Categories
мэдээ нийгэм

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XIII форум боллоо DNN.mn

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн 13-р форум “Ногоон дэлхийн төлөө сэтгүүлчид нэгдэцгээе” сэдвийн дор 12-р сарын 23-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНХАУ-ын Бээжин, ӨМӨЗО-ы Хөх хотод цахим хэлбэрээр зэрэг боллоо
Тус форумд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба, УИХ, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба, Экологи, байгаль орчны яам, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба болон хоёр орны сэтгүүлчдийн байгууллагын төлөөллүүд оролцов.

Форумын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уншиж танилцуулав. Мэндчилгээнд “Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн салбарынханд баяр хүргэе. Саяхан БНХАУ-д төрийн айлчлал хийсэн. Энэ үеэр байгаль орчны чиглэлээр хамтран ажиллахаар өргөн хүрээнд ярилцаж, төлөвлөснөө хэрэгжүүлэхээр баталгаажуулсан. Ши Жиньпин дарга байгаль орчны чиглэлээр хамтран ажиллахдаа таатай байгаагаа онцолсон” гэдгийг дурджээ. Мөн БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс ч мэндчилгээ ирүүлжээ.

Форумд Монгол Хятадын Байгаль орчин, Экологын сайд нар гол илтгэлийг тавьж, хэлэлцүүлсэн. Түүнчлэн Монгол, Хятадын сэтгүүлчид байгаль орчныг хамгаалахад сэтгүүл зүйн үүрэг оролцоо сэдвээр илтгэл тавьсан. Улмаар байгаль хамгаалах тухай яриа хэлэлцээ хийж, хоёр улсын байгаль орчин, экологийг хамгаалах, хамтын ажиллагааг хөгжүүлэх, гүнзгийрүүлэх нэгдмэл ойлголтод хүрч, идэвхтэй хамтран ажиллахаар ярилцсан байна.

Мөн Монголын үндэсний өдөр тутмын анхны чөлөөт хэвлэл “Өнөөдөр” сонин, ӨМӨЗО-ны Өдрийн сонины хороотой, UBS телевиз Өвөрмонголын радио, телевизтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулж, гарын үсэг зурав.

Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ: Зөрчил гаргасан зарим ломбардад мөнгөн торгууль оногдуулсан DNN.mn

Орхон аймагт 200 гаруй ломбард бүртгэлтэй байна

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд өмнө нь хяналт шалгалт явуулахад зээлийн хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэн тооцсон буюу хуулийн хэрэгжилтийг хангаагүйгээс гадна стандартын шаардлага хангахгүй байх зөрчил нийтлэг илэрсэн тул зөрчлийг арилгуулахаар Улсын ерөнхий байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн. Энэхүү албан шаардлагын хэрэгжилтийг хангах хүрээнд иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу уг албан шаардлагыг биелүүлээгүй зарим аж ахуй эрхлэгчдэд мөнгөн торгуулийн арга хэмжээ авлаа. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ буюу ломбардын үйл ажиллагаа эрхэлж буй “О ….” ХХК, “Тан….” ХХК-д Зөрчлийн тухай хуульд заасны дагуу мөнгөн торгууль оногдуулж хариуцлага тооцлоо.

Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1-д “Барьцаалан зээлдүүлэх газар зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцно.” гэж, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.9-д “… хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно.” гэж заасан.
Эх сурвалж: ШӨХТГ
Categories
мэдээ нийгэм

Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Монгол” компанийн бүтцийг шинэчилж, 88 орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж байна DNN.mn

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн бүтцийг шинэчилж, 88 орон тоонд сонгон шалгаруулалт зарлах гэж байгаа талаар танилцууллаа.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Эрдэнэс Монгол” компани 89 орон тоотой, 7 газар, 7 хэлтэстэйгээр үйл ажиллагаагаа явуулна. Өнөөдөр томилогдсон гүйцэтгэх захирлыг оролцуулахгүйгээр 88 орон тоонд сонгон шалгаруулалт хийх шийдвэр гарсан. Ур чадвартай мэргэжилтэнтэй, цалин хангамжийн хувьд Монголдоо топ компани байх учиртай.

Ахлах менежер буюу бидний хэлдгээр газрын даргын албан тушаалыг хасаж байна. Энэ компанид газрын дарга гэж байхгүй, ахлах менежер удирдана. Өнөөдөр ажиллаж байгаа хүмүүс хэвээрээ байгаа. Гэхдээ бүтэц өөрчлөгдөөд тусгай мэргэжил шаардсан ажлын байрууд бий болж байна. Одоо ажиллаж байгаа ажлын байр нь байхгүй болсон албан хаагчдад чөлөөлөгдөх мэдэгдлийг “Эрдэнэс Монгол” компанийн зүгээс өгнө.

Сонгон шалгаруулалтын хугацаа:

  • 2023 оны нэгдүгээр сарын 2-16-ны өдрүүдэд бүртгэл явагдана.
  • 2023 оны нэгдүгээр сарын 21, 22-нд тестийн шалгалт
  • 2023 оны нэгдүгээр сарын 23-28-ны өдрүүдэд нүүр тулсан ярилцлага хийгдэнэ.

Тавигдах шаардлага:

  • Боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Нэг болон түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй байх

Ахлах менежерт тавигдах шаардлага:

  • Улсад 8 болон түүнээс дээш жил ажилласан байх
  • Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад мэргэжлээрээ 5 болон түүнээс дээш жил жил ажилласан байх.

Харин мэргэжилтэнд ажилласан жилийн шаардлага тавихгүй мэдлэг, ур чадварыг үндэслэнэ.

Ажлын байранд бүртгүүлсэн иргэдээс хууль эрх зүй, хөгжлийн бодлого төлөвлөлтийн чиглэлээр тестээр шалгалт авна. 1,000 орчин боловсон хүчин бүртгэгдэх байх гэж харж байна.

Шалгалтыг их, дээд сургуулийн профессоруудыг зөвлөхөөр оролцуулж, төрийн албаны зөвлөлийн шалгалтын системд суурилан зохион байгуулна. Нэгдүгээр шатанд болзол хангасан иргэдийг хоёрдугаар шатны буюу олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар нүүр тулсан ярилцлагад оруулна.

Ярилцлага авах комисс их, дээд сургуулийн профессорууд, иргэдийн төлөөлөл, улс орондоо үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа томоохон групп, компаниудын төлөөлөл, МҮХАҮТ, төрийн төлөөлөл зэрэг 9 хүний бүрэлдэхүүнтэй байна.

    Хоёрдугаар сарын 1-нээс тус компани олон нийтийн дундаас шалгарсан багаа бүрдүүлж, үйл ажиллагаа явуулж эхэлнэ. Цаашлаад Эрдэнэс Монгол компанийн 30 гаруй охин компанийн бүтцийг яг ийм зарчмаар ирэх оны эхний хагас жилд зохион байгуулна.

    Төрийн өмчийн компаниудад улс төрийн намын болон танил талын хүнээ ажилд оруулах буюу “шахааг” зогсоох ажлыг хийнэ” хэмээн танилцууллаа.

    Categories
    мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

    Хүүхдийг юугаар ч дутаахгүй өсгөж болохгүй DNN.mn

    ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…

    Загвар зохион бүтээгч Н.Соёлмаа “25 дугаар суваг телевиз”-д “Амьдралаа гэж” нэвтрүүлэг хөтөлдөг байхад нэг ийм яриа өрнөсөн юм. Нэгэн ээж шууд нэвтрүүлэгтэй утсаар холбогдож “Би хүүхдээ юугаар ч дутаахгүй өсгөсөн. Гэтэл одоо…” хэмээн баахан гомдоллодог юм байна. Н.Соёлмаа хариуд нь “Юугаар ч дутаахгүй байж болохгүй, дутаах ёстой байсан юм” гэж “загнаж” билээ. Үнэндээ хэн ч гэсэн үр хүүхдээ юугаар ч дутаахгүй өсгөхийг хичээдэг. Амьтны хүүхдээс дутуугүй явуулахыг хүсдэг. Гэтэл юугаар ч дутаахгүй байх нь эргээд сул тал болдог биш байгаа. Б.Лхагвасүрэн найрагчийн “Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам, цэцэг нар хоёртоо бахардсан наадам, ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам чихэр, инээд хоёртоо бялуурсан наадам” гэсэн шүлгийн мөрүүд бий. Хэрэв ижийтэйгээ жил бүр наадам үздэг байсан бол энэ өдрүүд ийм нандин мөрүүд үлдээх байсан болов уу.

    Орой харих бүртээ хүүхдэдээ амттан авч өгөөд үзээрэй. Хүүхдийн чинь ааш шууд хувирч, цүнх рүү чинь дайрч, хэрэв ямар нэг юм авчраагүй бол бөөн юм болох вий. Харин хааяахан авчирдаг амттаны дараа охин маань ээждээ талархаж сурсан. Хүссэн юм болгоноо авч болдоггүй гэдгийг ухаарах шиг санагдсан. Сэтгэл зүйчийн зөвлөгөө уншиж байтал боломжтой байсан ч хүүхдээ өдөр бүр паркад тоглуулах хэрэггүй гэсэн байна лээ. Тэрбумтны охин амиа хорлосон мэдээ уншаад ойлгодоггүй үе байсан. “Юу дутсан гэж тэр вэ” гэж гайхсан сан. Магадгүй тэр охинд амьдралын зорилго алга болсон ч байж мэднэ. Ядуу, баян хүний сэтгэл ханамж өөр шүү дээ. Ядуу хүн хүүхдэдээ нэг шинэ хувцас авч өгч чадсандаа баярладаг байхад, баян хүний сэтгэлийн хоосон орон зайг дүүргэхэд уул овоо ч дутах вий. Хүүхдийг зарим юмаар дутааж болно. Харин хайраар л дутааж болохгүй.

    Categories
    мэдээ цаг-үе

    “Чингис хааны мэндэлсний 860 жил” шуудангийн марк гарчээ DNN.mn

    “Чингис хааны мэндэлсний 860 жил” шуудангийн марк гарсныг өчигдөр олон нийтэд танилцууллаа.

    Зургаан нэрийн нэг блок маркт Чингис хааны алтан зоос, алтан гэрэгэ, номын гэрэлт хөшөө, Есөн хөлт Их цагаан туг, Чингис хааны хөрөгтэй анхны марк, Чингис хаан музей, Чингис хааны шинэ хөргийг оруулжээ.

    Түүнчлэн ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн доктор (PhD), профессор А.Пунсагийн цуглуулгаас дээжлэн “Чингис хаан” сэдэвт марк, дугтуй, ил захидлын тусгай үзэсгэлэн нээгдсэн тул сонирхсон хүн бүхэн саатан морилоорой хэмээн Чингис хаан музейн хамт олон урив.

    МУЗЕЙН АЖЛЫН ЦАГИЙН ХУВААРЬ:

    Даваа – Ням гарагт ажиллана, Мягмар гарагт амарна.

    Ажиллах цаг: 09:00 -17:00

    Касс хаах цаг: 15:30-16:00.

    Categories
    мэдээ цаг-үе

    Зудад өртөх эрсдэлтэй 1000 өрхөд бэлэн мөнгөний тусламж үзүүлнэ DNN.mn

    зураг

    Монголын улаан загалмай нийгэмлэг Цаг уур, орчны шинжилгээний газраас 2022 оны 12-р сарын 1-ний өдөр гаргасан зудын эрсдэлийн зургаар зудын нэн өндөр болон өндөр эрсдэлтэй гарсан Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Ховд, Увс, Завхан зэрэг 13 аймгийн зорилтот бүлгийн 1,000 малчин өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр орон нутагт хяналт, үнэлгээ хийж байна.

    Энэхүү тусламжийг Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоотой хамтран хэрэгжүүлэх бөгөөд зудын нэн өндөр болон өндөр эрсдэлтэй гарсан эдгээр 13 аймгийн 1,000 малчин өрх бүрд 370,000 төгрөгийн бэлэн мөнгөний тусламжийг Хаан банкаар дамжуулан олгох юм. Малчдад зудын улмаас учирч болзошгүй хор хохирлыг бууруулах зорилготойгоор уг урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг хэрэгжүүлж байна.

    Ташрамд дуулгахад, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн удирдлагын газар 2022 онд гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, гамшгийн үед хариу арга хэмжээ авах, гамшгийн дараах нөхөн сэргээх үйл ажиллагааны хүрээнд 107,497 хүнд хүрч ажиллажээ.

    Categories
    мэдээ улс-төр

    УИХ: Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай болон Зөвшөөрлийн хуулийг эцэслэн батлав DNN.mn

    УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль батлагдлаа

    УИХ-ын чуулганы Баасан гарагийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс Ерөнхий сайдад хандаж “Дархан арьс ширний цогцолборын үйл ажиллагааны талаар” тавьсан асуулгын хариуг сонсоно.

    Захиргааны ерөнхий хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, Уул уурхайн бүтээгдэхүүний, Зөвшөөрлийн, Шүүх шинжилгээний тухай хуулийг эцэслэн батлав.


    Categories
    мэдээ цаг-үе

    ГССҮТ: Халтиргаа гулгаанаас шалтгаалж хоногт 230 орчим хүн хандаж байна DNN.mn

    Халтирч унаад гэмтсэн бол хохирлоо хэрхэн барагдуулах талаар мэдэж аваарай

    ГССҮТ-д халтиргаа гулгаанаас шалтгаалж хоногт 230 орчим хүн хандаж байна.

    Гэмтэл согог судлалын Үндэсий төвийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт өдөртөө 400-500 хүн эмнэлгийн тусламж авч байна. Үүний 40 орчим хувийг халтиргаа гулгаанаас үүссэн осол гэмтэл эзэлж байна.

    Categories
    мэдээ нийгэм

    УГТЭ-т ЭМЯ-ны санхүүжилтээр хүчилтөрөгчийн үйлдвэр барьж, бүрэн ашиглалтад орууллаа DNN.mn

    Улсын Гуравдугаар Төв эмнэлэгт Эрүүл Мэндийн Яамны санхүүжилтээр 40 нано.мкуб-ын багтаамжтай хүчилтөрөгч үйлдвэрлэх болон баллон цэнэглэх хоёр хэсэгтэй, 7х10 хэмжээтэй хүчилтөрөгчийн үйлдвэр баригдаж бүрэн ашиглалтад орлоо.

    Уг үйлдвэр ашиглалтад орсноор тус эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг, эрчимт эмчилгээ, тархины харвалт, зүрхний шигдээсийн тасаг, мэс заслын дараах өрөөнүүд зэрэг хүчилтөрөгч зайлшгүй шаардлагатай эмчилгээний болон эрчимт эмчилгээний зориулалттай нийт 220 гаруй хүчилтөрөгчийн төгсгөл бүхий орнуудад хүчилтөрөгчийг хэрэгцээнд нь тохируулан, хүний оролцоогоогүйгээр ухаалаг ажиллагаа бүхий хийн хоолойгоор дамжуулан түгээх боломжтой болсон.Энэхүү хүчилтөрөгчийн үйлдвэр нь цагт 140м.куб хүчилтөрөгч үйлдвэрлэх чадалтай, автомат ажиллагаатай үйлдвэр бөгөөд уг үйлдвэрт хүчилтөрөгчийн баллон цэнэглэх компрессор суурилагдсан тул компрессорийн тусламжтайгаар зөөврийн хүчилтөрөгчийн баллоныг өөрөө цэнэглэх боломжтой болж хойшид энэ төрлийн бүтээгдэхүүн худалдан авах хэрэгцээг бууруулж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх юм.

    Categories
    мэдээ цаг-үе

    “Шинэ жилээр Монголд” жуулчны хөтөлбөрийг ирэх сарын 10-н хүртэл зохион байгуулна DNN.mn

    Өвлийн аялал жуулчлалыг дэмжих чиглэлээр “Шинэ жилээр Монголд” жуулчны хөтөлбөрийг 2022 оны арванхоёрдугаар сарын 25-наас 2023 оны нэгдүгээр сарын 10-ны хооронд зохион байгуулахаар болжээ. Тус хөтөлбөрийг Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Аялал жуулчлалын холбоо тэргүүтэй байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

    Хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй зочлох үйлчилгээний есөн салбарын 176 аж ахуйн нэгж, байгууллагын 728 үйлчилгээний цэг 5-50 хүртэлх хувиар хямдрал, урамшуулал зарлах юм.Тодруулбал, 17 зочид буудал, 65 ресторан, зоогийн газар, 18 баар, паб, караоке, томоохон 10 худалдааны төв, их дэлгүүр, хүнсний дэлгүүрийн 325 нэгж худалдааны салбар, ноос, ноолуурын 10 дэлгүүр, электрон барааны дөрвөн дэлгүүрийн 24 салбар, саун, массажны дөрвөн байгууллага, эрүүл мэнд, гоо сайхны үйлчилгээний 14 байгууллага, шинэ жилийн хөтөлбөр, үзвэр үйлчилгээтэй 14 байгууллага тус хөтөлбөрт нэгдээд байна. Уг санаачилга Монгол Улсад өвөл ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх эхлэлийг тавина хэмээн зохион байгуулагчид онцолж байлаа.
    “Шинэ жилээр Монголд” хөтөлбөрт нэгдсэн төр, хувийн хэвшлийн байгууллагын төлөөллүүд өнөөдөр уулзан, мэдээллээ нэгтгэж, санал хүсэлтээ хэлэлцсэн байна. Монгол Улсад ирэх жуулчдад зориулан арваннэгдүгээр сараас эхлэн гадаадын 60 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслээр уг хөтөлбөрийн талаарх мэдээ, мэдээллийг түгээжээ. Мөн хөтөлбөрийн хүрээнд бэлтгэсэн гарын авлагыг хилийн боомтууд, онгоцны буудалд тараах аж. Жуулчдад зориулан 24 цагийн турш үйлчлэх утасны оператор ажиллуулж байгаа бөгөөд цахим платформуудыг ч мөн хөгжүүлээд байна.
    Тухайлбал, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “UB Winter sale” төслийг санаачлан “UB Winter” гар утасны аппликейшн, www.UBwinter.com цахим хуудсыг нэвтрүүллээ. Таван орны хэлээр хөгжүүлэлтээ хийж буй тус цахим платформуудаар дамжуулан өвлийн аялал жуулчлалыг олон улсад сурталчлах, арга хэмжээний мэдээлэл хүргэх, дотоод, гадаадын жуулчдад бүтээгдэхүүн үйлчилгээний нэгдсэн мэдээллийг нэг дороос авах боломжийг бүрдүүлэх юм.
    Мөн Нийслэлийн Аялал жуулчлалын газрын 70108687 дугаараар 24 цагийн турш англи, орос хэлээр жуулчдад мэдээ, мэдээлэл өгөн ажиллаж байна гэж нийслэлийн Сургалт судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.