Categories
мэдээ улс-төр

Ирэх оны төсвийн тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв DNN.mn

Засгийн газраас 2022 оны есдүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл нар тус тус чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Дараа нь Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Төсвийн хяналт, шинжилгээний хэлтсээс Төсвийн байнгын хорооны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан төсвийн саналд дүн шинжилгээ хийсэн талаарх дүгнэлтийг танилцуулсан.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.7.2 дахь заалт, 70.7.3 дахь заалт, 70.13 дахь хэсэгт заасны дагуу Төсвийн байнгын хорооны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан төсвийн саналд дүн шинжилгээ хийсэн гэдгийг Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Төсвийн хяналт, шинжилгээний хэлтсийн дарга Д.Эрдэнэсамбуу хэлэв.

1.Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан төсвийн орлого нэмэгдүүлэх 2 санал, урсгал зардал нэмэгдүүлэх 14 санал, хөрөнгийн зардал нэмэгдүүлэх 3 багц санал болон төсвийн зардал бууруулах 4 саналууд нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.7.2-т заасан “Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төслийн зарлагын болон алдагдлын дүнг нэмэгдүүлэхгүй байх.” гэсэн шаардлагыг хангасан байна.

2.Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан төсвийн зардлыг 176,861.9 сая төгрөгөөр бууруулах, урсгал зардлыг 97,121.9 сая төгрөгөөр бууруулах, хөрөнгийн зардлыг 79,740.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэх саналууд нь Төсвийн тухай хуулийн 6.2.6-д заасан “Тодорхой төсөл, хөтөлбөр, арга хэмжээний зардлыг мөн хэмжээгээр бууруулж, нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүй байх;” гэсэн шаардлагыг хангасан байна.

3.Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санхүүжих дүнг 10,222.2 сая төгрөгөөр нэмэгдүүлэх 12 төсөл арга хэмжээний санал болон Магадлалын ерөнхий дүгнэлтэд үндэслэн төсөвт өртгийг нэмэгдүүлж, санхүүжих дүнг 50,628.4 сая төгрөгөөр нэмэгдүүлсэн 71 төсөл, арга хэмжээний санал, мөн Төсвийн төсөлд тусгагдаагүй боловч, өмнөх төсвийн тухай хуульд тусгагдан батлагдаж байсан 18,889.4 сая төгрөгийн санхүүжих дүнтэй 32 хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг төсөлд нэмж тусгах 3 багц санал нь Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт заасан “Хөрөнгө оруулалтын төсөвт техник, эдийн засгийн үндэслэл хийгдсэн, зураг төсвөө батлуулсан, хуульд заасан бусад зөвшөөрөл олгогдсон төсөл, арга хэмжээг тусгана” гэсэн шаардлагыг хангасан байна. Тухайлбал, Төсөвт өртөг нэмэгдүүлсэн 71 төсөл, арга хэмжээнээс 39 төсөл, арга хэмжээний төсөвт өртгийг магадлалын ерөнхий дүгнэлтээр, 32 төсөл, арга хэмжээний төсөвт өртгийг өмнөх жилийн төсөвт тусгагдан батлагдаж байсан төсөвт өртгийг тооцож тусгасан байна.

4.Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан хөрөнгө оруулалтын нийт 125 төсөл, арга хэмжээний санхүүжих дүнд өөрчлөлт оруулах, зохицуулалт хийх санал нь Төсвийн тухай хуулийн 29.3-д заасан “шинээр эхлэх барилга, байгууламж, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний нийт төсөвт өртгөөс тухайн жилд ногдох хэсэг нь төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх хугацаанд тэнцүү хуваарилсан хэмжээнээс багагүй байхаар тооцож тусгах.” гэсэн шаардлагыг хангасан байна гэж дүгнэжээ.

Ирэх оны төсвийн хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үеэр Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл таван өдрийн завсарлага авах санал гаргасан. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Улсын төсвийг 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор батлах хуулийн хугацаатай бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар бидэнд төсвийн хуулийн төслийн гурав болон дөрөв дэх хэлэлцүүлгийн үе шат хүлээгдэж байна. Иймд ажлын таван өдрийн завсарлага өгөх боломжгүй байна” хэмээгээд УИХ дахь АН-ын бүлэгт нэг цагийн завсарлага өгөв.

Ингээд завсарлагын хугацаа дуусмагц хуулийн төслүүдийн талаар Төсвийн байнгын хорооноос нэгтгэн гаргасан 16 зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав.

Тус байнгын хорооноос нэгтгэж бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Тухайлбал, Төсвийн орлого нэмэгдүүлэх саналын хүрээнд “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээг 2022 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлийн түвшингөөр тооцож, төсвийн орлогыг 37,754.7 сая төгрөгөөр, газрын төлбөрөөс аймаг, нийслэлийн орон нутгийн төсөвт төвлөрөх орлогын хэмжээг 2022 оны хүлээгдэж буй гүйцэтгэлийн түвшингөөр тооцож, төсвийн орлогыг 60,860.0 сая төгрөгөөр”, мөн “Монголбанкны худалдан авах алтны хэмжээг 2023 оны төсвийн жилд 20 тонн болгохтой холбогдуулан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогыг 29,100.0 сая төгрөгөөр” тус тус нэмэгдүүлэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 67.3 хувь нь дэмжсэн.

Төсвийн зардал бууруулах хүрээнд “Улсын төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн цалин хөлс, тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж, зээлийн хүүгийн төлбөрийн зардлаас бусад улсын төсвөөс санхүүжих үйл ажиллагааны зардлыг 1.88 хувиар буюу 94,527,6 сая төгрөгөөр бууруулах” саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Мөн 2023 оны төсвийн санхүүжих дүнд нөлөөлөхгүйгээр хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний хооронд зохицуулалт хийх хүрээнд “Төслийн 2 дугаар хавсралтын XX.3.1.Нийтийн тээврийн автобус гэсэн төсөл, арга хэмжээний 2023 онд санхүүжих дүнг 22,000.0 сая төгрөгөөр бууруулж, хэрэгжих хугацааг 2023-2024 он болгон өөрчилж, Түгжрэлийг бууруулах, хотын төвлөрлийг сааруулах асуудлын хүрээнд захиргааны зарим байгууллагын нэгдсэн цогцолбор барилгын дуусгал төсөвт өртөг 45,000.0 сая төгрөг, 2023 онд санхүүжих дүн 22,000.0 сая төгрөг гэсэн төсөл, арга хэмжээг төсөлд нэмэх” Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 65.9 хувь нь дэмжлээ.

Түүнчлэн “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын багцын урсгал зардал болох бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөрийг 1,500.0 сая төгрөгөөр бууруулж, Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх борооны пуужин 2500 ширхэг авахад 1.500.0 сая төгрөгийг мөн сайдын багцын урсгал зардалд нэмэх”, “Соёлын сайдын урсгал зардлыг 100.0 сая төгрөгөөр бууруулж, Кино урлагийг дэмжих сангийн үйл ажиллагааны зардалд 100.0 сая төгрөгийг шилжүүлэх” зэрэг Ажлын хэсгээс гаргасан саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн.

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг үргэлжлүүлэхэд шаардагдах 17,000.0 сая төгрөгөөр Эрүүл мэндийн сайдын урсгал зардлыг нэмэгдүүлэх, Улсын хэмжээнд гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлтийн зардалд шаардагдах 33,628.0 сая төгрөгийг Эрчим хүчний сайдын урсгал зардалд нэмэх, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын урсгал зардалд тусгагдсан Өнөр бүл хүүхдийн төвийн урсгал зардлыг 100.0 сая төгрөгөөр, Хүүхэд хамгаалах арга хэмжээний зардлыг 2,700.0 сая төгрөгөөр тус тус нэмэгдүүлэх зэрэг Ажлын хэсгээс гаргасан санал хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэгийг авлаа.

Мөн хуулийн төслийн 5 дугаар хавсралтад тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний 2023 оны санхүүжих дүнд нөлөөлөхгүйгээр 51 төсөл, арга хэмжээний санхүүжих дүнд холбогдох зохицуулалт хийх, 1 дүгээр хавсралтад тусгагдсан 12 төсөл арга хэмжээний 2023 онд санхүүжих дүнг 10,222.2 сая төгрөгөөр нэмэгдүүлж, үүнтэй уялдуулан тухайн төслийн хэрэгжиж дуусах хугацааг өөрчлөх, 2 дугаар хавсралтад тусгагдсан 81 төсөл арга хэмжээний төсөвт өртгийг магадлалын дүгнэлтэд үндэслэн төсөвт өртгийг 216,260.2 сая төгрөгөөр нэмэгдүүлж, үүнтэй уялдуулан тухайн төслүүдийн санхүүжих дүнд өөрчлөлт оруулах талаарх Ажлын хэсгийн саналыг гишүүдийн олонх дэмжсэн.

Цаашлаад хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллоо ирүүлсэн бусад Байнгын хорооны саналыг Төсвийн байнгын хорооноос дэмжсэн, дэмжээгүй саналуудаар санал хураалтыг үргэлжлүүлсэн.

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлснээр хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

“Рио Тинто Монгол” ХХК-тай хамтран гэр хорооллын хоёр байршилд цэцэрлэгт хүрээлэн байгуулна DNN.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, “Рио Тинто Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал нар өнөөдөр Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркийн тохижилтын ажлын хүрээнд хоёр талт гэрээ байгууллаа.

Өнгөрсөн аравдугаар сарын 6-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, “Рио Тинто Монгол” ХХК болон “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн төлөөллүүд Хүүхдийн паркийг сэргээн засварлах гурван талт хамтын ажиллагааны Санамж бичгийг байгуулсан билээ. Тэгвэл өнөөдрийн хоёр талт гэрээнд нийслэл болон “Рио Тинто Монгол” ХХК-ийн зүгээс хүлээсэн үүргийг нарийвчлан тусгажээ. Тодруулбал, нийслэлийн зүгээс буюу төрийн зүгээс эрчим хүч, цахилгаан хангамж, дэд бүтэц, хашаа, хайс болоод тухайн бүсэд байгаа аж ахуйн нэгжтэй холбоотой асуудлыг хууль, эрх зүйн хүрээнд шийдвэрлэж, тохижилтын ажлыг гүйцэтгэхэд ямар нэг саад учруулахгүй байх үүргийг хүлээсэн. Харин “Рио Тинто Монгол” ХХК-ийн хувьд тохижилттой холбоотой санхүүжилтийг 100 хувь шийдвэрлэж, иргэд амарч зугаалах, эрүүл, тохилог орчинд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой, тогтвортой ногоон байгууламжийг бий болгох үүрэгтэйгээр ийнхүү хамтран ажиллах гэрээг үзэглэлээ. Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркийн тохижилтыг 2023 оны долоодугаар сард дуусгахаар төлөвлөжээ.

Энэ удаагийн гэрээнд тусгасан нэг чухал зүйл нь гэр хорооллын бүсийн хоёр байршилд цэцэрлэгт хүрээлэн байгуулах асуудал байв. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Уг гэрээнд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн тохижилтоос гадна нийслэлийн хамгийн олон хүн ам оршин суудаг хоёр том дүүрэгт цэцэрлэгт хүрээлэн байгуулах талаар заасан байгаа. Тодруулбал, Баянзүрх болон Сонгинохайрхан дүүрэгт явган зам, дугуйн зам, тохижилт, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнг байгуулах юм. Мэдээж хотын өнгө үзэмжид эергээр нөлөөлөх, экологийн тэнцвэрийг хангахуйц мод, бутлаг тарьж, тохижилт хийх саналыг нийслэлээс оруулна. Харин төвийн дүүргүүдийн хувьд өөрсдийн нөөц бололцоогоороо цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжаа нэмэгдүүлэх боломжтой” хэмээсэн юм.

Баянзүрх дүүрэг болон Сонгинохайрхан дүүрэгт байгуулах цэцэрлэгт хүрээлэнгийн байршлыг нарийвчлан тодорхойлж, ТЭЗҮ-ийг нь боловсруулан, тендер сонгон шалгаруулалт зарлах бөгөөд 2023 онд багтаан тохижуулах аж.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ DNN.mn

Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2022.11.03) үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 05 минутад эхэлж, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.

Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, О.Цогтгэрэл, Ц.Туваан, Б.Бейсен, Ц.Сандаг-Очир, Ж.Чинбүрэн нар асуулт асууж, хариулт авсны дараагаар зарчмын зөрүүтэй 87 саналын томьёоллоор нэг бүрчлэн санал хураалт явуулав.

Тухайлбал, Ажлын хэсгээс Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан “Ирээдүйн өв санд хуваарилах хувь 2023 онд 0, 2024 онд 25, 2025 онд 45, 2026 оноос 65 байна” гэснийг “Ирээдүйн өв санд хуваарилах хувь 2023 онд 0, 2024 оноос 65 байна” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 51.8 хувь нь дэмжив.

Мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, “10.1.19.Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт болон ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаанд тавих улсын хяналтыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага гүйцэтгэнэ.” гэсэн заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Түүнчлэн Ажлын хэсгээс Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлийг “21.1.Энэ хуулийн 14, 18 дугаар зүйлд заасны дагуу тухайн жилийн орлогыг тодорхойлоход 0-120000000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 10 хувиар, 120000001-180000000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 12000000 төгрөг дээр 120000000 төгрөгөөс дээш давсан орлогод 15 хувиар, 180000000 төгрөгөөс дээш албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 21000000 төгрөг дээр 180000000 төгрөгөөс дээш давсан орлогод 20 хувиар нэмж тооцон албан татвар ногдуулна.” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 55.4 хувь нь дэмжсэн юм.

Түүнчлэн ““Гүйцэтгэх засаглал дахь хяналтын тухай” гэсэн хуулийн нэрийг “Засгийн газар дахь хяналтын тухай” гэж өөрчлөх. Үүнтэй уялдуулан төсөлд тусгагдсан “Гүйцэтгэх засаглал дахь хяналтын тухай” гэснийг “Засгийн газар дахь хяналтын тухай” гэж тохиолдол бүрд өөрчлөх” тухай Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.1 хувь нь дэмжсэн.

Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Хяналт шалгалтыг төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага, орон нутагт хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага /цаашид “хяналт шалгалтын байгууллага” гэх/ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийх бөгөөд төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх, гүйцэтгэлийн гэж ангилна.” гэсэн агуулгатай “2/5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг”-ийг нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

“Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөлд “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн бараа, ажил, үйлчилгээний худалдан авалт, хөрөнгө оруулалт, татвар төлөлт, өр төлбөр, хүний нөөцийн мэдээллийг тухайн хуулийн этгээдийн цахим хуудаст ил тод, нээлттэй байршуулах”, мөн “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн борлуулалт, экспортын гэрээг татварын нэгдсэн системд бүртгүүлэх, бүртгүүлээгүй тохиолдолд бүтээгдэхүүнийг экспортод гаргахгүй байх, борлуулалт болон худалдан авах нууц гэрээг Улсын Их Хуралд танилцуулах”, “Эрүүл мэндийн даатгалын санд үүссэн өр төлбөрийг 2023 оны төсвийн жилд өр төлбөр үүсгэхгүйгээр барагдуулах арга хэмжээ авах.” гэсэн 8,9,10 дахь дэд заалт нэмэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Харин Монгол улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаах нь зүйтэй гэж чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэж, “Хуулийн төслийг буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав.

Ингээд Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Мазаалай үхсэн шалтгааныг тодруулахаар БОАЖЯ-наас ажлын хэсэг гаргажээ DNN.mn

Мазаалай үхсэн тухай мэдээллийг цахим орчинд цацагджээ. Уг асуудалтай холбоотойгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Мазаалай маань үрэгдсэнээс уул уурхайн нэг компани зогссон нь дээр. Улсын хэмжээнд 51-хэн ширхэг бодгаль бүртгэгдсэн байдаг. Тиймээс шалтгааныг тодруулах ажлын хэсгийг БОАЖЯ-наас явуулж байна” хэмээн өөрийн цахим хуудастаа мэдэгдсэн байна.

Мазаалай нь говь цөлд амьдардаг дэлхийн цорын ганц баавгай бөгөөд зөвхөн Монголын говьд байдаг. 1967 оноос хойш зарим судлаачдын хийсэн судалгаанаас үзэхэд Мазаалайн тоо толгой хагас зуун жилийн өмнө ч 50-с хэтрээгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Баянхонгор аймаг дэлхийн зах зээлд чиглэсэн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарна DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлтийн үйл ажиллагаа 21 аймагт болж байна. Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай болон ажлын хэсгийн гишүүд Баянхонгор аймагт ажиллалаа.

Баянхонгор аймаг нь мах, сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээгээ 100 хувь хангадаг. Харин улаанбуудай болон гурилын хэрэгцээгээ бусад аймаг, орон нутгаас хангаж байна. Мөн хүн амын нягтаршил багатай тул томоохон хүнсний үйлдвэр үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байна. Нийслэл Улаанбаатар хот руу нийлүүлэхэд тээврийн зардал нэмэгдэж үнэд нөлөөлдөг тул бүтээгдэхүүнээ борлуулж чаддаггүй. Иймд нутгийн удирдлагууд гаднын улс руу чиглэсэн экспортын бүтээгдэхүүн бий болгоход анхаарч байна.

Хүнсний тухай хуульд аймаг, орон нутгийн хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг нутгийн удирдлагад үүрэг болгосон байдаг. Иймд Баянхонгор аймгийн удирдлагууд бодлого шийдвэртээ дээрх агуулгыг тусгаж, иргэдийнхээ эрүүл, аюулгүй байдлыг ханган ажиллахаа илэрхийллээ.

Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай .. нар Баянхонгор аймгийн хүнсний үйлдвэрүүдтэй танилцлаа.

  • Бүтээгдэхүүнээ борлуулж чадаагүйн улмаас сүүлийн гурван жил үйл ажиллагаагаа зогсоожээ

Баянхонгор аймгийн WELL Хүнсний үйлдвэр нь 2007 оноос эхлэн цэвэр байгалийн гаралтай, хүний биед хор нөлөөгүй хүнсний бүтээгдэхүүнийг эх орондоо болон дэлхийн зах зээлд нийлүүлэх зорилгоор үйлдвэрлэж эхэлсэн. Хэдий тус үйлдвэр 1 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт авч, тоног төхөөрөмжөө шинэчлэн, үйлдвэрийн хүчин чадлаа сайжруулсан боловч орон нутгийн жижиг зах зээлд борлуулалтаа хийхэд хүндрэл их бий. Мөн нийслэл Улаанбаатар хотод нийлүүлэхэд тээврийн зардал нэмэгддэг нь бүтээгдэхүүний үнэд нөлөөлж, бусад ижил төрлийн үйлдвэрүүдтэй өрсөлдөж чаддаггүй байна. Уг шалтгаанаар эх орныхоо үржил шимт хөрсөнд ургуулсан витаминлаг чанараараа дэлхийд тэргүүлэх чацарганаар хийсэн бүтээгдэхүүнүүд дахин үйлдвэрлэгдэх боломжгүй болжээ. Иймд бусад улс оронд экспортлох зорилготой “Жигүүр богд” группын WELL хүнсний үйлдвэр ажиллаж байна.

  • “Агин өндөг” компани 10 мянган өндөглөгчтэй болох зорилттой

Баянхонгор аймгийн Өлзийт суманд үйл ажиллагаа явуулдаг “Агин өндөг” ХХК нь 3500 өндөглөгчтэй, өдөрт 3000 өндөг нийлүүлэх хүчин чадалтай. Орон нутгийнхаа нийт хэрэгцээний 5 хувийг хангадаг бөгөөд цаашид энэ хувийг нэмэгдүүлэх зорилттой байна. Одоогоор 10 мянган өндөглөгчийн байр бэлдсэн ч өндөглөгчдийнхөө тоог нэмж чадаагүй байна. Баянхонгор аймагт ОХУ-аас өндөг ирдэг нь дотоодын өндөгнөөс хямд үнэтэй, хадгалах хугацаа урттай байдаг. Энэ нь “Агин өндөг” ХХК-ийн үйл ажиллагаанд хүндрэл учруулдаг гэв.

  • Дэлхийд өрсөлдөх Ингэний сүү боловсруулах үйлдвэрийн төсөл

Ингэний сүүний илчлэг чанар нь 108,8 калори буюу үнээний сүүнээс бараг нэг дахин их байдаг. Ингэний сүүг монгол эмчилгээнд хаван хөөх, сүрьеэ, зэрэг өвчнийг анагаахад хэрэглэж ирсэн уламжлалтай. Мөн ингэний сүү хэрэглэдэг хүмүүс хорт хавдраар өвчилдөггүй гэсэн судалгаа бий. Тэгвэл Баянхонгор аймагт дэлхийд үнэлэгдсэн Монгол брэнд бий болгох Ингэний сүүний үйлдвэрийн төсөл амжилттай хэрэгжиж байна. Тодруулбал “Ингэн-эрдэнэ” ОНӨААТҮГ нь 2021 онд “Баянхонгор аймгийн хөгжлийн төлөвлөгөө, хөдөө аж ахуйг кластераар хөгжүүлэх бодлогод тулгуурлан ингэний ферм байгуулж, сүүг хатааж нэмүү өртөг шингэсэн, эрүүл ахуйн шаардлага хангасан, биологийн идэвхит хүнсний бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх нэгдсэн үйл ажиллагаа явуулах” зорилгоор байгуулагдсан. Тус үйлдвэр бүрэн ашиглалтад орсноор цагт 500 литр сүү боловсруулж, байнгын 270, түр 210 хүний ажлын байр бий болж, тус үйлдвэрийг дагасан олон жижиг, дунд үйлдвэр бий болох юм.

  • 5 жилийн хугацаанд жижиг цехээс томоохон үйлдвэр болон өргөжсөн “Торлон” брэнд

Сүлдэн тэнгэр хоршооны “Торлон” талх, нарийн боовны үйлдвэр 5 жилийн дотор жижиг цехээс орон нутгийнхаа хэрэгцээг 100 хувь хангадаг томоохон үйлдвэр болжээ. Тус үйлдвэр 40 хүнийг ажлын байраар хангаж, өдөрт 4-5 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Герман улсын технолгийг орон нутгийн үйлдвэрлэлд нэвтрүүлж 37 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Умард Солонгос гурван баллистик пуужин харвалаа DNN.mn

Умард Солонгос өнөөдөр өглөөний 8 цаг 50 минутын орчимд зүүн эргийнхээ Вонсан хотын ойролцоох цэгээс Японы Зүүн тэнгис рүү ойрын тусгалын гурван баллистик харвалаа. Пуужингийн нэг нь хоёр Солонгосын маргаантай далайн хил болох Хойд хязгаарын шугамаас өмнө зүгт олон улсын усан хилд унасан бол нөгөө хоёр нь Өмнөд Солонгосын зүүн эрэгт орших Сокчо хотоос 57 км зайд, Уллён арлаас 167 км зайд далайн усанд унажээ.

Пуужин харвасантай холбогдуулан Өмнөд Солонгосын тухайн орон нутгийн эрх баригчид агаарын довтолгооны анхааруулах дуут дохиог ажиллуулж, улмаар

Ерөнхийлөгч Юн Сук Ёл тус улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн яаралтай хуралдааныг зарласан бол Японы Ерөнхий сайд Ф.Кишида Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө мөн хуралдуулж байна.

Пхеньяны энэ удаагийн пуужингийн харвалт нь өнгөрсөн даваа гарагт эхэлсэн АНУ, Өмнөд Солонгосын “Сэрэмжтэй шуурга” хамтарсан агаарын цэргийн сургуулилттай холбоотой юм. АНУ, Өмнөд Солонгос, Японы хамтарсан цэргийн хээрийн сургуулилтын хариуд Умард Солонгос он гарснаас хойш 29 пуужин харвасны 23 нь баллистик пуужин байна. Тухайлбал, өнгөрсөн 10 дугаар сарын 28-нд Японы тэнгис рүү дунд тусгалын баллистик пуужин, 10 дугаар сарын 13-нд алсын тусгалын стратегийн далавчит пуужин харвасан юм.

Эх сурвалж: iss.gov.mn

Categories
мэдээ нийгэм

“Талын түмэн адуу” эвент энэ сарын 18, 19-нд болно DNN.mn

Тал нутгийн адуу дагасан соёлыг хамгаалах зорилготой зохиож эхэлсэн “Талын түмэн адуу” эвент найм дахь жилдээ Хэнтий аймгийн Батноров сумын “Тэнгэрийн андгай” цогцолборт болох гэж байна. Энэ жилийн хувьд Соёлын бүтээлч сарын хүрээнд зохион байгуулагдаж буй бөгөөд энэ сарын 18, 19-нд болох юм.

Энэхүү соёлын эвентийн санаачлагч нь “Мөнх харилцаа” төрийн бус байгууллага бөгөөд дэмжигч байгууллагаар Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар ажиллаж буй бол хамтран зохион байгуулагчаар Батноров сумын Засаг даргын Тамгын газар ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Суруга Монгол”-ын газрыг Б.Наранхүү авсан уу? DNN.mn

Тагнуул, цагдаа, АТГ-ын томчууд нийлээд гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон дуулиант “Суруга Монгол”-ын газрын хэрэг дахин сөхөгдөөд байгаа юм. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн едсүгээр сард хэвлэлд ярихдаа “…Хэргийг шалгаж байгаа. Одоогоор “Суруга”-гийн хохирогч 70 настай япон иргэнийг Монголд авчрахаар ажиллаж байна. Том хөрөнгө оруулалт хийнэ гэж газраа худалдчихаад зочид буудалд нь өвс тавьж, хар тамхины хэргээр шалгана гэж айлгаад явуулсан, бүх газрыг нь хуваагаад авчихсан эзэд нь прокурор, ТЕГ, ЕТГ-т ажиллаж байсан, түүнчлэн УИХ-ын институтэд ажиллаж байсан хүмүүс” гэж байв.

Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон 57 хэргийг өнгөрсөн долоо хоногт танилцуулах үеэр “Суруга” корпорацийн эзэн далан хэдэн настай хөгшин нас барсан гэсэн мэдээллийг би авсан. Хууль сахиулах байгууллагынхан хүүхдийг нь хохирогчоор татахаар ажил зохион байгуулж байгаа” гэлээ. Үүнээс харахад тус хэргийн мөрдөн байцаалт нэлээд хурдтай урагшилж байгаа бололтой.

Одоогоос 10 жилийн өмнө дэгдсэн уг хэргийн талаар өнгөрсөн хугацаанд багагүй баримт дэлгэгдсэн. Уг хэрэгт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан, буурал хочит А.Гансүх, Хууль зүйн дэд сайд асан Ц.Уугангэрэл, ТЕГ-ын дарга, генерал Б.Хурц, Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан, ЦЕГ-ын дарга асан М.Ганболд нарын хууль хяналтын өндөр албан тушаалтай хүмүүс холбогдсон нь ил болсон.

Тэд өөрсдийн ах эгч, дүү нарынхаа нэр дээр “Нью даун таун” компанийг байгуулсан нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын архивт бий. “Нью даун таун” компани “Суруга Монгол”-оос 10 га газрыг авсан байдаг.

Цаашлаад “Суруга Монгол”-ын газар хаачсан, хэний гараар орсон бэ. Цагдаа, тагнуулын генерал, хурандаа нарын хэрэгтэй зэрэгцэн хамгийн ихээр анхаарал татаж байгаа сэдэв бол энэ. “Суруга Монгол”-оос хамгийн анх учир битүүлгээр 10 га газрыг нь авсан “Нью даун таун” компанид долоон хүн яг ижил тэнцүү хувиар хувьцаа эзэмшдэг байгаа юм. Дээр дурдсан Ц.Уугангэрэл, Б.Хурц, М.Энх-Амгалан, М.Ганболд нараас гадна хоёр хувьцаа эзэмшигч нь УИХ-ын гишүүн асан Мон уран компанийн Б.Наранхүүгийн хамаарал бүхий хоёр хүн бий. Тодруулбал, Б.Наранхүүгийн хүү Н.Эрдэнэ, Б.Наранхүүгийн төрсөн эгч Б.Одончимэг нар.

“Суруга Монгол”-ын газрын хэрэгт холбогдсоор ирсэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан, буурал хочит А.Гансүх хэвлэлд ярилцлага өгөхдөө “Суруга Монгол” компани газар эзэмших тусгай зөвшөөрлийн дагуу барилгажуулах газраа хэнд ч алдаагүй гэдгийг хариуцлагатай хэлье. 2014 онд тус компанийн эзэн Ц.Ивата ч энэ талаар сэтгүүлч Б.Ганчимэгт өгсөн ярилцлагадаа хэлсэн байдаг. Харин Япон дахь “Суруга корпораци”-ийг нэг монгол хүн худалдаж авсан юм шиг байгаа юм, тэгээд тэр хүн Монгол дахь төслийн газрыг хэсэгчлэн бусдад зарж дуусгасан юм шиг байгаа юм …

Сэтгүүлч: Тэр хүн хэн бэ?

-Өөрсдөө хайгаад олчих..Та нар чадна ш дээ.

Сэтгүүлч: Надад олоод сонсчихсон хүн байгаа л даа. Таныг хэлэх болов уу гэж бодсон юм. УИХ-ын гишүүн асан Б.Наранхүүг гэж сонссон юм байна.

-…… гээд чимээгүй өнгөрсөн. Өөрөөр хэлбэл, А.Гансүх хариулаагүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын хэмжээнд эрт илрүүлэг, үзлэг, оношилгоонд 500 гаруй мянган иргэн хамрагджээ DNN.mn

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Засгийн газрын мөрийн хөтөлбөр 2020-2024 дагуу Ерөнхий сайдын шууд санаачилга ба дэмжлэгээр 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн иргэн бүрийг жилд 1 удаа урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулж эхэлсэн бөгөөд насанд хүрэгчдийн насны бүлгээсээ хамаарч 12-19 нэр төрлийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулж байгаа билээ.

Энэ ажлын хүрээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр /2022.11.04/ Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийг дэмжих төвд хийгдэж байгаа Эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгооны явцтай газар дээр нь танилцаж байна.

2022 оны 11 сарын 2-ны өдрийн байдлаар Улсын хэмжээнд эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд 501,739 иргэн хамрагдсанаас 227,735 буюу 45,4 хувь нь эрэгтэйчүүд, 274,004 буюу 54,6 хувь нь эмэгтэйчүүд байна гэдгийг энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлэв.


Тэрбээр “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд нийт 501,739 хүн хамрагдсанаас үзлэгийн дүгнэлт гарч дууссан хүн амын өвчлөлийн 269,143 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн.

Өвчлөлийн 269,143 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс

  • 175,647 буюу 65.3 хувь нь хоол боловсруулах тогтолцооны өвчин,
  • 24,809 буюу 9.2 хувь нь дотоод шүүрэл тэжээлийн ба бодисын солилцооны өвчнүүд,
  • 15,892 буюу 5.9 хувь нь зүрх судасны тогтолцооны өвчин,
  • 15,802 буюу 5.9 хувь нь шээс бэлгийн тогтолцооны өвчин,
  • 10,865 буюу 4.0 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөлүүд бүртгэгдсэн нь тэргүүлэх шалтгаан болж нийт өвчлөлийн сэжигтэй тохиолдлын 90.3 хувийг эзэлж байна. ” гэв.

Байршлаар нь харуулбал 256,718 буюу 51,2 хувь Улаанбаатар хотод, 245,021 буюу 48,8 хувь нь орон нутагт байна.

Улаанбаатар хотын дүүргүүдийн хувьд

  • Баянзүрх дүүрэг 62,432,
  • Баянгол дүүрэг 69,570,
  • Сонгинохайрхан дүүрэг 36,654 ,
  • Хан-Уул дүүрэг 29,407 ,
  • Сүхбаатар дүүрэг 29,407 ,
  • Чингэлтэй дүүрэг 14,917 ,
  • Налайх дүүрэг 10,146,
  • Багануур дүүрэг 4,737 ,
  • Багахангай дүүрэг 526 хүн тус тус хамрагджээ.

Аймгуудаар харьцуулж үзэхэд Төв аймаг 21,925, Хөвсгөл аймаг 19,337, Орхон аймаг 17,457 , Өвөрхангай аймаг 18,619 , Дархан-Уул аймаг 16,523 хүн хамруулаад байгаа нь хамгийн өндөр хамрагдалттай байна.

Мөн 2021-2022 онд 25.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 20 аймаг, 5 дүүргийн эрүүл мэндийн төвд “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг олон улсын стандартын дагуу засварлаж, бүрэн тохижуулж, тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай 1,452 ширхэг тоног төхөөрөмжийг худалдан авч суурилуулж, дэмжих төвүүдийг байгуулж иргэдэд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Эрүүл мэндийг дэмжих төв нь 20 гаруй кабинеттай бөгөөд Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй брэндүүдийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогдсон бөгөөд үүнд улаан хоолой, ходоодны уян дуран, тархины цахилгаан бичлэгийн аппарат, чих хамар хоолойн оношилгооны тоног төхөөрөмж, суурин дижитал рентген аппарат, суурин эхо, шүдний оношилгооны багаж, тоног төхөөрөмж, урьдчилан сэргийлэх оношилгооны тоног төхөөрөмж, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат зэрэг тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан.

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд нийт хүн амыг хамруулснаар амь нас, амьдралын чанарт ноцтой хохирол учруулах, цаашид хөгжлийн бэрхшээлд хүргэж болзошгүй өвчнийг эрт үед нь илрүүлж, улмаар үр дүнтэй эмчилж, ирээдүйд учирч болзошгүй хүндрэл, нас баралт, санхүүгийн дарамтаас сэргийлэх чухал ач холбогдолтойг илрүүлэгт хамрагдсан 500.000 хүний жишээ харуулж байна.

Түүнчлэн оюутны эрт илрүүлгийг эрчимжүүлэх зорилгоор Эерэг хандлага –Эрүүл оюутан аяныг мөн энэ сараас эхлүүллээ.
Иргэд та бүхнийг Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоондоо идэвхтэй хамрагдахыг уриалж байна.



Categories
мэдээ нийгэм

Иран, Саудын Араб хоорондын харилцаа хурцдаж эхэллээ DNN.mn

Иран улс Саудын Араб дахь объектуудад халдлага үйлдэхээр төлөвлөж байна хэмээн тус улсын тагнуулын алба сэрэмжлүүлсний дараа Ойрх Дорнод дахь АНУ болон Саудын Арабын цэргийн хүчин өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байна. Иран улсад 2022 оны есдүгээр сарын 16-наас өрнөж буй дотоодын үймээн самуунд тусулсын эрх баригчид Саудын Араб, АНУ, Израилыг буруутгаж байгаа нь Ираны зүгээс авч ийм арга хэмжээ авч болзошгүй гэх хардлагад хүргэж байна.

Иран дахь өнөөгийн үймээн самуун нь курд гаралтай иран эмэгтэй тухайн үед хувцаслалтын дүрэм зөрчсөн шалтгаанаар Ираны ёс суртахууны цагдаад саатуулагдан амиа алдсаны дараа улс орон даяар эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх эсэргүүцлийн жагсаал болон өрнөснөөс үүсэлтэй юм.

Хэдийгээр Ираны Гадаад хэргийн яамнаас “Исламын Бүгд Найрамдах Иран Улс сайн хөршийн бодлогыг баримталдаг бөгөөд харилцан хүндэтгэх зарчмын үндсэн дээр, олон улсын хууль эрх зүйн хүрээнд ажиллаж, бүс нутгийн тогтвортой байдал, аюулгүй байдлыг бэхжүүлэхийг эрмэлзэж, хөрш орнуудтай ажил хэрэгч хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ” хэмээн лхагва гарагт мэдэгдсэн ч өчигдрөөс Ираны зарим мөргөлийн сүмүүд дээр “өшөө авалтын улаан туг”-ыг мандуулсан нь Ойрх Дорнодод мөргөлдөөн гарах эрсдэл байгааг харуулж байна.

Ираны зүгээс Саудын Арабд аюул, заналхийлэл учруулж буйд АНУ түгшиж, шаардлагатай бол хариу арга хэмжээ авахад бэлэн байгаа бөгөөд хаант улстай цэрэг, тагнуулын сувгаар байнга холбоотой байна хэмээн АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч мэдэгдэж байна.

Эх сурвалж: iss.gov.mn