ӨДРИЙН СОНИНЫ 2012 ОНЫ АРХИВААС ДАРААХ НИЙТЛЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.
Монголын сэтгүүлчид БНХАУ–ын Сычуань мужид аялаад ирлээ. Энэхүү аяллыг Өвөр Монголын хэвлэл мэдээллийн албаны урилгаар Монголын сэтгүүлчдийн эвлэлээс зохион байгуулж, аяллын багийг тус эвлэлийн Гүйцэтгэх хорооны гишүүн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар ахалж явсан юм. Ингээд БНХАУ–ын Сычуань мужаар аялсан тэмдэглэлийнхээ эхний хэсгийг хүргье.
Сычуань нь БНХАУ-ын баруун бүсийн тулгуур муж. Хөгжлөөрөө улсдаа наймдугаар байрт ордог бөгөөд эдийн засгаараа бүс нутгаа тэргүүлдэг юм байна. Тус мужид 2008 оны тавдугаар сард хүчтэй газар хөдлөлт болж олон хүн амь үрэгдсэн нь Хятадын түүхэнд байгаагүй их гамшиг болсон юм. Гэсэн ч тус улс газар хөдлөлтийн уршгийг гурван жилийн дотор арилгаж, Сычуаньд урьдын байсан байшингуудын суурин дээр газар хөдлөлтөд тэсвэртэй сүрлэг барилгууд барьж, зам тээвэр, дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдэж чаджээ. Одоо энэ муж түмний хөлд дарагдсан жуулчлалын нутаг болсон байна.
Сычуань хойд талаараа Ганьсу, зүүн талаараа Чунцин, урдуураа Юньнань, баруун талаараа Түвдтэй хиллэдэг, 100 сая гаруй хүн амтай муж. Мужийн төв Чэндуд ойролцоогоор арван сая хүн амьдран суудаг. Тус мужийн газар нутаг манай Дорнод аймгийн газар нутгийг дөрөв дахин нийлүүлсэн хэмжээтэй ойролцоо гэсэн.
Чэнду хот нь Хятадын үндэсний соёл, эртний ёс заншил, хятад ахуйг орчин үетэй сүлэлдүүлэн авч яваа өвөрмөц төрхтэй газар. Хятадын цөм, эртний Хятадын уур амьсгалыг хадгалж үлдсэн түүхийн ач холбогдолтой муж гэгддэг. Мөн байгалийн үзэсгэлэнт газрууд, хулсны баавгайгаараа Хятадыг олон улсад сурталчилдаг.
Чэнду хотод сүндэрлэн буй өргөн сүрлэг барилгуудын дунд эртний хийцтэй сүм, дуган, байшингууд энд тэнд тааралдана. Тухайн цаг үедээ сургууль, сүмийн үйл ажиллагаа явуулдаг байсан эдгээр байшингууд одоо чэндучууд, жуулчдын амардаг, хооллодог, зугаалдаг гол газар болжээ.
Чэндуд олон алдартай гудам байдгийн нэг нь Чин гүрний үеийн гудам. Жуулчдын заавал ч үгүй ирдэг энэ гудмыг Нарийн, Өргөн гэж ангилна. Гудмууд өдөр шөнөгүй хүний хөлд дарагдана. Энд үзвэр үйлчилгээ, худалдаа, үзэсгэлэн, зоогийн газар, шүдний эмнэлэг, гутал засвар, гар урлал, зочид буудал, хэрмэл жүжигчид, амьд хөшөө гээд ер нь бүхий л төрлийн үйлчилгээ байрлана, зүсэн зүйлийн хүн хөлхөлдөнө.
Нарийн гудманд олон нэр хүндтэй хоолны газрууд байдгийн нэг нь “Зы Фэй”. Хотын хамгийн нэр хүндтэй, гадныхан ороод гардаггүй юмаа гэхэд хажуугаар нь өнгөрөх ёстой хүндэтгэлтэй хоолны газар юм байна. Хоолны газрын дарга гэх бүсгүй зоогийн газрынхаа үүх түүхээс эхлүүлээд ширээнээ эргэлдэх хоол тус бүр утга учиртайг хэлнэ.
Эрт үед Жуан Зы гэдэг нэгэн цэцэн билэгтэй яруу найрагч, шүлэгч хүн байжээ. Нэгэн өдөр тэрээр найзтайгаа зугаалж яваад нуурын хажуугаар өнгөрчээ. Жуан Зы нуурын усанд сэлэх загаснуудыг хараад “Энэ загаснууд яасан их жаргалтай байна вэ. Миний сэтгэл ч жаргалтай байна” хэмээн санаа алдтал хажууд явсан найз нь “Та загаснуудын жаргаж байгааг яаж мэдэж байгаа юм бэ. Яавч мэдэж боломгүй хачирхалтай зүйл. Та таагаа юу” гэвэл Жуан Зы “Чи бол би биш. Намайг жаргаж байна уу, зовж байна уу гэдгийг чи яаж мэдэх юм бэ. Тэр загаснуудыг жаргалтай байгааг би яаж мэдэж байгаа юм бэ гэвэл миний сэтгэл жаргалтай байгаа болохоор тэднийг жаргалтай байна гэж харж байна. Хүн сэтгэлдээ жаргалтай байх, загас нуурандаа жаргалтай байх нь ижил. Хүн зовлонгоо дандаа баяр хөөр, жаргалаар даван туулдаг” хэмээн шүлэглэн хэлжээ. Жуан Зыгийн энэхүү шүлгийг ханзанд буулгахад “Зы Фэй” гэж уншигддаг бөгөөд “Зы Фэй” хэмээн ярихад хүн бүр Жуан Зыгийн дээрх шүлгийг санадаг гэнэ.
Сычуань муж олон зүйлээрээ Хятадын бусад газруудаас ялгагдана. Ялангуяа хоолны тал дээр. Маш халуун ногоотой хоол идэцгээнэ. Энэ нь бүгчим, чийгтэй уур амьсгалтай байгальтай нь холбоотой. Ирсэн зочдыг халуун ногоотой хоолоороо дайлж нус нь сугарч, нулимс нь гоожтол дайлж чадахгүй бол өөрсдийгөө эвгүй байдалд орсон мэтээр хүлээж авдаг хачин заншилтай аж.
“Зы
Фэй”-гийн брэнд болсон нэг хоол байна. “Бурхан үсэрнэ” гэдэг нэртэй. Анхилуун үнэртэй, ховор мөөгөөр хийсэн, ногоон сонгинотой шөл. Бурхан багш бясалгалаа хийгээд сууж байж л дээ. Бурхан багш бясалгаад суувал орчлонгоос тасарч, ариусч эхэлдэг. Тэр үед нь түүнд юу ч саад хийж, бясалгалыг нь зогсоож чаддаггүй байлаа. Гэтэл нэг өдөр бурхан багш бясалгаж байтал ер бусын урьд хаана ч үнэртэж байгаагүй, тийм гэхийн аргагүй сайхан хоолны үнэр ханхийжээ. Бурхан багш дотроо “Энэ чинь юусан билээ. Ямар сайхан үнэр вэ” гэж бодсоноо “Би юу болж байна аа. Бясалгаж байж хоолны тухай бодоод” гэж нүдээ анин өөрийгөө зэмлэжээ. Бурхан багш бясалгалаа цааш үргэлжлүүлэх гэтэл өнөө сайхан үнэр сэтгэлийг нь самууруулаад сүүлдээ бурхан багшийн сэтгэл өөрийн эрхгүй өнөө хоол байгаа зүг рүү үсрээд байж. Түүнээс хойш тэр хоолыг “Бурхан үсэрнэ” гэж нэрлэсэн домогтой аж.
Зочид хооллох зуур шог гараа үзүүлэхээр жүжигчид орж ирлээ. Ойрд үгэнд нь орохгүй гадуур тэнэж, найзуудтайгаа нийлж дуулгаваргүй болоод байсан нөхөртөө эхнэр нь уурсаж шийтгэнэ. Толгой дээр нь дэн асаагаад бандан сандал доогуур оруулна. Ингэхдээ дэнгээ унтрааж болохгүй шүү гэнэ. Тэгснээ толгой дээрх дэнгээ гараа оролцуулалгүй унтраа гэнэ. Нөхөр нь эхнэрийнхээ хатуу сорилтуудыг чадмаг давах ажээ. Энэ шог гараа нь эндхийнхний гийчдэдээ толилуулдаг алдартай тоглолт юм гэсэн. Сычуань муж, тэр дундаа Чэндуд гэр бүлийн дотор эхнэр нь нөхрөөсөө илүү эрх мэдэлтэй. Нөхөр нь хоол хийж, гэр орноо цэвэрлэнэ. Сайн нөхрийг хоол хэр амттай хийж байгаагаар нь шинждэг аж. Чэндуд эмэгтэйчүүд голдуу машин барьж, нөхөр нь хажуух суудалд нь сууна. Дээрх шог гараа эндхийн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харилцааг илтгэсэн үзүүлбэр гэж болно. Багтай бүжиг Чэндугийн урлаг, ёс заншлын хамгийн дээд нь. Бүжигчин залуу цоглог хэмнэлтэй аянд бүжиглэж толгойгоо хүчтэй хөдөлгөх юм уу, тонгойх, гэдийх агшинд нь зүүсэн багийнх нь өнгө нь өөрчлөгдөнө. Сайн бүжигчин нэг удаад 8-12 баг сольдог гэх.
Хоолны үеэр ирсэн зочдод ёочин, фифа хөгжмөөр бүсгүйчүүд тэнгэрт салхи үүлсийг хөөж, сарыг гаргаж ирж байгаа тухай өгүүлдэг уянгалаг сайхан дуу тоглолоо. Иймэрхүү урлагийн үзүүлбэрүүдийг чэндучууд хүндтэй зочдодоо хоолны үеэр сонирхуулна.
Эндхийнхэн гахай, галуу, тагтаа, хонь, үхэр, болжмор, загас гээд ер нь идэж болохоор махтай бүхий л төрлийн хоол хийнэ. Гэхдээ чухам юуны мах нь мэдэгдэхгүй болтол нь халуун ногоогоор амталчихна.
Нэг нөхөр нэлээд хэдэн жилийн өмнө хулсны баавгай буюу пандаг алаад махыг нь шараад идсэн нь хятад даяар шуугиан тарьж сүүлд нь өнөө “өлсгөлөн” эр цаазлуулсан гэх харамсмаар ч юм шиг, хачирхмаар ч юм шиг явдал болжээ. Чэнду нь төв газар учир ерөнхийдөө жуулчлал тал руугаа хөгжсөн, хоол нь халуун ногоотой ч илүү боловсон.
Харин Сычуань мужаас зүүн урагш зүгийн газруудад өвөрмөц хэрнээ харгис хоолнууд байдаг байна.
“Гурав
дуугардаг” гэж хоол байна. Гөлчгийг амьдаар нь зооглохыг ингэж хэлнэ. Цэлдийсэн улаан гөлчгийг савхаараа хавчихад “Чив” гэж нэг дуугарна. Савхаараа хавчаад соусанд дүрэхэд дахиж нэг дуугарна. Тэгээд яахав амандаа хийгээд зажлахад сүүлчийн удаа буюу гурав дахь удаагаа “Чив” хэмээн дуу гаргана. Ингэж гурав дуугаргаж идэхийгээ л “Гурав дуугардаг” хоол гэдэг байна. “Сармагчингийн тархи” гэдэг хэрцгий хоол бас байна. Торон дотор баахан сармагчингууд үймэлдэнэ. Сармагчингийн тархи зооглох хүндэт зочноо дагуулаад ирэхэд торон дотор үймэлдэж байсан сармагчингууд хөдөлгөөнгүй болж бүгд л намайг битгий сонгоосой хэмээсэн өрөвдмөөр харцаар харна. Тэр үед зочин идэх сармагчингаа сонгоод гараараа заахад сонгогдсон сармагчингаа бусад нь өргөөд шууд толгой дээрээ гаргаад ирдэг гэнэ. Сонгогдсон сармагчинг тогооч гаргаж ирээд хүзүүнд нь дөнгө хийж гар, хөлийг нь гинжлээд тэлнэ. Сармагчин аймаар чангаар чарлаж, нүднээс нь нулимс бөөн бөөнөөрөө бөмбөрнө. Ингээд хоол хийх явц эхэлнэ. Сармагчингийн зулай хэсгийнх нь хуйхыг хуулаад, толгойны ясыг нь цүүдэж гарна. Энэ үед сармагчингийн дуу тэнгэрт хадмаар чангарч, шаналан хашгирна. Цүүдэж дуусаад ясыг нь сөхөхөд сармагчингийн дуу гарахаа байж, харц нь өршөөл эрсэн ч юм шиг үзсэн ядсан ч юм шиг хөшиж орхино. Өнөө хүндэт зочин нь хөөрхий сармагчингийн тархийг нь халбагадаж эхлэхэд сармагчин тамираа баран ёолж буй мэт сөөнгө дуу гаргаж, нүүр нь нулимс, цусандаа будагдана. Энэ хоол бол хамгийн хүндтэй зочдод өгдөг хоол бөгөөд өндөр үнэтэй гэсэн.
Ийм хоолны дэргэд “Зы Фэй” хоолны газрын халуун ногоотой хоолыг боловсон гэсэн минь онож уу. Сычуань мужийнхны хамгийн хүндтэй зочдодоо барьдаг хоолнуудын нэг нь хархны боодог. Биднийг хархны боодгоор дайлахдаа “Хулсны гахай, зурамны мах” гэж эерүүлж хэлсэн билээ. Манайхан хулсны гахайн мах гээд л савхдаад амталж харагдсан шүү.
Д.ГАНСАРУУЛ