Categories
мэдээ нийгэм

СХД-ийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо DNN.mn

СХД-ийн “Эрүүл мэндийн төв”-ийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Сонгинохайрхан дүүргийн “Эрүүл мэндийн төв”-ийн өргөтгөлийн барилгын ажил дуусаж, ашиглалтад орлоо. Энэхүү өргөтгөл нь 200 ортой яаралтай тусламжийн тасаг, хавдрын хөнгөвчлөх эмчилгээний тасаг, мэс заслын тасаг, хэвтэн эмчлүүлэх тасгуудтай. Өргөтгөл ашиглалтад орсноор Сонгинохайрхан дүүргийн иргэд олон улсын стандартад нийцсэн ая тухтай орчинд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч, эмч ажилтнуудын ажиллах орчин нөхцөл сайжирч, эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэхээс гадна 40 гаруй ажлын байрыг нэмэгдүүлсэн байна.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн найман давхар өргөтгөлийн барилга нь 2019 онд ашиглалтад орох ёстой байсан ч хэд хэдэн шалтгааны улмаас ажил саатсан байна. Тиймээс 2022 онд ЭМЯ-наас нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэснээр өчигдөр /2022.12.21/ барилгын ажил дуусаж, ашиглалтад орлоо. Тус төв нь иргэдэд үндсэн тусламж, үйлчилгээг үзүүлэхээс гадна мэс заслын тусламж, үйлчилгээг үзүүлэх боломжтой болсон. Ингэснээр дүүргийн иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ илүү хүртээмжтэй хүрэх боломжтой болжээ. Азийн хөгжлийн банктай хамтран Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт жишиг эмнэлэг барих ажлыг ирэх онд эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хотоос орж гарах товчоод цахимжсанаар автомашин 2 секундэд нэвтэрдэг болжээ DNN.mn

Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод бэлэн мөнгө хураахгүй,  цахимжиж эхэллээ

Авто зам ашигласны төлбөр авах цэгүүдийг цахимжуулсанаар иргэд товчоогоор нэвтрэхдээ бэлэн төлбөр төлөхгүй шууд нэвтэрдэг болсон. Товчоод цахимжихын өмнө төлбөр авах цэг дээр нэг тээврийн хэрэгсэл дунджаар 17.4 секунд зарцуулж, энэ нь зарим үед урт дараалал үүсгэх зэргээр иргэдийг багагүй бухимдуулдаг байсан. Тэгвэл тухайн тээврийн хэрэгслийг камер болон RFID технологи ашиглан бүртгэж нэхэмжлэхийг араас нь илгээх болсноор энэ асуудал бүрэн шийдэгдэж, нэг машин хоёр секундийн дотор товчоогоор гардаг болжээ.

Тээврийн хэрэгсэл товчоогоор нэвтэрсний дараа мессеж болон бусад хэлбэрээр эзэмшигчид нэхэмжлэх илгээх бөгөөд тухайн холбоос \roadpay.mn\-оор орж дурын банк, төлбөрийн хэрэгслээр төлбөрөө төлөх боломжтой. Мөн roadpay.mn сайтаар нэвтэрч улсын дугаараар хайлт хийн төлбөрөөр төлөх боломжтой болж байгаа юм.

Цэгүүд цахимжсанаас автозам ашигласны төлбөр төлөлт хангалтгүй байгааг албаныхан мэдээллээ. Тухайлбал нийт төлбөрийн 95 хувь нь төлөгдөөгүй байгаа ба цаашид төлбөрөө төлөлгүй хуримтлуулсан тээврийн хэрэгслийг товчоодоор нэвтрүүлэхгүй, оношилгоо үзлэгт орох, бусдад шилжүүлэхдээ зам ашигласны төлбөрөө заавал төлсөн байх шаардлагыг журмаар зохицуулах аж.

ТӨЛБӨР ТӨЛӨХ ЗААВАР БИЧЛЭГ:

Categories
мэдээ цаг-үе

Нийслэлийн шилдэг хүүхдүүдийг шалгарууллаа DNN.mn

Нийслэлийн оны онцлох хүүхэд шалгаруулах ёслолын үйл ажиллагааг 22 дэх жилдээ зохион байгууллаа.

Энэхүү ёсллол “Нийслэлийн Онцлох хүүхэд шалгаруулах журам”-ын дагуу Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өөрийн мэдлэг, авьяас, хичээл зүтгэлээрээ тэргүүлэн сурлага, урлаг, спортын болон бусад төрлөөр амжилт гарган манлайлсан хүүхдүүдийг тухайн номинацаар “Нийслэлийн Оны онцлох хүүхэд”-ээр шалгаруулах, олон нийтэд алдаршуулах, үе тэнгийн хүүхэд, залуучуудад үлгэр дуурайлал үзүүлэх зорилготой.

Оны Онцлох хүүхдүүд:

-Нандинжаргалын Оюундарь / Бритиш сургуулийн 4-р ангийн сурагч/

-Энхбаатарын Индра / “Оюунлаг тулга” сургуулийн 8а ангийн сурагч/

-Мэндсайханы Хос-Эрдэнэ / 5-р сургуулийн 12 ангийн сурагч

-Эрдэнэдоржийн Саяжаргал / Лаборатори 23-р сургуулийн 9д ангийн сурагч/

-Ганчулууны Аззаяа / 141 сургуулийн 11а ангийн сурагч/

-Мэндсайханы Анунгоо / Шинэ зуун билэг сургууль 10а ангийн сурагч/

-Гүррагчаагийн Өсөх-Ирээдүй / Олонлог эгзэ сургуулийн 11а ангийн сурагч /

-Ганзоригийн Хүслэн /“American school” сургуулийн бэлтгэл ангийн сурагч /

-Алтантөгсийн Энгүүн / Смарт олон улсын сургуулийн сурагч

ОНЫ ОНЦЛОХ ОЮУНЛАГ ХҮҮХЭД: Наранбаатарын Сувд

Нийслэлийн ерөнхий боловсролын 11 сургуулийн 11б ангид сурдаг

• 11-р сургуулийн AXLETH олимпиад “Мөнгөн медаль”

• Их сунгаа математикийн олимпиад “Мөнгөн медаль”

• Шинэ өнөөдөр сургуулийн нэрэмжит математикийн олимпиад “Мөнгөн медаль”

• Монгол улсын гавьяат багш Н.Өлзийн нэрэмжит математикийн олимпиад “Алтан медаль”

• Олонлог сургуулийн нэрэмжит олон улсын олимпиад “Хүрэл медаль”

• IYMC олон улсын математикийн олимпиад “Мөнгөн медаль”

• Монголын математикийн 58 дугаар олимпиад “Мөнгөн медаль”

• Европын охидын математикийн олон улсын олимпиад “Хүрэл медаль”

ОНЫ ОНЦЛОХ МАНЛАЙЛАГЧ ХҮҮХЭД: Өлзийсайханы Амгаланзаяа

Нийслэлийн ерөнхий боловсролын 67 сургуулийн 12г ангид сурдаг

• 67-р сургуулийн хүүхдийн зөвлөлийн тэргүүн

• Өсвөрийн парламент хөтөлбөрийн гишүүн бөгөөд байгаль орчин хөдөлмөр хамгааллын дарга

• 2022 оны улсын аварга шалгаруулах илтгэх ур чадварын тэмцээн “Дэд байр”

• 2022 оны нийслэлийн аварга шалгаруулах илтгэх ур чадварын тэмцээн “Тэргүүн байр”

• Манлайллын Боловсролын Үндэсний төвөөс зохион байгуулсан Илтгэх ур чадварын тэмцээн “Дэд байр”

• Уран жиргээ яруу найргийн наадам “Дэд байр”

• “Миний эх орон” сэдэвт Сургуулийн аварга шалгаруулах тэмцээн “Тэргүүн байр”

ОНЫ ОНЦЛОХ АВЬЯАСЛАГ ХҮҮХЭД: Ганболдын Уянга

Нийслэлийн ерөнхий боловсролын 62 сургуулийн 12г ангид сурдаг

• 2022 оны Улсын аваргын хамтлаг бүжгийн төрлөөр “Хүрэл медаль”

• Баянзүрх дүүргийн хосын бүжгийн аварга

• Улсын аварга шалгаруулах хосын төрөлд “5-р байр”

• Монголын бүжгийн спортын холбооны зохион байгуулсан тэмцээнд “Алтан медаль”

• 2022 оны 10 сарын 15-нд Холбооны Бүгд Найрамдах Герман улсад зохион байгуулагдсан “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-ний “Латин бүжиг”-ийн төрөлд MOON DANCE хамтлагаараа “Мөнгөн медаль”

ОНЫ ОНЦЛОХ ТАМИРЧИН ХҮҮХЭД: Анхбаярын Дашчирэв

Нийслэлийн ерөнхий боловсролын 114 сургуулийн 10а ангид сурдаг

• ХУД-ийн аварга шалгаруулах “100 буудалт даам“ тэмцээн “1-р байр”

• ЕБС-ийн сурагчдын Улсын аварга шалгаруулах “100 буудалт даамын” тэмцээн “Алтан медаль”

• Өсвөрийн Улсын аварга шалгаруулах “100 буудалт даамын” тэмцээн Үндсэн төрөлд “Алтан медаль”

• Өсвөрийн Улсын аварга шалгаруулах “100 буудалт даамын” тэмцээн Блиц төрөлд “Алтан медаль”

• Өсвөрийн Улсын аварга шалгаруулах “64 буудалт даамын” тэмцээн Үндсэн төрөлд “Алтан медаль”

• Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээн “Тусгай байр”

• Ази тивийн аварга шалгаруулах 100 буудалт даамын насанд хүрэгчид үндсэн төрөлд “Хүрэл медаль”

• Ази тивийн аварга шалгаруулах 100 буудалт даамын Блиц төрөлд “Мөнгөн медаль”

• Ази тивийн аварга шалгаруулах 100 буудалт даамын Рапид төрөлд “Алтан медаль”

• Дэлхийн аварга шалгаруулах 100 буудалт даамын “Үндсэн төрөл” “Алтан медаль”

• Дэлхийн аварга шалгаруулах 100 буудалт даамын “Блиц төрөл” “Алтан медаль”

• Дэлхийн аварга шалгаруулах 100 буудалт даамын “Рапид төрөл” “4-р байр”

ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД: Доржсэмбэ-ийн Цогт-Очир

Нийслэлийн ерөнхий боловсролын 163 сургуулийн 3д ангид сурдаг

• Жюү жицүгийн Улсын аварга шалгаруулах тэмцээн -40 кг жин “Мөнгөн медаль”

• DORNOGOVI OPEN JIU JITSU CHAMPIONSHIP 2022 -45 КГ жин “Алтан медаль”

• DZ OPEN 2022 JIU JITSU TOURNAMENT -45 КГ ЖИН “Алтан медаль”

Жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн -38 кг жин “Хүрэл медалийн төлөө барилдсан”

Categories
мэдээ цаг-үе

Гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 1.7 хувиар өсчээ DNN.mn

Зургийн тодорхойлолт алга байна.

2022 оны арван хоёрдугаар сарын 19-ний байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 1.7 хувь, өмнөх 7 хоногоос 1.2 хувиариар өссөн байна. Тодруулбал, мах, гурил, төмс, өндөг, сүү зэрэг бүтээгдэхүүний үнэ өссөн үзүүлэлттэй байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийг анх удаа эмэгтэй хүн удирдахаар болжээ DNN.mn

Шүүхийн Ерөнхий Зөвлөл/ШЕЗ/-ийн дарга, доктор, профессор Д.Зүмбэрэллхамын даргалж ажиллах хуульд заасан хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөл хуралдаж, шинэ даргаа сонгожээ.

Ерөнхий зөвлөлийн нийт гишүүдийн олонхын саналаар ШЕЗ-ийн даргаар Р.Онончимэг томилогдлоо. Р.Онончимэг нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн хамгийн залуу гишүүн бөгөөд анхны эмэгтэй дарга болж буй юм.

Монгол Улсын шүүхийн тухай хуульд Ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхын нууц санал хураалтаар зөвхөн нэг удаа сонгохоор заасан байдаг.

Тэрбээр 1996-2000 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрх зүйч(бакалавр), 2001-2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд Хууль зүйн магистр, 2005-2007 онд Удирдлагын академид Бизнесийн удирдлагын менежер, 2009-2011 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуульд Англи хэлний орчуулагч(бакалавр)-ийн мэргэжлийн зэргийг тус тус хамгаалжээ. 2018 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуульд докторантурт сурдаг.

Ажилласан байдал:

2001-2003 онд Монголын Нотариатчидын танхимд Архивч, мэдээллийн албаны ажилтан
2003-2011 онд Монголын Өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч
2003-2017 онд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч
2017-2021 онд Монголын Нотариатчидын танхимын Ерөнхийлөгч, Нийслэлийн тойргийн нотариатч
2021 оны 11 дүгээр сарын 25-аас Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, 2022 оны 12 дугаар сарын 22-ноос эхлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр төр, хувийн хэвшлийн байгууллагууд нэгдлээ DNN.mn

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороо байгуулан 2023 онд нэг сая жуулчин хүлээн авах томоохон зорилт тавин ажиллаж байгаа. Уг зорилтын эхлэл болгож өвлийн аялал жуулчлалыг дэмжих чиглэлээр “Шинэ жилээр Монголд” жуулчны хөтөлбөрийг 2022 оны арванхоёрдугаар сарын 25-наас 2023 оны нэгдүгээр сарын 10-ны хооронд зохион байгуулахаар боллоо. Тус хөтөлбөрийг БОАЖЯ, НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Аялал жуулчлалын холбоо тэргүүтэй байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй зочлох үйлчилгээний есөн салбарын 176 аж ахуйн нэгж, байгууллагын 728 үйлчилгээний цэг 5-50 хүртэлх хувиар хямдрал, урамшуулал зарлах юм. Тодруулбал, 17 зочид буудал, 65 ресторан, зоогийн газар, 18 баар, паб, караоке, томоохон 10 худалдааны төв, их дэлгүүр, хүнсний дэлгүүрийн 325 нэгж худалдааны салбар, ноос, ноолуурын 10 дэлгүүр, электрон барааны дөрвөн дэлгүүрийн 24 салбар, саун, массажны дөрвөн байгууллага, эрүүл мэнд, гоо сайхны үйлчилгээний 14 байгууллага, шинэ жилийн хөтөлбөр, үзвэр үйлчилгээтэй 14 байгууллага тус хөтөлбөрт нэгдээд байна. Уг санаачилга Монгол Улсад өвөл ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх эхлэлийг тавина хэмээн зохион байгуулагчид онцолж байлаа.

“Шинэ жилээр Монголд” хөтөлбөрт нэгдсэн төр, хувийн хэвшлийн байгууллагын төлөөллүүд өнөөдөр уулзан, мэдээллээ нэгтгэж, санал хүсэлтээ хэлэлцлээ. Энэ үеэр Монголын Ресторан, зоогийн газрын холбооны ерөнхийлөгч М.Есөнмөнх “Хөтөлбөрт нэгдсэн байгууллагууд нэгэн жигд баннерыг байгууллагынхаа үүдэнд байрлуулна. Баннерын тусламжтайгаар жуулчид хямдралтай байгууллагуудыг хялбар таних боломжтой болно. Анх удаа хэрэгжүүлж буй хөтөлбөр гэдэг утгаараа алдаа дутагдал гарах байх. Гэхдээ ирэх жилүүдэд алдаагаа засаж, улам сайжруулан, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтран ажиллацгаая” хэмээн уриалав.

Монгол Улсад ирэх жуулчдад зориулан арваннэгдүгээр сараас эхлэн гадаадын 60 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслээр уг хөтөлбөрийн талаарх мэдээ, мэдээллийг түгээжээ. Мөн хөтөлбөрийн хүрээнд бэлтгэсэн гарын авлагыг хилийн боомтууд, онгоцны буудалд тараах аж. Жуулчдад зориулан 24 цагийн турш үйлчлэх утасны оператор ажиллуулж байгаа бөгөөд цахим платформуудыг хөгжүүлээд байна.

Тухайлбал, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “UB Winter sale” төслийг санаачлан “UB Winter” гар утасны аппликейшн, www.UBwinter.com цахим хуудсыг нэвтрүүллээ. Таван орны хэлээр хөгжүүлэлтээ хийж буй тус цахим платформуудаар дамжуулан өвлийн аялал жуулчлалыг олон улсад сурталчлах, арга хэмжээний мэдээлэл хүргэх, дотоод, гадаадын жуулчдад бүтээгдэхүүн үйлчилгээний нэгдсэн мэдээллийг нэг дороос авах боломжийг бүрдүүлэх юм.

Мөн Нийслэлийн Аялал жуулчлалын газрын 70108687 дугаараар 24 цагийн турш англи, орос хэлээр жуулчдад мэдээ, мэдээлэл өгөн ажиллаж байна.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Илон Маск албан тушаалаа өгнө DNN.mn

Твиттерийн эзэн Илон Маск залгамжлагчаа олвол тус компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаа орхино гэж мэдэгджээ. Тэрээр энэ тухайгаа өчигдөр өөрийн хуудсаараа дамжуулан мэдэгджээ.Маск “Би энэ ажлыг хийх хангалттай тэнэг хүн олдмогц гүйцэтгэх захирлын ажлаа өгнө. Үүний дараа би программ хангамж, серверийн багийг л удирдана” гэсэн аж.Маск өмнө нь тус компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг орхих эсэх талаарх судалгааныхаа үр дүнд эргэлзэж байсан юм. Түүний хэд хэдэн жиргээнд Маск өөрийнх нь бодлоор ботууд санал хураах үйл явцад саад учруулж болзошгүйг сануулжээ.

Маск санал асуулгыг энэ сарын 19-нд эхлүүлэн “Би Твиттерийн тэргүүний суудлаасаа буух ёстой юу? Би энэ санал асуулгын үр дүнг баримтална” гэжбичсэн юм. Үр дүн нь 17.5 сая санал ирж Маскийг явахыг хүмүүсийн 57.5 хувь ньдэмжин, 42.5 хувь нь эсэргүүцсэн байна.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ улс-төр

Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүнээ биржээр худалдан борлуулах эрх зүйн орчин бүрдлээ DNN.mn

Уул уурхайн салбарын нөхцөл байдал, түүхий эдийн хэтийн төлөв" судалгаа  бэлэн боллоо - Egule Capital

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Сүүлийн жилүүдэд уул уурхай, олборлох салбар өндөр хурдацтай хөгжиж, экспортын 94 хувийг тус салбар эзэлж буй. Энэ агуулгаараа уул уурхайн салбараас хүртэх орлогыг ил тод, хамгийн боломжит үнээр төвлөрүүлэх нь чухалд тооцогдож байгаа юм. Гэтэл уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн бодит үнэ, худалдааны нөхцөл, бүтээгдэхүүний чанарын талаарх мэдээлэл нээлттэй, ил тод бус байдгаас үр ашигтай гэрээ хэлцэл хийх боломж тааруу, зардал өндөр, борлуулалтын зохион байгуулалттай зах зээл бий болоогүйгээс бүтээгдэхүүний үнэ ханш дэлхийн зах зээлийн үнээс үлэмж доогуур байсаар байна. Иймд уг хуулийн төсөлд уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулах асуудал болон түүнтэй холбоотой харилцааг тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсад уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулах эрх зүйн орчин бүрдэж, улмаар нийлүүлэгч, худалдан авагч хоёр талыг холбосон найдвартай тогтолцоо бий болж, зах зээлийн бодитой ханш тогтох, арилжааны болон гэрээ, хэлцлийн мэдээлэл олон улсын зах зээлд нээлттэй зарлагдсанаар хөрөнгө оруулагчид найдвартай мэдээллээр хангагдах, улмаар манай улсын уул уурхайн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэх аж.

Чуулганы хуралдааны үеэр үг хэлсэн гишүүдийн дийлэнх нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох 1072 хувьцааны ноогдол ашгийг иргэдэд тараадаг байх нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлж байв. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар гишүүдийн асуултад хариулахдаа дээрх байр суурьтай санал нэг байгаагаа хэлсэн. Ингэхдээ “Эрдэнэс тавантолгой” компанийг үр ашигтай ажиллуулах үүднээс Бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулж байна. Цаашид тус компанийн олборлож буй нүүрсний 30 хүртэлх хувийг цахим биржээр борлуулах ажлыг туршилтаар гүйцэтгэнэ. Ирэх хоёрдугаар сарын нэгнээс 10 хувь, долдугаар сарын нэгнээс 30 хүртэлх хувийг шинэ биржээр худалдан борлуулах чигтэй ажиллаж байна гэсэн тайлбарыг хийсэн. Зарим гишүүдийн хувьд энэхүү хуулийн төслийг дэмжиж байгаа ч уул уурхай, хөдөө аж ахуй гэхчлэн олон төрлийн бирж байгуулах шаардлагагүй. Зөвхөн Монголын Хөрөнгийн бирж дээрээ бүгдийг нь төвлөрүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа хэлж байв.

Categories
гадаад мэдээ

Орос улс цэргийн алба хаах хугацааг уртасгана DNN.mn

Орос улс залуу эрчүүдийн цэргийн алба хаах хугацааг хоёр жил хүртэл уртасгах төлөвлөгөөтэй байна. Дэд хурандаа Михаил Фотин зурагтаар ярилцлага өгөхдөө 18-27 насны залуусыг 2023 оны хавраас эхлэн нэг жил хагас, ирэх оны намрын татлагаас эхлэн хоёр жилийн хугацаатай цэргийн албанд татна гэж мэдэгджээ. Энэ нь ЗХУ-ын үеийн цэрэг татлагын тогтолцоог сэргээж буй явдал юм. Цэргийн албаны хугацааг 2008 оноос хойш нэг жил болгоод байсан билээ.

НАТО Оросын хилд тулж өргөжин тэлж байгааг Михаил Фотин онцолжээ. “Швед, Финланд гээд манай хойд хөршүүд НАТО-д элсэж байгаа тул энэ шийдвэрийг би маш чухал гэж үзэж байна” гэж тэр хэлсэн.Харин энэ талаар Оросын Батлан хамгаалах яам тайлбар хийхээс татгалзсан байна. Харин оронд нь Фотины бичлэгийг дэлгэцнээс устгах тушаалыг өгчээ. Цэрэг татлагын шинэ төлөвлөгөөг албан ёсоор зарлаагүй байгаа бөгөөд Путин шинэ жилийн амралтын дараа гэнэт үарлаж тэсрэх бөмбөгтэй зүйл болно гэсэн цуу яриа тараад байгаа юм.

Цэргийн албыг орос эрчүүд заавал хаадаг боловч элитүүдийн үр хүүхдүүд цэрэгт татагдах нь ховор байдаг бөгөөд18-27 насныхныг хамардаг хугацаат цэрэг татлага нь 300 мянган нөөц цэргээс тусдаа асуудал юм гэж “DAILY MAIL” тэмдэглэжээ.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ цаг-үе

Өнгөрсөн шөнө 4.5 тонн бодис, 144.3 тонн давс цацжээ DNN.mn

Tsahiur.mn - Мэдэх эрхийн төлөө

Зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний байгууллагууд арванхоёрдугаар сарын 21-22-ны шилжих шөнө авто замын уулзвар, халтиргаа үүсэж болзошгүй замуудад 4.5 тонн бодис, 144.3 тонн давс цацлаа. Түүнчлэн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ нь арванхоёрдугаар сарын 22-ны 05:00 цагаас эхлэн бодис, давс цацдаг зориулалтын таван техниктэйгээр Энхтайваны өргөн чөлөө, Улиастай, Эх нялхас, Тасганы овоо, Бичил хороолол, Гэмтэл, Гурвалжингийн гүүр, Яармаг, 32-ын тойрог, Нарны гүүр, Цагаан хаалга, III ДЦС, Наадамчдын гудамж, Мишээл экспо, Зайсан зэрэг чиглэлүүдэд 31 тонн давс цацаж ажиллажээ. Мөн зориулалтын хоёр техниктэйгээр Нарны зам, Цагаан хаалганаас зүүн тийш Дүнжингарав чиглэлд 11 тонн давс цацсан байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрт өнгөрсөн 10-12 дугаар сард халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж нийт 1966.78 тонн бодис, 2969.83 тонн давс зарцуулжээ. Өнөөдрийн байдлаар 1930.44 тонн бодис, 4337.07 тонн давсны үлдэгдэлтэй байна.

Нийслэлийн хэмжээнд орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн 18 аж ахуйн нэгж, байгууллагын 971 үйлчлэгч 78 машин техниктэйгээр 13.2 сая ам метр зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажилладаг. Үүнээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба (УБЗАА) нь 7.8 сая ам метр талбайн буюу хотын төв замын цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцан, өгсүүр, уруу замд үүссэн гулгааг арилгах зорилгоор өдөрт дунджаар 10-30 тонн давс, бодис цацан ажиллаж байна.