Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Иргэд: Зогсоолоо шийдээгүй барилгын компаниуд байрныхаа үнийг бууруулах нь зүйтэй DNN.mn

Зургийг “Хангай хотхон”-ы оршин суугчдын группээс авав.


Үүр цүүрээр ажилдаа гарч харуй бүрийгээр гэртээ ирээд машинаа хаана тавих вэ гэдэг нь иргэдийн шүдний өвчин болжээ. Улаанбаатар хотын автомашины зогсоолын талаар сурвалжлахаар 120 мянгатад байрлах олноо “Хоёр өндөр” хэмээн танигдсан “Энхтайван” хотхоныг зорилоо. Баригдаад олон жил болсон ч шинэхэн мэт будагтай өндөр цагаан саарал орон сууц доод давхрууддаа олон төрлийн үйлчилгээ эрхэлдэг газруудтай. Гэвч энэ барилгад шийдээгүй асуудал нь нүдэнд илхэн харагдана. Үйлчилгээний газрууд руу орох гэсэн иргэд машинуудаа эгнээ дараалал шахцалдуулан тавьж, хаяанд нь тэрэгтэй хүүхдээ салхилуулан явах бүсгүй явган хүний зам дээр машин байршуулж тавьсан учраас машин замаар бүдчин яваа харагдана. Энэ байдлынх нь тухай асуухад иргэн А “Анх энэхүү орон сууцанд ороход м.кв-ын үнэ 3.2 сая төгрөгийн үнэтэй байсан. Харин одоо үнэ нь нэмэгдээгүй байгаа ч үнэдээ таарсан орон сууц уу гэвэл үгүй. Учир нь нийтийн орон сууц эзэмшигчдийн хувьд зогсоол яалт ч үгүй стресс үүсгэдэг. Хүүхдүүдийн гэр сургуультайгаа ойрхон ч одоо бол зогсоолтой газар амьдрах нь чухал болчихоод байна. Машингүй хүмүүс нь явган хүний зам дээр машин тавилаа гэж уурлана.

Гэвч үл хөдлөхөө зарчихаад бусдыг нь өөрсдөө болго гэсэн шиг хандаж байгаа тухайн байгууллагын буруу шүү дээ. Иргэд өндөр үнэ төлж байр худалдан авдаг ч зогсоолын асуудлаа ч шийдээгүй газрын үл хөдлөх улам өсөөд байгааг ойлгодоггүй. Нэгэнт л байраа зарсан бол бусад бүх нөхцөлийг хангаж өгөх ёстой шүү дээ. Бид зогсоол гаргаж өг, зогсоолоо нэм гэж заргалдаад ч нэмэр байдаггүй. Гаражид машины зогсоол худалдаж авах гэхээр бараг байрны урьдчилгаа мөнгөтэй дүйцдэг. Зогсоолоо шийдээгүйгээс оршин суугчдаа өдөр бүр стресст оруулж байгаа энэ компаниуд байрныхаа үнийг бууруулах арга хэмжээ авах нь зүйтэй. Хүн ая тухтай амьдрах гэж байр худалдан авч байгаа нь ойлгомжтой. Зогсоолгүйгээс болж нөхөр маань зориулалтын бус газар машинаа байрлуулж хонуулчихаад шөнө нь бүтэн нойртой хонох нь хэцүү байдаг. Энэ бүгдийн эцэст оршин суугч л хохирч таарч байгаа биз” гэв.

-Тэрэгтэй хүүхдээ түрээд явах газар ч байхгүй байна шүү дээ, энүүгээр. Ингэж яваад машинд шүргүүлчих ч юм уу элдэв осол гарахыг үгүйсгэх арга алга?

-Би хүүхдээ салхилуулаад арай цэвэр агаартай газар очихын тулд өдөр бүр энэ замаар алхдаг. Нэг удаа машинд шүргүүлэх шахсан. Сандарсандаа муухай орилоод хүүхдээ айлгачихаж билээ. Тэр өдрөөс хойш жаахан айдастай л энүүгээр явах болсон. Зарим машин хүүхэд түрээд явж байгааг улайм цайм харсаар байж сигналаа чангаар дардаг. Түүнд нь хүүхэд цочиж уйлна. Шөнө унтахгүй айчихсан байх үе бишгүй гардаг. Хүмүүс автомашинаа явган хүний зам дээр байрлуулаагүй бол би ингэж явах шаардлагагүй. Энэ барилгууд машины зогсоолоо шийдчихсэн бол жолооч нар ч явган хүний зам дээр машинаа байрлуулах шаардлагагүй шүү дээ. Ер нь Улаанбаатарт амьдрахад улам стресстэй болж байна. Шинээр байр авах гэж буй хүмүүс машины зогсоол хүрэлцээтэй байр аваарай. Зогсоолоо шийдээгүй барилга ч гэсэн зах зээлийн үнээс хямдруулдаг болмоор байна. 10-20 хувийг хасч тооцдог болчихвол дараа дараагийн компаниуд орон сууц барихдаа зогсоолыг нь шийддэг болох ч юм билүү. Төрийн өмнөөс бодлого бодтол иргэдийгээ ингэж зовоомооргүй байгаа юм даа уг нь гэв.

Үргэлжлүүлэн “Натур “худалдааны төв рүү явсан юм. Тэндхийн байр байдлыг ажиглахад ямар ч зохион байгуулалтгүй баригдсан олон шигүү өнгө өнгийн орон сууцнууд харагдав. “Home­land” хотхоны хажууд байх түгжрэлтэй энэхүү нарийхан зам хүмүүсийн стрессийг бардаг ба “натурын хавцал” гэж хэдийнэ нэрлэгдэх болжээ. Энэхүү хавцлын хажуугаар дуустал явахдаа зогсоол байхгүйн улмаас зөрчил гарган тавьсан олон машин байв.


Иргэн Д мөн л машинаа буруу байрлуулаад бууж байхад нь очиж ярилцсан юм.


-Та машинаа буруу газар байрлуулчих шиг боллоо?

-Зогсоолгүй газар ингэж тавихаас өөр яах юм бэ.

-Таны машиныг ачаад явчихвал яах вэ?

-Машины ачилт бол цэвэр хулгайн асуудал. Хувийн компани хийдэг гэсэн, энэ нь цагдаатайгаа хүртэл сүлжигдчихсэн. Эмнэлгийн хашаан дотор, эмнэлэгт хүн сахиж байгаа хүний машиныг хүртэл аччихаад байна. Энэ эрүүл хүний үйлдэл биш. Үндсэндээ машин тэргээ ачуулсан хүмүүс хохироод үлдэж байгаа болохоос өөр хэн ч үүнийг авч хэлэлцэж байгаа зүйл байхгүй. Цагдаа тоохгүй байна шүү дээ. Энэ бол яаж ч бодоод бодлогын буруу буюу төр засгийн буруу. Тухайлбал, Улаанбаатарын захиргаа нийтийн үйлчилгээний зогсоолын асуудлыг авч хэлэлцэн шаардлага тавьж зохион байгуулах ёстой шүү дээ. Иймэрхүү зүйлсээ шийдээгүй байж усан оргилуур мэтэд өчнөөн төсөв мөнгө зарцуулдаг гажиг тогтолцоотой болчихоод байна.

-Зогсоолгүйн улмаас та хэдэн удаа машинаа ачуулж байв?

-Хэд хэд ачуулсан. Зүгээр л ямар ч анхааруулга сэрэмжлүүлэг байхгүй хулгайлаад л явчихдаг шүү дээ. Иргэдээ зүгээр л тамлаж чадаж байгаа юм шүү. Хатингаршсан төрийн зохицуулалтгүй, хот төлөвлөлтийн алдаанаас болж иргэд яагаад ингэж хохирох ёстой юм бэ хэмээсэн юм.

Монголд 1200 гаруй СӨХ үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 700 гаруй нь гишүүнчлэлтэй байдаг гэх. Иргэдийн зүгээс СӨХ-ны дээд зөвлөлд СӨХ болон оршин суугчдын маргааны асуудлын тухай гомдол их ирдэг аж. Энэхүү гомдлын 60 хувийг дан ганц автомашины зогсоолын асуудал, гомдол л эзэлдэг байна. Нийслэл хотод өдрөөс өдөрт дээд зэрэглэлийн өндөр барилгууд нэмэгдэж байгаа ч тэд бүгд зөвхөн дотоод засалдаа л анхаардаг ч зогсоолын асуудлаа шийдсэн барилга байдаггүй.

“Натур” худалдааны төвөөс Улсын их дэлгүүр, Тэди худалдааны төвийг зорив. Мөн л энд зогсоолын асуудал шийдэгдээгүй. Эргэн тойрон нэгдүгээр эгнээнд тавьсан машинууд харагдана. Нэг машиныг хэсэг ажиж зогслоо. Зогсоол хайж Улсын их дэлгүүрийг хоёр, гурван ч удаа тойроодхов. Иргэн Н.Ганболд ярихдаа “Бүхэл бүтэн Улсын их дэлгүүр байж байж зогсоолгүй. Ийм байж 400 сая жуулчин хүлээж авна гэж бүлт үсрээд. Ядаж Улсын их дэлгүүрийнхээ зогсоолыг шийдээч ээ. Зогсоол олох гэж хамаг цаг, бензинээ барж байна шүү дээ. Ганц машин гарчих юм болов уу гэж тав тойрч байж арай гэж нэг зогсоол оллоо. Улсын их дэлгүүр мөнгө олдог газар биз дээ. Номингийн Баярсайхан шиг мөнгөтэй хүн Монголд байхгүй шүү дээ. Тийм байж ашиг орлого олдог шигээ зарцуулж чаддаг баймаар байна. Улсын их дэлгүүрээ ядаж нэг зогсоолтой болгоод өгөөч” гэв.

Тэрбээр зогсоол хайж хэд хэд тойрсондоо бага зэрэг стресстсэн бололтой тамхи татаад цааш алхчихав.

Их дэлгүүрээс жаахан хойшилоход Тэди худалдааны төв бий. Тэр зүг алхах ганц км хүрэхгүй газарт автомашины зогсоолтой холбоотой олон зөрчил харж болно. Гэлээ гээд яалтай билээ зөвшөөрөгдсөн зогсоол байхгүй нь үнэн гэж энгийн иргэдээ өмөөрөн бодогдох аж. Тэди худалдааны төвийн гадаах төлбөртэй зогсоол битүү. Зогсоол хүлээн зогсох автомашины дараалал үүсчээ. Төлбөртэй ч хамаагүй зогсоол иргэдэд маш их хэрэгтэй байгааг эндээс бэлхэнээ харж болно. Ингээд Тэди худалдааны төв рүү орлоо.

Тус төвд лангуу түрээсэлдэг иргэн ярихдаа “2-4 давхар хүртэл бүх талбайгаа лангуу болгон хуваагаад түрээсэлдэг энэ газарт нэг давхарт нь ойролцоогоор 40 лангуу байдаг. Үүнийг дундажлаад гурван давхартаа үржүүлэхэд 120 лангуу түрээслэгч энд ажиллаж байгаа гэсэн таамаг гарна аа даа. Эдгээр олон лангуу бүгд тус тусын үнэтэй нь ойлгомжтой. Нэг лангууг хамгийн багадаа 300 мянгаар түрээслүүлдэг гэж тооцвол энэ худалдааны төв сар бүр маш их ашиг олж байгаа нь хэнд ч ойлгомжтой. Гэтэл гадаа нь үйлчлүүлэгч битгий хэл түрээслэгчид нь өөрсдөө машинаа байрлуулах зогсоолгүй. Жилийн дөрвөн улиралд энэхүү худалдааны төвөөс болж энэ хавийн зам битүү түгжрэлтэй байдаг. Тэнгисийн урд зам, Тэдигийн хойд зам түгжрэлгүй байна гэж ховор. Ингэж их ашиг орлого олж байж машины зогсоолын асуудлыг шийдэхгүй өчнөөн жил боллоо шүү дээ. Сэтгэл л дутдаг байх даа” хэмээн толгой сэгсрэн халаглан ярив.

Ингээд Тэди төвөөс гараад бидний хэлж заншсанаар 100 айл буюу Хангай хотхоныг зорив. Энд өдрийн цагаар харьцангуй машины зогсоолын асуудал үүсээд байхгүй ч ажлын цаг тарсны дараа битүү машинуудын цуглаан болдог гэхэд хилсдэхгүй. Учир нь байрнуудын дунд байх хэсэгхэн зогсоолд түрүүлж ирсэн нь эвтэйхэн машинаа байрлуулдаг бол орой ирсэн хүмүүст машинаа тавих нүх сүв ч олдохгүй. Энэ талаар Хангай хотхоны оршин суугч ярихдаа “Манай хотхонд машины зогсоолын асуудал маш хүнд. Ажил тарсны дараа жаахан оройтож ирэх юм бол машин тавих газар олоход нэн хэцүү. Гэр рүүгээ яарах бус зогсоол олохын тулд эртлэн ажлаасаа гарахыг боддог. Зам дагуу тавьчихаар нөгөө хэдэн шуналын тулам болсон ачилтынхан гэрийн гаднаас машин хулгайлаад явчихна. Энэ хотхонд машинаа ачуулаагүй хүн ховор байх. Манай хотхоны оршин суугчдын фэйсбүүк группт машины зогсоолын асуудал шийдэхгүй бол СӨХ-ны төлбөр төлөхгүй байя гэсэн давлагаа ч яваад эхэлсэн. Хоёр блок барилгын дунд байдаг шороон хэсэгт машинаа байршуулдаг байсан ч тэнд одоо цэцэрлэг барих гэж байгаа гээд хашаалчихсан. Машин тавих боломжгүй болсон доо. Үнэнийг хэлэхэд, энэ зогсоолоос болж маш их бухимдах болсон. Арай гэж зогсоол олоод тавихаар өглөө нь машинаа гаргах гэж дор хаяж гурван хүн рүү залгах хэрэг гарна. Зарим нь машиндаа дугаараа үлдээдэггүй. Энэ болгон чинь өдрийг аятайхан эхлэх ямар ч боломжгүй бухимдал үүсгэж байгаа юм. Тэгээд зогсоолоо сайн шийдээгүй байж нэмээд блокууд бариад байх юм” хэмээв.



С.ОТГОНБАЯР

Б.ГАНТОГТОХ

М.МАЙНАРАН

Categories
мэдээ эдийн-засаг

Төсвийн орлогын 22.8 хувийг эрдэс баялгийн салбар бүрдүүлж байна DNN.mn

Эрдэс баялгийн салбар оны эхний дөрвөн сард 1.1 их наяд төгрөг төсөвт  төвлөрүүлжээ

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого энэ оны эхний 8 сарын байдлаар 10,956.4 тэрбум төгрөг болжээ. Энэ өнгөрсөн оны мөн үеэс 1,163.4 тэрбум төгрөг буюу 11.9 хувиар өссөн үзүүлэлт аж.

Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 2,501.9 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 606.9 тэрбум төгрөг буюу 19.5 хувиар буурав. Төсөвт төвлөрүүлсэн орлогын мэдээ, эзлэх хувийг салбараар харуулбал:

  • Уул уурхай, олборлох салбар 2,423.5 тэрбум төгрөг буюу 22.1 хувь,
  • Газрын тосны олборлолт 36.2 тэрбум төгрөг буюу 0.3 хувь,
  • Тусгай зөвшөөрлийн төлбөр 24.3 тэрбум төгрөг буюу 0.2 хувь,
  • Бусад орлого 18.0 тэрбум төгрөг буюу 0.2 хувийг тус тус бүрдүүлжээ.

Эрдэс баялгийн салбар нь оны эхний 8 сарын байдлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 22.8 хувийг бүрдүүлж байна.

Categories
мэдээ цаг-үе

Ковидын 87 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Koronavirus infeksiyasi va uning oldini olish toʻgʻrisida nimalarni bilish  muhim - Xalq so'zi

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 87 тохиолдол шинжилгээгээр батлагджээ.

Энэ нь өчигдрийнхөөс 18 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм. Шинээр илэрсэн тохиолдлын 48 нь нийслэлд, 18 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдаад буй “КОВИД-19”-ийн нийт тохиолдлын тоо 983 610-д хүрэв. Түүнчлэн “КОВИД-19”-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар нийт 2 131 хүн эндээд байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Б.Бат-Эрдэнэ: Аранзаа гэдэг нэрийг урлагийнхан л надад өгсөн DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ АРХИВ… 2014 ОНД ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Б.БАТ-ЭРДЭНЭТЭЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГЫГ ХҮРГЭЖ БАЙНА.


Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, “Aranza” студийн хөгжмийн найруулагч, продюссер, хөгжмийн зохиолч Баатарын Бат-Эрдэнэтэй уулзаж ярилцлаа.


-Саяхан нийслэл хотын төрсөн өдөр тохиож өнгөрлөө. Өөрийн чинь төрж өссөн нутаг хаанах билээ?

-Манай аав Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул болохоос би хотын унаган хүүхэд. “Таван зуун айл”, “Сансар”, нэгдүгээр хороололд л өсөж хүн боллоо доо.

-Таны гэргий, Монгол Улсын гавьяат жүжигчин Болормаа “Миний хань биднийг Багшийн сургуулийн хоёрдугаар курст байхад манай ангид цэргээс халагдан ирж орж байлаа” гэсэн байсан. Тэр үеийнхээ дурсамжийг сөхвөл?

-Багшийн сургуульд арван зургаан насандаа элсэн ороод, 1989 онд арван найман насандаа цэрэгт татагдаж Төв аймгийн Сэргэлэнгийн дивизид хоёр жил алба хааж ирээд сургуульдаа орсон. Багшийн сургуулийг 1993 онд төгссөн. Цэргээс халагдаж сургуульдаа орохдоо “Айзам-2” хамтлагийн даралтат хөгжимчин болсон байсан. Залуучуудын дунд нэр хүндтэй, тухайн үеийн МАХН-ын хамтлаг байлаа. Бид сонгуулиар хөдөө орон нутгаар тоглолт их хийнэ. Амьд хөгжимтэй тоглодог хамтлаг “Харанга”, “Соёл-Эрдэнэ”, манай хамтлаг л байсан. “Хурд” хамтлаг эд нар байгуулагдаагүй үе шүү дээ. МАХН-ын “Ардчилсан социалист залуучуудын холбоо” анх байгуулагдаж байхад М.Хүрэлсүх дарга бид нар л хөдөө явж, тоглолт хийж, сурталчлан үүсгэн байгуулалцаж байсан. Энэ үедээ ангийнхаа охинтой танилцаж дотноссон доо. Манай хамтлагийн дуучин, соёлын тэргүүний ажилтан Э.Мөнхбаярын дуулдаг байсан “Туяарах”, “Зүрх сэтгэлийн минь мөрөөдөл болсон”, “Бодлын үг”, “Хос алтан зул”, “Өнчин улиас” зэрэг дуунуудыг тэр үеийнхэн сайн мэддэг юм.

-Таны зохиосон анхны дуу гэвэл?

-“Айзам”-ын маань дуулдаг “Чамдаа зориулъя” гэдэг дууг цэрэгт байхдаа зохиосон. Олон улсын “Music quist” уралдаанд 1993 онд хоёрдугаар байрт орж байсан. “Трио” хамтлагийн “Чи минь” гэдэг дуу байна. Түүнээс хойш манай эхнэр Болормаагийн дуулсан “Арга ч үгүй хайр уу даа”, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Намбарын Пүрэвийн шүлэг “Намрын өнгө орлоо, ээж ээ” зэрэг дуунуудыг зохиож уран бүтээлийн гараагаа эхэлж байлаа. Цаашаа “Take of” хамтлагийн “Цасан дээр”, дуучин Бичүүгийн “Ахиж би дурламааргүй байна”, залуу дуучин Хосбаярын “Гүйгүүл морин”, “Тусгай салаа”, “Өдөр өдрийн наран” олон ангит кинонуудын хөгжим, дуунууд гээд явж өгсөн дөө. “Гурван бүдүүн” хамтлагийн дуунууд, поп хатагтай Б.Сарантуяагийн “Хайрламаар” гээд нэлээд дуу байнаа.

-Киноны дуу олныг зохиож уу?

-Өө, олон байна. “Өнгөт инээд” продакшны “Зугтаарай” инээдмийн, “Заяаш” студийн “Тэхийн зогсоол”, “Помогите нам-1, 2”, хэлмэгдүүлэлтийн үеийн тухай “Улаан эрэг”, МҮОНТВ-ээр саяхан гарсан “Нарны жим” зэрэг киноны хөгжмийг хийсэн. “Нарны жим” киноны “Чиний зурсан зураг” дууг дуучин Хулан, Амараа хоёр дуулсан нь одоо залуус нэлээд сонсож байгаа. 1993 оноос хойш хийсэн уран бүтээлүүдээ нэг бүрчлэн тоолж үзээгүй. Лавтайяа Монголын нийтийн дууны болон рок попын жар далан дуучны цомогт миний дуунууд багтсан байдаг юм билээ.

-Та өөрөө цомог гаргаагүй юм уу?

-Би рок попын дуунуудаараа нэг цомог 2005 онд гаргасан. Одоо хэрвээ цомог гаргавал хэд хэдэн хос цомог гаргахаар хэмжээний бүтээл байна. Зөвхөн хит болсныг нь шигшлээ гэхэд л. Клипүүд нь ч байгаа.

-Оюутан цагийн ангийнхан чинь аль хэр авьяастнууд байв?

-Хуучин ангийнхнаас “Элькондор”-ын Жагаа, удаахь ангид гавьяат жүжигчин, уртын дуучин Ширмэнтуяа, манай хүн гээд авьяастнууд байлгүй яахав. Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулга, Улсын филармонид манай ангийн сайн хөгжимчид дүүрэн байдаг.

-Ангийн охиноо аавынхаа нутгийнх гэж дотносоод амьдралын ханиар сонгов уу?

-Цэргээс халагдаад дөнгөж хорин настай, Болороо арван найман настай байсан болохоор хэн хэндээ хайраа өгч, хоёр жил үерхэж, дөрөвдүгээр курс төгсөхдөө хамт амьдарч эхэлсэн дээ.

-Өөрийг чинь урлагт уруу татсан хүн хэн байна?

-Миний аав Баатар Цэргийн ансамблийн найрал дуунд зогсдог алдарт “Жаран хар”-ын нэг дуучин хүн. Аавын минь нөлөө намайг урлагийн хүн болоход нөлөөлсөн байх. Ээж маань харин эмийн санч мэргэжилтэй хүн. За тэгээд, дунд сургуулийн дуу хөгжмийн багш минь байна. Багшийн сургуулийн хөгжмийн ангид ороход хөгжмийн онолын а үсэг болох до ноотыг заасан хүн бол алдарт дуучин Галхүү багш маань юм. Хөгжмийн онолоор багштай минь эн зэрэгцэх өндөр мэдлэгтэй хүн Монголд байхгүй. Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Чинзориг, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баттөмөр, Ч.Сангидорж, Ё.Сүхбаатар, Д.Цэцэрлэг нараар хичээл заалгаж байсан болохоор бүгдийг нь багш аа гэж хүндэлж явдаг.

-Киноны хөгжим, дууны уран бүтээлүүдээ та хэдий хэрийн үнэлгээгээр хийх вэ?

-Миний уран бүтээлийн нэг онцлог нь дуунууд маань бүгд захиалгаар хийгдсэн байдаг. Дуучид юм уу, уран бүтээлчид, хувь хүмүүс захиалгаар хийлгэдэг. Би өөрөө бодож байгаад хийсэн дуу бараг байхгүй. Гэр бүлийнхээ хүнд зориулж харин ганц нэг дуу зохиож өгсөн юм байна. “Эр хүн” гээд Болормаагийн фэнүүд нь мэддэг дуу бий. Би ханьдаа “Гэгээн хайрын дуу”-гаа бичиж өгч байсан. “Хурын усаар хундагаа дүүргээд хувааж хоёул уумаар байна” гэсэн үгтэй дуу байдаг даа. Гэхдээ, манай хүн миний нэг их олон дууг дуулаагүй юм аа. Нөхөр нь зохиогоод эхнэр нь байнга дуулаад байх нь хэн ч бодсон утгагүй шүү дээ.

-Танай хүүхдүүд аав ээжийнхээ урлагийн авьяасыг өвлөх шинж байна уу?

-Манай том хүү 21, бага нь 11 настай. Ууган хүү Хөгжим бүжгийн сургуулийн төгөлдөр хуурын ангид сурч байгаад МУИС-д ороод байгаа. Уг нь сонсгол сайтай, хөгжмийн авьяастай хүүхэд. Тэгэхдээ манай хоёр хүү урлагаар явахгүй юм байна лээ. Урлаг гэдэг чинь зүрх сэтгэлээсээ үнэхээр дурлан байж амжилт гаргадаг салбар шүү дээ. Яахав, өөрсдийнхөө л сонирхол сонголтоор мэргэжлээ сонгоно биз дээ.

-Олны танил хүмүүсийн амьдрал нийгэмд ил байдаг нь хэцүү юм шиг санагддаг. Та хоёрын хувьд ямар байдаг бол?

-Миний хань ч тэр, би ч тэр зарим хүмүүс шиг зурагтаар байнга гараад байхыг хүсдэггүй, жирийн даруухан амьдардаг. Энэ нь ч амар байдаг. Тэрнээс аль нэг хэвлэл, цахим сайтад ярилцлага өгчихөөр доор нь бичиж байгаа сэтгэгдэл гээч юмаар ёстой худлаа авч өгдөг учраас олны анхааралд өртөөд байхыг хүсдэггүй. Зурагтаар гарах хүн цаагуур чинь өчнөөн байхад орон зайг нь булаалдаад хэрэггүй биз дээ.

-Та яг одоо ямар уран бүтээл дээр сууж байна?

-Өөртэй чинь уулзахаас өмнө “Honeymoon” гэдэг охидын хамтлагийн захиалгат шинэ дууг хийж өгөөд сууж байна. Баттунгалаг хэмээх шинэ дуучны “Нис нис” гэдэг дууг бичлээ. Оранжировка хийх дуунууд нэлээд байна.

-Дууны найруулга хийх, дуу бичиж өгөх тус тусдаа тогтсон үнэ ханштай биз?

-Монголд нэг дууны найруулгын үнэ таван зуун мянгаас нэг сая төгрөгийн үнэ ханштай байдаг. Миний хувьд шинэ залуу дуучдад хатуу үнэ тулгаад байдаггүй. Төслийн ч юм уу, намын дуу байвал төлбөрийг нь өндөр тохиролцдог. Би шинэ залуу дуучдыг их дэмжиж ажилладаг. Шинэ дуучин чинь цоо шинэ дуугаралт, уур амьсгалыг нийгэмд бий болгодог. “Номинталст” хамтлаг, гавьяат жүжигчин Алтанцэцэг, С.Жавхлан, Т.Баясгалан нарын урлагт анх орж ирсэн дууных нь найруулгуудыг хийж өгч л байсан. Миний анх дэмжиж, дууных нь найруулгыг хийж өгсөн хамтлаг, дуучдаас олон хүн гавьяат болсонд баяртай байдаг юм.

-Таныг хөгжмийн зохиолч Б.Бат-Эрдэнэ гэхээсээ илүүтэй Аранзаа гэдгээр чинь хүмүүс сайн мэддэг. Ямар учиртай нэр юм бол?

-Урлагийнхан л бага залууд маань өгсөн хоч нэр гэх юм уу даа. Аранзаа гэсэн нэрэндээ ч одоо бүүр дасаж орхиж дээ.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
мэдээ цаг-үе

ЦУОШГ: Цас орж байгаа аймгууд DNN.mn

Нутгийн хойд хэсгээр цас орно

Цаг уурын байгууллагаас мэдээлснээр өнөөдөр/2022.10.07/ өглөөний 08:00 цагийн байдлаар Хөвсгөл, Завхан, Говь-Алтай, Эрдэнэт, Булган, Архангай аймгийн нутгаар цас орж байгаа бол бол Баянхонгор аймагт шороон шуургатай байна.

Өнөөдөр Архангайн нутаг, Өвөрхангай, Дундговийн хойд, Булган, Төв аймгийн өмнөд, баруун хэсгээр их цас орж, цасан шуурга шуурна.

зураг

Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговийн болон говийн бүс нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, хүчтэй, салхи шуургатай байхыг анхаарууллаа.

Түүнчлэн зам даваанд халтиргаа үүсэж болзошгүй тул орон нутгийг зорих иргэд аюулгүй байдлаа хангаж явахыг зөвлөв

Categories
гадаад мэдээ

Герхард Манготт: Путин цөмийн зэвсэг хэрэглэнэ гэдэгт итгэлтэй байна DNN.mn

Австрийн Инсбрукийн их сургуулийн олон улсын харилцааны профессор Герхард Манготт “Орос улс цөмийн зэвсэг хэрэглэх асуудалд маш нухацтай хандаж байна. Иймээс Владимир Путин цөмийн зэвсэг хэрэглэнэ гэдэгт итгэлтэй байна. Орос улсын цөмийн галт тэрэгний хөдөлгөөн, тактикийн цөмийн бөмбөг бүхий нисгэгчгүй “Посейдон” пуужинг туршихаар К-329 “Белгород” цөмийн шумбагч онгоцыг Хойд туйлд илгээсэн тухай мэдээлэл нь Оросын ерөнхийлөгчийн илгээж буй “цөмийн мессэж”-ийн эхний шат юм” гэж Манготт хэлэв. “Хэрэв цөмийн зэвсэг ашиглах тодорхой заналхийлэл нь Украины сөрөг довтолгоог зогсооход хангалтгүй бол хоёр дахь шат нь эзгүй газар нутагт бөмбөг дэлбэлэх явдал болно. Хэрэв энэ нь бүтэлгүйтэж, Украины арми эзлэгдсэн газар нутгаа эргүүлэн авсаар байвал Орос Украинд цөмийн зэвсэг хэрэглэх бүрэн боломжтой гэж Австрийн шинжээч үзэж байна. Иймээс Герхард Манготт “Путины гол зорилго нь цөмийн зэвсгээр айлгаж байгаад Украины газар нутгаас авч энхийн гэрээ хийх явдал. Харин цөмийн бөмбөг хэрэглэсэн тохиолдолд цохилт хийх хамгийн их магадлалтай цэг нь Украины ар тал дахь хүн ам шигүү суурьшсан газар нутаг байх болно” гэв.

Цэргийн шинжээч, Бундесверийн хурандаа асан Ральф Тиеле, хэрэв Оросын цөмийн зэвсгийг эзгүй газар дэлбэлэх нь урьдчилан сэргийлэх нөлөө үзүүлэхгүй бол Оросын дараагийн хувилбар нь Украин дахь улс төр, эдийн засгийн объектуудад цохилт өгөх явдал байж магадгүй гэж үзэж байна. Тэрээр “Цөмийн дэлбэрэлт цахилгаан соронзон импульс үүсгэдэг бөгөөд энэ нь хэдэн зуун хавтгай дөрвөлжин километр талбайн бүх электрон төхөөрөмж, цахилгаан станцууд, компьютерийн системүүд, хиймэл дагуулууд, автомашинууд гээд дэлбэрэлтийн хүрээн дэх бүх электрон системийг устгах болно” гэж хэлэв.

Олон улсын ихэнх шинжээчид цөмийн зэвсэг хэрэглэсний үр дагавар Орост өөрт нь жинхэнэ аймшиг авчрах болно гэдэгтэй санал нэг байна. Герхард Манготт “Цөлийн бүсэд цөмийн зэвсэг дэлбэлсэн ч ОХУ олон улсад соёрхон баталсан “Цөмийн туршилтыг иж бүрэн хориглох гэрээ”-г бодитоор зөрчих тул барууны улсууд Оросын эсрэг эдийн засаг, санхүүгийн хориг арга хэмжээгээ бараг тултал нь чангатгах болно. Энэ нь Оросын хувьд том аюул болно” гэж хэлжээ.

АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан “CBS” телевизэд өгсөн ярилцлагадаа “АНУ цөмийн бөмбөг хэрэглэх гэвэл яг юу болохыг Кремльд “хамгийн дээд түвшинд шууд, нууцаар мэдэгдсэн”” бөгөөд “Бид энэ нь юунд хүргэхийг тодорхой бөгөөд тун ойлгомжтой тайлбарласан” гэж хэлэв. АНУ-ын Тагнуулын төв газрын дарга асан Дэвид Петреус “Оросууд цөмийн бөмбөг хэрэглэх гэсэн тохиолдолд АНУ болон түүний холбоотнууд Украины нутаг дэвсгэрт байгаа Оросын армийг бүхэлд нь устгаж, Хар тэнгисийн флотыг бүрэн живүүлэхэд бэлэн байна” гэж олон нийтэд зориулан мэдэгдэв. Харин Манготт “Үүндээ барууны улсууд ердийн зэвсэг ашиглах болно” гэж тодруулан тайлбарлав. Тэгвэл цэргийн шинжээчид болох Украины бэлтгэл хурандаа Олег Жданов “Атомын галт тэрэг хоёр төрөл байдаг.Нэг нь бөмбөггүй зөвхөн цэргийн удирдлага байдаг.Нөгөө нь хэдэн мянган км хол тусах чадвартай стратегийн пуужинг, суудлын эсвэл ачааны галт тэрэг болгон хувиргасан байдаг. Иймээс ийм галт тэрэг Украин руу явах ямар ч шаардлагагүй болохоор энэ бол Кремлийн гаргасан худал ухуулга” гэсэн бол АНУ-ын Андрей Пионтковский “Путин өөрөө эхлээд сөнөх учраас атомын бөмбөг яасан ч хэрэглэхгүй” гэсэн байна.

“ОХУ цөмийн зэвсэг ашиглах гэсэн тохиолдолд юу болохыг ойлгуулсан АНУ, Англи болон НАТО-гийн арга хэмжээ нь нөхцөл байдлыг эрс хурцатгахгүй байж дайснаа ялах боломж олгох маш ухаалаг стратеги юм. Путин цөмийн зэвсэг хэрэглэвэл барууны улсууд яаралтай хариу арга хэмжээ авах бөгөөд Орос улс дэлхийд бүрэн тусгаарлагдаж, Энэтхэг, Хятад зэрэг улсууд ч Оросоос зайгаа авах болно” гэдгийг шинжээчид санал нэгтэй анхааруулсан байна.

Categories
мэдээ улс-төр

Б.Жавхлан: ХХОАТ мэдүүлдэг 1365 иргэнээс шаталсан татвар авна DNN.mn

Б.Жавхлан: НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг нэмэх бодлого ойрын  хугацаанд байхгүй – updown.mn

УИХ-ын чуулганы Баасан гаригийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулах юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын Ц.Сандаг-Очир “Хувь хүний орлогын албан татварыг шаталсан тогтолцоонд шилжүүлнэ гэсэн. Энэ тал дээр тайлбар өгөөч. Хүүхдийн мөнгө олгохгүй хүн амын есөн хувийг яаж тооцох вэ? Хүн амын бүртгэл мэдээллийн сангаасаа тооцох юм уу, эсвэл тэдэн урилах юм уу. Эрчим хүчний сайдаас үнэ тарифтай холбоотойгоор байр суурийг нь сонсмоор байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын тогтолцоонд ирэх жил томоохон өөрчлөлт орох юм байна. Энэ нь ямар өөрчлөлт орох вэ?” гэдгийг асуув.

Сангийн сайд Б.Жавхлан “Шаталсан татвар бол шинэ татвар биш. Бид 2004 онд анх энэ тогтолцоонд байсан. 2014 онд энэ тогтолцооноос гараад 2018 онд Засгийн газраас дахин өргөн барьсан боловч УИХ дээр буцаасан. Одоо бол хамрах хүрээ нь бага. Сарын 10, 15 саяас дээш гээд гурван шаталсан татвартай болно.

Манай улсад 817 мянган хувь хүний орлогын албан татвар мэдүүлдэг иргэн байдаг. Эндээс шатлалд хамаарч байгаа нь 0.3 хувь буюу 1,365 хувь хүнд оногдож буй татварын систем юм. Шаталсан татвараас орж ирэх орлого 10 тэрбум төгрөг байна.

10-15 саяынхаа хооронд давсан хэсэг дээр нь 15 хувь, 15 саяас дээш давсан хэсэг дээр нь 20 хувь татвар ногдуулах системийн шинэчлэл. Ирэх жил хөрөнгө оруулалтын бодлого дээр томоохон өөрчлөлт хийж байна. Жил бүр хөрөнгө оруулалтын бодлогыг Сангийн яам авч явна. Төсөвт суухгүй зүйлүүдийн зураг төсвийг хийж илүү зардал гаргах шаардлагагүй. Ийм зарчим баримтална.

Нийгмийн халамжийн тухай хуульд хүүхдийн мөнгө гэж орж байгаа. Тиймээс зорилтот бүлэг рүү илүү чиглүүлэх бодлого цаашид баримтална.

Төрийн сангийн мэдээлэлд тооллого, бүртгэлээ сайжруулах шаардлагатай. Өнөө, маргаашгүй Засгийн газарт ажлын хэсэг байгуулагдана” гэлээ. .

Categories
мэдээ цаг-үе

ДЭМБ-аас анхааруулга гаргалаа DNN.mn

ДЭМБ сармагчны цэцэг өвчний тандалт судалгааг өргөжүүлж байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Гамби (Бүгд Найрамдах Гамби) улсад гарсан 66 хүүхдийн үхлийг ханиадны сиропноос үүдэлтэй гэж үзэн дэлхий нийтэд анхааруулга өглөө. Энэтхэг улсын Maiden эм зүйн байгууллагаас гаргасан тус сироп нь бөөрний үйл ажиллагаанд гэмтэл үзүүлдэг байж болзошгүй гэж үзэж буй.

Одоогоор тус компаниас ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. Энэтхэг улсын эрх баригдчын зүгээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ханиадны сироп болон нас баралтын хоорондох уялдаа холбоог нотлох баттай баримтыг шаарджээ.

Categories
мэдээ улс-төр

ЧУУЛГАН: Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна DNN.mn

УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, 2022 оны улсын төсөв цар тахлын хүндрэлийг даван туулахад зориулагдсан бол өргөн барьж буй 2023 оны улсын төсвийн төсөл эдийн засгийг тогтворжуулж, макро тэнцвэрийг хангахад бүхэлдээ зориулагдсаныг тэмдэглээд олон улсын геополитикийн хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гадаад үнийн өсөлт, валютын ханшийн огцом өсөлт, дэлхий нийтэд үүсэж буй хүнсний хомсдол зэрэг эдийн засгийн хүндрэлүүдийг даван туулж, макро эдийн засгийг тогтворжуулах нь улс орон бүхний хувьд амаргүй сорилт болж байгааг онцолсон.

Түүнчлэн 2023 оны улсын төсөв энэхүү өргөн баригдсан хувилбараар батлагдвал эдийн засгийн өсөлт таван хувьд хүрч, инфляц нэг оронтой тоонд хүрч буурч, экспортын биет хэмжээ цар тахлын өмнөх буюу 2019 оны түвшинд хүрч, төлбөрийн урсгал тэнцлийн алдагдал буурч, валютын ханш тогтворжиж чадна гэдэгт Засгийн газар бүрэн итгэлтэй байна. Макро эдийн засгийн тэнцвэр хангагдсанаар хөрөнгө оруулалт, бизнесийн орчин сайжирч, иргэдийн орлого бодитоор өсөх суурь нөхцөл бүрдэнэ гэж байв.

2023 онд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх Оюу Толгойн Гүний уурхай ашиглалтад орж, Боомтын сэргэлтийн хүрээнд экспортын шинэ төмөр замын гарцууд бүрэн хүчин чадлаараа тээвэрлэлтээ эхлүүлснээр Монгол Улсын экспортын орлого түүхэндээ анх удаа 11 тэрбум ам.долларын босгыг давна гэж тооцоолж байна. Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд ган, зэс, алтны үйлдвэржилтийг дэмжих бодлого явуулж, аж үйлдвэрийн боловсруулалтыг нэг шатаар ахиулж, нэмүү өртөг шингээх зорилт тавьж байгаагаа Засгийн газрын тэргүүн танилцуулгадаа тодотгосон.

Мөн тэрбээр, ирэх төсвийн жилд Эрчим хүчний сэргэлтийн бодлогыг эрчимжүүлнэ. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Тавантолгой цахилгаан станц зэрэг олон жил гацсан бүтээн байгуулалтын ажлуудыг 2023 оны төсвийн жилд багтаж эхлүүлнэ. Амгалан Дулааны цахилгаан станц, Эрчим хүчний хуримтлуурын бүтээн байгуулалтыг 2023 онд багтаан ашиглалтад оруулна. Ямар ч улс төржилт, ямар ч эсэргүүцэл хөрш орнуудтай Засгийн газрын хэлэлцэн тохиролцсон томоохон төслүүдийг гацаах ёсгүй гэдгийг Ерөнхий сайдын хувьд хариуцлагатайгаар дахин хэлье гэж байлаа.

Төрийн өмчит компаниудын засаглал, үр ашгийг сайжруулж, хөрөнгийн зах зээлээр дамжуулж олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг ирэх онд идэвхжүүлнэ. Саяхан Төрийн банкийг олон нийтийн хяналтад оруулах ажлыг амжилттай хэрэгжүүлсэн бол Хөрөнгийн биржийг олон улсын жишигт нийцсэн нээлттэй компани болгох ажлыг ирэх жилийн төсвийн жилд багтаан зохион байгуулна. “Эрдэнэс Монгол” компанийн бүтэц, үйл ажиллагааг Баялгийн сангийн олон улсын жишигт нийцүүлж, өөрчлөн зохион байгуулснаар нүүрс, зэс, өнгөт металл, эрчим хүчний төслүүдийн бүтээн байгуулалтууд идэвхжиж, уул уурхайн шинэ төслүүдэд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг идэвхтэй татах боломжууд нэмэгдэнэ. Уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулагдсанаар борлуулалт ил тод, нээлттэй болж, ашигт малтмал дагасан далд эдийн засаг, авилгын асуудал бүрэн цэгцэрнэ гэдгийг Ерөнхий сайд танилцуулгадаа онцлоод хавтгайрсан халамжийг үе шаттай хязгаарлаж, хөдөлмөрийн бүтээмжид суурилсан төрийн албаны цалингийн тогтолцоог шинээр нэвтрүүлнэ. Төрийн жинхэнэ албан хаагчийн цалингийн 160 гаруй салангид шатлалыг 20 болгон бууруулж, олон улсын жишигт нийцүүлнэ гэдгийг тодотгож байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хангамж, аюулгүй байдлын үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, бодит ажил болгоход Засгийн газар 2023 оны төсвийн жилд онцгой анхаарал хандуулна. Эрүүл хүнс бол эрүүл Монгол Улс бүрдэх суурь нөхцөл төдийгүй экспорт нь 92 хувь уул уурхайгаас хамааралтай манай улсын хувьд төрөлжин хөгжих боломж бүхий эдийн засгийн хоёрдахь том салбар билээ. Засгийн газраас 2023 оныг Монголд зочлох жил болгон зарлаж байна. Энэхүү бодлогын хүрээнд Аялал жуулчлалын үндэсний хороог Ерөнхий сайд биечлэн удирдаж, олон улсад улсынхаа нэр хүндийг өсгөхөд онцгойлон анхаарна. Аялал жуулчлалын стандартыг эрс шинэчлэх ажлыг хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтран зохион байгуулах болно. Аялал жуулчлал бол эдийн засгийн хувьд төрөлжүүлэн хөгжүүлэх боломж бүхий гуравдахь том салбар гэдгийг Ерөнхий сайд танилцуулгадаа дурдсан.

Мөн ирэх оны төсөвт нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэл, үйлчилгээний чанарын асуудлыг цогцоор шийдвэрлэж, шинэ түвшинд хүргэх томоохон зорилтыг дэвшүүлж байгаагаа онцлохын зэрэгцээ чадварлаг хүний нөөцийг орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд орон нутгийн төрийн захиргааны албан хаагчийн цалинг 20-100 хувь хүртэл үр дүнд тулгуурлан нэмэгдүүлэх ажлыг ирэх жилийн төсвийн жилээс эхлэн зохион байгуулна гэж байлаа.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд дулаан, цахилгаан үйлдвэрлэх шинэ төслийг орлого олж эхэлсний дараачийн жилээс эхлэн 3 жил 90 хувиар, дараагийн 3 жил 50 хувиар татварын хөнгөлөлт үзүүлнэ гэдгийг Засгийн газрын тэргүүн тодотгоод Монгол Улс анх удаа 2023 оны төсөвт шинэ хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, зөвхөн өмнө нь эхлүүлсэн нийт төслүүдийг үр ашигтай дуусгах томоохон зорилтыг дэвшүүллээ. 2023 оны төсөв хэрэгжсэнээр өмнө нь эхлүүлсэн нийт төслийн 86 хувийг бүрэн дуусгаж, ашиглалтад оруулна гэдгийг онцлов.

Мэдээж 2023 оны төсөв зарим талаараа давс мэт шорвог сонсогдож магадгүй. Гэвч бид ирэх жилүүдэд улс орны нийгэм, эдийн засагт хэрэгтэй чухал төслүүдийг цаг алдалгүй богино хугацаанд хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлж буй Шинэ сэргэлтийн төсөв юм. 2022 оны төсөв дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувь буюу 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай байсан бол 2023 оны төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 2.8 хувь буюу 1.5 их наяд төгрөгтэй тэнцүү байхаар тооцож, 833.5 тэрбум төгрөгөөр алдагдлыг бууруулан, өргөн барьж байна. Төсвийн алдагдал гэдэг бол Засгийн газрын өр юм. Тиймээс цаашид төсвийн алдагдалгүй улс болж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн төсвийн сахилга баттай төр засаг болохын төлөө хариуцлагаа ухамсарлаж, хамтдаа хичээцгээе гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд танилцуулгадаа онцлон тэмдэглэв.

Дараа нь Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийн талаар Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 18.9 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 34.7 хувь, нийт зарлагыг 20.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 37,6 хувь, тэнцвэржүүлсэн тэнцлийг 1.5 их наяд төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий хасах 2,8 хувьтай тэнцэхээр төсвийн төсөлд тусгасныг дурдаад төсвийн алдагдлыг Засгийн газрын үнэт цаасаар 1.0 их наяд төгрөг, Засгийн газрын зээлээр 417.5 тэрбум төгрөг, Тогтворжуулалтын сангийн хуримтлагдсан үлдэгдлээс 132.7 тэрбум төгрөгийн эх үүсвэрээр нөхөхөөр тооцсоныг онцлов.

Төрийн аудитын байгууллагын Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн төсөлд хийсэн дүгнэлтэд, Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн төсөлд тусгасан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан үзүүлэлтүүд нь төсвийн тусгай шаардлагыг хангаж байгаа ч өргөн барьсан төсөв урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, зорилттой уялдахгүй байх, төсвийн удирдлагын зарчим алдагдах эрсдэлтэй нөхцөл байдал үргэлжилсээр байгааг дурдсан байлаа.

Мөн Монгол Улсын Ерөнхий аудитор, улс орны гадаад дотоод нөхцөл байдал хүндрэлтэй байгаа энэ цаг үед төсвийн болон мөнгөний бодлого, төсвийн зарлага тэлэх халамжийн бодлогын орон зайн зохистой харьцааг баримтлах оновчтой бодлого хэрэгжүүлэх замаар төсөв, санхүүгийн хямралт үеийг тогтворжуулах, даван туулах шаардлага тулгарч байгааг аудитын дүгнэлтэд дурдсаныг онцлоод төсвийн төсөлд тусгасан зарим хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжих боломж, нөхцөлийг үндэслэлтэй судалж, ангилах, эрэмбэлэх ажиллагааг дутуу хийснээс ирээдүйд бий болох үр дагавар нь зардлыг улам нэмэгдүүлсэн, үр ашиг, үр дүнгүй болох эрсдэлтэй байгааг анхааруулсан.

Түүнчлэн төсвийн төсөл нь үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцсэн эсэхийг үнэлж, дүгнэх шаардлага бий болсон бөгөөд энэ ажлыг хэрэгжүүлэх горим тогтолцоо төлөвшөөгүй, арга зүй, нарийвчилсан аргачлал, шалгуур үзүүлэлт тодорхойгүй байгаа тул дүгнэлт гаргахад хүндрэл учирч байна. Иймд төсвийн төслийг үндэсний аюулгүй байдлын бодлогод хэрхэн нийцүүлэх арга замыг тодорхойлж, баталгаажуулах шаардлагатай байгааг дүгнэлтэд дурдсан байлаа.

Хуулийн төслүүдийн талаар УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Гишүүдийн зүгээс Эрүүл мэндийн салбарын төсвийг инфляц, валютын ханш, үнийн өсөлттэй уялдуулан төсвийн төсөлд тусгасан эсэх, хөнгөлөлттэй эмийн хувь, хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг хэрхэн шийдвэрлэснийг лавлаж байлаа. Мөн нийслэлийн төвлөрлийг сааруулахаар зорьж байгаа ч 2023 оны улсын төсөвт хөдөө орон нутагт нэг ч шинэ хөрөнгө оруулалтын арга хэмжээ төлөвлөгөөгүй шалтгааныг тодруулсан. Засгийн газрын зүгээс хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91 хувьд нь ямар хэлбэрээр олгохоор болсныг тодруулахын зэрэгцээ ирэх онд шатахуун, түлшний асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр төлөвлөснийг лавлаж байв.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд хариултдаа, Салбарын яамны зүгээс ирэх оны төсвийг оруулахдаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тарифт тодорхой өөрчлөлт хийж, зарим тусламж, үйлчилгээг нэмж нэг их наяд 570 тэрбум төгрөгийн төсөл оруулсан ч Сангийн яам нэг их наяд 481 тэрбум төгрөгөөр даатгалын сангийн төсвийг баталсан гэдгийг тодотгов. Мөн эмийн хөнгөлөлтийн тарифыг нэмж, 2022 оны төсөвт 67 тэрбум төгрөг байсныг ирэх оны төсөвт 90 тэрбум төгрөг болгож нэмэгдүүлсэн учраас ямар нэгэн эрсдэл гарахгүй гэж байлаа.

Харин Сангийн сайд Ж.Жавхлан, төсвийн шинэчлэлийн хүрээнд томоохон тохируулга хийхээр зорьсныг онцлоод энэ хүрээнд ирэх жил хийх нийт 1061 төслийн 914 нь буюу 86 хувийг 2023 онд ашиглалтад оруулж дуусахаар тооцсон. Өмнө энэ коэффициент 40 орчим хувь байдаг байсан. Өмнөх жилүүдийн хуримтлагдсан, шилжиж ирсэн төслүүдийг цаашид даамжрах, үнийн өсөлтөөс сэргийлж, олон жил дуусаагүй, мөн ойрын жилүүдэд шилжиж ирэх төслүүдийг дуусгах зорилтыг тавьсан. Энэ хүрээнд шинэ хөрөнгө оруулалтаас татгалзах бодлогыг барьж байна гэж байлаа. Мөн тэрбээр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багц дээр хүүхдийн мөнгийг суулгаад 1.4 тэрбум төгрөгийг халамжийн нэг төрөлд багтаасан. Хүүхдийн мөнгөнд судалгаа хийхэд жилд дунджаар 33 хувь нь шууд хадгалж байна. Мөн хүүхдийн мөнгийг бэлнээр эсвэл бэлэн бусаар авах уу гэж асуухад иргэдийн 90 гаруй хувь нь бэлнээр авдаг ч цаашаа хуримтлалд нь хийдэг дадалтай болжээ. Тийм учраас хүүхдийн мөнгө хуримтлалыг дэмжсэн бодлого болж байгаа хэмээж байв.

Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар хариултдаа, Монгол Улсын шатахууны нийт хэрэглээ 1.5 сая тонн, шатах тослох материалтай нийлбэл 1.8 сая тонн байдгийг тодотгов. Мөн тэрбээр, Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ-д хийсэн айлчлалын үр дүнд шатахууны асуудлаар тогтвортой гэрээ байгуулах эхлэл тавигдсан. Энэ хүрээнд АИ-92 бензин 815 ам.доллараар таван жилийн туршид хадгалагдах боломжтой. Гэрээ хараахан байгуулагдаагүй байгааг хариултдаа онцлоод дизелийн түлшийг зах зээлийн үнээс 10 хувийн хямдралтай авч байна. “Роснефт” компани дотоод зардлуудаа буулгасан. Нийлүүлэгч тал өмнө нь ийм тодорхой хямдралыг үзүүлж байгаагүй гэж байлаа.

Үүгээр чуулганы нэгдсэн хуралдааны ажлын цаг дууссан тул Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн талаарх гишүүдийн асуулт, хариултыг баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэхээр боллоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монголчууд КК паркаас суллагдахын тулд өөр хохирогчдыг хуурч аваачсан байж болзошгүй байна DNN.mn

-КК паркад байгаа монголчуудын олонх нь гадаад хэлтэй, өндөр боловсролтой иргэд байна-

Зүүн хойд Азийн улс орнуудын иргэдийг хууран мэхэлж, зохион байгуулалттайгаар хил давуулан албадан хөдөлмөр эрхлүүлдэг, цаашлаад бэлгийн мөлжлөг, эд эрхтний наймааны золиос болгодог Мьянмар дахь “КК парк”-д Монгол Улсын таван иргэн байгаа талаар ЦЕГ-аас мэдээлээд байсан билээ. Тэгвэл хохирогчдын тоо нэмэгдэж 15 болсон талаар Гадаад харилцааны яам мэдэгдэж байна.

Монгол иргэдээ аюулгүй татан авчрах тал дээр хэрхэн ажиллаж байгаа талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад “Тайланд улсад суугаа Элчин сайдын яамнаас Мьянмар дахь монгол иргэдийн асуудлыг хавсран хариуцдаг. Тэр журмынхаа дагуу ажиллаж байгаа. Одоогоор монгол иргэд тэнд эрх нь ноцтой зөрчигдөөд барьцаалагдчихсан нөхцөл байдал, мэдээлэл байхгүй байгаа. Ажил хийхээр очсон ч цалин мөнгөө авч чадахгүй байна гэсэн мэдээллийг өгч байна. Эх орон руугаа буцъя гэсэн хүсэлт одоогоор гаргаагүй” гэв.

Тагнуулын ерөнхий газраас КК паркаас иргэдээ аюулгүй авчрахаар ажиллаж байна. Хүндрэл бэрхшээл тулгарч байгаа гэж буй. Олон улсад ч ийм нөхцөл байдалтай байгааг хэвлэлүүд бичиж эхэлсэн. КК паркад эрүү шүүлттэй хөдөлмөрийн мөлжлөгөөс гадна бэлгийн мөлжлөг, эд эрхтний наймаа зэрэг онц ноцтой хэргүүд үйлдэгддэг болох нь ил болсон. Эрх нь зөрчигдсөн хохирогчид амь насаа алдсаар байгаа мэдээлэл ч бий. Хамгийн сүүлд Вьетнамын иргэн КК паркаас зугтаж байгаад голд живж нас барсан аж. Мөн Малайз улс Камбожийн Засгийн газрын тусламжтайгаар хамтарсан ажиллагаа явуулж 158 иргэнээ суллаж авсан мэдээлэл байна.

КК парк гэгч нь олон улсад нэгэнт хүнд ноцтой гэмт бүлэглэлтэй бүс нутаг болох нь тодорхой болоод байгаа учраас Монгол Улсын иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах, эх оронд нь авчрах асуудал ч хөндөгдөх учиртай юм. Тагнуулын ерөнхий газраас ч энэ талаар ажиллаж байгаагаа мэдэгдсээр байгаа.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар КК паркад байгаа 15 монгол иргэдийн найм нь эмэгтэй, долоо нь эрэгтэй гэнэ. Тэдний олонх нь хэл устай, өндөр боловсролтой иргэд байгаа аж. Тэднээс хоёр нь Тайландын Элчин сайдын яамтай холбогдсон мэдээлэл байна. Тэдгээр иргэд цахим сүлжээнээс “Гадаадад өндөр цалинтай ажилд авна, орчуулагч авна, аялуулна” гэсэн зарын дагуу хил давжээ.

КК парк нь Тайланд, Мьянмар улсын дундах нэгэн голын гүүрний ойролцоо байрладаг нь хохирогчдыг хуурч аваачих том эрсдэл болж буй аж. Энэ тухай нэгэн эх сурвалж “Хохирогчдыг Тайландад өндөр цалинтай ажиллуулна, аялуулна гэсэн зараар хуурч аваачиж байна. Хил давсан хүмүүс Тайланд дотроо явж байна гэж боддог ч ганц гүүр гатлаад л Мьянмарын хил рүү нэвтрээд аюултай бүс рүү орж байгаа нь тогтоогдсон. Үүнийгээ хохирогчид мэдэхгүй, хууртаж явсаар аюулд өртөж байна. Манай улсын хувьд иргэдээ аюулгүй гаргах талаар ажилласаар л байгаа. Бүхий л улс орнууд ажиллаж байна. Зарим нь аргаа олохгүй мухардаж ч байгаа” гэж байв.

КК паркаас иргэдээ татан авах асуудалд өөр нэг ноцтой аюул тулгарч байгаа нь хохирогчид эрх чөлөөтэй болохын тулд өөрийнхөө оронд дахин өөр хүмүүс авчрах даалгавар өгдөг аж. Эрх чөлөөтэй болохын тулд тэд өөрийн орноосоо найз нөхөд, таньдаг хүмүүсээ залилж авчирдаг байна. Манайд ч ийм тохиолдол гарсан байж болзошгүй байна. Өөрөөр хэлбэл, хуулийн байгууллага удаан хугацаанд ажиллаж хоёр иргэнийг эх оронд нь аюулгүй авчирсан ч дахин 6-7 иргэн аль хэдийнэ КК паркад оччихсон, зарим нь явахаар бэлтгэж байсан гэх мэдээлэл байна. Тиймээс хуулийнхны хувьд энэ нь томоохон бэрхшээл болж байгаа бололтой.

КК паркийн хууль бус үйл ажиллагаа зөвхөн Мьянмараар тогтохгүй Камбожид ч байдаг аж. Олон улсын хэвлэлүүдийн бичиж байгаагаар тус паркийг зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн төв гэж үзэж байгаа бөгөөд хохирогчдын тоо 8000 хүрсэн гэнэ.

Ийм зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн золиос болох эрсдэл монголчуудын хувьд өндөр байгааг хуулийн байгууллагынхан анхааруулж байгаа. Гадаадад өндөр цалинтай, таатай нөхцөлд ажиллуулах, хямд үнээр аялуулах зарууд, цаашлаад романс үүсгэж гадаад руу ирэх урилга илгээх зэргээр залилах хэлбэрүүд нь өргөжиж байгааг анхааруулж байна.