Categories
мэдээ нийгэм

УНТЭ-т Урологи-андрологийн тасаг ашиглалтад оржээ DNN.mn

Улсын хэмжээнд бөөр, шээсний замын өвчлөлийн тусламж, үйлчилгээг Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг Урологи-Андрологийн тасгаар үзүүлдэг. Тус эмнэлгийн гүйцэтгэлийн санхүүжилтийн орлогоос 340 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж Урологи-Андрологийн тасагт иж бүрэн засварыг хийж гүйцэтгэжээ.

Уг тасгаар жилдээ 3000 орчим иргэн үйлчлүүлэхээс гадна 2800 орчим иргэн дурангийн болон нээлттэй мэс засалд ордог байна.

Эрүүл мэндийн сайдын тушаалаар урологийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд 3.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэн 15 аймагт бөөрний дуран, 8 төрлийн мэс засал, 4 төрлийн оношилгоог хийх бүрэн боломжийг бүрдүүлжээ. Үүний үр дүнд УНТЭ-ээр энэ төрлийн тусламж үйлчилгээ авах иргэдийн очер дараалал, ачаалал эрс буурсан үзүүлэлт гарчээ.

УНТЭ-ийн Урологи-Андрологийн төв нь 9 эмч, 14 сувилагч, 5 туслах сувилагчийн хамт ард иргэддээ тусламж, үйлчилгээгээ үзүүлж, бөөр шилжүүлэн суулгах 25-30 мэс заслыг хийж гүйцэтгэж байна.

Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг нь гүйцэтгэлийн санхүүжилтээр олон ажлыг хийж, хэрэгжүүлсэн. Тухайлбал, иргэдэд чанартай тусламж, үйлчилгээ үзүүлэх зорилгоор Ерөнхий мэс заслын хоёр тасгийг засварлах ажлыг эхлүүлсэн бол ажилчдын байрыг шинээр тохижуулах ажлыг энэ ондоо багтаан дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.

Түүнчлэн нийт ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд үндсэн цалингаа 50 хувиар нэмэгдүүлэхээс гадна, 33 ажилтанд орон сууцны урьдчилгаа болох тус бүр 30 сая төгрөгийг олгожээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хятад улс “Мэнтянь” лабораторийн модулиа хөөргөжээ DNN.mn

Хятад улс даваа гарагт “Мэнтянь” лабораторийн модулиа хөөргөснөөр “Тяньгун” сансрын станцыг бүтээн байгуулах ажил эцсийн шатандаа оржээ.

Дэлхийгээс ойролцоогоор 400 километрын өндөрт байрлаж буй хоёр модульд “Мэнтянь” модуль нь залгагдсанаар “Тяньгун” станцын Т хэлбэрийг үүсгэнэ.

Хятадын Сансрын жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн газрын мэдээлснээр, “Мэнтянь”-ийг тээсэн “Long March-5B” тээгч пуужин Вэньчан сансрын буудлаас орон нутгийн цагаар 3:37 цагийн үед хөөрсөн байна

Түүнээс ойролцоогоор найман минутын дараа модуль пуужингаас салж, тойрог замд нэвтэрчээ. Ийнхүү хөөргөлт амжилттай болсон гэдгийг Сансрын жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн газар мэдээлжээ.

Хятад улс сансрын жолоодлогот нислэгийн хөтөлбөрийг анх 1992 онд санаачлан баталснаас хойших 25 дахь удаагийн нислэг энэ болжээ. “Тяньгун”-ыг гурван модуль бүхий үндэсний сансрын лаборатори болгон барьж буй нь сансрын жолоодлогот хөтөлбөрийг хөгжүүлэх 30 жилийн хүчин чармайлтын хувьд түүхэн үйл явдал болж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно DNN.mn

Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна.

2022 оны 11-р сарын 01-ний 20 цагаас 11-р сарын 02-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын зүүн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар 24-29 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр 3-8 хэм, бусад нутгаар 11-16 хэм, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг-Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 4-9 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 6-11 хэм дулаан, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 20-22 хэм, бусад хэсгээр 12-14 хэм, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 22-24 хэм, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 22-24 хэм, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.


2022 оны 11 дүгээр сарын 03-наас 11 дүгээр сарын 07-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

3-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр нойтон цас, цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 10-15 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 3-8 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна. 4-нөөс ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Categories
мэдээ нийгэм

Томуугийн эсрэг дархлаажуулалт үргэлжилж байна DNN.mn

Энэ жил БНСУ-ын Грийн кросс үйлдвэрийн улирлын томуугийн эсрэг А.В хүрээний хэв шинжийг агуулсан дөрвөн цэгт вакциныг хүлээн авч дархлаажуулалтыг хийж байна. Томуугийн эсрэг дархлаажуулалтад сайн дураараа хамрагдах иргэдэд дараах хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад хандаж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Харин томуугийн эсрэг вакцинаар томуугийн өвчлөлд өртөмхий

  • 65- аас дээш насны
  • архаг хууч өвчтөй
  • эрүүл мэндийн ажилтан
  • жирэмсэн
  • 1-5 насны хүүхдүүдийг харьяа сум өрхийн эрүүл мэндийн төвүүдэд үнэ төлбөргүй дархлаажуулах юм.

Categories
мэдээ улс-төр

Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар С.Ганбямбыг томилох саналыг дэмжлээ DNN.mn

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2022.11.01) хуралдаан 11 цаг 25 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн, Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Довчинсүрэнгийн Ганзориг өөр ажилд томилогдож байгаатай холбогдуулан албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, Зэвсэгт хүчний тухай хуулийн 11.1.10 дахь заалтыг үндэслэн Сүнрэвийн Ганбямбыг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар УИХ-тай зөвшилцөн томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг танилцуулж байгааг дурдав.

С.Ганбямба нь 1975 онд Улаанбаатар хотод төрсөн, 1983-1993 онд Нийслэлийн 33 дугаар дунд сургууль, 1993-1997 онд Цэргийн их сургуульд “Артиллерийн команд-тактик”-ийн мэргэжил эзэмшин цэргийн ухааны бакалаврын зэрэг, 2007-2009 онд Батлан хамгаалахын удирдлагын академид “Стратеги-тактик, команд штаб”-ын мэргэжил эзэмшиж, цэргийн ухааны магистрын зэрэгтэй, “Онцгойлох үнэлгээтэй” тус тус төгссөн.

2017-2019 онд Оросын Холбооны Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын академийг “Төрийн цэргийн аюулгүй байдал” мэргэжлээр суралцаж төгссөн бөгөөд одоо Үндэсний батлан хамгаалах их сургуулийн докторантурт суралцаж байна.

Бригадын генерал С.Ганбямба нь Бүгд Найрамдах Турк Улсад 2003 онд “Энхийг сахиулах ажиллагааны анхан шатны дамжаа”, 2006 онд “Батальоны захирагчийн дамжаа”, 2014 онд Канад Улсад “Англи хэлний анхан шатны дамжаа”-г тус тус дүүргэжээ.

Тэрбээр, 1997-2000 онд Зэвсэгт хүчний 120 дугаар ангид салааны захирагч, 2000-2001 онд Зэвсэгт хүчний 120 дугаар ангид батарейны захирагч, 2001-2006 онд Батлан хамгаалахын их сургуулийн Ахлагчийн сургуульд ротын захирагч, 2006-2007 онд Зэвсэгт хүчний 327 дугаар ангид артиллерийн дарга, 2009-2012 онд Батлан хамгаалахын удирдлагын академийн Цэргийн стратегийн тэнхимд багш, ахлах багш, 2012-2013 онд Батлан хамгаалах яаманд тасгийн дарга, ахлах мэргэжилтэн, 2013-2017, 2019-2020 онуудад Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газарт Орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтсийн дарга, 2020-2021 оны 9 дүгээр сар хүртэл Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, 2021 оны 9 дүгээр сараас Зэвсэгт хүчний Жанжин штабын 1 дүгээр орлогч даргаар томилогдон ажиллаж байна.

Мөн 2010-2011 онд Афганистан улсад Артиллерийн сургалтын хөдөлгөөнт багийн 11 дүгээр ээлжийн багийн захирагчаар үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Цэргийн их сургууль, Батлан хамгаалах удирдлагын академи, ОХУ-ын Жанжин штабын академийг төгсөж, цэргийн боловсролын хувьд оператив-стратегийн түвшинд ажиллах шаардлагыг бүрэн хангаж байгаа бөгөөд Зэвсэгт хүчний анги байгууллага, Цэргийн сургууль, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон Цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагад шат дараалан ажилласан дадлага, туршлагатай, энхийг дэмжих ажиллагаанд цэргийн багийг удирдан оролцсон, Зэвсэгт хүчинд тасралтгүй 29 жил албаа нэр төртэй хааж буй тэргүүний дээд офицер гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга танилцуулгадаа дурдсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Б.Баттөмөр, Д.Ганбат, Н.Энхболд, Ц.Сэргэлэн, Б.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ, Т.Доржханд, Б.Энх-Амгалан нар асуулт асууж, санал хэлсэн.

Гишүүдийн зүгээс Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар батлан хамгаалах салбарт болон цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагад шат дараалан ажилласан дадлага, туршлагатай, шалгуур хангасан хүнийг томилох санал оруулж ирж буйг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ цэргийн дүрэмт хувцасны хавтгайрсан хэрэглээг цэгцлэх, орон нутагт байгаа цэргийн ангиудын барилга байгууламжийг шинэчилж сайжруулах, зэвсэгт хүчний техникийн хангалт, шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг зохих хүрээнд шат шатны удирдлагууддаа сайн ойлгуулж, ажиллахыг захиж байлаа.

Мөн хугацаат цэргийн алба хаагчдын сургалт үйл ажиллагааны талаар ар гэрт нь тогтмол нээлттэй мэдээлэл өгдөг болох арга хэмжээг зохион байгуулах, цэргийн алба хаах хугацаанд нь давхар мэргэжил олгох сургалтуудыг холбогдох аймаг орон нутгийн байгууллага, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдтэй хамтарч зохион байгуулахад анхаарч ажиллахыг хүсэв.

Түүнчлэн хугацаат цэргийн алба хаагчид эрүүл мэндээрээ хохирох, амь нас нь эрсдэж буй асуудлыг судалж үзэхээр дүрмийн бус харилцаанаас эхтэй байдаг. Иймд алба хааж буй залуучуудын эрүүл мэнд, амь насны асуудлыг цэргийн байгууллага бүрэн хариуцдаг учраас дунд, доод шатандаа дүрмийн бус харилцаа байх ёсгүй гэдгийг хатуу анхааруулж, ажиллах шаардлагатай гэж байлаа.

Ингээд Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар С.Ганбямбыг томилох саналыг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь дэмжив хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Эргэж ирэхгүй намар” кино Оскарт нэр дэвшжээ DNN.mn

Оскарын шагнал гардуулах ёслол 2023 оны гуравдугаар сарын 12-нд Лос Анжелес хотын Долби театрт болох юм. Тэгвэл Шилдэг олон улсын уран сайхны кино 2023 номинацад улс орон бүрээс бүтээлээ явуулсан билээ.

Академид материал хүлээн авах эцсийн хугацаа нь аравдугаар сарын 3-нд дууссан ажээ. Тэгвэл манай улсаас нэг бүтээл энэхүү номинацад өрсөлдөж байгаа юм. Тодруулбал, жүжигчин Б.Амарсайханы “Эргэж ирэхгүй намар” буюу “Harvest Moon” уран сайхны кино Оскарын урьдчилсан шалгаруулалт буюу хяналтын үзлэгт орж байгаа ажээ. Ингэснээр манай улсаас Оскарын наадмын урьдчилсан шалгаруулалтад оруулж байгаа долоо дахь бүтээл юм.

Энэхүү бүтээл нь Ванкуверын олон улсын кино наадмын “Vanguard award” хэсэгт шалгаран дэлнхийн нээлтээ хийхээр болсон. “Эргэж ирэхгүй намар” бүтээлийг зохиолч Т.Бум-Эрдэнийн “Түнтүүлэй” өгүүллэгээс сэдэвлэн кино зохиолыг бичиж, найруулжээ.

Шилдэг олон улсын уран сайхны кино номинацад явуулсан бүтээлүүд нь 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 30-ны хооронд өөрийн улсынхаа театрт гарсан байх ётой ажээ. Энэ төрлийн бүтээлд АНУ-аас гадуур бүтээсэн, харилцан ярианы 50-аас дээш хувь нь англи хэлээр бус харилцан ярианы бичлэгтэй, хүүхэлдэйн болон баримтат киног багтаасан бүрэн хэмжээний киног хэлдэг байна.

Categories
мэдээ улс-төр

ТББХ: Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа DNN.mn

Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу төслийг зүйл бүрээр нь хэлэлцэв.

Хэлэлцүүлгийн явцад хуулийн төсөл санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн С.Чинзориг, төслийн нэгдүгээр зүйлд Аймгийн төвөөс бусад сумын Засаг даргын Тамгын газарт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох гэж заахаар суманд ажиллаж буй ИТХ-ын ажлын албаны цөөн хүмүүс орхигдох гээд байгаа учир тэдгээр хүмүүсийг нэмэх, мөн аймгийн төвийн суман дахь төрийн захиргааны албан хаагчдыг нэмэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үеэр орон нутгаас ийм санал ирүүлснийг уламжилж байгаагаа дуулгасан юм.

Харин УИХ-ын гишүүн Ц.Идэрбат төслийн 1 дүгээр зүйлд Аймгийн төвийн сумын төрийн захиргааны албан хаагчдыг хамруулах, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ц.Идэрбат, Ц.Сандаг-Очир, Д.Тогтохсүрэн нар мөн зүйлийг “Аймгийн төвөөс бусад сумын болон Нийслэлийн Багахангай, Багануур дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална.” гэж өөрчлөн найруулах санал гаргасан.

Дээрх саналуудтай холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, өргөн барьсан хуулийн төслийг ингэж өөрчилбөл Засгийн газрын бодлого, ирэх оны төсвийн бодлоготой уялдах эсэхийг тодруулж байлаа.

УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ж.Сүхбаатар, Ё.Баатарбилэг нар хуулийн төслийн өргөн барьсан анхны зарчмыг барих нь зүйтэй гээд, Засгийн газар орон нутагт байгаа төрийн захиргааны алба хаагчдаа дэмжих бодлого хэрэгжүүлж байгаа. Тийм ч учраас 2023 оны төсвийн төсөлд орон нутаг дахь төрийн албан хаагчдын цалинг 20 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан. Цаашид 100 хувь хүртэл нэмэгдүүлэх асуудлыг орон нутаг өөрийн эх үүсвэрээр шийдэх боломжийг бий болгож байгаа. Үүний цаад утга нь орон нутагт тогтвортой ажиллаж байгаа төрийн албан хаагчдаа дэмжих юм. Ер нь энд хүмүүс барьцаж байна, түүнийг нэмье гээд явбал хуулийн төслийн анхны зарчим алдагдана гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 35.4-т “Хэрэв уг хуулийн төслийг баталснаар улсын төсвийн орлогын хэмжээ буурах, зарлагын хэмжээ нэмэгдэхээр байвал энэ тухай Засгийн газрын саналыг заавал сонсоно” гэж заасан. Зардал нэмэх нь төсөвт ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг тооцох ёстой. Үүнийг, түүнийг нэмье гээд батлаад байвал хуулийн хэрэгжилтэд сөрөг нөлөөтэй. Харахад жижигхэн асуудал мэт байв ч төсвийн болоод хууль эрх зүйн үр дагавар нь их байна гэдгийг бодолцох ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.

Эцэст нь УИХ-ын гишүүн Ц.Идэрбатын гаргасан төслийн 1 дүгээр зүйлд Аймгийн төвийн сумын төрийн захиргааны албан хаагчдыг хамруулах, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ц.Идэрбат, Ц.Сандаг-Очир, Д.Тогтохсүрэн нарын гаргасан мөн зүйлийг “Аймгийн төвөөс бусад сумын болон Нийслэлийн Багахангай, Багануур дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална.” гэж өөрчлөн найруулах саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Бага насны хүүхдэд фэйсбүүкээр садар самуун дүрс бичлэг илгээж, нүцгэн зураг шаардаж дарамталсан этгээдэд ял оногдуулав DNN.mn

Насанд хүрсэн этгээд болох Б хэн болохоо нууцалсан фэйсбүүк хаягаас 11 настай хохирогч С-тэй фэйсбүүкээр танилцаж, хохирогчийг хэдэн настай, хаана сурдаг, хичээл нь хэдэн цагаас тардаг, гэрийн хаяг зэрэг хувийн мэдээллийг нь олж авчээ.

Улмаар садар самуун агуулга бүхий богино хэмжээний дүрс бичлэгийг түүний фэйсбүүк хаяг руу илгээн сүрдүүлж, биеийнхээ тодорхой хэсгийг харуулсан зургийг нь өөртөө авсны дараа “надтай уулзаж бэлгийн харьцаанд орохгүй бол зургийг чинь сургуулийн фэйсбүүк группт тавина, аав, ээжид чинь үзүүлнэ” гэж мессеж бичиж, тодорхой үйлдэл хийхийг шаардан, гэр сургуулийнх нь гадаа ирэх, утсаар залгах, фэйсбүүк хаягаас зурвас илгээх зэрэг үйлдэл хийжээ.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс, Б-ын дээрх үйлдэлд Эрүүгийн хуульд заасан “хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах” гэмт хэрэг болон “заналхийлэх” гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэж, Б-г дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтэд тустай ажил хийлгэх ял оноолоо.

Хуульд зааснаар “хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах” гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах, хорих ялын аль нэгийг харин “заналхийлэх” гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах ялаас аль нэгэн ялыг сонгон оногдуулахаар тус тус хуульчилсан байдаг.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Categories
мэдээ спорт

Монголын жүдочид Бакуг зорив DNN.mn

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны “Их Дуулга” тэмцээн энэ сарын 4-6-нд Азербайжаны нийслэл Баку хотод болох бөгөөд тус тэмцээнд хүч үзэх Монголын баг өнөөдөр хөлгийн жолоо заллаа.

Бакугийн татамид манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр ес, нийт 18 жүдоч өрсөлдөнө. Монголын шигшээ баг:

60 кг: Бямбажавын Цогт-Очир

66 кг: Баттогтохын Эрхэмбаяр, Баянмөнхийн Нармандах

73 кг: Одгэрэлийн Уранбаяр, Лавжаргалын Анхзаяа

81 кг: Гэрэлтуягийн Болор-Очир, Батзаяагийн Эрдэнэбаяр

90 кг: Баттогтохын Мөнхбаяр

100 кг: Батхуягийн Гончигсүрэн

Эмэгтэйчүүдийн 48 кг: Бавуудоржийн Баасанхүү

52 кг: Лхагвасүрэнгийн Сосорбарам, Тэрбишийн Ариунзаяа

57 кг: Ганбатын Мөнхтуяа

63 кг: Саранцэцэгийн Лхагвадулам, Дарханбатбаярын Есүй

70 кг: Цэрэнгийн Мөнгөнтуяа, Батсуурийн Ням-Эрдэнэ

-78 кг: Отгонбаярын Хүслэн

Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал шинжлэх-ухаан-технологи

Сансрын нисгэгч Базз Олдрин: 50 жилийн дараа ангараг дээр 50 хүн оччихсон алба хаагаад зогсч байх болно DNN.mn


“Өдрийн сонин”-ы 2017.06.09-ний Баасан гаригийн №130 (5697) дугаараас авч нийтлэв.


Саран дээр буусан, АНУ-ын сансрын алдарт нисгэгч Базз Олдрин Монголд айлчилж байна. Өчигдөр тэрээр “I Max” кино театрт одон орон сонирхогч болон хүүхэд залуусын төлөөлөлтэй уулзаж сонирхсон асуултад нь хариулсан юм. Базз Олдрин нь 1930 онд төрсөн бөгөөд 1969 оны долдугаар сард Нэйл Армстронг, Майкл Коллинс нарын хамт “Аполло-11” сансрын хөлгөөр саран дээр буусан түүхтэй. Сансрын нисгэгч Нэйл Армстронг оройн 10 цагийн орчимд хөлгөөсөө гарч саран дээр гишгэснээрээ саран дээр мөрөө гаргасан анхны хүн гэгдэж түүхэнд нэрээ мөнхөлсөн байдаг бол Базз Олдрин түүнээс 20 минутын дараа хөлгөөсөө гарч саран дээр гишгэжээ. Харин багийн гурав дахь гишүүн нь техникээ хариуцаж хөлөгтөө сууж байсан гэнэ. Тэд сарны гадаргаас ойролцоогоор 20 кг чулуу түүж эх дэлхий дээр авчирч байжээ.

Сансрын нисгэгч Базз Олдрин өөртэй нь уулзахаар хүрэлцэн ирсэн хүмүүст “Баярлалаа, баярлалаа” хэмээн талархаад сэтгэгдлээ ийн илэрхийлсэн юм.

-Энэ бүхнийг зохион байгуулж байгаа УИХ-ын гишүүн Л.Болдод талархлаа. Миний амьдрал анхнаасаа л сансар огторгуй, сартай холбоотой байсан. Сансрын тийрэлтэт хөдөлгүүрийн технологийг нээсэн Роберттой уулзаж байсан. Тэр хүн аавын минь найз байсан. Манай ээжийн нэр ч их сонин. Ээжийг минь Марион Мүүн гэдэг байсан. Англиар Мүүн гэдэг чинь Сар гэсэн үг шүү дээ. Ер нь л энэ мэт зүйлүүдээс харахад миний хувь тавилан анхнаасаа л тодорхой байсан гэж болно. Би өөрийгөө маш азтай хувь тавилантай хүн гэж боддог. Ээж минь хүн төрөлхтөн анх удаа онгоцоор тэнгэрт дүүлэн ниссэн түүхэн өдөр мэндэлсэн юм. Аав минь II дайны үед агаарын зэвсэгт хүчний командлагчаар ажиллаж байсан. Би хоёр Солонгосын дайны үед агаарын зэвсэгт хүчинд нисгэгчээр ажиллаж дайсны хоёр онгоцыг сөнөөж байлаа. Үргэлжлүүлээд Вьетнамын дайнд нисгэгчээр явж болох байсан ч Массачусетсийн Технологийн их сургуульд орж, улмаар АНУ-ын Сансрын хөтөлбөрт сонгогдож, 1963 онд сансрын нисгэгчийн гараагаа эхэлж байлаа. Тэр үед ганцхан сансрын нисгэгчтэй байсан “Меркури” хөтөлбөр дуусч байв. “Жеминай” хөтөлбөрийн хоёр дахь сансрын хөлөг дотор хамгийн анх сансарт жингүйдсэн Эндвайт миний сайн найз байсан юм. Эндвайт маань байлдааны нисгэгч байсан. Надад энэ хүн маш их нөлөө үзүүлж билээ.

Хүмүүс сансарт алхана гэж яриад байдаг. Үнэндээ алхаж байгаа юм биш шүү дээ. Тэр чинь бүжиглэж байгаа мэт жингүйдэж байгаа юм (Хэрхэн жингүйдэж, бүжиглэж байгаа мэт хөдөлдгийг тэрээр биеэрээ үзүүлэв. сурв). Би ер нь өөрийгөө зөв цагтаа, зөв газраа байсан хүн гэж боддог. Нэйл Армстронг бид хоёр бол анх саран дээр бууж чадаагүй, тойроод буцсан тэр багийн арын албаны нөөц нисгэгч нь байлаа. Нэйл Армстронг, Майкл Коллинс бид гурав бол маш азтай тохиолдлоор саран дээр хөл гишгэсэн хүмүүс. Гэхдээ дан аз биш л дээ. Азтайгаас гадна чадварлаг байж чадсан шүү (инээв). Бид саран дээр “Аполло” сансрын хөтөлбөрийн гол утга санааг шингээсэн “Бид энд хүн төрөлхтний энх тайвны төлөө ирсэн” гэсэн утгатай бичээсийг үлдээсэн.

Сарнаас буцаж ирээд би дэлхийгээ олон тойрч, дэлхийн бүх л хаан хатадтай уулзсан, зарим дарангуйлагчидтай ч нүүр тулж ярилцаж байлаа. Энэ хооронд миний хүү Энди сургуулиа төгслөө. Би энэ мөчөөс дахин карьераа эхлүүлэх боломж нээгдсэнийг харсан. Тэгээд буцаад Цэргийн нисэх хүчиндээ орохоо хойшлуулаад Туршин нисгэгчдийн сургуулиас шинэ карьераа эхлүүлж байлаа. Сансарт сансрын нисгэгчид л уулзахаас илүүтэй сар-дэлхий-сар-дэлхий гэсэн байнгын маршрутын талаар мөрөөддөг байлаа. Гэхдээ НАСА үүнд тийм ч их анхаарал хандуулж тоогоогүй. Надтай хамт саран дээр буусан Армстронг маань “Битгий их санаа зов. Сар, дэлхийн хоорондох таталцлын хүчний тойрогт гараад тэр тойргоосоо цааш Ангараг руу, тэр бүслүүр рүү явах том боломж байгаа шүү дээ” гэдэг санаа өгсөн л дөө. 1985 онд Армстронг маань ингэж хэлснээс хойш Нарны аймгийн гаригуудын хоорондох, гариг тойрч байгаа бүслүүр дээр хөлгийг гаргаж тавих санааг өнөөдрийг хүртэл бодсоор явна.

Одоо миний хийж байгаа ажил Ангараг гаригийг эзлэхийн төлөө тэдгээр бүслүүр дээр юу хийж болох вэ гэдэг дээр анхаарч байна. Хүн төрөлхтөн дэлхийн орбит дээр хэдэн мянган хиймэл дагуулаа гаргачихсан. Үүнтэй адил дэлхий-сарны орбит дээр маш олон хиймэл, сансрын төхөөрөмжүүдийг ажиллуулъя. Энэ ажиллагаагаар дэлхий дээрээс биш саран дээрээс цаашаа нисдэг хөтөлбөрийг хэрэгжүүлдэг сансрын баазтай болох юм. Үүгээрээ нарыг тойрсон орбит дээр, цаашлаад Ангараг гариг хүртэлх хөвөгч хэлбэрийн олон хиймэл дагуулыг хөөргөх баазтай болно. Энэ санаачлага маань АНУ, Европ, Япон, Хятад, Орос гэсэн сансарт тэргүүлэгч таван улсын нийлсэн нэгдмэл том төсөл болно. Дэлхий-Сар-Ангараг гэсэн том төсөл болно. Үүнд энэ таван орноос гадна өөр олон орон нэгдээсэй гэж хүсч, хүчин зүтгэж явна даа. Ямар ч мөрөөдөл хэтэрхий том байдаггүй юм. 2010 онд бичсэн миний номонд энэ тухай бий. Тэнгэр өөд тэмүүлж амьдрахад ямар ч мөрөөдөл том санагддаггүй юм шүү. Баярлалаа гэв.


Үүний дараа тэрээр үзэгчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Та юугаар бахархдаг вэ?

-Би Америк хүн гэдгээрээ бахархдаг. Та бүхэн ч гэсэн Монгол хүн гэдгээрээ бахархдаг. Түүнтэй адил.

-Хүн төрөлхтөн ойрын 10-15 жилд сансрыг эзэгнэх болов уу. Тэнд ер нь эртхэн шиг байр байшингаа авч байвал яасан юм?

-Тавин жилийн дараа Ангараг гариг дээр ямар ч байсан 50 тооны нөхөр алба хаагаад байж байх болов уу. Тэнд хүн төрөлхтөн насан туршдаа амьдарна гэж очихгүй байх. Гэхдээ дэлхийн лидер улсууд ямар ч байсан саран дээр байнгын хөвөгч хиймэл дагуулуудтай болчих байх гэж бодож байна. Сар бол амьдраад байх газар биш.

Гаригуудын орбит дээр байгаа хиймэл дагуулууд тухайн гаригийнхаа эргэлтээс энерги авч байдаг. Тэрний дагуу сарыг хурдан тойроод сарны энергийг өөртөө шингээгээд сарны орбитоос эргэж байсан хурдаараа салаад цаашаагаа Ангараг руу нисэхийг гравитациар чавхдуулах гэж нэрлээд байгаа. Ийм нэг онол байгаад байна. Өнөөдөртөө үүнээс цаашаа гүнзгийрүүлж яриад хэрэггүй байх аа (инээв).

-Ангараг гариг дээр гравитаци нь бага, соронзон оронгүй учраас нарнаас ирж байгаа хортой цацрагийн хэмжээ ихэснэ. Тэгэхээр ангараг дээр очсон хүн тэнд хэр удаан байж байгаад эх дэлхий дээрээ ирэх вэ. Энд ирээд хэр удаан амьдрах боломжтой бол?

-Нарны хэт ягаан туяанаас хамгаалах боломжтой. Гэхдээ Ангараг дээр өөр ямар төрлийн радиациуд байгааг бид мэдэхгүй. Гэхдээ ангараг дээр байдаг нимгэн атмосфер нь бас хамгаалах байлгүй. 200 жилийн өмнө бидний элэнц, хуланц өвөг дээдсийн маань дундаж наслалт нь бидний одоогийн үеэс доогуур байсан. Ангараг руу явбал тэр хавьцаа л наслах байх даа.