Отроор яваа малчдад зөвлөн тусалж, иргэд хооронд буруу ойлголцол үүсэхээс урьдчилан сэргийлэхийг орон нутгийн удирдлагуудад анхааруулав.
Month: November 2022
Гамшгийн эрсдэлийг бууруулах Нийслэлийн зөвлөл өнөөдөр хуралдаж, 2022 оны тус зөвлөлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцлээ.
Энэ онд тус зөвлөлөөс нийт 38 арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Газар хөдлөлтийн эрсдэлийг бууруулах, үер усны аюул, гал түймэр, хүн, мал амьны гоц халдварт өвчин болон гаммшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл, сургалт судалгаа…зэрэг долоон чиглэлээр хэрэгжүүлсэн дээрх 38 арга хэмжээний гүйцэтгэл 81.3 хувьтай биелсэн гэж дүгнэж байна. Тэгэхдээ 100 хувь биелсэн арга хэмжээ 19 байгаа бол, бусад нь 30-70 хувийн биелэлттэй гарсан юм. Харин биелэгдээгүй ажлуудын ихэнх нь төсөв, хөрөнгөөс шалтгаалжээ.
Тодруулбал, Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр зарим санхүүжилтийг танасан болохыг тодотголоо. Хуралдааны үеэр зөвлөлийн гишүүд цаг үеийн холбогдох мэдээллүүдийг танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Баатархүү “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ 2030” баримт бичиг болон “Аюулгүй гамшигт тэсвэртэй хот-2030” төслийн талаарх мэдээллийг өглөө. 2015 онд Япон Улсын Сендай хотод болсон “Гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн III бага хурал”-аас НҮБ-ын гишүүн 187 улс орон дээрх баримт бичгийг баталсан. Харин Монгол Улс энэхүү баримт бичгийн II үе шатыг хэрэгжүүлэн ажиллаж байгааг Ц.Баатархүү хэллээ. Мөн сайжруулсан шахмал түлшний нөөцлөлт, үйлдвэрлэлтийн талаар Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд өгсөн юм. Өнөөдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшний 2 үйлдвэрийн 11 шугамаар хоногт 2000 гаруй тонн түлш үйлдвэрлэж байна. Засгийн газраас 200 мянган тонн түлш нөөцлөх үүрэг өгснөөс одоогийн байдлаар 120 мянган тонныг нөөцлөөд байгаа аж. Дүүргүүдэд байгаа нийт 59 агуулахаас 650 борлуулалтын цэг рүү тээвэрлэлтийг өдөр тутам хийн ажиллаж байна.
Нийслэлийн онцгой байдлын газрын хувьд холбогдох мэдээллийг өгөхийн сацуу Туул, Тэрэлж голын дагуух хэд хэдэн байршил буюу иргэдийн хамгийн их очдог тодорхой хэсэгт хяналтын камер байршуулж, үер усны гамшгаас урьдчилан сэргийлэх асуудлыг хөндлөө. Улмаар энэхүү ажлын санхүүжилтийг шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.
Хуралдааны үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах Нийслэлийн зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан хэд хэдэн чиглэлээр зөвлөлийн гишүүдэд үүрэг өглөө. Тухайлбал, нийслэлийн өвөлжилтийн бэлэн байдалд онцгой анхаарч, УБ хотын инженерийн шугам сүлжээний найдвартай байдал, эрчим хүчний хангамжийг сайжруулахыг сануулсан юм. Мөн хүйтний эрч нэмэгдэж эхэлсэнтэй холбогдуулан гэр хорооллын иргэдиийн түлшний хангалт, угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчид шат шатандаа бэлэн байдалд ажиллахыг үүрэг болгов. Эцэст нь коронавируст цар тахал болон улирлын ханиад томуу нэмэгдэж байгаа тул ковидын үеийн халдвар хамгааллын дэглэмийг мөн мөрдөж ажиллахыг чиглэл болголоо.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ
Бусдын гээгдүүлсэн эд хөрөнгийг олж, завшсан этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.
Тодруулбал, иргэн “Х” найзуудтайгаа зоогийн газарт үйлчлүүлж байгаад тамхины өрөөнд иргэн “Г” мартаж орхисон IPhone12 promax загварын гар утсыг олж аваад, хэн нэгэнд мэдэгдэлгүйгээр өөртөө үлдээж, утсыг бусдад худалдан борлуулсан байна.
Эрүүгийн хуульд зааснаар гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор заасан, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас иргэн “Х” уг гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Гээгдэл эд хөрөнгө гэж аливаа этгээдийн санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас мартаж орхисон, хаягдаж, гээгдсэн эд зүйлийг хэлэх бөгөөд түүнийг олсон этгээд энэ тухайгаа зохих байгууллагад мэдэгдэх үүргийг хуулиар хүлээлгэсэн бөгөөд шүүгдэгч “Х” нь энэ үүргээ биелүүлэхгүйгээр өөрийн олсон гар утсыг дур мэдэн захиран зарцуулж, ашиглан шамшигдуулсан гэм буруутай гэж шүүхээс дүгнэв.
Энэ гэмт хэргийг үйлдсэн хүнийг 450,000-2,700,000 төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульд заасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүхээс шүүгдэгч “Х”-д торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шийдвэрийг бүтнээр нь ЭНДЭЭС үзэх боломжтой.
Дулааны аргаар мах боловсруулж байсан найман аж ахуйн нэгжийн махнаас нянгийн хэмжээ хэтэрсэн зөрчил илэрсэн.
Тэгвэл өнөөдөр /2022.11.10/ “Өлзийт тал” ХХК-ийн бэлтгэсэн 0.8 тонн махыг нянгийн хэмжээ хэтэрсэн гэдэг үндэслэлээр устгахаар Улаанчулуутын хогийн цэг дээр нийслэлийн ЗДТГ-ын мэргэжилтнүүд болон Мэргэжлийн хяналтын байгууллагын холбогдох албаныхан ажиллалаа.
Тус компанийн хувьд 500 орчим тонн мах нь чанарын шаардлага хангаагүй гэж үнэлэгдсэн. Өнөөдөр хураагдсан, чанарын шаардлага хангахгүй 800 кг махыг устгах ажиллагаа явагдаж байна. Дараа нь 500кг махыг устгана. Харин үлдсэн нь аж ахуйн нэгжээс шүүхэд маргаан үүсгэсэн. Мах устгах процессын хувьд газар булаад шатаах замаар дээр нь шороо булна гэж Нийслэлийн зөвлөлийн устгалын комиссын нарийн бичиг н.Мөнхт хэллээ.
Энэ оны нэгдүгээр сараас хойш нийт 521 177.1 тонн ачаа хилээр нэвтэрсэн байна.
ӨДРИЙН СОНИНЫ 2013 ОНЫ АРХИВААС ДАРААХ НИЙТЛЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.
Монголын утга зохиолд 1990-ээд оныхон гэж бүлэг бий. Тэд утга зохиолд
шинэчлэлийн салхийг хүч түрэн оруулж ирсэн бол түүнээс хойш утга зохиол унтаа
байлаа. Одоо ч хурхирсаар л байна. Харин 2000-аад оноос хойш утга зохиолын
ертөнцөд хөл тавигсад нэлээдгүй олширсон. Эднийг “Шинэ мянган”-ы залуус гэдэг. Тэдний
хувьд өөрсдийгөө олох гэж хуулбарлаж, дуурайх, унших, бичихээс эхлээд өөрсдийгөө
олох гэж зүдэрсэн. Хөдөлмөр хүнийг бий болгодог гэдэгчлэн залуусын хувьд зарим
нь өөрсдийн бичлэгийн өнгийг тодорхойлсон бол зарим нь хийрхэлийг л олж авсан
юм. Оюутан ахуй цагтаа халаасандаа ганц ч зоосгүй нөхөрлөж, дүн өвлөөр
галлагаагүй байшинд бөөнөөр цуглаж шөнөжин шүлэг хэлж өнждөг байсан тэр дэврүүн
үеэ мартав бололтой. Залуусын хувьд анхны тэр нэгдмэл хүч нь сарнисан. Утга
зохиолын хэд хэдэн бүлгэм болсон нь нэгдмэл хүчийг сарниулсан байж мэднэ. Утга
зохиол хэмээх адармаатай хэрнээ барьцгүй зүйлээс зарим нэг нь хийрхэлийг олж
авснаа ихээхэн олз олсон мэт бодох болжээ. Халаасан дахь мөнгөнүүдээ нийлүүлж
тэд ном авдаг байсан бол одоо хийрхэл авдаг болж. Өөр өөрсдийн гэсэн хувийн
амбиц эрх ашгийн төлөө нэгнээ дорд үзэх болсон. Утга зохиолдоо хайртай хэмээн
худал хэлж бие биеийнхээ ар нуруунаас хутга дүрэх болсон.
Мөнгөн үеийнхэн хэзээ ч биенээ цаашаа гэж түлхэж байгаагүй. Зарим нэг нь
үзэл бодлын зөрчилтэй байдаг ч утга зохиолынхоо тал дээр зангидсан гар шиг байж
чаддаг. Монголын утга зохиолд залуусын хүчтэй давалгаа үгүйлэгдэж байна. Үгүйлэгдэхдээ
бүр анган цангаж байгаа нь нууц биш.
Утга зохиолын 1990-ээд оныхноо давж чадахгүй бол утга зохиолд шинэчлэл гэж
байхгүй гэсэн үг. 1990 оноос хойш юу ч өөрчлөгдөөгүй гэхэд болно. Мөнгөн
үеийнхэн өдгөө 40 гарч дөрөө дарцгаалаа. Харин “Шинэ мянган”-ыхан живхтэйгээ
зууралдсаар байна. Хийрхэл, мэдэмхийрэл нь ихдэж хийж бүтээх нь багассан ажээ. Тэдний
хувьд сүүлийн үед уран бүтээл гэхээсээ илүүтэйгээр “халтуур”-ын уран бүтээл
хийх нь эрс нэмэгдсэн. Хийж буй зүйлс нь зүрх сэтгэлээс бус шуналаас нь гарах
болсон. Дэгж дэрвэсэн оюутан цагийнх шиг нь мэдрэмжийн бүтээл ховордсон. Зарим
нь яруу найргийн наадамд байр эзэлсэнгүй хэмээн бусаддаа агсамнах болсон нь энэ
бүхнийг гэрчилнэ. Энэ дунд бүр хөгийн юм ч болно. Нэгэн бүсгүйд сайхан
харагдахын тулд үзэг нэгт нөхрөө газар дор ортол муулна. Муу үг модон улаатай
гэгчээр мөрөөрөө яваа нэг нь атаархуу нөхрийнхөө золиос болж үлдэнэ. Хийрхэлийн
хөх мананд нь хөө төгрөг болон хийсч явна.
Удахгүй Монголын зохиолчдын эвлэлийн их хурал болно. Монголын утга зохиолын
дараагийн дөрвөн жилийн хөгжлийг хэлэлцэх хурал юм. “Болор цом” яруу найргийн
наадмын дараагаас МЗЭ-ийн дараагийн даргын суудлын төлөөх нууц тэмцэл эхэлсэн. Энэ
дунд залуучууд ч гүйж яваа. Тэр бүү хэл ханцуйдаа хутга нуугаад инээж явна.
Хийрхэгчид албан тушаалын төлөө хэн нэгний гар хөл болохын төлөө явж байхад
жинхэнэ уран бүтээлчид нь даруухан уран бүтээлээ хийсээр явна. Зарим нэг залуус
нь утга зохиолын бохир заваан үеийнхнийхээ золиос болохгүйн тулд утга зохиолоос
алгуурхан дөлж өмнөх ажлаа хийж эхэлсэн. Тэд алдаагүй. Хэний ч аманд орж, хэн
нэгнийг муулаагүй. Шүлэг зохиолоо бичих үедээ бичиж бусад үед нь ажлаа хийж
байна. Жишээ нь яруу найрагч Ц.Доржсэмбэ шиг “Хэнд би таалагдах ёстой гэж”
хэмээн амьдарч явна.
Э.ЭНХБОЛД
УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийг хэлэлцэж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Уг хуулийн төсөлд сумын ЗДТГ-т ажилладаг төрийн захиргааны албан хаагчдад 5 жил тутамд мөнгөн урамшуулал олгох зохицуулалтыг тусгасан байна.
Аймгийн төвөөс бусад сумын ЗДТГ-т нийт 2,487 орчим төрийн захиргааны албан хаагчид ажиллаж байгаа аж.
Үргэлжлүүлэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэж, гишүүдийн олон хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. “Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин тус дэд хорооны бүрэлдэхүүнд орох хүсэлт хүргүүлжээ.
Нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал дууссан тул өндөрлөв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний Говьсүмбэр аймаг дахь нээлт /2022.11.10/ Чойр хотод эхэллээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Говьсүмбэр аймгийн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ.
Мэндчилгээг Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр уншиж танилцууллаа.
Эрхэм хүндэт хүнс үйлдвэрлэгч, малчид, тариаланчид аа! Аймаг сумдын удирдлага, салбарын мэргэжилтнүүд ээ!
Эх орныхоо үржил шимт хөрсөнд эрүүл хүнс ургуулагч, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч, баялаг бүтээгчид, Та бүхэндээ ажил бүтээл ундарсан алтан намрын мэндийг өргөн дэвшүүлье.
Монгол Улсын Ерөнхийлөгч хүн амынхаа хүнсний хангамж, аюулгүй байдалд онцгой анхаарч Тогтвортой хөгжлийн зорилттой уялдуулсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг санаачлан улсын хэмжээнд өрнүүлж буйг Та бүхэн мэднэ.
Энэ хөдөлгөөн нь хүн амынхаа хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж, улмаар бүс нутаг, олон улсын зах зээлд экспортлох боломж, нөхцөл бүрдүүлэх зорилготой билээ.
Цар тахал, геополитик, тээвэр ложистикийн асуудлаас улбаалан хүнсний хомсдол хүн төрөлхтний өмнө тулгамдсан асуудал болж, монголчууд бид үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээ орчин үеийн техник технологийн дэвшлийг ашиглан сайжруулж, олон улсын стандартад нийцүүлэн, экспортод гаргах боломжийг бий болгоход анхаарах шаардлагатай байна.
Үүний тулд бид хөдөө аж ахуйн салбарынхаа удирдлага, санхүүгийн тогтолцоог шинэчилж, мэргэшсэн хүний нөөцтэй, эрсдэлийг даах чадвартай, өндөр бүтээмжтэй, өргөн хүртээмжтэй, хамгийн чухал нь байгаль орчинд ээлтэйгээр хөгжүүлэх учиртай.
Монголчууд бид мах, гурил, төмс гэсэн гурван бүтээгдэхүүнээр дотоод хэрэгцээгээ бүрэн хангаж байна. Энэ бол чамлахааргүй амжилт бөгөөд олон жилийн нөр их хөдөлмөр юм. Тэгвэл ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, Хүнсний хувьсгал хийцгээе.
Өөрөөр хэлбэл, мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, лууван, байцаа, манжин, сонгино, саримс, хүрэн манжин, гурил, гурилан бүтээгдэхүүн, хүлэмжийн ногоо, өндөг, цөцгийн тос, хүнсний давс, тахианы мах, ургамлын тосоор хүн амын хүнсний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангаж, цаашдаа элсэн чихэр, төрөл бүрийн будаа, гахайн мах, жимс, жимсгэнээр хангах ажлыг эрчимтэй эхлүүлье.
Энэ салбарын урт хугацааны хөгжлийн стратеги хөтөлбөрийг хэрэгжүүлэх, техник, технологийн шинэчлэл хийх зорилго ч Та бидэнд бий.
2010 оноос хойш хөгжингүй орнуудын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд цахимжуулалт эрчимтэй нэвтэрч ухаалаг, иж бүрэн автомат хүлэмж зэрэг шинэ дэвшилтэт техник, технологи ашиглаж эхэлснийг аймаг бүрд нэвтрүүлэх шаардлага тулгарч байна.
Бидний өвөг дээдэс өнө эртнээс нүүдлийн мал аж ахуй эрхэлж хоол хүнс, дээл хувцас, эд зүйлсээ өөрсдөө үйлдвэрлэж, худалдаа наймаа эрхэлж, бусдаас хараат бус явж ирсэн бахдам түүхтэй. Өвөг дээдсийн сургаал, түүхэн туршлагаас харахад Монголчууд бид монгол хүнсээр дотоодын хэрэгцээгээ хангаж, үндэсний аюулгүй байдлаа баталгаажуулж ирсэн байна.
Гэтэл өнөөдөр манай улс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ бараг тэн хагасыг, түүн дотор хүнсний бүтээгдэхүүнийхээ 50 орчим хувийг гаднаас авч байна.
Өнгөрсөн 2021 онд нэг тэрбум ам.доллароор хэмжигдэх хүнсний бүтээгдэхүүнийг импортоор авчээ. Энэ их валютын урсгалыг дотооддоо үлдээхийн төлөө бид хамтран зүтгэх ёстой.
Эрхэм хүнс үйлдвэрлэгч, баялаг бүтээгчид ээ! Бид цаашид шинэ зууны хөгжлийн бодлогоо тодорхойлж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэгүйдлийг арилгах, малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, импортыг орлох эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дотоодын хэрэгцээг гол нэрийн хүнсээр бүрэн хангах, хоршоологчдын санхүүгийн чадамжийг бэхжүүлэх, аж ахуйг хөгжүүлэхэд зориулж тусгай зээл олгох, хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх, олон төрөлт хоршоог бий болгох зэрэг ажлуудад идэвх, санаачилгатай оролцох шаардлагатай байна.
Түүнчлэн төр, засгаас хэрэгжүүлж буй томоохон бодлогын шинэчлэлүүд, тухайлбал Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалтад, Импортоос экспортод шилжих зэрэг суурь зорилтуудыг бодит ажил болгоход идэвхтэй хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхийг Та бүхнээс хүсэж байна.
Мөн ажлын байраа нэмэгдүүлэх, бүтээмжээ сайжруулах, шинэ техник, технологи, инновац нэвтрүүлэх, гадаад, дотоод зах зээлд чиглэсэн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, гадаад худалдааны болон эдийн засгийн бусад хөнгөлөлт, чөлөөлөлтүүдийг идэвхтэй ашиглах, нэн шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэхэд онцгой анхаарах шаардлагатай байна.
Эрүүл монгол хүнийг бүтээх эрүүл хүнсийг бий болгох зорилготой “Хүнсний хувьсгал”-д хүн бүрийн хүчин чармайлт онцгой үүрэгтэй.
Хөгжил дэвшлийн хөдөлгөгч хүч болсон үндэсний үйлдвэрлэгч Та бүхний нөр их хүч хөдөлмөр, эх орноо гэсэн итгэл сэтгэл дээр улс орны маань ирээдүй, эрүүл мэнд, эдийн засгийн аюулгүй байдал оршин байгаа гэдгийг сануулъя.
Хүн амыг хэрэгцээт бүтээгдэхүүнээр бүрэн хангах, хүнсний аюулгүй байдал, чанар стандартыг сайжруулах үйлсэд оюун ухаан, хүч чадлаа дайчлан ажиллаж байгаа Хүнс, хөдөө аж ахуйн салбарынхаа нийт ажиллагсад, малчид, тариаланч, ногоочид Та бүхэндээ ургац нь арвин, ажил нь өрнүүн байхын ерөөл өргөе.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ
2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр
Өнөө шөнө төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.
2022 оны 11-р сарын 10-ны 20 цагаас 11-р сарын 11-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -20…-25 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -15…-20 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1…-6 градус хүйтэн, бусад нутгаар -8…-13 градус хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -14…-19 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -8…-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1 градус хүйтнээс +4 градус дулаан, бусад нутгаар -3 …-8 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -10…-12 градус хүйтэн, өдөртөө -5…-7 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -19…-21 градус, өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -16…-18 градус, өдөртөө -8…-10 градус хүйтэн байна.
2022 оны 11 дүгээр сарын 12-ноос 11 дүгээр сарын 16-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -14…-19 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -9…-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -6…-11 градус хүйтэн, өдөртөө -2 градус хүйтнээс +3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -12…-17 градус, өдөртөө -3…-8 градус хүйтэн байна. Хугацааны сүүлээр бага зэрэг дулаарна.