Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Ховд эко цемент үйлдвэр” ашиглалтад орлоо DNN.mn

Баруун бүсийг хямд, чанартай цементээр бүрэн хангах “Ховд эко цемент” ашиглалтад орж цемент үйлдвэрлэж эхэлжээ. Ингэснээр баруун таван аймгийн иргэд, аж ахуй нэгж байгууллагууд цементийг Улаанбаатар хотын үнээр авах боломж ийнхүү нээгдэж байна.

Тус үйлдвэр нь хоногт 1200-1300 тнцемент үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд жилд 300 мянган тонн цемент үйлдвэрлэж баруун бүсийн хэрэгцээг хангах юм.

No description available.

Үйлдвэрлэсэн цементээ задгай, 1 тонн,50 кг гэсэн 3 хэлбэрээр хэрэглэгчдэд хүргэнэ.

Ийнхүү Ховд аймагт шууд 320 гаруй, шууд бусаар 3000 хүний байнгын ажлын байр бий болж баруун бүсийн барилга, орон сууц бүтээн байгуулалтын өртөг зардал буурах боломжтой боллоо.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Ган-Очир: МАН-ын гишүүд 20 их наядаар “гараа угаах” гэж байна DNN.mn

Ардчилсан намын дэд дарга Б.Ган-Очиртой ярилцлаа.


– Халамжаар “хар тамхи” мэт тарьж байна. Энэ бол Үндэсний хамгийн эмгэнэл-


-Ирэх оны төсвийн төслийг яг одоо УИХ-аар хэлэлцэж байна. Ирэх оны төсөв дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Ирэх оны төсвийг товчхон дүгнэхэд ядуурлыг нэмэгдүүлж, Эрээний эдийн засгийг дэмжсэн төсөв болсон. Сүүлд АН-ын удирдлагууд Солонгос, Япон улсад ажиллаад ирлээ. Тус улсуудын намын төлөөллүүдтэй уулзаж улс орны нийгэм, эдийн засаг, ардчиллын асуудлын талаар ярилцахаас гадна Орос, Украины дайн болоод бүс нутгийн асуудлаар ярилцлаа. Манай улсын эдийн засагт Япон, Солонгосын үүрэг оролцоо өндөр байдаг. Тус улсын намын төлүүллүүд биднээс улс төрийн нөхцөл байдлыг асуухаас гадна эдийн засгийн нөхцөл байдлаас ганцхан төсвийн алдагдлын хэмжээг асууж байна. Энэ бүхнээс юу хэлэх гээд байна гэхээр манайх шиг бүх зүйлээ гаднаас авдаг оронд төсвийн алдагдалтай байна гэдэг бол тусгаар тогтнолдоо өөрсдөө заналхийлж байгаа асуудал. Тухайлбал, БНСУ жилд 664 тэрбум ам.долларын экспорт хийдэг орны хувьд төсвийн алдагдалтай байх нь тийм ч сонин асуудал биш. Гэтэл манайх экспортоос бүрэн хараат байхын сацуу гаднаас олсон багахан хэмжээний доллараа эргүүлээд гаргачихдаг завхарсан орон. Ийм байж болохгүй гэдгийг ах дүү орнуудын намуудын удирдлагууд уг санаачилгыг гаргаж байна. Монгол Улс бүс нутагтаа ардчиллын баянбүрд байх, хүчирхэг байх, улс төрийн эрх мэдэл нь нэг намд төвлөрөхгүй иргэдийнхээ мэдэлд байх нь асар үнэ цэнэтэй гэдгийг хэлж байна. Өөрөөр хэлбэл, төсөв тойрсон асуудал олон байгаач хамгийн эхэнд төсвийн алдагдлыг онцгойлон анхаарах хэрэгтэй.

-Төсвийн алдагдлын тухайд ирэх жилийн төсвийн төсөл дээр 1.5 их наяд байхаар тооцсон. Энэ нь өмнөх жилүүдийн төсвийн алдагдлаас буурсан үзэгдэл болсон нь бас нэг шинэчлэл юм биш үү?

-МАН-ын Засгийн газар, УИХ нь 2020 оноос хойш гуравхан жилийн дотор алдагдалтай төсвийн алдагдлын хэмжээг 10 их наяд хүргэчихээд байна. Тухайлбал, 2020 онд 4.5 их наядын алдагдалтай төсөв баталсан. Үүнийхээ шалтгааныг цар тахалтай холбон тайлбарлаж байгаа. Гэтэл үүний 0.5 хувь нь буюу 500 тэрбум төгрөг л цар талын үеэр улаан бүсэд зарцуулагдсан. Ийм өндөр хэмжээний төсвийн алдагдал бий болгочихоод үр дүнд нь улс орноо цар тахлын эрсдэлээс хамгаалж чадсан билүү. Үгүй шүү дээ. Үүний дараа жил цах тахал үргэлжилж байгаа гэх нэрээр мөн л гурван их наядын алдагдалтай төсөв баталсан. Үүний үр дүнд БНХАУ-ын хил гаалийн нөхцөл байдал, шалгалтуудад тохирсон хэмжээнд арга хэмжээ аваагүйн улмаас хилээ хаалттай, уул уурхайн бүтээгдэхүүнээ тооцоолсон хэмжээнд гаргаж чадахгүй улам хүнд байдалд орсон. Эцэст нь энэ онд 2.4 их наядын алдагдалтай төсөв баталснаар нийт 10 их наядын алдагдалтай төсөв баталсан. Гэтэл одоо МАН-ынхан ирэх онд 1.5 их наядын алдагдалтай супер төсөв батлах тухай ичихгүй ярьж байна. Уучлаарай, өмнөх гурван жилийн алдагдалтайгаа нийлээд 11.5 их наядын алдагдалтай болж байна. Тэгж ярих юм бол 1.5 их наядын алдагдалтай төсөв заавал батлах ёстой юм уу. Энэ бол тийм бага хэмжээний мөнгө биш. Бүгдээрээ хөрсөн дээрээ буугаад иргэдийнхээ амьдралтай ойртуулаад бодъё л доо. Нэг ширхэг хонийг 200 мянган төгрөгөөр тооцвол 1.5 их наядын алдагдал 7.5 сая хоньтой дүйцэж байна. Дээр дурдсан 11.5 их наядын алдагдал гэдэг 57.5 сая хонь борлуулсантай тэнцэнэ. Гэтэл манай улс 35 сая толгой хонин сүрэгтэй. Улсдаа байгаа бүх хонио нядлаад ч энэ алдагдлыг нөхөхгүй. Ийм их хэмжээний төсвийн алдагдалд орчихсон байна. Энэ нөхцөл байдлаас дүгнэхэд МАН-ын Засгийн газар архинд орчихсон аав шиг л байна. Эргэн тойрныхоо дэлгүүрээс тансаг бараа бүтээгдэхүүнийг зээлж аваад, гэртээ шоудаад, үр хүүхдүүддээ “Маргааш аав нь мөнгө олчихно” гэж худлаа яриад 4-5 жил шоудаж байгаа аавын дүр төрх харагдаж байна.

-Төсвийн алдагдлыг хэрхэн бууруулах, төсвийг алдагдалгүй батлахын тулд юу хийх ёстой вэ?

-Төсвийн алдагдал гарцаагүй байх ёстой хэмээн тооцож байгаа бол, ирэх жилийн эдийн засгийн үзүүлэлт нь түүнээсээ давсан байх ёстой. Ямар ч айл өрх өөрийн олж байгаа орлогынхоо хэмжээнд тохируулж зарлагаа тооцоолдог. Энэ жилийнхээсээ илүү орлого олох боломжтой байвал түүнийгээ тооцоолж зээл авдаг. Үнэхээр арчаатай айл хуримтлал үүсгээд хөрөнгө оруулалт хийдэг. Гэтэл манайх хуримтлал үүсгэх нь бүү хэл ирэх онд гарах эдийн засгийн өсөлтөө ч бодитоор тооцож чадахгүй үргэлж алдагдалтай төсөв баталж байна. Төсвөө алдагдалтай баталж байгаа болоод дагаад эдийн засаг өсөх учиртай. Тухайлбал, 2020 онд манай улсын эдийн засаг 4.4 хувиар өссөн.Гэтэл МАН-ынхан юу гэж тайлбарлаж байна гэхээр “Эдийн засаг 2021 онд 1.6 хувиар өссөн, 2022 оны хоёрдугаар улиралд 1.9 хувиар өссөн” хэмээн ярьж байна. Гэтэл эдгээр өсөлтүүд нийлээд 3.5 хувь буюу өмнөх оныхоо 4.4 хувьд хүрэхгүй байна. Монголд орж ирж байгаа 10 доллар тутмын 8 нь нүүрс болон зэсийн орлогоос бүрддэг. Тэгвэл төсвийн алдагдлыг бууруулахын тулд зэс, нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэхээс өөр арга байхгүй. Тэгэхээр ирэх онд гэнэт ид шид тохиолдож нүүрсний гаргах хэмжээ хоёр дахин нэмэгдэх гэнэ. Үнэндээ одоо энэ үлгэрт итгэх итгэл алга. Яагаад гэвэл МАН-ынхан дахиад л худлаа ярилаа. Тухайлбал, 2019 онд 42 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөөд 36 сая тонн нүүрс, 2020 болон 2021 онд мөн л 42 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөөд 2020 онд 28 сая тонн, 2021 онд 18 сая тонн нүүрс гаргасан. Ингээд энэ онд 36 сая тонн нүүрс гаргахааар төлөвлөсөн боловч 14 сая тонн нүүрс л гаргаад байна. Он гарахад сар гаруйхан хугацаа үлдчихээд байхад 18 сая тонн нүүрс гаргана гэдэгт итгэхгүй байна. Гэтэл ирэх онд 36 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөсөнд итгэх хүн олдох уу. Сүүлд Таван толгойн захирлаар туг тахиж, жүжиг тавьж байх шиг байна. Ганцхан хүнд хариуцлага хүлээлгэсэн дүр эсгээд өөрсдөө уснаас хуурай гарахыг оролдож байх шиг байна. Загас толгойноосоо өмхийрдөг гэдэг. Тэгэхээр дээрээсээ л гаргаж чадахгүй байгаа хэрэг.

-Гэхдээ өнгөрсөн хугацаанд цар тахал, геополитикийн хувьд амаргүй хүнд үе байсан нь манай улсын эдийн засагт хүнд сорилт болсон шүү дээ?

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Зургаан залуу заан” нэвтрүүлгийн үеэр цар тахлын үеэр л бид баларсан болохоос биш түүнээс өмнө эдийн засгаа 3-4 хувиар өсгөсөн хэмээн ярьсан. Уучлаарай, Монголын эдийн засаг өсөөгүй. Яагаад гэвэл бэлэн мөнгө буюу М2-ыг 2016 оноос хойш 11 их наядаас 27 их наяд хүртэл өсгөөд, бэлэн мөнгө сонгууль, халамж нэрийн дор тараасан. Тараасан мөнгөө тоолоод эдийн засгийг өсгөсөн гэж хэлж болохгүй биз дээ. Гэтэл бодит байдал дээр манай ДНБ-ий хэмжээ доллараар 12-14 тэрбум хэвээр л байгаа. Доллараар өсөөгүй байхад төгрөгөөр хэмжээнд эдийн засаг өсчихлөө гэж байна. Гэртээ байгаа бүх цааснуудаа мөнгө гэж тоолоод манайх “Мөнгөтэй байна” гэж хэлж болохгүй.

-Төсөв эцэслэн батлагдах хүртэл тодорхой хэмжээний хугацаа байна. Энэ хугацаанд төсвийн төслийг сайжруулах боломж байгаа юу?

-Төсвийн төслийг сайжруулахаасаа нэгэнт өнгөрчихлөө. Учир нь одоо МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд 2024 оны сонгуульд бэлдээд ирэх онд тойргоо услах, хувьдаа завших мөнгөө давхар нэмж, тооцсон төсөв оруулж ирсэн.

-Ирэх оны төсөв дээр УИХ-ын гишүүд тойрогтоо нэг ч хөрөнгө оруулалт шинээр тавихгүй гэдгийг Сангийн сайд зарласан. Мөн өмнөх жил гишүүн бүр тойрогтоо дөрвөн тэрбум төгрөг зарцуулах эрхтэй байсан нь цуцлагдсан. Тэгэхээр хэрхэн яаж сонгуулийн усалгаагаа хийх юм бэ?

-Гишүүд өөрсдөө захиран зарцуулах мөнгөгүй болсон нь энд огт хамаагүй. Энэ жил МАН 100 жилийн ойгоо тэмдэглэсэн. Монгол Улс сүүлийн 100 жилд байгаагүй хамгийн өндөр төсөв буюу 20 их наядын төсөв оруулж ирлээ. Энэ мөнгө дотор төсвийн урсгал зардал нэрээр халамжийн хэмжээг нэмэгдүүлсэн. Хэрэв халамжийн хэмжээг багасгачихвал гол сонгогчиддоо алдах учраас МАН-ынхан хэзээ ч ийм алхам хийхгүй. Хоёрдугаарт, төсвийн хөрөнгө оруулалт нэрээр тэд хулгай хийнэ. Сургууль, цэцэрлэг, соёлын төвүүд түүнээс гадна Хэнтийгээр дүүрэн тавигдсан хөшөө, дурсгалаасаа мөнгөө угаана. Та бүхэн санаж байгаа бол 2020-2022 онд төсвийн хөрөнгө оруулалт 1.6 их наяд байсан. Гэтэл 2023 онд яагаад төсвийн хөрөнгө оруулалт 2.7 их наяд болоод өсчихөв өө. УИХ-ын гишүүд тойргоо услах мөнгөө өөрсдөдөө бэлэн авахгүйгээр төсвийн хөрөнгө оруулалт нэрээр халхавч хийж байна. Хамгийн сэжигтэй нь 2.7 их наяд төгрөгөөр 1061 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж, ирэх онд 80-90 хувийг нь дуусгахаар төлөвлөсөн. Энэ нь ирэх онд идэх мөнгөө хувааж авна гэсэн үг. Угтаа 2.7 их наяд төгрөгөөр хийх 1061 төсөл хөтөлбөр дотор нэг ч боловсруулах үйлдвэр, ХАА-н үйлдвэрлэл байхгүй.Үндсэндээ тойргоо услах мөнгө. Татвар төлөгчдийн мөнгө ямар ч хэрэггүй хөшөө дурсгал, урсгал засвар нэрээр цемент болж Эрээний эдийн засаг руу очно. Ингээд авралынхаа гарцыг гадаадын өр зээл болгож байна.

-Манай улсын гадаад өрийн хэмжээ таазандаа тулчихсан энэ үед, манайд зээл өгөх орон тийм ч олон байхгүй байх л даа?

-Монгол Улсын Засгийн газраас мэдээлэхдээ манай улсын гадаад өрийн таац 50 орчим хувьтай байгаа хэмээн мэдэгдэж байгаа. Гэтэл Дэлхийн банкны мэдээллээр 90 хувьдаа хүрчихсэн гэж үзэж байгаа. Эрх баригчид дахиад л худлаа ярьж байна. Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ 2022 оны хагас жилийн байдлаар 33.3 тэрбум ам.доллар байгаа. Гэтэл үүнээс бидэнд хамаатай буюу Засгийн газрын өр 8.1 тэрбум ам.доллар хэмээн худал ярьж байна. Төв банкны 2.5 тэрбум ам.доллар хэний өр юм бэ. Засгийн газрынх шүү дээ. Хувийн хэвшлийн өр хэмээн тодорхойлогдож байгаа 21.5 ам.доллар дотор байгаа Оюу толгойн 12 тэрбум ам.доллар хэний өр юм бэ. Арилжааны банкны 1.4 тэрбум ам. доллар дотор байгаа Хөгжлийн банкны тэрбум ам. доллар хэнийх юм. Гадаад өрийн хэмжээ нь гамшгийн хэмжээнд хүрчихээд байхад МАН-ын Засгийн газар дахин 10 их наядаар өрийн хэмжээг нэмэгдүүлэх төвсийн төсөл өргөн барилаа. Ийм үед ирэх онд 1.7 их наяд төгрөгийн зээл авахаар төлөвлөж байна. Мөнгө олдог гол уул уурхайн бүтээгдэхүүн болох зэс, нүүрсээ гаргахаар төлөвлөсөн хэмжээнд гаргаж чадахгүй байгаа, дампуурч буй Засгийн газартай оронд хэн өгөх вэ. Магадгүй ганцхан БНХАУ өгөх байх. Зарлах концесст нь Япон, БНСУ, АНУ лав орохгүй. Дахиад л Хятадууд орж ирнэ. Дамжуулан зээлдэх 310 тэрбум гэх мэт нийт тав орчим тэрбум ам.доллар Эрээний зах зээл рүү орох нь. Энэ мөнгийг уралдаж хулгайлахаа л бодно.

-Ирэх онд энэ удаагийн Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хийгдэж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүд эхнээсээ ашиглалтад орж, боомтууд сэргэнэ гэж тооцож байгаа шүү дээ. Тэгэхээр бүх зүйлийг муу хэмээн дүгнэх нь өрөөсгөл юм биш үү?

-Шинэ сэргэлтийн бодлогыг 2050 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хэрнээ 2023, 2024 оны төлөвлөгөө нь байхгүй. Шинэ сэргэлтийн бодлого гэж байгаа мөртлөө иргэдийнх нь ажил, амьдрал сэргэх тухай бодлого биш, яруу алдарт МАН 100 жилийн ойгоороо сэргэх тухай яриад байгаад хамгийн том харамсал, гуниг төрж байна. Энэ бодлогынхоо хүрээнд боомтууд, хил гаалийг нээнэ гэж байгаа. Гэтэл 4.5 их наядын алдагдалтай төсөв баталж байхдаа Эрээний хилийг нээж зөвхөн түүгээрээ бараа бүтээгдэхүүнээ оруулж ирэх нь яасан юм бэ. Зөвхөн нүүрс тээврийн үйл ажиллагаанд халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулаад, ариутгалын аппаратуудаа тавиулаад хил гаалийн асуудалгүй байх боломж байсан шүү дээ. БНХАУ-ын болоод Эрээн, Баяннуурын талаас бидэнд хэд хэдэн удаа анхааруулсаар байтал бид халдвар хамгааллын дэглэмээ сахиулж чадаагүй. Бодит амьдрал дээр “Шинэ сэргэлтийн бодлого” гэж юу болсон талаар хэлэхэд, 104 орчим тэрбум төгрөг хөшөө дурсгал болж Хэнтий аймагт сүндэрлэж байгаааг улс орон даяараа харлаа. Андлалын хөшөөг 1.9 тэрбумаар босгоод нураасан. Дахиад 1.2 тэрбумаар дахин хөшөө босгосон. Хэнтий аймгийн Биндэр суманд хоёр тэрбум төгрөгөөр Их хуралдай цогцолбор байгуулахаар болсон. Норовлин суманд Их засаг цогцолборыг мөн л хоёр тэрбумаар барихаар мөнгийг нь шилжүүлсэн боловч төсөв нь хүрэхгүй гэх шалтгаанаар дахин нэг тэрбум төгрөг нэмж олоод дуусаагүй. Гэтэл дахин тухайн сумын ойг Төрийн ордонд Чингис хааны нэрийн дор хэдэн хоногийн өмнө хийлээ. Дэлгэрхаан суманд Монголын нууц товчоог 1.5 тэрбумаар санхүүжүүлсэн. Гэтэл дуусаагүй. Дахин санхүүжилт хүлээж байна. Цогцолбор нэртэй балгасуудыг үйлдвэрлэж байна. Дадал суманд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 90 гаруй тэрбум төгрөгөөр Чингис хаан цогцолборыг байгуулж байгаа боловч одоо болтол зураг төсөл нь ч гараагүй. Бэрх хотын далд уурхай байгуулахаар хоёр тэрбум төгрөг төсөвлөсөн боловч ажил нь яваагүй. Нийт 104 тэрбум гээд бод доо. Томоохон нэг үйлдвэр тэрбум төгрөгийн өртөгтэй гэж тооцвол 104 ширхэг үйлдвэр барих, 500 саяар үйлдвэр байгуулахаар бол 210 орчим үйлдвэр барих мөнгө. Тэр ч бүү хэл жижиг, дунд үйлдвэрүүдийг 10,20,30 сая төгрөгөөр ч барих боломжтой. Ингээд тооцвол хэдэн үйлдвэр барих вэ. Хичнээн үйлдвэр барих мөнгийг хөшөө болгон хувиргах вэ гэдгийг Шинэ сэргэлтийн бодлого гэж нэрлэж байгаа юм. Засгийн газрыг тэргүүлж байгаа Ерөнхий сайд ердөө хэдхэн чухал үүрэг хүлээдэг. Бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах, эдийн засгийн өсөлтийг өндөр хэмжээнд байлгах, ажилгүйдлийн хэмжээг бага, төлбөрийн тэнцлийг тогтвортой байлгах, төгрөгийн ханшийг тогтвортой, төсвийн алдагдлыг бага байлгах. Гэтэл энэ бүх үүргээ одоогийн Ерөнхий сайд биелүүлж чадсангүй. Дээр нь авлигын индексээр манай улс Шри-Ланк, Бангладеш улсуудтай зэрэгцээд ирлээ. Тиймээс түүний хэрэгжүүлж байгаа бодлогын үр дүн тодорхой болчихлоо. Тусгаар тогтнолд эдийн засгийн хямрал заналхийлж байна. Тухайлбал, 2022 онд инфляци 14.4 хувьд хүрлээ. Үүний 40-өөс дээш хувь нь хүнсний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлсөн. Энэ бол орлого бага болон тэтгэврээрээ амьдардаг иргэдэд үхлийн цохилт болж байна.

-Ирэх онд гэрэл гэгээтэй зүйл байх нь уу?

-Би муу амлаад байгаа юм биш. Ирэх онд гэрэл гэгээтэй зүйл юу ч байхгүй. Зүгээр л улсынхаа эдийн засгийг эрүүлжүүлэхгүйгээр гэнэт нүүрс, зэс, алтны үнэ огцом өсөөсэй гэсэн хүсэлтэй байна. Тийм ч учраас өрсөлдөх чадваргүй, сул дорой, халамжийн улс орон болж байна. Л.Оюун-Эрдэнэ сайдын хийх хамгийн эхний ажил бол бүх халамжийг зогсоох. Улсынхаа тусгаар тогтнолыг алдаж байхаар үнэнтэй эртхэн нүүр тулаад бүсээ чангалъя. Бид ирэх онуудад хүнд байдалд орно. Үүнийг би хэлээгүй. Эрдэмтэн, судлаачид хэлж, анхааруулсаар байна. Аль болох боломжтой чадалтайнууд нь гадагшаа дүрвэж байна. Үлдсэн монголчууддаа халамжаар хар тамхи мэт тарьж байна. Энэ бол үндэсний хамгийн том эмгэнэл. Үүний тод гэрч нь ирэх оны төсөв. МАН-ын гишүүд 20 их наядаар гараа угаах гэж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн DNN.mn

2022.11.4, БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 11

НАМРЫН АДАГ ЦАГААН НОХОЙ САР
НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ТАХИА ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.11.4, Баасан гараг
  • Наран ургах шингэх: 07.41-17.30
  • Үс засуулбал: Эрхтэн хурц болно
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 0-2 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 17-19 градус, бусад хэсгээр 10-12 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн өмнөд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар 21-26 градус, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр 3-8 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Дархадын хотгороор 9-14 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 7-12 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 20-22 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 18-20 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Халловин, вакцин, барууны ардчиллыг эсэргүүцдэг хүмүүсийн ганц бахыг хангасан осол боллоо” хэмээн өгүүллээ DNN.mn


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Ардчилсан намын дэд
дарга Б.Ган-Очир “МАН-ын гишүүд
20 их наядаар
гараа угаах гэж байна” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Жолооч Д.Мөнхбат “Задгай
тээвэр явж байж л үнэ
ханш буурч, ачаа барааны
эргэлт нэмэгдэнэ” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Халловин, вакцин, барууны ардчиллыг
эсэргүүцдэг хүмүүсийн ганц бахыг
хангасан осол боллоо” хэмээн өгүүллээ.

УИХ-ын гишүүн асан Л.Энхболд “Нүүрсний хулгайд хэн хэн
холбоотойг мэдэж л байна” хэмээн ярилаа.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт Нийгэм сэтгэл
судлалын дээд сургуулийн
багш, сэтгэл зүйч Ц.Шинэдолгор “Өнөөгийн нийгэмд
ичихээ болих үзэгдэл хавтгайрсан нь
биднийг ёс суртахууны доройтолд
орсныг харуулж байна” хэмээв.

“Болорсофт” ХХКийн гүйцэтгэх захирал С.Бадрал “Эгүнэ виртуал туслах компьютерээр хийдэг бүх үйлдлийг хийнэ” гэлээ.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Есөн аймгийн зарим нутагт зуд болох эрсдэл өндөр гарчээ DNN.mn

Монгол орны нийт нутгийн 25 хувьд зудын эрсдэл их, 35 хувьд дунд зэрэг бол 20 шахам хувьд бага, 20 гаруй хувьд хамгийн бага эрсдэлтэй байх зураглал Цаг уурын байгууллагаас гарчээ.

Тодруулбал Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай, Архангай аймгийн зарим нутаг зудын эрсдэл их зэрэглэлд байна.

зураг

Энэ жил гандуу болон гантай байсан баруун, говийн нутгаар бэлчээрийн ургац бага, даац олон дахин хэтэрсэн, мал бэлчээх, оторлох, өвс тэжээл бэлтгэх нөхцөл муу байгаа бол хур бороо элбэг байсан төвийн бүс нутгаар ч зундаа сэрүүн, өдөр шөнийн температурын хэлбэлзэл их, бэлчээрийн ургамлын төрөл зүйл өөрчлөгдөж доройтсон, нэгжийн ургац бага, малын тоо ихтэй зэрэг нь зудын эрсдэлийг нэмэгдүүлж байгаа аж.

Зудын эрсдэл ихтэй бүс нутгаар малын тарга хүч дутуу, мал борлуулах зах зээл байхгүй, өвс тэжээл үнэтэй, малчид мөнгөжих боломж муутай байгаа нь зудад эмзэг байдлыг улам нэмэгдүүлж байгааг УОК-ын шуурхай бүлгийн ажлын тайланд дурджээ.

Categories
мэдээ улс-төр

ТБХ:Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ DNN.mn

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2022.11.03) хуралдаанаар Засгийн газраас 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа.

Байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хуулийн төслийн талаарх танилцуулга, Монгол Улсын 2023 оны төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлт, Байнгын хороодоос ирүүлсэн санал, дүгнэлтүүд болон хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгатай тус тус танилцсан.

Иймд өнөөдрийн хуралдааныг хуулийн төслийн талаарх Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллын санал хураалтаар үргэлжлүүлэв.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжиж байлаа. Тухайлбал, Төсвийн орлого нэмэгдүүлэх хүрээнд “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээг 2022 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлийн түвшингөөр тооцож, төсвийн орлогыг 37,754.7 сая төгрөгөөр, газрын төлбөрөөс аймаг, нийслэлийн орон нутгийн төсөвт төвлөрөх орлогын хэмжээг 2022 оны хүлээгдэж буй гүйцэтгэлийн түвшингөөр тооцож, төсвийн орлогыг 60,860.0 сая төгрөгөөр”, мөн “Монголбанкны худалдан авах алтны хэмжээг 2023 оны төсвийн жилд 20 тонн болгохтой холбогдуулан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогыг 29,100.0 сая төгрөгөөр” тус тус нэмэгдүүлэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Мөн 2023 оны төсвийн санхүүжих дүнд нөлөөлөхгүйгээр хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний хооронд зохицуулалт хийх хүрээнд “Төслийн 2 дугаар хавсралтын XX.3.1.Нийтийн тээврийн автобус гэсэн төсөл, арга хэмжээний 2023 онд санхүүжих дүнг 22,000.0 сая төгрөгөөр бууруулж, хэрэгжих хугацааг 2023-2024 он болгон өөрчилж, Түгжрэлийг бууруулах, хотын төвлөрлийг сааруулах асуудлын хүрээнд захиргааны зарим байгууллагын нэгдсэн цогцолбор барилгын дуусгал төсөвт өртөг 45,000.0 сая төгрөг, 2023 онд санхүүжих дүн 22,000.0 сая төгрөг гэсэн төсөл, арга хэмжээг төсөлд нэмэх” Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Түүнчлэн “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын багцын урсгал зардал болох бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөрийг 1,500.0 сая төгрөгөөр бууруулж, Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тундас нэмэгдүүлэх борооны пуужин 2500 ширхэг авахад 1.500.0 сая төгрөгийг мөн сайдын багцын урсгал зардалд нэмэх”, “ Соёлын сайдын урсгал зардлыг 100.0 сая төгрөгөөр бууруулж, Кино урлагийг дэмжих сангийн үйл ажиллагааны зардалд 100.0 сая төгрөгийг шилжүүлэх” зэрэг Ажлын хэсгээс гаргасан саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив.

Хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

“Үндэсний чанарын чуулган-2022” болно DNN.mn

Жил бүрийн 11 дүгээр сард Олон улсын чанарын өдөр тохиодог бөгөөд энэ өдрийг НҮБ-ын дэмжлэгээр Европын чанарын байгууллага, Японы Инженер эрдэмтдийн холбоо, Америкийн Чанарын хяналтын нийгэмлэг, Латин Америкийн орнуудын чанарын байгууллага хамтран санаачилж 1989 оноос эхлэн дэлхий нийтээр тэмдэглэдэг уламжлалтай болсон байна.

Энэ жилийн “Үндэсний чанарын чуулган-2022” арга хэмжээг Монгол Улсын Шадар сайдын ивээл дор зохион байгуулах бөгөөд Засгийн газраас баримталж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд “Чанар-стандартын хэрэгжилт” уриатайгаар зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. Арга хэмжээг танхимаар болон зайнаас хосолсон хэлбэрээр зохион байгуулах ба уг арга хэмжээнд үйлдвэрлэгч, экспортлогч, ханган нийлүүлэгч, худалдаа үйлчилгээний салбарын аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудын 500 гаруй төлөөлөл оролцох аж.

Дээрх арга хэмжээг Стандарт, хэмжил зүйн газар болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулахаас гадна “Үндэсний чанарын шагнал”-ыг гардуулна. “Үндэсний чанарын шагнал олгох журам” батлагдсанаар уг шагнал нь албан ёсоор Монгол Улсын Засгийн газрын шагнал болсноороо онцлог аж

Categories
мэдээ улс-төр

ЧУУЛГАН: Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Өнөрболор танилцуулав. Төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу зүйл бүрээр нь хэлэлцсэн бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд зарчмын зөрүү санал гаргаагүй гэв.

Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, М.Оюунчимэг, О.Цогтгэрэл, С.Одонтуяа, Б.Баттөмөр нар асуулт асууж, Сангийн сайд болон Засгийн газрын гишүүдээс хариулт, тайлбар, мэдээлэл авсан. Ийнхүү хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа.

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн 101 хууль, Улсын Их Хурлын 6 тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын 2022 оны 10 дугаар сарын 13, 14-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон бусад Байнгын хороодод шилжүүлсэн. Төсвийн байнгын хороо 2022 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн хуралдаанаараа дээрх хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулжээ. Ингээд Улсын Их Хурлын Байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах хуулийн төслүүдийг хэлэлцэн санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаа ирүүлснийг дурдав. Улсын Их Хурлын даргын 2022 оны 151 дүгээр захирамжаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан бөгөөд тус ажлын хэсгээс хууль, тогтоолын төслүүдтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг боловсруулжээ. Төсвийн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсгийг үндэслэн хууль, тогтоолын төслийг зүйл бүрээр нь хэлэлцэхдээ холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэсэн байна.

Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн “…Ирээдүйн өв санд хуваарилах хувь 2023 онд 0, 2024 онд 25, 2025 онд 45, 2026 оноос 65 байна.” гэснийг “…Ирээдүйн өв санд хуваарилах хувь 2023 онд 0, 2024 онд 65 байна.” гэж өөрчлөхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч хайгуулын ажлын явцад туршилтын журмаар олборлосон ашигт малтмалын төрөл, тоо хэмжээг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлж, зөвшөөрөл авсны үндсэн дээр худалдан борлуулж болох бөгөөд бүртгүүлсэн мэдээллийг татварын байгууллагад тухай бүр хүргүүлж, АМНАТөлбөрийг ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй нэгэн адил төлж, тайлагнана” гэсэн саналыг мөн дэмжсэн байна.

Түүнчлэн Гүйцэтгэх засаглал дахь хяналтын тухай хуулийн төслийн нэрийг “Засгийн газар дахь хяналтын тухай” хэмээн өөрчилж, “улсын төсвийн санхүүжилттэй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, арга хэмжээнд гүйцэтгэлийн хяналт, шалгалт хийсэн бол төсвийн хяналтын сонсгол явуулна” гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. “Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн 2 дахь заалтын 1 дэх заалтыг “улсын төсвөөс санхүүжүүлж, хэрэгжүүлэхээр Төсвийн тухай хуульд тусгаж, батлагдсан төсөл, арга хэмжээний төсөвт өртгийн нэмэгдлийг төрийн аудитын байгууллагын дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн төсвийн хуульд тусган шийдвэрлэх” гэж өөрчлөх, төслийн 2 дахь заалтад “төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн бараа, ажил үйлчилгээний худалдан авалт, хөрөнгө оруулалт, татвар төлөлт, өр төлбөр, хүний нөөцийн мэдээллийг тухайн хуулийн этгээдийн цахим хуудаст ил тод, нээлттэй байршуулах, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн борлуулалт, экспортын гэрээг татварын нэгдсэн системд бүртгүүлэх, бүртгүүлээгүй тохиолдолд бүтээгдэхүүнийг экспортод гаргахгүй байх, борлуулалт болон худалдан авах нууц гэрээг Улсын Их Хуралд танилцуулах, ЭМДСанд үүссэн өр, төлбөрийг 2023 оны төсвийн жилд өр төлбөр үүсэхгүйгээр барагдуулах арга хэмжээ авах” гэж нэмэх саналуудыг мөн гишүүдийн олонх дэмжсэн хэмээн санал, дүгнэлтэд дурдсаныг Ц.Сандаг-Очир гишүүн танилцууллаа.

Ийнхүү Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлж, Төсвийн байнгын хорооны дээрх санал, дүгнэлтийг танилцуулснаар чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Монгол цам” тусгай үзэсгэлэнг Дүрслэх урлагийн музейд нээлээ DNN.mn

Соёлын яамнаас зохион байгуулж байгаа “Соёлын бүтээлч сар-2022” аяны хүрээнд Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Монгол цам” тусгай үзэсгэлэнг нээлээ.

Энэхүү үзэсгэлэнд Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй XIX-XX зууны эхэн үеийн Их хүрээний нэртэй урчуудын бүтээсэн цамын ёслолтой холбоотой хувцас хэрэглэл, зураг урлалын бүтээлүүдийг дэлгэжээ. Мөн цамын дүр, дүрслэлийн талаарх судалгаа хийсэн Ардын зураач Ү.Ядамсүрэн, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Дамдинсүрэн, Ж.Лувсанжамц нарын судлаачдын судалбар зургуудыг байршуулсан байна.

Уг үзэсгэлэнгээр дамжуулж, монголчуудын соёл, урлагийн хосгүй гайхамшигт үнэт зүйлсийг олон нийтэд сурталчлан таниулах, өвөг дээдсээрээ бахархах үзэл санааг дэлгэрүүлэхийг зорьжээ. Мөн үндэсний үйлдвэрлэгчдэд цамын хувцас хэрэглэл болон гоёл чимэглэлийн зүйлд шингэсэн хэлбэр төрхийг дээжлэн танилцуулж, тэдгээрийг бүтээсэн уламжлалт арга ухааныг орчин үеийн дэвшилтэт технологитой хослуулан үйлдвэрлэлд нэвтрүүлэх замаар үндэсний онцлог бүхий бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх шинэлэг санаа сэдлийг бий болгох зорилготойг зохион байгуулагчид нь онцлов.

Үзэсгэлэнг Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 1-6-ны хооронд дэлгэнэ. Тасалбарын үнэ 15 мянган төгрөг бөгөөд олон нийт 10:00-19:00 цагийн хооронд үйлчлүүлэх боломжтой.

Ташрамд мэдээлэхэд, Монголд цамын бүжиг дэлгэрч, 300 гаруй жилийн хугацаанд хөгжиж ирэхдээ монголчуудын ур ухаан, утга бэлэгдэл, урлаг соёлын гайхамшигт үнэт зүйлсийг тээн уламжлагджээ.

Монгол цамын ая дан, бүжгийн хэмнэл, хувцас хэрэглэл хийгээд түүнийг бүтээсэн дэглэлт, мужаан, дарх, оёдол зэрэг бүхий л үйлийн илэрхийлэл нь монголын ард түмний хэдэн мянганы турш хөгжүүлж, өвлүүлж ирсэн оюун санааны хийгээд эд өлгийн зүйлийн давтагдашгүй өвөрмөц хэв шинжийг агуулдаг байна.