Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ DNN.mn

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 3, Бархасбадь гариг. Билгийн тооллын 10, чөдөр одтой, цагаан бич өдөр. Өдрийн наран 7:40 цагт мандан, 17:32 цагт жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөөн хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 0 хэм орчим байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 19-21 градус, бусад хэсгээр 12-14 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

Хур тунадас: Баруун болон говийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 22-27 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр 3-8 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Дархадын хотгороор 8-13 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 7-12 градус, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 22-24 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Чөтгөр ба түүний баяр” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Хуульч Б.Пүрэвсүрэн “Гурван сэтгүүлч тутмын
нэгийг цагдаа, шүүхээс тогтмол дууддаг” хэмээн ярилаа.

SPEAK OUT: Нүүрсний
орлого Хятадад
эргэлдэж, бараа
болон орж ирж
байгааг гишүүд
эсэргүүцэж байна

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Чөтгөр ба түүний баяр” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

“Хэрэгтнийг хил давуулсан шүүгч “Х” гэж хэн бэ?” гэснийг I болон VII нүүрээс уншаарай.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн
өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

“Бухын юуг харж үнэг турж үхнэ”
гэгчээр МАН-ын амласан сайдын албан
тушаалаас болж АН нэгдэхгүй нь

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт Сөүл хотын Итэвонд осолд өртсөн
монгол иргэн “Хэт олон хүний бөөгнөрлөөс
болоод л осол болсон” хэмээв.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ эдийн-засаг

Хөгжлийн банкинд 779.6 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгджээ DNN.mn

Монгол Улсын хөгжлийн банкинд энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш аравдугаар сарын 31 дуусталх хугацаанд нийт 779.6 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний эргэн төлөлт хийгдээд байгаа талаар Хөгжлийн банкнаас мэдээллээ.

Үүнээс бэлэн мөнгөөр 681.2 тэрбум төгрөг, өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр 98.4 тэрбум төгрөг төлөгджээ.

Нийт 14 зээлдэгчийн зээл хаагдсанаас 12 зээл нь бэлнээр буюу 278.3 тэрбум төгрөгөөр, хоёр зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр хаагдаад байна.

Хөгжлийн банк нь өнгөрөгч аравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 53 зээлдэгчийн 2.8 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна. Үүнээс 34.5 хувь нь төрийн өмчит компанийн найман зээлдэгчийн 890.0 тэрбум төгрөгийн, 65.5 хувь нь хувийн хэвшлийн 45 зээлдэгчийн 1.9 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл аж.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Google компани зураг хайх үйлдлийг үндсэн хайлтын системдээ нэмжээ DNN.mn

Google компани зургаар хайх технологио хэд хэдэн бүтээгдэхүүндээ нэвтрүүлээд байсан бол өнөөдрөөс үндсэн хайлтын системдээ нэмжээ.

Үндсэн хайлтын вэб хуудасны цонхны баруун гар талд камерын дүрс бүхий товч шинээр нэмэгдсэн байна.

Тус компанийн хайлтын системийн хөгжүүлэлтийг хариуцсан захирал Ражан Пател энэ тухай мэдээлэхдээ “Тэр бүр өөрчлөгдөөд байдаггүй Google-ийн нүүр хуудас өнөөдөр өөрчлөгдлөө. Бид таны асууж болох асуултуудын төрлийг өргөжүүлж, хариултыг нь сайжруулахаар тасралтгүй ажилладаг. Одоо та дэсктоп компьютер дээрээсээ дүрсээр асуулт асуухад хялбар боллоо” гэж твиттер хуудсандаа бичжээ.

Ингэснээр хүмүүс сонирхсон зургаа оруулж, зураг дээр дүрслэгдсэн зүйлийн талаар мэдээллийг олох боломжтой болж байна.

Тухайлбал ямар нэг бүтээгдэхүүний зураг оруулбал тухайн бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөх юм. Бас зурагт агуулагдсан текстийг хуулж авах, орчуулах боломж олгож байна.

Мөн уг зургийн эх сурвалжийг вэб холбоос хэлбэрээр олж өгөх юм.

Categories
мэдээ нийгэм

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 69 гомдол, мэдээллийг хянан шалгав DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны аравдугаар сарын 24-28-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 287 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 145 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 142 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 69 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 19 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 45 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Говийн тэмээчин Б.Бүжин: Манай говийн малчид хилийн зогоон гаталж өвөлжихөөр нүүсэн DNN.mn

Монгол орны урд хязгаар Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг Борзонгийн говь, Орвог гашууны бор толгой орчимд намаржиж буй тэмээчин бүсгүй Б.Бүжинтэй ярилцлаа.


-Сайхан намаржиж байна уу та. Борзонгийн говь орчмын намар ямар болж байна?

-Борзонгийн говийн зун гандуухан байлаа. Хур бага орлоо. Намрын шаргал өдрүүд дуусч ойрын хэд хоног жавартай байна. Ерөнхийдөө сүүлийн хоёр жилийн хугацаанд бороо ховор үзлээ. Борзонгийн говийн малчдын зарим нь хилийн зогоон гаталж өвөлжихөөр нүүсэн. ХХЕГ-аас зөвшөөрөл авдаг. Сумын Засаг дарга маань хөөцөлдөж өгдөг. Хилийн цаана чинь Өмнөд Монголын Алшаа аймгийн нутаг залгадаг. Борзонгийн говийн айлууд хилийн бүсээс 40-80 км-ын орчимд байдаг. Орвог гашууны Бор толгойн архан талаар 100 орчим тэмээчин өрх өвөлжихөөр үлдсэн. Монгол орны өмнөд цэг Орвог гашууны Бор толгой Улаанбаатараас 860 км. Зун тааруу болсонтой холбоотойгоор бог мал бүхий иргэд бусад аймаг, сумд руу оторлохоор нүүсэн. Манайх сумын төвөөсөө алс, хилийн бүс дагуу нутагладаг юм. Борзонгийн говийн бүс нутаг тэмээ хариулахад тохиромжтой. Дээхнэ үед бол тэмээгээ услах асуудал байлаа. Өнөөдөр малчин өрхүүд хамтарч худаг гаргачихсан, ямар ч асуудал алга. Гүний худгаас мотор ашиглаж усаа гаргадаг. Олон тэмээ услахад шатахуун их хэрэг болно. Хагас сар болоод л бидний нэг нь сумын төв рүү шатахуунд явж нөөцөө бэлтгэдэг. Өдөр ирэх тусам л шатахууны үнэ нэмэгдэж байна. Өнөөдөр бол Номгон сумын төвд литр шатахуун 3100 төгрөгийн ханштай байгаа. Энд гаднаа техникгүй айл байхгүй. Түлш, шатахуун шиг эрэлттэй зүйл алга. Зарим үед энд шатахуун тасарна. Энэ л том асуудал дагуулдаг юм.

-Нутгийн иргэд энэ өвлийн өнгийг яаж шинжиж байна?

-Нутгийн буурлууд намрын дунд сарын шинийн 15-ны өдрийн өнгөөр тухайн өвлийг шинждэг. Энэ өдрийн өнгөөр бол цаг агаар тогтуун дулаахан өвөл ирэх төлөвтэй байна. Борзонгийн говьд өвөл ер нь тогтуун болдог. Сүүлд 2010 онд сүрхий цас унаж, зуд болсон. Одоогоор өвөлдөө бэлтгээд бараг дуусч байна. Говьд хадлан авахгүй. Цахилдаг өндөр ургасан газруудаа хадаад нөөцөлдөг. Хавар ядарсан малдаа өгнө. Тэр дороо тэнхрээд л ирдэг. Энд хангай шиг түлш элбэг олдохгүй. Хороо бууцаа цэвэрлэж хөрзөн бэлтгээд түлнэ. Өвлийн бэлтгэл товчхондоо ийм. Удахгүй бид идшээ бэлтгэнэ. Намрын цагт малчид хүнсэндээ хонины мах хэрэглэдэг. Өвөл, хавар гол төлөв тэмээний мах иднэ. Эндхийн нөхцөлд тохиромжтой байдаг юм. Махаа эвдэж нөөцлөөд, заримыг нь борцолдог. Хаврын хатуу өдрүүдэд тэмээний борцоороо шөл хийж уугаад л өнгөрөөнө. Говийн ургамал ховор ч шимтэй. Гадны аймгуудаас ч говийн мах захиалж авах нь бий. Зорьж ирээд махлаад авч явдаг юм. Жил жилийн өдийд л мах сурагласан улсын хөлд бид дарагддаг. Малчин бидний амьжиргааны эх үүсвэр нь мах. Айлууд багадаа л 100 орчим тэмээтэй. Тэднээсээ махалж зараад л амьжиргаагаа залгуулдаг.

-Говьд махны ханш ямар байна вэ. Бэлчээрийн даацтай холбоотойгоор малчид малаа цөөлөх сонирхолтой байх шиг?

-Энэ жил олон аймагт гандуу байлаа. Малаа махлаад зарах сонирхол малчдад их байна. Өнөөдөр бол мах кг нь 5000-6000 төгрөгийн ханштай л байгаа. Ийм хямд үед зарах хэцүү. Малыг амьдаар нь урагш нь гаргах талаар мэдээлэл явж байна. Энэ асуудал хэрэгжвэл махны үнэ өсөх талаар малчид ярьж байна. Бид зурагт үзээд л энэ төрлийн мэдээллээ авчихдаг. Яг одоогоор малыг хөлөөр нь урагш гаргах асуудал малчдын анхаарлын төвд байна. Чөлөө заваараа фэйсбүүк ороход малыг амьдаар нь гаргаж тамлахгүй гэж бичсэн байна лээ. Уул нь энэ бүхэн малчдын л сонголт байвал зүгээр санагдах юм. Амьдаар нь зарах нь зарна биз. Сонирхолгүй нь махлаад зарах биз.

-Тэмээний ашиг шим өөр юу байдаг юм бэ?

-Жилийн дөрвөн улиралд тэмээгээ саадаг. Бог мал зуны цагт л сааль өгдөг бол тэмээгээ хэзээ ч бариад сааж болно. Хоормог гаргана. Сумын төвд хоормогны эрэлт их. Улаанбаатар луу нийлүүлдэг. Өнөөдөр литр хоормог энд 10.000 төгрөгөөр зарагдаж байна. Эрүүл мэндэд чухал ач холбогдолтой энэ ундааг сахарын өвчтэй хүмүүс авч хэрэглэдэг. Борзонгийн говийн брэнд бүтээгдэхүүн нь ингэний ундаа хоормог гэж хэлж болно. Малчдын гараас авах сонирхолтой улс олон. Хөдөлмөрлөж байгаа бүхэн энд элбэг хангалуун амьдрах боломжтой. Жилийн дөрвөн улиралд ингээ саана. Хаврын цагт бол ямаагаа самнаад ноолуураа гаргачихна. Энэ мэтээр амьжиргаагаа залгуулаад элбэг хангалуун амьдарна.


-Залууст хөдөө амьдрах сонирхол бага байна уу?

-Хүүхдүүд хот руу номын мөр хөөх сонирхолтой. Мал дээр гол төлөв 40-өөс дээш насны хүмүүс л байдаг. Сүүлийн жилүүдэд залуу гэр бүл тэмээ маллах нь нэмэгдсэн. Тэмээний тухайд бусад малыг бодоход арчилгаа нэг их шаардахгүй. Услаад л байхад зөнгөөрөө бэлчээрлээд явдаг.

-Борзонгийн говийн тэмээчин өрх бүр интернэтед холбогдсон уу. Энэ мэт мэдээллээ телевизээс гадна өөр ямар сувгаар хүлээж авч байна?

-Хоёр жилийн өмнө энд юнителийн 4G сүлжээ нэвтэрсэн. Тэмээний бэлчээрээсээ л интернэт орно. Мэдээллийг цаг алдалгүй хүлээж авна. Алс оронд суудаг ах, дүү амраг садантайгаа цаг тутам холбогдож, дүрсээ хараад ярьчихдаг. Малчны хотноос л дэлхий ертөнцтэй хөл нийлүүлээд л алхаж байна. Тэмээгээ услахдаа худгийн орчимд бид цугладаг. Ингээд л хүлээж авсан мэдээллээ бусадтайгаа хуваалцана. Худгийн бэлчирт л Орос Украины дайн, урд, хойд хил яаж байна гээд л өргөн сэдвээр халуун яриа өрнөдөг. Хүлээж авсан мэдээллээ бусадтайгаа хуваалцдаг. Энд сонин ирнэ. Арай настай улс нь сонин гарчиглах дуртай. Цахимд худал, үнэн янз бүрийн мэдээлэл явдаг. Хэвлэмэл материалыг бодит эх сурвалж гэж илүүд үздэг. Ахмад улс утас ухаад суух нь ховор. Нүдний шилээ зүүгээд сонин гарчиглаад сууж байх нь бий. Залуусын тухайд утас үзэхээс гадна ном их уншина. Номын сантай айл хөдөөд олон. Малын бэлчээрт номтой нөхөрлөдөг хүмүүс бий шүү. Уншсан номоо хоорондоо солино. Агуулгынх нь талаар санал бодлоо солилцдог. Нөгөө хэсэг нь Малчин тв их үзнэ. Тэр дундаа мал маллах арга ухаантай холбоотой нэвтрүүлгүүдийг шимтэж сонирхдог.

-Малчин өрхүүд чөлөөт цагаараа өөр юу хийж байна вэ?

-Малчид шинэ жил, ахмадын баяр, тэмээний уралдаан, багийн наадам гээд тэмдэглэлт баярыг багийнхаа соёлын төвд өргөн дэлгэр тэмдэглэдэг. Өглөө болтол бүжиглэж, тоглоом тоглоно, тэмцээн зохиож нэгнээ шагнана гээд инээд хөөрөөр дүүрэн өнгөрүүлдэг. Сая ахмадын баяраа тэмдэглэж өндөр настай улсдаа хүндэтгэл үзүүлсэн. Удахгүй шинэ жилээ тэмдэглэдэг уламжлалтай. Дараа нь Олон улсын эмэгтэйчүүдийн баяраа тэмдэглэнэ. Хааяа багийн төвд бүжиг болно. Багийнхан тэр аяараа л цуглаж хөл хөөр болдог юм. Хүлээдэг хүмүүс ч бий. Сумын төвд дуучид тоглолт хийнэ. Сая л гэхэд дуучин Т.Ганбүргэд ирсэн. Сумынхан заал дүүрэн цуглаад л үзсэн. Хавар дуучин Э.Чинбаяр, В.Баттулга гээд дуучид уран бүтээлийн тоглолт хийсэн. Малчин өрхүүд хотоороо л цуглаж үздэг. Тасалбар нь 20.000 төгрөгийн ханштай байдаг юм. Хоёр литр хоормог зараад л хоёр цаг тоглолт үзээд харьцгаадаг. Эндхийнхэн зохиолын дуунд их дуртай.

-Сумын төвийн айл өрхүүдийн амьжиргаа ямар байна вэ. Гол төлөв ямар ажил хөдөлмөр эрхэлж байна?

-Манай сум есөн жилийн сургуультай. Сумын төвд бага насны хүүхдээ сахидаг цөөн хүмүүс бий. Тэгээд хэдэн төрийн албан хаагч. Ингээд л болоо. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүс уул уурхайтай сумд руу шилжээд явчихсан. Уул уурхайтай сумдад зах зээл нь том. Номгон суманд хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүн маш цөөн. Хүн ам төвлөрсөн сумд руу явчихсан. Харьцуулаад харахад уул уурхайтай сумдын хөгжил хол илүү байдаг. Залуус сумандаа очмоор байна л гэдэг. Ажлын байр хомс байна гэдэг юм. Хотод сурдаг дүү нартайгаа холбогдоход сумандаа ажлын байр бий болгох талаар л хэлдэг юм. Хүм ам нь цөөн учраас бэрхшээлүүд гарна.

-Номгон суманд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний ханш ямар байна вэ. Боомттой ойр нутагладаг өрхүүд бараа бүтээгдэхүүнээ цаанаас татаж байна уу?

-Бид Улаанбаатараас татдаг. Үнэ ханшийн тухайд жилийн өмнөхөөс нугарч өссөн. Нөгөө талд махны үнэ уначихсан. Ийм л байна.

-Хилийн заставаар ойр нутагладаг ямар ямар айлууд байна вэ. Говийнхны хөгжөөнтэй ярианаас цухас дурдахгүй юу?

-Манай говийнхон чинь шөнө ер нь их явцгаадаг. Чөтгөр их ярьж дэмийрцгээдэг. Өвөө эмээ, аав ээжийн үеэс сонссон зүйлсээ ам дамжуулаад ярьдаг. Тэгээд манай нутгийн нэг ах шөнө тэмээтэй явж байгаад л нөгөө дэмий яриануудынхаа тухай бодож явжээ. Тэгтэл тэмээ нь гэнэт явахаа байгаад зогсчихож. Тэмээгээ явуулах гэж зөндөө их оролдсон ч ер явдаггүй ээ. Тэгэхээр ах бодож л дээ.За хө, нөгөө чөтгөр гэгч нь л таарчихлаа даа гээд үсрээд буучихсан чинь эрэг рүү уначихсан. Тэмээ нь эрэг тулчихаар нь гаталж чадахгүй зогсоод байсан нь чөтгөр таарлаа гээд бодчихгүй юу.

Айлууд хилийн заставынхаа ойрхон нутагладаг. Мөн зарим малчид маань Хилийн туслах хүчний гишүүн хийдэг. Сумын сайн малчин Ц.Эрдэнэдалай, сумын сайн малчин Т.Амарсанаа гээд туслах хүчний гишүүд байдаг. Сумын сайн малчин Ж.Чулуунбаатар, А.Эрдэнэсан, М.Мөнхтуяа, О.Хүрэлбаатар, Т.Уулзсанаа, А.Төрбат, Ц.Тогтмол, А.Эрдэнэбилэг мөн Аймгийн сайн малчин Б.Амартайван гээд аймаг сумын алдарт уяачид аварга малчид олон бий. Хилийнхээ зурвас бүс хамгийн ойр насаараа нутаглаж буй тэндхийн янгир ямааг хэдэн тэмээтэйгээ хамт усалдаг О.Цэдэнпил гуайг онцолж хэлье. Өдгөө 80гаруй настай буурай маань залуудаа сайхан дуулдаг байсан төдийгүй урын сандаа 100 гаруй дуутай. Эдүгээ эх нутгийнхаа хилийг манангаа цагийн дөрвөн улиралд тэмээн сүргээ услан яг тэр өвөлжөөндөө байдаг. Мөн цасгүй, хур бороо бага жил усанд ирэх янгир ямааг усласан хэвээр л байна. Мөн Д.Сүрэнжав, Ё.Жанчиваа, О.Цэдэнпил, Р.Дамчай, Д.Цэндоо, Д.Янжий гээд олон олон ахмад буурлууд маань тэмээ болон бог мал маллан малч ухаан өвлөн шинэ залуу малчиддаа үлгэр дуурайлал болж эх нутгийнхаа хил орчимд амьдарч байна.

Categories
мэдээ улс-төр

Гадаад харилцааны дэд сайд, ШШГЕГ-ын дарга нарыг томиллоо DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны арван нэгдүгээр сарын 2-нд болж, Гомбосүрэнгийн Амартүвшинг Гадаад харилцааны дэд сайдаар, Оюунхүүгийн Амарсанааг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар тус тус томиллоо.

Categories
мэдээ нийгэм

Монгол, АНУ, Японы гурван талт уулзалт болж, хамтарсан мэдэгдэл гаргажээ DNN.mn

Япон Улс, Монгол Улс болон АНУ хамтын ашиг сонирхол, нийтлэг үнэт зүйлсийн төлөө гурван талт уулзалтыг 10 дугаар сарын 28-ны өдөр Токио хотноо зохион байгууллаа.

Гурван тал бүс нутгийн аюулгүй байдлын тулгамдсан асуудал, эдийн засгийн асуудал, хамтын ажиллагааны чиглэлийг өргөн хүрээнд авч хэлэлцэв. Гурван тал бие биетэйгээ нягт харилцаатай байх, Энэтхэг-Номхон далайн бүсийг чөлөөтэй, нээлттэй байлгах үзэл баримтлалдаа үнэнч байхаа дахин нотлов. Япон Улс болон АНУ нь Монгол Улсын ардчилал, гуравдагч хөршийн бодлогыг дэмжихээ илэрхийллээ.

Уулзалтад Японы Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын Ерөнхий захирал Такэхиро Фүнакоши, Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, АНУ-ын Төрийн Департаментын Япон, БНСУ, Австрали, Шинэ Зеланд, Номхон далайн арлууд хариуцсан Туслах ТНБД-ын орлогч Марк Ламберт нар оролцжээ.

Япон, Монгол, АНУ нь НҮБ-ын дүрэм, бүрэн эрхт эрх тэгш байдал, улс орнуудын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх болон хүч хэрэглэх, заналхийлэхийг хориглох зэрэг олон улсын эрх зүйн ач холбогдлыг онцлон тэмдэглэв. Үүнтэй холбоотойгоор Украины ард түмэн зовлон шаналал туулж буйд санаа зовж байгаагаа илэрхийллээ. Гурван тал мөн цөмийн зэвсгийн эрсдэл болон олон улсын аюулгүй байдлын орчин муудаж байгаад гүнээ санаа зовниж буйгаа илэрхийлж, цөмийн дайнд ялагч хэзээ ч гардаггүй, өдөөж хэрхэвч болохгүй гэсэн үзэл санаачлагад нэгдэхийг бүх улс орнуудад уриалав.

БНАСАУ-ын цөмийн зэвсэг, түүнийг хүргэх хэрэгслийн хөгжүүлэлт, тэр дундаа 2022 онд урьд өмнө үзэгдээгүй олон тооны баллистик пуужин хөөргөсөнтэй холбогдуулан Япон, Монгол болон АНУ өөрсдийн байр сууриа илэрхийлэв. Талууд яриа хэлэлцээг дахин эхлүүлэх шаардлагатайг онцлон, БНАСАУ-ыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоолын дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх, мөн яриа хэлэлцээнд оролцохыг уриалав. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоолыг олон улсын хамтын нийгэмлэг бүрэн хэрэгжүүлэхийн чухлыг талууд мөн онцлов. БНАСАУ-ын хүн хулгайлсан асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатайг Япон Улс онцлоод энэ тал дээр үргэлж дэмжлэг үзүүлж байгаад АНУ болон Монгол Улсад талархал илэрхийллээ.

Гурван тал НҮБ-ын дүрмийн зарчим, зорилго болон дүрэм журамд суурилсан олон улсын дэг журмыг сахин хамгаалахын төлөө хамтран ажиллахаа дахин нотлов. Аль ч бүс нутгийн тухайн үеийн төлөв байдлыг хүчээр, албадлагын аргаар, эсвэл нэг талын санаачлагаар өөрчлөх оролдлогуудыг талууд эрс эсэргүүцэж, маргааныг энхийн замаар шийдвэрлэхийн чухлыг онцлон тэмдэглэв.

Бүс нутгийн хөгжил болон Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хөгжүүлэх тус тусын алсын хараагаа Япон, Монгол, АНУ хуваалцаж, хөгжин дэвжих, энх тайванч ирээдүйг цогцлоох хамтын ажиллагааны талаар санал солилцов. Хууль дээдлэх, маргааныг энхийн замаар шийдвэрлэх, хүний эрх, байгаль орчны хамгаалал болон эдийн засгийн хөгжлийг сурталчлахын төлөө хамтран ажиллахаар талууд санал нэгдлээ. Япон болон Америкийн Нэгдсэн Улсууд НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд, түүнчлэн дэлхий даяарх мөргөлдөөнтэй бүс нутгийн тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаануудад Монгол Улсын оруулсан хувь нэмэрт талархаж буйгаа илэрхийлэв. Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, хамтарсан сургуулилтыг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа талууд мөн илэрхийллээ.

Япон, Монгол, АНУ-ын төлөөлөгчид бүс нутгийн болон дэлхийн цочролоос үүдэн олон улсын хамтын нийгэмлэгт тулгарч буй эдийн засгийн сорилтуудыг хэлэлцлээ. Эдийн засгийн шахалт зэрэг шинэ сорилттой тэмцэхийн тулд олон улсын эдийн засгийн дэг журмыг бэхжүүлэхийн чухлыг талууд онцлон тэмдэглэв. Сэргээгдэх эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлт, нийлүүлэлтийн гинжин хэлхээний уян хатан байдал, эрдэс бодис чухал ашигт малтмал, оюуны өмчийн эрх, дижитал хөгжил зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх замаар эдийн засгийн түншлэлээ гүнзгийрүүлэх хүсэлтэй байгаагаа талууд онцоллоо. Талууд Монгол Улсын бизнесийн орчин, ялангуяа Япон, Америкийн хөрөнгө оруулалт татах чадварыг сайжруулахын чухлыг хэлэлцэв. Япон, Америкийн Нэгдсэн Улсууд Монгол Улсад хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслүүдийн талаар болон эдгээр төслүүдийн харилцан бие биенээ нөхөх, Монгол Улсын эдийн засгийн цаашдын хөгжилд үзүүлэх нөлөөллийг нэмэгдүүлэх арга замын талаар ярилцлаа. Тодруулбал, Монгол Улс, АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацын 462 сая ам.долларын санхүүжилттэй, Улаанбаатар хотын усны хүртээмжийг 80 хувиар нэмэгдүүлэх хамтарсан Усны компакт гэрээний талаар Японы талд танилцуулав. Монгол Улс Япон Улсаас Хөгжлийн Албан Ёсны Тусламжийн (ХАТ) хүрээнд хэрэгжүүлж буй төслүүдэд талархаж буйгаа илэрхийлэв. Монгол Улсын бүс нутгийн харилцаа холбоог нэмэгдүүлэх, Энэтхэг-Номхон далайн чөлөөт, нээлттэй бүсийг бий болгох алсын харааг хэрэгжүүлэх зорилго бүхий Япон-Монголын сүүлийн үеийн хамтын ажиллагаа болох Японы ХАТ-г ашиглан байгуулж, Монгол-Японы хамтарсан компани үйл ажиллагааг нь хариуцсан “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг Япон, Монгол хоёр орон онцлон тэмдэглэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ГБХЗХГ: Хүүхдийн асуудлыг сошиалд бус 108 утсанд мэдээлж байгаарай DNN.mn

Өчигдөр шөнө түгжээтэй хүйтэн чингэлэгт бага насны хоёр хүүхэд байсан талаар олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байна. Тухайн асуудлыг харьяа дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс болон хүүхэд хамгааллын хамтарсан баг шалган судлахад хоёр хүүхдийн ээж нь …..нутаг дэвсгэрт орших ТҮЦ-т ажилладаг бөгөөд тухайн орой хүүхэд харах хүний бие тааруу байсны улмаас хүүхдээ ТҮЦ-д авчран хамт байсан байна. Хоёр хүүхдийн ээжийг бие засчхаад ирэх хооронд хүүхдүүдийн зургийг авч олон нийтийн сүлжээнд тавьсан аж.

Хүүхэд хамгааллын баг ажиллаж байхад хоёр хүүхдийн биеийн байдал сэргэлэн цовоо, ил харагдах хүчирхийллийн шарх сорвигүй байсан бөгөөд ээжид хүүхдээ хараа хяналтгүй үлдээхгүй байхыг анхааруулсан байна. Цаашид иргэд болон хэвлэл мэдээллийн байгууллага хүүхэдтэй холбоотой асуудлыг шууд олон нийтийн сүлжээнд зураг, бичлэгтэй нь цацах бус Хүүхдийн тусламжийн утас 108-д мэдээлж байхыг уриалж байна гэж Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.