Армен, Азербайжаны Гадаад хэргийн сайд Арарат Мирзоян, Жейхун Байрамов нар АНУ-ын зуучлалаар хэлэлцээ хийжээ. Тэдний уулзалт Вашингтонд энэ сарын 7-нд буюу хоёр муж улсын хил дээр шинэ мөргөлдөөн гарснаас хэдхэн цагийн дараа болсон гэж “AFP” агентлаг мэдээлэв. Сайд нарыг хэлэлцээнд зуучилсан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен хүлээн авч уулзсан байна. Блинкен уулзалтын өмнө “АНУ Армени болон Азербайжаны хооронд энхийн хэлэлцээ явуулахын төлөө байна” гэж мэдэгдсэн бол “Өнгөрсөн үеийг ардаа орхиж, мөнхийн энх тайвныг тогтоохын төлөө бодитой, зоримог алхам хийсэн” гэж хоёр талын сайдууд түүнийг сайшаав. Уулзалтын үлдсэн хэсэг хаалттай явагдсан байна. Арменийн ГХЯ-ны мэдээлснээр, Арарат Мирзоян, Жейхун Байрамов нар “болзошгүй энх тайвны гэрээний элементүүдийн талаар санал бодлоо солилцож, шийдвэрлэх шаардлагатай хэд хэдэн асуудал байна” гэж мэдэгдэв. Түүнчлэн, 10-р сарын 6-нд Прага, 10-р сарын 31-нд Сочи хотод болсон уулзалтаар Армени, Азербайжаны тэргүүн нарын хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлнэ гэдгийг хоёр сайд нотлов. Өмнө нь Ереван, Баку хоёр хүч хэрэглэхгүй байхаар тохиролцсон юм. Аравдугаар сарын 31-нд Сочид болсон гурван талт уулзалтын дараа Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиев, Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар хамтарсан мэдэгдэл хийж “Бүх асуудалтай асуудлыг НҮБ-ын дүрэм, 1991 оны Алма-Атагийн тунхаглалын дагуу тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдлыг харилцан хүлээн зөвшөөрөх үндсэн дээр гагцхүү шийдвэрлэхээр зорьж байна” гэж мэдэгдэж байсан билээ. Энэхүү мэдэгдлийн дараа Азербайжан хэд хэдэн удаа Арменийг хил дээр буудсан гэж буруутгаж байсан. Хариуд нь Арменийн Батлан хамгаалах яам 11-р сарын 4-ний өдөр, 11-р сарын 7-ны шөнө Азербайжаны зэвсэгт хүчний ангиуд хилийн зүүн хэсэгт байрлах Арменийн байрлал руу гал нээсэн гэж мэдэгдэж байв.
Уулын Карабахын асуудлаар Ереван, Баку хоёрын хооронд хэдэн арван жил үргэлжилсэн сөргөлдөөн есдүгээр сарын дундуур дахин хурцадсан юм. Арменийн Батлан хамгаалах яамны мэдээлснээр, 9-р сарын 13-ны шөнө Азербайжан улс хилийн Варденис, Сотк, Артаниш, Ишханасар, Горис, Капан суурингуудыг буудаж эхэлсэн байна. Баку Ереваныг Дашкесан, Калбажар, Лачины хил дээр “их хэмжээний хохирол учруулсан” гэж буруутгав. Үүний улмаас хоёр талаас 280 гаруй хүн нас барсан билээ.
Энэ бүхэн Орос Кавказын бүс нутагт нөлөөллөө алдаж буйг баталж буй явдал болж байна гэж олон улсын шинжээчид дүгнэв.
Г.Амарсанаа