Улсын дээд шүүхээс банкны нэг хувийн шимтгэлтэй холбоотой шийдвэрийг өнгөрсөн баасан гаригт гаргажээ. Иргэн Г.Ариунаа арилжааны нэгэн банкнаас зээл авсан бөгөөд шимтгэлийн нэг хувийг хууль бус гэж үзэн шүүхэд хандаад байсан юм.
Улсын дээд шүүх энэ асуудлыг хэлэлцэн “Иргэний хууль, зээлийн үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан хуулиар “зээлийн хүү” гэдэг нь “мөнгөн хөрөнгийг ашигласны хариу төлбөр буюу “үнэ” байдаг. Өөрөөр хэлбэл, зээлийн хүүд “шимтгэл” багтдаггүй. Түүнчлэн “зээлийн бодит өртөг” гэдэгт хүү, шимтгэл, хураамж, бусад нэмэлт зардал байдаг бөгөөд зээлийн үйлчилгээ үзүүлэхдээ шимтгэл тогтоож буй банкны үйл ажиллагаа хууль зөрчөөгүй. Харин хариуцагчаар төлүүлж буй шимтгэлийн хэмжээ үндэслэлтэй, бодит зардалд нийцсэн байх ёстой бөгөөд талууд зээлийн гэрээнд шимтгэлийн хэмжээг нэг хувь гэж тохирсон боловч яагаад нэг хувь, эсвэл түүнээс доош байх эсэх талаар хариуцагч шүүхэд баримт гаргаж өгөөгүй. Энэ хэрэгт банк нь зээлийн бүтээгдэхүүний онцлогоос хамаараад нарийвчилсан ямар шалгуураар шимтгэл тогтоосон талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй учраас шимтгэлийг буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ. Түүнчлэн энэ нь гэрээний маргаан тул зээлийн шимтгэлийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуульд заасан гэрээний үүрэгт нэхэмжлэл гаргах гурван жилийн хугацаанд хамаарна” гэжээ.
Энэ асуудлаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч, “Шийлд” хуулийн фирмийн хуульч С.Ялалтаас зарим зүйлийг тодрууллаа.
-Улсын дээд шүүхийн шийдвэрийг энгийнээр тайлбарлаж өгөхгүй юү. Банкнаас зээл авсан бусад иргэд шүүхэд хандаж, хохирлоо төлүүлэх боломжтой болж чадав уу?
-Үүнийг тайлбарлахын тулд нэг зүйлийг хэлэх ёстой. Улсын дээд шүүх 2022 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр шимтгэлийн асуудлыг анх шийдсэн. Тэгэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх шимтгэл авах нь хууль бус гэсэн шийдвэрийг буруутгах үндэслэл байхгүй гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, өмнөх хоёр шатны шүүхийн шийдвэр зөв гэсэн үг.
Гэтэл сая дахин энэ хэрэгтэй холбоотой шийдвэр гаргахдаа шимтгэл авч болно. Гэхдээ банк шимтгэлийнхээ зарцуулалтыг нотлох үүрэгтэй. Нотолж чадаагүй учраас иргэнд буцааж олгох ёстой гэж үзлээ. Хоёр ялгаатай шийдвэр гарчихсан гэсэн үг. Нэг ёсондоо өмнөх хоёр шатны шүүхийн үндэслэлийг өөрчилчихлөө. Ингэхээр иргэд төдийгүй хуульчид бид ч төөрөх маягтай болчихлоо.
-Яагаад тэр вэ?
-Банк шимтгэлээ юунд зарцуулсныг нотол гэчихээр банк ямар баримт гаргаж ирэх бол гэдэг эргэлзээ. Нэг ёсондоо банкны талд давуу эрх үүсэх магадлалтай. Шимтгэлийнхээ зарцуулалтыг яаж ч тайлагнаж болно гэсэн үг.
–Иргэн шүүхэд хандахад бас л зардал гардаг. Шимтгэлийнхээ мөнгөнөөс давсан зардал гарчих вий гэсэн болгоомжлол байгаад шүүхэд хандаж чадахгүй иргэд байхыг үгүйсгэхгүй. Энэ талаар тодруулаач?
-Жишээ татъя л даа. Иргэн банкнаас нэг сая төгрөгийг гаргуулахаар явлаа гэж бодъё. Банк баахан бензин тосны зардал гээд баримт гаргаж өгөөд, шүүх түүнийг нь зөв гэж үзвэл иргэний шимтгэлийг буцааж олгохгүй болж таарна. Гэтэл иргэн шүүхэд хандах зардал бий. Улсын тэмдэгтийн хураамж, нотариатаар батлуулах, өмгөөлөгчийн зардал гэх мэтээр хохирох эрсдэлтэй. Хамгийн гол нь Улсын дээд шүүхийн сүүлийн шийдвэр банк ямар баримтаар шимтгэлээ нотлох вэ гэдгийг ойлгомжгүй, тодорхойгүй үлдээчихлээ.
-Хөөн хэлэлцэх хугацааг гурван жилээр тогтоосон байна. Гурван жилээс өмнө зээл авсан иргэд шүүхэд хандах боломжгүй гэсэн үг үү?
-Улсын дээд шүүхийн өнгөрсөн дөрөвдүгээр сарын шийдвэр дээр хөөн хэлэлцэх хугацааг 10 жилээр тогтоосон байсан. Харин энэ удаа гурван жил болгочихлоо. Нэг үгээр гурван жилээс өмнө зээл авч байсан иргэдийн эрх зөрчигдөж таарахаар болчихлоо.
-Тэгвэл энэ асуудал дээр хуульчид маргаан үүсгээд явж болох уу?
-Одоогоор Улсын дээд шүүх саяны шийдвэрээ хамгаалах байх. Уг нь бол шимтгэл байх ёсгүй юм. Нийслэлийн давж заалдах шатнаас гаргасан шийдвэрийг би үндэслэлтэй гэж үзэж байгаа. Банк нэг хувийн шимтгэл авдгаа зээлийн хяналт эрсдэлийн менежмэнтийн зардалд зарцуулна гэж тайлбарлаад урьдчилаад авчихдаг. Энэ нь их ноцтой. Банк нэг хувьтай тэнцэх хэмжээний зардал гарна гэдгийг яаж мэдэж байна вэ. Хэзээ хэрхэн ямар зардал гарах, ямар ажил хийх нь тодорхойгүй байхад урьдчилаад гаргаад байгаа нь асуудал. Хэрвээ бүр авах шаардлагатай гэж үзвэл зээлээ авсны дараа, эсвэл төлж дууссаны дараа үйл ажиллагаа, зардлаа дүгнээд авч болно.