Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Л.Энхболд: Нүүрсний хулгайд хэн хэн холбоотойг мэдэж л байна DNN.mn


УИХ-ын гишүүн асан Л.Энхболдтой ярилцлаа.


-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нүүрс зөөдөг улс төрийн бүлэгтэй тэмцэнэ гэдгээ зарласан. Таны хувьд УИХ-ын гишүүн байхдаа “Эрдэнэс таван толгой” ХК-ийн эзэмшлийн талбайгаас их хэмжээний нүүрс хулгайд алдагдсан гэх мэдэгдлийг та олон нийтэд дэлгэж байсан. Нүүрсний хулгайгаар шүгэл үлээсэн гэж харахаар байна. Өнөөдөр энэ асуудал юу болсон бэ?

-Нүүрсний хулгайтай хожуу тэмцэж эхлэх гэж байна. Гэхдээ эхэлж байгаа нь сайн хэрэг. Хамгийн гол нь тодорхой шийдвэрт хүрээсэй л гэж бодож байна. 2018 онд тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хамт Өмнөговь аймагт очиж иргэдтэй уулзалт хийсэн юм. Энэ үеэр иргэд нэг асуудал сөхсөн нь юу байсан гэхээр Орон нутгийн өмчит Таван толгой буюу Эрдэнэс таван толгойн удирдлагуудын хамтын ажиллагааны нэг гэрээ байсан юм. Тэр нь 268 мянган тонн нүүрсийг орон нутгийн Таван толгой лицензтэй талбайгаас хил давуулж олборлосон учраас нүүрсийг нүүрсээр төлнө гэсэн гэрээ байсан. Өмнөговиос сонгогдсон гишүүний хувьд 268 мянган тонн нүүрсийг үнэхээр Өмнөговьчууд төлөх юм уу, эсвэл хэн нэгэн этгээдийн өмнөөс төлөх гээд байна уу гэж бодоод олон нийтэд гаргаж тавиад бодит байдлыг шийдвэрлүүлэхийн тулд анх АТГ-т өгч байсан юм.

Тухайн цаг үед их хэцүү байсан л даа. Хил дээр Мэргэжлийн хяналт, хилийн цэрэг, гааль, иргэний харьяатын дөрвөн байгууллага бий. Төрийн дөрвөн байгууллагыгг дамжиж 100 тонны машинаар хууль бусаар нүүрсийг хил давуулсан гэдэгт хэн ч итгэхгүй байсан. Иргэд бүр итгэхгүй байсан. Яагаад гэвэл иргэд хилээр 5,10 кг ноолуур гаргах гэж ямар олон даваа туулдгийг мэднэ л дээ. Тухайн цаг үедээ 4.2 сая тонн нүүрсний асуудал үүссэн байсан. Нөхдүүд ч гэсэн намайг нүүрсний хулгайг яриад эхлэхээр ийм зүйл байх боломжгүй гэдгээр маш ихээр харлуулсан. Би нүүрсний хулгайг гаргаж ирж тавьсан гол зүйл нь нэгдүгээрт, хэн хулгай хийгээд байгааг ил болгоё. Хоёрдугаарт, экспортоор гаргаад байгаа нүүрсний эх үүсвэр яг хаанаас гараад байна гэдгийг олох байсан. Өмнөговийн хилээр нүүрс гарвал мэдээж Таван толгойн бүлэг ордоос л гарсан байна гэсэн үг. Таван толгойн бүлэг ордод Энержи ресурс, Эрдэнэс таван толгой, Орон нутгийн өмчит таван толгой хамаарна. Энэ гурван ордын алинаас нь тэр нүүрс гарсныг тогтоож нүүрсний хулгайтай тэмцсэн бол илүү их үр дүнд хүрэх байсан. Тухайн цаг үед гурван төрлийн хулгайн асуудал байсан. Нэгдүгээрт, Орон нутгийн өмчит таван толгойгоос бүх эрх мэдлийг нь аваад нүүрсийг нь хууль бусаар гаргаж борлуулдаг байж болзошгүй гэж.

Хоёрдугаарт, Орон нутгийн таван толгой, Эрдэнэс тавантолгойн хил дундаа мөргөцгөөр халхлагдаж байсан. Тэр байхгүй болсон. Орон нутгийн таван толгойгоор дамжиж Эрдэнэс таван толгойн нүүрсийг хулгай хийж болзошгүй гэж. Гуравдугаарт, нүүрсний үнийг их барьдаг байсан. Жишээ нь, Орон нутгийн таван толгойн нүүрсийг 25 ам.доллараар барьдаг байсан. ч бага үнээр зарж байсан. ЭТТ 50,60 ам.доллараар зардаг байсан. Энержи ресурс 90 ам.доллараар зардаг байсан үе. Энэ юу гэсэн үг вэ гэхээр, хилийн цаана хэн нэгэн хятад нэртэй компани байгуулчихаад Монголоос нүүрсийг 25 ам.доллараар аваад хилийн цаана хэд нугалж зардаг байсан. Тэр мөнгө чинь өнөөдрийн ярьж байгаа 2.5 тэрбум ам.доллар. Тэр мөнгөнүүд оффшор бүс рүү явчихдаг. Томчуудын Хятадад байгуулсан бусад бүс нутагт байгуулсан компаниуд руу явчихдаг. Эргээд Монголд бараа бүтээгдэхүүн болоод ороод ирдэг. Ийм том нүүрсний бүлэг хулгай яваад байгаа юм. Үүнийг л Ерөнхий сайд хамгийн сүүлийнх нь процессыг одоо гаргаад ирэв үү гэж харж байгаа. Яагаад гэвэл ЭТТ-той оффтейк гэрээгээр хийгдсэн үнэ бол мэдээж бага байгаа. Урьдчилаад гэрээ хийчихэж байгаа болохоор. Тэгэхээр өнөөдрийн шууд борлуулалтын үнэ хоёрын хооронд зөрүү байгаа. Оффтейк гэрээ хийсэн нөхдүүд цаашаа яаж борлуулалт хийсэн, хэнтэй яаж хуйвалдсан нь хаалттай. Тийм учраас өнөөдөр УИХ дээр өндрөө аваад яриад байна гэж ойлгосон. 2011-2013 онд анх 379 мянган тонн нүүрс буюу 3758 машин нүүрсийг хоосон гэж бүртгээд хилээр татваргүй буюу хулгайгаар гаргасныг хууль хяналтынхан тогтоочихсон. Ганцхан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгээр хэргийг хаасан. Нүүрсний хулгай гэдэг зүйл 2011 оноос эхэлсэн байна. Цаг тухайд нь хууль хяналтынхан шударга ажиллачихсан бол Монгол Улсын эдийн засаг өнөөдрийн ханшаар 12 тэрбум ам.доллараар үнэлэгдэх хэмжээний алдагдалд орохгүй байсан. Яагаад 12 тэрбум ам.доллар гэж ярьж байна гэхээр би Эрдэнэс Монголд дэд захирлаар нэг жил ажилласан. Тэр үедээ Монгол Улсын гаалийн албан ёсны сайтад тавигдсан экспортын мэдээ, Хятадын гаалийн ерөнхий газрын импортын мэдээ хоёрыг сарын 30 доллар төлж авч үздэг байсан юм. Үүгээр нийтдээ 2008 оноос 2021 он хүрэхэд 6.6 сая тонн нүүрсийг манайх илүү экспортолчихсон байсан. Хятадын талд илүү бүртгэлтэй байна. Тэгэхээр бид 12 тэрбум ам.долларын нүүрсийг хил давуулаад алдчихсан байна гэсэн үг. Би уурхайгаас нүүрс хулгайлж байгаа проццессыг гурван үе шатлалтай гаргаж ирж тавьж байсан.

-Та уурхайгаас нүүрс хулгайлж байгаа процессыг гурван үе шатлалтай гаргаж ирж тавьсан гэж байна. Энэ талаараа дэлгэрүүлээч?

-Монгол Улсын Засгийн газраас ажлын хэсэг байгуулагдаж, ажлын хэсэгт Хилийн цэргийн удирдах газар оролцсон. Ингээд экспортод гарсан машины тоо, гаалиар бараатай гарсан машины тоо хооронд зөрүү гарч ирсэн. Нэг нь 815 мянган машин, нөгөө нь 849 мянган машин хил давсан байна гэх тоо гаргаж ирсэн. Эндээс 34 мянган машины зөрүү гарч ирж байгаа юм. 34 мянган машин хилээр хоосон гарна гэдэг байж боломгүй асуудал. Нэг машин 400 удаа хоосон гарсан гэх бүртгэлтэй байдаг. Нэг машин эвдрээд явах анги нь болохоо больсон цагт л үйлдвэрт нь засуулах гэж нэг удаа гарч болно. Жил бүр Хятадын талаас ямар машин явах гэж байгаа талаар бүртгэл мэдээлэл авдаг. Нэг машин 365 өдрийн өдөрт хоёр удаа хил гараад байгаа юм уу. Үнэхээр ойлгомжгүй. Би экспортод нь фокуслаагүй. Нүүрс алдаад байгаа уурхайг нь олох хэрэгтэй гэж явсан. Тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар маш сайн дэмжиж ажилласан. Ажлын хэсэг ч байгуулсан. Үүний дагуу Эрүүгийн долоон хэрэг нээсэн. Өнөөдөр нэг нь ч шийдэгдээгүй. Түүнчлэн 2017 оны тавдугаар сарын 22-ноос зургадугаар сарын 22-ны хооронд Орон нутгийн таван толгойн үйл ажиллагааг бүрэн зогсоогоод ямар ч хамгаалалтгүй болгоод 220 мянган тонн нүүрсийг сарын дотор зөөчихсөн. Яаж 220 мянган тонн нүүрсийг зөөсөн гэж мэдсэн бэ гэхээр машинаар нь тоолсон юм. Гашуунсухайт авто замын шалган нэвтрүүлэх мэдээг харахад тухайн цаг үед орон нутгийн таван толгойн тэр мөргөцгөөс ачиж гарсан машинуудын тоо гараад ирсэн. Ганцхан сарын дотор үйл ажиллагааг нь зогсоож байгаад 220 мянган тонн нүүрс Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө алга болсон. Оройны 18 цагаас өглөөний 06 цаг хүртэл ачилт хийсэн байдаг. Энэ бол тухайн үеийнхээр 20 гаруй сая ам.доллартой тэнцэх нүүрс байсан. Үүнийг холбогдох байгууллага буюу АТГ-т шалгуулах гэж өгч байсан. Гурав дахь нь, ЭТТ толгойн лизенцтэй талбайгаас Мэргэжлийн хяналтын шалгалтаар 340 мянган тонн нүүрс алга болсон. Бүхэл бүтэн цуварсан гурван хэрэг гараад байхад нэгийг нь ч хууль хяналтынхан шалгаж тогтоогоогүйн гай нь өнөөдөр гарч ирж байна.

-Хууль хяналтынхан яагаад хянаж шалгаад гаргаж ирээгүй юм бэ?

-Үүнийг хянах ёстой субьектүүд нэгдчихсэн. Хууль хяналтын байгууллага, төрийн байгууллага, өндөр албан тушаалтнууд, компаниудын нийлсэн том бүлэглэлд биднийг хэн ч шалгаж, хариуцлага тооцож чадахгүй гэх сэдлийг 2011 оноос хойш тавиад өгчихөж. Өнөө хэд нь хулгай хийгээд болдог юм байна. Хоосон машин гэж гаргаад болдог юм байна гэх ойлголттой болчихсон. Төрийн өндөр албан тушаалтнууд, тэр тусмаа хууль хяналтын өндөр албан тушаалтнууд прокурорын маш өндөр албан тушаал хашиж байсан хүний төрсөн дүү нь оролцсон хэрэг. Тэр хүн намайг яллах гэж гадагшаа нүүрсний аймгийнхантай прокуроруудтай нийлж аялсан. Их нарийн юм гарч ирнэ. Ийм байдаг учраас хэрэг илрэхгүй өнөөдрийг хүрсэн. Би өнөөдөр итгэл төрөхгүй л байна. Үнэхээр шүүх цэвэрлэгдсэн үү, прокурор цэвэрлэгдсэн үү. Өнөөдөр улс төрийн өндөр албан тушаалтнууд үүнд оролцоогүй юу гэдэг бас л асуудал. Оролцсон учраас тэдний нөлөөний хүмүүс хууль хяналтаар томилогдчихсон байгаа юм. Гэхдээ өнөөгийн Ерөнхий сайд, Хууль зүйн сайдад итгэж байна. Энэ асуудлыг урагш явуулчихаасай гэж харж байна.

-Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Нүүрс гараад орлого нь мөнгө болж орж ирэлгүйгээр бүтээн байгуулалтын төслийн бараа материал болоод Хятадад үлдчихээд байгаа юм. Энэ нь хичнээн хэмжээний мөнгө үлдэж байгааг нарийн тооцоолохоор Засгийн газраас ажлын хэсэг байгуулсан. Төлбөрийн балансыг тооцдог манай аргачлалаар зөрүү нь 2-2.5 тэрбум ам.долларын хэмжээнд яригдаж байгаа” гэсэн. Энэ бол маш том асуудал үүссэнийг хэлж байгаа биз дээ?

-Төрийн өндөр албан тушаалтан ярихааргүй ноцтой асуудал ярьж байна лээ. Үүний мөрөөр явах л ёстой. Шалгах ёстой. 2.5 тэрбум ам.доллар орж ирээгүй гэдэг бол маш том асуудал. Монголбанкны ерөнхийлөгч шууд хэлж өгөөд байна л даа. Хятадын ямар компани ямар байгаа нь маш сонин. Үнэхээр уул уурхайн бүтээгдэхүүн аваад цаашаа төмрийн үйлдвэр рүү явуулдаг юм уу, үгүй юм уу. Үндсэн худалдан авагч нь мөн үү, биш үү. Энэ бүхэн ил болох л ёстой. Уурхайн лицензтэй талбайгаас алдаад байгаа нүүрсээ ч олох хэрэгтэй. Ч.Хүрэлбаатар сайд саяхан экспортод гарч байгаа нүүрсний гэрээг цахимд бүртгэхээр болж байгаа гэж байсан. Энэ бол маш зөв. Үүнийг ил тод болгох ёстой. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийг ажиллуулах шаардлагатай. Хөрөнгийн бирж дээр гаргаад ирвэл далд эдийн засгууд ил болж ирнэ. Жилийн өмнө ханш тогтчихно. Экспортод гарч байгаа тээврийн компаниудын ашиг нь ч тодорхой болчихно. Энэ хууль УИХ дээр байгаа. 2016 онд тухайн үеийн Засгийн газар, УИХ Монголбанкийг 600 орчим сая ам.долларын нөөцтэй хүлээж авсан. Валютын нөөц байхгүй бол ханш өсөх нь ойлгомжтой. 2020 онд гишүүнээс буухад 4.2 сая орчим ам.доллартай болсон. Өнөөдөр 2.4 сая ам.долларын валютын нөөц байх шиг байна. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортоо тэр тусмаа нүүрсний экспортоосоо хулгайлаад байхаар валютын нөөц арвижихгүй. Ялангуяа оффтейк гэрээ эдийн засаг хүндрэлтэй үед тухайн улсынхаа эдийн засагт хүндээр нөлөөлж эхэлж байгаа юм.

-Нүүрсний хулгайтай холбоотой хүмүүс одоогийн УИХ дотор бий юү?

-Байгаа. Одоо бол би процессыг ажиглаж байна. Би хэн хэн холбоотойг бүгдийг нь мэдэж байна л даа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Уул, хаданд эрэн хайх, аврах ажиллагааны хамтарсан сургалт, бэлтгэл хийв DNN.mn

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Уул уурхайн аврах анги, Агаараас эрэн хайх, аврах ангиуд хамтран “Уул, хаданд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, бэлтгэлийг Налайх дүүргийн VI хороо Тэрэлжийн “Бүүвэйт” хаданд аравдугаар сарын 31-нээс энэ сарын 03-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтад харьяа, анги байгууллагуудын нийт 40 гаруй алба хаагч хамрагдаж, эгц ханан хадруу авирах, буух, өндрөөс нэрвэгдэгчдийг буулгах, ачаа хөнгөлж татах зэрэг дадлагыг хийсэн байна.

Мөн алба хаагчид харилцан хамтын ажиллагаагаа жигдрүүлэх, гамшиг, ослын үед үүрэг гүйцэтгэх бэлтгэл, бэлэн байдлаа тодотголоо гэж ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

БШУЯ: 150 хүүхдийн цэцэрлэгийг хандиваар барьж ашиглалтад орууллаа DNN.mn

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг байсан гэр цэцэрлэгийн суурин дээр шинэ цэцэрлэг барихаар төлөвлөж 2022 оны 3 дугаар сард анх шав тавьж байжээ.

150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэг өнөөдөр үйл ажиллагаа эхлүүлж байна. “Нямбаатар” сангийн санаачлагаар эхлүүлсэн энэ бүтээн байгуулалт иргэд, олон нийтийн хандиваар босож байгаа юм.

Цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг 7 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн байна. Боловсролын салбарын ачааллаас хуваалцаж, нийгмийн хариуцлагын хүрээнд нэгдэж, хамтарч цэцэрлэг барьсан хүн бүрд салбарынхаа болон хүүхэд багачуудын нэрийн өмнөөс талархал илэрхийлье гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Дунд ангийн сурагчид нэгийгээ хутгалж, хүнд гэмтээжээ DNN.mn

Дунд ангийн сурагчид нэгийгээ хүнд гэмтээсэн хэрэг гарчээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн 17:00 цагийн орчимд “Үл таних хүмүүст зодуулсан хүүхэд байна, ар нуруу хэсгээс нь цус гараад байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийг хүлээн авч цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг шуурхай зохион байгуулахад 13 настай, эрэгтэй хүүхэд нь бусдад зодуулсан, ар нуруу болон хавирга орчимд зүсэгдсэн шархтай байсан тул гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хэн болохыг олж тогтоох чиглэлээр эрэн сурвалжилж ерөнхий боловсролын сургуулийн наймдугаар ангийн 12-14 насны дөрвөн сурагч үйлдсэн болохыг тогтоосон. Шалгалтын явцад урьдчилсан байдлаар хохирогчийг цүнх авлаа гэх шалтгаанаар 13 настай, эрэгтэй хүүхэд нь дал болон хавирганы орчим хутгалж биед нь гэмтэл учруулсан байна. Дээрх хэргийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газарт шалгаж байгаа аж.

Иймд, эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн хүүхэдтэйгээ илэн далангүй нээлттэй байх, хүүхдийнхээ найзалж нөхөрлөж буй хүүхдүүд болон цахим хэрэглээнд нь анхаарах, хүчирхийлэл, дарамт дагуулсан үйлдлийг холбогдох байгууллагад мэдээлэх, мэргэжлийн байгуулагад хандахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Маргаашнаас Сүхбаатар сум-ОХУ-ын Хиагт чиглэлд улс хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг эхлүүлнэ DNN.mn

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум-ОХУ-ын Хиагт чиглэлд улс хоорондын зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээг маргааш буюу 2022 оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэх гэж байна.

Үйлчилгээний цагийн хуваарь болон үнэ тарифыг танилцуулъя.

Categories
мэдээ нийгэм

Бусдын толгой дээр кофе асгасан Б.Ариунзаяагийн өөр нэг танхайрсан хэргийг шүүх хэлэлцэв DNN.mn

Иргэн Б.Ариунзаяад холбогдох зөрчлийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан өнөөдөр болжээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн /танхайрах/ 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 мөн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад тус тус зааснаар холбогдогч Б.Ариунзаяад үүсгэж ирүүлсэн зөрчлийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр шүүлээ.

Шүүх хуралдаанаар, 185 дугаартай шүүгчийн захирамжаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндэслэлээр буюу хэрэг бүртгэлтийн нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 14 хоногийн хугацаагаар завсарлуулж, зөрчлийн хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст буцааж шийдвэрлэсэн байна.

Дашрамд дурдахад, иргэн Б.Ариунзаяа нь өнгөрсөн гуравдугаар сард бусдын толгой дээр халуун кофе асгасан хэргээр шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5-д заасанчлан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ тооцуулаад байгаа.

Харин өнөөдөр шүүх хурал нь болсон дээрх зөрчлийн хэрэг нь Б.Ариунзаяагийн өмнө нь холбогдсон эрүүгийн хэргээс өөр гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Дижитал хот” төслийн төлөвлөгөөг танилцууллаа DNN.mn

“Дижитал хот” төслийн хүрээнд төрийн анхан шатны нэгж хороо, хэсгийн ахлагчийн үйл ажиллагааг боловсронгуй болгох “Хэсгийн ахлагчийн систем”, бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагад олгох зөвшөөрлийн үйлчилгээг цахимжуулах “Онлайн бизнес төв”, боловсролын салбарын үйл ажиллагааг ил тод болгох “E-school” нэгдсэн платформ, хүүхдийн автобусны системүүдийг үе шаттай нэвтрүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулав.

Нийслэлийн салбар бүрд мэдээлэл технологийн шийдлүүдийг ашиглан, иргэдийн ажиллаж, амьдрахад таатай ухаалаг хотыг бий болгоход нийслэлийн төрийн байгууллагууд үндэсний мэдээлэл технологийн 70 гаруй аж ахуйн нэгж, 1000 гаруй монгол инженертэй хамтран ажиллахаар болсон.

Нийслэлээс иргэн, аж ахуй нэгж байгууллагад үзүүлдэг нийт 42 байгууллагын 589 төрлийн үйлчилгээ байдаг. Үүнээс 225 нь тусгай зөвшөөрөл болон зөвшөөрлийн шинжтэй үйлчилгээ юм. Эдгээрийг авахад олон шат дамжлагатай, бүрдүүлэх бичиг баримт их, мэдээ, мэдээлэл хангалтгүй, зөвшөөрөл олгох хүсэлтийн хариу удаан, дараалал ихтэй зэрэг бэрхшээл гардаг байсан. Тэдгээр үйлчилгээг ажлын 7-30 хоногт авдаг байсан нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд төрийн үйлчилгээг авахдаа сэтгэл ханамжгүй байхад хүргэж, авлига, хүнд суртал үүсэх шалтгаан болоод байсан юм. Уг асуудлыг шийдвэрлэхийн тулд бизнес эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, төрийн үйлчилгээг хүнд сурталгүйгээр хүргэх “Онлайн бизнес төв”-ийн системийг 2022 оны нэгдүгээр сард хэрэглээнд нэвтрүүлсэн. Ингэснээр дүүргүүдээс олгодог 83 нэр төрлийн, зөвшөөрлийн шинжтэй эрх олгодог үйлчилгээнүүдийн бүрдэл бичиг баримт, шат дамжлагыг багасган, цахимжуулж, таван минутын дотор үйлчилгээг авах боломжтойгоор хэрэглээнд нэвтрүүллээ. Цаашид Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 30 үйлчилгээ, барилгын үйл ажиллагаатай холбоотой 70 үйлчилгээг цахимжуулах юм.

Нийслэлийн 204 хороонд 1832 хэсгийн ахлагч 420 мянга гаруй өрхийн 1.6 сая иргэнд төрийн анхан шатны үйлчилгээг үзүүлэн ажилладаг. Хэсгийн ахлагч нар иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, нийслэл, дүүргээс хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэр, үйл ажиллагааг иргэд, аж ахуйн нэгжид хүргэх, орчны хяналт тавих, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндсэн үүрэгтэйгээр ажилладаг. Эдгээр ажлыг хөнгөвчлөх, төр, иргэн, аж ахуй нэгж байгууллага хоорондын харилцааг шинэ түвшинд гаргах, санал хүсэлт, өргөдөл, гомдол гаргах, татвар, төлбөр хураамж төлөх зэрэг үйлчилгээг нэгдсэн байдлаар авах боломж бүхий “Дижитал СИТИ” гар утасны аппликейшн, хэсгийн ахлагчдын системийг нэвтрүүлнэ. Ингэснээр анхан шатны нэгж болох хэсгийн ахлагчдын үйл ажиллагаа цахимжих юм.

Улаанбаатар хотын хэмжээнд төр, хувийн хэвшлийн ерөнхий боловсролын нийт 285 сургуульд 712 мянган сурагч суралцаж, 35 мянган багш ажиллаж байна. Эдгээр оролцогч талын оролцоог тэгш хангах, ил тод байдлыг нэмэгдүүлэх, тулгамдаж буй бэрхшээлүүдийг шийдвэрлэх, багш болон сургуулийн механик, олон давтамжтай гүйцэтгэдэг ажлуудыг хөнгөвчлөх зорилгоор eSchool боловсролын нэгдсэн платформыг эхний ээлжид Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн 40 ерөнхий боловсролын сургуульд нэвтрүүлэхэд бэлэн болсон.

Зөвлөлийн хурлаар “Дижитал хот” төслийг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн оролцоог ханган, шуурхай зохион байгуулж, хамтарч ажиллахыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгов.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Нийслэлд өдөрт дунджаар 4000 тонн, жилд 1.5 сая тонн хог үүсдэг” гэв DNN.mn

Төвлөрсөн хогийн цэгт хог хаягдлыг устгах зардлын үнэ тарифыг нэмэгдүүлэх тооцооллын тухай Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд танилцуулав.

Улаанбаатар хот 410 мянга гаруй өрх, 175 мянган аж ахуйн нэгж байгууллагатай. Энэ тоо жил ирэх бүр нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ ч мөн өсөж буй. Нийслэлийн хэмжээнд төвлөрсөн хогийн зургаан цэг ажиллаж, хог хаягдлыг хөрсөөр дарж булж байгаа юм.

Цагаан даваа, Нарангийн энгэр, Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгийн үйл ажиллагааг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, Налайх, Багануур, Багахангай дүүргийн хогийн цэгүүдийг харьяа дүүргийн тохижилт үйлчилгээний байгууллагууд хариуцан ажилладаг. Нийслэлд өдөрт дунджаар 4000 тонн, жилд 1.5 сая тонн хог үүсдэгээс 200 мянган тонныг ангилан ялгаж, 1.3 сая тонн хогийг ландфилдах буюу дарж булж байна.

НИТХ-ын тэргүүлэгчдийн 2006 оны Үйлчилгээний хөлсийг шинэчлэн батлах тухай тогтоолоор нэг тонн хог хаягдлыг хөрсөөр дарж булах ажлын зардлыг 2080 төгрөгөөр тогтоосон. Энэ үнэд одоог хүртэл өөрчлөлт ороогүй бөгөөд үүнээс үүдэн төвлөрсөн цэгүүдийн үйл ажиллагаа доголдоход хүрчээ. Тухайлбал, хог хаягдлын хэмжээ 2006 онд 642 мянган тонн байсан бол 2021 онд 1.3 сая тонн болж нэмэгдсэн байна. Мөн шатахууны үнэ 3.48 дахин өсөж, нэг цагт зарцуулах шатахууны зардал 2.02 дахин өсжээ. Түүнчлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2006 онд 53 мянган төгрөг байсан бол өдгөө 420 мянган төгрөг болж нэмэгдсэн байна. Дээрх нөхцөл байдлуудаас үүдэн Улаанбаатар хотын төвлөрсөн хогийн цэгийн үйлчилгээ тогтворгүй, ачааллаа даахгүй, тогтмол үйл ажиллагаа явуулах боломжгүй байдал үүсэж байгаа юм. Иймээс төвлөрсөн хогийн цэгийн үйлчилгээг сайжруулахын тулд дарж булах үйл ажиллагааны санхүүжилтийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.

Хотын дарга төвлөрсөн хогийн цэгүүдэд хог хаягдлыг устгах зардлын тооцооллыг НИТХ-д өргөн барих бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг даалгав.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Жолооч Д.Мөнхбат: Задгай тээвэр явж байж л үнэ ханш буурч, ачаа барааны эргэлт нэмэгдэнэ DNN.mn

-ЧИНГЭЛЭГ ГЭДЭГ ЧИНЬ ӨӨРӨӨ АМЬТАЙ ЭД БОЛЧИХСОН. ХААНА Л ОЧНО МӨНГӨ НЭХЭЖ БАЙДАГ –

Хил гаалийн өнөөгийн нөхцөл байдлыг тодрууллаа. Энэ талаар Зам тээвэр хөгжлийн сайдын зөвлөх И.Буянжаргалаас тодруулахад дараахь мэдээллийг өгөв.


-Хил гаалийн үйл ажиллагаа хэвийн байгаа юу?

-Хил гаалийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Бид долоо, долоо хоногоор орж гарсан бараа материалын тоог гаргадаг.

-Сүүлийн долоо хоногт хэдий хэмжээний бараа материал орж гарсан талаарх мэдээллийг өгөөч?

-Танд сүүлийн долоо хоногийн статистик үзүүлэлтийг зурган хэлбэрээр явууллаа гэсэн юм.


Гашуунсухайт боомтоор өдөрт 500 машин нүүрс гарч байгаа талаар эх сурвалжууд хэлж байна. Харин Замын-Үүд боомтоор ачаа барааны оролт гаралт ямар байгаа талаар жолооч Д.Мөнхбатаас тодрууллаа.


-Замын-Үүд боомтын нөхцөл байдал ямар байна вэ?

-Замын-Үүдээр 50-60 машин чингэлэг ачаа орж ирдэг байсан бол ойрын үед жаахан нэмэгдсэн. Өнөөдөр (өчигдөр) гэхэд 90 машин орж ирсэн байна. Өчигдөр 150 машин, уржигдар 160 машин ачаа бараа Замын-Үүд боомтоор орж иржээ. Өнөөдөр жаахан багассан юм байна. Анх чингэлэг тээвэр нээгдэж байснаа бодвол сүүлийн сар гаруйн хугацаанд 2-3 дахин нэмэгдсэн байна. Гэвч чингэлэг нэмэгдсэн ч үнэ ханш буух, урд бөөгнөрсөн ачаа бараа хэвээрээ л байна даа. Хүн өнөөдөр бараагаа захисан бол маргаашдаа орж ирдэг байсан ч чингэлэг тээвэр явж эхлээд сар гаруй хүлээлгэдэг болсон. Тэр байдал хэвээрээ л байна.

-Хилийн цэргийн дугаартай 30 машин чингэлэг тээвэрт оролцож байгаа шүү дээ. Хилийн цэргийн машин нэмэгдсэн юм уу, иргэдийн машин нэмэгдсэн юм уу?

-Хилийн цэргийн 30 машин явдаг байсан. Түүнээс хоёр нь зам тээврийн ослын улмаас ачаа тээвэрт оролцохоо больж 28 хилийн цэргийн машин ачаа тээвэрт явж байна. Энэ машинуудаа гаргана, болиулна гээд байгаа боловч арваннэгдүгээр сар гарчихлаа. Одоо хүртэл болиулаагүй, зогсоогоогүй л байна. Үүнийхээ шалтгааныг Замын-Үүдэд байгаа төрийн бус байгууллагуудыг хоорондоо эвлэлдээд нэг болчихоод ороод ир. Нэг болчихоод ороод ирэх юм бол энэ төрийн машинуудыг хэзээ бол хэзээ гаргахад бэлэн гэдэг тайлбарыг өгдөг. Замын-Үүдэд жолооч нарын төрийн бус байгууллагууд байгаа. Тэд эвлэлдэн нэгдэх процессууд нь явагдаад л байна. Одоогоор таван байгууллага нэгдчихсэн. Гурван байгууллага нь одоогоор нэгдээгүй байна. Гэхдээ нэгдэх нь тодорхой болов уу л гэж харж байгаа.

-Замын-Үүд боомтоор нүүрс тээвэр гарч байгаа юу?

-Нүүрс тээвэр харин ойрдоо сураггүй байгаа шүү. Би сайн мэдэхгүй л байна. Ер нь нүүрс тээвэр гараад эхэлбэл андашгүй л дээ. Том том чингэлгүүд нааш цаашаа явж байдаг юм. Ойрын хугацаанд бол ерөөсөө явахгүй байгаа. Яагаад явахгүй байгаа талаар мэдэх юм алга.

-Задгай тээврээ явуулах сураг байна уу?

-Манайхан чингэлэг олон болчихвол сайхан болчих юм яриад тархи угаагаад байх юм. Энэ худлаа шүү дээ. Задгай тээвэр явж байж л үнэ ханш буурч, ачаа барааны эргэлт нэмэгдэнэ. Чингэлгээр зөөгөөд ачааны эргэлт нэмэгдэнэ, үнэ буурна гэдэг худлаа тархи угаалт яваад байна. Эндээс хэн ашиг олж байна гэхээр олон чингэлэг түрээслүүлдэг хэдэн хятад компанийн дарга нар ашиг олж байна. Манай дарга нарын тархийг угааж, тоглолт хийж байгаа болохоос чингэлэг тээвэр зөв гаргалгаа биш. Чингэлэг тээвэр нь 2022 оны нэгдүгээр сараас явж эхэлсэн. Одоо бүхэл бүтэн 10 сар болж байна. Энэ хугацаанд амлаад байсан үнэ бууна, бүх зүйл сайхан болно гээд байсан нь энэхүү 10 сарын хугацаанд хэрэгжих нь яасан юм бэ. Чингэлгээр явж байгаа тохиолдолд үнэ хэзээ ч буурахгүй. Яагаад гэхээр тэр чингэлэг гэдэг зүйлийг чинь түрээсэлдэг. Чингэлэг гэдэг чинь өөрөө амьтай эд болчихсон. Хаана л очно мөнгө нэхэж байдаг. Тэр мөнгийг нь хэрэглэгчид, жирийн ард иргэд л төлж, горыг нь амсаж байгаа. Манайхан түүнийг ерөөсөө ойлгохгүй байна. Үүний гарц гаргалгааг ерөөсөө хийхгүй байна. Манай Гадаад харилцааны яам, Консулын газрууд захиалгатай байдаг юм уу, албаар тэгээд байдаг юм уу ерөөсөө задгай тээвэр хил гаалийн асуудлыг ярихгүй байна. Бид бол шаардаж байгаа.

Бидний өөдөөс ярьж байгаа, ийм шаардлага өгсөн гээд нэг цаас харуулдаг. Бид бүр арга ядаад чиргүүл солилцоо хийе гэж ярьж байна. Бичгээр саналаа өгчихсөн гээд яриад байгаа болохоос хийж байгаа юм юу ч алга. Хамгийн чухал гол боомтынхоо асуудлыг ярьж, шийдэж чадахгүй Гадаад харилцааны бүхэл бүтэн яамаар яадаг юм бэ. Төр засгийн удирдлагууд, бүх том дарга нар энд ирлээ. Шийдсэн нэг ч асуудал алга. Хил гаалийнхаа асуудлыг л шийдэж байж энэ үнэ ханшийн хөөрөгдөл жаахан цэгцэндээ орно уу гэхээс худлаа тархи угаасан чингэлэг тээвэр яриад хэзээ ч юмны үнэ буухгүй. 2000-3000 чингэлэг түрээслүүлдэг хятад компаниуд монголчуудыг хорлож байна. Бодлогыг нь хүртэл тэд боловсруулж өгч байгаа. Зам тээврийн яаманд ямар ч бодлого байхгүй. Зүгээр хэдхэн дарга нар ажил хийж байгаа нэр зүүгээд л “За за задгайг нь зогсоож байгаад чингэлгээр явуулаад үзчихье” гэдэг. Тэр бол улаан, цагаан лобби шүү дээ. Хэдэн компаниудын лоббид оролцоод ийм болгочихсон. Одоо тэгээд хэзээ задгай нь явж эхлээд хуучин хэвэндээ орохыг үнэндээ хэлж мэдэхгүй байна. Эрээнд бол юмны үнэ нэмэгдээгүй, 2-3 жилийн өмнөхтэйгөө адилхан үнэ ханштай байгаа шүү дээ. Зөвхөн тээврийн зардал нэмэгдчихсэн. Түүнийг нь монголчууд урагшаа орж чадахаа болингуут дундын зуучууд нь даам гараад хүссэн үнээ хэлээд сууж байдаг болсон. Иргэд хязгаарлагдмал байдлаар ч хамаагүй урагшаа гардаг болох асуудлыг хурдан шийдэхгүй бол манайд үнэ хөөрөгдөх асуудал шийдэгдэхгүй дээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

2020 оноос хойш олгосон барилгын 1143 зөвшөөрлөөс түүвэрлэн шалгахад 16.3 хувьд нь зөрчил илэрчээ DNN.mn

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Хурлын эхэнд 2020 оноос хойш олгосон барилгын ажлын зөвшөөрлүүд холбогдох стандарт, дүрэмд нийцсэн эсэхийг шалгасан дүнг хэлэлцэв. Уг асуудлыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга С.Даваасүрэн танилцууллаа.

2020 онд Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл /хуучнаар/-ийн 36 удаагийн хурлаар 1451 асуудлыг хэлэлцэж, 1198 буюу 82.5 хувийг зөвшөөрч, 253 буюу 17.5 хувийг зөвшөөрөөгүй байна. Харин 2021 онд 27 удаагийн хурлаар 1425 асуудлыг хэлэлцэж, 82.8 хувийг зөвшөөрч, 17.2 хувийг нь эс зөвшөөрсөн. Тэгвэл энэ оны есдүгээр сарын байдлаар Хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх мэргэжлийн зөвлөлийн 32 удаагийн хурлаар 1305 асуудал хэлэлцэж, 69.2 хувийг зөвшөөрч, 30.8 хувийг зөвшөөрөөгүй байна.

Хот байгуулалт, хөгжлийн газраас 2020 оноос хойш барилгын 1143, цахилгаан, эрчим хүчний 1197, инженерийн шугам сүлжээний 104, зөвшөөрөл сунгах 368, нэмэлт өөрчлөлт оруулсан 16 зөвшөөрлийг олгосон. Эдгээрээс барилгын ажлын зөвшөөрлийн 410-ыг түүвэрчлэн шалгахад 67 нь буюу 16.3 хувь нь зөрчилтэй байжээ. Үүнтэй холбоотойгоор зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Хотын дарга шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг арилгахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.