Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -20…-22 градус, бусад хэсгээр -13…-15 градус, өдөртөө -1…-3 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эхээр -25…-30 градус, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -20…-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -4…-9 градус, бусад нутгаар -13…-18 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор болон Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эхээр -15…-20 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул голын хөндийгөөр -8…-13 градус хүйтэн, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -3…-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4…+9 градус дулаан, бусад нутгаар +2 …-3 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -25…-27 градус, өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -22…-24 градус, өдөртөө -6…-8 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

Нярайн эндэгдэл буурчээ DNN.mn

Нярай болон бага насны хүүхдийг халдварт өвчнөөс сэргийлэх, илрүүлэх, хянах тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр ЭМЯ дараах ажил арга хэмжээнүүдийг хийж байна.

Тус яам нярайн нэн шаардлагатай тусламжийг сайжруулах асуудлаар 21 аймаг, нийслэлийн амаржих газруудын дарга, эх барихын эмч нарыг оролцуулсан үндэсний зөвлөгөөн зохион байгуулж зөвлөмж гаргажээ. Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламжийн үндэсний сургагч багш нарыг бэлтгэн тэднийг орон нутагт илгээн бүсчилсэн сургалтууд зохион байгуулжээ. нярайд үзүүлэх ур чадварыг сайжруулж байна. Үүний үр дүнд энэ оны эхний 10 сарын байдлаар нярайн эндэгдэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1000 амьд төрөлтөд 8.5-аас 7.6 болжээ.

Төрөлхийн хөгжлийн гажгийг эрт илрүүлэх зорилгоор шинээр төрсөн нярайд түнх, сонсгол, ретинопатийн скрининг шинжилгээг хийж, эмгэг илэрвэл батлагдсан эмнэлзүйн зааврын дагуу оношилгоо, эмчилгээг хийж байна.

Удамшлын өвчин болон төрөлхийн согогтой хүүхдийн эрт оношилгооны чиглэлээр нярайн скрининг шинжилгээг Анагаах ухааны удам зүйн лаборатори хийж байна.

Дутуу нярайд амьсгалын дистресс, уушгины дутуу хөгжил түүнээс үүдсэн хүнд эмгэгээс сэргийлэх зорилгоор нярайн практикт Блендерийн систем ашиглан өндөр урсгалаар хүчилтөрөгчийг бүлээсгэж, чийгшүүлж өгөх аргыг хэрэгжүүлж байна.

Монгол улс хүүхдийн хорт хавдрын эсрэг ДЭМБ-ын “Глобаль санаачилга”-ыг дэмжин Эрүүл мэндийн сайдын ивээл дор 2020 онд зохиосон “Хавдаргүй үрс” үндэсний анхдугаар зөвлөгөөний зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор хүүхдийн хорт хавдрын тусламж, үйлчилгээг эрчимжүүлэх 2021-2023 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулжээ.

Хүүхдийн хорт хавдрын тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах замаар өвчлөл, нас баралтыг бууруулахад хамааралтай бүх талуудын оролцоог чиглүүлэн нэмэгдүүлэх, тэдгээрийн хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах механизм бүрдүүлэх зорилгоор хүүхдийн хавдрын тусламж үйлчилгээ үзүүлэгч талуудыг оролцуулсан “Хүүхдийн хавдрын зөвлөл” байгуулан ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Эрт илрүүлэгт хамрагдсан 96 мянган хүүхдийн шүд цооржээ DNN.mn

Энэ онд хэрэгжүүлж буй эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгооны нэг онцлог нь 0-17 насны хүүхдийн 2 багцыг нэмж оруулсан. Одоогоор 330 мянга гаруй хүүхэд хамрагдсанаас 129,363 өвчний сэжигтэй тохиолдол бүртгэжээ. Эдгээр нь

  • шүд цоорох 96,662 буюу 74.7%,
  • шүдний гажиг 3,690 буюу 2.9%,
  • хараа муудах 2,147 буюу 1.7%-ийг эзэлж тэргүүлэх өвчлөл болж байна.

Мөн хавдрын 68 сэжигтэй тохиолдол бүртгэснээс 0-5 насны хүүхдийн дунд 20, 6-17 насны хүүхдийн дунд 48 тохиолдол бүртгэжээ.

Монгол хүний дундаж наслалтыг нэмэгдүүлж, эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг бууруулж, дэлхийн жишигт хүргэх, эрүүл, чанартай амьдрах нөхцөлийг бий болгох бүрэн боломж байна.

Гагцхүү энэ зорилтод хүрэхэд агаар, орчны бохирдол, хүнсний аюулгүй байдал, амьдрах орчны нөхцөл, осол, гэмтэл, ядуурал зэрэг хүний эрүүл мэндэд нөлөөлж буй хүрээлэн буй орчин, нийгэм, эдийн засгийн сөрөг хүчин зүйлсийн нөлөөллийг бууруулах, олон салбарын оролцоог хангах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна. Цаашид

  1. Нийгмийн эрүүл мэндийн хууль эрх зүйн орчныг сайжруулах, тогтолцоог бэхжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн хүний нөөцийг бэлтгэх, стандартад заасан орон тоогоор, тогтвор суурьшилтай ажиллуулах;
  2. Нийгмийн эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоог шинэчлэн, тогтвортой байдлыг хангаж, шаардлагатай хөрөнгийг нэмэгдүүлэх;
  3. Улсын хэмжээнд Өвчний хяналт сэргийлэлтийн төв, орон нутагт Нийгмийн эрүүл мэндийн төв, Эрүүл мэндийг дэмжих төвийг түшиглэн хүн амд чиглэсэн нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх, эрүүл мэндийг дэмжих, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг хүн амын өвөрмөц хэрэгцээнд нийцүүлэн зохион байгуулах;
  4. Эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл амьдрах зан үйлийг хэвшүүлэх, иргэдэд ээлтэй, эрүүл, аюулгүй амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд эрүүл мэндийн бус салбар, орон нутгийн өөрөө удирдах болон засаг захиргааны байгууллагуудын оролцоо, санхүүжилтийг нэмэгдүүлэх;
  5. Монгол Улсын хүн амд эрүүл, зохистой хооллолтыг төлөвшүүлэх, шим тэжээлийн боловсролын асуудлыг сургуулийн үдийн хоолоор дамжуулан хэрэгжүүлэх
  6. Бүх төрлийн согтууруулах ундаа, тамхи, сахарын агууламж өндөртэй бүтээгдэхүүнд ногдуулах татварыг үе шаттай нэмэгдүүлэх замаар хортой хэрэглээг бууруулах арга хэмжээг авах шаардлагатай гэж ЭМЯ-наас мэдээлэв.
Categories
мэдээ нийгэм

Усанд орж байхдаа гар утсаа цэнэглэсний улмаас тогонд цохиулан амиа алджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагад угаалгын өрөөндөө хүн нас барсан гэсэн дуудлага ирсэн байна.

Мэдээллийн дагуу хэргийн газрыг шалгахад 23 настай эмэгтэй иргэн Л нь угаалгынхаа өрөөнд ванн дотроо түлэгдсэн шархтай нас барсан байжээ. Шинжээчдийн урьдчилсан үзлэгээр хохирогч усанд орох үедээ гар утсаа цэнэглэж, тогонд цохиулсан байна.

Өмнө нь өнгөрсөн хавар яг ийм тохиолдлын хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байжээ. Иймээс иргэдийг усанд орох үедээ гар утас цэнэглэж, үсний сэнс залгаж орхихгүй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Байгаль орчны салбарт Канад улсын тэргүүн туршлагыг нэвтрүүлж, хамтран ажиллана DNN.mn

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд хатагтай Кэтрин Ивкоффийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд байгаль хамгаалал, менежмент, хөрөнгө оруулалт, хариуцлагатай уул уурхайн хөгжилд тогтвортой үйл ажиллагааны стандартыг нэвтрүүлэх болон Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалал, салбарын хүний нөөцийг чадавхжуулах зэрэг сэдвээр санал солилцож, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарал, түүнийг бууруулахад сэргээгдэх эрчим хүчний нөлөөлөл зэрэг өргөн сэдвээр ярилцан цаашид байгаль орчныг хамгаалахад хамтран ажиллахаар боллоо.

Канад Улс нь байгаль хамгаалах чиглэлээр арвин их туршлагатай улс орнуудын нэг төдийгүй байгаль орчинд үзүүлж буй нийгэм, эдийн засаг, уул уурхайн нөлөөллөөс үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад сэргээг дэх эрчим хүчний шилжилт чухал ач холбогдолтойг тус улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хатагтай Кэтрин Ивкофф яриандаа дурдаад, хүлэмжийн хийн ялгаралд хамгийн их нөлөө үзүүлдэг уул уурхайн салбарын хариуцлагатай, тогтвортой хөгжлийг хангах, байгаль орчны салбар тэр дундаа уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхий нийтээрээ дуу хоолойгоо нэгтгэж байгаа цаг үед салбар яамнуудын хамтын ажиллагааны үр дүнд дээрх томоохон зорилтуудад ахиц үзүүлнэ гэдгийг онцлон тэмдэглэв.

Мөн уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн чухал ач холбогдолтой төдийгүй Канад Улсын энэ төрлийн энгийн, хамгийн үр дүнтэй тэргүүн туршлага, техник технологийг санал болгож, дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахад бэлэн гэдгээ тэр бээр илэрхийллээ.

Түүнээс гадна “Тэрбум мод” тарьж, ургуулах нэг хэрэг боловч нөгөө талдаа үр дүнтэй хэрэгжүүлэх, тарьсан мод, бут, сөөг зэргээ тоолох, бүртгэлжүүлэх, тайлагнах зэрэг мониторингийн ажлыг орхигдуулж болохгүйг тэр бээр сануулаад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжин дэлхийн нийтийн тэргүүлэх зорилт болоод буй уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад оруулж буй Монгол Улсын энэхүү санаачилгыг Ойн агентлагаар дамжуулан дэмжиж, хамтран ажиллахад бэлэн байна гэсэн юм.

Монгол орны газар зүйн байрлал нь нар, салхины эх үүсвэрээс гаргаж авах боломжтой сэргээгдэх эрчим хүчний шилжилт хийх нэн тааламжтай нөхцөлд оршдог төдийгүй манай улсын эдийн засагт голлох байр суурь эзэлдэг уул уурхайн салбарыг хариуцлагатай, тогтвортой хөгжүүлэхэд Канад Улсын туршлагыг нэвтрүүлэх нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтод томоохон ахиц гарах болно гэдгийг ярьж байлаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ ирэх 12 дугаар сард Канад Улсад зохион байгуулагдах НҮБ -ын Биологийн төрөл зүйлийг хамгаалах тухай конвенцод оролцогч талуудын уулзалтад оролцоно. Энэ үеэрээ тус улсын байгаль орчны сайдтай албан ёсны уулзалт хийхээр төлөвлөж байгаа төдийгүй цаашид хоёр орны хамтын ажиллагааг байгаль орчны салбарт шинэ шатанд гаргахаар зорьж байна гэж БОАЖЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

“Эрчим хүчний тарифын хөнгөлөлтөд 48600 өрх хамрагдана” гэв DNN.mn

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явуулан хуулийн төслүүдийг болон “Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг эцэслэн батлав.

УИХ-ын дарга Г.Занданшатар төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан хэлсэн үгэндээ Монгол Улсын ирэх оны төсвийг батлахдаа тодорхой өөрчлөлт шинэчлэлийг эхлүүлсэн болохыг онцлов.

Тэрбээр улсын хэмжээнд 10 мянгаас дээш хүн амтай хот, суурингийн гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлтийг эдлүүлэх бөгөөд энэ арга хэмжээнд 48600 өрх хамрагдана гэдгийг тодотгосон юм.

Categories
мэдээ нийгэм

Завхан аймгийн Ургамал сум соёлын бүтээлч сарын хүрээнд угийн бичиг хөтлөх аян явуулахаар болжээ DNN.mn

Завхан аймгийн Ургамал сум соёлын бүтээлч сарын хүрээнд угийн бичиг хөтлөх аян явуулахаар болжээ. Тодруулбал, тус аймгийн 24 сумаас угийн бичиг хөтлөх үйл ажиллагаа, аяныг таван сум зохион байгуулах гэж байна. Түүний нэг нь Ургамал сум юм. Тус сумын ИТХ-аас сурагч бүрийг угийн бичгээ зөв хөтөлж сургах аяныг анх 2016 оноос эхлүүлжээ. Харин энэ жил угийн бичгийг бичиж сурах сургалтыг үргэлжлүүлж үе шаттай явуулж эхэлсэн байна. Өвөг дээдэс, садан төрлөө зөв мэдэх, таних, хүндлэх бахархах, удам угсааныхаа алдрыг ахан дүүс, удмаараа хамгаалах, удам судраа цэвэр ариунаар авч явж, эрүүл чийрэг бие бялдартай иргэдийг бий болгох зорилготой сургалт үр дүнтэй болж байгаа. Өнөөдрийн байдлаар сургалтын үр дүнд 100 гаруй сурагч, 60 гаруй залуучууд угийн бичгээ хөтөлж сурсан.

Эдгээр сурагч, залуучуудын өөрсдийн хөтөлсөн угийн бичиг, угийн бичгийн үүх түүхтэй холбоотой сонирхолтой баримт, ном товхимол бүхий бүтээлийн үзэсгэлэнг гаргаж иргэддээ сурталчилсан. Үзэсгэлэнд тавигдсан угийн бичигт есөн үеэ бүрэн дүүрэн бичсэн хүүхдүүд цөөн байсан. Харин жил ирэх бүр 9 үеэ мэдэж, сурч, эрж хайж хөтөлж буй нь энэ аяны үр дүн юм. Ер нь өөрийн уг язгуурынхаа түүхийг өндөр дээд өвгөөсөө эхлэн аман болон бичгийн хэлбэрээр дамжуулан хойч үедээ үлдээх уламжлал монголчуудын дунд нэн эрт үүсч, өөрсдийн уг гарал, угсаагаа сайн мэдэж байсныг түүхийн олон баримт гэрчилдэг. Ургийн бичиг нь түүх соёлын ач холбогдолтойн зэрэгцээгээр удмын эрүүл мэндийн байдлыг мэдэх толь юм хэмээн Ургамал сумын Соёлын төвийн эрхлэгч хэлэв. Энэ жил энэхүү аяныг соёлын бүтээлч сарын хүрээнд илүү өргөн цар хүрээтэй явуулахаар төлөвлөжээ.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хуш модны самар түүж бэлтгэх, ашиглалтад хяналт тавих шалгалтыг эрчимжүүлж байна DNN.mn

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын даргын баталсан удирдамжийн дагуу Архангай аймгийн Цэнхэр, Ихтамир, Тариат сумдад хуш модны самар түүж бэлтгэх, ашиглалтад тавих хяналтыг эрчимжүүлэх чиглэлээр салбар хоорондын уялдааг хангаж Экологийн цагдаагийн алба, Монголын байгаль орчны иргэний зөвлөл ТББ, ШУА-ийн Газарзүй геоэкологийн хүрээлэн, Хэвлэл мэдээллийн алба болон Мэргэжлийн хяналтын газартай хамтран хяналт, шалгалтын ажлыг гүйцэтгэж байна.

Удирдамжийн хүрээнд БОАЖСайдын 2022 оны “Ойгоос хуш модны самар бэлтгэж ашиглахыг бүсчлэн тогтоох тухай” А/372 дугаар тушаал болон “Ойн дагалт баялгийн нөөц ашиглалт, хамгаалалтыг сайжруулах тухай” 10 дугаар албан даалгаврын хэрэгжилттэй газар дээр нь танилцан ажиллав.

БОАЖСайдын 2022 оны “Ойгоос хуш модны самар бэлтгэж ашиглахыг бүсчлэн тогтоох тухай” А/372 дугаар тушаалаар ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар Архангай аймгийн Цэнхэр сумын хэмжээнд 196.5 тн, Ихтамир сумын хэмжээнд 239.2 тн, Тариат сумын хэмжээнд 217.4 тн хуш модны самар бэлтгэж ашиглахыг зөвшөөрсөн бөгөөд өнөөдрийн байдлаар тус сумдад бэлтгэх нөөцийн дээд хэмжээ хүрсэн байна.

Тус сумдаас ойн дагалт баялгийг хамгаалах, ашиглах эрх бүхий дараах ойн мэргэжлийн байгууллагууд хуш модны самрыг бэлтгэж ашигласан байна.

-Цэц манхан ХХК
-Мотума ХХК
-Өнгөт тэнгэр ХХК
-Чиүшин фүүд ХХК
-Нэмүүн тайга ХХК
-Аснеф ХХК
-Буман боргоцой ХХК
-Идэр чандмань ХХК
-Өлзийт тал далай ХХК
-Номин гал ХХК
-Оргих наран булаг ХХК
-Арвин ачит ХХК
-Эс эйч би си ХХК
-Түмэн хурын хишиг ХХК
-Цул хангайн дэрс ХХК

Хяналт шалгалтын ажлын хүрээнд Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Бадрах, Цэнхэр сумын Засаг дарга Д.Галхүү, Ихтамир сумын Засаг дарга Б.Цэвээндорж, Тариат сумын Засаг дарга Б.Буяннэмэх, Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Б.Еший, Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын БОХУАБ, хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар болон тус сумдыг хариуцсан Сум дундын ойн анги, байгаль хамгаалагч нартай хамтран ажиллав.

Хяналт шалгалтын ажлын хүрээнд дараах нийтлэг зөрчлүүд илэрсэн бөгөөд холбогдох газруудад арга хэмжээ авч ажиллахыг мэдэгдсэн.
Үүнд:

Цэнхэр, Ихтамир, Тариат сумдын удирдлагууд “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам”-ыг зөрчиж хуш модны самрын бэлтгэх дээд хэмжээний зориулалтыг өөрчлөн аж ахуйн нэгж, байгууллагуудтай “Хуш модны самар бэлтгэж ашиглах” гэрээ байгуулсан.

Зориулалт өөрчлөн Цэнхэр суманд 62.4 тн, Ихтамир суманд 50.5 тн, Тариат суманд 64.7 тн хуш модны самрыг бэлтгэж ашиглуулсан.

Аж ахуйн нэгж, байгууллагууд хуш модны самрыг өөрсдийн ажилчдаар түүж бэлтгүүлээгүй.

Хуш модны самрыг түүж бэлтгэхдээ байгаль орчинд халгүй арга технологийг ашиглаагүйн улмаас хуш модонд механик гэмтэл учруулсан.
Байгаль орчныг доройтуулсан /хог хаягдал үлдээх/
Нөөцийг бэлтгэж ашигласан талбайг актаар хүлээн авч дүгнээгүй зэрэг зөрчлүүд нийтлэг илэрсэн.
Үүний дараах арга хэмжээг авч ажилласан. Үүнд:

-Дээрх сумдын хуш модны самрын нөөцийг бэлтгэж ашиглах дээд хэмжээ хүрсэн тул тус өдрөөс хойш ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ойн дагалт баялгийг ашиглах эрхийн бичиг олгохгүй байх,
-Зөрчил гаргасан эрх бүхий этгээдэд хуулийн дагуу хариуцлага тооцох
-Нөөцийг бэлтгэж тээвэрлэх гарал үүслийн гэрчилгээ олгохгүй байх,
-Эрхийн бичиг, гарал үүслийн дэлгэрэнгүй тайланг гаргаж ирүүлэх,
-Хуш модны самрыг бэлтгэж ашиглахгүй байх талаар иргэд олон нийтийг мэдээллээр хангаж, сурталчлан таниулах арга хэмжээ авлаа.

БОАЖСайдын 2022 оны “Ойгоос хуш модны самар бэлтгэж ашиглахыг бүсчлэн тогтоох тухай” А/372 дугаар тушаал болон “Ойн дагалт баялгийн нөөц ашиглалт, хамгаалалтыг сайжруулах тухай” 10 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг гарган ирүүлэхийг холбогдох газруудад үүрэг болголоо.

Эх сурвалж: БОАЖЯ

Categories
мэдээ спорт цаг-үе

Э.Батболд Дэлхийн аваргаас 2 дахь алтан медалиа хүртлээ DNN.mn

АНЭУ-ын Абу Даби хотноо 14 дахь удаагаа зохион байгуулагдах “WORLD PRO JIUJITSU CHAMPIONSHIP”-д Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцож байна.

АНЭУ-д зохиогдож байгаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Эрдэнэбаатарын Батболд Дэлхийн аваргаас 2дахь алтан медалиа хүртлээ.

Энэ удаагийн тэмцээн нь энэ сарын 11-19-ний өдрүүдэд явагдаж өндөрлөх юм. Манай улсаас 134 хүний бүрэлдэхүүнтэй баг, тамирчид оролцож байгаа.

“World festival” буюу Дэлхийн наадам энэ сарын 11-12-ны өдрүүдэд, 13-14-нд өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 15-16-нд “Мастерс”-ын ДАШТ, 17-19-нд насанд хүрэгчдийн ДАШТ тус тус болно.

“World Jiu Jitsu Festival”-ийн эхний өдрийн эргэн тойронд… Монгол улсаас 130 гаруй хүний өргөн бүрэлдэхүүнтэй баг энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон фестивалд оролцож байна.

Categories
мэдээ нийгэм

Даац хэтрүүлсэн жолооч нарыг 34 сая төгрөгөөр торгов DNN.mn

Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас замын ашиглалт, даац хэтрүүлэлттэй холбоотой мэдээлэл өглөө.

Тус яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга “Авто замын даацыг инженерийн байгууламж, стандартаар нь дээд хязгаар тавьдаг. Мөн тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага гэж бий. Тус стандартыг 2003 онд баталж, өнөөдрийг хүртэл мөрдөж байна.

Энэхүү стандартын дагуу автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ 44 тонн байдаг. Зам, тээврийн хөгжлийн яамнаас жил бүр тээвэрлүүлэгч, ачаа тээврийн компаниудад албан бичгээр даац хэтрүүлэхгүй байх анхааруулга, зөвлөмж хүргүүлдэг. Мөн хяналт, шалгалтыг Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Тээврийн цагдаагийн албанаас тогтмол явуулж байна” гэв.

2022 оны 6-10 дугаар сарын хооронд нийт 14,018 тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийхэд даац хэтрүүлсэн 228 зөрчил илэрч 34,200,000 төгрөгийн торгууль ногдуулж, зөрчлийг газар дээр нь арилгасан байна. Иймд зөвшөөрөгдөх хэмжээнд заасны дагуу тээвэрлэлт хийж, авто замаа хайрлахыг аж ахуй нэгж, жолооч нарт уриаллаа.