Монгол Улсын гавьяат жүжигчин, доктор Ч.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Ярилцлагаа тун удахгүй болох таны “Best hits” бие даасан тоглолтоос нь эхэлье. Тоглолтынхоо талаар дэлгэрүүлээч?
-Би 2013 онд Ирландаас ирснийхээ дараа “Монголын тухай” нэртэй тоглолтоо хийснээс хойш арав гаруй жил өнгөрсөн байна. Төрийн албанаасаа хөндийрөөд хоёр жил орчим болж. 2002 онд СУИС-ийг төгсөөд өнөөдөр 20 жил болсон байна. Тиймээс энэ хугацаа дахиж эргэж ирэхгүй учраас он гарахаас өмнө намайг сонсож мэдэрдэг, 2000 оноос хойш надтай хамтдаа байсан үзэгчидтэйгээ сайхан дуулж, баяр тэмдэглэж жаргаж нэг үдшийг өнгөрөөе гэж бодсон юм. Шинэ жилийн баяр гэхээр л монголчууд их өргөн тэмдэглэж такс төлж ширээний ард 10-20-иулаа суудаг нь үрэлгэн зардал гаргаж буй мэт харагддаг. Тиймээс үүнийг олноороо хамтдаа гоё, сайхан байдаг баяр болгох боломж байгаа юу гэдгийг харах гэж хичээсэн.
Түүхэндээ өмнө нь арванхоёрдугаар сарын 10-наас хойш, шинэ жилийн үеэр томоохон тоглолт, концерт болж байсан нь ховор юм байна. Шинэ жилийн хүлээн авалтын хамгийн хямд цэс нь 150 мянга орчим төгрөг байна. Нэг хүний гаргах зардал үүгээр зогсохгүй бөгөөд үс засалт, нүүр будалт, даашинз болон бусад такси унааны зардал зэрэгт хамгийн багадаа хагас сая орчим төгрөг зарцуулагдана. Ийм өндөр зардлаар нөгөө л хэвшмэл, хамтдаа ширээ тойрч суугаад баяр тэмдэглэдгийг өөрөөр тэмдэглэх боломж байгаа гэдгийг өөрийнхөө үе тэнгийн болон уран бүтээлч дүү нартаа харуулж зам мөр гаргаж байна. Ингээд “Best Hits” гээд өөрийн бүх шилдэг дуу, уран бүтээлүүдээ толилуулж, өөрийнхөө өнгөрсөн, одоо, ирээдүйг юу гэж бодож буй гэдгээ харуулж нэг оройг мартагдашгүй өнгөрөөе гэж бодож байна даа.
-Сүүлд 2013 онд арав гаруй жилийн өмнө өөрийн бие даасан тоглолтоо хийж байсан шүү дээ. Хамгийн анх өөрийн бие даасан тоглолтоо хийж байсан үеэ дурсахгүй юу?
-Хамгийн анх 2003 онд “Хонхны нулимс” тоглолтоо хийж байсан. Яг үнэндээ дуулж, тайзан дээр байж, үзэгчидтэйгээ хамт, тэдний алга ташилтыг мэдрэх, чин сэтгэлээсээ хамтдаа дуулах зэрэг нь жаргалтай мөч. Дуу хуур, үзэгч түмэн миний хамгийн сайн анд найз. Энэхүү тоглолт нь найм дахь томоохон тоглолт юм. Тоглолтын ард нэлээдгүй том баг буюу 200 гаруй хүн ажиллаж байна. Энэ бүх хүн миний төлөө цаг зав, сэтгэл зүрх бүхий л зүйлсээ зориулан ажиллаж байгаа.
-Та МУГЖ Г.Эрдэнэбаттай хамтарсан тоглолт хийж, дуунуудаа сольж дуулж байсан тухайгаа ярихгүй юу?
-Тийм, уран бүтээлээ тэгж сольж дуулах нь их чухал санагддаг. Уран бүтээлүүд хэн нэгэнтэй дуусах ёсгүй. Дараа, дараагийнх нь үе аваад залгамжилж явах нь их чухал. Тухайн үед, МУГЖ Г.Эрдэнэбат АНУ-аас ирээд төрийн албанд ажиллаж байсан. Миний хамгийн хайртай хүмүүсийн нэг бол МУГЖ Эрдэнэбат. Би хаана ч энэ хүнийг даган дуурайж, тэлээний түдүүлээс нь зүүгдэж явж байж хүний дайтай болсон гэж хэлдэг. Багш маань гэж хэлэхэд болно. Оюутан байхдаа намайг дэмнэж, хөтөлж, надад зааж зөвлөөч ээ гэж хадаг барин очиж уулзаж байсан. Тэгээд анхны дуугаа авч хамтран ажилласан. Магадгүй өдөр тутамдаа төрөл бүрийн зүйлс зааж зөвлөнө гэхээс илүүтэй тэр хүнийг дагаад харж, суралцаж явах нь маш том үлгэр дуурайлал, боломжуудыг өгч, нүдийг маань нээж өгсөн гэж боддог. Ахыгаа төрийн алба хашиж байхад нь тоглолтоо зохион байгуулж, амралтыг нь авахуулж орон нутгаар тойрч, Европоор ч аялан тоглолт хийсэн.
-Та Ирландад манлайллын чиглэлээр сурч байсан гэсэн үү?
-Тийм. Соёл урлагийн салбарын манлайлал чиглэлээр сурсан. Би 2010 онд Удирдлагын академид магистрын зэргээ хамгаалсны дараагаар, докторын зэрэгт элссэн. Монголын соёл урлагийн салбарын төлөө яг юу хийж болох юм бэ гэдгийг харахыг хичээсэн. Дуулж явж болох ч өөрийгөө сорьж, хөгжүүлж, өөр өнцгөөс харах, Монголын соёл урлагийн салбарт бидний хийж буй зүйл үнэн үү, худлаа юу, зөв үү, буруу юу, юуг нь чадаж, чадахгүй байгаа гэдгийг гаднаас нь харвал илүү бодитой харагдах юм шиг санагдаж гурав, дөрвөн улсаас сонгож байгаад Ирландыг сонгосон. Ирланд бол соёл урлагийн салбарын бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлээр дэлхийд нэг номерт орохоор улс. Эрдэмтэд, судлаачид нь ч их мундаг хүмүүс байдаг. Тэнд очоод өөрийгөө хэн бэ, ирээдүйд маргааш юу хийх ёстой вэ гэдгийг ч ойлгосон. Магадгүй ирээд төрийн алба хашиж, төрийн үйлчилгээний байгууллага буюу СУИС-ийн соёлын сургуулийн захирал, бүжгийн сургуулийн захирал, Нийслэлийн соёл урлагийн газрын даргаар ажиллаж байх хугацаандаа төр түмний төлөө, соёл урлагийн салбарын төлөө өөрийнхөө чадах зүйлсийг л зориулж хийж явж ирсэн. Тэгэхэд миний үзэж харж, мэдэж сурсан зүйлс ажилд маань тус дэм болж байсан гэж ойлгож болно. Судалсан, мэдсэн зүйлсээрээ сая 2021 оны арванхоёрдугаар сард “Соёл урлагийн байгууллагын шинэчлэлийн судалгаа” сэдвээр докторын зэргээ хамгаалсан. Нэлээдгүй судалгаа хийсэн, үр дүнтэй ажил болсон гэж ойлгож байгаа.
-“Хонхны нулимс” дуугаараа нийтийн дууны ертөнцөд цахиур хагалан гарч ирж байсан шүү дээ. Энэхүү дууны дурсамжаасаа хуваалцаач?
-Энэ дуу анх сургуулийн найрал дуу байсан. Бид соёлын сургуульд ч байхдаа дуулдаг байсан. Б.Бямбабаяр багшаасаа энэ дууг авч, хүмүүсийн сэтгэл зүрхэнд байдаг нандин дурсамжуудын нэг бол хонхны баяр байдаг, тэгээд дуулмаар санагдаж дуулж байсан. Тухайн үед тийм айхавтар мундаг дуу болно гэж бодоогүй. “Хонхны нулимс” дуундаа хамгийн их хайртай. “Төмөр уйлуулдаг хүү” гэдэг хочтой болоод явтал өнөөдрийг хүртэл надтай хамтдаа явж байгаа нь гайхамшигтай. Энэ аялгуу, дууг бүтээсэн миний багш Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр гэж маш их авьяастай хүн байдаг. Яруу найрагч нь Цэнхэрмандал сумын харьяат, одоогоор малын эмч хийдэг Мөнхбат гэж хүн ХААИС-ийн оюутан байхдаа зохиосон шүлэг. Төгсөлтийн баяр дээр нь Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Төмөрхуяг гуай анх дуулж байсан түүхтэй. Одоо бол энэ дуутай амьдрал ахуй, бүх зүйлс нь холбоотой байна. “Хонхны нулимс” дууг дуу л гэж хардаг болохоос цаанаа олон зүйлсийг агуулж байдаг юм байна.
-Нийслэлийн соёл, урлагийн газрын даргаар ажиллаж байх үедээ ямар ямар ажлуудыг хийж гүйцэтгэсэн бэ?
-Би Нийслэлийн соёл, урлагийн газрын даргаар нийтдээ нэг жил найман сар ажилласан. Мэдээж төрийн захиргааны байгууллагын хувьд дотор нь ороод хийх зүйлс нэлээдгүй байсан. Ажиллаж байх үедээ хамт олонтой нь гар нийлэн ажилласан. Төрийн ажлыг өөрийнхөө байх хугацаандаа болохгүй, бүтэхгүй зүйлсийг нэг алхам ч гэсэн урагшлуулж хийх юмсан даа гэж зорьж ажилласан. Өөрийгөө санаачилгатай, сайн ажилласан гэж боддог. Хэд хэдэн төсөл, хөтөлбөрүүдийг санаачилж, хэрэгжүүлж ажилласны үр нөлөө нь ч гарсан гэж бодож байна. “Хотын соёл” аяныг Хот соёлтой бол гоё” уриатайгаар эхлүүлсэн. Энэ аян зөвхөн нийслэл хот гэлтгүй Монгол орон даяар өрнөх ёстой юм байна гэж бүх үйл ажиллагааг хийсэн. Тэр үед судалгаа хийж, судалгаан дээрээ дүгнэлт хийж, болж бүтэж буй зүйлсээ дэмжиж, сайжруулж жилийн аян өрнүүлсэн. Үүний хүрээнд нийслэл Улаанбаатар хотод хүмүүс явган хүний гарцаар гардаг, бие биенээ хүндэтгэдэг болсон байх. Мөн “Соёлын цаг” гэж аян эхлүүлсэн. Соёлын яамтай хамтран, дүүргүүдийн томоохон талбайнуудад аяныг зохион байгуулсан. Энэ нь маш их үр нөлөөгөө өгсөн, судалгаагаар гэмт хэргийн тоо буурсан гэж гарч ирсэн. Үүний дараагаар ажлаа өгсөн ч үргэлжилж явж байгаа байх. Ямар хэмжээнд ажиллаж, ямар түвшинд байсныг тэнд буй хүмүүсээс асуувал дээр байх. Би өөрийнхөө санаж бодож буй зүйлсийн захаас нь хэлж байна. Төрийн ажлыг ганц хоёрхон ажлаар дүгнэж харж буй мэт боловч өдөр тутамдаа төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг байгууллагын хувьд бичиг цааснаас эхлүүлээд цэгцлэх зүйлс их байсан. Докторын зэргээ хамгаалах гэж байхад энд нэг жил найман сарын хугацаанд ажиллахдаа юу хийсэн бэ гээд эргээд харахад чамгүй ажлыг амжуулж дээ. Төрийн захиргааны байгууллагад ажиллаад, хийж бодсон зүйлс маань болж дээ гэж өөртөө их баяртай байдаг. Гайгүй л ажиллаж, чамгүй ажлыг амжуулжээ гэж хардаг.
-Та өөрийн үеийн дуучид болох С.Жавхлан, Т.Баясгалан нарын талаар яриач?
-Манай үеийнхэн бол Монголын дууны урлагийн салбарт нэгэн үеийн түүхийн гэрч юм. Биднийг 2000 оны эхнээс өнөөдрийг хүртэл түүхээс авчихвал бүхэл бүтэн түүх хов хоосон болж хоосорно. Тийм учраас гарцаагүй маш том түүхийн гэрч. Найзуудаараа бүгдээр нь их бахархдаг. Бидний хооронд цагаахан өрсөлдөөнүүд байсан ч энэ өрсөлдөөн биднийг их хөглөж байсан. Өнөөдөртэй харьцуулж харахад бид маш сайн ажилладаг байж. Дуу, уран бүтээлийн төлөө өдөр шөнөгүй л ажилладаг байж. Бүгдээрээ нэг нэгнийгээ хөглөсөн өнөөдөр нэг нь дуу гаргахад, маргааш нэг нь уран бүтээл гаргах жишээтэй. Энэ цагаан өрсөлдөөн биднийг маш хол явуулсан гэж хардаг даа.
-Тоглолтын бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байна вэ?
-Тоглолт маань тун удахгүй арванхоёрдугаар сарын 21-ний өдөр 19:00 цагаас “UB Palace”–д тоглогдох гэж байна. Намайг үзэхийг хүсэж буй өмнө хэлсэнчлэн цөөхөн ажилчинтай хамт олон бол надтай хамтдаа шинэ жилийн баяраа тэмдэглэвэл илүү гоё байна гэж харж байгаа. Мэдээж тоглолтод үзэгчдийг ороход төрөл бүрийн бэлэг барихаар хичээж, хамтарч ажиллаж буй байгууллага хүмүүс энэ тал дээр ажиллаж байна. Өнөөдрийн тоглолтыг бүтээхийн төлөө ажиллаж, миний төлөө сэтгэл зүрхээ зориулж байдаг бүх хүмүүс, үзэгчдэдээ чин сэтгэлээсээ баярлаж буйгаа илэрхийлье. Миний тоглолтыг дэмжиж, хамт байгаа хүмүүст баярлалаа. Та бүхнийг өөрийн тоглолтдоо урьж байна. Тоглолтын бэлтгэл ажил ер нь сайн хангагдаж байна. Тасалбар хүргэлтээр зарагдаж, сошиалаар бүх мэдээ, мэдээлэл хүмүүст хүрдэг амар болсон байна. Одоо өөрийн сайн дуулах зэрэгтээ анхаарч байгаа. Ямар ч байсан үзэгчидтэйгээ халуун дотно дуулсан сайхан тоглолт болно гэж бодож байна.