Categories
мэдээ цаг-үе

НӨАТ: Сугалааны тохирол ирэх лхагва гаригт явагдана DNN.mn

Хэтэрсэн хэрэглээний баримтыг цуцалж, урамшуулал олгохгүй

НӨАТ-ын баримтын сугалааг түр хугацаанд зогсоогоод байсан. Тэгвэл энэ сараас эхлэн НӨАТ-ын сугалаа явагдахаар болсон билээ. Тодруулбал, энэ сарын 12-ний өдөр 13.00 цагт т Улсын Их Дэлгүүрийн танхимд явагдах юм. Мөн НӨАТ-ын сугалааны азтан тодруулах нэвтрүүлгийг ebarimt аппликейшнээр үзэхээс гадна баталгаажуулсан баримт хэрхэн оролцож байгааг хянах боломжтой.

Түүнчлэн 51-ээс дээш баримт бүртгүүлбэл азтан болох магадлал өсөж, урамшууллын дүн нэмэгдэнэ. Жишээ нь 3 баримт бүртгүүлсэн байгаад 3 орон таарвал 30,000 төгрөгийн урамшуулал авах бол 51-ээс дээш баримт бүртгүүлсэн бол 60,000 төгрөгийн урамшуулал авна. Энэ нь олон баримт бүртгүүлдэг хүмүүсийг урамшуулах бодлого гэдгийг албаныхан мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн паркийн 10.2 га талбайг “Рио Тинто” олон улсын стандартаар тохижуулна DNN.mn

Хүүхдийн ПАРК зүгээр л мөнгө хүүлэх хүрээлэн болжээ

Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркийн газрыг хоёр хэсэгт хуваан тохижуулахаар болжээ.

Тодруулбал, А хэсэг буюу 10.2 га газрыг “Рио Тинто” компани ногоон байгууламж хэлбэрээр тохижуулах бол В хэсэг буюу 6.9 га газрыг Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс паркийг өргөтгөх байдлаар тохижуулах аж.

Энэ тухай Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хэлэхдээ “Бид зарчмын хүрээнд арга замуудыг эрэлхийлж, Улаанбаатар хотын зүрх болсон Хүүхдийн паркийн 10.2 га газарт ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн бий болгох ажлыг эхлүүлэхээр хууль эрх зүйн тал дээр НИТХ-аар шийдвэр гаргуулсан.

Энэ хүрээнд өнөөдөр “Рио Тинто” компанийн удирдлагууд болон Хүүхдийн паркийн төлөөлөл, нийслэл хамтран гуравласан гэрээг хийж, “Рио Тинто” компани нийгмийн хариуцлагын хүрээнд 10.2 га газарт олон улсын стандартад нийцсэн тохижилт хийхээр боллоо.

Миний төсөөллөөр тус газарт Нью-Йорк хотын Централ парк шиг тохижилт үйлчилгээ хийж, хүүхэд залуучууд, иргэд чөлөөтэй орж гардаг, амарч зугаалдаг нөхцөлийг бүрдүүлнэ гэж бодож байна.

Хүүхдийн парк 1966 онд анх байгуулагдсан цагаасаа эхлээд иргэдийн зүрхэнд үлдсэн чухал газар” гэв.

зураг

“Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал Үндэсний соёл амралтын хүрээлэнг сэргээн засварлах гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Энэ хамтын ажиллагааны хүрээнд манай компани Хүүхдийн паркийн баруун хэсэг буюу Хүүхдийн ордноос – Нарны зам хүртэлх 10.2 га газрын яг ногоон бүс байдлаар нь сэргээн засварлах ажлыг дөрвөн жилийн хугацаанд хийнэ.

Эхний жилд нь ногоон байгууламжийг тарьж, сэргээн засварлаж, тохижуулах бол дараагийн гурван жилд ногоон байгууламжийг бойжуулах буюу арчлан хамгаалах тал дээр төвлөрөх юм.

Уг ажлыг иргэдийн оролцоог хангасан байдлаар зохион байгуулах бөгөөд үндэсний компаниудыг энэ төсөлдөө урьж оролцуулахаар төлөвлөж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Энэ сараас томуугийн вакцин хийж эхэлнэ DNN.mn

Ц.Билэгтсайхан: Давтан халдвар авч байгаа хүмүүс 2-3 удаа өвдсөн байна

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан томуу, томуу төст өвчний өнөөгийн нөхцөл байдал болон томуугийн вакцины талаарх мэдээллийг өглөө.

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан “Томуугийн улирлыг угтаад томуугийн вакциныг хийхээр ажиллаж байна. Энэ жил ЗГ 500 мянган хүн тун томуугийн вакцин худалдан авч, 60 мянган хүн тун вакциныг PV олон улсын байгууллага өгч байна. Засгийн газраас авч буй вакцин нь БНСУ-ын томуугийн вакцин 4 цэнт, PV вакцин 3 цэнт вакцин юм.

560 мянган хүн тун вакцинаа дараах байдлаар хуваарилж хийхээр төлөвлөсөн:

  • 5 хүртэлх насны хүүхдүүдэд вакцины 38 хувь
    жирэмсэн эхчүүдэд вакцины 7.5 хувь
  • 65 ба түүнээс дээш настай ахмадууд, хавсарсан суурь эмгэгтэй үйлчлүүлэгчдэд вакцины 39 хувь
  • ЭМ-ын байгууллагын ажилчдад вакцины 6.1 хувийг хийхээр болсон.

Томуугийн вакцин аравдугаар сарын хоёрдугаар долоо хоногт ирж, 10-р сарын 15-наас түгээлтүүд хийгдээд энэ сардаа томуугийн вакцин хийж эхэлнэ” гэв.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 103 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нийт 2024 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1561, гэмт хэргийн шинжтэй 111 дуудлага, мэдээлэл байна.

Мөн автомашин согтуугаар жолоодсон 141, хүний биед халдсан 84, хулгайн гэмт хэрэг 35, эрүүлжүүлэх байранд хоносон 103 тохиолдол бүртгэгджээ.

Categories
мэдээ цаг-үе

11-11 төвд ирсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлт 81.5 хувьтай байна DNN.mn

Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 1111 төв / Засгийн газрын  Иргэд, олон нийттэй харилцах 1111 төв - Монголын иргэн бүрд ажлын байр!

Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд 2022 оны 9 дүгээр сарын 1-30-нд нийт 341 иргэн ханджээ.

Иргэд эрүүл мэндийн салбартай холбоотой гомдол, санал, хүсэлт, талархлаа илэрхийлсэн бол 278 иргэний өргөдөл, гомдолд хуулийн хугацаанд хариу өгч, өргөдөл гомдлын шийдвэрлэлт 81.5 хувьтай байна.
Нийт хандсан иргэдийн 53.2 хувь нь гомдол, 4.6 хувь нь санал, 7.9 хувь нь хүсэлт, 34.3 хувь нь талархал илэрхийлж хандсан байна.
Шийдвэрлэсэн өргөдөл, гомдлыг эрүүл мэндийн байгууллагаар харахад:

Эрүүл мэндийн яам-19.8 хувь

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв-14.8 хувь

Улсын нэгдүгээр төв эмнэлэг-9.9 хувь

Улсын гуравдугаар төв эмнэлэг-8.3 хувь

Улсын хоёрдугаар төв эмнэлэг-8.2 хувь

Халдварт өвчин судлалын үндэсний төв-5.5 хувь

Эрүүл мэндийн хөгжлийн төв-5.5 хувь

Хавдар судлалын үндэсний төв-3.8 хувь

“Өргөө амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг-3.3 хувь

Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-2.7 хувь

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв-1.6 хувь

Хүрээ амаржих газар ТМЭ-1.2 хувь

Бусад-15.4 хувь

Шийдвэрлэсэн өргөдөл, гомдлыг агуулгаар нь харахад:

Эмнэлгийн хүлээгдэл, эмнэлэгт үзлэгийн цаг захиалах-22.4 хувь

Санхүү, эрүүл мэндийн даатгал, хөрөнгө оруулалттай холбоотой-18.6 хувь

Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжтэй холбоотой-14.2 хувь

Эмч, эмнэлгийн ажилтны харилцаа, хандлагатай холбоотой-8.7 хувь

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгтэй холбоотой-7.1 хувь

Эм, эмнэлгийн хэрэгслийн тасалдал, чанартай холбоотой-5.5 хувь

Эрүүл мэндийн байгууллагын авто зогсоолтой холбоотой-4.9 хувь

Бусад-18.6 хувь

Дээрх өргөдөл, гомдолтой холбоотой асуудлыг иргэн бүртэй утсаар холбогдон шийдвэрлэж, зохих арга хэмжээг авч ажилласан гэж ЭМЯ мэдээлэв.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Хүнээ байсан нийгэм, хүрэлцээгүй нийтийн тээвэр DNN.mn

Олон нийтийн сүлжээнд өр өвтгөсөн бичлэг тавигдаж олны анхаарлыг татлаа. Энэ бол автобусанд амжиж суух гэж гүйсэн сурагчийг тухайн автобус дайрч унагачихаад зогсохгүй яваад өгч буй дүр зураг. Энэхүү үйл явдал нь өнгөрсөн тавдугаар сарын 5-нд болжээ. Хүүхдийн гар хугарч гэмтсэн ч Эрүүгийн цагдаагийн газар хэргийг шалгаад зорчигчийн буруутай үйлдэл гэж үзэн хэргийг хаасан байна.

Харин “Blue bus” компани жолоочийнхоо цалинг 30 хувиар бууруулж, гурван сарын хугацаанд ажлыг нь хийлгээгүй аж. Мөн тус компани хүүхдийн эмчилгээний зардалд багахан хэмжээний мөнгө олгоод л байж боломгүй энэ асуудал дарагдаж. Дарагдаж ч гэж, өчигдрийг хүртэл дарсан бололтой. Хичээлдээ амжих гээд гүйж буй бяцхан амьтныг дайрч унагачихаад зогсоод тусламж ч үзүүлэхгүй зугтаад явж буй жолооч, ийм ноцтой асуудлыг таван сарын турш дарж юу ч болоогүй мэт өнгөрүүлсэн энэ байдал бол өнөөдрийн нийгмийн үнэн төрх. Энэ бичлэг Улаанбаатар хотод нийтийн тээврийн хүрэлцээ ямар байгааг ч мөн харуулж байна.

Тухайн сурагч тэр автобусанд сууж чадахгүй л бол хичээлээсээ хоцрох учраас амь өрсөн автобусны урдуур гүйж байгаа нь тэр. Хэрэв автобус нь хүрэлцээтэй, ойр ойрхон ирдэг байсан бол тэгж амь өрсөх шаардлагагүй. Улаанбаатар хотод 1400 гаруй автобус шаардлагатай ч одоогийн байдлаар 970 гаруй автобус үйлчилгээнд явж байгаа аж. Дээрээс нь 970 гаруй автобусных нь 500 гаруйнх нь ашиглалтын хугацаа дуусчихаж. Нөхцөл байдал нэг ийм л байна. Энэ удаад хүүхэд автобусанд дайруулж гараа хугалаад өнгөрч. Дараагийн удаа юу болох вэ. Заавал амиа алдаж байж асуудлыг шийдвэрлүүлэх ёстой юу.

Categories
гадаад мэдээ

Оросын иргэд Украинд байлдаж буй цэргүүддээ зориулан хандив цуглуулж эхэлжээ DNN.mn

Оросын Свердловск мужийн иргэд Вконтакте нийгмийн сүлжээнд “Помощь Солдатам” (Цэргүүдэд тусламж) нэртэй бүлэг үүсгэж, Украинд дайтаж буй цэргүүдэд тусламж үзүүлэх хөдөлгөөн эхлүүлжээ.

Хөдөлгөөнийг санаачлагч Евгения Кузеванова “Энэ бол бидний үүрэг, сайн дурын үйл хэрэг! Бидний эх оронч үзлийн илрэл” гэж тайлбарласан байна.

Тэд дулаан хувцас, эм тариа зэрэг цэргүүдэд нэн даруй шаардлагатай эд зүйлсийг худалдаж авахад хандивлагчдын мөнгийг зарцуулж байгаа гэнэ.

“Цэргийн дайчилгаанаас болоод бидний авахыг хүссэн эд зүйлсийн олдоц муу байна. Байгаа боломжоороо цуглуулж байна” гэж Кузеванова орон нутгийн хэвлэлд ярьжээ.

Цэргийн дайчилгаанд хамрагдсан иргэд хоол хүнсгүй, наад захын хангамжгүй фронтод явж байгаагаа гомдоллож байна.

ОХУ нь жилд ойролцоогоор $66 тэрбумыг батлан хамгаалах салбартаа төсөвлөдөг нь дэлхийн улс орнуудаас тавдугаарт бичигдэх өндөр үзүүлэлт гэдэг.

Гэвч авлига, өмч хөрөнгийн оновчгүй, буруу захиран зарцуулалт Оросын армийн хүчийг сулруулж, Украины дайныг долоон сар гаруй хугацаанд сунжруулахад хүргэж байгаа гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.

Оросын армийн офицер дайчлагдаж ирсэн шинэ цэргүүдэд эм тариа, шархны боолтоо өөрсдөө худалдаж авахыг зөвлөж буйг харуулсан дүрс бичлэг өнгөрсөн долоо хоногт сошиал сүлжээнд тарж байв.

Цэргийн дайчилгаанд хамрагдсан иргэд өөрийн мөнгөөр хангамжийн эд зүйлсийг худалдаж авах болсноос ийм төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ огцом өссөн байна.

Тухайлбал Калашников автомат бууны сум нэвтэрдэггүй гэгддэг 6Б45 хуягласан хантаазны үнэ өнгөрсөн амралтын өдрүүдэд онлайн зах дээр 40,000 рублийн ($700) үнэ хүрсэн тухай мэдээлжээ.

Аав, нөхөр, ах дүү, хүүгээ дайнаас амьд буцааж ирүүлэхийг хүссэн ар гэрийнхэн нь үүнд мөнгө харамлахгүй байна.

“Помощь Солдатам” хөдөлгөөнийхөн бас иргэдийн хандивласан үнэтэй эд барааг дуудлага худалдаагаар зарж, олсон мөнгөөрөө цэргүүдэд хэрэгцээт зүйлсийг нь илгээж байгаа ажээ.

Ийм дуудлага худалдааны эхний ээлжийн орлогоор биеийн халуун хэмжигч, эмнэлгийн анхны тусламжийн багц, шөнийн дуран зэргийг авч фронтод явуулснаа зохион байгуулагчид нь ярьжээ.

Эх сурвалж: The Moscow Times

Categories
мэдээ цаг-үе

Ковидын 69 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

СЕМЬ ИНТЕРЕСНЫХ ФАКТОВ О COVID-19 | Дербент

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 69 тохиолдол шинжилгээгээр батлагджээ.

Энэ нь өчигдрийнхөөс дөрвөн тохиолдлоор буурсан үзүүлэлт юм. Шинээр илэрсэн тохиолдлын 33 нь нийслэлд, 36 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдаад буй “КОВИД-19”-ийн нийт тохиолдлын тоо 983 515-д хүрэв. Түүнчлэн “КОВИД-19”-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар нийт 2 131 хүн эндээд байна.

Categories
мэдээ нийгэм

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлтийн ажиллагаа боллоо DNN.mn

Онцгой байдлын ерөнхий газраас Орхон аймагт зохион байгуулж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр 07:00 цагт “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дуут дохиогоор эхэллээ.

Нээлтийн ажиллагаанд Сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, аймгийн Засаг дарга С.Батжаргал болон аймаг, орон нутгийн удирдлагууд оролцсон юм.

Мөн аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, аж, ахуйн нэгж, байгууллагуудын хамгаалах хүч хэрэгслийн бэлэн байдлыг шалгаж, жагсаалын жигдрэлтийн сургуулийг явуулж нийт 600 гаруй хүн хамрагдлаа.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь Орхон аймагт 2016 онд “Говийн чоно” олон улсын дадлага сургууль болсноос хойш зургаан жилийн дараа, 2011 онд зохион байгуулагдсан гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулиас хойш 11 жилийн болж байгаагаараа онцлог юм.

Энэ удаагийн сургууль нь “Төв суурин газрын газар хөдлөлтийн эрсдэлийг бууруулах хариу арга хэмжээг сайжруулах, харилцан ажиллагааг боловсронгуй болгох” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Эрт илрүүлэгт 356 мянган хүн хамрагдсанаас 190 мянга орчим өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ DNN.mn

Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн сайд С.Энхболдын эрчимжүүлэн хэрэгжүүлж буй “Эрүүл мэнд үндэсний баялаг” уриан дор “Хүн амын нас, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоог зохион байгуулах” ажлыг энэ оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн бэлтгэл ажлыг хийж, тавдугаар сарын 1-ний өдрөөс урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог хийж эхэлсэн.

Тэгвэл өнөөдөр ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн гадрын дарга Д.Баярболд, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан нар энэ оны есдүгээр сарын 29-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд эрт илрүүлэгт хичнээн иргэд хамрагдсан болон бусад тоон статистик мэдээллийг танилцууллаа.

2022 оны есдүгээр сарын 29-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 356,141 хүн эрт илрүүлэг, үзлэгт хамрагдсанаас 157,958 буюу 44.4 хувь нь эрэгтэйчүүд, 198,183 буюу 55.6 хувь нь эмэгтэйчүүд байна. Эдгээр иргэдийн 50.1 хувь нь Улаанбаатар хотоос, 49.9 хувь нь орон нутагт хамрагджээ.

Үзлэгт хамрагдсан нийт хүний 64.7 хувь нь 0-17 насны хүүхэд бол 35.3 хувь нь 18-аас дээш насныхан байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт Төв, Хөвсгөл, Дархан-Уул, Орхон, Завхан аймгийн иргэд идэвхитэй хамрагдаж байгаа нь судалгаанаас харагдаж байна.

Үзлэгээр хүн амаас өвчлөлийн 190 орчим мянган сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлын 57.9 хувь нь эмэгтэй, 42.1 хувь нь эрэгтэйчүүд байна.

Эрт илрүүлгийн үзлэгийн дүгнэлт гарч дууссан хүн амаас өвчлөлийн 189,106 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлын 109,526 (57.9%) эмэгтэй, 79,580 (42.1%) эрэгтэйчүүд байна. Өвчлөлийн 64.8 хувь нь хоол боловсруулах тогтолцооны өвчин, 9 хувь нь дотоод шүүрэл тэжээлийн ба бодисын солилцооны өвчнүүд, 6 хувь нь зүрх судасны тогтолцооны өвчин, 5.9 хувь нь шээс бэлгийн тогтолцооны өвчин, 4.3 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөлүүд бүртгэгдсэн нь тэргүүлэх шалтгаан болж нийт өвчлөлийн сэжигтэй тохиолдлын 89.9 хувийг эзэлж байна.

0-17 насны хүүхдүүдийн дунд өвчлөлийн 90,384 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Дээрх тохиолдлоос шүд цоорох өвчлөл хамгийн их буюу нийт өвчлөлийн 65,940 буюу 73.0 хувь, шүдний гажиг 2,625 буюу 2.9 хувь, хараа муудах 1,803 буюу 2 хувийг эзэлж тэргүүлэх өвчлөл болж байна. Бүртгэгдсэн шүд цоорох өвчний 53,178 тохиолдол буюу 80.6 хувийг 6-17 насны хүүхэд эзэлж байна.

Мөн хүүхдийн өвчлөлийн дунд хорт хавдрын 61 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 0-5 хүүхдийн хүүхдийн дунд 17 тохиолдол, 6-17 насны хүүхдийн дунд 44 тохиолдол бүртгэгджээ.

Эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан 18-60 насны хүн амаас 73,070 өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс ходоодны үрэвсэл 18,231 буюу 25.0 хувь, улаан хоолойн сөргөө 4,485 буюу 6.1 хувь, бөөрний сувганцрын завсрын нефрит 3,735 буюу 5.1 хувийг эзэлж тэргүүлэх өвчлөл болж байна. Үзлэгт хамрагдсан 18-60 насны хүн амаас хавдрын 112 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 31-45 насны ангилалд 31 тохиолдол буюу 27.7 хувь, 46-60 насны ангилалд 81 тохиолдол буюу 72.3 хувийг эзэлж байна. 31-45 насныхны дунд ходоодны өмөн 32.3 хувь, хөхний өмөн 19.4 хувь, Элэг ба элгэн дэх цөсний сувгийн өмөн 16.1 хувийг эзэлжээ.

Харин 61-ээс дээш насны ангилалд 25,651 хүнээс өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэж ходоодны үрэвсэл 5,703 буюу 22.2 хувь, анхдагч даралт ихсэх 1,969 буюу 7.7 хувь, бамбай булчирхайн үрэвсэл 1,770 буюу 6.9 хувийг эзэлж байна. Тус насны ангилалд хорт хавдрын 103 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, элэг ба элгэн дэх цөсний сувгийн өмөн 36.9 хувь, ходоодны өмөн 29.1 хувь, улаан хоолойн өмөн 9.7 хувийг эзэлж байна.