Categories
мэдээ спорт

ПАРИС-2024: Олимпийн албан ёсны бэлгэдлийг танилцууллаа DNN.mn

Олимпийн наадам эхлэхэд 600 хоног үлдсэнийг тохиолдуулан “Парис-2024” олимпын зохион байгуулагчид албан ёсны бэлгэдэл сахиус буюу маскотыг олон нийтэд танилцууллаа.

Наадмын бэлгэдэл сахиус ихэвчлэн ямар нэг амьтныг дүрсэлсэн байдаг бол францчууд энэ уламжлалаас татгалзаж, тус улсын хувьсгалын бэлгэ тэмдэг болсон phrygian малгайн хэлбэрийг агуулсан Phryges маскотыг сонгожээ.

Францын хувьсгалт тэмцлийг эхлүүлсэн энгийн иргэд конус хэлбэрийн уг малгайгаар ялгардаг байсан тул хожмоо хувьсгалын бэлгэ тэмдэг болсон байна.

“Парис-2024” олимпын Зохион байгуулах хорооны дарга Тони Эстанге “Спортоор дамжуулан бүхнийг өөрчилж болно гэдгийг дэлхий нийтэд батлан харуулахыг зорьсон учраас ардчиллын бэлгэ тэмдэг болсон малгайг сонгосон. Энэ бэлгэ тэмдэг францчуудын ондоошил, ялгарлыг илэрхийлэх болно” хэмээн тайлбарлажээ.

“Бид өөрсдөөсөө Францын мөн чанарыг агуулсан сахиус юу байж болох вэ гэж асуусан. Зөв хариулт нь ямар нэг амьтан биш, үзэл санаа байсан. Тиймээс хэдэн зууны турш Францын ардчилал, эрх чөлөөний бэлгэдэл болсоор ирсэн Phrygian малгайг сонгосон юм” хэмээн “Парис-2024” олимпын брэндийн захирал Жюли Матихин ярьсан байна.

Зохион байгуулагчид бэлгэдэл сахиусаа хүүхэд залуусын хүсэл сонирхолд нийцүүлэхийн тулд өхөөрдөм тоглоомын дүртэй болгожээ.

Олимпын бэлгэдэл сахиус нь жижиг хэмжээтэй бол паралимпын маскот нь арай том хэмжээтэйгээс гадна хиймэл хөлтэй байгаа нь анхаарал татна. “Бид ганцаараа бол хурдан явна. Харин хамтдаа байвал илүү хол явна” гэсэн утга санаа илэрхийлэхийн тулд ийм шийдэл гаргасан болохыг зохион байгуулагчид тайлбарласан байна хэмээн Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээлэв.

Categories
гадаад мэдээ

Словен анхны эмэгтэй ерөнхийлөгчтэй болов DNN.mn

Өнгөрсөн ням гаригт Словенийн сонгогчид бие даан нэр дэвшигч Наташа Пирц Мусарыг улсынхаа анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр сонгожээ. Н.Мусар одоогийн Ерөнхийлөгч Борут Пахорын бүрэн эрхийн хугацаа дуусах үед буюу ирэх 12 дугаар сарын 23-ны өдөр тангараг өргөнө.

Саналын хуудасны 98 хувийг тоолсны дараах байдлаарх урьдчилсан дүнгээр, Н.Мусар 54 хувийн санал авсан бол түүний өрсөлдөгч, Гадаад хэргийн сайд асан, сөрөг хүчний Словенийн Ардчилсан намын гишүүн Анзе Логар 46 хувийн санал авчээ. Өдгөө 54 настай Н.Мусар нь өмгөөлөгч, сэтгүүлч бөгөөд улсын мэдээллийн комиссарын алба хашиж байжээ. Тэрбээр сонгуульд бие даан нэр дэвшигчийн хувиар өрсөлдсөн ч хоёрдугаар шатанд түүнийг Ерөнхий сайд Роберт Голобын зүүний төвч үзэлт “Эрх чөлөөний хөдөлгөөн” болон түүний эвслийн түншүүдийн нэг “Социал Демократ” нам дэмжжээ.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 6189 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцаж байна DNN.mn

БШУЯ болон ҮСХ-ноос гаргасан судалгааны дүнгээр Улсын хэмжээнд Ерөнхий боловсролын сургуульд 6189 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцаж байгаагаас:

● Сэтгэцийн бэрхшээлтэй – 1190
● Хавсарсан бэрхшээлтэй – 2001
● Оюуны бэрхшээлтэй – 47 хүүхэд байна.
Манай улс боловсролд хамрагдаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тэр дундаа оюуны бэрхшээлийн төрлийг Аутизм, Дауны синдром гэж нарийн ангилдаггүй байсан бол 2023 оны 1 дүгээр сараас эхлэн энэ ажлыг сайжруулж, шинээр бүртгэж эхлэх юм.
Монгол Улсад Аутизмын хүрээний эмгэгийг оношилгоог Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (СЭМҮТ), Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон аймаг дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссуудад албан ёсоор хийж эхлээд байна.
Categories
гадаад мэдээ

Иений ханш өсөв DNN.mn

Японы мөнгөн тэмдэгт хэдэн арван жилийн турш байгаагүй түүхэн доод хэмжээндээ хүрч нэг доллар150 иен болоод байсан. Харин өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ханшийн томоохон өөрчлөлт гарч, иений нэг америк доллартой харьцах ханш 138-д хүрсэн байна. Үүнд АНУ-ын пүрэв гарагт гаргасан инфляцын мэдээлэл нөлөөлсөн гэж “NHK мэдээлжээ.

“Sony Financial Group”-ийн шинжээч Огава Маки “АНУ-ын инфляц цаашид хараахан буурах төлөвгүй байна гэж үзэж байгаагаас гадна, иений ханш хэт өссөн байгааг онцолжээ. Долларын иентэй харьцах ханшийн өсөлт дунд болон урт хугацаанд дээд цэгтээ хүрч магадгүй гэдгийг дурдсан байна. Тэрээр нэмж хэлэхдээ, доллартой харьцах иений ханш зөвхөн сүүлд гарсан хэрэглээний үнийн индексийн үзүүлэлт дээр үндэслэн буурна гэж хэлэхэд эрт байна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Харин Morgan Stanley MUFG Securities-ийн Сугисаки Коичи-гийн хэлснээр, иений ханш ирэх жил өсөх магадлал өндөр байгаа бөгөөд зах зээлийн арилжаачид АНУ-ын ханшийн өсөлт удааширч, эсвэл бүр зогсоно гэж таамаглаж байгаа юм.

Г.Амарсанаа

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Мөнхчулуун: “Номин” сүлжээ дэлгүүр үнийн өсөлтийг хөөргөх үндсэн ажлыг хийж байсан нь тогтоогдсон DNN.mn

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуунтай ярилцлаа.


-Сүлжээ дэлгүүрүүдээр хяналт шалгалтыг хийж, зөрчлүүд илэрсэн гэсэн. Ямар зөрчлүүд илрэв?

-Манай байгууллагаас есдүгээр сард удирдамжтай хяналт шалгалтыг зохион байгуулсан. Энэхүү ажлын хүрээнд сүлжээ дэлгүүрүүдийн үйл ажиллагаа, тэдгээрийн нийлүүлэгчидтэйгээ хийсэн гэрээ Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн тухай хууль болон бусад хууль журмуудыг зөрчиж байгаа эсэх талаар хяналт шалгалт хийлээ. Энэ шалгалтыг нийт сүлжээ дэлгүүр, зах худалдааны төвүүдэд хийсэн. Үүгээр барааны үнэ, кассын үнэ зөрдөг асуудлууд их гарсан. Дэлгүүрүүдэд зарагдаж байгаа бараа бүтээгдэхүүний хаяг шошго нь стандартын шаардлага хангаагүй, дутуу тэмдэглэгээтэй. Монгол, англи, орос хэл дээр тэмдэглэгээтэй байх заалтууд дутуу, зөрчигдсөн. Мөн бараа бүтээгдэхүүн жиндээ хүрэхгүй байх, жин хэмжүүртээ баталгаажилт хийлгээгүй. Хагас жил тутам Стандарт хэмжил зүйн газрын баталгаажилт хийлгэх ёстой атал 2019, 2020 онд баталгаажилт хийлгэсэн. Түүнээс хойш баталгаажуулаагүй жин хэмжүүртэй гэх мэт зөрчлүүд их илэрсэн. Тэдгээр зөрчлүүд дээр бид торгуулийн арга хэмжээ аваад нөхцөл байдалд албан даалгавар хүргүүлсэн. Мөн гэрээнүүдийг татаж аваад, хяналт шалгалт хийсэн. Үүнийг шалгаж байх явцад дөрвөн компанийн гэрээн дээр Худалдааны тухай хуулийн гэрээг зөрчсөн байх магадлалтай асуудал тогтоогдсон. Тухайн дөрвөн компанид Зөрчлийн хэрэг нээн, үргэлжлүүлэн шалгасан.

-Ямар дөрвөн компани вэ?

-“Дижитал концепт ХХК”, “Моннидер ХХК”, “БОСА Холдинг ХХК”, “Номин Холдинг ХХК” зэрэг компаниуд байсан. “Дижитал концепт ХХК” гэдэг нь GS25 юм байна лээ. “Моннидер ХХК” гэдэг нь “Оргил супермаркет” гэсэн үг. Эдгээр компаниуд үгсэж, үнэ тохирсон байх магадлалтай талаар хяналт шалгалт хийсэн боловч тэр байдал тогтоогдоогүй. Тийм учраас гурван компанид нь нээсэн Зөрчлийн хэргээ хэрэгсэхгүй болгож хаасан. Харин “Номин Холдинг ХХК”-ийн нийлүүлэгчидтэйгээ хийсэн гэрээ нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн нь тогтоогдсон. Тиймээс Зөрчлийн тухай хуулийн 10.7.8т зааснаар арга хэмжээ авсан.

-Тус заалтад юу гэж заасан байдаг юм бэ?

-Тус заалт болон Өрсөлдөөний тухай хуулийн 11.2т тус тус зааснаар “Аж ахуй эрхлэгчдийн хооронд байгуулсан дараах гэрээ хэлэлцээр нь нийтийн ашиг сонирхолд харшлах, эсхүл өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөлийг бүрдүүлэхийг хориглоно” гэж заасан. Энэ заалтыг зөрчсөн тохиолдолд “Тухайн этгээдийн борлуулалтын орлогын өмнөх жилийн 6 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулна” гэж бий. Тиймээс “Номин Холдинг” компанийг өмнөх жилийн борлуулалтын 6 хувь буюу 6.9 тэрбум төгрөгөөр торгож шийтгэсэн.

-Ямар зөрчил илэрсэн юм бэ?

-“Номин Холдинг” компаниас бага үнийн баталгааг хэрэглэгчдэд өгдөг. Манайхаас хямд газар байвал зөрүүг нь нугалж авна гэдэг шүү дээ. Гэтэл өөрсдийнх нь бусадтай байгуулж байгаа гэрээндээ оруулж өгсөн байдаг юм байна. Нийлүүлэгчидтэй байгуулж буй гэрээндээ “Манайд нийлүүлж буй бараа бүтээгдэхүүнээ манайхаас өөр дэлгүүрүүдэд худалдан борлуулахдаа хямд зарж болохгүй” гэсэн утга бүхий гэрээ хийдэг. Номинд бүх бараа хамгийн хямдаар зардаг гэх ойлголтыг иргэдэд өгдөг. Гэтэл хямд биш доод буюу босго үнийг тогтоодог зөрчил илэрсэн. Жишээлбэл, иргэн импортоор бараа оруулж ирээд, эсвэл үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ 10 мянган төгрөгөөр зарж борлуулж байна гэж бодъё. Нэг шоколад байна гэе л дээ. Гэтэл түүнийг оруулж ирсэн зардал, үйлдвэрлэсэн зардлаа тооцоод Номинд 10 мянган төгрөгөөр борлуулахад, Номин нийлүүлэгчтэйгээ хамтран үнэ тогтооно. Танайх 10 мянган төгрөг юм бол дээр нь 30 хувь нэмээд 13 мянган төгрөг боллоо. Энэ 13 мянган төгрөгөөр цааш зарна. Үүнээс доош үнээр зарж болохгүй шүү гэдэг хязгаарлалт тавьчихаж байгаа юм. Ийм хязгаарлалт тавьчихаар нөгөө хүн чинь цааш өөр дэлгүүрт бараагаа заруулахын тулд 13 мянган төгрөгөөс дээш үнээр заруулах шаардлагатай болж байгаа юм. Тэгэхээр дараагийн дэлгүүртээ дор хаяж 13100 төгрөгөөр заруулах ёстой болж байна. Дараагийн дэлгүүр 10 хувь нэмж зардаг бол түүнд нь тааруулаад 12 мянгаар зараад түүн дээр 10 хувь 1200 төгрөг нэмээд 13200 төгрөгөөр борлуудаг ч юм уу, ийм байдлаар л явдаг. Хэрвээ энэ гэрээний заалтаа биелүүлээгүй 13 мянгаас доош үнээр заруулах юм бол Номин тухайн нийлүүлэгчтэйгээ цаашид үйл ажиллагаа явуулахгүй. Хоёрдугаарт, тухайн нийлүүлэгчийн барааг хямд зарсан газрын үнэ, Номингийн үнийн зөрүүг харьцуулан, сүүлийн арав хоногт зарагдсан барааны тоо хэмжээгээр нь хоёр дахин нугалж төлүүлнэ гэж заасан байгаа юм. Нэг бол тухайн нийлүүлэгчийн нөөцөд байгаа бараа бүтээгдэхүүн болон сүүлийн арав хоногт борлуулсан бараа бүтээгдэхүүний аль нь олон тоо хэмжээгээр байгаагаар тооцон хоёр дахин нугалж төлүүлнэ гэсэн байна лээ. Хэрэв Номингийн тухайн заалт байгаагүй бол нийлүүлэгч бараагаа хажуугийн дэлгүүртээ 10 мянган төгрөгөөр өгөөд 20 хувь нэмж зараад 12 мянган төгрөгөөр зарж борлуулах боломжтой. Тэгэхээр Номин үүнийг дагаад үнээ буулгах ёстой. Өрсөлдөөнийг хязгаарласан гэдэг нь энэ байгаа юм. Хоёрдугаарт, нийтийн ашиг сонирхолд харшилсан буюу үнийн өсөлтийг хөөргөх үндсэн ажлыг энэхүү гэрээний заалтаар хийж байсан нь тогтоогдсон. Дээрээс нь дотоодын жижиг дунд бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчид янз бүрийн саван, тос үйлдвэрлэлээ гэдэг зар тавьдаг. Тэрхүү үйлдвэрлэгч рүү холбогдоод “Танайхаас бараа бүтээгдэхүүнийг чинь авъя, манайхаар худалдан борлуулж болох уу” гэж санал тавихаар “Манайх Номинтой гэрээтэй. Номингоос бөөний үнээр худалдан ав” гэдэг гэрээ байгуулчихсан. Тэгэхээр Номин бүх юмны үнийг тогтоож байжээ. Үүний үр дагавар маш том гэдгийг олж харах ёстой. Иргэд захын үнэ Номингоос үнэтэй, бусад дэлгүүр Номингоос үнэтэй гээд байдаг. Гэтэл бүх дэлгүүрийн үнэтэй байх асуудлыг Номин гэрээний заалтаараа шийддэг байсан болж таарсан. Зах зээлийн өрсөлдөөнийг зөрчсөн энэ асуудлыг бид баримтаар нотолсон. Тиймээс энэ асуудалд арга хэмжээ авсан.

-Тухайн зөрчлөө засахгүй бол дараагийн удаа арга хэмжээ авах вэ?

-Бид мөнгөн торгууль тавиад энэ гэрээний заалтаа гэрээнээсээ хас гэдэг албан шаардлага, даалгавар хүргүүлсэн. Тэгэхээр энэ хоёр хоёулаа хэрэгжих ёстой. Мөнгөн торгуулиа төлөөд, гэрээнээсээ тус заалтаа хасах ёстой. Хэрвээ үүнийг хэрэгжүүлэхгүй бол бид шүүхээр албадан шийдүүлэх арга хэмжээг авна. Мөн энэ ноёлох үйл ажиллагаагаа дахин явуулах юм бол бид дахин энэ байгууллагыг Өрсөлдөөний тухай хуулийн дагуу тусгаарлах буюу хуваах арга хэмжээ авах талаар шүүхэд хүсэлт тавих эрхтэй.

-Хэрэв “Номин” сүлжээ дэлгүүр тухайн заалтаа хасвал бусад дэлгүүр “Номин”-гоос хямд үнээр зарах боломжтой болох нь байна тийм үү?

-Тэгнэ гэсэн үг. Тэгэхээр “Номин” үйлчлүүлэгчээ татахын тулд өөрсдөө үнээ хямдруулна гэсэн үг. Бодит кейс ярья л даа. Нэг үйлчлүүлэгч Номинд 3900 төгрөгөөр зарагдаж байсан ундааг “Оргил” худалдааны төвөөс 3600 төгрөгөөр авчээ. Тэгэхээр нь нөгөө хямд үнийн баталгаа нугалж өгнө. Өөр газар манайхаас хямд байвал манайд мэдэгдээрэй гэдэг болохоор нь “Номин” руу яриад “Энэ ундаа “Оргил”д 3600 төгрөгөөр зарагдаж байна” гэсэн чинь “Бид шалгаад эргээд хэлье” гэсэн. Шалгаад “Үнэхээр тийм байна. Манайхаас хямд зарагдаж байгаа нь үнэн юм байна. Гэхдээ бид манай үнээр заруулахаар боллоо” гэсэн байгаа юм. Гэтэл нөгөө хэрэглэгч тэндээс хямд авах боломжтой байсан бараагаа “Номин”-гоос бүр хямдаар авах гэж мэдээлсэн боловч “Оргил”ын үнийг нэмчихсэн. Үүнд “Оргил” худалдааны төв оролцоогүй. Нийлүүлэгчтэйгээ яриад үнийг нэмүүлчихэж байна гэсэн үг. Тэгэхээр бүх сүлжээ дэлгүүр, зах худалдааны төв, жижиг дэлгүүрүүдийн үнийг “Номин” хянадаг гэсэн үг. Үүгээрээ иргэдийг төөрөгдүүлээд, “Номин” хамгийн хямд гэсэн ойлголт өгдөг байж. Иргэд “Номин”гоос хямд үнээр зарагдаж байгаа газрыг мэдэгдээд урамшуулах нь гэж ойлгоод, олон мянган хүн “Номин”гийн хянагч шиг ажиллаад байсан боловч бүх юмны үнийг өсгөх, хямд зарж байгаа газруудыг дарамталдаг, хямдаар нийлүүлсэн нийлүүлэгчдийг дарамталж, үнийг өсгөх асуудал явагдаж байжээ. Тэгэхээр олонд танигдаагүй жижиг газар, үйлдвэрлэгчид олон нийтэд танигдахын тулд “Номин”д хямд үнээр бараагаа нийлүүлж, бусад газрууд “Номин”гоос бөөний үнээр авдаг жишиг тогтоосон аж. Энэ зүйл маш олон жил явагдсан. Иргэд үүнд нь төөрөгдөөд, “Номин” хамгийн хямд гэдэг ойлголттой болчихсон. “Шарк танк”-д орсон хүмүүс ч “Номин” энэ мэтээр дарамталдаг тухай ярьж байсан.

-“Номин” зөрчлөө арилгах сүүлийн хугацаа нь хэзээ вэ?

-Бид биелэлтээ хангах хугацааг нь тооцоод 30 хоногийн хугацаатай хүргүүлдэг. Тэгэхээр энэ сарын 10ны өдөр зөрчлөө арилгах албан даалгаврыг өгсөн. Арванхоёрдугаар сарын 10-ны өдрөөр дуусгавар болно гэсэн үг.

-Мөн лангуу болон кассын үнэ зөрдөг тухай гомдол мэдээлэл их явдаг. Үүн дээр ямар арга хэмжээ авсан бэ?

-Удаа дараа бид энэ асуудлаар хяналт шалгалт хийж 5.5 сая төгрөгөөр торгоод явдаг байсан. Сүүлд энэ талаар зөвлөмж гаргаад хэлэлцүүлэг хийгээд Миний сүлжээ дэлгүүр зөв бичилтийн амлалт арга хэмжээ авч эхлүүлсэн. Хэрвээ ямар нэг байдлаар касс болон лангууны үнэ зөрвөл хямд үнээр нь олгоно гэсэн амлалт гаргаж байгаа юм. Миний дэлгүүр өөрсдөө үнээ сольж амжаагүй алдаа гаргасан бол тэр алдаагаа өөрсдөө үүрээд лангуун дээр 3000, кассанд 3500 гэсэн бол хямдаар нь буюу 3000 төгрөгөөр хэрэглэгчид өгье. Өөрсдөө 500 төгрөгнийхөө алдааг үүрье гэдэг санаачилгыг гаргасан байна лээ. Энэ бол маш зөв зүйтэй санаачилга гэж харж байгаа. Тиймээс Миний дэлгүүрийн санаачилгыг бүх дэлгүүрүүд хэрэгжүүлээч гэж санал тавьж байгаа. Дээр дурдсан зөрчил илэрсэн дөрвөн компани бий. Үүнээс нэг компани манай байгууллагын эсрэг шүүхэд хандан гомдол гаргасан байна лээ. Манай байцаагчийн шийдвэрийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан. Ямар үндэслэлээр гаргасан бэ гэхээр манай байгууллагыг удирдамжтай хяналт шалгалт хийхдээ удирдамжаа тухайн дэлгүүрт эхэлж явуулаад, түүнээсээ тав хоногийн дараа шалгалтаа явуулах ёстой байсан гэнэ. Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар урьдчилж тав хоногийн өмнө мэдэгдэх ёстой байхад шууд очиж шалгасан гэдэг үндэслэлээр манай шийдвэрийг хүчингүй болгочихсон. Тиймээс бид дахин Давж заалдах шатны шүүхэд хандана. Манай байгууллага Өрсөлдөөний хуулийн дагуу удирдамжтай, төлөвлөгөөтэй, мэдээллийн дагуу хяналт шалгалтыг хийдэг. Хэн танайхыг тав хоногийн дараа очиж шалгана шүү гэж мэдэгдчихээд шалгаад зогсож байх вэ. Тэр хооронд зөрчлөө засаад байж байна шүү дээ. Ийм сонин асуудлыг шүүхээс тавьж байгаад харамсалтай байна. Давж заалдах шатны шүүхэд хандаад эцсийг нь хүртэл явна. Бид Төрийн албаны тухай хуулиар биш, Өрсөлдөөний тухай хуулиар төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийсэн.

Categories
мэдээ нийгэм

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээврийн мэдээллийг шилэн болгожээ DNN.mn

“Эрдэнэс Монгол” ХХК Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хатуу хучилттай авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслийн мэдээллийг ил тод нээлттэй болгосон бөгөөд хүссэн иргэн, компани аж ахуйн нэгж http://erdenesmongol.mn цахим хуудсанд нэвтрэн танилцах боломжтой болжээ.

“Эрдэнэс Монгол” компани Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км хатуу хучилттай авто замын байнгын бэлэн байдал, бүртгэл мэдээллийг хариуцан ажилладаг. Тус авто зам дагуу хоёр байршилд 2022 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн тээврийн хэрэгслийн дугаар танигч бүхий ухаалаг камерын системийг нэвтрүүлэн хөндлөнгийн хяналтыг сайжруулж эхлээд байна.

Хяналтын камерын систем байршуулснаар нүүрс тээврийн автомашинууд шалган нэвтрүүлэх цэгийг тойрч гарах, нүүрс тээврийн том оврын автомашиныг жижиг оврын гэж бүртгэх, зарим автомашиныг бүртгэлгүй, хураамжгүй нэвтрүүлэх цаашлаад хууль бус нүүрс тээврийн зөрчлүүд арилах юм.

Хяналтын камерын мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.

2022 оны 11-р сарын 15-ны 20 цагаас 11-р сарын 16-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Монгол-Алтайн уулархаг нутаг болон говь, хээрийн нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр -19…-24 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр -13…-18 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0…-5 хэм, бусад нутгаар -7…-12 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -9…-14 хэм, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр -3…-8 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5…+10 хэм дулаан, бусад нутгаар -2 хэм хүйтнээс +3 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -16…-18 хэм, бусад хэсгээр -9…-11 хэм хүйтэн, өдөртөө 0 хэм орчим байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -22…-24 хэм, өдөртөө -6…-8 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -19…-21 хэм, өдөртөө -0…-2 хэм хүйтэн байна.


2022 оны 11 дүгээр сарын 17-ноос 11 дүгээр сарын 21-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

17-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17-нд Алтайн уулархаг нутгаар, 18-нд нутгийн зарим газраар, 19-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр ширүүснэ. Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө -23…-28 хэм, өдөртөө -10…-15 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -18…-23 хэм, өдөртөө -3…-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0…-5 хэм хүйтэн, өдөртөө +5…+10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө -9…-14 хэм хүйтэн, өдөртөө -3 хэм хүйтнээс +2 хэм дулаан байна. 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 19-нөөс ихэнх нутгаар хүйтэрнэ.

Categories
мэдээ спорт

Жюү жицүгийн ДАШТ-ээс 3 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль хүртжээ DNN.mn

Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод зохион байгуулагдсан жюү жицүгийн ДАШТ болж байна.

Тус тэмцээн энэ сарын 11-нээс 19-ний хороонд зохион байгуулж буй 14 дэх удаагийн “World pro jiujitsu championship” тэмцээнд Монгол Улсаас 134 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцож байна.

Монголоос өсвөрийн 53 эрэгтэй тамирчин дэлхийн дэвжээнд өрсөлдөж, гурван алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртжээ. Абу Даби хотноо үргэлжилж буй “World pro jiujitsu championship” тэмцээний дөрөв дэх өдөр Өсвөр үеийн хөвгүүдийн ДАШТ болж өндөрлөв.

Монгол Улсаас медаль хүртсэн тамирчдыг дараах байдлаар танилцуулья:

Э. Бат-Эрдэнэ -62 кг-ын жинд алтан медаль /Баялаг дэвжээ/

Б. Билгүүнтэй -45 кг-ын жинд хүрэл медаль /112 fight academy/

Д. Чингүүнжав -66 кг-ын жинд алтан медаль /Ральф Грэйси Монгол академи

Б. Амгаланбаатар -84 кг-ын жинд мөнгөн медаль /Их шавь дэвжээ/

Б. Өрнүүнбилэг -62 кг-ын жинд хүрэл медаль / Баялаг дэвжээ/

Д. Мөнгөн-Очир -78 кг-ын жинд хүрэл медаль /Баялаг дэвжээ/

Б. Бат-Эрдэнэ -72 кг-ын жинд хүрэл медаль /Их шавь дэвжээ/

Б. Энхбат -66 кг-ын жинд алтан медаль / Ральф Грэйси Монгол академи/

Ч. Чинзориг -42 кг-ын жинд мөнгөн медаль / Ид шидийн орон- Magic13/

Б. Жавхаамандах -62 кг-ын жинд мөнгөн медаль /Архангай аймаг/.

Categories
мэдээ улс-төр

АН: 2023 оны улсын төсөвт бүхэлд нь хориг тавихыг шаардаж Ерөнхийлөгчид албан шаардлага хүргүүлж байна DNN.mnDNN.mn

Ардчилсан Нам (АН)-аас 2023 оны төсөв батлагдсантай холбогдуулж мэдэгдэл хийлээ. Энэхүү мэдэгдлийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд 2023 оны төсөвт хориг тавьж өгнө үү хэмээх шаардлагыг хүргүүлэв.

АН-ын гишүүн Д.Ганбат “АН-ын зүгээс Монгол Улсын 2023 оны төсвийн төсөлд удаа дараа шаардлага тавьж байсан. Сүүлийн зургаан жилийн хугацаанд байнгын алдагдалтай төсөв баталж байна. 202З оны төсвийг зургаан жилийн өмнөх төсөвтэй харьцуулбал гурав дахин нэмэгдсэн. Гэвч Монголын ард түмний амьдрал гурав дахин сайжирсан уу гэвэл үгүй харин хоёр дахин уналаа. Хуучин гурван хүний нэг нь ядуу байсан бол одоо хоёр хүний нэг нь ядуу болсон. 19 их наяд 50 тэрбумын төгрөгийн орлоготой, 20 их наяд 475 тэрбум төгрөгийн зарлагатай төсөв батлагдлаа. Үүний алдагдал нь 1.4 их наяд төгрөг болж байна. 2023 он ард иргэдийн хувьд хүнд жил байх болно” хэмээлээ.

АН-ын дарга С.Эрдэнэ “АН 2023 оны улсын төсвийн боловсруулалт, ажиглалт, үйл ажиллагааны талд эрх баригчидтай ойлголцох, иргэдийн санал бодлыг тусгаж мэргэжлийн судлаач нартай хамтарч байр сууриа илэрхийлж ирсэн. Монгол Улсын 2023 оны улсын төсвийн төсөл үнэхээр шаардлага хангахгүй байна. Монгол Улсын Ерөнхийлөгч үндсэн хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд буюу 2023 оны төсөвт хориг тавих саналыг бидний зүгээс тавьж байна. Энэхүү төсвийг дахин хэлэлцэж, ард иргэдийн амьдралд нийцүүлж өгнө үү” гэв.

Нийслэлийн АН-ын дэд дарга А.Цэрэнбат “2023 оны төсвийн төсөлд бүхэлд нь хориг тавьж өгнө үү хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэдэгдэл хүргүүлж байна. Дэлхий дахинд геополитикийн зөрчилдөөн болон хөгжингүй орнуудын мөнгөний хатуу бодлого, БНХАУ-ын тэг ковидын бодлого, эд хөрөнгийн зах зээлийн хямралаас үүдэлтэй эдийн засаг саарах эрсдэлтэй туйлын хүнд үед Монгол Улсын Засгийн газраас 2023 оны нэгдсэн төсвийг өргөн барьж, УИХ-аас 2022 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр хэлэлцэж, яаран баталлаа. Монгол Улсын түүхэнд байгаагүй буюу хэт тэлсэн 20 их наядын төсөв батлагдсаныг АН-ын зүгээс эрс эсэргүүцэж байна.

Төсвийн зарлагыг өндөр байлгахын тулд орлогыг хэт өөдрөгөөр төсөөлсөн нь төсвийн тухай хуулийн 27.1.2-т заасан заалтыг зөрчсөн байна. Эдийн засгийн хямралтай цаг үед МАН-ын зүгээс хэрэгжүүлж буй тооцоо, судалгаагүй бодлого нь ядуу иргэдийн тоог нэмэгдүүлж, ААН-ийн хаалгаа барих нөхцөлийг бүрдүүлж байна. Ийм бүдүүлэг алдааг Африкийн хамгийн хоцрогдсон цөөн улсын жишээнээс харж болно. Мөн Монгол Улс халамжид их хэмжээний төсөв зарцуулдаг гэдгийг НҮБ-ын Монгол Улсын хөгжлийн төлөв байдлын шинжилгээнд онцолсон байдаг” хэмээн ярилаа.

Categories
гадаад мэдээ

Гуанжоуд хөл хорио тогтоов DNN.mn

“Covid-19” халдварын бүртгэгдсэн тохиолдол огцом нэмэгдсэнээр Хятадын өмнөд хэсгийн үйлдвэрлэлийн төв Гуанжоуг хөл хорионд оруулжээ. Ингэснээр олон улсын нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулж, дэлхийн хоёр дахь том эдийн засгийн өсөлтийг огцом удаашруулсан санхүүгийн дарамтыг улам нэмэгдүүлж байна. Бараг таван сая хүн амтай дүүргийн оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг тушааж, гэр бүлийн нэг л гишүүн өдөрт нэг удаа гарч хэрэгцээт зүйлсээ худалдаж авахыг зөвшөөрсөн гэж орон нутгийн эрх баригчид мэдэгдэв. 13 сая хүн ам шигүү суурьшсан хотод сүүлийн 24 цагийн дотор 2,500 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэний дараа уг тушаал гарчээ.

Гуанжоу хотын ихэнх хэсэгт нийтийн тээврийг түр зогсоож, сургуулиудыг хааж, Бээжин болон бусад томоохон хот руу хийх нислэгийг цуцалсан гэж төрийн хэвлэл мэдээллээ.

Г.Амарсанаа