Categories
мэдээ цаг-үе

Ихэнх нутгаар цасан шуурга шуурахыг анхааруулав DNN.mn

Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Өнөө шөнө Завханы баруун хэсгээр, маргааш өдөр Завханы зүүн, Архангайн хойд болон зүүн хэсэг, Өвөрхангайн хойд, Булганы өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.

Маргааш өдөр Архангай, Булганы нутаг, Төв аймгийн баруун хэсгээр их цас орно.

Өнөө маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, энэ сарын 8-нд говь болон зүүн аймгуудын нутгаар хүчтэй салхи, цасан шуургатай байхыг малчид, тариаланчид, тээвэрчдэд онцгойлон анхаарууллаа.

2022 оны 10 дугаар сарын 8-12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 8-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 9-нд говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, хүчтэй цасан шуурга шуурна. 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи 8-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсэж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 2-7 градус, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. 9-нд нутгийн баруун хагаст, 10-нд ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.

Categories
мэдээ нийгэм

Тээврийн зардал цар тахлын үеийнхээс 30-40 хувиар буурсан үзүүлэлттэй байна DNN.,mn

Чингэлэгт тээвэр хэвийн үргэлжилж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх үеэр тээврийн зардалтай холбоотой асуудал хөндөгдөв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Төсвийн бодлогоо нэгтгэхгүй бол ард түмний амьдрал хэцүүдлээ. Төсвийн үр ашиггүй хөрөнгө оруулалт элдвийн зүйлсээ зогсоож, тойргийн мөнгөө болиод өг гэж зөндөө хэлсэн. Төсвийн мөнгөөр хэрэгтэй, хэрэггүй байшин, барилга баригддаг. Барилгын материалыг 600 сая ам.доллароор худалдаж авч байна. Барилгын материалын үйлдвэрлэлийг дотооддоо хийдгийг дэмжье гэсэн боловч одоо тэрхүү үйлдвэрлэлүүд нь үүд хаалгаа хааж байна.

Эрээн дээр ирсэн бараа бүтээгдэхүүн наашаа орж ирэх гэж 30-40 хоног зарцуулагддаг нь хятадуудын буруу юу? энэ асуудлыг хятадуудын буруу гэж яриад байдаг. Бараа бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотойгоор тээвэр ложистикийн зардал нэмэгддэг. Үүнийг хэрхэн үнийн өсөлттэй уялдуулж байна вэ? Байгалийн баялгаас ам.доллар олно гэж харж байгаа нь зөв ч гэсэн түүнийг зөөдөг тээвэр ложистик байхгүй нь Хятад улсын буруу биш Монголын Засгийн газрын буруу. Яагаад тээврийн салбарын асуудлаа шийдэхгүй байгаа вэ? Мөн валютын ханш зөвхөн өнөө маргаашийн асуудал биш. Валютын ханш төсвийн мөнгөтэй хэрхэн уялдаж байгаа вэ” гэж асуув.

Түүний асуултад Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Мөнгөний бодлого хатуурч байгаа нөхцөлд төсвийн бодлого алдагдалгүй, зардал нь бага түвшинд орж ирэх юм бол бодлогын нийцтэй байдал хангагдана. Энэ утгаараа валютын ханш, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад богино хугацааны үр дүн гарна. Төв банк төлбөрийн тэнцэл, гадаад худалдааг ашигтай гаргах бодлогын саналыг гаргаж Сангийн яаманд хүргүүлдэг. Мөн энэ талаар санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлтэйгөө нээлттэй ярилцдаг.

Тээвэр ложистикийн зардал өсөлттэй байгааг дэлхийн нийтийн хэмжээнд ярьж байна. Тээврийн зардал 2,000 ам.доллар байсан бол цар тахлын үед 10,000 ам.долларыг давсан. Харин өнөөгийн байдлаар 7,000 ам.доллар болсон нь цар тахлын үеийнхээс 30-40 хувиар буурсан байна. Гэвч ковидын өмнөх үеэс 4 дахин өсөлттэй байгаа.

Тээврийн зардал импортын бараа бүтээгдэхүүний зардлаар дамжин цуг орж ирдэг тул инфляцын 60-70 хувийг тодорхойлж байгаа юм. Хэсэг хугацааны дараагаар буцаад хэвийн байдалдаа хүрэх байх гэж Төв банкны зүгээс төсөөлж байна. Мөн төсвийн зардал 20 их наяд буюу ДНБ-ий 36 хувьтай тэнцэж байгаа. Улсын төсөв ДНБ-ий 30 хувиас доогуур байвал мөнгөний бодлогод сайн дэмжлэг болно” хэмээн хариуллаа.

Categories
мэдээ нийгэм

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн ган гачгийн давтамж ойртож байна DNN.mn

Дэлхийн ган гачиг улам л хүндэрч байна

Энэ зун ган гачиг дэлхийн гурван тивийг дамнан Европ, АНУ, БНХАУ-д нүүрлэсэн нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн байгалийн гамшигт үзэгдлийн давтамж ойртож байгааг харуулсныг нэгэн шинэ судалгаагаар тогтоожээ.

Европт ган гачгийн улмаас томоохон голууд ширгэж, ургац сүйдэж, ойн түймэр дэгдэж, усны амьтдын тоо толгой хоргодсоноос гадна усны хязгаарлалт хийхэд хүргэжээ. Ган гачиг АНУ-ын баруун хэсэг зэрэг хуурайшилт ихтэй газруудаар зогсохгүй зүүн хойд хэсэг гэх мэт ховор тохиодог газруудад ч нүүрлэсэн байна. Хятад улсын хувьд сүүлийн 60 жилд байгаагүй хуурай зун болж, Хөх мөрний усны түвшин ердийн үеийн тэн хагаст хүрч багасжээ.

Олон улсын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн “World Weather Attribution” санаачлагын судлаачид байгалийн аюулт үзэгдэл болон уур амьсгалын өөрчлөлтийн холбоо хамаарлыг судалжээ. Тэдний ярьж байгаагаар, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн уур амьсгал өөрчлөгдөөгүй бол ийм ган гачиг дэлхийн хойд хагас бөмбөрцөгт 400 жилд нэг удаа тохиох байсан бол харин одоо ийм нөхцөл 20 жил тутамд давтагдах төлөвтэй байна.

“Өргөн хүрээг хамарсан ган гачиг, Пакистанд нүүрлэсэн үерийн гамшиг зэрэг экологийн гамшигт үзэгдлүүд нь “уур амьсгалын өөрчлөлтийн ул мөр” юм” гэж АНУ-ын Колумбийн их сургуулийн уур амьсгал судлаач, судалгааг ахлан явуулсан судлаачдын нэг Мартен ван Алст ярьжээ.

Дэлхийн хойд хагас бөмбөрцгийн хуурайшилтад уур амьсгалын өөрчлөлт хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлохын тулд судлаачид халуун орны бүс нутгаас бусад бүсийн цаг агаарын мэдээлэл, компьютерийн загварчлал, хөрсний чийгшилд дүн шинжилгээ хийжээ. Үүний дүнд сүүлийн хэдэн сарын хугацаанд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан хөрс улам хуурайшсаныг тогтоожээ.

Энэхүү дүн шинжилгээг дэлхийн дулаарлын одоогийн түвшнээр буюу аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс цельсийн 1.2 хэмээр дулаарсан нөхцөлд тулгуурлан гаргасан ч дэлхий цаашид улам дулаарна гэдгийг уур амьсгал судлалын мэргэжилтнүүд анхааруулж байгаа бөгөөд судалгааг хийсэн судлаачид ч үүнийг тооцоолсон байна.

Дэлхийн дулаарал цаашид 0.8 хэмээр нэмэгдэхэд ийм ган гачиг Төв Европт 10 жил тутамд нэг удаа, дэлхийн хойд хагас бөмбөрцөгт жил тутам нүүрлэнэ гэж Швейцарын “ETH Zurich” их сургуулийн уур амьсгал судлаач Доминик Шумахер хэлжээ. М.Алстын ярьснаар, тэдгээр нөлөөллийг бууруулах нэг арга зам нь хорт хийн ялгарлыг багасгах ажээ.

Categories
мэдээ нийгэм

Автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсан 4 иргэнийг эсэн мэнд гаргав DNN.mn

Цагдаагийн ерөнхий газар

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Моносын уулзварын баруун талд 2 автомашин мөргөлдөж, жолооч болон зорчигчид автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг мөн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт ачааны автомашин адуу дайрч, жолооч нь автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Энэ тухай ОБЕГ-аас “Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Ц-гийн жолоодож явсан “Портер” загварын бага оврын /2 зорчигчтой/ ачааны автомашины араас иргэн У-гийн жолоодож явсан “Хово” загварын том оврын ачааны автомашин мөргөж, Портер автомашины жолооч Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны харьяат иргэн Ц /23 настай, эрэгтэй/, зорчигч тус дүүргийн харьяат иргэн А /22 настай, эрэгтэй/, Б /18 настай, эрэгтэй/ нар автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, НЯТТТ-ийн эмчид хүлээлгэн өгсөн.

Мөн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир баг, Баянцогт гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 184 км, сумын төвөөс зүүн урд зүгт 10 км/-т ачааны автомашин адуу дайрч жолооч нь автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсан тул 10 км замыг туулан 19:44 цагт очиход Төв аймгийн Баянчандмань сумаас тус сумын чиглэлд иргэн Х /27 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан “Хьюндай Портер” загварын өвс ачсан ачааны автомашин зам хөндлөн гарч байсан адуу дайрч автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсан жолооч Х-г 19:48 цагт эсэн мэнд гаргаж, тус сумын Эрүүл мэндийн төвийн их эмчид хүлээлгэн өглөө” гэв.

Categories
гадаад мэдээ

Мьянмарт баривчлагдсан Японы сэтгүүлчид хорих ял оноожээ DNN.mn

Мьянмарт эсэргүүцлийн жагсаалд оролцогчдоос мянга гаруй хүнийг баривчилжээ

Өнгөрсөн наймдугаар сард Янгон хотод болсон эсэргүүцлийн жагсаалын зургийг авч байхдаа саатуулагдсан Японы сэтгүүлч Күбота Торүд Мьянмарын цэргийн шүүхээс шоронд хорих ял оноожээ.

Эх сурвалжуудын мэдээллээс эш татан “NHK” телевизээр мэдээлснээр, Күботад мэдээлэл дамжуулахтай холбоотой хууль зөрчсөн хэргээр долоон жил, эмх замбараагүй байдалд турхирсан хэргээр гурван жилийн хорих ял оноожээ. Үүнтэй холбогдуулан Японы Элчин сайдын яамны ажилтнууд сэтгүүлчийг яаралтай суллуулах талаар ажиллаж байна гэж “NHK” онцолсон байна.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Мьянмарт Японы сэтгүүлч Китазүми Юки худал мэдээлэл тараасан, тус улсад нэвтрэх хяналтын тухай хуулийг зөрчсөн хэргээр саатуулагдаж байсан билээ. Сар орчмын дараа түүнийг суллаж, Япон руу буцаасан юм.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Монголбанк ипотекийн зээлийг ирэх оноос зогсооно DNN.mn

МОНГОЛБАНК: Ипотекийн зээлийн хөтөлбөрийг 2023 онд Засгийн газарт шилжүүлнэ

УИХ-ын чуулганаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Мөн үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн УИХ-ын гишүүдийн асуудалтад хариулт өглөө.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

Монголбанк ипотекийн зээлийг ирэх оноос зогсоох гэж байгаа. Учир нь тус зээлийг Цар тахлын хуулийн дагуу олгож байгаа юм. Олгож байгаа эх үүсвэрийн хувьд эргэн төлөлтөөс санхүүждэг. Энэ хөтөлбөр өөрөө өөрийгөө санхүүжүүлэх хэмжээнд очсон. Энэ утгаараа 2023 оноос Монголбанк хуулийн дагуу ипотекийн зээлийг олгож болохгүй. Тэгэхээр Засгийн газрын нэг агентлаг, аж ахуйн нэгжээр дамжаад энэ хөтөлбөр цаашид хэрэгжих боломжтой гэж харж байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Чихэр амттай сонин DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…


Ном сонин, сэтгүүл гэсэн биет зүйлс ой ухаанд боловсролыг илүү сайн ургуулаад байдгийн учир юу вэ. Нялхаст зурагтай сэтгүүл үзүүл, сурагчдыг ном унш, залуусыг сонин гарчиглаж хэвш, интернэт рүү онц шаардлагагүй бол хэт бүү авт, телевизийн хувьд голдуу унтраастай байсан нь дээр дээ гэсэн зөвлөгөө бол хүнээ бодсон чин сэтгэлийн үг юм. Энэнд ямарваа хуучинсаг сэтгэлгээ, ашиг сонирхол, бизнесийн далд ятгалгын аль нь ч байхгүй. Энэ ном сонин чинь эргээд ноцдог эд мөрийн баримт учир түүн дээрх уншварууд муусайн ч хариуцлага, ур авьяас, хөдөлмөр илүү шингэсэн байдаг. Нэгэнт зардал орсон бол таарч тохирсон үнэ нэхэгддэг.

Сонин нь уншигддаг, сонсогддог, гарт баригддаг, цагаар хавчихгүй, солигдож арилахгүй. Хэрэв сайн сэтгүүлч даацтай зүйл нийтлүүлсэн байвал түүнээс амт үнэр мэдрэгдэж, алдаа оноогоо танихад нэмэр тустай. Шил дэлгэцний цаанаас чихэр долоолгох гээгүй учраас уншигчийн бусад мэдрэхүйнүүд харах мэдрэхүйний хамт ажиллаад эхэлдэг. Аль болох олон мэдрэхүй дээр хүлээж авсан мэдээлэл ой санамжинд удаан хадгалагдаж үл мартагдах зүй тогтоцтой. Хүүхдийг номыг биет хэлбэрээр нь гартаа бариад унш гээд байдгийн ач холбогдол энд оршдог.


Categories
мэдээ цаг-үе

Хүүхдүүдийн дунд хорт хавдрын 61 сэжигтэй тохиолдол илэрчээ DNN.mn

Хорт хавдартай хүүхдийн тоо 319 болж нэмэгджээ

Энэ оны тавдугаар сарын 1-ний өдрөөс иргэдийн дунд урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог хийж эхэлсэн. Одоогийн байдлаар үзлэгээр хүн амын дундаас өвчлөлийн 190 орчим мянган сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлын 57.9 хувь нь эмэгтэй, 42.1 хувь нь эрэгтэйчүүд байна.

Тэдний дундаас 0-17 насны хүүхдүүдийн дунд өвчлөлийн 90,384 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Үүнээс шүд цоорох өвчлөл хамгийн их буюу нийт өвчлөлийн 65,940 буюу 73.0 хувь, шүдний гажиг 2,625 буюу 2.9 хувь, хараа муудах 1,803 буюу 2 хувийг эзэлжээ. Бүртгэгдсэн шүд цоорох өвчний 53,178 тохиолдол буюу 80.6%-ийг 6-17 насны хүүхэд эзэлсэн байна.

Мөн хүүхдийн өвчлөлийн дунд хорт хавдрын 61 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 0-5 насны хүүхдийн дунд 17 тохиолдол, 6-17 насны хүүхдийн дунд 44 тохиолдол гарсныг ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн гадрын дарга Д.Баярболд мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын нөлөөллийн бүсэд буй иргэн бүрд 15.2 сая төгрөг олгоно DNN.mn

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга угсралтын ажил дөрөвдүгээр сард эхэлнэ

Эрдэнэбүрэнгийн УЦС Увс аймгийн Өмнөговь, Ховд аймгийн Мянгад, Эрдэнэбүрэн, Баяннуур сумыг хамран баригдах гэж буйтай холбогдуулан Увс аймгийн иргэд өнгөрсөн даваа гаригт эсэргүүцэл үзүүлэв. Үүнтэй холбогдуулан Эрдэнэбүрэн УЦС төслийн зохицуулагч Ч.Гантулгаас иргэдэд олгох гэж буй мөнгөн олговрын талаар тодрууллаа.

Тэрээр “2019 оны Засгийн газрын 357 дугаар тогтоолоор “Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл хэрэгжүүлэх 28 мянган га талбайг улсын тусгай хэрэгцээнд авсан. 2019 оны захирамж гарахаас өмнө тухайн нөлөөллийн бүсэд 270 өрх буюу 1241 иргэн бүртгэгдсэн юм. Энэ тооллогын хавар тав болон зургадугаар сард дахин хийж гаргасан. 2022 оны дөрөвдүгээр сард Засгийн газраас тэдгээр иргэдэд мөнгө олгохоор шийдвэр гаргасан байдаг. Төр амласандаа хүрч, ажлаа үргэлжлүүлж байна. Тиймээс бүртгэгдсэн 270 өрхийн 1240 иргэнд 15.2 сая төгрөгийг тус бүрд нь нөхөн олговор олгохоор болсон. Ингэхдээ үл хөдлөхийн үнэлгээний тухай хуулиар хөндлөнгийн үнэлгээг хийж гаргасан. Нөлөөллийн үнэлгээн дэх дүнг гэрээ байгуулан олгож эхэлж байна.

Баян-Өлгийн аймгийн 145 өрх, Увс аймгийн 125 өрх үүнд багтсан. БОННҮ-ий дагуу 2022-2024 онуудад тус айлуудыг нүүлгэх төлөвлөгөө гаргасан. Тухайн сумдын малчдын зэргэлдээх сумд руу нүүх асуудлыг ярьж байгаа. Тухайн жилдээ нүүж байгаа иргэдийн нөхөн олговор олгогдоод явна. Энэ мөнгөн хөрөнгийг төсөвт суулгасан” гэв.

Categories
мэдээ улс-төр

Чуулган: Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэж эхэллээ DNN.mn

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2022.10.06/ нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ.

Монголбанкнаас Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасны дагуу 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр дээрх тогтоолын төслийг Улсын Их Хуралд ирүүлсэн юм.

Тогтоолын төслийн талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулав. Тэрбээр, Дэлхий нийтийг хамарсан цар тахал, олон улсын зөрчилдөөнт нөхцөл байдлаас шалтгаалсан гадаад, дотоод үнийн өсөлт, эдийн засгийн хүндрэлийг төсөв, мөнгө, санхүүгийн бодлогыг уялдуулан хэрэгжүүлэх замаар даван туулах, Монгол Улсын эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийг боловсрууллаа.

Гадаад орчны таагүй нөхцөл байдал нь Монгол Улсад шууд болон шууд бусаар нөлөөлж өнгөрсөн 2 жил гаруй хугацаанд манай эдийн засгийн идэвхжил сул байлаа.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлд төрийн эрх бүхий бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр дараах асуудлуудыг бодлогын зорилт болгон тусгалаа.

  • Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах 2023 онд баримтлах үндсэн чиглэлд гадаад төлбөрийн чадварыг сайжруулж, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэрийг хангахад макро эдийн засгийн бодлогуудыг чиглүүлэхэд онцгойлон анхаарав.
  • Дунд, урт хугацаанд эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад аж үйлдвэрийн салбарын боловсруулалтыг гүнзгийрүүлж, импортыг орлох салбарыг хамгаалж, экспортыг дэмжин эдийн засгийн төрөлжилтийг гүнзгийрүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтыг төсөв, мөнгөний бодлого, санхүүгийн зохицуулалтын хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай.
  • Түүнчлэн, логистикийн хүндрэлийг шийдвэрлэн хилийн гацааг арилгаснаар л экспортын орлогыг нэмэгдүүлж, худалдааны эргэлтийг сайжруулж, тээврийн зардлыг бууруулан үнэ, ханшийн дарамтыг шийдвэрлэх боломжтой юм.
  • Мөн гадаад орчны сөрөг нөлөөг зөөлрүүлж, эдийн засгийг дэмжих зайлшгүй хийх арга хэмжээ нь гадаад төлбөрийн чадварыг сайжруулж, гадаад санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх явдал болж байна.
  • Дунд хугацаанд тогтвортой хөгжлийн нэн чухал хүчин зүйл болоод буй уул уурхайн бус экспортыг дэмжих чиглэлээр гадаад худалдааны санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхийн зэрэгцээ тогтвортой ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлд үргэлжлүүлэн дэмжихээр зорьж байна.

Эдгээр асуудлуудад дэлхий нийтээр анхаарал хандуулж байгааг онцлох нь зүйтэй. Түүнчлэн, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөрийг үндэсний хэмжээнд үр дүнтэй хэрэгжүүлэх, санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахад иргэд, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, түүнд шаардлагатай арга хэмжээнүүдийг эрчимжүүлэх ажлуудыг зорилт болгож байна.

Цаашид үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэрийг хангахад макро эдийн засгийн бодлогуудыг чиглүүлэх нь чухал болж байна. Монголбанкны 2023 оны бодлого, үйл ажиллагаа инфляцыг зорилтот түвшинд эргүүлэн тогтворжуулах замаар эдийн засагт эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг хангах, тогтвортой өсөлтийн суурь нөхцлийг бий болгоход дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ гэлээ.

Тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүн С.Чинзориг валютын нөөц нэлээд хомсдчихсон, ханш тогтворгүй, инфляцын хөөрөгдөл өндөр байгаа үед дотооддоо өөрсдөөсөө шалтгаалах асуудлаа шийдэж чадаж байгаа эсэх дээр анхаарах, УИХ-ын гишүүн Т.Доржханд 2023 оны мөнгөний бодлогын зорилтуудаа шинэчлэх, төсөв тэлсэн энэ орон зай дээр ямар ч бодлого хэрэгжүүлэх боломжгүй учраас бодитой болгох, төлбөрийн тэнцэл, гадаад бондын өр, төлбөрийн асуудал, гадаад нөөцөө хэрхэн удирдах талаар тодорхойгүй байгаа тул дахин тодотгох, энэ талаар тодорхой төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн санал гаргасан хэмээн Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг танилцуулсан юм.

Тус Байнгын хорооны хуралдаанаар оролцсон гишүүдийн олонх дээрх тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Гишүүд ам.долларын ханш өсөөд буйн учир шалтгааныг Орос, Украины дайн, цар тахалтай холбож байгаа ч экспортоо нэмэгдүүлэх, хилээ нээх, боомтуудын үйл ажиллагааг сайжруулах нь чухал гэж байлаа. Энэ тал дээр Монголбанк, Засгийн газраас ямар арга хэмжээ авч, бодлого хэрэгжүүлэх гэж байгааг тодруулсан. Мөн нүүрс болоод бусад байгалийн баялгийн экспортын борлуулалт ямар түвшинд байгааг лавлан экспортыг нэмэгдүүлэхийн тулд хэрхэн ажиллаж байгаа талаар хариулт авахыг хүсэв.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Ам.доллартай харьцуулах төгрөгийн ханш өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 17 хувиар сулраад байна. Шалтгаан нь гадаад худалдаа, төгрөгийн тэнцэл дээр маш тодорхой харагдаж байгаа. Экспорт өнгөрсөн оны мөн үеэс тодорхой хэмжээгээр өсч байгаа ч гэсэн импортыг нөхөх хэмжээгээр нэмэгдэж чадахгүй байна. БНХАУ-ын “Тэг Ковид” гэсэн хатуу хөл хорионы дэглэм үйлчилсэн хэвээр байгаа. Энэ нь экспортыг нэмэгдүүлэхэд тодорхой хэмжээний бэрхшээл учруулж байна. Импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25 хувиар өсөөд байна. Энэ нь худалдааны болоод төлбөрийн тэнцэлд дарамт учруулж, төлбөрийн тэнцэл 1.5 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан байгаа. Энэ нь Монгол Улсын валютын нөөцөөс нөхөгдөж байгаа бөгөөд валютын нөөцөд нөлөөлж байна.

Мөн АНУ-ын инфляц есөн хувьд хүрч өссөнтэй холбогдуулан тус улсын төв банк бодлогын хүүгээ өсгөн 3.25 хувьд хүрээд байна. Оны өмнө 0.25 хувь байсан хүү өнөөдөр ингэж өссөнөөр ам.долларын эрэлтийг нэмэгдүүлсэн. Ам.долларын хүү өссөнөөс болоод бусад улсуудын мөнгөн тэмдэгт нэлээн суларсан. Энэ нь дэлхий нийтийг хамарсан үзэгдэл болж байна. Үүнээс болоод төгрөгийн ханш сулрах дарамтыг бий болгоод байгаа юм. Төв банкны зүгээс мөнгөний бодлогыг хатуу болгоод явж байна. 14 хоногийн өмнө бодлогын хүүгээ өсгөж 12 хувьд хүргэсэн. Үүгээр инфляцийн өсөлт болоод төгрөгийн ханшийн сулралтад тодорхой бодлогын тохируулга хийх боломжтой гэж үзэж байгаа гэсэн хариултыг өглөө.

Сангийн сайд Б.Жавхлан, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын нэг болох боомтын сэргэлтийн бодлого ойрын үед хэрэгжүүлэх чухал арга хэмжээнүүдийн нэг байгаа. Боомтын сэргэлтийн ажлыг богино болон дунд, урт хугацаанд гэж салгаж харах хэрэгтэй. Богино хугацаанд боомтын үйл ажиллагааг Ковидын өмнөх үе буюу 2019 оны хэмжээнд хүргэх зорилт тавиад байна. Экспортын хамгийн том боомт болох Гашуунсухайт боомтод жил гаруйн хугацаанд нэлээд арга хэмжээ авсан. Түүний үр дүнд сүүлийн 6 сарын хугацаанд 2019 онд гаргаж байсан нүүрс экспортын хэмжээнд хүргэж чадсан. Зарим өдрүүдэд илүү гарч байгаа. Үүгээр эхний хагас жилийн алдагдлыг сүүлийн хагас жилдээ нөхнө гэж үзэж байгаа. Гашуунсухайт хүртэлх төмөр зам ашиглалтад орсон. Мөн Замын-Үүд боомтоор өдөрт экспортын 12 цуваа гарч байна. Удахгүй 16 болгож нэмэгдүүлнэ. Удахгүй Ханги боомт хүртэлх төмөр зам ашиглалтад орно. Шивээхүрэнгийн боомтоор нэвтрэх экспортын бүтээгдэхүүн өмнөх жилүүдээс өсч байна. Тэнд чингэлэг тээврийн терминал удахгүй ашиглалтад орох гэж байна. Ингэснээр бараа бүтээгдэхүүн нэвтрэн өнгөрөх боломж нэмэгдэнэ. Боомтын асуудалд гадаад харилцаа их чухал байдаг. Хамгийн сүүлд Ерөнхий сайдын Бээжинд хийсэн ажлын айлчлалын үеэр маш олон жил зогсонги байдалтай байсан хил нэвтрэх цэгүүдийн асуудлыг хоёр тал эцэслэн тохирсон. Цаашдаа бүтээн байгуулалтын ажлууд ямар нэг саадгүйгээр явагдах шатандаа орсон. Тийм учраас 2023 оны төсвийн төслийг боловсруулахдаа гадагш гаргах экспортынхоо биет хэмжээг Ковидын өмнөх үеийн түвшинд хүргэхээр төлөвлөсөн гэлээ.

Тогтоолын төслийг УИХ-ын үдээс хойших хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

-Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/

-“Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.07.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

-“Түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.