. Гэтэл хариуцлага хүлээдэггүй учраас ямар ч ялгаагүй гэсэн хандлагаар ханддаг нь тогтолцооны гажуудал байна гэж үзээд байгаа юм. Магадгүй хамгийн анхны Эрчим хүчний сайд ч юм уу, тус салбарын удирдах албан тушаалтан огцорч эхэлсэн цагаас эхлээд утааны асуудалд анхаарч эхлэх байх.

Байгаль орчны яам бол утааны асуудалд хянагчийн үүрэг гүйцэтгэж байгаа л байгууллага. Энэ мэт олон асуудал байна. Гэхдээ одоо бол Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо Засгийн газрын хэрэг эрхлэх газарт очсон. Энэ бол зөв тогтолцоо руугаа явж байгаагийн нэг илрэл гэж харж байгаа. Цаашдаа тогтолцоогоо зөв системчлээд явбал утааны асуудлыг бид шийдвэрлэж чадна гэдэгт итгэж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна DNN.mn

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 30, Сугар гариг. Билгийн тооллын 8, могойг хүлэгч одтой, улаагчин могой өдөр. Өдрийн наран 8:42 цагт мандан, 17:07 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө -16 хэм хүйтэн DNN.mn

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй. Өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Шөнөдөө нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас, өдөртөө нийт нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, өдөртөө тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -34…-39 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр -28…-33 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -15…-20 градус, бусад нутгаар -21…-26 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -19…-24 градус, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -15…-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -5…-10 градус, бусад нутгаар -11…-16 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -29…-31 градус, бусад хэсгээр -22…-24 градус, өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Шөнөдөө -30…-32 градус, өдөртөө -18…-20 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Шөнөдөө -29…-31 градус, өдөртөө -17…-19 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн аварга Ц.Цогтбаатар “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын элч төлөөлөгч боллоо DNN.mn

Дэлхийн аварга Ц.Цогтбаатар гавьяат тамирчин болно

“Токио-2020” олимпын хүрэл мeдальт, жүдо бөхийн дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Цэнд-Очирын Цогтбаатарыг “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын элч төлөөлөгчөөр томилсны дагуу “Улаанбаатар Зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулах хороо” ХК-ийн гүйцэтгэх захирал П.Буяндэлгэр гэрчилгээг нь гардуулан өглөө. Элч төлөөлөгч нь спортын салбарын олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлж, “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг эх орондоо болон олон улсад сурталчлан таниулах юм.

Монгол Улсын 2022 оны шилдэг тамирчнаар тодорч, “Бөртэ чоно” шилжин явах цомын эзэн болсон Ц.Цогтбаатарын хувьд энэ онд “Ташкент 2022” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль, Улаанбаатарын Их дуулгын мөнгөн медаль, Парисын Их дуулгын хүрэл медаль хүртээд байгаа билээ.

“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадам нь 2023 оны наймдугаар сарын 16-23-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болно. Наадамд Зүүн Азийн бүс нутгийн есөн Үндэсний олимпын хорооны өсвөрийн залуу тамирчид спортын 12 төрлөөр хурд, хүчээ сорин өрсөлдөх юм.

Монгол Улсад Зүүн Азийн бүсийн спортын олон төрөлт залуучуудын наадмыг анх удаа зохион байгуулснаар олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулна. Мөн Зүүн Азийн бүс нутгийн шинэ залуу тамирчдыг нээн илрүүлж, харилцаа холбоог бэхжүүлэн нөхөрлүүлж, тэдэнд 2028 болон 2032 оны Олимпын наадамд оролцох хүсэл зоригийг төрүүлэх зэрэг олон ач холбогдолтой юм.

Categories
мэдээ нийгэм

ТЦА: Баярын өдрүүдэд түгжрэл үүсэхээс сэргийлэн 96 байршилд 131 алба хаагчийг нэмэлтээр ажиллуулж байна DNN.mn

Түгжрэл “түгжээ”-тэй хэвээр үлдэх үү

Шинэ жилийн баяр болох гэж байгаатай холбогдуулан зарим байршилд хууль, хүчний алба хаагчдыг ажиллуулж байгаа аж. Энэ талаар,

“Нийслэл хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа томоохон зах, худалдааны төвийн ойр орчимд түгжрэл саатал үүсэхээс урьдчилан сэргийлж энэ сарын 28, 29, 30, 31-нд Мөрдөн шалгах, жижүүр, дотоод ажил, урьдчилан сэргийлэх, иргэний агаар, төмөр зам, бичиг хэргийн ажил хариуцсан нийт 131 алба хаагчийг 96 цэг байршилд 15:00 цагаас 20:00 цагийн хооронд нэмэлтээр ажиллуулж байна” гэж ТЦА-аас мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Төрийн албан хаагчдын цалин хөлсний талаар 5 багц асуудлыг шийдвэрлэжээ

Калифорнид эрэгтэй, эмэгтэй ажилтанд ялгавартай цалин олгохыг хуулиар  хориглов

Төрийн албаны цалингийн нэгдсэн тогтолцоог шинэчлэх замаар цалин хөлсийг ажилласан жил, үр дүн, бүтээмжтэй уялдуулах, төрийн зарим албан хаагчдын цалин хөлсийг тодорхой хувь хэмжээгээр нэмэгдүүлэх дараах 5 багц асуудлыг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн албан хаагчдын цалинг инфляцын түвшин, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх, бүтээмж, үр дүнд суурилсан цалин хөлс, ажлын үнэлгээний нэгдсэн системийг нэвтрүүлэх арга хэмжээг тусгасан. Мөн “Шинэ сэргэлтийн бодлого”-д Төрийн албаны шинэчлэлийн асуудал тусгагдсаны дагуу Засгийн газраас Төрийн албаны цалин хөлсний бүтэц, цалингийн тогтолцооны шинэчлэлийг эхлүүлжээ. Энэхүү арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийт 266.2 тэрбум төгрөг зарцуулахаар 2023 оны нэгдсэн төсөвт тусгасан байна.

Төрийн захиргааны болон тусгай албаны албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн сүлжээг шинэчлэв

Төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээ нь 15 зэрэглэл тус бүрт 3-5 шатлалтай, төрийн тусгай албаны цалингийн сүлжээ нь 18 зэрэглэл тус бүрт 3-5 шатлалтай буюу нийт 153 ялгаатай цалинтай байсан. Үүнийг өөрчлөн төрийн захиргааны албан тушаалын 15 зэрэглэлийг 10, тусгай албаны 18 зэрэглэлийг 13 болгон нягтаршуулав. Мөн үндсэн цалинг одоо мөрдөж байгаа цалингийн шатлалын хамгийн өндрөөр нь тогтоон нэг шатлалтай болголоо. Үр дүнд нь төрийн захиргааны 14 мянга орчим, төрийн тусгай албаны 40.7 мянга орчим албан хаагчийн цалин 12-15 хувь нэмэгдэнэ. Уг арга хэмжээнд улсын төсвөөс 141.3 тэрбум төгрөг зарцуулна.


Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг шинэчлэн тогтоов

Төрийн үйлчилгээний албан хаагчдын ажлын үр дүн, гүйцэтгэлийг үнэлж үндсэн цалинг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх үүднээс Засгийн газар 2022 онд боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёлын салбарын төрийн үйлчилгээний болон төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг шинэчлэн тогтоосон. Үр дүнд 1-4 дүгээр шатлалын цалинтай 106.7 мянган төрийн үйлчилгээний албан хаагчийн үндсэн цалин дунджаар 9.0 хувиар нэмэгдсэн байна.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 550.0 мянган төгрөг болж нэмэгдсэнтэй холбоотой Засгийн газрын хуралдаанаар төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалинг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Үр дүнд нь төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалингийн доод хэмжээ 8 хувиар нэмэгдэж байна. Энэ арга хэмжээнд 40.9 тэрбум төгрөг зарцуулна. Мөн төрийн үйлчилгээний албан хаагчийн төрд ажилласан жил бүрт нь төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг тооцож олгосноор цалин хөлс нь 2-5 хувиар нэмэгдэх боломжтой болно.


Төрийн албан хаагчийн төрд ажилласан жил бүрийг үнэлж нэмэгдэл олгодог болов

Төрийн захиргааны болон үйлчилгээний албанд анх ажилд орсон албан хаагч тасралтгүй 5 жил ажилласны дараагаас ажилласан жилийн нэмэгдэл авч эхэлдэг. Энэ байдлыг Засгийн газар өөрчилж, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг жил бүрээр бодож олгодог байхаар холбогдох журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Үр дүнд нь 160.0 мянган төрийн албан хаагчийн цалин хөлс 2-5 хувиар нэмэгдэж, төрийн албанд чадварлаг албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллах зарчмыг хэрэгжүүлэх боломж нэмэгдэнэ. Энэ арга хэмжээнд 50.1 тэрбум төгрөг зарцуулна.

Орон нутгийн төрийн захиргааны албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгохоор шийдвэрлэв

Орон нутгийн захиргааны байгууллагад ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид албан тушаалын сарын үндсэн цалингийн 20 хувьтай тэнцэх хэмжээний орон нутгийн нэмэгдэл олгохоор боллоо. Мөн аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал тухайн жилийн орон нутгийн төсөвтөө төрийн захиргааны албан хаагчид олгох орон нутгийн нэмэгдлийг 80 хүртэл хувиар нэмэгдүүлэх боломжтой байдлаар холбогдох журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Ингэснээр орон нутгийн 12 мянга орчим төрийн захиргааны албан хаагчийн цалин хөлс 20-100 хувиар нэмэгдэнэ. Түүнээс гадна захиргааны албан хаагчид орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдэж, төвлөрлийг сааруулахад эерэг нөлөө үзүүлэх боломжтой гэж үзэж байна. Энэ арга хэмжээнд улсын төсвөөс 33.9 тэрбум төгрөг зарцуулна.


Нийслэл, дүүргийн төсвөөс санхүүждэг төрийн захиргааны байгууллагын албан хаагчдын цалингийн сүлжээг шинэчлэв

Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 20.4-т “Засгийн газар нийслэл, дүүргийн захиргааны байгууллагын удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалын ангилал, зэрэглэлийг нутгийн захиргааны бусад адилтгах албан тушаалын ангилал зэрэглэлээс өөрөөр тогтоож болно” гэж заасан. Энэхүү хууль эрх зүйн зохицуулалтын хүрээнд нийслэл, дүүргийн төсвөөс санхүүждэг захиргааны байгууллагын төрийн захиргааны албан хаагчдын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоов.

Цаашид төрийн албан хаагчдын цалин хөлсийг ажлын үр дүн, гүйцэтгэлд суурилсан байдлаар олгож, эдийн засгийн өсөлттэй уялдуулан үе шаттай нэмэгдүүлэхэд Засгийн газраас анхаарч ажиллах юм.

Categories
мэдээ нийгэм

Лам нар БГД-ийн ТҮК-ийн ажилчдад хоол хүнсний зүйл, дулаан бээлий хандивлана DNN.mn

Лам нар БГД-ийн ТҮК-ийн ажилчдад хоол хүнсний зүйл, дулаан бээлий хандивлана

Монгол лам нарын чуулган фэйсбүүк группээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Асралын аян”4 хүмүүнлэгийн аяныг өнөөдөр зохион байгуулах юм.

Тус аянд нийслэл хот, орон нутаг, гадаад улс оронд шавилан суугаа олон лам хуваргууд өөрсдийн боломж бололцоогоороо хандив өргөж оролцдог бөгөөд үндэсний тусгаар тогтнолын баяраар уламжлал болгон зохиодог.

“Асралын аян” 1 аяны хүрээнд Коронавирус 2019 онд Монголд тархаж эхлэх үед лам нарын чуулган группээс түүчээлж 20’000’000 сая төгрөгийн хандиваар тухайн үед хомс байсан бээлий маск гэх мэтийг УОК-т хандивлаж байв.

“Асралын аян” 2 аяны хүрээнд 2020 онд Улаанбаатар хотын дүүргүүдэд хөл хорионд байж хоол хүнсний дутагдалд орсон 300 гаран айл өрхүүдээр хүнсний зүйлс тарааж УОК-т бэлэн мөнгө, маск бээлий зэрэг эд зүйлсийг хандивлаж байв.

“Асралын аян” 3 аяны хүрээнд 2021 онд эрүүл мэндийн байгууллагуудад нэн чухал яаралтай байгаа 21.5 сая төгрөгийн өртөгтэй тоног төхөөрөмжүүдийг Улаанбаатар хотын дүүргүүдийн 11 эмнэлэг буюу ЭХЭМҮТ, БГД-ийн хүүхдийн эмнэлэг, СХД-ийн хүүхдийн эмнэлэг, Түлэнхийн төв, УГТЭ, УНТЭ, ЧД-ийн эмнэлэг, Өргөө амаржих, Амгалан амаржих, Хүрээ амаржих, Багануур дүүргийн эмнэлэгүүдэд хандивлажээ.

Тэгвэл “Асралын аян” 4 хүмүүнлэгийн үйл ажиллагааны хүрээнд өнөөдөр 11 цагт Баянгол Дүүргийн Тохижилт Үйлчилгээний ажилчдад хоол хүнсний зүйл, дулаан бээлий, зарим ажилчдад эмчилгээний төлбөр хандивлах үйл ажиллагаа 25-р эмийн сангаас хороолол өгсөх замд байдаг Чингүнжавын хөшөөний урд талбайд болно.

Бүх нийтийн амралтын өдөр тул төлөөлөл болгоод 20 ажилчдад энэхүү тусламжийн дээжийг гардуулахаар төлөвлөжээ

Categories
мэдээ эдийн-засаг

Нүүрсний экспорт 30 сая тоннд хүрчээ DNN.mn

Монголоос нийлүүлж буй коксжих нүүрсний үнэ өсчээ | News.MN

Арванхоёрдугаар сарын 16-22-ны өдрүүдэд 7,775 автомашин, 1,646 чингэлэг нийт 1,011.5 мян.тн нүүрс экспортод гарсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 6 дахин өссөн үзүүлэлт аж.

Оны эхнээс 30,295.5 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 90 хувиар өсжээ.

Энэ хугацаанд 481 автомашин, 320 чингэлэг буюу оны эхнээс 1,409.6 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 11.3 хувийн өсөлттэй байна.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 10 автомашин, 919 чингэлэг буюу оны эхнээс нийт 4,607.2 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 35 хувиар буурчээ.

Төв банк оны эхнээс энэ сарын 22-ны өдрийн байдлаар 22.50 тонн алт худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 9.4 хувиар өссөн үзүүлэлт юм.

Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 108 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 168.3%, зэсийн баяжмал 116.2%, төмөр 91.1%, алт 112.5%, газрын тос 73.5%, цайр 137.6%, хайлуур жонш 55.9% тус тус байна.

Categories
мэдээ цаг-үе

Хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь DNN.mn

Хэрхэн ажлаа төлөвлөх вэ? – Site Title

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 111 жилийн ойн өдөр маргааш тохионо. Энэ өдөр бүх нийтээрээ амарна.

Монгол Улсын бүх нийтээр амрах баярын өдрүүдэд хилийн боомтууд амрах хэлэлцээртэй байдаг. Маргааш агаарын замын болон Алтанбулаг, Сүхбаатар боомтууд ажиллана. Харин бусад боомтууд амрах хуваарьтай байна.

Монгол, Хятадын хилийн боомтууд 2023 оны нэгдүгээр сарын 1-нд амарна.

зураг

Categories
мэдээ үндэсний-бөx

Улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдааны хоёрын даваа үргэлжилж байна DNN.mn

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан 12:00 цагт Бөхийн өргөөнд эхэлсэн.

Барилдаанд:

  • Улсын аварга П.Бүрэнтөгс
  • Улсын аварга О.Хангай
  • Улсын арслан Б.Орхонбаяр
  • Улсын арслан Р.Пүрэвдагва
  • Улсын заан Б.Пүрэвсайхан
  • Улсын заан З.Анар
  • Улсын заан Б.Бат-Өлгий
  • Улсын заан Б.Серик
  • Улсын заан А.Цацабшир нарын улсын аваргаас аймгийн заан цолтой 128 бөх хүч үзэж байгаа юм.

Яг одоо бөхийн барилдааны хоёрын даваа үргэлжилж байна.