Дэд бүтцийн сайд асан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Хөдөлмөрийн баатар Б.Жигжидтэй ярилцлаа.
түрүүч нь 2022.12.11-нд
М.Энхсайхан сайдын үед та НААҮ-ний газрын даргаар очсон байдаг. Тэр үед юу болсон юм бэ?
-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг НААҮ-ний газрын даргаар ажиллах хүн хэрэгтэй гэхэд нь манай намын нөхөд намайг санал болгож л дээ. Тэгсэн Ерөнхий сайд их дургүй, хүлээж аваагүй юм билээ. “Тэр чинь улаан коммунист нөхөр” гэж халгаасан байдаг. Удалгүй Засгийн газар хуралдаад намайг дуудаж, шууд л томилсон. Надаас ч асуугаагүй. 2000 оны УИХ-ын сонгууль болтол тэндээ ажилласан. Манай нам тухайн жил олонхын суудал авч, Засгийн газраа байгуулсан. Тэр үед Н.Энхбаяр Ерөнхий сайд болж, өмнө нэг нь Соёлын сайд, нэг нь Түлш, эрчим хүчний сайдаар П.Жасрай гуайн Засгийн газарт ажиллаж явсан хоёр. Н.Энхбаяр намайг бодвол ардчилсан үзэлтэй, барууны оронд боловсрол эзэмшсэн хүн л дээ. Ингээд 2000 онд Н.Энхбаярын Засгийн газар байгуулагдахаар бужигнаж, намайг дуудлаа. “За Жийгээ сайд аа, би Засгийн газартаа таныг авч ажиллуулна. Түлш, эрчим хүчний салбарыг танаас салгахгүй” гэдэг юм байна. Би ч өмнө нь энэ салбартаа ажиллаж байсан хүн татгалзсангүй. Ингээд шинэ Засгийн газар өргөн бүрэлдэхүүнтэй байгуулагдав. Тэгсэн таван яамны бүтцийг нэгтгэж, Дэд бүтцийн яам болгоод намайг сайдаар томилсон. Холбоо мэдээлэл, зам тээвэр, барилга, нийтийн аж ахуй, эрчим хүч гээд бүгдийг нь манай яам хариуцах болов. Манай яам 13 агентлагтай ИНЕГ, Төмөр зам гээд бүх томоохон салбарыг хамарсан. Тэгээд ч болоогүй Монгол Улс-ОХУ-ын, Монгол Улс-БНХАУ-ын Засгийн газар хоорондын комиссын даргаар давхар томилчихлоо. Энэ их үүрэг хариуцлагыг яаж дааж явна даа гэсэн бодол л тээж явлаа.
МЯНГАНЫ ЗАмБА МЯНГУУЖИНГИЙН ҮЛГЭР
-“Мянганы зам”-ын төсөл таныг сайд байх үед эхэлсэн байдаг шүү дээ. Товчхон ярьж өгөөч?
-2000 онд тухайн үеийн Монгол ардын хувьсгалт нам парламентын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, Засгийн газраа байгуулсан. УИХ-ын даргаар сонгогдсон Л.Энэбиш над руу утас цохилоо. “Уулзаж ярилцмаар байна” гэсэн. Бидний хооронд өрнөсөн яриаг товчхон яривал, “Хот, нийтийн аж ахуй, инженерийн хангамж, зам харгуй, тээвэр, туувар гээд бүхий л салбарт хоёулаа сайн муу, сайхан муухайгаа хэлэлцэн хамтран ажиллалаа. Энэ салбаруудад юу хэрэгтэйг чи бид хоёр сайн мэднэ. Тиймээс улс орон, ард түмэнд хэрэгтэй эдийн засгийн чухал ач холбогдолтой томоохон зүйлийг эхлүүлж хэрэгжүүлмээр байна” хэмээн удаан ярилцаж суусан юм. Бидний ярианы төгсгөлд “Мянганы зам” хэмээх санаанд багтамгүй, нүсэр төслийн зураглал орж ирж, бараг хийчихсэн юм шиг л сэтгэл хөдлөн, Л.Энэбиш маань надад яаралтай төсөл, тооцоо хийх, удирдлага зохион байгуулалтын арга хэмжээг төлөвлөх даалгавар өгөв. За тэгээд тухайн үед “Мянганы зам ба Мянгуужингийн үлгэр” гэх мэтээр маш их дайралтууд ирсэн.
Хамгийн гомдмоор нь Г.Батхүү гишүүний хэлсэн үг их хүнд туслаа. Нэг өдөр Г.Батхүүтэй тааралдаад “Очиж очиж чи тэгж хэлэхээр улс амьтан тэгж ойлгох нь аргагүй шүү дээ. Чамайг арай ч тэгнэ гэж бодсонгүй” гэтэл Батхүү харин “Улс төр гэдэг их муухай юм аа. Та л тэгж хэл, таны үг л жинтэй тусна гэж хүмүүс, нам шахсаар байгаад шахаанд ороод тэгж хэлсэн шүү” гэж байгаа юм. Батхүү өөрөө авто замын инженер хүн. Намынхаа нөхдийн шахаагаар, аргагүйн эрхэнд тэгж яриа энэ тэр өгсөн юм билээ. Мөнгө төгрөггүй, зовлон зүдгүүртэй байлаа ч гэсэн “Мянганы зам”-аа эхлүүлсэн. Анх Улсын үндэсний хороо байгууллаа. Үндэсний хорооны даргаар нь ажиллаад, зураг төслийг гаргах гэх мэт ажилд гар бие оролцлоо. Монгол Улсын таван босоо тэнхлэг, нэг том хэвтээ тэнхлэгийг бариулах болов. Мөнгө нь байхгүй. Хаанаас мөнгө олох вэ энэ маш чухал.
-Тэгээд яаж мөнгө олсон юм бэ?
-Миний дотроо үнэлж, бодож явдаг ганц зүйл улс орны хөгжлийн үндэс нь стратегийнх нь салбар юм. Зам тээвэр, холбоо мэдээлэл, барилга байгуулалт гэх мэт юм. Төсөлд мөнгө байхгүй УИХ баталж өгдөггүй, Энэтхэгээс буцалтгүй тусламж гуйж байсан зэрэг янз янзын арга хайж эрсээр яваад бүтээсэн. Дэлхийн бүх улсаас гуйсан. Гуйгаагүй улс байхгүй. Энэ том төсөл хамгийн сүүлд Завхан аймгийг түрүү жил холбоод дууслаа. Зам дагаад олон сум, суурин байгуулагдлаа.
Замыг 50-100 км зайд байхад тэрхүү замын ашгийг хүртдэг гэж ярьдаг. Замаа дагаж хөгжил яригдана. Наад зах нь хоолны газар байгуулагдана шүү дээ. Эрчим хүчний нэгдсэн систем болоод энэхүү ажлыг эхлүүлэхэд намайг маш их шүүмжилсэн. Монгол Улсын бүх аймаг сумыг өндөр хүчдэлийн шугам татаад, шугамын алдагдал, аваар болно гэх мэт сонин хэвлэлээр тухайн үеийн сайд нь хүртэл шүүмжилж байлаа. Би зүтгэсэн. Дөрөвхөн аймгийн төв л түүвэрлэгдсэн системд холбогдсон. 200-гаад сум нь дизель станцтай. 17 аймгийн төв дизель станцаар халдаг. Дизель түлш байхгүй, хүчирхэгдэхгүй үнэтэй. Тэгээд л бодлоо. Монгол нүүрс ихтэй. Нүүрсээрээ хэдэн төв станцуудаа халаая. Энэ шугамуудаараа бүгдэд нь тог хүргэе гэж зүтгэсээр бүх сум суурин, аймгийн төвийг төвийн эрчим хүчний нэгдсэн системд холбосон. Баруун таван аймгийг хэлж болохгүй. Оросоос цахилгаанаа авдаг. Хэрвээ энэ зүйлд хүрээгүй байсан бол одоо бодоход тухайн үед 1л дизель ханш нь 2000 төгрөг байсан. Ингээд бодоход нэг жилд 300 тэрбум төгрөг дизель түлшид зарцуулна. Хэрэв хуучнаараа байсан бол шүү дээ. Одоо тэгтэл яах вэ хоёр дахин өсөх нь байна шүү дээ. Харин нүүрсээр явбал жилд зургаан тэрбум төгрөгөөр нүүрсээ худалдаж аваад, цахилгаанаа гаргачихна. Бараг 60-70 дахин бага зардал шүү дээ. Энэ бол Монголын үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Стратегийн чухал ач холбогдолтой асуудлыг бүрэн шийдсэн гэж би боддог.
-Усан онгоцон дээр Монголын төрийн далбааг мандуулаад мөнгө авдаг гэсэн дээ. Тэр ямар учиртай юм бэ?
-Манай Монголын засаг төр түүнийг социализмын үеэс 60-70 жил мөрөөдөж ирсэн. Гадаад далай гэдэг зүйлд оролцох юмсан гэж. Яагаад гэвэл бид далайд гарцгүй. Далайд гарцтай улсууд бол өөрсдийнх нь ойролцоо хэсэг тухайн улсынх нь давуу эрхэд байдаг. Том далайд цаашлах тусмаа дэлхийн ямар ч улс тэнд үйл ажиллагаа явуулж болно. Тэгээд би бодсон юм. Далайн баялаг маш арвин шүү дээ. Далайгаас нефть, хий, загас, жараахай гээд яриад байх юу байх вэ. Дор нь байдаг шүр сувд, алт тэрэнд нь бид хүрч чадахгүй л байх. Гэхдээ далай дээгүүр хөвж яваа улс орнуудын онгоцыг бүртгэлийн компани байгуулж, мөнгөөр бүртгэн эрх олгодог юм. Тэр далай дээгүүр хөвөх эрхээ авна гэсэн үг. Түүнд далайд гарцгүй орнууд давуу эрхтэй байдаг. Үүнийг нь би бодож байгаад Монголын далбаатай онгоц далайд гаргая, бүртгэлийн компани байгуулъя гэж шийдсэн. Тэрхүү компанийг байгуулахын тулд 100 гаруй конвенцид нэгдэж орно. Маш их ажил болсон. Тэр олон конвенцийг УИХ-аар оруулж, хууль батлуулж гаргуулна. Дэлхийн далайн байгууллагаас зөвшөөрөл авна. Хаана байгуулахаа батлуулна. Тэгж үзсээр байгаад л ямар ч байсан байгуулаад Италийн эрэг дээр нэг газар байгуулна гэсэн нь бидэнтэй хийсэн гэрээгээр ашиггүй байсан. Тэгээд Сингапурын эрэг дээр бид хамтарсан компани байгуулаад, манайхаас 30 хувийн оролцоотой. Тэр нь ерөөсөө л энэхүү эрхийг авсны оролцоо. Бид ямар ч мөнгө өгөөгүй. Явсаар байгаад манай бүртгэлийн компанийн онгоцнууд сүүлдээ 400 гаруй болсон. Манай зөвшөөрлийг авсан гэсэн үг. Үүнд нь бас Далайн захиргаа гэж байгуулдаг. Тэгтэл манайхны нөгөө л нэг тамын тогоо. Далайн захиргааг хотдоо байгуулна. Хотын захиргаан дээр манайх авна гэнэ. Тэгсэн нөгөө талаас нь “Өө тэр бүртгэл энэ тэр хийдэг юмыг чинь Хөдөө аж ахуйн яам манайх авна” гээд булаацалдаад хэрэлдээд салдаггүй.
-Түүнийг нь тэгээд Монголд байгуулж болох эд үү?
-Ерөөсөө тэр Далайн захиргааг тухайн эрх олгож байгаа улсынх нь нийслэлд байгуулдаг. Далайн захиргаа нь бүх бодлогыг явуулдаг. Тэгээд л яах вэ дээ. Тэдэнтэйгээ үзэж тараад, тухайн үедээ Дэд бүтцийн яам хариуцах нь зөв гэж УИХ, Засгийн газраар шийдвэрлэж байсан. Одоо бол Зам, тээвэр хөгжлийн яамны харьяанд байдаг. Тэр зөв. Ингэж байгуулснаар бид нэг жилд 1 сая гаруй ам.долларын орлого төсөвт оруулдаг. Түүнээсээ Далайн захиргаагаа санхүүжүүлдэг. Ингээд далай гэдэг зүйл дээр монголчууд гараад ирсэн. Түүнд нь ямар намайг шүүмжлэх хүн мундах биш. Хар тамхи ачаад баригдана. Зэвсэг буу тээнэ л гэнэ. Тэр бүхнийг гэрээгээрээ заагаад өгчихсөн. Монголын далбаатай онгоцоор хууль бус тээвэр хийвэл тухайн усан онгоцны компани өөрөө хариуцлага хүлээнэ. Бүртгэлээ л зөв хийгээд өгчихвөл тэгээд л боллоо. Яагаад манайхаар тухайн усан тээврийн компаниуд илүү бүртгэл хийлгээд байна гэвэл Далайд гарцгүй орнуудын конвенц байдаг. Арай илүү хөнгөлөлттэй ханддаг. Үүнээс цаашид үүссэн миний зорилго далайн мэргэжилтэн бэлтгэх. Боловсролын чиглэлээр далайн мэргэжилтэн бэлтгэх асуудал гадаадын их сургуулиудаар явж байгаа юм байна лээ. Би түүнд их баярлаад байгаа. Одоо далай дээр өөрийн гэсэн онгоцтой болмоор байна. Агаараар Монголын авиа компаниуд нисээд болоод байхад далайгаар адилхан хөвье л дөө. Болохгүй юу байна. Эсвэл тэнд нь манай геологийнхон хайгуул хийе. Өрөмдлөг юмаа гадаадынхантай нийлээд хийе. Нефть олборлоё гэх мэтээр далайд хийх зүйл их байна шүү дээ. Энэ бол их ирээдүйтэй эд. Харамсалтай нь үүн дээр ажиллаад байгаа зүйл алга л байна даа.
БУРХНЫ АВРАЛААР БАРИГДСАН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ
-Тайшир болон Дөргөний усан цахилгаан станцыг та бас бариулсан шүү дээ?
-Тэр хоёр станцыг бариулах гэж би шар махтайгаа хатсан. Ард түмэн эсэргүүцээд болдоггүй. Усны станц дээр энэ өндөр даланг барихаар үерээс хамгаална шүү дээ. Усны их үер орж ирэхээр дээд нуурандаа шингээгээд авчихдаг. Тэгээд тэр нь гарахдаа эрчим хүч үйлдвэрлэдэг. Би ч зүтгэн зүтгэн барьсан. Гэтэл одоо бурхны авралаар бид бүхэн ийм сайхан цахилгаан гаргуулж байна. Энэ сайхан гол маань бид бүхнийг тэжээж байна гэх мэтээр ярьж байна. Хэрэв бид энэ хоёр станцаа төвийн эрчим хүчнээс гаргаж байсан бол жилд 50 мянган тонн нүүрс шатаах байсан. Гэтэл тэр цахилгааныг одоо зүгээр ус үйлдвэрлээд байна шүү дээ.
-Одоо Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц гээд өчнөөн л жил ярилаа. Энэ хэрвээ баригдвал эдийн засгийн ямар үр өгөөжтэй вэ?
-Эрдэнэбүрэнгийн станцыг бариулах гэж би зөндөө явж байна. 1991 оноос хойш юм уу даа.
-Одоог хүртэл яагаад баригдахгүй байгаа юм бэ?
-Нөгөө л мөнгө нь байхгүй. Засаг төр солигдохоор унагачихна. Сэлэнгэ мөрнөөс Байгал нуур усныхаа 50 хувийг авдаг. Манай улс Орост цахилгаан боловсруулаад явж байна. Тэгээд тэд мөнгийг нь авдаг биз дээ. Бид Оросоос эрчим хүч худалдаж авдаг. Монгол Улс чинь эзгүй газар. Бүр огт эзгүй шүү. Энэ эзгүй газар дээр бид цахилгаан худалдаж аваад сууж байна. Хэдэн станцуудаа сая миний ярьдаг зовлонгоос болоод барьж чаддаггүй. Хамгийн наад зах нь Эрдэнэбүрэнг барьчихвал шинэ хойд станц маш их ашигтай. Гол нь далан барихад л хамгийн их зардал гарна. Нэг л барьчих юм бол үнэгүй цахилгаан өгөөд л байна шүү дээ. 15, 20 жилийн дараа улсад шилжүүлээд өгчихнө л биз дээ. Байгаль өөрөө цахилгаан үйлдвэрлээд өгч байна. Миний маш их харамсаж явдаг нэг зүйл байдаг юм. Эгийн голын усан цахилгаан станцыг барих гээд 1994 онд манай Засгийн газрын Ерөнхий сайд Малайзад айлчлаад хөнгөлөлттэй зээлийг зөвшөөрүүлсэн. Төслийн мөнгө нь шийдэгдчихсэн, 1999 онд ашиглалтад орох байв. Энэ төслийг 1996 онд М.Энхсайхан тэргүүтэй Засгийн газар гарч ирээд унагаачихсан. Яг барих гээд хүмүүсээ хуваарилчихсан, зураг төсөл нь батлагдчихсан төслийг болиулаад, Монголын эрчим хүчний стратегийн том салбарыг түйвээсэн гэж хэлэхэд болно доо. Одоо Хятадаас зээл аваад барья гэхээр Орос улс Байгал нуурын экологид нөлөөлнө гэдэг. Энэ даанч харамсалтай зүйл.
-Харилцаа холбооны салбарт хийсэн өөрчлөлтөөсөө ярих нь зүйтэй байх?
-Харилцаа холбоо гэдэг өнөө үед улс орны хөгжлийн суурь болчихлоо. Бидний үед тог тасарлаа гэхэд нэг их гайхдаггүй байсан бол одоо тоггүй бол амьдралгүйтэй адил болчихлоо. Тэгэхээр холбоо мэдээлэл гэдэг улс орны аюулгүй байдлын баталгаа яах аргагүй мөн болж таарч байгаа биз. 2003-2004 онд сайдаар ажиллаж байх үедээ “Холбоо мэдээллийн дунд хугацааны стратеги”-ийг хэрэгжүүлсэн. 21 аймаг 330 суманд бүгдэд нь шилэн кабель татсан. Өнгөрсөн долдугаар сард хамгийн сүүлчийн сумаа холбоод дууссан байх. Ганц зээл тусламж гуйгаагүй төсөл энэ байх. Үүрэн телефоны үндэсний операторууд, хувийн хэвшлийнхэндээ энэхүү ажлыг дуусгах боломжийг олгосон. Монгол Улс дэлхийн өнцөг булан бүрт суугаа хүмүүстэй ярьж болж байна. Ийм зүйлд бид хүргэж чадсан. Цаашдаа хиймэл дагуулаа хөөргөөд, оруулчихвал гэрэлт ирээдүй харагдаж байна. Өөрсдийн гэсэн хиймэл дагуулаа хөөргөчих юм бол улсынхаа эгц дээрээс сансраас бид бүх л сувгийг хүлээн авах боломжтой болно.
-Нарны зайн төхөөрөмжийн төслийг бас та санаачилсан байх аа?
-“100 мянган нарны гэр” гэж төслийг санаачилсан. Би 1992 онд Японд айлчиллаа. Токиод Элчин сайдтай уулзахаар явж байтал нэг их урт оочер яваад байна. Капиталистууд оочер гэж мэддэггүй гээд байдаг ямар сонин юм гээд гайхаад, Гадаад яамны дагалдаж явсан япон хүнээс асуулаа “Манай Токиод “40 мянган нарны дээвэр” гэдэг төсөл хэрэгжиж байгаа. Айлын дээвэр дээр нарны зай хураагуур байрлуулаад, тухайн айл 50 хувийн хэмнэлттэй эрчим хүчинд холбогдох учир үүнд оочерлож байгаа юм” гэнэ. Тэр айлууд хямд цахилгаан хэрэглэмээр байна шүү дээ. Энэ хэрэгцээг нь Засгийн газар нь олж харсан байна шүү дээ. Гэтэл “ХХ зуунд Монголын малчин, тариачин 400 мянган айл өрх харанхуй байна шүү дээ” гэж эргэн иртлээ бодсон. Зэрлэг омгийн ширэнгэд амьдардаг улс шиг 100 км явж сумын төв орж байж хот руу утсаар ярина, захиагаа хоёр сар зөөнө гэдэг өнөө үед байж болох асуудал уу. Тэгээд энэ төслийг 1993 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Нарны орчин үеийн батерей, дэлгэц, удирдлага худалдаж авахад ард түмэнд мөнгө байгаагүй. Тэгэхээр нь Япон-Хятадын буцалтгүй тусламжаар 70 хувийг нь гаргуулаад тавьж эхэлсэн дээ.
УЛС ТӨРД ДУРГҮЙ УЛСТӨРЧ ХҮН
-Та эрчим хүч, уул уурхай, харилцаа холбоо, усан хангамж гээд улсын бүх л чухал салбарын судсыг атгаж, хамгийн хэцүү үед нь өндийлгөж босгоод, асуудлаас гаргаад, үйл ажиллагааг нь жигдлээд хүлээлгээд өгсөн хүн. Гэтэл одоо “0” зогсолт хийнэ гээд байгааг юу гэж бодож явдаг вэ?
-Маш чухал асуудал. Миний хариуцаж байсан салбаруудаас хамгийн хүнд байдалтай байгаа нь эрчим хүчний салбар болоод байна. Би хийж байсан, эхлүүлсэн бүх зүйлээ сая ярилаа. Тийм ээ.
-Тэглээ.
-Таван толгой, Шивээ-Овоо, усан цахилгаан станц гээд явж байсан зүйлүүд минь ингээд өдийг хүртэл бүтсэнгүй. Бүтээсэнгүй. Энэ хооронд ганц ч цахилгаан станц нэмж барьсангүй. 1990 оноос хойш. Тухайн үед би Түлш эрчим хүчний яам хэдэн станцаа шинэчилж авч, сайжруулсны буянаар өдийг хүртэл явж байгаа юм. Эрчим хүч гэдэг хамгийн том буюу толгой станц дээр тэнд буй хамгийн том генератор (Дөрөвдүгээр цахилгаан станц дөрвөн генератортой) сүүлд тав дахиа тавьсан. Нэг нь 100 мегаваттын чадалтай. Нэг уурын генератор, нэг трубин генератор хоёр нь резевт байх ёстой. Одоо бүгд байхгүй. Тэнд нэг л тоног зогсвол системийн аваар болно. Хязгаарлалтууд эхэлнэ. Тэгээд л яах вэ дээ, манай салбарынхан чинь 20 гаруй жил зүтгээд л яваад байгаа. Тэгээд өнөөдөр юу болж байна хүчин чадал нь дутагдсан. Гаднаас хамааралтай. Хэдэн станц нь ямар ч нөөцгүй болчихсон. Үнийг нь барьчихсан. Хоёр том уурхайнхаа нүүрсний үнийг барьчихсан. Ингээд энэ салбар уналтын байдалд орчихсон. 400, 500 тэрбум төгрөгийн өртэй. Хаашаа ч хөдөлж чадахгүй. Засвараа хийж чадахгүй болсон.
-Энэ байдлаас яаж гарах вэ?
-Одоо бушуухан усан станцаа барь. Гадна, дотно хамаагүй хөрөнгө оруулалтаа босгоод цахилгаан станцаа барь. Таван толгойг барина гээд байгаа шүү дээ. Одоо эхлэх хэрэгтэй. Багануурт станц барина гэж байсан бас л ярьж байгаад больчихлоо. Бушуухан өөрийнхөө л юмыг барьж авах хэрэгтэй. Засагт мөнгө байхгүй, Олон улсын валютын сан зөвшөөрдөггүй юм бол хувийн компаниуд барья гээд байна шүү дээ. 25 жил болгоод буцаагаад өгье. Бариад өгье гээд байна шүү дээ. Бариулаач. Түүнийг нь зөвшөөрч өгөхгүй байна. Харин одоо энд зориуд цохон тэмдэглэхэд энэ парламент, энэ Засгийн газар урьд хожид байгаагүй зөв замаар явж байна. Хүчээр явуулж байна. Төмөр зам барилаа. Яадаг юм бэ. Мухар байгаа л биз. Барьчихсан, баригдсан юмыг хэзээ нэгэн цагт холбоно шүү дээ. Хөвсгөл аймгийн Могойн голд 60 мегаваттын цахилгаан станц барья гээд шийдчихсэн байхад нь бариулахгүй зогсоосон. Хятадууд мөнгөө гаргаад уурхай дээр нь барья гэсэн. Бариулаагүй л байхгүй юу. Гэтэл 70 км-ийн цаана Завхан аймгийн Тэлмэн суманд тэр станцыг бариул гэсэн. 70 км-ээс маш том даацын машинаар нүүрсээ зөөнө шүү дээ. Тэгэхээр нөгөө цахилгааны үнэ ямар болох вэ. Ийм хачин хариуцлагагүй юм яваад байна.
-Таны ярианаас ажиглахад улс төрийн замд өөрийн мэдэлгүй л яваад орчихсон болохоос улс төрд дургүй мэт л уншигдлаа?
-Би сайдын ажлыг хийж үзсэн ч өөрийгөө сурталчлах, сонгуульд нэр дэвших гэдэгт дургүй. Улс төр гэдэг миний хийж чадахгүй, бас дургүй зүйл. Улс төрийн хатуу бодлогоос хөндий явдгаас болж дарга, удирдлагынхаа дургүйг хүргэж ч явлаа. 1996 онд Ерөнхий сайд П.Жасрай гуай намайг дуудаад “УИХ-ын сонгуульд Дархан, Шарын голын тойрогт чамайг нэр дэвшүүлэх саналтай байгаа. Чи юу гэж бодож байна” гэж асуусан. Тэгэхэд нь би “Би аж ахуйн чиглэлээр ихэвчлэн ажилласан. Улс төрийн туршлага байхгүй. Тэгээд ч УИХ-ын гишүүн хүн хууль, эрх зүйн өндөр мэдлэгтэй, чадвартай, ёс зүйтэй байх ёстой гэж үздэг. Би тэр шаардлагыг хангаж чадахгүй байх. Тиймээс намайг дэвшүүлэх хэрэггүй” гээд хэлчихсэн. Тэр сонгуульд манай нам ялагдсан. Хотын намын хорооны дарга бол гэхэд нь ч би болоогүй. Түүний дараа 2004 оны УИХ-ын сонгуульд намайг Орхон аймагт нэр дэвшүүлэхээр шийдсэн байж л дээ. Тэр үед нь миний бие жаахан сул, эмнэлэгт байсан юм. Түүгээрээ шалтгаалаад нэр дэвшсэн үнэмлэхээ ав гэхэд нь аваагүй. Товчхондоо, улс төрийн хэрүүл уруул, ямарваа нэгэн өрсөлдөөнөөс хол байх, сэтгэлдээ таарамжгүй зүйлээр оролдохгүй явах нь миний зарчим байсан юм. Би чинь улс төрд дургүй улстөрч хүн шиг байгаа юм, төрөлхийн технократ хүн юм даа.
-Ярилцлага өгсөнд баярлалаа. Эрүүл энхийг хүсье.
С.ОТГОНБАЯР
М.МАЙНАРАН
Э.АРИУНТУ