Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: “Түс тас” харилцаа амьдралыг амархан бөгөөд амттай болгодог DNN.mn

Налгар намрын өдрүүд энд хүрээд дуусав уу гэлтэй амралтын өдрийн цастай өглөө намуухан бөгөөд жихүүн. Нийтийн тээвэр хүлээх зорчигчид хаа нэг автобус ирэх зүгт хараа чилээхээс өөрөөр анир чимээгүй. Гэнэтхэн энэ аниргүй байдлыг гудамжны үзүүрт хэн нэгэнтээ чангаар ярингаа, уйлах эрийн дуу эвдэж орхив. “Яагаад, яагаад чи надад хайргүй юм бол энэ олон жил яагаад хүлээлгэсэн юм бэ” гэх дуу тодоос тод сонсогдов. Гомдол цөхрөл дүүрэн тэдний яриа тэгсхийгээд төгсөв.

Хашааны булангаас 40 эргэм насны эр гарч ирээд бидний нэгэн адил автобус хүлээн зогсов. Тэрээр хэнд ч азаарагдахыг хүсэхгүй байгаа нь илт. Автобусны буудал дээр зогсоо 10 орчим хүн түүнийг анзаарсан ч анзаараагүй мэт царайлав. “Бодвол хэн нэгэн согтуудаа солиорч байгаа биз” гэх бодол минь тэрхэн зуурт өөрчлөгдөв. Бүлцэн болсон нүдээ шударчихаад, багахан гунигтай хэрнээ эрс шийдэмгий царай гарган хажуугаар зөрөх идэр насны эрээс архи биш үнэртэй ус ханхална. Түүний дотор цастай биш, цасан шуурга шуурч байгаа бололтой. Амьдралд танихгүй нэгэнд урмын үг хэлмээр, юу болсон талаар нь ярилцмаар, эсвэл зүгээр л тэвэрмээр үе тохиолддог байх нь…Түүний “Яагаад, яагаад…” гэх чин сэтгэлийн асуулт сэтгэл хөндүүрлүүлж, автобусны цонхоор тамхи татан зогсох түүний төрх улам бүдгэрэв. Хайргүй хэрнээ хайртай мэт царайлдаг, хамт амьдрахгүй мөртлөө амьдрах ч юм шиг итгэл төрүүлж, хэн хэнийхээ цаг зав, сэтгэл зүрхийг үрсэн харилцааг битгий өөгшүүлээрэй. Эцэст нь хэн нэг нь сэтгэлдээ шархтай, нүдэндээ нулимстай үлдэх нь.

Өөх ч биш булчирхай ч биш харилцаанаас илүүтэй хайрлавал хайрласан шиг хайрладаг, хамт амьдрах боломжгүй бол сайн сайхныг хүсээд явуулдаг түс тас харилцаа амьдралыг амархан бөгөөд амттай болгодог доо.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Зөрчлийн хэргийн торгох шийтгэлээс 1.1 тэрбум төгрөгийг төрийн санд оруулахаар шийдвэрлэжээ DNN.mn

Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр болж байна. Энэ үеэр 2022 оны гуравдугаар улирлын дүн мэдээллийг анилцууллаа.

Тодруулбал,

Монгол Улсын шүүхээс 2022 оны гуравдугаар улирлын байдлаар нийт 20.8 тэрбум төгрөгийг төрийн санд оруулахаар шийдвэрлэжээ.

Үүнээс:

  • Улсын тэмдэгтийн хураамж 10.4 тэрбум
  • Торгох ял 9.2 тэрбум
  • Зөрчлийн хэрэгт торгох шийтгэлээс 1.1 тэрбум төгрөгийг төрийн санд оруулахаар тус тус шийдвэрлэсэн байна.
Улсын хэмжээнд анхан шатны шүүх бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэсэн 1,503 шүүх хуралдаанд 1,524 иргэдийн төлөөлөгч оролцсон байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 10,443 хэрэг хянан шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 1,775 хэргээр буюу 20.5 хувиар өссөн. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр 1,743 хэргийг хянан шийдвэрлэсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 169 хэргээр буюу 10.7 хувиар өссөн дүнтэй гарчээ.
Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн хэргийн 16.7 хувь нь давж заалдах шатны шүүхээр хянагдсан. Хяналтын шатны шүүх тайлант хугацаанд 133 хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Энэ нь давж заалдах шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн хэргийн 7.6 хувийг эзэлж байгаа юм.

No description available.

Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах хэрэг өссөн дүнтэй гарчээ. Үүнд:

  • Хүний эрүүл мэндэд санаатай хүнд хохирол учруулсан 18.2%
  • Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан 29.9%
  • Дээрэмдэх 49.6%
  • Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг 36.3%-аар тус тус өссөн байна.

Ял шийтгүүлэгчдийн дотор 30-34, 35-аас дээш насны ял шийтгүүлэгчдийн тоо 60.6 хувийг эзэлж байгаа юм. Гэм буруутайд тооцсон нийт 12,493 хүн байна. Эдгээрээс

  • Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ 119 буюу 1%
  • Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн 20 буюу 0.2%
  • Эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн 367 буюу 2.9%
  • Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн 1,069 буюу 8.6%
  • Нийтэд тустай ажил хийлгэх ялаар 1,308 буюу 10.5%
  • Хорих ялаар 2,083 буюу 16.7%
  • Торгох ялаар 6,173 буюу 49.4%
  • Зорчих эрхийг хязгаарлах ялаар 1,354 буюу 10.8%-аар тус тус шийтгүүлсэн хэмээн мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

АНУ үндэсний батлан хамгаалах стратегиа шинэчлэн гаргалаа DNN.mn

АНУ-ын Батлан хамгаалах яам шинээр батлагдсан Үндэсний батлан хамгаалах стратегиа өнгөрсөн долоо хоногт олон нийтэд ил болгосон бөгөөд тус стратеги нь энэ сарын 12-нд Ерөнхийлөгч Ж.Байдены баталсан Үндэсний аюулгүй байдлын стратегийн үргэлжлэл юм.

АНУ-ын Үндэсний батлан хамгаалах стратеги (ҮБХС)-ын зорилго, ач холбогдол нь АНУ-ын үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхол болон тогтвортой, нээлттэй, олон улсын тогтолцоонд заналхийлж буй аливаа аюул заналыг даван туулахад Америкийн зэвсэгт хүчний стратегийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон явдал юм.

АНУ-ын Батлан хамгаалах яам шинэ стратегидаа аюул заналаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай үндэсний батлан хамгаалах дараах 4 тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон байна. Үүнд:

  • АНУ-д учирч болзошгүй олон талт аюул эрсдэл сорилтыг бууруулж, эх орноо батлан хамгаалах;
  • АНУ, түүний холбоотон болон түншүүдийн эсрэг стратегийн халдлагыг таслан зогсоох;
  • Энэтхэг-Номхон далай болон Европын бүс нутагт болзошгүй аюулыг тогтоон барих замаар түрэмгийллийг таслан зогсоох, шаардлагатай үед мөргөлдөөнд давамгайлахад бэлэн байх;
  • Хамтарсан хүчний даван туулах чадвар, батлан хамгаалах экосистемийг бий болгох явдал гэж үзэж байна.

Шинэ стратегийн дээрх тэргүүлэх дөрвөн чиглэлд хүрэх гурван арга зам нь нэгдмэл аргаар тогтоон барих, кампанит ажиллагаа явуулах, тогтвортой давуу байдлыг бий болгох явдал хэмээн тодорхойлжээ.

Үндэсний батлан хамгаалах стратеги (ҮБХС)-ийг батлан гаргахдаа анх удаагаа үндэсний аюулгүй байдлын стратегитай уялдуулан стратегийн томоохон үнэлгээг нэгдсэн байдлаар хийж, АНУ-ын Цөмийн төлөв байдлын тойм, Пуужингийн довтолгооноос хамгаалах тоймыг хавсралтаар хамтатган нийтэлсэн нь онцлог юм.

АНУ-ын Цөмийн төлөв байдлын тоймд, түүний цөмийн хүч нь АНУ, түүний холбоотнууд болон түншүүд рүү чиглэсэн цөмийн довтолгоог таслан зогсоох явдал бөгөөд зөвхөн онцгой нөхцөлд АНУ эсвэл түүний холбоотнууд болон түншүүдийн амин чухал ашиг сонирхлыг хамгаалахын тулд цөмийн зэвсгийг ашиглах асуудлыг авч үзэх болохыг онцолж байна.

АНУ-ын Пуужингийн довтолгооноос хамгаалах систем нь дайсны довтолгооноос урьдчилан сэргийлэх, дайсны амжилттай довтолгоо хийх чадварт итгэх итгэлийг алдагдуулах зорилготой гэдгийг онцолж байна. Мөн холбоотнууд болон түншүүдээ хамгаалахын тулд хамгийн дэвшилтэт шинэ пуужин болон агаарын довтолгооноос хамгаалах системийг хөгжүүлэхийг эрмэлзэж байна.

Эх сурвалж: iss.gov.mn

Categories
гадаад мэдээ

Неандертальчууд яагаад мөхөв DNN.mn

Неандертальчууд яагаад мөхсөн нь эрдэмтдийн хувьд нууц хэвээр байгаа юм. Бидний өвөг болох Хомо сапиенс тэднийг устгасан гэсэн таамаглал байдаг. Гэхдээ энэ нь эсрэгээрээ байсан байж магадгүй гэнэ. Неандертальчууд Хомо сапиенстай дайсагнал, өрсөлдөөний улмаас бус, харин тэдэнтэй эрлийзжсэний улмаас алга болсон байж магадгүй аж.

“ПалеоАнтропологи” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаа Неандертальчууд алга болсон нь эдгээр хоёр зүйлийн хооронд удаан хугацаагаар “огтлолцон” эрлийзсэний үр дүн байж магадгүй гэж үзэж байна.

Уг судалгаа Неандерталь ДНХ-тэй хүмүүсийн тоо аажмаар буурч, эцэст нь алга болсон гэсэн байна. Хүний хувьслын музейн шинжлэх ухааны захирал, уг нийтлэлийн хамтран зохиогч, профессор Крис Стрингер хэлэхдээ, энэ хоёр зүйл яг хэрхэн хоорондоо холилдсон тухай шинжлэх ухааны маргаан байсаар байна. “Хэрэв Неандертальчууд Хомо сапиенстай байнга эрлийздэг байсан бол энэ нь тэднийг алга болох хүртэл нь тэдний популяцийг бууруулж чадна” гэж тэрээр хэлсэн байна.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Ховд аймаг “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг аж үйлдвэрийн сэргэлттэй хоршиж хэрэгжүүлнэ DNN.mn

Ирэх таван жилийн хугацаанд 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, цаашлаад экспортлогч улс болох зорилго бүхий “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний орон нутаг дахь нээлт амжилттай үргэлжилж байна. Тодруулбал Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр ахлахтай ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан ажлын албаны Хүнсний мэргэжилтэн А.Амаржаргал, ХХААХҮЯ-ны Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний Хэлтсийн дарга О.Онон нар баруун бүсийн тулгуур хөгжил Ховд аймаг дахь “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. Мөн тус үйл ажиллагааг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр уншиж танилцууллаа.

Ховд аймагт 2022 оны байдлаар нийт 140 гаруй аж ахуйн нэгж хүнсний төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж үйл ажиллагаа явуулж байна. Мөн хүн амын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох мах, төмс, хүнсний ногооны хэрэгцээг 100 хувь, сүүний 88.4 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангадаг боловч төрөл бүрийн будаа, буурцагт ургамал, сахар, чихрийн зүйлийн хангамж бусад орон нутгаас болон гаднын импортоос 100% хамааралтай байна.

Аймгийн хүн амын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний зохистой хэрэгцээг статистикийн хэлтсээс хийсэн 2021 оны тооцооллоор жилд 8,21 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн, 4,51 мянган тонн сүү, 5,91 мянган тонн сүүн бүтээгдэхүүн, 4,64 мянган тонн сахар, чихрийн зүйл, 2,39 мянган тонн төмс, 4,65 мянган тонн гурилан бүтээгдэхүүн, 1,12 мянган тонн будаа, 2,12 мянган тонн хүнсний ногоо, 0,30 мянган тонн өндөг, 0,06 мянган тонн буурцагт ургамал, 0,86 мянган тонн жимс, жимсгэнэ, 0,49 мянган тонн ургамлын тос, 0,18 мянган тонн наран цэцэгийн тос нийлүүлэгдсэн байна.

Ховд аймаг энэ жил үр тариа 235,3 га, тэжээлийн ургамал 613,8 га, төмс 799 га, хүнсний ногоо 1410,4 га, жимс жимсгэнэ 90,3 га, нийт 3148,8 га талбайд йт 3148,8 га талбайд тариа 235,3 га, тэжээлийн ургамал 613,8 га, төмс 799 га, хүнсний ногоо 1410,4 га, жимс жимсгэнэ 90,3 га, нтариалалт хийж ургац хураалтын явцын мэдээгээр үр тариа 79,3 тн, тэжээлийн ургамал 1994,1 тн, төмс 8716,4 тн, хүнсний ногоо 14861,7 тн ургац тус тус хураажээ.

Ховд аймгийн хэмжээнд 9426,5 тонны багтаамж бүхий 436 зоорь байна. Эдгээр зоортуд өөрийн багтаамжийн тодорхой хэмжээнд төмс хүнсний ногоо хадгалж байна.

ХОВД АЙМАГ ХҮНСНИЙ БРЭНД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ХӨГЖҮҮЛЭХЭД АНХААРНА

Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Ховд аймгийн нийгэм, эдийн засагт чухал ач холбогдолтой томоохон аж үйлдвэрүүд болон хүнсний үйлдвэрүүдтэй танилцлаа.

  • Алслагдмал орон нутагт ажиллах боловсон хүчин дутмаг байна

Ховд аймгийн “Талст чиглэл” дахин боловсруулах үйлдвэр нь эрчим хүчний хог хаягдлыг дахин боловсруулж, байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулдагаараа онцлог. Тус компанид жирийн үед тогтмол 8 хүнийг ажлын байраар хангадаг бол ачаалалтай үед 30 хүнийг цалинжуулдаг. Гэвч ажиллах хүчний хомсдол их байгаа нь үйлдвэрийн үйл ажиллагаа доголдох шалтгаан болдог гэв.

  • Техник технологийн шинэчлэлт хийхэд хүндрэлтэй байна

Орон нутгийнхаа мах, махан бүтээгдэхүүний хэрэгцээг хангахад чухал үүрэг гүйцэтгэж буй “Хан жаргалант” ХХК нь 30 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, Ховд аймгийн төдийгүй Баян-Өлгий аймагт борлуулалт хийж байна. Өдөрт 500-600 кг бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадалтай. Нийслэлээс алслагдмал байршилд үйлдвэрлэлээ явуулдаг нь техник, технологийн шинэчлэлт хийхэд хүндрэл учруулдаг тул “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд бодлого, шийдвэртээ тусгаж өгөхийг хүслээ.

  • Ховд аймгийг хөгжүүлэхэд үнэ цэнтэй нийт 67 төсөл хэрэгжүүлнэ

Ховд аймгийн эдийн засгийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэн, шаардлагатай төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилготой “Шинэ Ховд” бизнес хөгжлийн төвтэй Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр танилцлаа. Энэхүү төв нь орчин үеийн оффисын техник хэрэгслээр бүрэн тоноглогдсон бөгөөд бизнесийн уулзалт, төрөл бүрийн сургалтыг зохион байгуулахаас гадна бизнес эрхлэгчдийн дундын оффисын үйлчилгээг бий болгожээ.

  • Баруун бүсийн таван аймгийн цементний хэрэгцээг бүрэн хангах “Ховд эко цемент” үйлдвэр

Ховд аймгийн Буянт суманд “Вестерн Холд” ХХК-ийн бүтээн байгуулсан байгальд ээлтэй “Ховд эко цемент” үйлдвэр нь монголчууд өөрсдөө хийж, бүтээж чадна гэдгийн нэг жишээ юм. Тодруулбал тус үйлдвэрийг 3 жилийн хугацаанд 800 гаруй монгол хүн барьж, ашиглалтад оруулжээ. Өнөөдрийн байдлаар 300 хүнийг тогтмол ажлын байраар хангаж байгаа ч тус үйлдвэрийн үйл ажиллагаатай холбогдох 3000 ажлын байр бий болно гэсэн тооцоолол бий. Мөн хоол хүнс, хувцас гэх мэт бүтээн байгуулалт дагасан олон ЖДҮҮ нэмэгдэх онцлогтой. Уг бүтээн байгуулалтын шав тавих ёслол 2019 онд болж байсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа очиж байжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан тус хөдөлгөөнийг хэрэгжүүлэхдээ бүтцийн хүрээнд анхаарч, брэнд бүтээгдэхүүн бий болгохыг зорьж ажиллана гэдгийг нутгийн удирдлагууд илэрхийллээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Валютын хадгаламж өсч, төгрөгийн хадгаламж буурчээ DNN.mn

Монголбанкны статистик мэдээллээр, өнгөрсөн есдүгээр сарын байдлаар нийт хадгаламжийн 26.9 хувь нь гадаад валютын хадгаламж байжээ. Цар тахлын өмнө буюу өнгөрсөн 2019 оны мөн үед нийт хадгаламжийн 23.9 хувь нь гадаад валютын хадгаламж байв.

Өнгөрсөн есдүгээр сарын байдлаар валютын хадгаламж 4.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 10.9 хувиар өссөн бол төгрөгийн хадгаламж 12.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 17.9 хувиар, өмнөх сараас 2.3 хувиар тус тус буурчээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Гашуунсухайт боомтод нүүрс тээвэр хийж буй жолооч Д.Болд: Зөвхөн штамп даруулахаас болоод нүүрс тээвэр удааширч байна DNN.mn

Гашуунсухайт боомтод нүүрс тээврийн жолоочоор ажиллаж буй иргэн Д.Болдтой ярилцлаа.


-Гашуунсухайт боомтын нөхцөл байдал ямар байна вэ?

-Ер нь хүн харахад хэвийн л дээ. Үйл ажиллагаа нь хэвийн явдгаараа явж л байна. Гэхдээ нүүрс наалтын талбай гэж жолооч нар ярьдаг. Ачилтын талбай, гаалийн баталгаат бүсээс нэгэн зэрэг гадагш нь гаргаж тавьдаг учраас шөнө болгон л нэг машин талаараа харж унаж байна.

-Талаараа харж унана гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Шөнө бүр нэг машин онхолдож унаж байна. Нүүрстэй машин зам руугаа орж чадахгүй нэг талаараа харуулдаж унадаг. Гаалийн баталгаат хяналтын талбайгаас гол зам руугаа орох хэсэг нь их эвгүй. Том тэрэг гарахад олигтой биш. Түүнийг нь хяналтын ажилчид хоорондоо холбоогоор яриад цагийг нь 5-10 минутаар зөрүүлээд тавьчихгүй бүгдийг нь нэгэн зэрэг явуулаад, нөгөөдүүл нь зам дээрээ хахчихдаг байхгүй юу. Наалтын талбайд нүүрс ачихад усжилт ерөөсөө хийдэггүй. Хятадынх болохоор усалгаа хийгээд шороо тоос гаргадаггүй. Тэгээд Монгол талдаа битүү тоосжилттой. Хоёрдугаарт, талбайн гэрэлтүүлэг маш муу. Мэргэжлийн хяналт байтугай миний нүдээр харахад жолоочийн эгц өөдөөс гэрэл нь тулаад үзэгдэх орчин хязгаарлагддаг. Тэр нь маш түвэгтэй. Тэр дотор хөдөлгөөнд оролцоход их хэцүү. Юм харагдахгүй.

Гэрэлтүүлэг маш буруу. Түүнийг нь хэлээд шаардлага тавихаар хүлээж авдаггүй. Хятадынх бол их өндрөөс гэрэлтүүлэгтэй байдаг. Манайх гэтэл гэрэлтүүлгээ дандаа буруу байршуулсан.

Штамп дарахад бас асуудал гардаг гэсэн. Ямар асуудал тулгарч байна вэ?

-Хятадын тал дөрвөн эгнээ урсгалаар машинуудыг татдаг. Дөрвөн хүн дөрвүүлээ зэрэг штамп дараад сууж байна. Манайх болохоор дөрвөн эгнээ штамп дарах пост нь байгаад байдаг. Гэтэл 1-2 хүн л суудаг. Хятадын талын хурдыг гүйцдэггүй. Пост нь хүнгүй газраар орсон жолооч нар бууж гүйгээд хүнтэй пост дээр очиж штампаа даруулна. Үүнд нь шаардлага тавихаар нохой хуцна чинээ тоохгүй. Тэр хилийн ажилчид нь бага албан тушаалтандаа шаардлага тавьж чаддаггүй юм уу, эсвэл арын хаалганыхан байдаг юм уу, дарга нарынх нь авгай хүүхнүүд байдаг юм уу дурын цагтаа хаяад явчихна. Эсвэл нэг постондоо хоёулаа нийлээд хов яриад, сууж байна. Заримдаа байгаа хэрнээ штампаа дарахгүй гар утсаа оролдоод суучихна. Цааш ороход нэг тиймэрхүү л байна. Аравдугаар сарын 29-ний өдөр 13:30 цагт ганцхан штамп дараад сууж байсан. Дөрвөн урсгалд ганцхан хүн сууж байхаар жолооч нар бууж гүйж очоод хүнтэй газраар нь штампаа даруулдаг. Ингээд удаашрал үүсч байгаа юм.

-Халдвар хамгааллын дэглэмийг нарийн чанд бариад байгаа гэсэн. Дэглэмээ барьж чадаж байгаа юу?

-Тэр нь яах вэ, Хятадын талын шаардлагад нийцүүлээд комбинзон өмсөөд, маскаа зүүгээд, хамаг юм нь битүү. Хятадын талд штамп даруулсан хүн нь бууж нүүрээ таниулна. Тэр бол асуудалгүй.

-Нүүрс дутуу ачдаг гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Нэг машинд дандаа 137, 138, 139 тн ачаад байдаг юм. Уг нь өдөрт 500 машин гаргалаа гэхэд нэг тонныг нэмээд ачаад гаргачихмаар байна. Хяналтын пүүн дээрээ жин тохируулдаг экскаватор гэж юм байдаг. Энд хоёр, гуравхан хүнд л байдаг. Бусдад нь байхгүй. Дутуу гаргаад байхаар бөөнөөр нь гаргах зорилтод нь хүрэхгүй л байхгүй юу. 500 машин нэг тн дутуу гаргаад байхад л 500 тн болно. Тэр чинь дор хаяж дөрвөн машин нүүрс болно биз дээ. Тэгэхээр дахиад л бөөн зардал гарна. Харамсалтай байхгүй юу.

-Өөр ямар асуудлууд тулгарч байна вэ?

-Хятадын талд буулгах гэж оочерлоно, хүлээнэ. Тэгээд олон талбай руу сална. Эргээд буцаж гардаг боомт дээрээ бөөгнөрнө. Бас нэлээд хэцүү л дээ. Тэгээд наашаа буцаж гарахад Хятадын тал дөрвөн эгнээгээр дөрвөн хүн суугаад татаж байхад манай талд 29-ний орой мөн л нэг хүн суучихсан бусад нь байхгүй. Тэгээд л Монгол талын хоолой дээр машинууд нь хахчихаж байгаа байхгүй юу. Тэгэхээр чинь цаана Хятадын талд хаалга, цонх шилээ бүгдийг нь лацдуулчихсан онгойлгож болохгүй. Биологийн асуудлаа шийдэх боломж ерөөсөө байхгүй. Тэндээс гарахдаа жолооч нар өлсгөлөн явдаг. Яагаад өлсгөлөн явдаг вэ гэхээр хүндээр бие засах боломжгүй учраас түүндээ тааруулаад бие засахгүйн тулд урьд шөнөөс нь эхлээд юу ч идэхгүй. Өдөржин хоосон явдаг. Наашаа гарахад өлссөн ходоод, чинэсэн давсаг гэдэг чинь хэцүү мэдрэмж шүү дээ. Түүнийг хайхарч байгаа хүн ер байхгүй. Тэгээд тэнд чинь эрүүл мэндийн хуудас даруулна гэж нэг бууна. Штампаа даруулахад дахиад бууна. Мөн гаалийн бичгээ хаалгах гэж гурван удаа нааш цаашаа гүйнэ. Тэгэхэд чинь давсаг нь чинэсэн, өмдөндөө дусаачих гээд явах үнэндээ хэцүү. Дор хаяж 6-7 цаг болно. Бүр 8-9 цаг ч болж магадгүй. Тэгж удаан тэвчиж явах хэцүү шүү дээ.

-Хилийн цэргийнхний харилцаа хандлага ямар байдаг вэ?

-Арван жилийн өмнө хилийн цэргийнхний харилцаа хандлага их боломжийн байсан. Гэтэл одоо бол харц нь ч хүйтэн болж. Ааш зан нь ч түрэмгий болж. Ер нь бол жолооч нартай эрүүлжүүлэхэд байгаа согтуутай харьцаж байгаа цагдаагаас бараг дор харьцах гээд байна. Улс эх орон нь нүүрс тээврээ гаргая, улс эх орноо бодъё. Мөнгө төгрөг олох ганц гарц гээд байдаг. За, тэр нарийн ширийн гэрээ хэлэлцээрийн асуудлыг би мэдэхгүй. Хамгийн доод шатандаа ажиллаж байгаа хүмүүс хоёрын хооронд хөгийн юмнаас болж татан авалт нь гүйцэхгүй, Хятадын тал цаг нь болохоор хилээ хаачингуут зогсоол олдохгүй. Дахиад 500 машин хүлээгээд зогсож байдаг. Гэтэл энэ жижигхэн асуудлыг шийдэж чадахгүй байна гэдэг туйлын хариуцлагагүйнх биз дээ. Үүнд л бухимдал төрөөд байх юм. Зөвхөн штампаас болоод удааширч байгаа юм. Тэгээд энэ хилийн цэргийн штамп дардаг нөхдүүд нь солигддог ч үгүй. Яах ч үгүй байгаад байдаг нь сонин. Эсвэл тийм дархлагдсан улсууд байдаг юм уу. Ямар учиртай улсууд байдаг юм. Цалин авч байгаа юм бол ажлын цагаараа постондоо яг суугаад, ачаа бага байсан ч яс сууж байх ёстой шүү дээ. Тэр чинь гэнэт оволзоно, гэнэт багасна. Харьцангуй шүү дээ. Өчигдөр л гэхэд Монголын талд дөрвөөрөө татсан бол эрт гэгч нь гараад дуусчихаар байхад л ганц хүн суугаад 22:00, 23:00 цаг хүргэчихэж байгаа юм. Хятад нь маш хурдан татаад байдаг. Наад талд нь Монголын хил дээрээ овоороод байдаг. Тэгээд л хөдөлгөөн удаашраад хамаг асуудал ундардаг.

-Одоо Гашуунсухайт боомтод хичнээн машины дараалал үүссэн байгаа вэ. Танд баримжаа байна уу?

-Одоо дараалал гэж юм байхаа больсон. Бөмбөлөг гэдэг чинь дарааллаа хуваагаад тэдэн бөмбөлөг орно гээд хуваариар ачдаг болсон. Тиймээс хуучинтай адилхан 50, 60, 100 км оочерлоно гэсэн юм байхгүй болсон. Бусад цагт нь амарч байна.

-Кемпүүд баригдсан гэсэн. Хичнээн кемп байгаа юм бол?

-399 бөмбөлөг байгаа. Шинээр үүсч буй бөмбөлгүүд ч бий. Энд байгаа ачилт буулгалтын янз бүрийн компаниуд гээд зөндөө олон байх аа. Ямар ч байсан машиндаа хонодог жолооч одоо байхгүй.

Бөмбөлөг гэж юу юм бэ?

-Нэг компанийн тээврийн багийг л бөмбөлөг гэж байгаа юм.

-Өөрсдийн хэллэг гэсэн үг үү?

-н.Амарсанааг боомтын онцгой эрхтэй байх үед гарсан хэллэг л дээ. Бөмбөлөг тээврийн баг гэж нэршил гарсан. Нэг баг 5, 10, 20 ч юм уу хүнтэй. Боомтын ажилчид төдөн машин шинжилгээнд орно гэвэл тоогоороо гардаг юм. Тэгээд Хятадын талтайгаа харилцан тохиролцоод гарч байгаа бөмбөлөг нь манай хилийн цэргийнхний арчаагүй байдлаас болоод удаашраад байгаа нь харамсалтай. Наашаа гарахад цаана хонуулахгүй болохоор Хятад тал бол яаж ийгээд гаргаад байдаг. Наад талдаа болохоор хөдөлж ядаад хүнд суртал гаргаад байгаа нь маш хэцүү байна л даа.

-Нэмж мэдээлэх зүйл танд байна уу?

-Бүтээлэг хуулах ажиллагаа хийгддэг. Түүнд хөдөлмөрийн аюулгүй байдал гэж юм юу ч байхгүй. Тэр өндөр машин дээр авирч гарна. Салхитай үед бүтээлгэндээ шүхэрлэж нисчих гээд хэцүү. Түүнийг дүрмийн пост буюу гаалийн бүс рүү орохоор заавал штамп дарах гэж яарч сандарч байгаа үед авахгүйгээр наана аажуухан авч болдог болгомоор санагддаг. Дүрмийн пост гэж ярьдаг, түүнээс гаалийн бүс хүртэлх замаа камержуулчихвал сайн л байна. Бид гаалийн бүсээс гараад бүтээлгээ хуулдаг. Замдаа пост хүлээж зогсохдоо сандарч тэвдэлгүй, яаралгүй бүтээлгээ авах бололцоо олддог бол сайн л байна. Тэгэхгүйгээр бүтээлгээ хуулах явцдаа салхинд шүхэрлэж нисээд, унаж бэртсэн тохиолдол гарч байсан.

Categories
мэдээ нийгэм

Архангай, Булган аймгаас самар түүж бэлтгэхийг 2023 оны аравдугаар сар хүртэл хориглов DNN.mn

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Архангай, Булган аймгийн ойгоос самар түүж, бэлтгэхийг 2023.10.01 үртэл хориглолоо. Учир нь тус аймгуудад ойгоос хуш модны самар бэлтгэж, ашиглах тогтоосон дээд хэмжээний хязгаарт хүрчээ.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга Дэлхийн оюуны өмчийн газрын Ази, номхон далайн бүсийн хөгжлийн төвийн консул Давид Симонс, зөвлөх Барбара Пик болон Оюуны өмчийн газрын холбогдох төлөөлөлтэй уулзаж, хуш модны самрыг газар зүйн заалттай бүтээгдэхүүн болгох боломжийн талаар санал солилцов.

Дэлхийн оюуны өмчийн газрын судлаачид хушин ойн өнөөгийн байдалд судалгаа хийж, үнэлэлт дүгнэлт өгөх бөгөөд цаашид газар зүйн мэдээлэлд бүртгүүлэх ажлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газартай хамтарч зохион байгуулахаар болов.”Газар зүйн заалт” гэдэг нь тухайн газар нутгийн байгаль, цаг уурын нөхцөлөөр тодорхойлогдсон чанар, нэр хүнд, бусад онцлог шинж чанар бүхий бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн улс, бүс, газар нутгийн газар зүйн нэрийг хэлдэг.

Монгол орны ойн сангийн 5,17 хувийг эзэлдэг хушин ойгоос дэлхийн хуш модны самрын 30 хувийг түүдэг судалгаа бий.

Эх сурвалж: БОАЖЯ

Categories
мэдээ эдийн-засаг

Нийтийн албан тушаалтан Нийгмийн даатгалын санд 66 сая төгрөгийн хохирол учруулжээ DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс энэ сарын 24-28-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 43 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 125 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 93 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 738 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 10 хэргийг шүүхэд шилжүүлэх, 9 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 716 хэрэг шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 5 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Эрүүгийн 2 хэргийн 10 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав. Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • СХД-ийн 170 дугаар цэцэрлэгийн удирдах албан тушаалтан “Ц” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
  • Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн албан тушаалтан “О” хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хийх ёсгүй үйлдлийг хийсний хариуд 56,000,000 төгрөгийн хахуулийг бэлнээр авсан гэх;
  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдах албан тушаалтан “Г” нь бусдад хууль бус давуу байдал бий болгосны улмаас тус үйлдвэрт 257,680,000 төгрөгийн хохирол учруулсан гэх;
  • Төв аймгийн Батсүмбэр сумын удирдах албан тушаалтан “Г” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэх;
  • “Ойн судалгаа хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газрын удирдах албан тушаалтан “М” албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэх;
  • Хэнтий аймгийн Хурх тосгоны захирагчийн ажлын албаны эрх бүхий албан тушаалтнууд нь гүүрний засварын ажлын тендер сонгон шалгаруулахдаа бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Төв аймгийн Заамар сумын “Өлийн даваа” гэх газарт хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан Төв аймаг дахь цагдаагийн газрын Заамар сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчид албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөхийг санал болгосон гэх;
  • Дундговь аймгийн Хулд сумын Эрүүл мэндийн төвийн удирдах албан тушаалтан нь албан үүрэг, албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийж бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын удирдах албан тушаалтан “М” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэх;
  • Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын нийтийн албан тушаалтан “М” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон Нийгмийн даатгалын санд 66,707,343 төгрөгийн хохирол учруулсан гэх.

Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар

Categories
мэдээ нийгэм

Г.Отгонтамир: Өнгөрсөн баасан гаригт 501 согтуу жолооч илрүүлсэн DNN.mn

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамиртай ярилцлаа.


-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил түгээмэл байна уу. Үүнтэй холбоотой ослын мэдээлэл тасрахгүй юм.

-Их байна. Энэ оны эхний есөн сарын байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 42760 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс сэргийлж, таслан зогсоосон. Ер нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсонтой холбоотой зам тээврийн ослын улмаас жилд 100-150 хүн нас бардаг тоон мэдээлэл бий. Ийм харамсалтай жишээ байхад л согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил гараад байна. Үүнийг таслан зогсоохын тулд Тээврийн цагдаагийн албанаас хяналт шалгалтыг эрчимжүүлж ажиллаж байгаа. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн шөнө л гэхэд 501 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийг илрүүлсэн. Ердөө тавхан цагийн дотор шалгалтын ажиллагаа явуулахад 501 зөрчил илэрч байгаа юм. Согтуугаар жолооны ард суусан хэн нэгэн хутга барьсан алуурчинтай яг адилхан. 501 алуурчин хутга бариад гарсан гэсэн үг. Иргэдийн зүгээс архи уугаад жолооны ард суухгүй байх тал дээр хатуу анхаарах хэрэгтэй. Зам дээрх шалгалтын ажиллагааг эрчимжүүлснээр энэ төрлийн ослын дуудлага мэдээлэл буурсан үзүүлэлт харагдаж байна. Алба хаагчдын зүгээс гэрэл дохио зөрчсөн, нэгдүгээр эгнээгээр зорчсон, үзлэг оношилгоонд хамрагдаагүй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцох зэрэг зөрчлийг телекамерын хяналтаар илрүүлж ажилладаг. Тухайн тээврийн хэрэгсэлд яваа жолооч архи согтууруулах ундаа хэрэглэсэн үү, жолооч мөн үү гэх зэрэг зөрчлийг алба хаагч биетээр шалгаж илрүүлдэг.

-Тавхан цагийн дотор л 501 жолооч согуугаар замын хөдөлгөөнд оролцсон гэхээр өндөр үзүүлэл харагдаж байна. Сэрэмжлүүлээд байхад согтуугаар жолооны ард суугаад байгаа нь юутай холбоотой байна вэ. Та бүхний зүгээс шалтгааныг нь яаж харж байна вэ?

-Согтуугаар замын хөдөлгөөнд орсон жолооч баригдаад “Гэр ойрхон байсан”, “Дуудлагын жолооч дуудаад ирэхгүй болохоор барьж явсан” гэх тайлбар хэлдэг. Иргэдийн ухамсар муу байна л даа. Согтуу жолоочтой холбоотой эмгэнэлтэй ослууд ар араасаа гарч байхад үүнээс сэрэмжлэхгүй байгаа нь ухамсартай л холбоотой.

-Энэ төрлийн ослоос урьдчилан сэргийлэхэд иргэд аж ахуйн нэгжийн оролцоо хэрэгтэй байна уу?

-Тийм. Иргэд аж ахуйн нэгжийн оролцоо чухал. Хамт архи уусан нэг нь жолооны ард суухад ямар эрсдэлтэй учирч болох вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Мөн аж ахуйн нэгжүүд ч үйлчлүүлэгчдэдээ такси барьж явах, гэр бүлээсээ хүн дуудах, дуудлагын жолоочоос үйлчилгээ авах зэргийг анхааруулж байвал зүгээр. Өнөөгийн нөхцөл байдалд аваад үзэхэд үйлчилгээний газруудын олонх нь ариун цэврийн өрөөндөө дуудлагын жолоочийн зурагт хуудас л өлгөсөн харагддаг. Согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгжүүд үйлчлүүлэгчид нь хөдөлгөөнд оролцох явцдаа осол гаргаж болзошгүй байгаа учраас хамтарч ажиллаж сэрэмжлүүлэг мэдээ, мэдээллийг түлхүү өгөх хэрэгтэй.

Согтуугаар жолооны ард суух зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд аж ахуйн нэгж албан байгууллагуудын оролцоо үүнд чухал үр нөлөөтэй. Согтуу жолоочийн балгаар уй гашууд автаж байгаа олон зуун гэр бүл бий. Согтуугаар жолооны ард сууж өөрөө осолд өртөж бусдыг хохироож, өөрийгөө гэмтээсэн олон жишээ байгаа. Үйлчлүүлэгчдэдээ согтуугаар жолооны ард суухгүй байсныг анхааруулнаас учирч болох энэ бүх эрсдэлээс үйлчлүүлэгчээ сэргийлнэ. Энэ оны эхний есөн сарын байдлаар л согтуу жолоочийн ослын улмаас 45 хүн нас барсан үзүүлэлт бий. Үйлчилгээний байгууллагууд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх үндсэн хуулиар хүлээсэн үүргийн хүрээнд үүнд оролцох нь зөв. Оролцоо гэдэг нь ганц зурагт хуудас ханандаа өлгөөд өнгөрөх биш, үйлчлүүлээд гарах хүртэл нь осол аваарыг сэрэмжлүүлээд явах хэрэгтэй.

-Өөр нэг хөндүүр асуудал нь бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөж байгаа явдал. Үүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Энэ оны эхний есөн сард зам тээврийн ослын улмаас 604 хүүхэд бэртэж, 57 хүүхэд нас барсан харамсалтай мэдээлэл бий. Тэдгээрийн 51 нь орон нутагт, зургаа нь нийслэлд байгаа юм. Замын хөдөлгөөний дүрэмд 0-10 насны хүүхэд эцэг эх, асран хамгаалагчтай хөдөлгөөнд оролцохыг заасан байдаг. Шар дарцаг өргөж зам гарснаар жолооч нарт 150-200 метрийн зайнаас харагдаж, сургууль орчимд хүүхэд авто осолд өртөх тохиолдол багассан. 2019 оны хичээл эхэлсэн үеийг 2021 оны мөн үеийнхтэй харьцуулахад сургууль орчимд явган хүний гарц орчимд гарсан осол 32.5 хувиар багассан. Мөн эцэг эхийн эргүүл буюу “School Police” ажилласнаар осолд өртөх тохиолдол 45-50 хувиар буурсан үзүүлэлт бий.