Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Батцэцэг: Олон улсын тавцан дахь манай улсын нэр хүнд мэдэгдэхүйц өссөн DNN.mn

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй ярилцлаа.


-Энэ онд манай улс гадаад харилцааны чиглэлээр идэвхтэй, олон онцлог үйл явдлуудаар дүүрэн жил болж өнгөрлөө. Нөгөө талаар олон улсын харилцаанд томоохон өөрчлөлт орж, геополитикийн нөхцөл байдал ээдрээтэй болж, дэлхийн өнцөг булан бүрд тогтворгүй, хурцадмал байдал үргэлжилсээр байна. Энэхүү нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байна?

-Дэлхий нийтийг хамарсан цар тахал, түүний араас завсаргүй залгасан геополитикийн ээдрээтэй байдал өнөөдөр Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын ач холбогдлыг улам нэмэгдүүлж байна. Манай гадаад бодлогын амин сүнс нь харилцааны тэнцвэртэй харьцааг хадгалах явдал. Бид 2022 онд өндөр, дээд хэмжээнд урьд өмнө байгаагүй олон айлчлал хэрэгжүүлж, олон баримт бичиг байгуулж, харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүллээ. Дэлхий дахинд эрчим хүчний нийлүүлэлт тасалдаж, инфляци өсөж, мөнгөний бодлого чангарч, геополитикийн тодорхойгүй байдал даамжирснаас үүдэн дэлхийн эдийн засгийн өсөлт бүхэлдээ удааширч, Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ “амаргүй цаг үе” хэмээн тодорхойлоод байгаа энэ хүнд үеийг харьцангуй хохирол багатай даван туулах урьдчилсан нөхцөлийг бүрдүүлж чадлаа. Өнгөрсөн хугацаанд манай гадаад харилцааны практикт хоёр сонирхолтой зүйл ажиглагдлаа. Эхнийх нь, дэлхий дахинд өрнөж байгаа үйл явц манай гадаад харилцааны үндсэн зарчмууд, гадаад бодлогын үзэл баримтлал эхнээсээ зөв байсныг нотлон харууллаа. Тийм болохоор тэнцвэртэй, олон тулгуурт гадаад бодлогыг бид цаашид ч тууштай баримтлах ёстой. Нөгөөх нь сүүлийн үед улс орнуудын гадаад, дотоод бодлогын зааг ялгаа илэрхий бүдгэрч байгаа явдал.

Манай нөхцөлд ГХЯ зөвхөн гадаад харилцааны салбар гэлтгүй, улс орны өмнө тулгамдсан бүх асуудалд оролцдог болсон нь цар тахлын үеэс эхэлсэн харьцангуй шинэ үзэгдэл юм.Олон улсын улс төр, манай үндэсний аюулгүй байдлын гадаад, дотоод орчинд сүүлийн үед гарч байгаа өөрчлөлт, динамикийг төр, засгийн удирдлага цаг тухайд нь мэдэрч, ГХЯ нөөц бололцоогоо маш тодорхой, прагматик зорилтуудад чиглүүлж ажилласны үр дүнд 2022 онд бид томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Сүүлийн 30 гаруй жилд бид жилд дунджаар 2-3 том айлчлал хэрэгжүүлдэг байсан бол энэ жил өндөр, дээд хэмжээнд 10 гаруй айлчлал хийлээ. Хоёр хөрш, гуравдагч хөршүүдийн гадаад харилцааны зургаан сайдыг эх орондоо айлчлууллаа. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсад айлчиллаа. Эдгээр айлчлалын үр дүнд харилцаа, хамтын ажиллагааны олон асуудлыг нааштайгаар шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүллээ. Олон улсын тавцан дахь манай улсын нэр хүнд ч мэдэгдэхүйц өссөн гэдгийг ч дотоод, гадаадын судлаачид, ажиглагчид онцолж байгаа.

-НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн Монгол Улсад хийсэн айлчлал олон улсын анхаарлыг татсан. Амаргүй үед НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга яагаад Монгол Улсад айлчлах болов?

-Манай гадаад бодлогын амин сүнс нь тэнцвэртэй харилцаа гэж би сая хэлсэн. Хоёр хөрш болон гуравдагч хөршүүдтэй харилцаа тэнцвэртэй байх ёстой. Хоёр хөршийн харилцаа бас хоорондоо тэнцвэртэй байх ёстой. Энэ бол манай үндэсний аюулгүй байдлын нэг тулгуур багана. Нөгөө нэг багана нь олон талт хамтын ажиллагаа. Дэлхий дахины болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтад Монгол Улс өөрийн хувь нэмрийг оруулах ёстой, оролцоогоо тогтмол нэмэгдүүлэх ёстой. Монгол Улс цөмийн зэвсэггүй статусаа зарласны 30 жил, энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойтой давхцуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийг эх орондоо урьж НҮБ-ын системийн болон төрөлжсөн байгууллагуудтай тогтоосон хамтын ажиллагааг улам өргөжүүлэх чиглэлээр яриа хэлэлцээ хийсэн явдал олон улсын улс төрийн өнөөгийн нөхцөлд ихээхэн ач холбогдолтой байсан юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсыг “энх тайвны бэлгэ тэмдэг” хэмээсэн нь НҮБ-ын үйл ажиллагаа, түүний энхийн үйлсэд бидний оруулсан хувь нэмрийг үнэлсэн хэрэг. Бас манай цөмийн зэвсэггүй статусын ач холбогдол улам нэмэгдэж байгааг харуулсан хэрэг. Энэ айлчлалаар Монгол Улсад НҮБ-ын хэрэгжүүлдэг олон улсын хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүдийн үр ашгийг нэмэгдүүлэх талаар ул суурьтай ярилцсан. Цаашид бид НҮБ-аас хэрэгжүүлж буй олон улсын хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүдийн үр ашгийг нэмэгдүүлэх, “НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилт-2030”-ыг Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүд, түүний дотор “Тогтвортой хөгжил 2030”, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх чиглэлээр түлхүү хамтран ажиллахаар төлөвлөж байна.

-Манай улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөж байна гэлээ. Энэ тухай дэлгэрүүлээч?

-2022онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаас гадна НҮБ-ын ЕНБД-ын энхийн ажиллагаа хариуцсан орлогч, ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал, Канадын Парламентын Сенатын танхимын дарга, Шведийн парламентын дэд дарга, ОХУ, БНХАУ, Польш, Япон, БНСУ, Лаосын Гадаад хэргийн сайд нар, Тайландын худалдааны сайд, Японы парламентын гишүүдийн төлөөлөл, Энэтхэгийн Хууль зүйн сайд, Батлан хамгаалахын сайд болон Үндэсний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга, Германы Холбооны зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга зэрэг өндөр албан тушаалтнууд манай улсад айлчиллаа. Бүгд манай гадаад бодлогын болон хоёр талын харилцааны маш тодорхой зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн дэс дараатай, давтамжтай, төлөвлөгөөтэй айлчлалууд. Ерөнхийд нь дүгнэж хэлбэл, эдгээр айлчлал манай олон тулгуурт гадаад бодлогыг баталгаажуулахын зэрэгцээ миний “амин сүнс” гэж нэрлээд байгаа харилцааны тэнцвэртэй байдлыг хадгалах чиг шугамдаа манай улс тууштай байгааг дэлхий нийтэд нотолсон хэрэг юм.

Энэ онд манай хоёр хөрш орны Гадаад хэргийн сайд нар дараалан Монгол Улсад айлчилж, манай талаас ч өндөр дээд хэмжээний айлчлал хэрэгжүүлсэн нь анхаарал татсан.Эдгээр айлчлалуудын үр дүнгийн талаар дурдвал?

-Өмнөд хөршид цар тахлын онцгой хатуу дэглэм үргэлжилж гадаад айлчлалыг эрс хязгаарласан хэвээр байсан ч хоёр талын харилцаа 2022 онд эрчимтэй өрнөлөө. Хамгийн сүүлд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д төрийн айлчлал хийж хамтын ажиллагааг бүх салбарт идэвхжүүлэн худалдааны хэмжээг ирэх таван жилд 20 тэрбум ам.долларт хүргэхийг зорьж ажиллахаар тогтлоо. Цаашид уул уурхайн бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, нүүрсээ урт хугацаанд тогтвортой экспортлох, худалдааны бүтцийг төрөлжүүлэх, газрын тосны хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүтээн байгуулалтын төслүүдийн явцыг урагшлуулах зэрэг өргөн хүрээтэй асуудлыг ярьж тохирсон. Мөн дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх бүх нийтийн үйлсэд хувь нэмрээ оруулах зорилгоор манай Ерөнхийлөгчийн санаачилсан “тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг Хятадын тал дэмжиж хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцсон. Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр нийт 16 баримт бичигт гарын үсэг зурж, хамтын ажиллагааны тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг тусгасан 19 заалт бүхий хамтарсан мэдэгдэл гаргасан нь улс төр болон эдийн засгийн хувьд онцгой ач холбогдолтой үйл явдал юм. Хойд хөршийн хувьд В.Лавров сайд намар манайд айлчлахдаа Монгол, Оросын харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд амжилттай хөгжиж байгааг тэмдэглэсэн, харилцан итгэлцсэн хамтын ажиллагааг бэхжүүлэх сонирхлоо хоёр тал нотолсон. Хоёр хөрштэйгөө тэнцвэртэй харилцааг хөгжүүлэхдээ бид эдийн засгийн гурван талт хамтын ажиллагааны санаачилгуудыг урагшлуулахыг зорьдог. Гурван улсыг холбосон эдийн засгийн коридор байгуулах, манай улсаар дайруулан хийн хоолой татах, зүүн болон баруун босоо чиглэлийн төмөр зам барих, улс дамнасан автомашины тээврийг хөгжүүлэх зэрэг тодорхой төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлд ахиц дэвшил гарч яриа хэлцэл тасралтгүй үргэлжилж байгаа.

-Манай улс гуравдагч хөрш орнуудтай хөгжүүлж буй харилцаанд ямар ахиц гарав?

-Хоёр хөрштэй харилцаа идэвхжихийн хэрээр гуравдагч хөршүүдтэй харилцаа ижил хэмжээнд өргөжих ёстой. Тэнцвэртэй байлгах логикийн үүднээс. Энэ жилийн манай гадаад арга хэмжээг координатын хавтгай дээр 3 тэнхлэгт хуваан зураглаж үзвэл энэ тэнцвэр хадгалагдаж байгаа нь илэрхий харагдах байх. Энэ жил Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон улсад төрийн айлчлал хийж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур, Герман улсад айлчилсан. Японы хувьд манай ерөнхийлөгч 12 жилийн дараа төрийн айлчлал хийлээ. Япон улсад хийсэн айлчлал 50 жилийн түүхтэй хоёр улсын дипломат харилцааг ирэх 50 жил хөгжүүлэх хэтийн төлөвийг тодорхойлоход чухал ач холбогдолтой боллоо. Энэ хүрээнд хоёр талын харилцааг шат ахиулах зорилгоор “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл”-ийг зарлаж, хамтарсан мэдэгдэл гаргасан. Цаашид бүх салбарт хүний нөөцийг чадавхжуулах “хүн төвтэй” хамтын ажиллагаа хөгжүүлэх зорилтыг тодорхойлсон. Японы тал мөн манай Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг дэмжиж манай улсад 50 мянган мод тарих, 20 мянган хүүхэд залуусыг танин мэдэхүйн сургалтад хамруулах зэрэг тодорхой асуудлыг ярьсан. Мөн Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Монгол Улсын эрчим хүчний хангамжийг сайжруулах төсөл” хэрэгжүүлэхээр болж ноот бичиг солилцсон.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур улсад албан ёсны айлчлал хийж харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, Сингапурын хуримтлалын сан, төрийн өмчит компаниудын засаглал, хот төлөвлөлт, нийтийн орон сууцны хөтөлбөр, цахим засаглал, мэдээллийн технологид суурилсан төрийн албаны шинэчлэл зэрэг мэдлэгт суурилсан хөгжлийн туршлагыг Монгол Улсад нутагшуулах асуудлыг хэлэлцэж хамтын ажиллагааны гурван баримт бичиг байгуулсан. Ерөнхий сайд мөн ХБНГУ-д айлчилж хоёр талын харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх талаар зарчмын хувьд тохиролцсон. Айлчлалын үеэр Герман Улстай зэс боловсруулах үйлдвэр, цахилгаан автомашины гол түүхий эд болох газрын ховор элементийг хагас боловсруулах үйлдвэр байгуулах чиглэлээр судалгааны ажил эхлүүлэхээр тохирч эрчим хүч, тээвэр логистик, уул уурхай, мэдээлэл технологи, хот төлөвлөлт, хөдөө аж ахуй, ойн инженер зэрэг салбарт 1000 инженерийг үе шаттай бэлтгэх хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр боллоо. Мөн БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин Монгол Улсад айлчлах үеэр газрын ховор элементийн Монгол, Солонгосын хамтарсан судалгааны төв байгуулахаар болсон, үйл ажиллагаа нь эхэлчихсэн байгаа. Ярилцлагын эхэнд би “гадаад харилцааны салбарт 2022 онд бид томоохон ажлуудыг хийж гүйцэтгэлээ” гэсэн нь эдгээр тодорхой ажлуудыг хэлсэн хэрэг.

-Ирэх 2023 оны олон улсын харилцааны ерөнхий төлөв байдал ямар байх бол?

-Манай улс төр болон чиглэлийн газрууд олон улсын улс төрийн нөхцөл байдлын өрнөлт, харилцааны чиг хандлагыг ажиглаж байгаад Монгол Улсын гадаад улс төрийн орчин нөхцөлийн талаарх таамаг төсөөллийг жилээр, улирлаар гаргаж танилцуулдаг. Ингэхдээ энэ жил, энэ улиралд тэгэх төлөвтэй байна, ингэх төлөвтэй байна гэж таамаглахаасаа илүү өрнөлтийг нь дор хаяж 2-3 сценари хувилбараар төсөөлж гаргахыг хичээдэг. Олон улсын тавцанд өнөөдрийн хямрал, сөргөлдөөн урт хугацаанд үргэлжилбэл мэдээж манай гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд хүндрэл бэрхшээл гарна. Гэсэн хэдий ч ямар ч тохиолдолд манай гадаад бодлогын тэнцвэртэй харьцаа хэвээр хадгалагдах ёстой. Дипломат ажил тасралтгүй, тогтмол, байнгын шинж чанараараа улам үнэ цэнэтэй болдог. Бид хилийн чанад дахь дипломат төлөөлөгчдийн газрууд болон төвийн ажилтнуудын уулзалтын тэмдэглэл, мэдээ, илтгэх хуудас, танилцуулгад тогтмол дүн шинжилгээ хийж байж үйл ажиллагаагаа төлөвлөж, цаашдын чиг баримжаагаа тодорхойлох ёстой. Ялангуяа гадаад улс төрийн орчин тогтворгүй, олон улсын сөргөлдөөн, хориг арга хэмжээ даамжирсан нөхцөлд эдгээрээс үүдсэн зайлшгүй хязгаарлалтуудыг дүн шинжилгээний чадавхаар нөхөх оролдлого хийх нь хамгийн утга учиртай ажил болно. Иймд бид ирэх жил ГХЯ-ны дүн шинжилгээний чадавхыг бэхжүүлэх чиглэлд түлхүү анхаарах болно. Дүн шинжилгээнд суурилсан чанар болон агуулга сайтай цөөн хэдэн айлчлал төлөвлөх болно. Дипломат ажилтнуудынхаа ур чадварыг дээшлүүлэх, төр засгийн удирдлагад танилцуулдаг мэдээ, дүгнэлтээ сайжруулах чиглэлээр дорвитой ажлуудыг төлөвлөж хэрэгжүүлнэ. Ирэх жилийн ерөнхий төлөвийн хувьд гэвэл томоохон улс орнуудын сөргөлдөөн тэмцэл, хориг хязгаарлалтууд хэвээр үргэлжилж Дэлхийн худалдааны байгууллага зэрэг олон талт инститүцүүдийн тогтоосон хэм хэмжээ, дүрэм журмыг тойрч гарах гэсэн хандлага газар авч магадгүй гэсэн таамаг байгаа. Ийм нөхцөлд ихэнх улс орнууд эдийн засгийн протекционист бодлого явуулж таарна. Украины дайн сунжирч дахиад 2-3 жил үргэлжилж магадгүй гэсэн таамаг байна. Тэгсэн тохиолдолд дэлхийн эрчим хүчний хомсдол хүрээгээ тэлж, байгалийн хий, газрын тосны үнэ улам нэмэгдэхийн хэрээр олон улсад эдийн засгийн хямрал нүүрлэх эрсдэлтэй. Дээр нь цар тахлын аюул бүрэн арилаагүй, шинэ төрлийн халдварууд хэзээ гэнэт дэлгэрч, хэрхэн тархаж түгэхийг хэлж мэдэх аргагүй байна. Тийм болохоор цаашид манай улс гадаад бодлогын үндсэн зарчмуудаа тууштай баримталж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа тэлж, хилийн чанад дахь Монгол Улсын дипломат төлөөллийг жигд өргөжүүлж, хоёр хөрш болон гуравдагч түнш орнуудтайгаа тэнцвэртэй хамтын ажиллагааг улам идэвхжүүлэхэд онцгой анхаарч ажиллах шаардлагатай болж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн DNN.mn

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 28, Буд гариг. Билгийн тооллын 6, Чөдөр одтой, хөхөгчин туулай өдөр. Өдрийн наран 8 цаг 41 минутад мандан, 17 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө -16 хэм хүйтэн байна DNN.mn


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -30…-32 градус, бусад хэсгээр -25…-27 градус, өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө Халх голын хөндийгөөр ялимгүй цас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -36…-41 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -29…-34 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон Онон, Улз голын хөндийгөөр -17…-22 градус, бусад нутгаар -23…-28 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -22…-27 градус, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -17…-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -6…-11 градус, бусад нутгаар -12…-17 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -26…-28 градус, өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -29…-31 градус, өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Генерал Малафейкин​” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Хүнс, хөдөө аж ахуй,
хөнгөн үйлдвэрийн
сайд Х.Болорчулуун “Малчид мах
экспортлох эрхтэй үйлдвэрт
малаа худалдах замаар нөөцийн
үр ашгийг хүртэх боломжтой” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Хөрөнгийн зах зээлийн
судлаач Г.Мөнх-Эрдэнэ “ЭТТ компанийн
1072 ширхэг хувьцааг үнэ цэнэтэй
болгох нь Засгийн газрын үүрэг” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Генерал Малафейкин” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Стандарт хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүн “Бизнест төрөөс ямар ч дарамт
үзүүлэхгүй, стандартаа мөрд гэсэн
шаардлага л тавина” хэмээн ярилаа.

Бид хийх ажилгүйдээ энд зогсоод байгаа юм биш.
Тэвчээр тасарч байна гэв.

Мэдээллийн технологийн инженер Г.Ирээдүй “Шинээр гарсан койнууд
400 тэрбум төгрөг босгосон ч
95 хувь нь шатсан” гэв.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах 19 нэр төрлийн бүтээгдэхүүний төслүүдийг санхүүжүүлнэ DNN.mn

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хүчингийн хэрэгт холбогдсон уу

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлж байгаа олон улсын төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийв.

Сайд Х.Болорчулуун мэдээлэлдээ тус салбарт гадаадын зээл тусламжаар хөнгөлөлттэй зээлийн 7 төсөл, буцалтгүй тусламжийн 10, техникийн хамтын ажиллагааны 17 төсөл хэрэгжиж байна. Тус яаманд гадаадын зээл, тусламжаар нийт 7 төсөл хэрэгжиж байгааг дурдахын зэрэгцээ төсөл нэг бүрээр дэлгэрэнгүй танилцууллаа. Тухайлбал, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих, маркетингийн үр ашгийг дээшлүүлэх замаар өрхийн жижиг хүнсний ногоо эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой 46.25 сая ам.долларын санхүүжилттэй “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй төсөл” нь 2020-2026 оны хооронд хэрэгжиж байна. Төслийн зорилго нь 7 аймгийн 11 сумдад, газар тариалангийн хүрээлэнгийн нийт 13 услалтын системийг (5031 га талбайг хамарсан) шинэчлэн, сэргээн засварлаж усалгаатай тариалан эрхлэх нөхцөлийг бүрдүүлж, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үр тариа, тэжээлийн ургамлын тариалалтыг нэмэгдүүлэхэд чиглэжээ.

Орон нутгийн иргэд, ногоочдын бүлгийн оролцоотойгоор услалтын системүүдийн талбайн захаар нийтдээ 70 км-ээс багагүй урттай ойн зурвас байгуулж, тариалангийн талбайн хөрс салхинд элэгдэж эвдрэхээс хамгаалах, салхины сөрөг нөлөөллийг буруулах ажлыг хэрэгжүүлнэ. Газар тариалангийн хүрээлэнгүүдийн хүнсний ногооны үр үйлдвэрлэлийг дэмжихээр үр үржүүлгийн болон талбайн техник тоног төхөөрөмжөөр хангана. Төслийн сумдад ногоочдын бүлэг байгуулж, хүнсний ногооны үйлдвэрлэлийн улирлын хамаарлыг багасгах, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, өндөр үр ашигтай хүнсний ногооны тариалалтыг дэмжих зорилгоор төсөл хэрэгжих сумдад өвлийн хүлэмж болон зоорь барьж байгуулна гэдгийг сайд мэдээлэлдээ дурдав.

Мөн Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар хүнсний ногооны үр, хүнсний ногооны үйлдвэрлэлийг тус тус бэхжүүлэх, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхэлдэг иргэн, хоршоог дэмжихэд чиглэсэн, хүнсний ногооны үйлдвэрлэлийн ажлыг механикжуулах, дуслын усалгааны технологи нэвтрүүлэх, механикжсан зоорь, өвөл, зуны хүлэмжийн тоо хэмжээ, хүчин чадлыг нэмэгдүүлэх замаар импорт, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, дотоодын үйлдвэрлэлээр хүнсний ногооны хэрэгцээг хангах зорилготой “Хоршоолсон хэлбэрээр ногоооны аж ахуй эрхлэх замаар өрхийн амьжиргааг сайжруулах төсөл” нь 2018-2023 онд нийт 3.5 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжиж байгааг дурдаад төслийн хэрэгжилт 86 хувьтай байна гэж байлаа.

“Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил” төсөл нь агробизнесийн чиглэлийн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулах замаар хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийг дэмжин ажлын байр бий болгох, Монгол Улсын эдийн засгийг солонгоруулах, ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулах зорилготойгоор Азийн хөгжлийн банкны 50.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 2016 оны 3 дугаар сарын 1-нээс 2021 оны 6 дугаар сарын 30-ны хооронд хэрэгжиж дууссан. 2021 оны 10 дугаар сард “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил” нэгж байгуулагдаж аж ахуйн нэгжүүдэд зээл олгох үйл ажиллагаа үргэлжилж байгааг Х.Болорчулуун сайд мэдээлэлдээ дурдаад төслийн хугацаанд ноос, ноолуур, арьс шир, оёдол, мах, сүү, чацаргана болон жимс жимсгэнэ, зөгий, хүлэмжийн аж ахуй болон даршилсан ногоо, эрчимжсэн аж ахуй, үрийн үйлдвэрлэл салбарын 45 аж ахуйн нэгжид нийтдээ 106.8 тэрбум төгрөгийн зээл олгосныг онцолсон.

Мөн Дэлхийн банкны санхүүжилтээр, мал сүргийн эрүүл мэнд, ашиг шим, нэмүү өртгийн сүлжээний эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, онцгой нөхцөл байдал, гамшгийн үед шуурхай, үр дүнтэй хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Дэлхийн банкны санхүүжилттэй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл”-ийг 2020-2025 онд 30.0 сая ам.долларын санхүүжилттэй хэрэгжүүлж буй бөгөөд тус төсөл нь Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дундговь аймгийн 80 сумдад хэрэгжиж байгааг мэдээлэлд дурдсан байв. Түүнчлэн Монгол Улсын уул уурхайн бус салбарын жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн экспортын чадавхыг сайжруулах, экспортын зах зээлийг тэлэх, “КОВИД -19” цар тахлын үр нөлөөллийг бууруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой “Экспортыг дэмжих төсөл” нь Дэлхийн банкны 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 2016-2019 оныг дуустал Сангийн яаманд, 2020 оноос эхлэн ХХААХҮЯ-нд хэрэгжиж байгаа бөгөөд төслийн хэрэгжилт 72 хувьтай байгаа аж. НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн санхүүжилтээр хөдөөгийн орлого багатай иргэдийн орлогыг нэмэгдүүлж, амьжиргааг нь дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл” нь 2018-2023 онд 9,06 сая ам.долларын санхүүжилттэйгээр Архангай, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатар аймгуудад хэрэгжиж байгаагийн зэрэгцээ Япон улсын Засгийн газрын иений хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжигдсэн, Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, мөн байгаль орчныг хамгаалах үндсэн зорилго бүхий “Хоёр-үе шаттай зээлийн төсөл” нь анх 2006 оноос эхэлсэн бөгөөд төслийн 1 дүгээр үе шат нь 2006-2010 онуудад 2.9 тэрбум иений эх үүсвэртэйгээр, 2 дугаар үе шат нь 2011-2015 онуудад 5.0 тэрбум иений эх үүсвэртэйгээр тус тус амжилттай хэрэгжсэн гэдгийг мэдээлэлд дурдав.

Мөн тэрбээр, Ерөнхийлөгчийн санаачилгаар ирэх таван жилд гол 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилгоор батлуулсан УИХ-ын энэ оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр 2023 онд гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр нийт 190.2 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатайгаас тус салбарт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдээс нийт 65.7 тэрбум төгрөгийн арга хэмжээг санхүүжүүлэн ажиллахаар төлөвлөж байна гэв.

Categories
мэдээ нийгэм

Элчин сайд И.К.Азизов нутаг буцахаар болжээ DNN.mn

Элчин сайд И.К.Азизовыг дуудаж уулзсан" | News.MN

ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизов оноос өмнө нутаг буцахаар болсныг эх сурвалж батлав.

Тэрбээр 2013 оны есдүгээр сарын 23-наас Монгол Улсад суух ОХУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ирж, одоог хүртэл ажиллаж байна.

Өнгөрсөн гуравдугаар сард ОХУ-ын Элчин сайдын яам албан ёсны фэйсбүүк хуудсаар “Монголын Ардчилсан Намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд” гэсэн пост нийтлэгдэж иргэдийн шүүмжлэлийг дагуулж байв. Уг асуудлаар Гадаад Харилцааны сайд Б.Батцэцэг Элчин сайд И.К.Азизовыг дуудаж уулзан, учир байдлыг тайлбарлуулан иргэдийг бухимдуулах асуудал үүсгэснийг өөрт нь анхааруулсан үйл явдал болсон.

Түүнчлэн ГХ-ны сайд Б.Батцэцэг ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзаж, Элчин сайдын асуудлаар санал гомдлоо хэлсэн удаатай байна.

Categories
мэдээ нийгэм

“Green fest-2022” он дуустал үргэлжилнэ DNN.mn

Улаанбаатар хот

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “Хайлахгүй” уриан дор зохион байгуулж буй “Green fest-2022” арга хэмжээг албан ёсоор нээлээ. Тус арга хэмжээг БОАЖЯ, НЗДТГ, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв, “Оргилмедиа менежмент” ХХК, “Мөнгөн Цой” ХХК болон олон улсын байгууллагууд хамтран зохион байгуулж буй.Энэ хүрээнд Сүхбаатарын талбайд арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал өдөр бүр урлагийн тоглолт, тусгай хөтөлбөрүүдийг олон нийтэд хүргэх юм. Мөн төв талбайд мөсөн гулгуурын талбай, мөсөн хотхон байгуулж, гэрлэн чимэглэлүүд хийж, шинэ жилийн уур амьсгал оруулсан.

Төв талбайн гацууруудыг 100 хувь дахин боловсруулсан материалаар НҮБ-ын Хүүхдийн сангийн өсвөрийн хүүхдүүд зассан бол гэрлэн чимэглэл, цагаан баавгай зэргийг дахин боловсруулсан материалаар чимэглэсэн аж.Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “БОАЖЯ нь НЗДТГ-тай хамтарч арванхоёрдугаар сарын 1-31-нийг хүртэл өдөр бүр арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байсан. Тус арга хэмжээ зайлшгүй нөхцөл байдлын улмаас хойшилсоор, өнөөдөр албан ёсоор нээж байна.

Энэ хүрээнд орой бүр тусгай хөтөлбөрүүд бэлтгэсэн. Мөн төв талбайн гэрлэн чимэглэлүүдийг нэмж, мөсөн хотхон, мөсөн гулгуур хийлээ. Хүүхэд багачууд болон иргэд төв талбайгаа зорин ирэх нь ихэссэн байна. Та бүхнийг арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл өдөр бүр 20:00 цагаас хүрэлцэн ирэхийг урьж байна” гэв.Иргэд гэр бүл, найз нөхдийн хамт мөсөн хотхон, гэрлэн чимэглэлүүдийн дэргэд зургаа татуулж, шинэ жилийн уур амьсгалыг мэдрэхийн сацуу сайхан дурсамж бүтээх боломжтой байхаар зохион байгуулалтыг хийжээ. Мөн худалдааны цэгүүдэд түргэн хоол, халуун уух зүйлс, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн шинэ жилийн холбогдолтой бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдаалахаар төлөвлөсөн байна. “Green fest-2022” арга хэмжээний урлаг соёлын хөтөлбөр богино буюу 30 минут үргэлжлэх юм.

Categories
мэдээ нийгэм

ШУА-иас эрхлэн гаргадаг танин мэдэхүйн цуврал номын нээлт болов DNN.mn

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академиас 2015 оноос шинжлэх ухааны танин мэдэхүйн хялбаршуулсан цуврал номыг эрхлэн гаргаж, олны хүртээл болгож байна. 2022 онд 14 цуврал бичиж, хэвлүүлж өнөөдөр нээлтээ хийлээ.

Энэхүү цуврал бүтээл нь шинжлэх ухааны олон салбар, чиглэлийн мэдлэгийг энгийн ойлгомжтой хэлбэрээр хялбаршуулан бичсэнээрээ онцлог бөгөөд хүүхэд, багачуудад шинжлэх ухааны мэдлэг олгох, цаашлаад шинжлэх ухаанч иргэн болгон төлөвшүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.

ШУА-ийн эрдэмтдийн энэ онд гаргаж буй цуврал нь “Энергийн гайхамшиг ба түүний хэлбэрүүд”, “Нобелийн шагналт Морин шарилж”, “Гүн сургалт”, “Од, Одны хувьсал”, “Эрчим хүчний нөөцлүүр”, “Байгалийн цеолит ба түүний хэрэглээ”, “Темперамент хэв шинжийг үлгэрээр дүрслэх нь”, “Монголчуудын цагаан сар”, “Атомын тухай ярилцъя”, “Улс төрийн соёлын тухай”, “Нефть, түүний найрлага, шинж чанар, боловсруулалт”, “Нүүрс-хар алт”, “Үгийн өвгөн утгын таяг тулмуй”, ”Монгол шагайн наадгай” зэрэг сэдвээр бичигджээ. 2015 оноос хойш тогтмол хэвлэгдэж буй энэхүү хялбаршуулсан номын тоо өнөөдөр ийнхүү 95 болж баяжигдаж нийтийн хүртээл болж байна

ШУА-иас эрхлэн 2022 онд шинээр хэвлэн олны хүртээл болгож буй Танин мэдэхүйн цуврал бүтээлийн товч агуулгыг танилцуулбал:

Танин мэдэхүйн цуврал-82: Зохиогч академич Д.Содномдорж

“Энергийн гайхамшиг ба түүний хэлбэрүүд” “Энерги” гэж юу болох, эрдэмтэн судлаачдын сонирхлыг сүүлийн 100 орчим жилийн турш татсаар ирсэн орчлон ертөнцийн энергийн бүтэц, түүний дөрвөн хэлбэрийн талаарх судалгаа, түүний оршин буй хэлбэрүүд, энерги нэг хэлбэрээс нөгөөд хэрхэн хувирч байдаг, энергийн гайхамшигтай шинж чанарууд болон орчлон ертөнцийн энергийн бүтцийн талаар энэхүү номоос та бүхэн сонирхон үзээрэй.

Танин мэдэхүйн цуврал-83: Зохиогч Оюунбилиг (PhD) Д.Өсөхжаргал (PhD), О.Хонгорзул (PhD)

”Нобелийн шагналт морин шарилж”

Морин шарилжийг эртнээс азийн уламжлалт анагаах ухаанд хорь гаруй өвчнийг анагаахад ашиглаж ирсэн бөгөөд сүүлийн хагас зуунд, хумхаа өвчний эсрэг морин шарилжид агуулагдах гол үйлчилгээтэй бодис болох артемизининыг нээн илрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн эрдэмтэн Юу Юу Ту нь 2015 онд физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагнал хүртсэн байна.

Гайхамшигт Морин шарилжийн тухай ойлголт, уламжлалт хийгээд орчин үеийн судалгаа, ач холбогдол, хэрэглээ, хэрхэн тариалах талаар шинжлэх ухааны баримтаар баяжуулан таниулжээ.

Танин мэдэхүйн цуврал-84: Зохиогч Э.Соджамц (MA)Ууганбаатар (PhD)

“Гүн сургалт”

Гүн сургалт нь тархины ажиллах зарчмаас санаа авсан нэг төрлийн математик загвар бөгөөд өгөгдөл дээр тулгуурлан хамгийн магадлал өндөртэй шийдвэрийг таамаглах зорилготой нейроны сүлжээ ашигладаг Хиймэл Оюуны салбарын чиглэл юм.

Гүн сургалт гэж юу болох, үүсэл, хөгжил, ажиллах зарчим, сургалтын төрлүүд, хэрэглээ, сургалтыг сайжруулах аргууд, өгөгдлийн тухай маш сонирхолтой, содон мэдээллүүдийг агуулжээ.

Танин мэдэхүйн цуврал-85: Зохиогч Д.Батмөнх (PhD)

“Од, одны хувьсгал”

Бидний оршин буй галактикт 100 гаруй тэрбум од байна. Од олон тэрбум жил амьдравч хувьсан өөрчлөгдөн мөхдөг, оддын мөхөл дараагийн шинэ залуу од бий болох нэгэн бүрэлдэхүүн хэсэг болон үргэлжилдэг тухай, одны хэмжигдэхүүн, хэмжээ, масс, ангилал, дотоод бүтэц, хувьслын талаар энэхүү номоос үзээрэй.

Танин мэдэхүйн цуврал-86: Зохиогч Г.Пүрэвдорж (PhD)

“Эрчим хүчний нөөцлүүр”

Эрчим хүчний салбарт нэвтэрч байгаа орчин үеийн оюуны багтаамж өндөртэй шилдэг техник, технологийн тухай анхны мэдэгдэхүүнийг энэхүү номоос аваад зогсохгүй цахилгаан химийн аргаар эрчим хүч нөөцлөх арга, төхөөрөмж, нөөцлүүрийг ашиглах, туршлага зэргийг судлах боломжтой.

Танин мэдэхүйн цуврал-87 Зохиогч: Ц.Болортамир (PhD)

“Байгалийн цеолит ба түүний хэрэглээ” Байгалийн цеолитын бүтэц, шинж чанар, түүний ион солилцлын багтаамж, технологи хэрэглээний тухай ойлголт болон Монгол орны цеолитын нөөц, судлагдсан байдлын талаар уншаарай.

Танин мэдэхүйн цуврал-88: Т.Энхнаран, Т.Ганцэцэг (PhD), Ж.Оюунсүрэн

“Темперамент хэв шинжийг үлгэрээр дүрслэх нь” хувь хүний бие-сэтгэцийн олон онцлогуудын нэг нь темперамент буюу зан чанарын тухай, бие хүний онцлогийн тухай эртний үзэл санаануудыг орчин үеийн судалгаатай хослуулан бичсэн.

Тархи судлал, сэтгэл судлал, темперамент, түүний тухай үлгэр, хүүхдийн темперамент тодорхойлох арга зэргийг судлаачдын дэвшүүлсэн таамаглал, онолуудыг тайлбарласан зарим судалгааны талаар эндээс сонирхоорой.

Танин мэдэхүйн цуврал-89: Зохиогч Г.Бямбарагчаа), Ч.Мөнхтөр

“Монголчуудын цагаан сар”

Монголчуудын уламжлалт цагаан сар-ёслол нь Монгол үндэстний өнгөрсөн түүхийг эргүүлэн санах монгол үндэсний төрт ёсны түүхэн уламжлалыг хадгалсан хамгийн том үндэсний баяр болохын хувьд бичиг сурвалжид анх тэмдэглэгдсэнээс эхлээд жуулчдын тэмдэглэл, битүүлэх ёс, шинэлэх ёс, бэлэг солилцоо, хөөрөг зөрүүлэх, уламжлалт тоглоом наадгайн талаар бичжээ.

Танин мэдэхүйн цуврал-90: Зохиогч Ц.Цогбаяр (PhD)

“Атомын тухай ярилцья”

Материйг бүрдүүлэгч үндсэн нэгж болох атом болон түүний доторх цэнэгт эгэл бөөмс, түүнчлэн химийн элементүүдийг эрэмбэлэх ерөнхий зүй тогтлын тухай ойлголтыг багтааж, атомын тухай анхны ойлголт, бүтэц, квант онол, Борын дэвшүүлсэн атомын загварын талаар эндээс уншаарай.

Танин мэдэхүйн цуврал-91: Зохиогч О.Хатанболд (PhD), А.Хишигдаваа (PhD)

“Улс төрийн соёлын тухай”

Улс төр гэж юу болох, түүний соёлын үүсэл хөгжил, улс төрийн систем, төр, орчин цагийн монголчуудын улс төрийн соёлыг ойлгох ойлголт, улс төрийн нам, сонгуулийн үйл явц зэрэг цогц ойлголтын талаар үзэх боломжтой.

Танин мэдэхүйн цуврал-92: Зохиогч Б.Хулан (PhD), Б.Ганцэцэг (PhD)

“Нефть шингэн алт”

Дэлхийн эдийн засгийн өртгийг тодорхойлогч “шингэн хар алт” хэмээн нэрлэгдэх нефть гэж чухам юу болох, найрлага шинж чанар, улмаар тэдгээрийн боловсруулалтын дүнд түлш шатахуун, химийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг хэрхэн гарган авах тухай мэдээллийг шинжлэх ухааны үндэслэлтэй бичжээ.

Танин мэдэхүйн цуврал-93: Зохиогч Г.Шийрав (PhD)

“Нүүрс хар алт” Монголчуудын нүүрс ашиглаж ирсэн түүх, нүүрсний үүсэл, хуирал, шинж чанар, яагаад хар алт хэмээн нэрлэх болсон тухай энэхүү номоос үзээрэй.

Танин мэдэхүйн цуврал-94: Зохиогч Ж.Бат-Ирээдүй (PhD)

“Үгийн өвгөн утгын таягт тулмуй”

Монгол хэлний хэлц хэллэгүүдийн утга, хэлц өгүүлбэрийн утга, хэрэглээ, ангилал, утгын тайлал зэргийг эндээс үзээрэй.

Танин мэдэхүйн цуврал-95: Зохиогч Г.Батмөнх, Б.Мөнх-Эрдэнэ

“Монгол шагайн наадгай”

Монголчуудын уламжлалт наадгай болох шагайн наадгайн үүсэл хөгжил, холбогдолтой аман наадгай, төрөл зүйлийн талаар уг номоос сонирхоорой.

Ташрамд дурдахад, эдгээр цуврал ном нь гадуур номын дэлгүүрээр худалдаалагддаггүй бөгөөд ЕБС-иудийн номын сангаар тараагдан хүүхэд багачуудын гар дээр очдог юм.

Categories
мэдээ нийгэм

Төрийн ордны гадаах нүцгэн суултыг зохион байгуулсан гэх иргэнийг 1 сарын хугацаатай цагдан хорьжээ DNN.mn

Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулдаг өдөр/2022.12.21/ Төрийн ордны баруун хаалганы дэргэд 30 иргэн нүцгэн суулт зарласан. Уг суултыг зохион байгуулсан гэх иргэн Э-г цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргажээ.

Тодруулбал, энэ сарын 23-нд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3-д заасан үндэслэлээр нэг сар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Тухайн өдөр нүцгэн суулт зарласан иргэдийн гурав нь ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 59,055 багш, удирдах ажилтны дипломд хяналт үнэлгээ хийхэд 724 зөрчил илэрчээ DNN.mn

Боловсрол, шинжлэх ухааны яам (БШУЯ) болон Мэргэжлийн хяналтын байгууллага хамтран найман сарын хугацаанд улсын хэмжээнд СӨБ, ЕБС-ийн 59,055 багш, удирдах ажилтны боловсролын баримт бичигт хяналт, шинжилгээ үнэлгээ хийжээ. Улмаар 724 зөрчлийг илрүүлж, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн талаар мэдээлэв.

Мөн дахин нягтлах шаардлагатай 2,000 орчим баримт бичиг байгаа аж. Зөрчилтэй гэж үзсэн 724 дипломыг ангилж үзвэл,

  • Дипломын дугаар давхардсан
  • Бүртгэлд огт байхгүй дугаар бичсэн
  • Өмнөх болон дараагийн шатны боловсролын баримт бичгийн зөрчил
  • Боловсролын байгууллага буюу сургуулийн буруутай үйлдэл
  • Боловсролын удирдах дээд байгууллагын алдаа зэрэг тус тус байна.

Шалгалтын дүн мэдээллээс харвал бага ангийн багш, цэцэрлэгийн багшийн эрэлт хэрэгцээ их байдгийг ашиглах буюу энэ мэргэжлээр дипломын зөрчил үүсгэх нь түгээмэл байсныг мэдээллээ.