Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Энхбаяр: Ч.Хүрэлбаатар бол мэргэшсэн хулгайч DNN.mn

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нар дахиад л ам зөрөв. Тэд анх LRT төслөөс болж ам зөрж байсан удаатай. Энэ удаа УИХ-ын гишүүн Б.Энхбаяр байнгын хорооны хуралдааны үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг “Мэргэшсэн хулгайч” хэмээн цоллосон бол үүний хариуд тэрээр Б.Энхбаяр гишүүнийг “Эрүүл үү, эргүү юү” хэмээн жиргэсэн байв.


УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: -Төр хувийн хэвшлийн түншлэлийн хуулийг бол зарчмын хувьд дэмжиж байгаа ч хэрэгжүүлэх сайд Ч.Хүрэлбаатарт итгэхгүй. Яагаад гэхээр Ч.Хүрэлбаатар бол мэргэшсэн хулгайч. Энэ хүн Сангийн сайдаар ажиллах хугацаандаа гадны зээлүүдийн жагсаалтыг гаргаж авсан. Зээлийн долоон төсөл хэрэгжүүлсэн байна. Нийт үнэ нь 439 сая ам.долларын дүнтэй. Эдгээр төсөл өөрийнх нь сонгогдсон тойрог багтсан байна. Энэ авсан зээлийг Монголын ард түмэн татвар төлөгчид төлж байгаа. Мөнгө угаагаад байгаа юм уу. Энэ мөнгөөр юу хийхийг сайд шууд тохирдог. УИХ-аар энэ задаргаа нь ордоггүй. Бүр засгаар ч ордоггүй. УИХ-аар тэдгээр зээлүүдийнх нь эргэн төлөлтийг төсвөөс төлөгдөх нөхцөлтэй гэдгээр улсын төсөвт ерөнхий дүнгээр шууд баталж ард түмэн төлж явдаг. 439 сая ам.доллараар нэг хүнийг сайд дарга болгож, сонгогчдыг нь эрхлүүлэх гэж. Ямар үнэ цэнэтэй суудал вэ. Одоо тэр сайд маань тэр хуулийг хэрэгжүүлэх гээд Эдийн засгийн хөгжлийн сайд болчихсон.

Яг энэ схемээр, төсвийн хуулиар мэргэшсэн хүн учраас би Ч.Хүрэлбаатарыг “мэргэшсэн хулгайч” гэж хэлсэн. Үүнийг нь судлаад үзэхээр ерөөсөө Их хуралд танилцуулахгүй. Өөхөнд боочихсон. Юу юм бүү мэд. Төсөвт олон улсын байгууллагуудад зээлээр хүлээсэн үүрэг гэдэг ганц өгүүлбэрээр сууж байгаа. Та бүхэн анзаараарай. Жил бүр хоёр их наяд, гурван их наяд нэг тэрбум ам.доллар шүү. Нөгөө нөхрийг сайд, дарга болгоход сонгогчдыг хахуульдахад зориулж гадаадаас зээлсэн мөнгийг бид жил бүр нэг их наядаар төсөвт суулгаж байна. Тэрний задаргааг ерөөсөө УИХ-д танилцуулдаггүй. Бид нарт бөөн дүнгээр танилцуулдаг. Олон улсын өмнө хүлээсэн зээлийн гэрээгээр хүлээснээ төлөхгүй бол Монгол Улс дефолт болно. Тэгэхээр та хэд үүнийг батлахаас өөр аргагүй гэж хэлдэг.

Энэ бол Сангийн яамныхны жижүүрийн үг шүү. Яг ийм замаар төсвийн хулгай хийгээд мэргэшсэн. Төсвийн хулгай дээр нэмэх нь хуулийн хулгай. Ингэхээр мэргэшсэн хулгайч болчихож байгаа юм.


Ч.Хүрэлбаатар: Б.Энхбаяр эрүүл үү, эргүү юү?

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Намайг Сангийн сайд байхад Увс аймагт 440 сая ам.долларын зээлийн төсөл хэрэгжсэн гэж энэ нөхөр худлаа попорч, бас гүтгэжээ. Энэ хүн эрүүл үү. Эргүү юү?


Categories
мэдээ нийгэм

АТГ-аас ‘Нүүрсний хулгай’-н хэрэгт 33 хүнийг дуудан байцаажээ DNN.mn

Засгийн газраас “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томилж, бүх гэрээг нээлттэй болгох ажлыг эхлүүлээд буй. Тус компани дээрх бүх гэрээг ил тод болгож байгаагийн цаана бүртгэлгүйгээр гаргасан нүүрсний тоо хэмжээ, цаад хамаарлыг олж тогтоохоор ажиллаж байгааг мэдээлсэн.

Тэгвэл АТГ-аас өчигдөр үдээс өмнөөс эхлэн ‘нүүрсний хулгай’-н хэрэгт холбогдуулан 24 объектод нэгжлэг хийж, 33 хүнийг дайчлан байцаасан гэж эх сурвалж мэдээллээ.

Тухайлбал, урьд шөнө Тавантолгой төмөр зам ХХК-ийн хэд хэдэн объектод нэгжлэг хийж, тус компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг байцаасан байна. Цаашлаад АТГ-аас “нүүрсний хулгай”-н хэрэгт холбоотой хэд хэдэн хүнийг яллагдагчаар татах, дайчлан баривчлах саналыг прокурорт хүргүүлэх бололтой.

Categories
мэдээ утга-зоxиол

“Хэнз хурга-2022” хүүхдийн зохиолчдын яруу найргийн наадам боллоо DNN.mn

Монголын шинэ орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 116 жилийн ой өнөөдөр тохиож буйг угтан өчигдөр “Хэнз хурга-2022” хүүхдийн зохиолчдын яруу найргийн наадам боллоо.

May be an image of 2 people and people standing

Үүнд 50 гаруй зохиолч оролцсоноос тэргүүн байрыг МЗЭ-ийн гишүүн, Монголын зохиолчдын эвлэлийн хүүхдийн зохиолын үндэсний төвийн тэргүүн О.Сундуй, дэд байрыг доктор, профессор Д.Батжаргал, гутгаар байрыг яруу найрагч, зураач, зохиолч, “Алтан-Өд” шагналт М.Амархүү, тусгай байрыг залуу зохиолч Э.Энхтөгс, яруу найрагч, зохиолч Ш.Бадарч нар тус тус эзэллээ.

May be an image of 7 people, people standing and indoor

Categories
мэдээ спорт

Э.Буджавыг “Олимпийн алдар” одонгоор шагнажээ DNN.mn

Гир буюу туухай өргөлтийн 2022 оны ДАШТ Энэтхэг Улсын Дели хотноо болж, 18 орны 250 гаруй тамирчин өрсөлдөхөд Монгол Улсын тамирчин Э.Буджав амжилттай оролцож, хос алтан медаль хүртсэн юм. Тэрбээр үүнээс өмнө Азийн аваргаас хос мөнгөн медаль хүртээд байсан билээ. Улсынхаа нэрийг гаргасан тамирчин Э.Буджавыг МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган хүлээн авч уулзан “Олимпийн алдар” одонгоор шагнаж урамшууллаа.

Энэ үеэр Э.Буджав “Миний амжилтыг үнэлж шагнасан МҮОХ-нд талархлаа илэрхийлье. Миний хувьд ДАШТ-ий 68 кг-ын жинд огцомоор 119 удаа савж, 149 удаа түлхсэн үзүүлэлтээр хоёр алтан медаль хүртсэн. Үүнээс өмнө тивийн аваргаас хос мөнгөн медаль аваад байлаа. Туухай өргөлт бол бүх тулааны спортын суурь болдгоороо онцлогтой. Би энэ спортоор хичээллээд долоон жил болж байна. Энэ спорт Монгол Улсын зэвсэгт хүчний хэмжээнд өндөр түвшинд хөгжсөн. Зэвсэгт хүчинд туухай өргөдөг, надаас мундаг тамирчин олон бий” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Нийгмийн халамж, үйлчилгээнд хамрагдах хүний тоо өмнөх оны мөн үеэс 1.1 саяар буурсан” гэв DNN.mn

Энэ оны эхний арван сарын байдлаар нийгмийн халамж, үйлчилгээнд хамрагдах хүний 1.3 сая хүн болж, өмнөх оны мөн үеэс 1.1 сая хүнээр буюу 46.6 хувь буурчээ.

Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчдыг харвал:

  • Насны хишиг- 13%
  • Эхийн алдар одонгийн мөнгөн урамшуулал -19%
  • Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж -20.3%
  • Нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмж -24.6%
  • Бусад – 23.1%-ийг эзэлж байна.

Нийгмийн халамжийн үйлчилгээнд олгосон тэтгэвэр тэтгэмж, тусламж, үйлчилгээ хөнгөлөлтөд 2022 оны эхний арван сард нийт 433 тэрбум төгрөгийг олгосныг ҮСХ-ны Нийгмийн салбарын статистик үзүүлэлтүүдийг Хамтын ажиллагаа, тархаалтын хэлтсийн ахлах статистикч Д.Баасан хэллээ.



Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ирэх долоо хоногийн пүрэв гаригт бүх нийтээрээ амарна DNN.mn

Монгол Улсад жил бүрийн арваннэгдүгээр сард бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр хоёр удаа тохиодог.

Тодруулбал өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу Их Эзэн Чингис хаан мэндэлсэн өдөр, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр нийтээрээ амрах хуультай.

Энэ жил өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн арваннэгдүгээр сарын 24-ний пүрэв гаригт таарч байгаа бол улс тунхагласан өдөр арваннэгдүгээр сарын 26-нд амралтын өдөр тохиож байна.

Өөрөөр хэлбэл ирэх долоо хоногийн пүрэв гарагт бүх нийтээрээ амарна.

Categories
гадаад мэдээ

Хүмүүс хэдэн зуун мянган жилийн өмнө гал ашиглаж байжээ DNN.mn

Хүмүүс урьд өмнө бодож байснаас хэдэн зуун мянган жилийн өмнө галыг хоол хийхдээ ашиглаж эхэлсэн. Ийм дүгнэлтэд Израилийн мэргэжилтнүүдээр ахлуулсан олон улсын судлаачид 780 мянган жилийн өмнө идэж байсан загасны үлдэгдлийг Израилийн хойд нутгаас илрүүлсэн байна.

Өнөөг хүртэл түүхчдэд олдсон баримтаас үзэхэд хүмүүс МЭӨ 170,000-аас эхлэн гал дээр хоол хийж эхэлсэн гэдэг. Гэсэн хэдий ч шинэ олдворууд нь эртний хүмүүсийн амьдралын талаархи ойлголтыг эрс өөрчилж байна.

Тибериас нуураас 14 км-ийн зайд (Израильд үүнийг Киннерет нуур гэж нэрлэдэг) Иордан голын эргээс археологийн малтлага хийх явцад хоёр метр мөрөг шиг загасны үлдэгдэл олдсон байна. Загасны шүд нь маш сайн хадгалагдсан бөгөөд эрдэмтэд паалан дээрх талстаас нь харахад галд шууд өртөөгүй, харин бага температурт чанаж болгосон болохыг тогтоожээ. Хүн төрөлхтөн түүхий хоол идэхээс чанаж болгосон хоолонд шилжих нь түүний хөгжлийн хамгийн чухал үе шатуудын нэг гэж эрдэмтэд итгэлтэй байна. Малтлагыг удирдаж байсан Иерусалимын Еврей их сургуулийн Наама Горен-Инбар хэлэхдээ “Хоол хийх ур чадвар эзэмшсэн нь хүн төрөлхтөн хүнсний нөөцөө оновчтой ашиглах нэмэлт арга замыг олж авснаар хувьслын томоохон үсрэлт болсон байна” гэж хэлэв. Уг экспедицид Их Британи, Германы археологичид мөн оролцож байна. “Түүгээр ч барахгүй хоол хийхдээ зөвхөн загасаар зогсохгүй төрөл бүрийн амьтан, ургамлыг хийсэн байж магадгүй” гэж тэр хэлэв. Эртүеийн малтлага хийсэн газар нь Хула нуур байсан бөгөөд тэнд загас ихтэй байжээ. Хүмүүс 1950-иад онд хумхаа үүсгэгч шумуулын эсрэг тэмцэл хийснээр уг нуур шумуул ч үгүй загас ч үгүй болсон байна.

Тухайн газраас олдсон бусад археологийн баримтууд нь нуурын эрэгт хэдэн арван мянган жилийн турш анчиновог аймгууд нутаглаж байсныг харуулж байна. Судлаачид Хула болон бусад цэнгэг усны усан сангуудын байршлыг үндэслэн анхдагч хүмүүсийн Африк тивээс Левант болон түүнээс цааш нүүдэллэх маршрутыг гаргах боломжтой гэж үзэж байна.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

“Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөөг танилцуулав DNN.mn

Жендэрийн үндэсний хорооны 2022 оны 2 дугаар тогтоолоор батлагдсан “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө (2022-2031)”-г Гадаад харилцааны яамны албан хаагчдад танилцуулах арга хэмжээ 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр болов.

Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн ахлагч Б.Онон, Жендэрийн үндэсний хорооын Ажлын албаны Салбар дундын бодлого зохицуулалт, хууль тогтоомжийн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн О.Буянаа нар уг төлөвлөгөөний шаардлага үндэслэл, зорилго зорилт, үйл ажиллагааны чиглэл болон гадаад харилцааны салбарт хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулав.

Энэхүү төлөвлөгөө нь Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг дэмжиж, ирэх арван жилд төр, төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд хамтран хэрэгжүүлэх салбар дундын стратеги төлөвлөгөө юм.

ГХЯ-ны зүгээс жендэрийн эрх тэгш байдлыг хангах Монгол Улсын Дипломат албаны жендэрийн бодлогын баримт бичиг болон Дипломат албаны жендэрийн бодлогыг (2020-2025) хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө гарган хэрэгжилтийг нь ханган ажиллаж байна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Доржийн Гармаа: “Морьтой ч болоосой”-г бичихдээ хорь ч хүрээгүй байлаа DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ 2014 ОНЫ АРХИВААС… Зохиолч Доржийн Гармаатай хийсэн ярилцлагыг дахин нийтэлж байна.


Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Доржийн Гармаатай ярилцлаа


-Төрсөн нутаг ус, ээж, аавынхаа талаар дурсаач?

-Би Төв аймгийн Эрдэнэ сумын Шохойцагаан булаг гэдэг газар 1937 оны есдүгээр сарын 27-нд төрсөн хүн. Малчнаас ажилчин болсон айлын ганц хүү байгаа юм. Нэг эгч, нэг дүүтэй. Аав, ээж маань шохойн үйлдвэрт олон жил ажилласан улс. Тэгэхээр ажилчны хүүхэд гэмээр юм уу.

-Аавыг тань бурхны ном үзсэн мундаг хүн байсан гэж дуулсан. Тэгэхээр ажилчны хүүхэд гэж хэлж болохгүй байх аа?

-Тиймээ, аав минь бага наснаасаа хүрээ хийдэд шавилсан, гэвш цолтой нэлээд эрдэмтэй лам хүн байсан юм. Тогтохын Дорж гэж хүн байлаа. Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул. Гучин хэдэн оны үед лам нарыг хар болгож, ойр хавийн үйлдвэрүүдэд ажилчин болгосон юм билээ. Ийм түүхтэйгээр шохойн үйлдвэрийн ажилчин болсон хэрэг. Тэнд ажиллаж байхдаа ээжтэй танилцсан байдаг.

-Тийм эрдэмтэй, гэвш цолтой хүн номоо ор тас хаяагүй байх. Нууцаар ч гэсэн үздэг байсан болов уу?

-Өөрийнх нь зиндааны улс их ирнэ ээ.Тэр үед биднийг гэрт байлгахгүй, гаргачихна. Тэгээд л ном судраа ярьдаг байсан. Лам нар нууцаар уулзаж ярихыг зөвшөөрдөггүй хатуу үе байсан даа. Долдугаар ангид байхдаа би ааваас “Та надад төвд үсэг бичиг зааж өгөөч. Би таны үздэг номын учрыг олмоор байна” гэсэн чинь “Чиний ном тусдаа, миний ном тусдаа. Өөрийнхөө номд л хичээ. Тэгээд ч би намын гишүүн хүн. Чамд бурхны ном заавал толгой дээгүүрээ дээлээ нөмөрнө” гэснээс өөр үг хэлээгүй. Ингээд л хичээлдээ шамдаж долдугаар ангиа онц төгсөөд Санхүү эдийн засгийн техникумд сурч төсвийн нягтлан бодох гэдэг мэргэжил эзэмшиж өөрийнхөө мөрөөр явсан хүн.

-Ээж тань шохойн үйлдвэрт ажиллаж байсан гэхээр Төв аймгийн хүн байх нь ээ?

-Үгүй ээ, Хэнтийн Цэнхэр­мандалын хүн байгаа юм. Сумаасаа шохойн үйлдвэрт ирж ажиллаж байгаад аавтай танилцсан гэдэг. Цэцэн цэлмэг гэж жигтэйхэн сайхан хүн байлаа. Хэлж байгаа үг бүр нь шахуу зүйр цэцэн үг.

-Тэгэхээр таны авьяас ээжээс угтай байх нь?

-Үнэн үнэн. Үеийнхээ улстай хөөрөлдсөн ч, үр хүүхдүүдтэйгээ ярьсан ч дандаа толгой холбож ярьдаг бэлэн цэцэн үгтэй хүн байсан юм. Ээж шигээ бэлэн цэцэн үгтэй болохсон гэж багаасаа мөрөөднө гэж жигтэйхэн. Тэр мөрөөдөл минь уран бүтээлийн замд ороход нөлөөлсөн болов уу гэж боддог.

-Таны “Хөгжөөнтэй тууж”-уудыг уншаагүй хүүхэд гэж байхгүй байх. Цэдэн гэж зүггүй нөхрийн дүрийн жинхэнэ эзэн нь таныг гэж сонссон юм байна. Багадаа нэлээд зүггүй байжээ дээ?

-Зүггүй гэх нь хаашаа юм. Саваагүй талдаа байсан юм уу даа. Янз янзын юм бодож сэддэг, тэр үйлдлүүдээрээ хүмүүсийг гайхашралд оруулдаг хүү байлаа. Долдугаар ангид сурч байсан үе. Эрдэнэ сумын хойд энгэр дээр нөмрөг хадархуу маягтай ханан хад байсан юм. Тэр хадны энгэр дээр очиж лаа барьж ном уншиж байгаад дотуур байрныхаа багшид баригдаж байлаа. Бүр дүн өвлөөр.

-Яаж байгаа нь тэр вэ?

-Аавын үгнээс болсон хэрэг. “Сайн эрдэмтэй хүн агуйд даяанчилж том лам болдог” гэсэн үгийг нь л тэгж ухаж л дээ. Тэрийг нь дуурайж байгаа ухаантай юм даг уу даа. Даяанчилж эрдэмтэй хүн болох гэж зүтгэсэн нь тэр. Миний бага насны тухай П.Бадарч “Эрээвэр хураавар” гэдэг номондоо бичсэн байна лээ. Саяын хэлсэн үйл явдлыг “Гармаа чөтгөр болсон нь” гэдэг гарчигтайгаар биччихсэн харагдсан. Тэр хэсгийг нь би чамд харуулъя. (Өөрийн нь тухай бичсэн хэсгийг харуулав).

-“Гармаа архидсан нь” гэнэ үү. Бас тантай холбоотой түүх үү?

-Бас л суманд сурагч байх үеийн хөгтэй түүхийг биччихсэн байна лээ. Цэнхэрмандал суманд байгуулсан вольфрамын үйлдвэрт оросууд ирж буцна. Замаараа манай сумаар дайрдаг юм. Хааяа манайд ирээд явна. Нэг удаа өнөө оросууд чинь намайг байрнаас ирж аваад чихэр жимс боллоо. Зайдуу очоод архидаж байхдаа тоглоом шоглоомоор надад архинаасаа өгдөг юм. Би ч саваагүйтээд өнөөхөөс нь ууж орхилоо. Согтчихсон дотуур байрандаа хүргэгдэж ирж байсан юм. Ийм л саваагүй гэмээр хүүхэд байж дээ. Өө тэгээд иймэрхүү явдлын тухай ярья гэвэл өчнөөн түүх бий.

-Таны зохиолуудын хөдөөгийн ахуй зураглал хачин бодитой санагддаг. Үйлдвэрийн ажилчны гэрт өссөн гэхэд яг л мал дагаж өссөн болов уу гэмээр мэдрэмж төрөөд байдаг…?

-Бага нас маань шохойны үйлдвэрийн төв дээр өнгөрсөн л дөө. Аав үйлдвэрт ажиллаж байгаад шохойн үйлдвэрт тээвэр хийж, бааюу шатаах мод зөөдөг баахан тэмээг хариулахаар болсон юм. Нацагдоржийн нутаг Гүн галуутайд. Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт есөн жил тэмээ хариулсан юм. Тэр үед би хөдөөгийн хүүхдүүдтэй найзалж, хөдөөгийн амьдралыг таньж мэдэж, морь унаж чаддаггүй төвийн хүүхэд моринд гарамгай болж байлаа. Тэмээний хоёр бөхний хооронд босоо зогсчихоод тэшүүлж явдаг хүүхэд байсан даа. Тэр жилүүд хөдөөгийн амьдралыг таньж мэдрэхэд их тус болсон. “Морьтой ч болоосой” киног бичсэний үүтгэл үндэс суурийг би тэр он жилүүдэд олсон гэж боддог.

-“Морьтой ч болоосой” киноны зохиолыг бичихдээ та хорь ч хүрээгүй байсан гэсэн. Энэ зохиолыг бичих болсон түүхийг сонирхмоор байна?

-Их сонин түүх бий. Би тавиад оны дундуур гэнэт шарлав аа. Ээж нэг өдөр нүд рүү харснаа “Хөөх хүү минь шарлачихаж. Алив дүүгээ хот руу аваачиж эмнэлэгт хэвтүүл” гэж эгчид хэлээд биднийг хот явууллаа. Нэгдүгээр эмнэлэгт хэвтдэг юм. Хорин нэгэн бүхэлтэй. Бие хөнгөн гайгүй гэсэн үг. Манай өрөөнд дөрвөн хүн хэвтэж байсны нэг нь нэрт зохиолч Лхагвасүрэнгийн аав Бавуу гуай. Бие хөнгөн, уйддаг байсан учраас санаанд орсноо цаасан дээр буулгана. Тэр үед “Манай нутгийн хүү” нэртэй киноны ноорог бичдэг юм.

-Шуудхан л кино зохиол бичээд эхэлсэн хэрэг үү?

-Бас ч тийм биш ээ. Ч.Ойдов гуайн “Их жанжин Сүхбаатар танаа” гэдэг кино гараагүй байсан үе. “Туяа” сэтгүүлд кино зохиол нь хэвлэгдсэн байсан юм. Тэр зохиолыг уншчихсан чинь кино бичиж болмоор санагдаад болдоггүй. Тэр хүсэлдээ автаад бичиж эхэлсэн хэрэг. Хөдөө гадаа байсан янз бүрийн амьдралаа санаж байгаад бичлээ дээ. Өдөрт бичсэн хэдэн хуудас зохиолоо өрөөнийхөө хэдэд уншиж өгнө. Инээдмийн тал руугаа учраас нөгөөдүүл маань инээж байгаад сонсоно. Өглөө бүр л уншаарай гэнэ. Ялангуяа булангийн орон дээр хэвтэх Бавуу гэж хөгшин их сонирхоно. “Энэ чинь их зүгээр юм байна. Нэгдэлжих хөдөлгөөний сэдэвтэй ийм зохиол ерөөсөө байхгүй” гээд магтаж гарна. Намайг эмнэлгээс гарах үед “За хүү минь чи энэ зохиолоо Соёлын яам гэдэг газар заавал үзүүлээрэй. Одоо л яг хэрэгтэй зохиол шүү” гэж захидаг юм. Тэгэхээр нь эмнэлгээс гараад Кино үйлдвэр дээр яваад очлоо. Монгол дээл, эсгий гуталтай ямар л олигтой харагдав гэж. Кино үйлдвэрийн жижүүр “Ямар зорилгоор явна” гэж ширүүхэн асууж байна. “Кино зохиол бичсэн юмаа, тэрийгээ үзүүлэх санаатай” гэтэл “Цаашаа бай, яг одоо ажилчид цуглаж байна” гээд ад үзэх маягтай. Зайдуухан очоод зогслоо. Урамгүй зогсож байсан байлгүй. Гэтэл гаднаас нэг их том шар цүнх барьсан намхан пагдгар хүн ороод ирдэг юм. Над руу сүрхий харснаа “Энэ юун хүүхэд билээ” гэж байна. Өнөө жижүүр “Кино зохиол бичсэн ч гэл үү нэг юм яриад байсан. Ажил цуглаж байгаа болохоор цаашаа байж бай гэсэн юм” гэлээ. Өнөө хүн над руу ойртсоноо “Чи ямар хэргээр яваа гэнэ ээ” гэж лавлалаа. “Зохиол бичсэн юмаа, тэрийгээ үзүүлээд зөвлөгөө авах санаатай” гэтэл дагуулаад хоёрдугаар давхарт гарч даргын өрөөнд ордог юм. Туранхайдуу, инээмсэглэсэн царайтай аятайхан хүн сууж байна. Сүүлд нь улсын баатар болсон Нянтайсүрэн гуай. Тэр үед Кино үйлдвэрийн дарга байсан юм.

-Таныг дагуулж ордог нь Л.Ванган гуай юу?

-Яг тийм. Ванган гуай “За чи энэ хүнд учраа хэл” гэлээ. Би ч өнөөхөө давтлаа. Нөгөө хоёр хэсэг ярьж байгаад “Маргааш өглөө Уран сайхны зөвлөлийн хурал дээр зохиолоо авч ирээд унш” гэдэг юм. Өглөө нь иртэл баахан улс цуглачихаж. Бараг бүгдээрээ шахуу алтан үеийнхэн. Зохиолоо эхнээс нь аваад л чанга дуугаар уншиж гарлаа. Улсууд хөхрөлдөөд байх юм. Тэгж тэгж нэг юм дууслаа. Гэтэл Л.Ванган гуай “Энэ бидний хайж байсан зохиол мөн байна. Нэгдэлжих хөдөлгөөний сэдэвтэй. Дээр нь инээдмийн зохиол. Үүнийг дэмжье” гэлээ. Бүгдээрээ дэмжчихлээ. Тэгээд миний зохиолыг дөнгөж сая сургууль төгсч ирсэн Доржпалам гэж найруулагчид өгч “Чи энэ зохиолыг санаандаа хүртэл засуул” гэсэн юм. Долоо хоног хэртэй Доржпаламтай хамт сууж зохиолоо засч бэлэн болгосон. Тэр үед би Баянхонгор аймгийн Санхүүгийн хэлтсийн ерөнхий нягтлан байсан юм. “Манай нутгийн хүү” зохиол маань сүүлдээ “Морьтой ч болоосой” гэсэн нэртэй болсны учир гэвэл ийм түүхтэй. Уран бүтээл гэдэг бол нэг ёсондоо амьдралын хуулбар юм. Би зохиолоо амьдралаас сэдэвлэж бичдэг. Удвал гуай миний нэг номыг редакторлахдаа өмнөх үгэнд нь “Гармаа бол аливаа болсон, тохиолдсон явдлаас сэдэв авч бичдэг, буух эзэнтэй буцах мөртэй зүйлийг л голдуу бичдэг” гэж үнэлсэн байдаг. Би болсон тохиолдсон явдлаас сэдэвлэж гол зохиолуудаа бичсэн байдаг юм. Нэг жишээ нь “Морьтой ч болоосой”. Баянхонгор аймгийн санхүүгийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд очоод тэр намраа хөдөө явлаа. Сум руу хичээлдээ морьтойгоо явж байгаа бөөн хүүхэдтэй таарчихлаа. Гэтэл өнөөдүүл чинь манай машинтай уралддаг юм. Гийнгоолж, хөөрцөглөөд сүйд. Нөгөө хүүхдүүдийг машинаас түрүүлэхээр манай жолооч хаазаа нэмж урд нь гарч, манай жолоочийг түрүүлэхээр морьтой хүүхдүүд гүйцэх маягаар явсаар Галуут сум орж байсан юм. “Морьтой ч болоосой”-гийн анхны нооргийг тэр явдлаас сэдэвлэсэн. Хүүхдээр хийх нь онцгүй байсан учраас машинтай уралдаж болохоор, адуунд хорхойтой, хөнгөн нимгэн сэтгэлтэй хүн хэн байх вэ гэдгийг бодож байгаад Дондогийн дүрийг олсон. Дондог мэдээж эрэгтэй хүнтэй уралдахгүй гээд Янжмааг олсон. Ингэж “Морьтой ч болоосой”-г бичиж байлаа.

-Та Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн төгсөгч. Тэр үед зохиолчдыг нэлээд өндөр шалгуураар Горький явуулдаг байсан гэж зохиолчид ярьдаг. “Морьтой ч болоосой”-гоос өөр олонд хүрсэн ямар бүтээлээ туурвисан байсан бэ?

-“Морьтой ч болоосой” киноны дараа “Хөхөө гэрлэх дөхлөө” кино зохиолыг бичээд хоёулаа кино болчихсон, бас ч гэж нэлээд нэртэй зохиолчийн тоонд орчихсон, нас залуухан хорь дөнгөж гарсан үе л дээ. Зохиолчдын хорооны боловсон хүчний эрхлэгч Балдандорж гэж сайхан зантай хүн яруу найрагч Долгорын Нямаа бид хоёрыг дуудаж ямар сургуульд сурах саналтайг асуусан юм. Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд явах саналаа тэгж өгч байлаа. Намын төв хорооны нарийн бичгийн дарга байсан Төмөр-Очир гуайн хүү Галбадрах бас Нямаа бид хоёртой тэр жил Горький явсан. 1961 оны намар Горькийн нэрэмжит утга зохиолын дээр сургуульд очиход Галбадрахыг шүүмж судлал, Нямааг яруу найраг, намайг үргэлжилсэн үгийн зохиолын ангид хуваарилж байлаа. Биднийг оюутан үед тэнд сурч байсан залуусын ихэнх нь Орос зөвлөлтийн нэртэй том зохиолч, шүүмжлэгчид болсон. Миний багш Михайл Лаванов гэж утга зохиолын нэртэй шүүмжлэгч хүн байсан юм. “Хүнд хоёр төрлийн мэдлэг байдаг. Нэг нь амьдралын мэдлэг. Амьдралын мэдлэгтэй хүн уран зохиолд санаа зовох юмгүйгээр үзсэн харсан танилцсан хүмүүсийнхээ тухай, тэдний сэтгэл доторхыг уудлан бичиж чадна. Номын мэдлэг гэж бий. Ийм мэдлэгтэй хүн дуураймалдуу байдаг” гэсэн үгийг хэлэх дуртай хүн байж билээ. Нямаа бид хоёрыг очиход Д.Пүрэвдорж тавдугаар курст байсан юм. Дараа нь Пэрэнлэйн Лувсанцэрэн ирсэн. Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дээд курст Доржпалам, Тарваа, Сүхийн Доржпалам, Бааст, Чойжилсүрэн гээд мундгууд ирж сурч байлаа. Ийм мундаг хүмүүст зохиолоо уншиж өгч, зөвлөгөө авч явсан тэр үе бол миний хувьд олдошгүй завшаан болсон жилүүд. Москвад нэг жилд гэхэд манайхаас арваад зохиолч сурч байсан үе хүртэл бий.

-Долгорын Нямаа найрагчтай бол бүр үй зайгүй найзууд байсан биз?

-Бид хоёр чинь нэг өрөөнд таван жил хамтдаа сурсан. Гүндүүгүй, тогтуухан аятайхан зантай. Ойр байхад халамжтай залуу байлаа. Нямаагийн олон шүлгийн анхны уншигч нь би. Миний бичсэн олон өгүүллэг зохиолын анхны уншигч нь Нямаа. Бие биедээ уран бүтээлийнхээ тухай илэн далангүй ярьж, шүүмжилнэ. Бие биеэ хурцалж амьдарсан жилүүд байсан. Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд ойр байсан өөр нэг зохиолч нь Пэрэнлэйн Лувсанцэрэн. Томоохон улстөрийн сэтгүүлд ажиллаж байсан, орос хэлтэй, нэлээд хэдэн ном орчуулчихсан нэртэй гэж жигтэйхэн хүн Горькийд ирж байлаа. Москвад болдог томоохон улстөрийн уулзалтуудад гол төлөв хэлмэрчээр явна. Тусдаа өрөөтэй. Тэр өрөөг нь сургуулиас тохижуулаад өгчихсөн. Улстөрийн хэлээр яривал идэвхтэй, зарчимтай. Лувсанцэрэнгийн ажилсаг чанар нь надад нөлөөлсөн болов уу гэж боддог.

-Хүүхдийн зохиолчдоос хэнтэй нь илүү ойр байсан бэ?

-Д.Содномдорж нэг талаас миний багш, нөгөө талаас миний найз. Бие биенийхээ зохиолыг сонсоно. Гэр бүлээрээ нөхөрлөдөг байлаа. Өдийд амьдарч байсан бол өчнөөн сайхан зохиол төрөх байсан даа гэсэн харамсал сэтгэлийн гүнд байдаг. Залуугаараа бурхан болсон доо. Сэнгээ гуайг хүндэлнэ гэж. Байнга л дурсаж ярьдаг байсан юм. Анх цэцэрлэгийн эрхлэгч байхад нь Содномдоржийг гаргаж ирсэн хүн нь Д.Сэнгээ гуай. “Энхээ” гээд анхны номыг нь редакторлаж, өмнөх үг бичиж байсан хүн. Хар багаасаа үерхсэн найз гэвэл Ж.Дашдондог байна.Намайг Санхүү эдийн засгийн техникумын оюутан байхад Булганы арван жилийн аравдугаар ангийн сурагч Дашдондогоос гэсэн захиа ирж байлаа. Улс хувсгалын 40 жилийн ойд зориулсан зохиолын уралдаанд бүртгүүлсэн хүмүүсийн нэрсийг “Утга зохиол” сонинд нийтэлсэн байхад нь миний нэрийг хараад захидал бичсэн юм билээ.

Би тэр уралдаанд “Хувь заяа” гэдэг роман бичнэ гэж бүртгүүлж байсан юм. Утга зохиолд биенээ нөхөж явсан хоёр. Дашдондог анх “Наргиантай шүлгүүд” гэж шүлгийн ном гаргасан юм. Монголын хүүхдийн уран зохиолд инээдмийн аястай зохиол бий болоход нэлээд нэмэр болсон. Би дараахан нь “Хөгжөөнтэй туужууд” үргэлжилсэн үгийн зохиолоо бичсэн. Зөвлөлт холбоот улс, Хятад зэрэг хэдэн оронд хэвлэгдсэн энэ зохиол маань хүүхдийн уран зохиолд инээдмийн аястай зохиол бий болгох чиглэлээр бичсэн миний анхны бүтээл.

-Хүүхдийн зохиол одоо ямаршуу түвшинд хөгжиж байна гэж та боддог вэ?

-Хорь, гучаад тооны зохиолч байна. Номоо гаргаж, бичицгээж байна. Жараад он бол хүүхдийн зохиолын өрнүүн бадрангуй үе байсан. Зохиолчид нь өөр өөрийн бичлэгийн арга барилыг хүмүүст таниулж чадсан сайн зохиолууд бичиж байсан. Дашдондог, Давааням, Цэндсүрэн гээд нэрлэвэл олон. Зохиолч би гэж өөрийгөө гаргаж ирдэг арга байдаг л даа. Тэр үеийн зохиолчид зохиолч би гэдгээ гаргаж чадсан улс. Өнөөдрийн хувьд тэгж цойлж гарсан зохиолч хараахандаа алга.

-Та Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгсч ирээд зохиолчдын хороонд ажилласан хүн. С.Удвал гуайн талаар сайхан дурсамж яриач?

– Зохиолчдын хороог олон жил удирдахдаа зохиолчдоо гэсэн агуу сэтгэлтэй байсан учраас тэр үед Монголын утга зохиол үнэхээр хөгжсөн. Их зарчимч. Зохиолчдодоо эхийн сэтгэлээр хандана. Хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн. Ийм учраас зохиолчид Удвал гуайд их сайн. Зохиолчдын хороонд зургаа, долоон жил ажиллачихсан үед С.Удвал гуай өрөөндөө дуудлаа. Тэр үед чинь би санаачилж хийсэн юм ихтэй. Лодойдамба гуайн уран бүтээлийн анхны тайлан уулзалтыг Драмын театрт зохион байгуулчихсан, уран бүтээл ч дажгүй, судлаач шүүмжлэгчдээс авьяаслаг зохиолч гэсэн нэр авчихсан үе. Залуу учраас тэрэндээ овойж оцойх юм гарна аа бас, ажил төрлөө орхиж ийш тийш явах, зохиолчидтойгоо нийлж дарвих гээд байдаг болчихсон цаг. Удвал гуайг “Чамайг радиод өгөхөөр боллоо” гэхээр нь гайхсанаа нуусангүй. Тэр үед Удвал гуай “Нэгд чиний хүмүүжилд хэрэгтэй. Хоёрт чи гайгүй бичиж байгаа болохоор амьдрал үзэх хэрэгтэй. Радиогийн ажил хөдөө гадаа түмний дунд явдаг учраас чамд яг тохирно” гэснээс өөр юм хэлсэнгүй. Харин бүр сүүлд, радиод ажиллаад арваад жил болчихсон байхад “Чи тэр үед балгах дуртай болчихсон байсан. Ийм авьяаслаг зохиолчийг хар усанд алдаж болохгүй гэсэн бодол төрсөн учраас чиний хүмүүжлийг бодож нэлээд ажил ихтэй газарт шилжүүлсэн юм. Хөдөө гадаа явж амьдралыг таниг, мэдрэг ч гэж бодсон” гэж ярьж байж билээ.

-Горькийн нэрэмжит утга зохиолын сургуулийн оюутан залуу арван жилийн сурагч охинд дурлаж байсан үе таны намтрын сонирхол татсан хэсгийн нэг санагддаг?

-Ханьтайгаа танилцаж байсан яг тэр үеийнхээ талаар би “Анхны хайрын тууж”-даа бичсэн. Танилцсан түүхээ ямар нэг хэмжээгээр гаргасан байгаа. Анхны хайрын тухай зохиол бичих бүрдээ ханьтайгаа учирсан үеэ боддог. Горькийн нэрэмжит утга зохиолын сургуулийн оюутан байхдаа Төв аймгийн Эрдэнэ суманд Шохой цагаан булаг гэдэг газарт үдэшлэг дээр анх уулзаж бие биедээ дурлаж захиа бичиж, захианууд маань хайрын шувуухайнууд болж Москва, Эрдэнэ сум хоёрын хооронд нисч, бидний амьдрал эхэлсэн дээ. Гурван охинтой. Хоёр дахь нь өвчнөөр бурхан болсон. Өнөр олуулаа сайхан л амьдарч байна. Нэг инээдтэй гэмээр түүх ярья. Москвад сурч байхдаа ханиасаа захиа авлаа. Нэг удаагийн захиандаа хоёр цэцэг зурж холбоод яг гол хэсэгт нь жижигхэн нахиа зурчихаж. Дараагийн захианууд дээр өнөө нахиа нь томроод байдаг. Нямаа намайг бодвол туршлагатай, эхнэр хүүхэдтэй эр хүн. Өнөөхөөсөө асуутал “Чамд баяр хүргэе. Аав болжээ. Цаадах чинь үнэнийг хэлэхээс зовоод байгаа хэрэг. Ойлгуулах гэж байгаа нь энэ. Эхнэр чинь жирэмсэн болжээ” гэсэн. Тэгэнгүүт нь гарч гүйж вино авчраад Нямаатайгаа тулгаж ёсолж байлаа.

-Энэ бүтээл маань л дажгүй болсон доо гэж тоодог зохиол гэвэл алийг нь онцлох вэ?

-Хоёр кино бий. “Морьтой ч болоосой”, “Хөхөө гэрлэх дөхлөө”- г үзээгүй хүн байдаггүй юм. “Нарны унага” гэдэг кино эхнийхээ зохиолоор гараагүй ч одоогийн залуусын хийж байгаа аар саар киноноос дээр. Ер нь миний зохиолуудаас гадаадад хэвлэгдсэн, хүмүүст илүү хүрсэн нь “Хөгжөөнтэй туужууд”. Амьдралдаа болон найзууддаа тохиолдсон хөгжилтэй явдлаас сэдэвлэж бичсэн учраас нэлээд үнэмшилтэй гайгүй болсон болов уу. Шилжилтийн насныхны сэдэвтэй “Хөөрхий дөө, Болдоо минь” гэдэг зохиол байгаа. Тэр зохиолыг ханьтайгаа танилцсан үеэс сэдэв авсан. Бусад хүүхдийн хайрын захиа энэ тэрээс санаа авч бичсэн. Нэлээд уянгалаг аястай. Энэ зохиолдоо хайртай. Томчуудад зориулсан томоохон хэмжээний зохиолуудаас “Харуул Алтай” роман байна. Баруун Монголд тохиолдож байсан янз бүрийн бослого тэмцэл, хүмүүсийн үзэл санааны зөрчлөөс сэдэвлэсэн, зохиолоо бичих үед гол баатрууд нь амьд байсан учраас нэлээд гайгүй бүтээл болсон болов уу.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ эдийн-засаг

Валютын хадгаламж 4.6 их наяд төгрөг болжээ DNN.mn

Мөнгөний нийлүүлэлт (M2) 2022 оны аравдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 27.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 183.4 тэрбум төгрөг буюу 0.7% өссөнийг ҮСХ танилцууллаа.

Ийнхүү өсөхөд валютын харилцах 1.9 (82.2%) их наяд төгрөгөөр, валютын хадгаламж 611.4 (15.2%) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

Бага мөнгө (M1) буюу хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө болон төгрөгийн харилцах дансан дахь мөнгөний нийлбэр өнгөрсөн сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр ₮6 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх сараас 128.7 тэрбум төгрөг буюу 2.1% буурч, өмнөх оны мөн үеэс 358.5 тэрбум төгрөг буюу 6.3% өссөн байна. Бага мөнгөний

  • 5.3 (87.8%) их наяд төгрөг нь төгрөгийн харилцах,
  • 735.6 (12.2%) тэрбум төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө байна.

Бараг мөнгө тайлант хугацааны эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 21.2 их наяд төгрөг болж, өмнөх сар болон өмнөх оноос 1% хүрэхгүй хэмжээнд буурчээ.

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2022 оны аравдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр ₮1 их наяд болж, өмнөх сараас 6.9 (0.7%) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 81.6 (7.5%) тэрбум төгрөгөөр буурчээ.

Гадаад цэвэр актив буурсан бол дотоод цэвэр актив өссөн дүнтэй байна. Тодруулбал, Аравдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр

  • гадаад цэвэр актив 113.9 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 676.4 тэрбум төгрөг буюу 85.6% тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 4.2 их наяд төгрөг буюу 97.4% буурсан бол
  • дотоод цэвэр актив 27.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 468.1 тэрбум төгрөг буюу 1.8%, өмнөх оны мөн үеэс 4.4 их наяд төгрөг буюу 19.5% өсжээ.

Мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлтийг дотоод цэвэр актив бүрдүүлсэн байна.

  • Төгрөгийн хадгаламж аравдугаар сарын эцэст 12.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 152.8 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 2.7 их наяд төгрөг буюу 17.6% буурчээ. Төгрөгийн хадгаламжийн
    • 11.2 (90.3%) их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж,
    • 1.2 (9.7%) их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.
  • Валютын хадгаламж 4.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 26.8 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 611.4 тэрбум төгрөг буюу 15.2% өсжээ.