ӨДРИЙН СОНИНЫ 2011 ОНЫ АРХИВААС… ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАТБОЛДТОЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГЫГ ХҮРГЭЖ БАЙНА.
Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн пүрэв гаригт “Өдрийн сонин” болон МҮОНТВ, TV5,
NTV, UBS, MN25 дугаар суваг телевизэд цаг үеийн асуудлаар ярилцлага өгснийг хүргэж байна.
МҮОНТВ–ийн сэтгүүлч
Б.ОЮУНЧИМЭГ:
–Яагаад ч юм сэтгүүлчид хүнтэй ярилцлага хийснийхээ төгсгөлд “Сүүлчийн хормыг танд үлдээе” гэж хэлдэг. Харин таны хувьд бидний зургаан сэтгүүлчтэй уулзахдаа ямар асуудлыг чухалчилж ярих ёстой гэж бодсон бэ. Түүнээсээ яриагаа эхлэх үү?
-Баярлалаа. Улстөрчдөд ялангуяа Засгийн газрын тэргүүнд сэтгүүлчдээр юу асуулгахаа шийдээд байх боломж тэр бүр олддоггүй. Харин өнөөдөр надад ийм боломжийг олгож байгаа та бүхэнд баярлаж, Засгийн газрын тэргүүний хувьд баяртай байна. Ерөнхий сайдын хувьд ажлаа л ярих ёстой. Бидний ажил ард түмний амьдралд хүрч байна уу, үгүй юу. Зөв ойлголт төрүүлж чадаж байна уу гэдгээ дүгнэх ёстой. Иргэдийн амьдралыг дээшлүүлэх чиглэлээр эдийн засаг, улс төр, нийгмийн хувьд ямар үр өгөөж өгч байгаа бол. Үүнийг тойрсон ямар асуудал байна, түүнийг ярих ёстой гэж бодож байна.
TV5 телевизийн сэтгүүлч М.АМАРБАЯР:
–Та Ерөнхий сайдын албыг аваад хоёр жил болох гэж байна. Оюу толгойн гэрээ бол хамтарсан Засгийн газрын хамгийн гол ажил байлаа гэж ярьдаг. Гэвч хүссэн хүсээгүй энэ гэрээг байгуулах ажлын эхлэл С.Баярын Засгийн газартай салшгүй холбоотой байх жишээтэй. Тэгэхээр С.Батболдын Засгийн газрын автор нь болох гол ажил юу вэ?
-Ер нь монгол төрийн үйл ажиллагаа залгамж чанараа хадгалж байх ёстой.
Тэр агуулгаараа өмнөх Засгийн газруудынхаа хийсэн ажлыг баталгаажуулж боловсронгуй болгох учиртай. Дутуу орхисон ажлыг нь засч сайжруулах үүрэг үе үеийн Засгийн газарт ногддог. Энэ ч үүднээсээ ажилласаар ирсэн. Үгүйсгэлээр ажиллаж ирсэн зарчим байгаагүй. Мэдээж хэрэг аль ч Засгийн үед алдаа мадаг гарсан байхыг үгүйсгэхгүй. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг дээ. Хоёр намын мөрийн хөтөлбөрийг нэгтгэж, хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг бүгдээрээ ярьж байгаад баталсан. Түүнийг хэрэгжүүлэх ажлыг хийж байна. Хамтарч Засгийн газар байгуулсан том зорилго нь улс орны хөгжлийн хариуцлагатай үед энэ их боломж, сорилтыг хамтдаа давж гараад хөгжлөө урагшлуулахад оршиж байсан. Хүний амьдралыг дээшлүүлэх, монгол хүний хөгжлийн төлөөх хамтрал байлаа.
Ингээд олон зорилт тавьж ажилласан. Үүний нэг хэсэг нь томоохон хөрөнгө оруулалтын төслүүд юм. Энэ чиглэлийн нэг том төсөл Оюу толгой. Монгол Улсыг хөрөнгө оруулалт, эдийн засгийн эргэлтийн хувьд шинэ түвшинд гаргаж байгаа ийм төсөл юм. Үүнийг амжилттай хэрэгжүүлэх ажлыг үргэлжлүүлэх ёстой гэдэг дээр ямар нэг эргэлзээ байхгүй. Дараа дараагийн Засгийн газарт ч энэ эргэлзээ байхгүй биз ээ. Төслөөс монгол хүний хөгжилд нөлөөлөх үр өгөөжийг нэмэгдүүлэхийг үе шаттайгаар цаашид нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байна.
Ер нь С.Батболдын Засгийн газар эдийн засгийн энэ өөрчлөлтийг бодитой болгоё. Эдийн засгийн энэ өсөлтийг Монгол Улсын хөгжлийн хөшүүрэг болгоё. Ингэхийн тулд зөвхөн төсөл хэрэгжүүлэх биш эдийн засгийг хөгжүүлж, зах зээлийн төлөвлөлттэй болж, шинэ шатанд гаргах зарчим барьж байгаа. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлнэ гэдэг нь эдийн засгийн харилцааны соёл, сэтгэлгээ, нээлттэй засаглал, үр өгөөжийг дээшлүүлнэ гэсэн үг. Мөн бид шинэ бүтээн байгуулалтын том төслүүдийн үндэс суурийг тавилаа. Дэд бүтцийн том төслүүдийг эхлүүлж байна. Далайд гарцгүй манайх шиг орны хувьд дэд бүтцээ хөгжүүлээд, түүхий эдийн экспортлогч бус түүнийг боловсруулах нөхцөлийг бүрдүүлж чадвал манай эдийн засгийн хөгжил шинэ шатанд гарч чадна. Бид ингэж эдийн засгийн реформ, сэтгэлгээний шинэчлэл хийх ёстой. Манай Засгийн газрын тавьж буй энэ ажлыг улс төрийн намууд хүлээн зөвшөөрч байгаа нь эдийн засгийг шинэчлэх суурь үндэс нь мөн гэдгийг илтгэж байна.
NTV телевизийн сэтгүүлч Д.ЭНХТУЯА:
–Монголын эдийн засаг 17 хувиар өслөө гэж байна. Тэгэхээр эдийн засгийн бүтцэд ямар өөрчлөлт орсон бол?
-Бид эдийн засгийг зах зээлийн харилцааны түвшинд нь төлөвлөж сурах хэрэгтэй юм байна. Засгийн газар солигдоод гарч ирэхээрээ урт хугацааны стратеги байхгүй учраас эдийн засаг төлөвших, дараагийн шатанд шилжих асуудал явагдахгүй байна. Хамтарсан Засгийн газрын ажиллах сонгуулийн бүрэн эрхийн энэ хугацаанд эдийн засгийн суурь үндэс тавигдсан гэдгийг хэлсэн. Үүнд үндэслээд бид эдийн засгаа бүтцийн хувьд өргөжүүлэх хэрэгтэй. Манай эдийн засаг түүхий эдийн экспорт, зэсийн үнэ гэх мэт цөөн зүйлээс хамаарч байгаа. Гэтэл дэлхийн зах зээл дээр зэс, алтны үнэ буувал эдийн засаг маань хямарна. Ийм байдлыг бид 2008 онд үзсэн шүү дээ. Манай эдийн засаг хасах 1.6 хувь хүртлээ буурсан байгаа. Харин одоо манай эдийн засаг нэлээд өсч байна. Энэ жилдээ 18-20 хувийн өсөлттэй байна гэдгийг эдийн засагчид тооцоолж байгаа. Тэгэхээр үүнийг цаашид тогтвортой байлгах талаар ажиллах нь бидний зорилт юм. Ингэхийн тулд түүхий эдээс хараат эдийн засгийн хамаарлыг багасгая. Аль болохоор боловсруулах үйлдвэрийг дэмжиж татвар, санхүү, мөнгө, зээлийн бодлогыг үүн рүү чиглүүлье гэж байгаа. Тиймээс бид Хөгжлийн банк байгуулсан. Үндэсний томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, дэд бүтцээ хөгжүүлэхийн тулд энэ банкийг байгуулсан. Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо салбарын яамтай хамтарч хөгжлийн бодлогоо гарган батлуулах ёстой. Зах зээлийн төлөвлөлт, өрөөсгөл эдийн засгийн бүтцийн хамаарлыг багасгах чиглэлээр нэлээд ажлыг хийж байна. Тухайлбал, хөдөө аж ахуйн салбарын ажил нэлээд ахицтай байгаа. Үр тариа, хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ хангахын зэрэгцээ цаашид экспортлогч орон болох боломж бий. Хүнсний бүтээгдэхүүнээ хадгалах, боловсруулах чиглэлээр дараагийн шатанд шилжих ёстой гэдэг бодлогыг Засгийн газрын зүгээс баримталж байна. Боловсруулах үйлдвэр, жижиг, дунд бизнес, хөнгөн үйлдвэрийн салбарт төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжсэн бодлого явуулах хэрэгтэй гэж бодож байна. Засгийн газраас жижиг, дунд үйлдвэрийг дэмжих 300 тэрбум төгрөгийн бондыг гаргаж, УИХ-аар батлуулсан байгаа. Энэ мэтчилэн үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлогыг тодорхой болгож, бүсчилсэн маягаар хөгжүүлье, төлөвлөгөөтэй болгоё гэж байгаа. Үүнийг цаасан дээрх ажил болгож үлдээхгүйн төлөө эрх зүйн орчныг нь сайжруулж, татвар, санхүү, зээлийн бодлогыг нь тодорхой болгоё гэсэн чиглэлтэй байна. Саалиа бэлтгэхээс саваа бэлд гэдэг. Бүтээн байгуулалт хийх үндэс сууриа тавьсан он жилүүд болж байна.
Нөгөө талаас энэ бүх зүйлийн үр дүнг хүлээж байгаа. Гэвч энэ нь өргөс авч байгаа хурдан бүтдэг зүйл бас биш юм. Тэгэхээр мэдээж цаг хугацаа шаардана. Тиймээс бидний баримталж байгаа бодлого тогтвортой, системтэй явах учиртай. Ингэж байж үр дүнтэй болно гэж бодож байна.
MN25 дугаар суваг телевизийн сэтгүүлч С.НАСАНЖАРГАЛ:
–Манай улс эдийн засгийн хямралыг даван туулахад бэлэн байна уу. Цалин, тэтгэврийг нэмэх асуудлыг шүүмжлэх эдийн засагчид ч байгаа. Та энэ тал дээр ямар бодолтой байна вэ?
-Үүнийг ярихаар хоёр асуудал байгаа юм. Засгийн газар бол зорилтоо дэвшүүлчихсэн байдаг. Бидний мөрийн хөтөлбөр ажил болох ёстой. Улс төрийн намууд сонгуульд орохдоо давшингуй амлачихсан зүйл байгаа шүү дээ. Гэвч үүнийг үгүйсгэх арга байхгүй. Дүүрсэн хэрэг гээд бүгдийг нь биелүүлж дуусгана гэвэл бас болохгүй. Бодит эдийн засгийн боломжийг харж, амлалтын биелэлтийг зохистой хийх учиртай. Энэ бол тухайн Засгийн газар, парламентын үүрэг. Эндээс бидэнд ололт ч бий, авч байгаа сургамж ч байгаа. Өөрөөр хэлбэл, Ардын намын даргын хувьд улс төрийн намуудыг урьж уулзсан. Улс орны эдийн засаг зөв төлөвлөлттэй урагшаа явах ёстой. Энэ замд магадгүй улс төрийн намуудын сонгуулийн амлалт бэрхшээл үүсгэж магадгүй. Тэгэхээр дараагийн сонгуулиудыг зах зээлийн горимын хүрээнд хэт боломжгүй амлалтгүйгээр явуулах ёстой гэж ярьж тохирсон. Нөгөө талаасаа эдийн засгийн боломжтой үед шийдэх ёстой асуудлаа шийдэж байх ёстой. Мэдээж хэрэг өсөөд байгаа эдийн засаг ард иргэдэд очиж наалдахгүй юм бол эдийн засаг өссөний хэрэг юу байхав. Гэлээ гээд эдийн засгийн өсөлтөө бүгдийг нь хүндээ хүргэнэ гэсэн үг биш л дээ. Улс орны хөгжил, бүтээн байгуулалтад тэр бүхэн тусч байх учиртай. Ер нь энэ оны байдлаар нэг хүнд ногдох ДНБ-ий үйлдвэрлэл 3000 ам.доллар болохоор байна. Эдийн засгийн өсөлт тогтвортой үргэлжилсээр байвал энэ тоо 5000 болох хандлагатай. Ингэвэл буурай хөгжилтэй орны тооноос дунд зэргийн түвшин рүү шилжих боломж манай улсад ирж байна. Тэгэхээр монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлж байж эдийн засгийн өсөлт хүндээ наалдана. Ингэхгүй бол бид мянган хөгжил яриад нэмэргүй. Цалин нэмэгдүүлнэ гэдэг нь монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлж байгаа хэрэг. ДНБ-ий үйлдвэрлэл өсч байхад монгол хүний цалин яагаад нэмэгдэж болохгүй гэж. Ийм бололцоо байна, шаардлага ч бий. Тэтгэвэр тэтгэмжийг нэмэх ёстой. Уул уурхайн орлогоос цөөнх нь хүртдэг системийг зохицуулалт хийж, шударга, тэгш болгох ёстой.
UBS телевизийн сэтгүүлч И.БУЯНЖАРГАЛ:
–Газар тариалангийнхаа хөгжлийн том баганыг босгоод авлаа. Одоо цаана нь мал аж ахуй үлдэж байна. Энэ салбарыг малчдадаа ээлтэй болгоход хэдий хэрийн хугацаа шаардлагатай вэ?
-Манай хувьд мал аж ахуйн салбар бол Монгол Улсыг үеийн үед тэжээж ирсэн. Тэгэхээр бид хөдөө аж ахуй, малчдынхаа талаар гарцаагүй бодлого боловсруулж байх ёстой. Малчдын талаар төрөөс баримтлах бодлогоо тодорхой болгочихсон. Малчдаа дэмжих “Монгол мал” хөтөлбөрөө баталчихсан. Мөн хөдөө аж ахуйг эрчимжүүлье, мал аж ахуйгаа эдийн засгийн эргэлтэд оруулах ажлынхаа үндэс суурийг тавьж байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд бидний бий болгосон мал аж ахуйн салбар задарч унасан. Сүүлийн хоёр, гурван жилд энэ салбарт дэс дараатай, системтэй бодлого хэрэгжүүлэх эхлэл тавигдаж байна. Үүнийг цааш нь үргэлжлүүлэх ёстой. Тогтвортой хөгжлийн эх үүсвэр болгох ёстой. Эдийн засгийн хувьд малчдадаа ашигтай болгох үүднээс дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Үүний тулд махаа экспортлох учиртай. Тэгэхээр малаа эрүүлжүүлж, чанаржуулахын тулд хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Малын угаалга, тарилга, вакцинжуулалтын ажлыг ойрын гурван жилийн хугацаанд хийхийг дэмжсэн бодлого гаргаж байна. Мах, сүүний үйлдвэрүүдийг дэмжиж, гаднаас авч байгаа зээл тусламжийг малчдын хоршоолол нөхөрлөлд түлхүү олгоё гэж байгаа. Тухайлбал, БНХАУ-аас авах 200 сая ам.долларын зээлийг мах, сүүний үйлдвэрлэлийг дэмжих хэлбэрээр зарцуулахаар болсон. Мал аж ахуйг мэргэжлийн салбар болгох гол зорилт бидэнд байгаа.
“Өдрийн сонин“-ы сэтгүүлч Я.МӨНГӨНЦЭЦЭГ
–МАН–ын даргын хувьд танаас нэг асуулт асууя. МАН өнгөрсөн сонгуулиар иргэддээ 1.5 сая төгрөг өгнө гээд амлачихсан. Энэ мөнгөө хэзээ өгч дуусах юм бэ. 21 мянгаар бага багаар нь өгсөөр байх юм уу. Хэрэв амлалтаа биелүүлэхгүй МАН ирэх сонгуульд оролцохоос татгалзах чадах уу?
-Хувь хишгээ өгнө өө, бид. Хоёр нам хамтарсан Засгийн газар байгуулаад 1.5 сая төгрөгийн хувь хишгийг ард түмэндээ өгнө гэж амласан. Энэ ажлыг Хүний хөгжил сангаараа дамжуулаад тодорхой явуулж байгаа. 21 мянган төгрөгийг сар бүр ард түмэндээ өгч байна. Өнгөрсөн сонгуулийн бүрэн эрхийн хугацаа дуустал энэ мөнгийг ард түмэндээ өгнө. Харин үлдэж байгаа нэг сая төгрөгөө ард түмэнд янз бүрийн хэлбэрээр олгоно. Хүний хөгжил сангийн мөнгө эрүүл мэнд, боловсрол, орон сууцны дэмжлэг, цалин тэтгэврийн нэмэгдэл хэлбэрээр хуваарилагдана. Эх орны баялгийг ард иргэддээ тэгш боломж, шударга зарчмаар хуваарилах механизмыг хийж байгаа. Түүнээс биш нэг намын улс төрийн хөтөлбөр гэдэг үүднээс үүнийг биелүүлэхгүй бол болино, болохгүй гэж харж байгаа нь өрөөсгөл ойлголт. Манай намын үндсэн суурь мөн чанар нь Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг эрхэмлэн дээдэлдэг. Яагаад гэвэл Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгийн түрүүнд баталгаажуулж, 1961 онд НҮБ-д бүртгүүлж дэлхийн 160 гаруй оронтой дипломат харилцаатай болгосон гавьяатай нам. Манай нам МАХН-ын зүй ёсны эхлэл бөгөөд түүний үргэлжлэл мөн юм гэдгийг Их хурлаараа баталгаажуулсан. Нөгөө талаасаа манай нам нийгмийн ардчилсан буюу социал демократ үзэл баримтлалыг шинэчлэл болгон аваад зүүн төвийн үзлийг манай намын мөн чанар, үндэс суурь гэж үзсэн. Энэ нь юуг хэлээд байна гэхээр нийгмийн баялгийн шударга хуваарилалтыг нэгдүгээрт тавьдаг нам гэсэн үг. Үүний үндсэн дээр нийгэмд чинээлэг дундаж давхарга нь зонхилох хэсэг байх ёстой. Зүүн төвийн намуудын үзэл баримтлал энэ шүү дээ. Баруун төвийн намууд яахав дээ, зах зээлийн харилцаа давамгайлах ёстой. Чадаж байгаа нь сайхан амьдрах ёстой. Төрийн халамж дэмжлэг их байх хэрэггүй гэж үздэг. Тиймээс нийгмийн дундаж давхаргыг бий болгохын тулд баялгийг тэгш хуваарилах ёстой. Баялгийг ард түмэнд хишиг, хувийн хэлбэрээр олгох ёстой гэсэн юм. Энэ бодлого цаашид ч үргэлжлэх учиртай. Энэ утгаараа 1.5 сая төгрөгийн асуудлыг гаргаж ирсэн. Оюутнуудад жил дараалан 500 мянган төгрөг өгч байна. 55 насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэйчүүдэд баялгийн хуваарилалтаас олгох мөнгөө бөөнөөр нь түрүүлээд өгчихье гэж байгаа. Хүүхдүүд нь аав, ээжтэйгээ барьцахгүй байх. Энэ мөнгийг ард түмэндээ яаж олгох зарчмыг Засгийн газраас төсвийн тодотголдоо тусгаад өгчихсөн байгаа.
МҮОНТВ–ийн сэтгүүлч
Б.ОЮУНЧИМЭГ:
–Сонгуулийн хууль ямар хэлбэрээр батлагдах бол гэдгийг хүмүүс харж байна. Яавал ирэх сонгууль шударга болох бол гэдгийг хамгийн их хүлээж байна. Өнөөдөр яригдаж байгаа 48:28 гэдэг хувилбарыг юу гэж дүгнэж байгаа вэ?
-Ер нь Сонгуулийн хуулийг сайн хийх ёстой. Гэхдээ Сонгуулийн хуулиа өөрчилчихөөр бүх зүйл төгс төгөлдөр болчихно гэдэгтэй хувь хүнийхээ хувьд санал нийлдэггүй. Байгаа хуулиа зөв хэрэгжүүлээд, хяналтаа сайн тавиад, бүх шатны байгууллагууд хуулиа дагаад явбал маргаан будлиан гарахгүй гэж боддог. Түүнээс биш бүх муу зүйлийг хууль руу чихэх нь буруу юм болов уу. Тэгэхээр холимог тогтолцоог сонгочихвол сайхан болчихно гэдгийг харьцангуй ойлголт гэж үзэж байгаа. Хүнээ биш намаа харж сонговол сайхан болно гэж байна. Бодит амьдрал дээр энэ нь тэс өөрөөр тусах юм билээ. Энэ асуудлаар судалгаа хийлгүүлж үзтэл намын ард бор халзан төлөг байсан ч хамаагүй гэдэг утгаар сонголтоо хийх юм уу гэсэн чинь хүмүүс “үгүй” гэж байна лээ. Тэгээд өндөр хөгжилтэй орнуудын олон хүнтэй уулзаж ярихад ч иргэдээ төлөөлж төрд суух хүнээр ямар ёс суртахуунтай төлөөлөгч очих гэж байгааг ард түмэн мэдэж байх ёстой гэдэг байр суурьтай байдаг юм билээ. Нэр дэвшигчээ мэдэгдэхгүйгээр нам дугуйлаад явах нь гажуудал үүсгэнэ. Энэ эрсдлийг тооцох ёстой. Зарим улс төрийн хүчин үүнийг хүчтэй яриад байхаар хүмүүс нээрээ ч тийм юм уу гэж бодох хандлагатай байгаа. Нэг үгийг мянга давтахаар үнэн болдог гэдэг шиг. Гэвч үнэхээр ард түмэн нам дугуйлах гээд байгаа юм уу гээд судлуулахаар бас ч тийм биш юм билээ. Манай намын хувьд зөвшилцөж, ойлголцоод Сонгуулийн хуулиа гаргах ёстой гэдэг байр суурьтай байгаа 48:28 гэсэн хувилбарыг аваад цааш нь хөгжүүлээд явъя гээд АН-ын саналуудыг хүлээж авсан. Гэтэл АН-ын бүлэг энэ асуудлууд дээр эргэлзэж байгаа юм билээ.
-MN25 дугаар суваг телевизийн сэтгүүлч С.НАСАНЖАРГАЛ:
–Засгийн газрыг огцруулахтай зэрэгцээд Оюу толгойн гэрээг сайжруулахыг шаардаж буй гишүүдийн асуудал байгаа. Хараад байхад Засгийн газар Оюу толгойн гэрээг өөрчлөх тал дээр хөдлөхгүй байгаа юм шиг. Энэ талаар таны бодол?
-Ардчилсан нийгэмд чөлөөтэй ярих ёстой. Олгой хагаравч тогоон дотроо гэдэг дээ. Бид хоорондоо сайн ярих учиртай. Ер нь гишүүдийн дэвшүүлж байгаа асуудлыг үгүйсгэхгүй байгаа. Үндэстэй учраас асуудлыг гаргаж ирж байна гэж ойлгож байна. Гишүүд гэрээг зогсооё гэдэг санаанаас асуудал дэвшүүлээгүй гэдгийг бид мэдэж байгаа. Тиймээс тэдэнтэй сайн ярилцах шаардлагатай. Уулзаж ч байгаа. Хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээр хийх шаардлагыг бид үгүйсгээгүй. Ер нь ч Оюу толгойн гэрээ өө сэвгүй болсон гэж яриагүй. Гэхдээ Оюу толгойн ажил саадгүй явах ёстой гэдгийг хатуу хэлж байгаа. Оюу толгойн эдийн засгийн үр өгөөж биднийг тэжээсээр ирсэн, одоо ч тэжээж байгаа “Эрдэнэт” үйлдвэрээс хоёр дахин илүү байна. Ирэх жилүүдэд энэ үзүүлэлт улам нэмэгдэнэ. Дагаад ажлын байр нэмэгдэж, бүтээн байгуулалт өрнөнө . Эхний шатны үйлдвэрлэлийн нээлт 2012 онд болно. Ингэвэл Оюу толгойгоос Монгол Улсад ирэх ашиг “Эрдэнэт” үйлдвэрийнхээс гурав, дөрөв дахин их болно. Монголчууд таван ширхэг “Эрдэнэт” үйлдвэртэй болчихлоо гэж бодох хэрэгтэй. Бид Оюу толгойн хөрөнгө оруулагч талтай энэ хавар хэлэлцээ хийсэн. Үр дүнд нь хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулсан. Монгол Улсын эдийн засагт дарамт болж байсан зээлийн хүү 12.6 хувь байсан бол 6.6 хувь болгон бууруулсан. Хөрөнгө оруулагч тал манай Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд хувьцааг худалдаж болохгүй. Манай 34 хувь хэзээ ч буурахгүй байх өөрчлөлтийг энэ Засгийн газар хийсэн байгаа.
Оюу толгой дахь монголчуудын эрх ашиг, оролцоог нэмэгдүүлэхийг дэмжиж байна. Гишүүдийн тавиад байгаа асуудлыг хөрөнгө оруулагч талтай ярилцаж, энэ байр суурь цаашид яригдана, үүнийг хоёр тал хүндэтгэх ёстой гэдгийг тэмдэглэсэн. Гэхдээ хөрөнгө оруулалтын гэрээнд гэнэт огцом өөрчлөлт хийвэл санхүүжилтийн нөхцөлд хүндрэл гарах талтай. Төслийн ажил хойшлох хандлага ч гарч мэднэ. Тэгэхээр гэрээний асуудлыг сайжруулахыг үе шаттайгаар шийднэ гэдэг зарчим дээр хоёр тал тохиролцсон. Аливаа улс оронд нэр хүнд байх ёстой. Түүний тулд яриа хэлэлцээрийг соёлтой, зарчимтай, зах зээлийн горимоор явуулахад болохгүй зүйл байхгүй гэж бодож байна.
-UBS телевизийн сэтгүүлч И.БУЯНЖАРГАЛ
–Таван толгойн гэрээ хэзээ байгуулагдах бол гэсэн хүлээлт гадаад, дотоодод байгаа. 100 мянган айлын орон сууц хөтөлбөр хэдийнээс хэрэгжиж эхлэх вэ. Сонгуулийн дуулианд энэ асуудлууд дарагдчих вий гэсэн түгшүүр байна л даа?
-Таван толгойн гэрээний суурь нь тавигдчихсан л даа. УИХ бодлогоо гаргачихсан. Засгийн газар үйл ажиллагаагаа эхлүүлчихсэн. Зүүн Цанхийн гэрээт олборлогчоо тодорхойлоод олборлолт, борлуулалтаа хийгээд эхэлчихлээ. Харин баруун Цанхийн хөрөнгө оруулалтын гэрээнд ойлголтын зөрүү байгаа юм.
Таван толгойн орд газар бол Монгол төрийн мэдэлд бий. Үүнээс 10 хувь нь ард иргэддээ хувьцаа хэлбэрээр очно. Дараагийн арван хувийг үндэсний аж ахуй нэгжүүдэд өгөх ёстой гээд УИХ шийдвэрээ гаргасан. 30 хүртэл хувь нь гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлээр борлуулагдах ёстой. Үлдсэн 51 хүртэл хувь нь Монгол төрийн мэдэлд үлдэх ёстой. Таван толгойн лиценз нь “Эрдэнэ МГЛ” гэх толгой компанидаа үлдэнэ. Түүний охин компани болох “Эрдэнэс Таван толгой” компани Зүүн Цанхи дээр гэрээт олборлогчтой байна. Борлуулалтаа өөрөө хийгээд Монгол Улсдаа татвараа төлж, толгой компанидаа ногдол ашгаа өгөөд явна.
Харин бид нөгөө талаас нь урт хугацааны гэрээт төлөөлөгч оруулах гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл олон улсын консорциумд жилдээ 20 сая тонн нүүрс олборлох эрх олгоно. Тэр консорциум зөвхөн олборлох, борлуулах эрх эдэлж байгаа гэсэн үг. Зүйрлүүлбэл урт хугацааны лизингээр орон сууц түрээсэлж байна гэж олйгох хэрэгтэй.
Тиймээс энэхүү гэрээт хөрөнгө оруулагч чухам яаж ажиллахыг бид ярьж байгаа. Орос, Хятад, Америк, Солонгос, Япон зэрэг орны компаниудын төлөөллийг нэгдсэн консорциум болгоод тодорхой хугацаагаар нүүрс олборлох, борлуулах эрх өгье гэсэн зүйл ярьж байна. Мэдээж энэ компаниуд түрээсийн төлбөрөө толгой компани болох “Эрдэнэ МГЛ” компанид төлнө. Хууль журмын дагуу манайд төлөх татвараа өгөөд явна гэсэн үг. Түүнээс биш Таван толгойн 40 хувийг хятадуудад, 36 хувийг нь оросуудад өгчихлөө гэх зэргээр яриад байгаа нь гэрээт олборлогчийн үйл ажиллагаа өмчлөгч компанийнхтай хольж хутган будлиад байгаа асуудал бий. Таван толгойн өрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар танилцуулах үеэр ойлгомжтойгоор тайлбарлана. Засгийн газар энэ асуудлыг нээлттэй, мэдлэгтэйгээр хийнэ гэдгийг Ерөнхий сайдын хувьд хэлж байна. Тийм эр зориг, мэдлэг энэ Засгийн газарт байгаа. Харин иргэдэд хувьцаа олгох ажлыг ирэх оны эхний улиралд багтааж хийхийг зорьж байна.
-“Өдрийн сонин“-ы сэтгүүлч Я.МӨНГӨНЦЭЦЭГ
–МАН ирэх сонгуульд МАХН–тай эвсэх болов уу. МАН–ын гишүүд түрүүчээсээ МАХН руу яваад өгөх хандлага байгаа болов уу?
-Би мэдэхгүй. Тийм зүйл сонсоогүй.
-TV5 телевизийн сэтгүүлч М.АМАРБАЯР:
–Сүүлийн үеийн шүүмжлэлийг харахад С.Батболд гэдэг хүн сул байна. Аядуу зөөлөн бодлого явуулж байна гэх болж. Гэхдээ Ерөнхий сайдын хувьд бүх зүйл дээр сэлэм эргүүлээд байх шаардлага байна уу, үгүй юу?
-Харьцангуй ойлголт л доо. Нөхцөл байдлыг бодитоор авч үзэх ёстой юм шиг байгаа юм. Хэдийгээр хамтарсан Засгийн газар байгаа ч гэлээ УИХ-д 30 орчим суудал нь нөгөө талд байна. АН-аас нэр дэвшсэн Ерөнхийлөгчтэй байгаа. Монгол төр тогтолцооны хувьд улс төрийн хүчнүүдийн тэнцвэрийг хадгалж байна.
2000-2004 онд бол манай нам олонхи, Ерөнхийлөгч манай намаас нэр дэвшсэн байлаа. Тиймээс асуудлаа шийдэхэд арай хялбар байсан байх. Гэтэл өнөөдөр байдал өөр байна шүү дээ. Бүх асуудлыг ширээ шаагаад шийдчихдэг бол сайхан л байна. Тийм боломж байвал дуртай байлгүй яахав. Гэвч тийм боломж байхгүй шүү дээ. Боломж нь байвал хичнээн хашгирсан ч бэлэн байна.
Салбар бүрийн бодлогын суурийг мэдлэгтэй, хариуцлагатай, судалгаатайгаар явуулж байна гэж бодож байна. Ардчилсан тогтолцоо ийм л журмаар явж байгаа. Зарим тохиолдолд улстөрч байр сууриа тодорхой байлгаж, зөв гэж үзсэн зүйл дээрээ хатуу зогсох шаардлага гардаг. Тухайлбал, Оюу толгой, Таван толгойн асуудал дээр Ерөнхий сайдын хувьд байр сууриа тодорхой хэлж байна. Үлгэн салган явж байгаа боловсролын салбарт Кембрижийн тогтолцоог нэвтрүүлье гэсэн байр сууриа гаргачихлаа. Ийм бодитой зүйлийг шийдээд явж байна. С.Батболд гэдэг хүн зөөлөн юм уу хатуу байснаар энэ асуудлуудыг шийдэж байгаа хэрэг биш. Энэ бол үндэслэлтэй, бодлоготой, итгэл үнэмшлээр хийж байгаа зүйл. Нийгэм цаашдаа ийм тогтолцоогоор л явах учиртай. Мэдээж хариуцлага тооцох асуудал хэзээд байх ёстой. Үүнийг Засгийн газар тодорхой шатанд хийж байгаа, хийхээр хүлээж буй зүйл ч бий. Салбарын ажил унагааж байгаа, ёс суртахуунгүй нөхдүүдтэй хариуцлага тооцно.
Я.МӨНГӨНЦЭЦЭГ