Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

ЧУУЛГАН: Монгол Улсын 2023 оны төсвийг баталлаа DNN.mn

УИХ-аар Монгол Улсын 2023 оны төсвийн хуулийн төслийг эцэслэн баталлаа.

Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 19 их наяд 049.6 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 34.9 хувь, нийт зарлагыг 20 их наяд 475.3 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 37.6 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 1 их наяд 425.7 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 2.6 хувьтай тэнцүү байхаар тооцжээ. Тодруулбал, Засгийн газрын өргөн мэдүүлсэн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 127.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, төсвийн алдагдлыг 127.7 тэрбум төгрөгөор буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 0.23 хувиар баталлаа.

Мөн 2023 оны Нийгмийн даатгалын тухай хуулийн төсөл, 2023 оны Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.

Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн хууль, 2023 оны Нийгмийн даатгалын тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслүүд нь 2023 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн хэрэгжинэ.

Ирэх оны төсвийн хуулийг баталсантай холбогдуулан, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. Тэрбээр Төсвийн алдагдлыг 127.6 тэрбум төгрөгөөр бууруулсан, зардлыг бууруулсан, хэмнэсэн эх үүсвэрээр гэр хорооллын айл өрхүүдэд эрчим хүчний хөнгөлөлт эдлүүлнэ. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр зогссон байсныг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Хүүхэд хамгаалах зардлыг нэмэгдүүлсэн. Боомт, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлсэн. Боловсрол, эрүүл мэндийн төсвийг тэргүүн ээлжинд шийдлээ.

Төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг нээлттэй болгох зорилгоор нэгдсэн цахимд оруулах, нүүрсний хулгайтай тууштай тэмцэх зорилгоор ард түмэнд мэдээлэх үүргээ хэрэгжүүлэх боломжтой боллоо. Хувьцаат компаниудын хяналтыг сайжруулж чадлаа.

УИХ-аас баталсан энэхүү өөрчлөлт шинэчлэлтийг хэрэгжүүлэхэд Засгийн газар анхаарч ажиллах шаардлагатай. Хэрэгжилтийг нь хангуулж, ажиллахад УИХ-ын Төсвийн байнгын хороо сар, улирал бүр сонсгол зохион байгуулахаар хуульчиллаа” гэсэн юм.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

АН-ын бүлэг: Алдагдалтай төсөв баталж байгааг эсэргүүцэж байна DNN.mn

Улсын их хурал дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийж, алдагдалтай төсөв баталж байгааг эсэргүүцэж байгаа илэрхийлллээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “АН ирэх оны төсвийн төслийг анхнаас нь эсэргүүцэж ирсэн. Иргэд ядуурч, улсын өр нэмэгдэж дампуурах эрсдэлтэй боллоо. Монгол Улсын гурван хүн тутмын нэг нь ядуу байсан бол өнөөдөр хоёр хүн тутмын нэг нь ядуу болсон. Эрх баригчдын төсөв санхүүгийн хүрээнд баримталж байгаа бодлого буруу байна. Тиймээс АН-ын бүлгийн зүгээс амлалтаа ажил хэрэг болгож, биелүүлэхийг шаардаж байгаа юм. 2023 он гарангуут төсвийн тодотголын асуудал яригдах нь.

Бид улсаараа дампуурах нөхцөл байдал ойрхон болоод байна.

Төсвийн хүрээний мэдэгдлээ өөрчлөөд батлаад явж байна. АН-ын бүлгийн зүгээс удаа дараа акцууд гаргаж, сануулсаар ирсэн. Ирэх жил 1.5 тэрбум ам.долларын бонд болон барилга бүтээн байгуулалтад их хэмжээний төсөв батлах гэж байна. Улс дампуурах эрсдэлтэй байхад хэт өөдрөг төсөөлөлтэй төсвийг батлах нь утгагүй. Эрх баригчид асуудлыг зөөллөж байгаа болохоос бодит байдал дээр бодлогын алдаа нь хэтэрчихсэн. Валютын нөөцийг нэмэх дээр албадлагын арга хэмжээ авч хэрэгжүүлээд ямар ч нөлөөгүй” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Төгрөгийн ханш суларч, барааны үнэ өсч, бизнесүүд хумигдаж эхэлнэ. Дээрээс нь орлогоо хэт өөдрөг хөөстэй төсөвлөсөн байгааг бид шүүмжилж байгаа. Өчигдрөөс хил дахин хаагдаж, нүүрсний экспортод асуудал тулгарч эхэллээ. Хэмнэлт хийнэ гэх хэрнээ урсгал зардал 480 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Томилолт үйлчилгээний зардал гэхэд 132 тэрбумаар нэмэгдэж байна. Мөн 2.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалттай. Төсвийн нийт урсгал зардал 15 их наяд төгрөг гэдэг түүхэнд байгаагүй тоо. Бид Үндэсний статистикийн хорооноос гаргасан ядуурлын график дээр тулгуурлаж ярьж байна.

Тэгэхээр АН-ын зүгээс Монгол Улсад бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлэхийн тулд цаашид анхаарч ажиллана. Хөрөнгө оруулалт татаж байж, бизнесийг дэмжихгүй бол олон компани үүд хаалгаа барьж байна.

Хүмүүсийн хөргөгч дэх хүнс өдөр ирэх бүрд багасч байна. Цалин нэмдэггүй юм аа гэхэд авч байгаа цалингийн үнэлэмжийг хэвээр байлгахыг иргэд хүсч байгаа. Гэвч бодит байдал дээр төгрөгийн ханш улам суларч байна” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нүхтийн аманд газар ашиглах эрх шинээр олгохыг хоригложээ DNN.mn

Богдхан уулын нүхтийн аманд газар шинээр олгохыг зогсоожээ.

Энэ тухай БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Богдхан уулын ДЦГ-ын хязгаарлалтын бүсийн зарим хэсэгт газар ашиглалтын хэт төвлөрөл үүсэж, холбогдох хууль, дүрэм журам зөрчигдөж, ашиглалтын нөөц даац хэтэрсэн, байгалийн нөөцийн доройтолд орох, амьтан, ургамлын нөмрөгт сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал тулгарч байгаатай холбогдуулан Богдхан уулын ДЦГ-ын Нүхтийн аманд газар ашиглах эрх шинээр олгохыг хориглолоо” хэмээн мэдэгдэв.

Дашрамд дурдахад, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар, Дархан цаазат газрыг байгалийн хэв шинж, төлөв байдал, хөрс, ус, ургамал, амьтны аймгийн онцлог, хүний үйл ажиллагаанд өртөх байдал зэргийг харгалзан онгон бүс, хамгаалалтын бүс, хязгаарлалтын бүс гэж гурав ангилдаг бөгөөд хязгаарлалтын бүсэд зөвхөн аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглахыг зөвшөөрнө.Бусад тохиолдолд Дархан цаазат газарт өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслангийн барилга байгууламж барихыг төдийгүй зохих зөвшөөрөлгүйгээр мал бэлчээрлүүлэхийг хүртэл хориглодог.

Categories
мэдээ нийгэм

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг нийслэлд энэ сарын 16-нд нээнэ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлэх зорилтын хүрээнд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний орон даяар өрнүүлж буй. Тус хөдөлгөөнийг эрчимжүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нээлтийн арга хэмжээг 21 аймагт хэсэгчлэн зохион байгуулж байна.

Тэгвэл нийслэлд өрнүүлж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг арваннэгдүгээр сарын 16–ны 10:00 цагаас Соёлын төв өргөөнд нээхээр боллоо. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НИТХ-ын дарга, төлөөлөгчид, нийслэл, дүүрэг, хороодын Засаг дарга, ТББ-ууд, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл зэрэг 1200 хүн оролцоно. Нээлтийн үеэр үндэсний хөдөлгөөний зорилго, хүлээгдэж буй үр дүн, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгөх, мөн гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 10 аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах үзэсгэлэн худалдааг зохион байгуулна.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн байранд гал гарч, нэг иргэн нас баржээ DNN.mn

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Залуус хотхонд нийтийн байранд гал гарч, нэг иргэн амиа алджээ. Гал гарсан тухай дуудлага 11 дүгээр сарын 11-ний өдрийн 00:35 цагт ОБЕГ-т ирсэн байна.

Дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид очиход, 22 айлын нийтийн байранд, иргэн Э-ийн 40 м/кв өрөө шатаж байжээ. Алба хаагчид галыг 01:05 цагт унтраасан байна. Гал түймэрт иргэн Э /54 настай, эрэгтэй/ өртөж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Хэрлэн: Би аавынхаа нэрнээс гадна “Элкондор” гэдэг овогтой хүн DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС… “Элкондор” хамтлагийн дуучин П.Хэрлэнтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.


“Элкондор” хамтлагийн дуучин П.Хэрлэнтэй ярилцлаа.


Санахгүй л байж чадахгүй нь бүсгүй минь

Сарны талаас ганц шувуу нисэхэд

Салхины үзүүрээс дуу чинь сонсогдоод

Санахгүй л байж чадахгүй нь

Бүсгүй минь бүсгүй минь

Бүр холын гэрэл гэгээ минь... “Бүсгүй минь” гэх энэ дуу танай хамтлагийн нэрийн хуудас болсон бүтээл шүү?

-Энэ дуу чинь “Элкондор” хамтлагийн “Бүсгүй минь”, “Тавилан”, “Хамжааргагүй дурлал” зэрэг анхны дуунуудыг зохиосон Архангай аймгийн Хөгжимт драмын театрын хөгжимчин, ая зохиогч Ч.Төгсбаярын бүтээл. Дууны шүлгийг түүний дүү нь бичсэн юм билээ. Ийм сайхан дуу хийлээ гээд Ч.Төгсбаяр маань бидэнд авчирч өгсөн. Олон түмэнд маш богино хугацаанд хүрч хит болж байлаа. Энэ дуу бол яахын аргагүй манай нэрийн хуудас. “Бүсгүй минь”-ийг мэдэхгүй хүн байхгүй шүү.

-“Элкондор” Монголын рок попын ертөнцөд 1990-ээд оны сүүлээр хүч түрэн орж ирж “Пентатоник” шагналд хүртэл нэр дэвшиж явсан, өөрийн гэх орон зайгаа бий болгож чадсан хамтлаг санагддаг?

-Манай хамтлаг маш сайн бүрэлдэхүүнтэй байсан. Бид чинь хамтлаг байгуулж олонд танигдсан хүмүүс биш шүү дээ. Хамтлаг байгуулахаасаа өмнө хувь хувьдаа уран бүтээлээ хийгээд явж байсан, “Шигтгээ”-гийн Цогоо, “Айзам”-ын Жагаа, “Баянмонгол”-ын Амараа, Хэрлэн гээд л. Бид хамтлаг хэмээн нэгдэж 1997 оны сүүлээр “Дурлалын гудамж” хэмээх томоохон хэмжээний тоглолтоо тавьж байлаа. Хүмүүст их хүрсэн л дээ. Манай хамтлагийг чинь гарч ирээд л алга болсон гэдэг юм. Тэр ч үнэн. Гэхдээ хамтлаг гэж нэрлэгдэж хамтдаа уран бүтээлээ туурвихаа больсон ч өмнөх шигээ өөр өөрсдийн ажлаа хийгээд явсан.

-Танай хамтлаг 2000 он гараад л алга болчихсон. Дахиад хэдэн жил хамтдаа байж болоогүй юм уу?

-Бид чинь өөрсдийн гэсэн давхар хийх ажилтай хүмүүс байлаа. Цогоо маань найруулагч, Жагаа маань мэргэжлийн дуучин. Амараа маань хөгжмийн зохиолч. Өөр өөрийн мөрөө хөөгөөд л явсан. Арван хэдэн насандаа нэгдэж хамтлаг гэж явсан бол дахиад хэдэн жил болох байсан байж мэднэ. Бид 20 нэлээд гарсан хойноо хамтлаг болсон юм.

-Сүүлд 2015 онд та бүхэн хамтлагаараа нэгдэж дууллуу?

-Ч.Төгсбаярын маань тайлан тоглолт болоход бид хамт дуулсан.

-Хамтлагуудын хувьд анхны цомог, тоглолт гээд анхных болгон тэр чигээрээ л дурсамж шүү дээ?

-Дуучин Т.Ариунаагийн зургаан дуу, манай хамтлагийн зургаан дуутай хамтарсан CD гарсан юм. Нэрийг нь мартчихаж, аль 1996, 1997 оны үе шүү дээ. CD гэдэг ойлголт дөнгөж л манайд орж ирж байсан цаг. Анхны цомог маань тэгж л гарч байлаа. Түүнээс биш “Элкондор” хамтлаг бие даасан цомог гаргаж байгаагүй. Тоглолтын хувьд “Дурлалын гудамж”, “Бүсгүй минь” гэсэн хоёр тоглолт хийсэн.

-Хүмүүсийн хувьд “Элкондор” хамтлагийг одоо ч бий гэж итгэдэг байх. Та бүхнээс “Элкондор”-ыг “нэхэх” үе байдаг байлгүй?

-Нэхэлгүй яахав. Хүнд сэтгэгдэл үлдээнэ гэдэг чинь сайхан шүү дээ. Намайг Пүрэвсүрэнгийн Хэрлэн гэдэг. Гэтэл хэн ч харсан намайг “Элкондор”-ын Хэрлэн л гэдэг. Бас нэг овогтой болчихсон л хүн байхгүй юу, би. Нийлээд уран бүтээл дахин хийе гэвэл бидэнд ямар ч асуудал байхгүй. Яагаад гэвэл бид бүгдээрээ уран бүтээлээ хийж байгаа хүмүүс.

-Тухайн үед интернэт, элдэв мэдээллийн суваг гэж байсангүй. Шүтдэг хамтлаг, дуучдынхаа зургийг сониноос хайчилж, тоглолтыг нь үзэх гэж олон сарын өмнөөс бэлддэг байлаа?

-“Элкондор” хамтлаг маань 1996, 1997 онд сонгуулийн сурталчилгааны ажлаар Монгол орноо тойрч байлаа. Тэр үед чинь рок, попынхон АН, МАХН гээд л хоёр хэсэг болж хуваагдаад сурталчилгаагаар явдаг байсан. Тэгэхэд манай хамтлаг ч ялгаагүй хамт явна. Сайхан аялна аа. Урлагийнхаа буянаар Монголоор тойрчихсон юмдаг. Хөгтэй, дурсамжтай явдал гэвэл зөндөө л болдог байлаа. Би чинь тиймэрхүү юмнуудыг сээвлэхдээ (хадгалахдаа) муу л даа (инээв).

-Хамтлагийнхантайгаа ойр ойрхон уулздаг байлгүй?

-Хамтлагийнхантай айхавтар уулзаж учрахгүй юм. Утас шөрмөсөөр л ярьцгаадаг.

-Эрчүүл байна даа хааяа сууж, наргиж ганц үдшийг хамтдаа өнгөрүүлдэггүй гэж үү?

-Бид хамтдаа яг тэгж суулгүй 17 жил болж байна. Өөрсдийнхөө ажил, амьдралыг дор дороо хөөгөөд явчихсан. Харин бүрэн бүрэлдэхүүнээрээ нүүр нүүрээ харсан нь Бөхийн өргөөнд болсон Ч.Төгсбаярын тэр тоглолт байлаа. Сая харин “Элкондор”-ынхоо ажлыг ярьж уулзлаа. Анхны бие даасан “Анд минь чамайг үгүйлэх юм” гэдэг тоглолтоо хийх гэж байгаа нэг шалтгаан маань би энэ урлаг гэдэг салбарт орж ирсэн 25 жилийнхээ тайланг тавьж байгаа юм. 2000 онд “Элкондор” хамтлагийн үйл ажиллагааг л зогсоосон болохоос биш бидний хувьд хувийн уран бүтээл үргэлжилдгээрээ үргэлжилсэн.

Би нэг их сайхан юм боддог юм. “Инээмсэглэл” хамтлагийн ах нар маань хамтлагийнхаа 30 жилийн ойн тайлан тоглолтыг 2011 онд хийсэн. Тэр бол нэр төртэйгөөр хийсэн тоглолт. Бүгд тус тусдаа ажил төрлөө хийж, зорьсон салбартаа амжилттай явж байгаа ч “Инээмсэглэл” гэдэг тэр бахархлаараа эргэн нэгдэж чадсан. Бид ч гэсэн тэр цаг хугацаагаа гүйцээчихмээр байгаа юм. Бид 2000 онд нэг юм хийх гээд дуусгаж чадахгүй, гацаагаад зогсоочихсон. Студид дуугаа гацаагаад “За одоо больё доо. Тус тусын ажил төрлөө хийцгээе” гэж шийдвэр гаргачихаад одоо нэгдье гэхээр үзүүлэх юм алга. Хүмүүс “Элкондор” хэзээ тоглох вэ гэдэг. Хүмүүст тийм сэтгэгдэл үлдээсэн нь сайхан ч “Элкондор”-ын хувьд нэмж хийсэн зүйл үгүй болохоор боломжгүй л дээ. Харин миний хувьд хувь уран бүтээлчийнхээ тайлан тоглолтыг ирэх сарын 7-нд хийх гээд л бэлтгээд байж байна.

“Элкондор” хамтлаг бол маш богино хугацаанд гарч ирээд дор нь шууруулчихсан. Тэгээд санаа нь амарчихаагүй л дээ. Уг нь юм хийе гэж бодсон боловч ажил гацахдаа тулбал гацаад л явчихдаг шүү дээ.

-Таны тоглолтын бэлтгэл ажил хэр явж байна. Манай рок, попын шилдгүүд бүгд оролцох юм билээ?

-Би өөрийн бүтээлүүдээ дуулна. “Харанга”-ын Чука ахын маань нэг бүтээл дуулагдана. Зууны манлай Сарантуяа эгч маань ирнэ. Дашка ах, “Никитон”, “Хурд”, “Камертон”, “Sweetymotion”, “Чоно” хамтлаг оролцоно. Мөн Үүрээ, Мөнхбат, Сэрчмаа, Номин-Эрдэнэ, Дэлгэрмөрөн гээд уран бүтээл хамтарч хийдэг хүмүүстэйгээ энэ тайлан тоглолтыг тавих гэж байгаа гэж ойлгож болно.

Анхны бие даасан толголтоо тавих гэж байгаа гэдэг талаасаа маш сайхан байна. Юу гэмээр юм бэ дээ. Олон жилийн бэлтгэл байгаа шүү дээ. Анхны бие даасан тоглолт гэж байгаа ч тайзан дээр эргэлзэж гардаг үе өнгөрсөн. Яагаав, дөч гарсан эр, дөрөө дарсан ат гэдэг үг бий. Түүн шиг л байна. Тоглолтыг маань ирж үзэх хүмүүс ч амьдрал, анд нөхөд гэж ямар зүйл байдаг вэ гэдгийг ойлгочихсон хүмүүс байх болохоор нэг тийм гэгээн сайхан анд нөхдийн уулзалт, үдэш болох байх. Тиймээс ер эргэлзэж тээнэгэлзсэн юм алга. Харин ч илүү тайван байна. Хөгжимчид маань ч чадварлаг. Тухайн цаг үед хамтдаа зүтгэж явсан буюу замын эхэнд байсан хүмүүс бүгд нэг тайзан дээр гарах гэж байгаа болохоор дэндүү амар байна.

Дөрөвдүгээр сарын 7-нд ямар ч байсан анд нөхөд, найз нөхөд гэсэн бат итгэлтэй хүмүүсийн хувьд сайхан дурсамжтай үдэш байх болно оо. Та бүхнийг тэр сайхан орой UB Palacе-ийн концертын их танхимд хүрэлцэн ирж саатахыг урьж байна. Дурсамжаар дүүрэн он жилүүдээрээ найз нөхөдтэйгөө хамтдаа аялаарай.

-Та Дорнодынх байх аа?

-Дорнод аймгийн Чойбалсан хотынх. Миний аав Булган аймгийн Хутаг-Өндөр сумынх. Би Чойбалсанд төрж өсөөд Соёл урлагийн их сургуулийг төгссөнөөсөө хойш урлагийнхаа ажлыг хийгээд явж байна. Мэргэжлээрээ хийх ёстой юмнуудаа хийгээд л явж байдаг юм.

-Таны тоглолтыг ирж үзэх хүмүүс гэвэл 35, 36-гаас дээш насныхан л голдуу байх нь?

-Тийм шүү. Тэрнээс дээш насныхан ирэх биз. Миний гар утсанд байнгын дуудлага ирээстэй байна. Намайг тоглолт хийхийг битүүхэндээ хүлээж байсан хүн олон байжээ (инээв).


Categories
мэдээ улс-төр

ЧУУЛГАН: Монгол Улсын 2023 оны төсвийн хүрээний мэдэгдлийг баталлаа DNN.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлахтай холбогдуулан хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг баталж эхлээд байна. Нийт 120 гаруй хуулийн төслийг батална. Одоогоор дараах хуулийн төслүүдийг эцэслэн батлав.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд,

Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төсөл,

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл,

Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл,

Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл,

Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төсөл,

Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

Газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл,

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

Төрийн хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

Засгийн газар дахь хяналтын тухай хуульд өөрчлөлт оурулах тухай хуулийн төсөл.

Categories
мэдээ нийгэм

Цаашид шинээр баригдаж буй орон сууцны хороолол дунд заавал цэцэрлэгийн барилга төлөвлөнө DNN.mn

Барилга, байгууламжийн газар олголт, барилгажилтын төсөл, архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар, зураг төслийг баталгаажуулахад цэцэрлэгийн барилга, байгууламжийн зураг төсөл, ТЭЗҮ-ийг холбогдох норм, дүрмийн дагуу заавал тусгах, хэрэгжилтийг хангаж ажиллах зохицуулалт бүхий Засгийн газрын тогтоол батлагдлаа. Энэ тогтоолтой холбоотой мэдээллийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өглөө.

Энэ онд нийт гурван удаагийн цахим бүртгэлээр 124 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулаад байна. Монгол Улс яагаад сугалааны цэцэрлэгийн тогтолцоонд орчихсон юм бэ гэдэгт судалгаа хийж, дараах дүгнэлтийг гаргалаа. Тухайлбал, орон сууцны томоохон цогцолбор, барилгыг барих гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газраас архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулахдаа 24 цэцэрлэгтэй байна гэж мэдүүлдэг. Гэтэл зураг төслөө батлуулахдаа үүнийгээ 50 хувь багасгачихдаг. Эргээд барилгын ажил эхлэх зөвшөөрөл авахдаа өмнөх батлуулсан 24 цэцэрлэгийн тоогоо 26 болгоод нэмчихдэг. Харин Улсын комисс хүлээж авах болохоор архитекур төлөвлөлтийн даалгаврыг хоёр дахин багасгасан байдаг. Энэ байдлаас болж цэцэрлэгийн ямар ч төлөвлөлтгүй барилга бариад явж байгаа юм.

Нийслэл хотод 752 орон сууцны цогцолборын барилга баригдаж байна. Үүнээс 0.02 хувь буюу 20-хон цэцэрлэг барихаар төлөвлөгдсөн. Иймээс бид архитектур төлөвлөлтийн даалгавар, барилга эхлэх зөвшөөрөл, Улсын комисст хүлээн авах процесс бүрийг хариуцлагажуулна. Ингэхгүй бол цэцэрлэгийн хүртээмжид хэдэн тэрбумыг зараад ч шийдвэрлэж чадахгүйд хүрч байна.

Улсын комисс хүлээн авсан барилгын тоо, архитектур төлөвлөлтийн даалгаварт туссанаас 41 хувиар багассан үзүүлэлттэйгээр шинэ барилгууд баригддаг. Энэ бол цэцэрлэгийн хомсдол үүсгэж байгаа гол шалтгаан. Тиймээс бид цаашид цэцэрлэгийн барилга төлөвлөөгүй орон сууцны хороолол, цогцолбор, барилгын зураг төслийг батлахгүй байх, баталсан, магадлал хийсэн, барилгын ажлын зөвшөөрөл олгосон, ашиглалтад оруулсан, барих зөвшөөрөл олгосон, ашиглалтад хүлээн авсан албан тушаалтнуудад холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх ажлуудыг зохион байгуулна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Б.Буяндалай Узбекистаны тамирчинг ялж финалд шалгарлаа DNN.mn

Иорданы Амман хотод Азийн аварга шалгаруулах боксын тэмцээн үргэлжилж байна.

Манай улсын таван тамирчин өчигдөр рингэнд гарахаас хамгийн түрүүнд 60 кг-ын жингийн Б.Буяндалай Узбекистаны тамирчин Адханжон Мухиддиновтой тулалдлаа. Манай тамирчин эхний үеийг алдсан ч үлдсэн үеүдэд итгэл төгс тэргүүлж, ялалт байгуулж, финалд шалгарлаа.

Б.Чинзориг Тайландын тамирчин Зүүн Өмнөд Азийн аварга Бунжонг Синсиритай 19:50 цагт тулалдана.

Х.Энмандах 23:15 цагт Узбекистаны тамирчин 2016 оны Риогийн Олимпын аварга Хасанбой Дусматовтой тулалдана.

Г.Лундаа 23:45 цагт Узбекистаны тамирчин 2021 оны Дэлхийн аваргын мөнгөн медальт Халаков Абмадуликтай тулалдана.

О.Бямба-Эрдэнэ 01:00 цагт Казакстаны тамирчин 2018 Азийн наадмын мөнгө, 2019 Армийн дэлхийн аварга Шимбергенов Асланбектэй тулалдана.

Categories
мэдээ эдийн-засаг

Улсын хэмжээнд 19.9 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулах урьдчилсан дүн гарчээ DNN.mn

Улсын онцгой комиссын өвөлжилтийн бэлтгэл хангах Ажлын хэсэг өнөөдөр цахимаар хуралдлаа. Хуралд Улсын онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баянбат болон аймаг, сумдын Засаг дарга нар, холбогдох албаны хүмүүс оролцож, өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, отор нүүдэлтэй холбоотой хөдөлгөөн зохицуулалтын талаар хэлэлцлээ.

Энэ жил улсын хэмжээнд нийт 188.6 мянган малчин өрхөд 71.2 сая, хонин толгойд шилжүүлснээр 122.5 сая толгой мал өвөлжиж, 19.9 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулах урьдчилсан дүн гарчээ. Нийт 21.8 мянган өрхийн 9.5 сая мал отроор өвөлжиж, хаваржихаар байна. Зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр Баян-Өлгий, Баянхонгор, Завхан, Увс, Ховд, Өмнөговь аймаг эрсдэл их, Архангай, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь, Дорноговь аймаг эрсдэл дунд зэрэглэлтэй гарав.

Төв, Өвөрхангай, Завхан, Баян-Өлгий, Сэлэнгэ аймгийн удирдлагууд өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн бэлтгэл, зохион байгуулалт, тулгамдаж буй асуудлаа танилцуулав. Орон нутгийнхны зүгээс өвөлжилтийн бэлтгэл ажлыг холбогдох тогтоол шийдвэрийн дагуу зохион байгуулж байгаагаа дуулгаад отор нүүдлийн хөдөлгөөн нэмэгдсэний улмаас бэлчээрийн даац хэтрэх зэрэг асуудал байгааг дурдлаа.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар зөвхөн өнөөдөр яриагүй. Зун, намраас эхлэн Засгийн газар, Улсын онцгой комисс, салбарын яамнаас бодлогын түвшинд анхаарч, тогтоол шийдвэр гарган, үүрэг даалгавар өгч ирсэн. Энэ бүхэн аймаг, сум, орон нутгийн түвшинд хангалттай хэрэгжихгүй байна. Өвөлжилт хүндрэх нь тодорхой нөхцөлд ажиллаж байж, аюулгүйн нөөц бүрдүүлэлт хангалтгүй байна. Тухайлбал, тэжээлийн нөөц бүрдүүлэлт Баян-Өлгий, Архангай аймагт 50 орчим, бусдад нь 50-аас доош хувьтай байна. Баян-Өлгий, Увс, Говь-Алтай аймагт өвсний нөөц бүрдүүлэлт 50 хувьд хүрсэнгүй. Шаардлагатай хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэж, боломжит хувилбараар шийдэх хэрэгтэй” гэлээ.


Мөн отор нүүдэл хийж буй иргэдийг хөөж туудаг, хүлээж авахгүй гэдэг асуудал байх ёсгүй. Отор нүүдэл, бэлчээртэй холбоотой авлига, дарамт шахалтыг таслан зогсоох хэрэгтэйг онцлоод “Өвөлжилтийн бэлтгэл ажил бол дан ганц малчин өрхийн асуудал биш, улсын эдийн засгийн суурь асуудал юм. Иймд нэн тэргүүнд өвөл, хаврыг хамтын хүчээр өнтэй даван туулах нь чухал байна. Тиймээс аймгийн удирдлагууд цаасан дээр биш бодит нөхцөл байдалдаа орж ажиллах, бүртгэл мэдээлэл, гэрээ хэлцлийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Иймд аймаг, орон нутгууд уялдаа холбоогоо сайжруулж, сум, багийн удирдлага малчидтайгаа ойр ажиллаж, мэдээлэл зөвлөмжөөр хангах хэрэгтэй. Отроор дамжин өнгөрч буй малчдад зөвлөн тусалж, иргэд хоорондын буруу ойлголцол үүсэхээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй” хэмээсэн юм.

Тухайлбал, Засгийн газрын 2019 оны 43 дугаар тогтоолоор батлагдсан “Мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, тээвэр, тууврын замд саатуулж, хорио цээрийн хяналтад авах журам”-ын талаар малчдад мэдээлэл өгөх, хяналт тавих, малчин айл өрхүүд хүнс тэжээлийн хомсдол, дутагдалд орохоос урьдчилан сэргийлэх, цаашлаад өвөлжилт хүндрэх үед иргэдэд эрүүл мэндийн тусламж, нийгмийн хамгааллын үйлчилгээг тасралтгүй үзүүлэх талаар төлөвлөлт, зохион байгуулалттай ажиллахыг Шадар сайд С.Амарсайхан үүрэг болголоо.