Үндэсний үзэлтэн Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Г.Баасангийн өмгөөлөх эрхийг Монголын өмгөөлөгчдийн холбоо(МӨХ)-ноос хасчээ. Энэ талаар өмгөөлөгч Г.Баасантай ярилцлаа.
-Монголын өмгөөлөгчдийн холбоо таны өмгөөлөх эрхийг хассан тухай мэдээлэл гараад байна. Ямар үндэслэлээр хасах болов оо?
-Хоёр өмгөөлөгчийн өмгөөлөл үзүүлэх эрхийг хассан. Нэг нь А.Батдорж, нөгөөх нь би. Биднийг нууцын зэрэгтэй материал задалсан гэж үзсэн юм билээ. Мөн ёс зүйгүй байсанд буруутгасан байсан. Нэг ёсондоо, шүүхийн нэр хүндэд халдаж, шүүхэд итгэх иргэдийн итгэлд нөлөөлж байна гэж үзсэн байна лээ.
Монгол Улсын хуульчдын үйл ажиллагаанд баримтлах дүрэм бий. Тэр дүрмийн 2.5-д мэдээллийн нууцлал гэж юу вэ, ямар тохиолдолд задруулах вэ гэдэг талаар тусгасан. Нэг ёсондоо бидэнд задруулж болох нөхцөл бий болсон учраас өөрсдийн хэмжээнд олон нийтэд мэдээлсэн.
Шүүх, хуулийн байгууллага нууцын асуудал гэдэг нэрээр гэмт хэрэг үйлдэж болохгүй. Мөрдөгч, прокурор, шүүхийнхэн Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн.
-Тодруулахгүй юу?
-Тэд хуурамч бичиг баримт бүрдүүлсэн. Миний гарын үсгийг дуурайлган зурж, урьдчилсан хэлэлцүүлэг хийсэн мэтээр шүүх дээр ярьсан. Ч.Мөнхбаярын хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг хийх тухай асуудал огт хөндөгдөж байгаагүй, хийгээгүй. Харин 2022 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд ерөнхий шүүгч Ж.Болдбаатараар даргалуулсан Ч.Мөнхбаярын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүсэлтийн дагуу шүүгчид хуралдсан. Гэтэл тэр хурлыг урьдчилсан хэлэлцүүлэг болсон мэтээр оруулаад ирнэ лээ. Энэ хууль бус үйлдлийг нь хэлэхээр шүүхийн нэр хүндэд халдлаа, нэр хүндийг унагалаа гэж үзэж болохгүй. Ийм зүйлийг бид хэлэх ёстой шүү дээ.
-Таныг хэргийн нууц задруулсан гэж буруутгаад байгаа шүү дээ. Яг аль хэсэг нь нууцтай холбоотой мэдээлэл байсан гэсэн үг вэ?
-Манай хуулийнхан өөрөө хуурамч нотлох баримтыг хэргийн материалд аваад байгаа шүү дээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд нотлох баримтын талаар тодорхой зааж өгсөн. Өөрөөр хэлбэл, Энэтхэгийн тагнуулын байгууллага гэж яриад байгаа. Тийм зүйл байхгүй. Бүх баримт, Энэтхэгээс ирсэн захидал, баримт гээд байгаа зүйл дээр Монгол Улсын тагнуулын байгууллагын тамга байгаа. Уг нь Энэтхэгийн тагнуулын байгууллагын тамга тэмдэгтэй баримт байх ёстой. Ингэж нотлох баримт, хэрэг зохиогоод л 10 жилийн ял өгчихөж байна. Тэгээд ийм зүйл дээр дуугүй байсангүй, амаа хамхисангүй гээд өмгөөлөгчийн эрхийг хасч байна.
-Өмгөөлөгч бол хүний эрхийн хамгаалагчдын тэргүүн эгнээнд байдаг хүмүүс. Хэрэв таны ярьсан үнэн бол өмгөөлөгчийн эрхэнд ингээд халдаад байвал эрх нь зөрчигдсөн иргэдийг хэн өмгөөлөх болж байна вэ?
-Хуулийн засаглалын гурван багана гэж бий. Өмгөөлөгч, прокурор, шүүгч гурав. Өнөөдөр бол прокурор өндөр эрх мэдэлтэй, шүүгч нь хамгийн өндөр цалин хангамжтай. Гэтэл өмгөөлөгчдийг хар л даа. Нийгмийн хамгаалал, эрх мэдэл гэж байхгүй. Тэгсэн хэрнээ хүний эрхийг хамгаална, хууль ёсыг дээдэлнэ гэж яриад байдаг. Биднийг ганц хамгаалах байгууллага нь Монголын өмгөөлөгчдийн холбоо гэж харан татвараа цаг тухайд нь өгч ирсэн. Гэтэл хамгаалах биш өмгөөлөх эрхийг нь хасч, талхыг нь булааж байгаад харамсаж байна. Энэ бол гэмт хэрэг. Ер нь Өмгөөлөгчдийн холбоо хэзээнээсээ эрх баригчдын далбаан дор, дохиураар нь хөдөлж ирсэн байгууллага. Өнөөдөр ч хэвээрээ, ийм шийдвэр гаргаад сууж байна.
-Өмгөөлөх эрх хасахаар бусад үйлчлүүлэгч яах вэ?
-Их сонирхолтой. А.Батдорж бид хоёр бодохдоо өмгөөлөгчдийн эрхийг хасна гэж төсөөлөөгүй. Одоо бусад үйлчлүүлэгчид маань яах вэ гэдэг тодорхойгүй байна. Эрүү, иргэн, захиргааны хэргүүд болон Үндсэн хуулийн цэц дээр үйлчлүүлэгчийн хүсэлтээр маргаан өрнүүлээд явж байсан. Тэднийг хэн хамгаалахыг, цаашид яах ёстойг хэн ч тайлбарлаж өгсөнгүй. Өмгөөлөгчдийн холбоон дээр хурал болсон, суусан, “Та хоёрын эрхийг хаслаа” гэсэн. Шүүх танхимд ямар ч хүнд гэмт хэрэг хийсэн хүнд сүүлийн үгийг нь сонсох эрх олгодог доо. Биднийг хоригдлоос дор үзлээ.
-Шүүхэд гомдол гаргах уу?
-Монголын өмгөөлөгчдийн холбоо 14 хоногийн дотор эрх хассан шийдвэрээ өгөх ёстой. Түүний дараа Захиргааны хэргийн шүүхэд хандана.
Уг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.4, Өмгөөллийн тухай хуулийн 26.12, 49.1-д маш тодорхой заасан байгаа. Эдгээр хуулиудыг давсан шийдвэрийг нэг төрийн бус байгууллага гаргачихдаг юм байна.
Монголын өмгөөлөгчдийн холбоо бол төрийн бус байгууллага. Харин өмгөөлөгчид бид бол хууль журмаараа шалгалтаа өгөөд Дээд шүүхээс өмгөөлөх эрхээ авсан. Ийм олон даваа давж байж олж авсан эрхээ төрийн бус байгууллагын шийдвэрээр хасуулна гэж байхгүй. Яагаад тэд бидний ажлын байрыг хөсөрдүүлж байгаа юм бэ. Энэ бол гэмт хэрэг.