Австрали Улсын Сидней хотноо Олон улсын эрдэс баялаг, уул уурхайн “IMARC-2022” чуулга уулзалт зохион байгуулагдаж, өндөрлөлөө.
Month: November 2022
“Starbucks”-ийн борлуулалт энэ онд 9 хувиар, ашиг нь 20 орчим хувиар өсөх төлөвтэй байна
АНУ-д инфляц өндөр байгаа ч хэрэглэгчдийн дунд “Latte” кофены эрэлт нэмэгдсэнээр “Starbucks” компанийн борлуулалт шинжээчдийн таамгаас давлаа.
Тус компанийн борлуулалт аравдугаар сарын хоёрны өдөр хүртэлх санхүүгийн улиралд өнгөрсөн оны мөн үеэс долоон хувиар өссөн нь “Bloomberg”-ийн шинжээчдийн таамаглаж байсан 4.1 хувиас давсан үзүүлэлт болжээ. Олон улсын зах зээлд бүтээгдэхүүний борлуулалт нь буурсан ч шинжээчдийн таамаглаж байсанчлан тийм ч тааруу байгаагүй аж. Үүнтэй холбоотойгоор тус компани ирэх 12 сарын төсөөллөө илүү өөдрөг гаргасан гэдгээ мэдэгдээд байна. “Starbucks”-ийн борлуулалт энэ онд есөн хувиар, ашиг нь 20 орчим хувиар өсөх төлөвтэй байгааг мөн мэдээлжээ.
“Starbucks” компанийн нэрийн хуудас болсон “Latte” болон “Frappuccino”-ийн үнэ нэмэгдсэн ч хэрэглэгчдийн дунд эрэлт өндөртэй хэвээр байсан бөгөөд Хойд Америк дахь борлуулалтын орлогынх нь 11 хувийг эдгээр бүтээгдэхүүний захиалгын нэмэгдсэн үнэ бүрдүүлсэн байна.
Үүнээс гадна тайлант хугацаанд хийгдсэн гүйлгээний тоо бага зэрэг нэмэгдсэн нь кофе шопын хэрэглэгчдийн тоо тогтвортой, харин хэрэглэгчид бүтээгдэхүүнд илүү үнэ төлж байгаа гэдгийг илтгэжээ.
Хэдий тийм боловч “Бид цаашид бүтээдэгдэхүүний үнийг дахин нэмэгдүүлэхгүй” хэмээн тус компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ховард Шульц мэргэжилтнүүдэд хандан онцоллоо. Мөн үнэ нэмэгдсэн ч байнгын хэрэглэгчид болон захиалгын тоонд ноцтой өөрчлөлт гараагүй гэдгийг тэрбээр мөн онцолжээ.
Түүнчлэн хэрэглэгчдийн нас улам бүр залуужиж байгаа бөгөөд залуу хэрэглэгчид кофенд зарцуулах нэмэлт орлого харьцангуй өндөртэй байдаг гэдгийг “Starbucks” тодотгосон байна.
Он гарсаар нийтдээ 28 хувиар өсөөд байгаа “Starbucks”-ийн хувьцааны ханш дээрх мэдээллийн дараа 1.3 хувиар өсөж, 85.81 ам.доллар хүрчээ.
Тайлант хугацаанд тус компанийн үйл ажиллагааны алдагдал өмнөх жилийн мөн үеэс буурсан байна. Энэ нь баристануудын цалин болон сургалтыг дэмжиж, тэдний ажлыг хөнгөвчлөх тоног төхөөрөмжүүдээ сайжруулсантай холбоотой аж.
Эх сурвалж: bloombergtv.mn
Үндэсний агаарын тээврийн түүхэнд өнөөдөр нэгэн онцгой хуудас нэмж, AIRBUS A330-200 маягийн агаарын хөлөг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд буулаа.
Дэлхийд тэргүүлэгч AIRBUS корпорацын A330-200 агаарын хөлөг нь ачаа болон зорчигч тээврийн хосолмол зориулалтаар ашиглах боломжтой “ган жигүүртэн” юм.
16 жилийн туршид мэргэжлийн өндөр хариуцлага, сахилга батыг дээдлэн, зорчигчдын аюулгүй байдал, тав тухыг эрхэмлэж ирсэн “Изинис Эйрвэйз” ХХК нь хөгжлийн шинэ шат руу алхаж, ачаа тээврийн агаарын хөлгөө ийнхүү хүлээн авлаа.
AIRBUS A330-200 маягийн агаарын хөлөг нь нэг удаагийн цэнэгээрээ 13.500 км туулах чадвартай, нийт 345 зорчигчийн багтаамжтай, эзлэхүүн нь 199 м3, даац нь 62.8 тонн зэрэг онцлох хүчин чадалтай юм.
“Изинис Эйрвэйз” ХХК нь хүний нөөцийн хөгжлийн тогтвортой бодлого явуулж, техник технологийн хүчин чадлаа ямагт өргөжүүлсээр ирсэн. Өдгөө тус компанийн засвар үйлчилгээний алба агаарын хөлгийн хүнд хэлбэрийн бүрэн засвар үйлчилгээг хийж байна. Энэхүү ололт, туршлага дээрээ үндэслэн тус компанийн инженерүүд AIRBUS A330-200 агаарын хөлгийг “АККА Technologies”-ийн стандартын дагуу зоригч тээврийн зориулалтыг өөрчлөн бүтэн карго үйл ажиллагааны агаарын хөлөг болгон хувиргана. Энэ нь хувийн хэвшлийн агаарын тээврийн компани бие даан гүйцэтгэж буй анхны тохиолдол болох юм.
AIRBUS A330-200 агаарын хөлгөөр Лондон, Москва, Истанбул, Сөүл, Хонконг, Бээжин, Ченгдү, Гуанжоу зэрэг хот руу нислэг үйлдэнэ. Шуурхай болон онцгой захиалгат бараа бүтээгдэхүүн, ачаа тээврийг богино хугацаанд тээвэрлэн гүйцэтгэх боломжтой болсноор эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр үзүүлж, харилцагч, хэрэглэгчдэдээ улам ойртоно гэж тус компанийн хамт олон үзэж байна гэж ИНЕГ-аас мэдээллээ.
Азебайжаны нийслэл Баку хотод пара жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 4-11-ний өдрүүдэд болно. Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Базаррагчаагийн Нарантуяагийн удирдлага дор есөн эрэгтэй, долоо эмэгтэй тамирчин өрсөлдөхөөр өчигдөр Бакуг зорив.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-д А.Мөнхбат, 73 кг-ын жинд С.Ядамдорж, Э.Даваадагва, Г.Чулуунсүх өрсөлдөнө. Харин 90 кг-д Б.Баттөгс, +90 кг-д Д.Ганбат, Л.Эрдэнэбилэг нар зодоглоно. Харин эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Н.Алтанцэцэг, Л.Туруунаа нар өрсөлдөх юм.
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 91 хувьтай байгааг салбарын яамнаас мэдээлж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажил өмнөх оноос харьцангуй сайн байгаагаас гадна салбарын оргил ачаалал өнөөдрийн байдлаар 1270 МВТ-д хүрчээ. Улсын онцгой комиссын хуралдаанаар эрчим хүчний эх үүсвэрүүдийн нөөцийг бүрдүүлэхэд шаардлагатай нүүрс тээврийн вагоны хангалтыг нэмэгдүүлэх үүрэг чиглэл өгөөд байна.
Энэ хүрээнд Багануур, Шивээ-Овоо, Шарын гол компаниуд холбогдох яамдтай хамтран зохион байгуулалтын арга хэмжээ авахаар болж байна. Үүнээс гадна дулааны цахилгаан станцуудын хугацаа хоцорч байгаа 4 үндсэн тоноглолын их засварын ажлыг эрчимжүүлж өвлийн их ачааллаас өмнө дуусгах, III дулааны цахилгаан станц ТӨХК-ийн мазотын нөөцийг бүрдүүлэх, мөн IV цахилгаан станц төрийн өмчит компанийн засварыг ирэх сарын 1-нээс өмнө дуусгаж ажиллагаанд залгахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон байна.
Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.
2022 оны 11-р сарын 05-ны 20 цагаас 11-р сарын 06-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Бүх нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр.
Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -20…-25 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -15…-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр -2…-7 хэм, бусад нутгаар -7…-12 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутгаар -9…-14 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1…-6 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор +7…+12 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4…+9 хэм, бусад нутгаар 0…+5 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -17…-19 хэм, бусад хэсгээр -8…-10 хэм хүйтэн, өдөртөө 0…+2 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -21…-23 хэм, өдөртөө -9…-11 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -18…-20 хэм, өдөртөө -2…-4 хэм хүйтэн байна.
2022 оны 11 дүгээр сарын 07-ноос 11 дүгээр сарын 11-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
7-нд Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 8-нд Орхон-Сэлэнгийн сав газар болон Хэнтийн уулархаг нутгаар цас, 9-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 8-нд нутгийн хойд хэсгээр, 9-нд Алтайн уулархаг нутгаар, 10-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бага зэрэг дулаарч Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -20…-25 хэм, өдөртөө -9…-14 хэм, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -15…-20 хэм хүйтэн, өдөртөө -3 хэм хүйтнээс +2 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0…-5 хэм хүйтэн, өдөртөө +8…+13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө -7…-12 хэм хүйтэн, өдөртөө +1…+6 хэм дулаан байна.
ОБЕГ-ын даргын нэрэмжит офицер бүрэлдэхүүний түвшин тогтоох, мэргэшлийн зэрэг олгох шалгалт эхэллээ.
Өнөөдөр ОБЕГ-ын харьяа Үндэсний Аврах бригадын спорт зааланд бие бялдарын норматив гүйцэтгэх шалгалт явагдаж байна гэж НОБГ-аас мэдээллээ.
Нийслэлийн шүд, эрүү, нүүрний төв болон Нийслэлийн эрүүл мэндийн газар, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв хамтран Налайх дүүргийн 9-12 насны хүүхдүүдийн дунд “Шүд угаалтын аварга-2022” тэмцээнийг арваннэгдүгээр сарын 4-ний өдөр зохион байгуулж, шилдгүүдээ тодруулав.
Нийслэлийн шүд, эрүү, нүүрний төвийн их эмч Б.Эрдэнэсайхантай ярилцлаа.
-“Шүд угаалтын аварга-2022” тэмцээний талаар дэлгэрэнгүй тодруулаач?
-Шүд эрүүл бол бие эрүүл гэж ярьдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл амны хөндийд хамгийн их асуудал үүсгэдэг ганц эрхтэн нь шүд байдаг. Насанд хүрсэн хүнд 28-32 шүд бий. Шүд эрүүл байх нь бидний бие организмыг эрүүл байлгах гол үндэс болдог. Шүдний өвчлөл нь бактерийн гаралтай үүсгэгдэж байдаг. Тэгэхээр шүд, амны хөндий гэдэг нь хүний биеийн үүд хаалга юм. Хүний бие рүү ордог бүх зүйл ганцхан амны хөндийгөөр дамжиж ордог учраас энэ үүд хаалга маань бохир, бактерийн агууламж, шүдний цооролт ихтэй байвал бусад эрхтэн тогтолцоонд бактерийн нөлөөлөл их очих юм. Үүнтэй холбоотойгоор өвчлөл үүсч эхэлнэ. Үүнээс сэргийлэх хамгийн чухал бөгөөд ач холбогдолтой зүйл бол шүдээ угаах. Шүдээ угаахдаа өдөрт хэдэн удаагийн давтамжтайгаар, шүд хоорондын завсрыг юугаар цэвэрлэх гэх мэтчилэн хүүхдүүдэд нэг бүрчлэн зааж өгдгөөрөө онцлог. Хүүхэд бүр амны хөндийн талаар мэдлэгтэй болохоос гадна гартаа сойзоо зөв барихаас эхлүүлээд зөв дадлыг олж авч чаддагаараа онцлогтой.
-Хүүхдүүдийн нийслэлийн хэмжээнд шүд цоорох өвчлөл нь ямар тархалттай байдаг вэ?
-Нийслэлийн хэмжээнд хүүхдийн шүдний өвчлөл 90-ээс дээш хувьтай байна гэсэн үзүүлэлт байдаг. Манай төв жилд дунджаар 110 мянган хүний шүдийг эмчилдэг, үүний 40-50 хувь нь бага насны хүүхдүүд байдаг. Хэдийгээр иргэд шүдээ эмчлүүлж байгаа ч шүдний цооролт буурахгүй байна. Шүдний өвчлөлийг бууруулах хамгийн чухал ач холбогдол болох шүд угаах хэвшлийг бий болгох, амны хөндийн зөв арчилгаа, урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг түгээх үүднээс нийгмийн эрүүл мэндийн ажлуудыг зохион байгуулж эхэлж байгаа юм. Нийслэлийн дүүргүүд болон хороонуудтай хамтран Ерөнхий боловсролын сургуулиудаар явж сургалт зохион байгуулж, урьдчилан сэргийлэх үзлэг явуулж байна. Зүгээр урьдчилан сэргийлэх үзлэг явуулаад цоорсон шүдний тоог хэлээд өнгөрөх нэг өөр. Гэтэл тэр хүмүүст давхар шүд арчилгаа, шүдний эрүүл ахуй, үүрэг зориулалт, хэрэгцээ шаардлагын талаар сургалтуудыг зохион байгуулж буйгаараа онцлогтой.
-Тэмцээнд хэдээс хэдэн насны сурагчид хамрагдах боломжтой вэ?
-Тэмцээнд 9-12 насны хүүхдүүд буюу 4-7 дугаар ангийн сурагчид хамрагдаж байгаа. Энэ нас нь үндсэндээ шүд солигдлын үеийн сүүлийн шат байдаг. Хүүхдийн шүд 6-12 нас хүртэл солигддог бол сүүн шүд унаж, байнгын шүд бүрэн гарах үед хүүхэд амны хөндийн арчилгааны талаар зөв дадал хэвшлийг олгосноор шүдний цооролтоос сэргийлж, насан туршдаа шүдээ хамгаалж, эрүүлээр авч явах бүрэн боломжтой. Тэмцээний гол ач холбогдол нь хүүхдүүдийг насан туршдаа шүдээ зөв угаах арга техникт суралцуулах юм.
-Энэ жилийн тэмцээнд хэчнээн сурагчид хамрагдаж байгаа вэ?
-Энэ удаагийн тэмцээнд Налайх дүүргийн найман сургуулийн 240 сурагч буюу 30 баг оролцож байна.
-Тэмцээн хэдэн үе шаттайгаар үргэлжлэн явагдах вэ?
-Өмнөх жилүүдэд хоёр үе шаттайгаар явагдаж байсан бол энэ жил нэг үе шаттай явагдана. Өртөөчилсөн байдлаар нийтдээ таван өртөөгөөр дамжиж сурагчид оролцдог. Тэмцээнд оролцогчид шүдний цооролтгүй байх шаардлагыг биелүүлж байж оролцох юм. Ямар нэгэн шүдний өвчлөлтэй бол тэмцээнээс урьдчилж шүдээ эмчлүүлсний дараагаар оролцох нь зүйтэй.
-Хүүхдийг бага наснаас нь шүдээ зөв арчлах дадал зуршилд хэрхэн төлөвшүүлж сургах вэ?
-Хүүхдийн шүдний арчилгааг төрсөн цагаас нь эхэлж амны хөндийн арчилгааг хийж эхлэх хэрэгтэй. Шүд ургаж эхэлсэн үеэс шүдийг нь угааж цэвэрлэх үүргийг эцэг эх, асран хамгаалагчид хүлээж байгаа юм. Бага насны хүүхдүүд шүдээ өөрөө угаах нь битгий хэл амны хөндийдөө хэдэн шүд ямар байрлалтай байдгийг ч ойлгохгүй шүү дээ. Шүдийг бүрэн ойлгож амаа ангайж нэг бүрчлэн угааж чадахгүй. Үүнтэй холбоотойгоор эцэг эхчүүд хүүхдийнхээ шүдэнд анхаарах ёстой. Эцэг эхчүүд 0-6 нас хүртэл нь анхаарч, зургаан настайгаас найман нас хүртэл хүүхэдтэйгээ хамтарч шүдийг нь угаах нь зүйтэй. Хүүхэд 4-5 нас хүрч эхлэхээр би би гэсэн хандлагатай болдог, “Би өөрөө шүдээ угаана, би өөрөө хийнэ” гэх мэтчилэн. Энэ үед нь мэдээж чи чадахгүй, би гэхээс илүүтэйгээр за чи угаасан бол би шалгана гэх мэт “чи би”-гийн дүрмийг баримталж сонирхолтой байдлаар шүд угаах урам зориг өгөх ёстой. Үүний дараагаар хүүхэд сургуульд орж хичээл хийж, бичиг бичиж гар нь зүгширч, захын булчингуудын хөгжил сайжирсан үеэс эхлэн бие дааж шүдээ угаадаг болно. Тэгэхээр яг энэ үеэс нь эхлэн хүүхдүүдэд шүдээ зөв угаах дадлыг хэвшүүлэхээр зорьж байна.
-Шүд угаах зөв дадал яг ямар дараалалтай байдаг вэ. Шүд угаах зөв дарааллыг та хэлэхгүй юу?
-Шүд угаах зөв дараалал гэвэл араа шүдэнд таван гадаргуу, үүдэн шүдэнд дөрвөн гадаргуу байдаг. Үүнийг нэг бүрчлэн угаахын тулд шүдний гадаргуу бүрийг угаах ёстой. Ингэхийн тулд толинд харж байгаад эхлээд шүдний гадна дотор талыг, дараагаар нь зажлах гадаргууг сайтар угаах, мөн шүдний утсыг ашиглан шүд хоорондын завсрыг цэвэрлэх хэрэгтэй.
-Хүүхдийн шүдэнд тохиромжтой оо, сойзыг хэрхэн сонгох вэ?
-Хүүхэд бүрийн насны онцлогт тохируулан ямар ч оо сойзыг сонгож болно л доо. Гэхдээ хамгийн гол нь мэргэжлийн эмчид очиж амны хөндийг нь дүгнүүлсний дараагаар сонгож хэрэглэх нь илүү тохиромжтой.
Баасан гаригийн өглөө Испани улсын хэд хэдэн нисэх буудал онгоцнуудаа түр газардуулсан нь Хятад улсын сансарт хөөргөсөн пуужингийн үлдэгдэл унах эрсдэлээс сэргийлсэн арга хэмжээ байв.
Каталон, Баск мужууд болон Балеарын арлуудын нислэгийг өглөөний 9:30 цагаас эхлэн нэг цагийн хугацаанд зогсоосныг Испанийн нислэгийг удирдах газар мэдээлжээ.
Энэ нь CZ-5B нэртэй сансрын биет дэлхийн агаар мандалд орж ирээд Испанийн агаарын орон зайд унах эрсдэл үүссэнтэй холбоотойг тайлбарласан байна.
Аравдугаар сарын 31-ний өдөр Хятад улс тойрог замын станцынхаа Мэньтян модулийг Long March 5B пуужинд тээвэрлэн хөөргөсөн юм. Бусад пуужингуудаас ялгаатай нь Long March 5B пуужингийн гол хурдасгуур нь тойрог замд хүрч, дэлхийн бөмбөрцгийг цөөн хэдэн өдөр тойрсны дараа алгуур унаж эхэлдэг байна.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд Хятадын пуужингийн үлдэгдэл дэлхийн агаар мандалд хяналт, жолоодлогогүйгээр орж ирсэн дөрөв дэх тохиолдол энэ юм.
АНУ, Европын орнууд сансарт хөөргөсөн пуужингийнхаа үлдэгдлийг дэлхийн агаар мандалд унагаж устгахдаа газарт хүрэх эрсдэлийг 10,000-д нэг тохиолдох магадлалаас хэтрүүлэхгүй байхаар тооцоолдог.
Харин Хятад улсын хөөргөсөн пуужингуудын үлдэгдэл энэ босгыг давах хэмжээний эрсдэл үүсгэдэг гэж мэргэжилтнүүд шүүмжилдэг юм.
Эх сурвалж: Bloomberg
Нийслэл, дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Бага насны хүүхдүүдийн амны хөндийн өвчлөлийг бууруулах” ажлын хүрээнд дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 4-7 дугаар ангийн сурагчдын дунд “Шүд угаалтын аварга шалгаруулах” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
Гурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус тэмцээнийг Эрүүл мэндийн яам, НЭМГ, Налайх дүүргийн ЗДТГ, Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төв зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан юм.
ЕБС-уудын хүүхдүүдийн шүд, амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, хүүхдүүдийн шүдний өвчлөлийг бууруулах, шүд угаах зөв аргачлалыг эзэмшүүлж, ач холбогдлыг олон нийтэд таниулан сурталчлах зорилго бүхий тус тэмцээнд Налайх дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын найман сургуулийн 23 багийн 184 хүүхэд оролцож, мэдлэг, чадвараа сорилоо.
Тэмцээн өртөөчилсөн байдлаар зохион байгуулагдаж, 2-5 дугаар өртөөний нийлбэр оноогоор тэргүүлсэн гурван багийг шалгарууллаа. Үүнд:
Д.Цэрэндолгор захиралтай 109 дүгээр сургуулийн
“ҮҮЛЭН ЦАГААН” баг тэргүүн байр, “ЦАХИУР” баг дэд байр
Ц.Оюунсайхан захиралтай 103 дугаар сургуулийн
“ЦАХИУР” баг гутгаар байр эзэлж, шилдгээр шалгаран цом, мөнгөн шагналын эзэд тодорлоо.
Мөн тэмцээнд оролцогч хүүхдүүдээс шүдээ бүрэн гүйцэт, зөв дарааллаар угаасан болон онолын шалгалтад дээр өндөр оноо авсан 3 шилдэг хүүхдийг шалгаруулсан. Үүнд:
109 дүгээр сургуулийн “Үүлэн цагаан” багийн гишүүн Г.Гантогтох 1-р байр, Б.Нурдана 2-р байр, “Цахиур” багийн гишүүн С.Аяжан 3-р байрт шалгарч, цом, мөнгөн шагналаар шагнагдав.