-Хосууд дасгал хөдөлгөөнийг хэвшил болгож чадвал сексийн амьдрал нь идэвхжинэ-
“MGL POWER GYM” фитнессийн клубийн багш О.Мөнх-Очиртой ярилцлаа.
-Одоо үед хүн бүхнийг дасгал хөдөлгөөн хий гэж зөвлөдөг болсон. Яг ямар дасгал хийх, тэр нь хүний биед яаж нөлөөлдөг тухай ойлголт тун бүрхэг. Багшийн хувьд энэ талаар уншигчдад мэдээлэл хуваалцахгүй юу?
-Булчин бол хүний биеийг хөдөлгөж, бүх ачааллыг өөр дээрээ төвлөрүүлж ачаалал даах чадварыг нэмэгдүүлдэг үүрэгтэй. Орчин үед хөдөлгөөний дутагдал гэж их ярих болсон. Энэ нь булчинг ажиллуулахгүй, хөдөлгөөн хийхгүй хэтэрхий удаан байснаас булчингийн сулрал үүсдэгтэй холбоотой. Булчингийн сулрал үүссэнээр хөдөлгөөний дутагдалд орно, цаашлаад таргалалт үүснэ. Таргалалтаас үүдэлтэй өвчлөл их болсон. Нойр булчирхай, элэгний өөхлөлт, цусны өтгөрөл, зүрх судасны өвчин, судасны хана хатуурах, харвах гэх мэт. Дээр үед настай ахмад хүмүүс л харвадаг гэж ярьдаг байсан бол залуучууд ч харвадаг болсон. Нэг ёсондоо таргалалт бол залуучуудын өвчин болж хувирлаа. Энэ бүгдээс сэргийлэх гол хүчин зүйл бол дасгал хөдөлгөөн, эрүүл зөв амьдралын хэв маяг буюу зөв хооллолт. Аливаа зүйлийн тунг тааруулах ёстой гэж боддог. Ямар ч зүйлийн тунг хэтрүүлэхэд сайн зүйл ч хор уршигтай болох эрсдэлтэй.
-Хөдөлгөөнтэй ажил хийдэг хүмүүс “Надад дасгал хөдөлгөөн шаардлагагүй” гэж үздэг. Зөв үү?
-Хүмүүс хөдөлгөөнтэй ажил хийдгээ өөрийгөө идэвхтэй хөдөлж, хөдөлгөөний дутагдлаас ангид байлгаж байна гэж ойлгодог. Байнга суудаггүй хүн ч гэсэн нурууны суулттай болдог. Идэвхтэй дасгал хөдөлгөөнийг өдөрт багадаа 30 минут хийснээр өөрийгөө зүрх судасны өвчин бусад өвчний эрсдэлээс хамгаалж чадна.
-Тэгвэл фитнессийн талаар ярихгүй юу. Нэг үеэ бодоход хүмүүс маш их сонирхдог болжээ?
-Фитнесс бол тухайн хүнээс тэсвэр тэвчээр, тууштай байдлыг маш их шаарддаг спорт. Фитнессээр тогтмол хичээллэе гэвэл сэтгэл зүйтэйгээ маш сайн ажиллах шаардлагатай. Орчин үеийн багш нар тухайн хүнийхээ сэтгэл зүй, амьдралын хэв маягтай холбогдуулж дасгал хөдөлгөөнийг хийлгэх нь үр дүнтэй. Хүн хүнд таарах систем, хүн хүний амьдралын хэв маяг өөр байдаг учраас бүх хүн нэг системээр дасгал хийх боломжгүй. Үүнийг багш хүн л зохицуулж явах ёстой гэж боддог. Фитнесс хийснээр хүнд аз жаргалын гормон ялгардаг. Тэр гормоныг байнга ялгаруулаад байвал донтож эхэлдэг. Хүмүүс долоо хоног фитнесст яваад л шантраад больдог. Тэр хугацаанд донтолт явагдаж амжихгүй байх нь. Гурван сарын хугацаанд тасралтгүй дасгал хөдөлгөөн үргэлжлэх юм бол амьдралын хэв маяг болж ирдэг. Өөрийгөө хүчлэхгүйгээр хичээллэдэг болно. Фитнессээр хичээллэж байгаа хүмүүс эхний гурван сар тууштай яваад үзээрэй гэж зөвлөмөөр байна.
Нөгөө талаар фитнессийн холбогдолтой буруу ойлголтууд гадуур тархсан байдаг л даа. Ямар ч хөдөлгөөн хийгээгүй, олон жил явсан хүн фитнесст нэг сар яваад бүх зүйлээ өөрчлөх юм шиг боддог. 10 жил буруу хэв маягтай явсан бол дор хаяж нэг жилийг фитнесст тууштай зориулах ёстой. Тэгж байж эрүүл биетэй болно. Фитнесс бол цаг хугацааны спорт. Хоёрдугаарт, фитнесс бусад спортыг бодвол биеэ хүссэн галбираар урлаж болдог. Гоо зүйн талаасаа хүссэн биеэ сийлбэр хийж байгаа мэт зорж урлах боломжтой нь хамгийн том давуу тал болдог.
-Дасгал хөдөлгөөн, бие бялдрын хөгжил хичээллэсэн хүний сэтгэл зүйд маш хүчтэй байдаг гэдэг. Эрчүүдийн амиа хорлолт өндөр байгаа энэ нийгэмд тэднийг хүчирхэг сэтгэл зүйтэй болгох нэг үндэс спорт, дасгал хөдөлгөөн гэж мэргэжлийн хүмүүс үздэг юм билээ?
-Спортоор хичээллэдэг хүн тэр дундаа фитнессээр хичээллэдэг хүн, стресс уур бухимдал сэтгэл зүйн дарамтыг хурааж явах нь харьцангуй бага байдаг. Дасгал хөдөлгөөн хийдэггүй хүмүүс стрессээ гаргаж чадахгүй дотроо хураагаад байдаг. Эрэгтэй хүнд тестостерон даавар гэж байдаг. Тэр нь эрэгтэй хүнийг эрэмгий дайчин, хурц, тэмцэгч чанарыг нь нэмж өгдөг даавар байдаг. Үүнийг дасгал хөдөлгөөн хийж байж л нэмж өгөх боломжтой. Тестостерон даавар их байх тусам эрчүүд шантрахгүй аливаа зүйлд нурж унахгүй байна. Харин буурснаар эрэгтэй хүмүүс тэмцэх чадвараа алдана.
-Нөгөө талаар гэр бүлийн амьдралд ч эрүүл амьдралын хэв маяг, дасгал хөдөлгөөн нөлөөлдөг гэж орчин үед үздэг болсон гэдэг. Үнэн үү?
-Монголын нийгэмд тулгараад байгаа чухал нэг асуудал бол гэр бүл салалт. Энэ асуудалд хүртэл дасгал хөдөлгөөн маш том нөлөө үзүүлж байгаа. Таргалалт, өөртөө итгэлгүй байдал, дааврын уналт зэрэг нь гэр бүлийн хүмүүсийн бэлгийн амьдралд нөлөөлдөг. Товчхондоо эрэгтэй, эмэгтэй хүний өөхлөлт, өөртөө итгэхгүй байдлаас болж сексийн дур хүсэл буурдаг. Хоёрт, гоо зүй талаас ч хандах хүмүүс ихэссэн шүү дээ. Тиймээс идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж, өөртөө цаг зав гаргаж эрүүл байснаар бэлгийн амьдрал ч идэвхтэй, эрүүл байх шалтгаан болж өгнө. Эрэгтэй хүний дааврыг дасгал хөдөлгөөн хийж байгалийн аргаар дэмжиж өндөр байлгаснаар сексийн амьдрал нь илүү идэвхжиж, бэлгийн чадавх нэмэгддэг. Түрүү булчирхай, бэлгийн сулрал орчин үед маш залуужсан. Үүнийг дасгал хөдөлгөөнөөр эмчлэх боломжтой. Эмэгтэй хүн ч ялгаагүй. Тиймээс хүмүүс ар гэрийн асуудалдаа хэтэрхий түүртэж гаргуунд нь гаргахгүйгээр өөртөө цаг зав зарцуулж, өөртөө болон хосдоо хайртай байгаарай гэж хэлмээр байна.
-Заавал фитнесс зааланд очихгүйгээр гэрийн нөхцөлд хийж болох дасгал хөдөлгөөний талаар зөвлөхгүй юү?
-Орчин үед заавал зааланд ирж багшаас зөвлөгөө авах шаардлагагүйгээр онлайн хичээл, дасгалууд хангалттай байна. Тэдгээрээс өөрт тохирсон дасгалаа өдөрт 30 минут хийгээд хэвшчихвэл эрүүл мэнддээ оруулж байгаа том хөрөнгө оруулалт.
-Дасгал хөдөлгөөн хийж байгаа хүний хооллолт бас чухал. Эрүүл хооллолтын талаар үйлчлүүлэгчдэдээ та юуг зөвлөдөг вэ?
-Монголчуудын хооллолтын хувьд тулгарч байгаа гол асуудал бол хэтэрхий их хар махны хэрэглээ. Үүнээс үүдэж цусны улаан эс ихэсдэг. Цаашлаад цус өтгөрөх шалтгаан болдог. Өнөөдөр эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуугүй цус өтгөрөлттэй гэдэг шүү дээ. Дээр үед хүмүүс өвөлдөө махаа идчихээд зундаа цагаан идээгээ идэж хоол хүнсээ тэнцвэржүүлдэг байсан. Орчин цагт тэгэх боломжгүй, зундаа цагаан идээгээ тэр бүр идэж чадахгүй байна. Тиймээс дөрвөн улирал мах идэх нь тодорхой учраас цагаан махыг хоолондоо оруулж өгөх хэрэгтэй. Долоо хоногт гурван өдөр хүнд махан хоол идлээ гэхэд үлдсэн хугацаанд нь цагаан мах буюу тахиа, загас, далайн гаралтай хөнгөн махан хоол идэж хэвших нь эрүүл мэндэд болон дасгал хөдөлгөөн үр дүнтэй байхад тустай.
-Та бодибилдингийн тамирчин хүн. Энэ спортоор хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ. Яагаад сонирхох болов?
-Би анх наймдугаар ангидаа фитнесс зааланд орж үзсэн. Ээж маань фитнесст явдаг, би очиж авдаг байлаа. Тэр үед фитнессийн багш нь намайг “Чи ээжийгээ хүлээж суухаар зааланд ороод сонирхоод үзээч” гэсэн. Тэгээд л заал руу орж булчинтай ах нарыг хараад л энэ спортод дурласан. Ингээд аравдугаар ангиасаа хойш нэлээд эрчимтэй хичээллэж, 2015 оноос тэмцээн уралдаанд орж эхэлсэн. Сүүлийн дөрвөн жил бэртлийн улмаас засварлаад, жилийн өмнөөс бэлтгэл сургуулилтдаа ороод явж байна. Намайг анх фитнессээр хичээллэж эхэлж байсан үеийг одоогийнхтой харьцуулахад тэнгэр газар шиг ялгаатай болсон байна. Өмнө нь хүмүүс фитнессийг тэр бүр мэддэггүй, ойлголт ч муу байсан.
Одоо бол мэдлэгтэй болсоор, фитнесст дурласаар байгааг харахад таатай байна. Клубүүдийн тоо ч нэмэгдсээр байна. Спорт талаасаа яривал фитнесс бодибилдингийн спорт манай улсад хөгжиж байгаа ч дэлхий нийттэй харьцуулахад хоцрогдож яваа. Учир нь манай улс эдийн засгийн байдлаас шалтгаалж зах зээл нь муу байна. Улсаас дэмжлэг туслалцаа байхгүй учир монгол тамчирчид бор зүрхээрээ явдаг шүү дээ. Бүх амьдралаа зориулж маш том эрсдэл үүрч энэ спортыг хөгжүүлэхийн төлөө явж олон тамирчин бий. Миний хувьд жүжигчин мэргэжилтэй. Энэ спортыг сонирхдог, амьдралын хэв маяг болгож явдаг учраас мэргэжлийн тамирчны дайтай явж чадахгүй байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Баянхонгор аймагт зохиогдсон “Баянхонгор cup”-т оролцоод хүрэл медаль авсан. Ирэх жилийн улсын аваргад оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийгээд явж байна.