Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Эрдэнэс Таван толгой”-г тойрсон баривчилгаа эзнээ олоогүй гэв үү? DNN.mn

“Эрдэнэс Таван толгой” компанийг тойрсон баривчилгаа нэлээд анхаарал татаж байна. Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг чөлөөлсний маргааш нь компанийн гол албан тушаалтай хоёр хүнийг АТГ-аас баривчлан саатууллаа. Тэд бол “Эрдэнэс Таван толгой” компанийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга Х.Нурлат, Худалдан авалтын хэлтсийн дарга Б.Отгонжаргал нар. АТГ-аас Х.Нурлатыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон буюу Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Х.Нурлатын хувьд ШУТИС-ийн ЭХИС-ийн цахилгаан, системийн инженер мэргэжилтэй бөгөөд Шубаркаль компанид уулын инженерээр ажлын гараагаа эхэлсэн. “Эрдэнэс Таван толгой” ХК-д сүүлийн зургаан жил ажиллажээ.

Харин Б.Отгонжаргал нь тус компанид жил гаруйн өмнөөс ажиллаж эхэлсэн.

Тэрээр өмнө нь УИХ-ын Тамгын газарт зөвлөх, ХХАХҮЯ-нд албаны дарга, БСШУЯ-нд хэлтсийн даргаар ажиллаж байсан түүхтэй. Түүнийг мөн албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж хуулийнхан буруутгаж, албан өрөө болон гэрт нь нэгжлэг хийжээ. Нэгжлэгийн үеэр их хэмжээний бэлэн мөнгө, эд мөрийн баримтуудыг хураасан байна. Түүнээс гадна “Бенз жи-500” загварын автомашиныг нь битүүмжилжээ. Б.Отгонжаргалд Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

“Эрдэнэс Таван толгой”-г тойрсон баривчилгаа үүгээр дуусахгүй бололтой. Шийдвэр гаргах түвшний нэр бүхий хоёр албан тушаалтныг шалгаж байгаа бөгөөд ойрын хугацаанд баривчилж болзошгүй гэнэ. Үүнээс гадна хэд хэдэн хүнээс АТГ-ын мөрдөгчид тайлбар мэдээлэл авсныг эх сурвалж хэлэв.

Хуулийнхны энэ удаагийн баривчилгаа нь “Эрдэнэс Таван толгой” компанид зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, оффтейк гэрээний асуудал хөндөгдөхтэй давхацсан нь олон нийтийн анхаарлыг төрүүлээд байгаа. Албаны эх сурвалжийн мэдээллээр дээрх баривчилгаа нь оффтейк гэрээтэй хамааралгүй гэж байв.

Өөр нэг эх сурвалж “Эрдэнэс Таван толгой” компанид олон жил бугшсан нүүрсний наймааг илрүүлэх эхлэл болж байна. Гэвч гол эзнийг шалгаж эхлээгүй. Тойрсон хүмүүсийг нь шалгах нэрээр Засгийн газраас тогтоосон онц дэглэмийн хугацааг өнгөрүүлж мэдэхээр байна гэв.

Categories
мэдээ нийгэм

Дорноговь аймгийн Хатанбулаг сума​нд 4.8 магнитудын хүчтэй​ газар хөдөлжээ DNN.mn

Өчигдөр буюу аравдугаар сарын 31-ны 22:34 цагийн үед Дорноговь аймгийн Хатанбулаг суманд газар хөдлөлт болжээ.

Тодруулбал, Дорноговь аймгийн Хатанбулаг сумаас баруун урд зүгт 55 километрийн зайд 4.8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ази, Европыг холбосон баруун босоо тэнхлэгийн 745 км авто замыг бүрэн ашиглалтад орууллаа DNN.mn

Тээврийн салбарын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, бүс нутгийн дэд бүтэц, тээврийн интеграцад нэгдэн орох замаар дамжин өнгөрөх олон улсын тээврийг хөгжүүлэх, Шинэ сэргэлтийн бодлогын зорилт, хөтөлбөрийн хүрээнд Ховд, Баян-Өлгий аймгуудад ОХУ-ын хилийн боомтоос БНХАУ-ы хилийн боомттой холбогдох Азийн авто замын АН-4 буюу баруун босоо тэнхлэгийн 745 км авто замыг бүрэн ашиглалтад оруулсныг ЗТХЯ мэдээллээ.

зураг

Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “АН-4 буюу баруун босоо тэнхлэгийн энэхүү зам нь Монгол Улсын төдийгүй бүс нутгийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулна. Энэхүү бүтээн байгуулалт 2012 оноос хойш үе шаттайгаар явж, ийнхүү дуусаж байна. Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр, CAREC-ийн 4”а” коридор, үндэсний томоохон бүтээн байгуулалтын нэг, Ази Европыг холбосон 745 км босоо тэнхлэгийн энэхүү авто замыг Монгол Улсын төсөв, БНХАУ-ын Засгийн газрын зээл, Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барьсан.
Энэхүү тээврийн коридор нь БНХАУ, Шинжаан Уйгурын Өрөмч, Ховд аймгийн Булган боомт, Ховд, Баян-Өлгий аймгийн төв, Цагааннуур боомтоор дамжин ОХУ-ын Новосибирск хүртэлх 4,500 км гаруй юм. Монгол Улс газарзүйн байрлалын давуу талаа ашиглан Ази, Европыг холбосон транзит коридороо байгууллаа. Ингэснээр тус бүсэд томоохон үйлдвэрлэл, үйлчилгээ нэмэгдэж, бүтээгдэхүүнээ экспортолж эдийн засагт өндөр хувь нэмэр оруулна.

Мөн манай улс 20 гаруй улстай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу автотээврийн харилцаатай. Олон улсын болон бүс нутгийн тээвэрлэлтэд манай тээвэрчид оролцдог. Энэ коридороор ч бусад орны болон манай улсын тээвэрчид олон улсад транзит тээвэр хийх боломж бүрдлээ” гэв.

Замын барилгын ажилд Монгол Улсын авто замын төлөвлөлтийн стандартын III ангилал, Азийн авто замын техникийн II ангиллын авто замын шаардлагад нийцсэн, орчин үеийн техникийн дэвшлийг нэвтрүүлсэн. Үүнд:

  • Төслийн хүрээнд 745.8км замын дагууд 30-201 метр урттай нийт 1,884.8 урт метр хүчитгэсэн төмөр бетон 33 гүүр, хавцал дахь хадны нуранги, чулуунаас хамгаалах 1,300 метр урт хамгаалалтын торон хашлага, хөрсний гулсалтаас сэргийлсэн 1,400 метр бетон ханыг манай улсын авто замын түүхэнд анх удаа барьж байгуулсан байна.
  • Түүнчлэн шөнийн харанхуйд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор “Cat Eye” буюу гэрэлтүүлэгч бөмбөлгийг Бага-Улаан даваа-Манхан чиглэлийн 103.3 км замын хучилтад анх удаа ашиглажээ.
  • Мөн Бураатын даваанд цас, борооноос үүсэх халтиргаа гулгаанаас сэргийлэх “Rumble” наалтыг анх удаа авто замын хучилтад хийсэн, мөнх цэвдэгтэй хэсэгт 1,300 метр уртад цэвдгээс хамгаалах термосифон хоолойг хучилтан дор суурилуулж, цэвдгийг заасан хэмд барьж хадгалах шонгуудыг замын дагууд суурилуулсан гэдгээрээ онцлогтой байна.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Батзандангийн ял, гавьяа хоёрын гавьяа нь илүү жин дарах байлгүй DNN.mn

УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг шударга тэмцэгч гэдгээр нь бүгд мэднэ. Энэ хүний нэрийг хэлэхээр иргэний хөдөлгөөн, жагсаал цуглаан, ард түмэн, шударга ёс, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө гэдэг үгс санаанд орж ирдэг. 2004 оноос Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөний тэргүүнээр ажиллаж ирсэн цагаас нь ард түмэн түүнийг тэмцэгч, олон нийтийн дуу хоолой хэмээн хүлээн зөвшөөрч, дэвшүүлдэг санаа, баримталдаг үзэл бодлыг нь дагасаар ирсэн. Тийм ч учраас түүний зохион байгуулдаг жагсаалд иргэд олон мянгаараа оролцож, хүний эрхийн төлөө тэмцэгч, шударга бусын эсрэг зогсдог улстөрч гэж тодотгож байлаа. Ж.Батзандангийн сонгуульт ажил, эрхэлж байсан алба нь голдуу эрх ашиг нь зөрчигдсөн иргэд, шоовдорлогдсон ард түмнээ өмөөрч, төрөөс хулгай хийдэг улстөрч, дарга нарыг эсэргүүцдэг нь намтраас нь харагддаг. 2000-аад оны эхэн үеэс өнөөдрийг хүртэлх бүхий л жагсаал цуглаан, тэмцлийн түрүүнд, цээжинд Ж.Батзандан явсаар иржээ. Үүгээр нь ардчилагч, тэмцэгч гэхэд буруудахгүй. Олон гэрэл зураг, бичлэгээс цагаан хоолой, чанга яригч барьсан залуухан Ж.Батзанданг олж харж болно. Үүгээр нь түүнийг нэгэн үе “Гудамжны улстөрч” гэж хүртэл тодотгож байв. “Төрийн ордон доторх 76-гаас гадаах Батзандан хавь илүү” гэдэг үгийг хүртэл олон нийт хэлж байсан удаатай шүү. Баргийн аавын хүү ард түмнээс ийм үнэлгээ авч чадахгүй. Түүний тэмцэгч, эр зоригтой үйлдэл олон хүнийг сэрээж, эрх чөлөө, шударга ёсны төлөө дуугарч байх ёстой гэдэг дохиог нийгэмд өгч, нөгөөтэйгүүр жагсаал цуглаан хийх соёлыг нийтэд түгээж байсан гэж тодорхойлж болно.

2018 оны сүүл, 2019 оны эхээр МАНАН дэглэмийг эсэргүүцсэн удаа дараалсан жагсаалуудад нийтдээ 100 гаруй мянган хүн оролцсон байдаг. Энэ жагсаалыг Ж.Батзандан Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан, Л.Болд нартай хамтран түүчээлж, “Шударга тав” гэдэг нэртэй болоод амжсан билээ. Энэ тавын зохион байгуулсан уг цуглаан хавьд үзэгдээгүй өргөн хүрээтэй, далайцтай байсныг олон улсын хэвлэлүүд онцолж байлаа. Жагсаал ч амжилттай болж, ард түмэн ч үр дүнд нь сэтгэл хангалуун үлдсэн. Гэтэл энэ тав дотроос Ж.Батзандангаас бусад нь сайд болов. МАНАН-г эсэргүүцсэн жагсаалын үеэр “Ёстой тийм юм байхгүй. Бид хэд юу боллоо гэж албан тушаалд очихын тулд ингэж жагсаж байхав. Би албан тушаалын төлөө ингэж жагсаагүй шүү” гэж ярьсан байсан нэг нь одоо төрийн гурван өндөрлөгийн нэг болчихсон л байна. Энэ таваас сүүлд Т.Аюурсайхан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болчих шиг боллоо. Ерөнхийлөгчийн баз Л.Болд Монгол Улсаас Бельгийн хаант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдоод яваад өгсөн. Гэтэл эдэн дундаас муугаар нь Ж.Батзанданг барьж авч байцааж, шоронд хийчихлээ. Үүнээс нь харахаар “Шударга тав” дотор Ж.Батзандан л шударга, үнэнээр явсаар ийнхүү “хоосон” хоцорч, хоригдож байгаа ч юм уу гэж харагдахаар. Түүнийг өмөөрч байгаа хүн алга. Магадгүй “Шударга явах нь олон найз нөхөдтэй болгодоггүй ч, шударга цөөн хүмүүстэй учруулдаг” гэдэг үг түүнд зориулагдсан ч байж болно. Түүнийг нэгэн цагт Монголын улс төрийг гудамжнаас хөдөлгөж, Засгийн газрыг ташуурдаж, ард түмнийг оройлон тэмцэж, шударга үнэний дуу хоолой болж байсныг санаж байгаа хүмүүс эрхбиш байгаа байх.

Энэ хүний ял, гавьяа хоёрыг дэнсэлбэл гавьяа нь илүү жин дарна. Хэн Ж.Батзандан шиг төрд үүрлэсэн хулгайг илчилж, төрөөс хулгай хийж болохгүй гэж дуугарсан юм бэ. Хэн Ж.Батзандан шиг улс төрчдийн улаан нүүр рүү харж байгаад шударга шүүмжлэлийг зоригтой хэлж ирсэн юм бэ. Хэн сөрөг хүчингүй байхад эрх баригчдыг сөрж, ард түмний дуу хоолой болж байсан бэ.

Одоо “мандаад” байгаа зарим улстөрчдийг сураггүй байхад Ж.Батзандан “Эх орноо эрүүлжүүлэхийн тулд иргэний хөдөлгөөн байгуулъя” гэдэг нийтлэлийг интернэт орчинд хэрэндээ л тарааж байсан. Тэр нь 2002 он. Энэ үеэс л иргэний хөдөлгөөний залуус, иргэний хөдөлгөөнийг дэмжигчид хоорондоо уулзаж учирч, 2004 онд хөдөлгөөнөө албан ёсоор эхлүүлсэн. Аль ч цаг үед, эрх баригчдын шүдний өвчин бол Иргэний хөдөлгөөнийхөн байдаг. Эвгүй хөдөлбөл төр ч эргүүлж мэдэх учир эрх баригчид Иргэний хөдөлгөөнийхний үйлдэл бүрийг анзаарч, тэргүүлэгчийг нь тандаж байдаг нь нөгөө талдаа ард түмэнд таашаалтай байдаг. Иргэний хөдөлгөөн бол маш том хяналтын механизм юм. Энэ үүднээсээ Ж.Батзанданд ард түмэн талтай, ажил хэргийг нь дэмждэг байсан нь УИХ-д суугаа зарим гишүүдийн рейтингээс ч давдаг байсан тул түүнийг ямар ч хамаагүй аргаар дарах, буруу зөрүү юманд нэрийг нь холбож харлуулах гэсэн удаа дараагийн үйлдэл гарч л байсан.

Ж.Батзанданг гудамжны улстөрч гэж гоочилж байсан ч энэ залуу иргэний нийгмийн цоо шинэ давлагааг бий болгож, иргэний хөдөлгөөн, тэмцэл заавал жагсаал, цуглаанаар биш ажлын ширээний араас, албан бичгээр “жагсаж”, эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж болдог гэсэн бас нэгэн жишиг гаргаж ирсэн юм. 15 настай байхдаа л эх орныхоо төлөө зүтгэнэ гэж өөртөө амласан Ж.Батзандан Н.Энхбаярын хаанчлалын хана хэрмийг нураахын тулд О.Магнайн хамт тэмцэл хөдөлгөөнийг идэвхтэй өрнүүлж явсан зоригтон. Н.Энхбаярын өөдөөс хэн ч үг хэлдэггүй байсан цагт сөрж зогсож байсан цөөн хүний нэг нь тэр байсан. Магадгүй энэ үйлдэл нь түүнийг ард түмэнд танигдахад, итгэлийг нь хүлээхэд нөлөөлсөн байх гэж дүгнэдэг.

Ардчилсан нийгмийн амин сүнс бол үг хэлэх эрх чөлөө. 2016 оноос хойш Монгол дахь жагсаал цуглааны тоо цөөрч, ковидын жилүүдэд улам хумигдсан. Эрх баригчдын хувьд төв талбайд тавуулаа л бөөгнөрөхөд ирж тарааж, жагсаал цуглаан хийх эрх өгөхөө байсан. Жагсаал цуглаан хийх өдрүүдээр талбайд гэр, асар байгуулж, элдэв аян, баяр тэмдэглэх замаар жагсагч, тэмцэгчдийн орон зайг хумихыг санаархаад байгаа. Гэсэн ч ард түмэн жагсахдаа тулбал жагсдаг, залуус ч тэр. Харин жагсаалыг уриалан босч ирдэг цөстэй, зоригтой тэмцэгч, шударга үгтэй хүнд эрх баригчид дургүй байдаг. Ж.Батзанданг хорьж цагдаж байгаа нь түүний хийсэн үйлдэлд гэхээсээ илүүтэй, үзэл бодлоо цензургүй шууд илэрхийлдгээс нь айсан бүлэглэлийн захиалга гэж харна. Одоо үед хэн нэгнийг харлуулах, бүр амьдралаас арчаад хаях амархан болсон хэцүү цаг. Ж.Батзанданг бүгд харааж, зүхэж болох ч монгол хүний эрх, эрх чөлөөний төлөө халуун залуу наснаасаа эхлэн тэмцэж ирсэн зориг, гавьяаг нь арай баллуурдаж барахгүй байх аа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ургац хураалт 90 хувьтай байна DNN.mn


Ургац хураалтын ажил ямар түвшинд үргэлжилж байгаа талаар албаны хүнээс болон тариалан эрхлэгчдээс тодрууллаа.


ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ.

“Одоогийн байдлаар ургац хураалтын ажил үндсэндээ тариалангийн бүс нутгуудаар дуусч байна. Төмс, хүнсний ногооны ургац хураалт дууссан. Агуулах зоорьтоо хадгалж байгаа. Үр тарианы ургац хураалт дуусаад үтрэм дээр хийгдэх ажлууд явагдаж байна. Тэжээлийн ургамлын ургац хураалт явагдаж байна. Үр тариа хураалтын явц 90 гаруй хувьтай явагдаж байна гэв.

Төв аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Н.Гантулга: -“Төв аймгийн хувьд ургац хураалт дууссан. Одоогоор ургац хураалтын мэдээгээ нэгтгэж дуусах ажил хийгдэж байна. Манайд ургац 97 хувьтай үргэлжилж байна. Үлдсэн гурван хувь болох тэжээлийн таримлаа талбай дээрээ боогоод тавьчихсан учраас нэгтгэгдэж дуусаагүй байна. Манай аймаг энэ жил улаан буудай 52 мянган га талбайд, үр тариа болох арвай, овъёос есөн мянган га талбайд тариалт хийсэн. Үүнээс 60 гаруй мянган тонн ургац хурааж авсан байна. Төмс 135 мянган тонн, хүнсний ногоо 20 гаруй мянган тонныг хурааж авсан. Ургац хураалтын явц өнгөрсөн жилийн хэмжээтэй ойролцоо явагдаж байгаа. Ургац хураалтын үед шатахуун, түлшээр дутагдсан зүйл байхгүй. Түлшний үнэ л нэмэгдэж ирсэн. Цаг агаарын байдал энэ жилийн намрын хувьд ээлтэй байсан хэмээжээ.

Өнгөрсөн мягмар гаригийн байдлаар 304.4 мянган га-гаас 366.4 мянган тонн үр тариа, үүнээс 285.5 мянган га-гаас 340.8 мянган тонн улаанбуудай, 19.4 мянган га-гаас 207.9 мянган тонн төмс, 11.4 мянган га-гаас 128.1 мянган тонн хүнсний ногоо, 38.5 мянган га-гаас 95.1 мянган тонн тэжээлийн ургамал, 81.2 мянган га-гаас 33.5 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байгаа аж.

Ургац хураалтын явцыг хувиар авч үзвэл: Үр тариа 86.1 хувь, улаанбуудай 86.8 хувь, төмс 97.7 хувь, хүнсний ногоо 102.6, тэжээл 56.5, тосны ургамал 70.3 хувьтай тус тус үргэлжилж байна.

Өнгөрсөн оны мөн үед 179.787 тонн төмс, 114.735 тонн хүнсний ногоо хураан авч байсан бол өнөөдрийн байдлаар 207.890 тонн төмс, 128.174 тонн хүнсний ногоо хураан авсан мэдээтэй байна.

Төв аймгийн Эрдэнэсант сумын тариаланч Г.Эрдэнэсант: -“Сумын тариа хураалт дууссан байна. Манай сум нийт 24 мянган га эргэлтийн талбайтай. Үүний тал буюу 12 мянган га талбайд тарьсан ургацаа хураан авч дууслаа. Өнгөрсөн жилд ч мөн адил хэмжээтэйг хурааж авсан.

Тариа ургац хураалтын үед хүн хүчний хувьд дутмаг байсан. Энэ жилийн хувьд цаг агаарын хувьд тааламжтай байсан. Ер нь муу асуудал, тариа буудай дарагдах зэрэг тохиолдол гараагүй. Өнгөрсөн жилийг бодвол зардал өндөртэй будаа тарианы үнэ нэмэгдсэн. Манайх “Улаанбаатар гурил”, “Миллхаус”, “Алтантариа” гуравт тушаасан. Улаанбаатар гурил нэг кг 1020, тонн 1.020.000 үнэ гарсан байна. Ер нь Тариалан эрхлэлтийг дэмжих сан урьдчилж үнэ тогтоож, ханш тогтоодоггүй байхад тогтоосон. Хэрвээ 1000 гэсэн ханш тогтоогоогүй байсан бол гурилын үйлдвэрийнхэн 1200 төгрөгт авъя гэж байсан. Бид үндэсний үйлдвэрээ дэмжээд тариагаа өгсөн. Үндэсний үйлдвэрлэл байхгүй бол тариаланчид байхгүй шүү дээ. Сумын өвөлжилтийн бэлтгэл сайн хангагдаж байна. Малчид өвс тэжээл бүх зүйлсээ нөөцлөөд бэлдэж авсан, муу юм болохгүй байх л гэсэн бодолтой байна” гэв.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

О.Цогтгэрэл: Эрх баригчдын ам, ажил алд алдаар зөрж байна DNN.mn

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэлтэй ярилцлаа.


-Өнгөрсөн хаврын чуулган өндөрлөснөөс хойш та нутгаараа нэлээд явах шиг боллоо. Тойрогтоо ер нь хэр ажиллаж байна?

-2020 оноос хойш цар тахал, хөл хорио гээд тойрогтоо очих нөхцөл олдох нь барагтай байсан. Харин энэ жилийн хувьд хөл хорионы нөхцөл суларч, байдал арай намжмал боллоо. Нөгөө талаас манай аймгийн зарим сумдуудын тэгш ойнууд тохиосон жил болсон учраас найр наадмын цагаас эхлүүлээд намрын чуулган эхлэх хүртэл нэлээд хэд явж ажиллалаа, ард иргэдтэйгээ ч ер нь чамгүй сайн уулзалдлаа.

-Тойрогтоо Улаанбаатар хотоос эрдэмтэд, багш нар аваачаад “Боловсролд гэрэл нэмье” гээд их аятайхан ажил санаачилсан харагдсан. Ер нь сүүлийн үед боловсролын салбарт илүү түлхүү анхаарч ажиллаад байх шиг байна?

-Сүүлийн үед гэлгүй эртнээс хүүхэд, залуусын боловсролд анхаарсан олон ажлуудыг хийж хэрэгжүүлж ирсний үргэлжлэл нь энэ ажил. Санаа нь сайн багшаас, холын хүнээс сонссон нэг үг хүний цаашдын амьдралыг орвонгоор нь өөрчлөх шидтэй гэж итгэдэг. Миний амьдралд, надад ч ийм олон жишээ таарч байсан. Ийм учраас физик, математикийн Монголын аль шилдэг сайн гэсэн багш нарыг аваачиж хүүхдүүддээ, багш нартаа ганц ч гэсэн хэрэгтэй үгийг сонсгохоор зорьсон. Цаашид ч улам хөгжүүлээд үргэлжлүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна.

-Ахуй, ажлын оршил сэдвээ хаагаад цаг үеийн сэдэв рүү, тэр тусмаа улс төр, эдийн засгийн нөхцөл байдал руу шилжье. Одоо бол яг ирэх оны төсөв хэлэлцэж байгаа парламентын халуун өдрүүд үргэлжилж байна. Та ирэх оны төсөв дээр ямар байр суурьтай байна вэ?

-Монголын төдийгүй дэлхий нийтийн эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгааг бид бүгдээрээ мэдэж байгаа. Тэр тусмаа эрх баригчид үүнийг мэдэхийн дээдээр мэдэж буй нь лавтай. Ийм ч учраас Засгийн газраас цаг үеийн энэ нөхцөл байдалтай нийцсэн төсвийн төслийг УИХ руу оруулж ирэх байх гэсэн хүлээлттэй байсан. Харамсалтай нь яг одоо УИХ-аар хэлэлцэж байгаа төсвийн төсөл энэхүү хүлээлтэд хүрэхгүй байна. Төсвийн алдагдал гэхэд ил харагдах нь 1.6 их наяд байхаар тооцож оруулж ирсэн. Алдагдлаа аргалж, энэ тэнд нуучихсаны цаана бодитоороо бол ирэх оны төсөв 3-5 их наядын алдагдалтай байхаар харагдаж байгаа юм. Өнөө жил 18 их наядын зарлагатай байгаа төсөв ирэх жил 20 их наяд тэлэх нь. Ирээдүйн өв сангаас хэрэглэж буй мөнгө, зарлагын өсөлт зэргийг тооцохоор ирэх оны төсвийн алдагдал эрх баригчдын сурталчилж буй шиг буурах биш бүр өссөн болж харагдаад байгаа юм. Энэ бол Монгол Улсын төсвийн тогтвортой байдлын тухай хууль тэргүүтэй холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн явдал. Төсвийн алдагдал нэмэгдэхийн хэрээр Монгол Улсын өр, зээл нэмэгдэнэ. Манай улсын ойрын үеийн хамгийн том эрсдэл гадаад өрийн хэмжээ байгаа. Гадаад өрийн эргэн төлөлт тулчихсан, авсан зээлээ төлж чадах эсэх нь эргэлзээтэй, валютын нөөц багассан, цаашлаад дефолт зарлах эрсдэлтэй байдалд орчихсон байна. Гэтэл ийм нөхцөлд их хэмжээний алдагдалтай төсөв оруулж ирсэн нь тун ч харамсалтай. Энэ бол эрх баригчдын хариуцлагагүй үйлдэл гэж харж байгаа.

-Ирэх онд 18.9 их наяд төгрөгийн орлого олохоор төсөөлж байна. Үүнээс илүү орлого олох боломж байна уу?

-Ирэх онд нүүрснээс хамгийн их орлогоо олохоор тооцжээ. Энэ жил экспортод 18 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөсөн. Гэтэл ирэх онд энэ хэмжээнээс хоёр дахин их хэмжээтэй буюу 36 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөчихсөн. Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ-ын эдийн засаг сайнгүй, өсөлт муутай байна. Энэ бүхнээс дүгнэхэд, нэгдүгээрт, БНХАУ манайхаас 36 сая тонн нүүрс авах уу, хоёрдугаарт, нэг тонн нүүрсний үнэ 110 долларын ханштай байх уу гэдэг нь эргэлзээтэй асуудал. Магадгүй эрх баригчид нүүрсний хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн шалтгаанаа төмөр замтай холбож тайлбарлах байх л даа. Гэтэл бодит байдал дээр БНХАУ-тай огтлолцоогүй, хил дамнаагүй, мухар төмөр зам байгаа. Мухар төмөр замаасаа хил гарах хүртэл автомашинаар тээвэрлэнэ. Өөрөөр хэлбэл, бид ирэх онд автомашинаар нүүрсээ зөөсөн хэвээр л байна. Үүнээс гадна ирэх онд зэсийн үнийг 8400 доллараар тооцсон байна. Гэтэл одоогийн байдлаар зэсийн үнэ 7000 долларт хүрч үнэ нь унаад байна. Мөн ирэх онд зэсийн үнэ 7800-7900 долларын хооронд байхыг олон улсын байгууллагуудаас тооцож гаргасан. Олон улсын байгууллагуудаас гаргаж байгаа үнийн төсөөллөөс ч өндөр хэмжээнд зэсийн ханшийг төсөөлсний цаана төсвийн далд алдагдал явагдаж байна гэсэн үг. Товчхондоо Засгийн газраас хариуцлагагүй, дампуу төсөв оруулж ирсэн гэж дүгнэхээр байна.

-Ер нь нүүрсний, уул уурхайнхаа өгөөжийг бид яаж нэмэгдүүлэх ёстой юм бэ?

-Уул уурхайн баялагтаа зөв менежмэнт, сайн засаглалыг ашиглаж чадвал яаж хөгжиж болдгийн жишээг Скандинавын тэргүүтэй орнуудаас бид хардаг. Харин эсрэгээрээ уул уурхайн баялагтай хэрнээ засаглал муутай бол яаж үгүйрэн хоосорч, үрэгдэн дуусдагийн жишээ Африкаар дүүрэн байна. Ийм учраас бид “Засаглалаа яаж сайжруулах вэ” гэх ганцхан асуултад анхаарах ёстой. Төр томорч буйн, дарга нар идлээ, уулаа гэж буйн, мөн энд тэндгүй төрийн өмчит уул уурхайн компани тойрсон “бөмбөг”-үүд дэлбэрч буйн шалтгаан нь бид уул уурхайн баялгаа зөв захиран зарцуулах хэмжээний засаглалгүй байгаатай холбоотой. Манай улсын хувьд уул уурхайн асар их нөөц, газрын баялагтай байгаа нь бидний аз, заяа мэт боловч үүнтэйгээ тэнцэхүйцээр засаглалын чадамжаа дээшлүүлэхгүй бол магадгүй энэ боломж нь гай, зовлонг дагуулаад байх шиг санагддаг.

-Жилээс жилд урсгал зардлын хэмжээ нэмэгдэж байна. Энэ хэрээр төр данхайж байна. Урсгал зардлын хэмжээг бууруулах боломж бий юү?

-Өнгөц харахад цалин, тэтгэврийн хэмжээг нэмсэн мэт харагдаж байгаа боловч зүүний бодлоготой, халамжийн бодлогыг урьтал болгодог нам удаа дараа засаглахаар ямар нөхцөл байдал үүсдэг нь тод харагдаж байна. Үндсэндээ сонгуульд ялж л байвал улс орны эдийн засаг, ажилгүйдэл, ядуурлын хэмжээ өсөх нь тэдэнд огт хамаагүй байдаг юм шиг бодлоготой ажилласаар ирлээ. Сонгуулийн уран гоё амлалтуудаа умартаж, иргэдээ халамжаар угжихыг эрх баригчид урьтал болгож байна. Нэг үгээр бол эрх баригчдын ам, ажил нь алд, алдаар зөрөөд байна. Төсвийн төсөлд дээр байгаагаар манай улсын хүн амын 75 хувь нь ямар нэгэн байдлаар халамж авч байна. Ийм улс оронд баялаг бүтээх, төрийн аппарат нь жижиг байна гэх ойлголт байх уу. Монгол Улсын төсвийн зарлага 2018 онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн. Тухайн үед 9 их наядын төсвийн зарлагатай байсан бол 2022 онд 18 их наяд болсон, ирэх онд бүр 20 их наяд болно. Монголын төр хоёр дахин томорсон энэ таван жилд иргэдийн амьдрал, амьжиргаа хоёр дахин дээшилсэн үү? Үгүй. Харин даргын гарын үсгээр зарцуулагддаг мөнгөний хэмжээ хоёр дахин нэмэгдсэн байна. Гэтэл бодит амьдрал дээр иргэдийн амьжиргаа улам доройтсоор байна. Үүний цаад суурь шалтгаан нь сонгуульд ялалт байгуулахын тулд иргэд, улс орныхоо ирээдүйг золиосолдог нам удаан засаглахаар юу болдгийг л бодитоор нь бидэнд харуулж байна. Төр улам л томорч, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн эдийн засаг дахь үүрэг оролцоо өдөр өдрөөр нэмэгдлээ. Төсвөөс гадуур маш их хэмжээний мөнгийг ТӨК-ууд зарцуулж байна. Үндсэндээ бол Монгол Улсын эдийн засгийн 70-80 хувь нь төртэй холбоотой болчихсон. Нэг үгээр бол бид аажим аажмаар социалист эдийн засагтай орон болон хувирч байна.

-Манай улсын валютын нөөц 50 орчим хувиар буурчихсан байгаа энэ үед уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгаа солонгоруулах талаар ихээхэн ярьж байна. Ярих биш бодит ажил хэрэг болгох боломж юу байна вэ?

-Валютын нөөцийг нэмэгдүүлэх гурван арга зам бий. Нэгдүгээрт, экспортыг нэмэгдүүлэх, хоёрдугаарт, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гуравдугаарт, хамгийн муу хувилбар буюу өр зээл тавих. Манайх экспортын хэмжээг нэмэгдүүлэх ажлыг муу хийж байна. Мөн гадаадын хөрөнгө оруулалтыг татах ажлыг муу биш, маш муу хийж байна. Үндсэндээ Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтаас өөр гадаадын хөрөнгө оруулалт алга. Бүгдийг нь хөөгөөд гаргачихсан. Тухайлбал, 2012 онд МАН-ынхан стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль санаачилж, түүнээс хойш бүх гадны хөрөнгө оруулагчдыг хөөж гаргасан. Харин Засгийн газар, эрх баригчид гадаадад өр зээл тавих ажлыг бол маш сайн хийж байна. Тухайлбал, 2016 онд Засгийн газар дөрвөн тэрбум ам.долларын өртэй байсан бол өнөөдөр найман тэрбум ам долларт хүрч хоёр дахин нэмэгдсэн. Үүнээс гадна энэ тоонд ороогүй Монголбанкны, Хөгжлийн банкны, Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн өр асар их бий. Ингээд харахаар Монгол Улс өрөндөө баригдаж, өтөндөө идэгдэж байгаа нь бодит асуудал болсон. Биднийг ирэх онд 1.5 тэрбум ам.долларын гадаадын зээлийн төлөлт хүлээж байна. Энэ өрөө төлөх мөнгө манайд байхгүй. Гэхдээ өрийг өрөөр дардаг нэг “дархан мэх”-тэй болоод удлаа. Энэ дархан мэхээ ирэх жил ашиглаж, бонд гаргах санаатай байх шиг. Хэрэв бонд босговол өндөр хүүтэй авах нь тодорхой байна. Учир нь гадныхан биднийг эдийн засгийн эрсдэлтэй гэж үзэж байгаа учраас өмнөх зээлийн хүүгээс 4-5 дахин өссөн дүнгээр зээл олгохоор нөхцөлтэй байна. Үүний үр дүнд жил бүр гадаад өр, зээлийн хүүгийн дарамт төсөв дээр ирнэ.

-Эдийн засгаа сэргээх талаар эрх баригчид ярьж байгаа. Гэтэл Монголбанкнаас бодлогын хүүгээ өсгөсөнтэй холбоотойгоор бүх төрлийн зээлд хязгаар тогтоосон нь иргэн, ААН-үүдэд хүндээр тусч байна. Энэ байдлаас хэрхэн гарах вэ?

-Төр томроод байхаар иргэд, бизнес эрхлэгч ААН-үүд жижигрэх нь тодорхой. Тиймээс төр жижигрэх, цомхон болох ёстой. Өөр ямар ч гарц байхгүй. Дарга нарын захиран зарцуулах мөнгөний хэмжээ нэмэгдээд байхаар бизнес эрхлэгч жирийн иргэд, ААН-үүдэд очих мөнгө багасна. Үүнийг гайхаад байх юм ердөө ч байхгүй.

-Гэхдээ эрх баригчид таны ярьж буй шиг төсвийн хэмнэлт, өр зээлээ багасгах гээд өчнөөн олон асуудлуудыг ярьдаг шүү дээ. Иргэд ч ийм л байдлаар ажиллаж байгаа гэж ойлгож байгаа?

-Тийм ээ, тэд ярьдаг. Эрх баригчид дунд, Ардын намынхан дотор асуудлуудаа ойлгодог, буруу зүг рүү явж буйг мэддэг, харьцангуй дэвшилтэт гэж хэлж болохуйц үзэлтэй залуус цөөнгүй бий. Ардын намынх л бол “муухай”, бүгдээрээ “зүүнтэн”, халамжийг “сурталдагч” гэж хэлж бас болохгүй. Энэ бүхнийг өөрчилье, зөв зүг рүү алхъя гэж ярьж буй, хариуцлагатай алба хашиж буй олон хүмүүс бий. Гэвч тэр залуус маань энэ том намынхаа буруу зүг рүү өнхөрч буй дугуйны “энерци”-ийг дийлэхгүй байна. Сонгуульд л ялбал юу ч хамаагүй, улсаа биш намаа бодъё гэсэн МАН-ынхны уламжлалт энерциэс энэ залуус нь гарч чадахгүй байна. Тиймдээ ч олон уран “гоё” санаачилга ярилаа ч улсын төсөв нь улам тэлж, төр данхайсаар л байна. Авлигатай тэмцэж, шударга ёсыг бэхжүүлэх тухай маш их ярьж байгаа ч ОУ-ын авлигын индексийн судалгаагаар манай улс 2015 онд 74 дүгээр байранд байсан бол өнөөдөр 110 дугаар байранд орж даруй 40 орчим байраар ухарсан байна. Мөн бизнес эрхлэлтийн индексээр жил бүр байр ухарсаар л байна.

-Энэ бүхэн Ардчилсан намаас болоод байгаа юм биш үү. Ардчилсан нам төдийгүй ардчиллын замыг сонгосноос боллоо гэх хүмүүс ч их байна. Одоо тэгвэл яах ёстой юм бэ?

-Ардчилсан нам муу, муухай нь дараагийн асуудал байх. Харин ардчилсан, парламентын тогтолцоо бол хамгийн зөв зам мөр. Ер нь ардчилал бол дунджийн тогтолцоо. Ард түмнээс мандат авч сонгогдсон УИХ-ын гишүүд, аймаг дүүрэг, сумын төлөөлөгчид гэдэг бол ард түмний, монголчуудын дундаж нь. Салбар салбарынхан орсон, зүг зүгээс цугласан яг л алтан дундаж нь. Түүнээс биш ардчилал хамгийн шилдэг элитүүд цуглараад, мундагууд нь ахиад байдаг систем огт биш. Тийм ч учраас тэдний гаргаж буй шийдэл, хөгжил дэвшлийн зам мөр дундаж хурдаар л явж буй. Хэт хурдан биш, бас бүр удаан ч биш. Хурдлуулъя гэвэл иргэдийнхээ дунджийг л ахиулах ёстой. Ахиулдаг арга нь боловсрол. Тийм ч учраас би ярианы эхэнд гарсан боловсролд анхаардгийн учиг энд гарч буй юм.

-Энэ жилийн төсөв халамжаас хөдөлмөрт гэсэн тодотголтой байсан. Ирэх жилийн төсвийн тухайд хэмнэлтийн төсөв болсон хэмээн тодорхойлж байна. Та үүнтэй санал нийлэх үү?

-Энэ жилийн хувьд халамжаас хөдөлмөрт шилжих биш, эсрэгээрээ харин хөдөлмөрөөс халамжид шилжих бодлого, зорилт дэвшүүлсэн жил болсон юм болов уу гэж ойлгогдохоор байгаа. Өнөөдөр ажил хийж, амьжиргаагаа залгуулах сонирхолтой иргэдийн тоо буурсан. Ямар нэгэн байдлаар ажил хийхгүйгээр амьдарч болдог халамжийн тогтолцоог эрх баригчид бий болгочихсон. Би дээр хэлсэн. Нийт хүн амынх нь 75 хувь нь ямар нэгэн байдлаар халамж авдаг улс дэлхийд манайхаас өөр байна уу. Социализмын үед ч ийм байгаагүй байх. Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг хэрэгжүүлэх ямар механизм бүрдсэн юм. Ямар үр дүн гарав. Судалъя гэсэн ч ийм бодлого шийдвэр хаана ч байхгүй. Харин халамж авдаг иргэдийн тоо нэмэгдсэн. Ирэх оны төсвийн тухайд ч хэмнэлтийн төсөв биш үрэлгэн, зарлаган төсөв болсон.

-Ирэх оны төсвийн бас нэг онцлог нь шинээр хөрөнгө оруулалтын зардал гаргахгүй, өмнө нь эхлүүлсэн хөрөнгө оруулалтуудын төслүүдээ дуусгахыг зорьж байгаа шүү дээ. Энэ нь төсвийн шинэчлэлийн нэг алхам болж чадав уу?

-Эрх баригчид маш олон гоё юм ярьж байгаа шүү дээ. Ирэх онд 2.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвлөсөн. Энэ жил 1.6 их наядын хөрөнгө оруулалт төсөвлөсөн шүү дээ. Тэгвэл шинэ хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөгүй юм бол энэ жилийнхээс даруй 1.1 их наяд төгрөгөөр хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлсэн нь хэмнэсэн хэрэг үү. Үнэндээ өмнө нь төсөвт суулгасан эдийн засгийн үр ашиггүй цемент цутгах ажлаа гүйцээх гэж байгаа хэрэг. Ирэх жил эрх баригчдын зарласан тендерт ААН-үүд орохгүй гэдгийг тэд мэдэж байгаа. Учир нь хуучин батлагдсан төсвөөр ирэх жил тендерт оролцож, байгууллагынхаа үйл ажиллагаанд саад учруулах компани байхгүй. Тийм учраас энэ ажил үр дүн муутай байх болов уу гэж харж байгаа.

-Ирэх оны төсөв дээр та нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа юм байна. Та УИХ-ын гишүүний хувиар болоод УИХ дахь АН-ын бүлгийн даргын хувьд төсвийн хэлэлцүүлгийн үеэр саналуудаа нэгтгэж хүргүүлсэн үү?

-Төсөвтэй холбоотой санал, шүүмжлэлээ УИХ-ын чуулганы үеэр болоод, холбогдох байнгын хорооны хурал дээр хэлсээр байгаа. Дээр дурдсан асуудлууд Монгол Улсын төсөвт тулгараад байгаа аюул, гамшгийн ердөө л зах зух нь. Үүний цаана маш олон асуудлууд орхигдсон байгаа. Нийгмийн даатгалын тогтолцоо нь тэр чигээрээ дампуурчихсан. Хөдөө аж ахуйн салбарт ч тулгамдсан асуудал олон байна. Малчдын орлогын гол эх үүсвэр болсон махны үнэ дотооддоо буурчихсан, цаашлаад улс орон даяараа шүлхийн өвчин, халдварт өвчинд идэгдчихсэнээс үүдээд махаа экспортод гаргах боломжгүй болчихсон байна. Тэр дундаа малчдын орлого тасалдахад хүрлээ. Ойрын гурван жилдээ нойтон мах экспортод гаргах талаар яриад ч нэмэргүй. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс дээрх бүх асуудлаар тухай бүрд нь байр сууриа илэрхийлээд явж байгаа. Бид МАН-аас сонгуулийн амлалтуудыг нэхэх акц зохион байгуулахаар төлөвлөж байна. Тэдний амлалтууд бодит байдал дээр биелсэн үү. Амлалтаа биелүүлээгүй, биелүүлэхийн төлөө ажил хийгээгүй бол санаатайгаар иргэдийг хууран мэхлэх үйл ажиллагаа цаана нь явж байна гэсэн үг. Бид системтэй арга хэмжээнүүд авахаар ажиллаж байна.

-Ирэх оны төсвийн төсөл дээрх таны байр суурийг энэ хүрээд өндөрлөе. Одоо УИХ дахь Ардчилсан намын бүлгийн асуудал руу оръё гэж бодож байна. Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах үеэр танай намын бүлэг албан ёсоор хуралдаж, таныг бүлгийн даргаар сонгосон. Гэвч үүнийг өмнөх бүлгийн дарга үл зөвшөөрсөн үйлдлүүдийг гаргаж буй асуудал бий. Ардчилсан намын бүлгийн даргын маргаантай асуудал одоо нэг талдаа гарсан гэж ойлгож болох уу. Тухайлбал та бүлгийн даргын өрөө, тамгаа хүлээж авсан уу?

-УИХ дахь Ардчилсан намын бүлгийн үйл ажиллагаа хэвийн, хууль журмын хүрээнд саадгүй үргэлжилж байна. Гэвч бүлэг дотор өмнөх даргатай үл ойлголцох ганц нэг асуудлууд бий. Төрийн тэр тусмаа улс төрийн ажил гэдэг авдаг, авсан шигээ дараагийн хүндээ шилжүүлж өгөөд явдаг ажил. Д.Ганбат гишүүний хувьд Ардчилсан намын үзэл санаан дээр бат зогсдог, туршлагатай парламентч хүн. Тэр үүднээсээ удахгүй үнэн зөвөө ялгаж таниад эвлээд урагшилна байх л гэж бодож, хардаг. Бүлгийн тамганы хувьд өмнөхийг хүчингүй болгоод шинээр гаргаж өгсөн.

-Танай бүлэг нийт хэдэн гишүүнтэй байна вэ. УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Н.Алтанхуяг нар танай бүлэгт харьяалагдаж байгаа юу?

-Сонгуулийн үр дүнгийн дагуу 11 гишүүн манай бүлэгт бий. УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Н.Алтанхуяг нар саналын эрх байхгүй ч манай бүлэгт харьяалагдаад, үйл ажиллагаанд хамтран оролцоод явж байна.

-Тэгвэл Ардчилсан намын тамга тэмдгийн асуудал юу болсон бэ?

-Яахав, хамгийн сүүлд Улсын дээд шүүхийн хуралдааны шийдвэр гарсан. Уламжлал ёсоор “Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх дарга одоогоор байхгүй. Энэ асуудлаа намын дотроо шийд” гэсэн хариуг есдүгээр сарын 27-ны хуралдаанаар өгсөн. Тиймээс бидэнд дотооддоо учраа олохоос өөр арга зам үлдээгүй. УДШ-ийн шийдвэр эцсийнх гэдгийг бүгд мэдэж байгаа. Ямар нэгэн зохиомол тайлбарууд одоо хэрэггүй.

-Дотооддоо ойлголцох алхам, уулзалтууд хийж байгаа юу?

-Янз бүрийн санал санаачилга гараад явж байна. Ардчилсан намын бүлэг нэгдэж, нийлэх аливаа санал, санаачилгыг дэмжих ёстой гэсэн байр суурьтай байгаа. Мөн АН-д тодорхой хэмжээний талцал, хуваагдал байгаа нь үнэн. Миний хувьд АН-ын бүлгийн даргын хувьд аль нэг талд нь илэрхий орохгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шар морь өдөр DNN.mn

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 1, Ангараг гариг. Билгийн тооллын 8, булаагч одтой одтой, шар морь өдөр. Өдрийн наран 7:36 цагт мандан, 17:35 цагт жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойд зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 0-2 хэм хүйтэн байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 16-18 градус, бусад хэсгээр 10-12 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нутгийн баруун өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар 23-28 градус, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Хэрлэн голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэл, Халх голын хөндийгөөр 1-6 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. Шөнөдөө 18-20 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Газар бүр газрын ховор элемент гэж улиглан, гуйх тоолондоо гуравдагч хөрш минь гэж тонголзох юм аа” гэв DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Гашуунсухайт боомтод нүүрс тээвэр хийж буй жолооч
Д.Болд “Зөвхөн штамп даруулахаас болоод
нүүрс тээвэр удааширч байна” хэмээн ярьсныг VII нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

МУИС-ийн Хууль зүйн
сургуулийн профессор,
хууль зүйн доктор О.Мөнхсайхан “Нэр
дэвшигчийн сонсгол
Үндсэн хууль зөрчөөгүй
гэж Цэц дүгнэнэ гэж
найдаж байна” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Газар бүр газрын ховор элемент гэж
улиглан, гуйх тоолондоо гуравдагч хөрш минь
гэж тонголзох юм аа” хэмээн өгүүллээ.

“Эрдэнэс Таван толгой”-г тойрсон баривчилгаа
эзнээ олоогүй гэв үү?

Ардын Боловсролын
тэргүүний ажилтан, тэргүүлэх багш Д.Үзмээ “Нутаг орон, цаашлаад
улс эх орныг хөгжүүлэх хүмүүс
математикийн ангиас л төрдөг” хэмээлээ.

ТЦА-ны Урьдчилан
сэргийлэх хэлтсийн ахлах
мэргэжилтэн, цагдаагийн
хошууч Г.Отгонтамир “Өнгөрсөн баасан гаригт
501 согтуу жолооч
илрүүлсэн” хэмээн “Баримт, үйл явдал”-ын VII нүүрт ярилаа.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ