Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дарханы замын Хустайн даваа хүртэлх 7.5 км замын хөдөлгөөнийг нээлээ DNN.mn

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын Багц-4, 5 дугаар хэсгийн уулзвараас Дархан чиглэлд Хустайн даваа хүртэл хучилт хийсэн 7.5 замын хөдөлгөөний өнөөдөр нээсэн талаар ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар мэдээллээ. Ингэснээр Багц-4 хэсэгт хучилт хийгдээгүй 12 км үлджээ.

Дарханы замын 5 багц болгон хуваан хэрэгжүүлж байгаа бөгөөд Багц-4, 5 хэсэг Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км, Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто зам багтаж байна. Багц-4 хэсгийн ерөнхий гүйцэтгэгчээр “Шанхай констракшн” хэмээх БНХАУ-ын аж ахуйн нэгж ажиллаж байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

Архангай аймагт замын хөдөлгөөн тодорхойгүй хугацаагаар хаагдлаа DNN.mn

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжилж, сургууль, цэцэрлэгийг хаав |  News.MN

Архангай аймгийн нийт нутгаар их хэмжээний цас орж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах, иргэдийг аюул, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор хот хооронд, орон нутгийн нийтийн тээвэр, хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдөр 14:00 цагаас эхлэн цаг агаарын байдал хэвийн болох хүртэл хугацаанд түр хугацаагаар зогсоожээ.

зураг

Categories
мэдээ онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

Б.Жамьяндагва: “Учиртай гурван толгой”-г эмгэнэлт хэлбэрээр нь болгоорой гэж Ч.Лодойдамба гуай захисан юм DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ 2013 ОНЫ АРХИВ… Ардын жүжигчин хө­дөлмөрийн баатар Б.Жамьян­­дагватай хийсэн ярилцлагыг хүргэж байна.


Ардын жүжигчин хө­дөлмөрийн
баатар ба­летмейстр Б.Жамьян­­дагватай ярилц­лаа. Тэрбээр ДБЭТ-ын урын сан дахь
бале­туу­даа­саа, хамтран ажиллаж байсан хөгжмийн зо­хиолчдынхоо бүтээ­лийг хэрхэн
төрсөн ту­хай, мөн Сэвжидийн гэж алдаршсан манай үн­дэсний бүжгийн ал­дартай бүтээлүүдийг
хэрхэн тайзны бүтээл болсон талаар дурсан ярилаа.


-Та Ерөнхий балет­мейстрийн ажлаа
өгөөд удаагүй байна. Ер нь балетмейстр, удирдаач нар улаан номын амь­тан шиг ховор
байдгийн учир юу вэ?

-Энэ ажлаас хүмүүс их зугтаадаг юм.
Би тавин жилд ганц хүн олж бэлтгэж байна. Тэр маань Х.Гэрэлчимэг. Бүгдээрээ багш
болно л гэдэг юм. Бэрхшээлээс нь айдаг бололтой. Балетмейстр хүн олон талын маш
их судалгаа хийж, ямар ч асуудлыг их өргөн цар хүрээнд хардаг байх шаард­лагатай.
Балет­мейстр хүн өөрөө маш сайн хөгжмийн редактор, сайн зураач байх ёстой гэдэг
юм.

XVI зууны жүжиг тавилаа
гэхэд зураач нь XX зууныг зураад ирэх нь бий. Хөгжмийн зохиолч юу нь мэдэг­дэхгүй
нэг хөгжим аваад ирнэ. Тэр болгоныг балетмейстр редактор­лодог. Хөгжмийн зохиолчид
мөн ч сонин улс шүү дээ. Сэтгэлийн хө­дөлгөөнөөр баахан ноот бичээд ирнэ. Манай
Мөрдорж надтай нэг балет хийх гэв ээ. Ёстой алаад өгнө өө гэж байна. Маргааш нь
ноотоо аваад ирлээ. Учир нь мэдэгдэхгүй юм биччихэж. Зураачаа, хөгжмийн зо­хиолчоо ажиллуулж чадах
хэмжээнд юм мэддэг байж байж балетмейст­рээс сайн бүтээл гарна. “Ямар ч сайн хөгжмийн
зохиолч байлаа гэсэн зохиолд нь тос, ус хоёр байдаг юм. Усыг нь шахаж сур” гэж оюутан
байхад манай багш хэлдэг байлаа. Том том дуурь, балетын хөгжмүүдээс авчраад тавьчихна. Ус нь хаана байна, тос нь хаана байна гээд л анализ
хийлгэнэ. Тэгээд л би энд тэнд хөгжим хасаж “хөрөөдсөөр” байгаад сурчихсан. Ямар
сайндаа намайг Ансамблийнхан “хөрөө” гээд
нэр­лэчихсэн байгаа шүү дээ. Ансамб­лийн концертыг би олон жил най­руулсан л даа.

-Үндэсний бүжгээ та хэр мэ­дэх вэ. ҮДБЧ-ын урын сангийн бүжгүүдээс хүмүүс хэзээд
уйд­даггүй. Голдуу Чойдог гуайн хөгж­мүүд байдаг. “Жалам хар” бүжгийн талаар та
юу ярих бол?

-Чойдог шиг хөгжим бичдэг хүн байхгүй дээ. Ховдод очиж жил шахуу
судалгаа хийсний хүчинд би ардын урлагийг сайн мэддэг болсон юм. Чойдог гэдэг чинь
ерөөсөө л агуу хүн. “Жалам хар”-ыг нь сайн мэднэ шүү. Ансамбльд дээр үед тавьсан
Сэв­жидийн бүжгүүдийн ихэнхийг нь би редакторлож байсан юм. “Жалам хар”-ыг ч, “Адуучин”-г
ч гэсэн.

-Хөгжмийг нь үү, бүжгийг нь үү?

-Бүжгийг нь. Сэвжид их ухаантай, сэргэлэн хүн байлаа. Шинэ бүжиг
тавина. Намайг дандаа дуудна. Жамьяан, энийг яахав гэнэ. Энийг нь хас, тэрийг нь
хас гэхчилэн ингэж ажилладаг байлаа. Сүүлд “Хатдын бүжиг” нэртэй бүжиг тавьсан.
Намайг дуудлаа. “Энэ ямар байна, Жамьяан” гэж байна. Үүнд чинь би хүрэхгүй ээ, ингээд
байж байг. Гэхдээ юм байна гэлээ. “Аан, юу байна” гэж байна. Нэг л юм байна. Гэхдээ
өөрчлөх хэрэггүй энэ чигээр нь байлгаж бай гэлээ, би. Яг юу байна хэлчих л дээ чи
гээд шалгаагаад байдаг. Чи бүжгээ рит­мээр нь тавьчихсан байна. Цаана чинь ая гарч
ирж байгаа биз дээ гэсэнд “Аа тийм үү” гэж байна. Гэхдээ өөрчлөлгүй тэр чигээр нь
явуулсан. “Адуучин” гэдэг бүжиг хийлээ. Намс­райжавын хөгжим шүү дээ. Яаж хийх талаар
бас ярилцлаа. Дунд нь морь булгидаг хэсэг бий дээ, тэр хэсгээ орос трупээр хийчихэж,
нөгөөдөх чинь. Чи наадахаа боль. Ардын юмыг ардынхаар нь хий л дээ гээд өөр­чилсөн
юм. Тэгж “Адуучин” бүжгийг_ концертод анх оруулж байсан юм. Чойдог “Жалам хар”-ыг
хийлээ. “Яаж гаргаж ирэх вэ” гэж байна. Морины явдлыг чи мэднэ биз дээ. Сайвар морины
явдал, жороо морины явд­лыг мэднэ биз. Аяндаа ритм л гараад ирнэ. Чамд ямар ая байхгүй
гэх биш зөндөө л ая байгаа юм чинь гэсэн. Тэгж анх хөгжмөө бичээд Сэвжид дэглэсэн.
Одоо “Жалам хар” шиг хөгжим бичдэг зохиолч байна уу. Байхгүй шүү дээ. Нэг л их том
том улсууд хөгжим бичдэг гээд яваад байдаг. Композитор гэдэг чинь Мон­голд одоо
бараг алга. Нацагдорж, Шарав гээд л зогсчихож байна. Одоо ганц Шарав үлдлээ шүү
дээ. Харин саяхан Алтангэрэл гэж гайгүй залуу оллоо.

-Балетын цомнолыг голдуу та өөрөө бичиж иржээ. Манайх либ­ретист
бэлдээгүйгээс тэр үү?

-Яг балетад таарсан либреттийг балетмейстр бичнэ л дээ. Би олон
хүний нэр дээр либрет бичсэн. “Нуурын домог”, “Уран Хас” эд нарыг Б.Ширэндэв гуайн
нэр дээр бичиж гаргасан. Үнэндээ Ширэндэв гуай бичээгүй юм шүү дээ. Тэр хүн чинь
балет мэдэхгүй. Балетыг сөнөөчих­гүйн тулд томчуудын нэрээр бичиж байж батлуулдаг
байлаа. Том хүний нэр орчихоор л баталчихдаг юм. Дараа нь Ширэндэв бид хоёр бас
тэрүүхэндээ түр тар хийнэ. Мөнгийг нь хэн авах юм гэж. “Мөнгөн залаа”-г гэхэд Филатова
авгайн нэрээр бич­сэн. Балетыг чинь хаана гээд байхаар нь нэрийг нь бичээд, танай
Хүүхдийн паркийн тухай жүжигтээ оруулна гэж байж хийсэн юм.

-Хэний нэр дээр?

-Филатовагийн нэр дээр. Сэцмаа гэсэн нэр өгөөд гаргасан.

-Та хоёр сайн харилцаатай байгаагүй юм уу?

-Юун сайн харилцаа байх вэ. Би хөдөө малчнаар туугдах гээд, эсгий
гутал дээр үлдэж байсан үе ч бий. Уг нь 1976 он хүртэл гайгүй явсан юм. Хөндийхөндүү
яваад байсан хэрэг л дээ. Тэр хүртэл манай Лхасүрэн төрийн концерт найруулдаг байлаа. 1976 онд Оросоос нэг том найруулагч ирлээ. Төрийн
концерт найруулдаг хүн юм байна. Тэр золиг ирээд “Энэ Жамьяндагваас өөр төрийн концерт
найруулах хүн алга, энэ хүнийг ажиллуулна” гэжээ. Түүнээс хойш би төрийн концерт
найруулдаг болсон юм. Гэтэл концертыг Филатова өөрийнхөөрөө хийлгэх гээд бол­доггүй.
Төрийн концерт болохоор л Филатова өөрийнхөөрөө хийлгэх гээд дайрчихна. Би тэрнээс
нь зөрдөг. Ингээд бид муудалцаж, Цэдэнбал дарга дээр олон удаа орж байсан. Энэ тухай
ярихаа больё. Яривал их юм бий.

-Таны 2005 онд тавьсан “Чой­жид дагина” балетыг маргааш тоглох
гэж байна. Орчин үеийн сонгодог тавилтыг та эн­дээс эхэлсэн үү?

-Яалаа гэж. Чаддаг л юм бол балетад орчин үеийн юмыг хэдийд ч
хийж болно шүү дээ. Би жаран хэдэн онд хийж л байсан. Шостаковичийн таван симфони
нийлүүлж байгаад “Энхийн тойрог” нэртэй орчин үеийн балет тавьсан шүү дээ.

-Тоглохоо больчихсон нь юу­наас болсон бэ?

-Хүн хүрэлцэхгүйгээс тоглохоо больсон. Байгаа бүрэлдэхүүндээ тохируулаад
жижгэрүүлэх ч боломж байхгүй. Яаж ч болохгүй юм гэж байдаг. Ухаандаа, “Парисын дарь
эхийн сүм” зохиолоор хийсэн “Эме­ральдо” гэж балет байна. Миний 1965 онд хийсэн
балет. Тухайн үед нь Ренчин гуай сонин дээр магтаал бичиж л байсан. Жижгэрүүлэх
гэхээр санаа нь алдагдчихаар, яалт ч үгүй том бүрэлдэхүүнээр тоглохоос өөр аргагүй
ийм жүжгүүд байдаг юм. 1966 онд би “Маш нууц” гэж балет тавьсан юм. Хайр дурлалын
сэдэвтэй, сек­суальны амьдралыг харуулдаг юм. Олон янзын дурлалын явдлуудыг харуулдаг.
Яг орчин үеийн хэв мая­гаар найруулсан. Тэгээд хаагдчихсан юм. Орчин үеийн аргаар
хийсэн дэглэлт, санаа зэргээсээ л болохгүй юу. Тэр бол хаана ч тавигдаагүй балет
л даа. Цензур гэдэг ямар хэцүү байсан гэж санана. 1963 онд “Шехерезада”-г тавилаа.
Тэр нэг хаант улсын гүнжийг эцэг нь тушаал өгөөд цэргийн тэргүүн нь алчихдаг шүү
дээ. Синдбад далай­чинтай хайр сэтгэлийн холбоотой учраас, харийн хүнд бузарлагдсан
учраас гэдэг шалтгаанаар. Үүнийг би цэцэрлэгт болж байгаа үйл явдал дээр нь онцлоод
мөн л орчин үеийн аргаар тавьсан юм. Төв хороо, Соёлын яамны хяналт боллоо. “Ингэж
болохгүй. Юу сурталчилж байгаа юм” гэж байна. Лодойдамба гуай их ухаантай хүн байлаа.
“Чи энийгээ арай нэг өөр аргаар үзүүлж болохгүй юм уу. Нэг арга бод” гэж байна.
Харийн хүнд бузарлагдсан гэдгийг өөрөөр яаж үзүүлэх юм гэж тэр хяналт дээр нь хэлээд
ч нэмэр байдаггүй. Ямар драмм биш, үгээр хэлж болохгүй. Үйл явдлаар нь харуулж байж
эцэг хүн охиндоо тийм хатуу цааз шийтгэж байгааг харуулах шаардлагатай гэдгийг нөгөөдүүл
чинь ойлгохгүй байгаа юм чинь. Лодойдамба гуай нэг арга бод гэсэн болохоор тэрүүхэнд
нь гэрлийг нь унтрааж харанхуй болгоод, хөгжим явуулж тэгж аргалж анх гаргасан шүү
дээ.

-Одоо тэр аргалснаар нь явж байгаа юу?

-Хореографийг нь өөрчилсөн.
Гэрэл унтраадаг хэсэг нь хэвээрээ явж байгаа. “Чойжид дагина”-ын хувьд Чойдогийн
хөгжмийг авч хийсэн юм. “Мөнгөн залаа” гэдэг балетын хөг­жим. Мөнгөн залаа бол найрамдлын
тухай юм. Урын санд байхад “най­рамдал” гэсэн юм онц биш. Хасагд­чихаж магадгүй
гэж бодоод авч үлдэхийн тулд сүнсний тухай сэдэв барьж авсан. Баруунд дандаа сүнс­ний
тухай юм хийгээд байна шүү дээ. Манайд бол энэ тухай бурхны зохиол бий шүү дээ.
Тэр зохиолыг ашиг­лаад, Ш.Сүрэнжав бид хоёр ярьж байгаад хамжаад хийсэн юм. Нөгөө
Чой­догийнхоо хөгжмийг редакторлоод дахиж шинэ балетдаа тааруулсан даа. “Мөнгөн
залаа”-д танц болж байгаа хэсгийн хөгжмийг “Чойжид дагина”-ы хоёрдугаар үзэгдлийнхээ
бурхны орны хөгжим болгоод энэ мэтчилэн янзлаад тавьчихсан юм. Тийм хөгжим бичих
хүн одоо байхгүй юм л даа. Тийм учраас Чойдогийнхоо хөгжмийг янзалсан минь тэр.
Эхнийх нь дандаа орчин үеийн хореограф, хоёр дахь хэсэг нь үндэсний бөгөөд сонгодог.
Чойдог чинь агуу. Би Чой­дог­той дөрвөн балет хийсэн юм. Миний ажиллаагүй хөгжмийн
зо­хиолч гэж байхгүй. Билэгийн Дамдин­сүрэнтэй “Нуурын домог”-ийг хийлээ. Мөрдоржтой
хийлээ, Гончигсумлаа­тай “Найз залуус”, “Хошуу наадам” гэж хийж байлаа. Хангалтай
“Эр­дэнэсийн уулс” хийлээ.

-Балет бичдэг хөгжмийн зо­хиол­чид юугаараа онцгой юм бэ?

-Хүний хэл яриа байна шүү дээ. Энэ яриаг хөгжмийн хэлээр хэлүүлж
чаддаг л байхгүй юу. “Сайн хөгжим ярьдаг” гэж оросууд хэлдэг. Зүгээр ноот биччихгүй
тэр хөгжмийг яриулдаг юм. Хоёр хүний яриаг хөгжим бол­гоод биччихдэг байх ёстой.
Ухаандаа “Үйлийн гурван толгой” балет гэхэд Хоролмаа Балган хоёрын яриа. Энэ хэцүү
учраас балетмейстр нь хажууд нь сууж байж бичүүлдэг юм. Намайг хойно сурч байхад
агуу их Проко­фьев “Ромео Жульетта” балетыг бичсэн. Миний багш Лавсровский тавьсан. Прокофьев, Лавровский хоёр нэг өдөр манай ангид
орж ирлээ. Прокофьев хэлж байгаа юм. Би энэ балетыг сайндаа бичсэнгүй ээ. Леонид
Михайлович Лавровский гэдэг энэ хүний ачаар бичлээ. Зарим хөгжим нь энэ хүний хөгжим
шүү. “Ромьео Жульетта” балетыг энэ хүний хөгжим гээд бичсэн ч надад гомдох юм байхгүй.
Би гурван сар Хар далайн эрэг дээр амрахдаа Лавровскийг цуг аваачиж амраагаад, тувт
хажуудаа суулгаж, хэлүүлж байж энэ балетыг бичсэн юм” гэж хэлж байлаа.

-Та Дамдинсүрэн гуайтай “Нуу­рын домог”-ийг яаж хийсэн бэ?

-Хоёулаа хэрэлдэхдээ хэрэлдэж хэлцэхдээ хэлцэж хийнэ л дээ. Дамдиа
нэг юм бичээд ирэхээр нь би голно. Хуучны улс сайхан байлаа. Өнөө хэрэлдэвч маргааш
нь тэв­рэл­дээд явдаг. Зүгээр нэг вальс бичээд ирж. “Энэ балетын хөгжим биш. Наад
хөгжимд чинь ямар ч утга санаа алга. Нийтийн бүжиг эргэх вальс байна” гэсэн чинь
Дамдиа намайг заамдаж аваад “Чи намайг голох болоогүй” гээд булан руу шахлаа. Би
нас залуу ч байсан юм болохоор үүнийгээ засахгүй бол больё гээд бичсэн юмыг нь шидчихгүй
юу. Тэгсэн маргааш нь нөгөөх чинь яг хэлснээр минь бичээд ирж. Авьяастай улсууд
юмаа сайж­руулаад ирдэг юм.

-Наян оноос хойш та хэнтэй ажиллав?

-Хангалттай, Нацагдоржтой ажил­­­лалаа. Хангал бол балетын хөгжимд
хувьсгал хийсэн хүн. “Эр­дэнэсийн уулс” балетын нэгдүгээр үзэгдлийг гэхэд л бараг
гурав дахин бичсэн шүү дээ. Бичээд ирнэ. Арай болохгүй нь ээ гэхээр дахиад бичээд
ирнэ. Тэгээд сайжруулсаар сайж­руул­саар одоо тоглож байгаа энэ хөгжмийг гаргаж
ирсэн юм. Одоо тэгж ажилладаг хүн олдохгүй. Дахиад бид хоёр юм хийх төлөвлөгөөтэй
байсан л даа. Даанч удаан амьдарсангүй.

Урлаг, утга зохиол цаг үеэ тусгаж байх ёстой юм. Хорин нэгэн онд
хувьсгал гарсан. “Улаан туг”, “Шивээ Хиагт” гээд дуунууд гараад ирсэн. Монголд анх онгоц ирлээ.

“Шүгэр шүгэр дуутай

Шувуу шиг далавчтай

Дуутай шуутай

Монголын самалёт” гээд дуу гараад ирсэн. Төмөр зам тавьсан.

“Ган зам зурайн гялалзаад

Галт тэрэг хурдалж явна..” гээд дуу гарсан. Одоо гэтэл ардчилал гараад
ирсэн. Ямар ч уран бүтээл байхгүй. Би эд нарт хэлээд байгаа юм. Ардчилал гээд энэ
том хувьсгал хийлээ. Энэ үйл явдал чинь том театрт урын санд нь үлдэх ёстой гэж
хэлсэн. “Бадарчин ба ардчилал” нэртэй балетын цомнол биччихээд Сосор­барамд хэлсэн.
Та нар ардчилал гээд яриад байна. Амаараа ярьж байхаар балет мэтийн том бүтээл хийчихэж
болдоггүй яачихсан юм гэж. Ерөн­хийлөгч Ц.Элбэгдоржид үзүүл гээд цомнолоо Сосорбарамд
өгөөд явуул­сан. Үзүүлсэн юм уу үгүй юу мэдэхгүй.

-“Үйлийн гурван толгой” балет, “Учиртай гурван толгой” дуурь нэг
тайзан дээр хоёр өөрөөр явж байгааг та хэрхэн харж байдаг вэ?

-Жаран хэдэн онд Лодойдамба, Оюун гуай хоёр надад захисан юм.
Энэ “Учиртай гураван толгой”-г анхных нь эмгэнэлт хэлбэрээр нь болгоорой. Чи л чадна.
Үүнийг хувьс­галд тааруулаад баллачихсан юм шүү. Найр наадам хийлгээд дуус­гачих­сан.
Нацагдоржийн зохио­лоор бол эмгэнэлт жүжиг. Бараг л хошин шог болгочихсон. Үүнийг
чи анх­ныхаар нь болгоорой гэж ялан­гуяа Лодойдамба гуай их захисан юм. Олон жил
бодлоо. Судалгаа хийж яваад би учрыг нь олсон л доо. Бал нэртэй хүн байсан. Ная
гаруй настай хүн байсан. Нэг хүүтэй байж. Бал нэртэй тэр хүнийг Нацагдорж Балган гэдэг нэртэй залуу хүн болгоод Сийриймаа
гэдэг хүүхэн байсныг Нансалмаа болгоод, Хоролмаа гэдэг чинь Гармаа гэдэг нэртэй
хүүхэн байсан. Тэгээд Шекспирийн эмгэнэ­лээр жишээ аваад бичжээ. Би судал­гаагаа
хийгээд цомнолоо биччихээд Чимидээр хянуулж ингэж “Үйлийн гурван тол­гой” балетыг
хийсэн юм. Чойжилын Чимэд “онцсайн” гээд биччихсэн бичиг нь одоо надад байдаг юм.
Өөр нэг захьсан юм бий. Ванган надад их хэлж захисан юм. Манай Завханых юм болохоор
надад сүрхий сайн. “Жамьяан чи энэ бадар­чингийн тухай нэг юм хийгээч. Бадар­чингийн
балаг гээд байдаг болохоос энэ чинь огт өөр юм шүү. Шударга үнэний төлөө явдаг хүн
юм шүү” гэсэн. Тэгээд би бас бодсоор яваад “Бадар­чин ба ард­чилал” гэж цомнол бичлээ.
Эхнээс нь хувцас нь солиг­доод байна, хамгийн сүүлд ард­чиллын төлөөлөгч, фрактай,
гэхдээ бадар­чин­гийн малгайтайгаа явж байх жишээтэй. Ийм маягаар хийх юм.

-Хожмын балетмейструудад хэрэг болж юу магад, та ном бичиж байгаа
биз дээ?

-Балетмейстрийн уран чадвар гэсэн ном бичиж байна. Сайндаа ч биш.
СУИС-ийнхан шахаад байх юм. Удахгүй гаргана аа.

-Театрын үндсэн ашиг сонирх­лын
төлөө явдаг мэргэжлийн хү­мүүс нийлээд шинээр театр бай­гуулах боломж ер нь бий
юу?

-Үндэсний театр байгуулъя гэж олон жил яриад байгаа маань энэ
л дээ. Боломж байлгүй яахав. Төр засаг нь дэмждэг бол болчихолгүй яахав. Харин төр
татаас өгөхгүй учраас болохгүй байгаа юм.

-Заавал байшин хэрэгтэй юм уу?

-Барилга хэрэгтэй. Энэ театртаа ч байж болно. Хойд тал нь балетын
театр, урд тал нь дуурийн театр гээд байж болохоор байгаа юм. Шинэ сайд болгонд
би ороод хэлдэг юм. Та нар биеийн тамир спортыг төрөл­жүүлж хөгжүүлж байна. Тийм
учраас амжилтад хүрч байна. Боксыг бок­соор нь, бөхийг бөхөөр нь хөгжүүлж байгаа
нь их сайн юм. Урлаг ч бас олон төрөл байдаг юм шүү. Бас төрөлжүүлж хөгжүүлэх хэрэгтэй.
Ардын урлагийг ардынхаар нь, орчин үеийнхийг орчин үеэр нь сонгодгийг сонгодгоор
нь төрөлжүүлж хөгжүүлэх ёстой юм гэдэг л дээ. Юу ч өөрч­лөгд­дөгүй. “Өө тийм үү,
Жамьяан­дагва гуай” гээд л болоо. Үг ер авдаггүй юм. Хэлээд ч нэмэргүй. Урьд цагт
дарга нар чинь бас үг авдаг байлаа шүү дээ. Одоо Яаманд нь урлагийн мэргэж­лийн
хүн нэг ч алга. Хэрэг байхгүй.

Categories
мэдээ нийгэм

Л.Энх-Амгалан: ЕБС-ийн сурах бичгийн агуулга, арга зүй нь амьдралд нийцтэй биш байна DNN.mn

Л.Энх-Амгалан: Ж.Соронзонгийн хөдөлмөрийн гэрээг цуцлах саналыг Оросын талд  гаргана. Ийм бүдүүлэг дээрэнгүй байж болохгүй

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “2022 оны арванхоёрдугаар сарын 31-нд хүлээгдэж буй гүйцэтгэлээр 7,755 хүүхдийг цэцэрлэгт хамруулснаар сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадаагүй 34,398 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжийг бүрдүүлж байна.

Танхим, цахим хослуулан хоёр үе шаттайгаар бэлдэж, 1,000 гаруй багш ажлын байртай боллоо.

Сургууль цэцэрлэгийн бүртгэлийг цахимаар зохион байгуулсан түгжрэлийг бууруулахад тодорхой нөлөө үзүүлсэн гэж үзэж байна.

Бүх түвшний боловсролын сургалтын хөтөлбөр, сурах бичгийн чанарыг сайжруулах асуудал байна. Сургалтад ашиглагдаж буй 145 сурах бичигт дүн шинжилгээ хийж ажиллаа.

Ингэхэд боловсролын түвшин, анги хоорондын агуулгын уялдаа холбоо хангалтгүй, агуулга, арга зүй нь амьдралд нийцтэй биш, хөтөлбөрт туссан шинэлэг агуулгатай зөрчилддөг зэрэг агуулгын болон арга зүйн зөрчил их байна.

Сургалтын хөтөлбөрийн арга зүйд сэргээн санах, ойлгох, хэрэглэх түвшний буюу доод эрэмбийн ур чадварыг түлхүү дэмждэг. Харин үнэлэх, бүтээх түвшний ур чадвар дээд эрэмбийн ур чадварыг дэмжсэн дасгал даалгавар цөөн боловсруулсан байгаа нь үнэлгээгээр тогтоогдоод байна” гэлээ.
Categories
мэдээ цаг-үе

Улсын хэмжээнд 90 сая толгой мал бэлчээрлэж байна DNN.nm

9,5 МЯНГАН МАЛЧИН БОЛОН МАЛ БҮХИЙ ӨРХӨД 1,6 САЯ ТОЛГОЙ МАЛ ӨВӨЛЖИНӨ

Улсын хэмжээнд одоогоор 90 орчим сая толгой мал бэлчээрлэж байгааг ХХААХҮЯ мэдээллээ.

Өнгөрсөн оны эцсийн мал тооллогоор 67.3 сая толгой мал тоолж, 2022 онд 24 сая толгой төл бойжуулсан юм.

Зуншлага муу, ургамлын ургалт, газрын гарц тааруу зэргээс шалтгаалан Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Дорноговь, Өмнөговь, Дундговь зэрэг 11 аймаг хүндхэн өвөлжих төлөвтэй байна.

Одоогоор малчдын түвшинд өвс 878.8 мянган тн, сүрэл 3.4 мянган тн, ногоон тэжээл 16.9 мянган тн, үйлдвэрийн тэжээл 7.2 мянган тн, гар тэжээл 23.6 мянган тн, дарш 2.5 мянган тн, хужир, шүү 38.9 мянган тн бэлтгээд байна. Энэ нь бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн 59 хувь аж.

Харин аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 12.1 мянган тонн өвс, 3.5 мянган тонн тэжээл бэлтгэжээ. Бэлтгэвэл зохих аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн өвсний 48, тэжээлийн 28.3 хувийг бэлтгээд байгаа юм.

Баруун бүсийн 5 аймаг малчдын түвшинд бэлтгэх өвс, тэжээлийг одоогоор 83.6 хувьтай бэлтгэжээ. Тодруулбал, Баян-Өлгий 86.2, Увс 95.4, Ховд 112.2 хувийг бэлтгэсэн нь бусад бүстэй харьцуулахад төлөвлөгөөний гүйцэтгэл сайн байв. Баруун бүсийн аймгууд аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд өвсний 43.3, тэжээлийн 30.5 хувийг бэлджээ.

Тухайн жилийн зуншлагаас хамаараад отор нүүдлийг 6 ангиллаар хийдэг. Тухайлбал 2020 оны зуншлага 40 хувь нь гандуу байсан тул 26.6 мянган өрхийн 11.7 сая мал отроор өвөлжсөн бол 2021 оны зуншлага 90 хувьд нь сайн байхад 19 мянган өрхийн 8.4 сая мал отроор өвөлжжээ. Энэ жил аймаг дундын отрын 9 бүс нутгийн бэлчээрийн даацад тохируулан 833.7 мянган мал оруулахаар орон тооны бус зөвлөлийн хурлыг хийж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын агаарын замын 80 хувийг шинэчилжээ DNN.mn

Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалын дагуу Монгол Улсын агаарын зайд ашиглагдах агаарын замуудыг шинэчлэн тогтоож, өнөөдөр Олон Улсын цагаар 00.00 UTC /орон нутгийн 08.00/ цагаас ашиглаж эхэлсэнтэй холбоотой “EASY BUSY 2030” үйл ажиллагааг зохион байгуулав.

Энэ үеэр ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Хил хязгааргүй нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах үүднээс тээврийн салбарт олон шинэчлэл, зорилт тавьсан. Шинэ сэргэлтийн бодлого, Алсын хараа-2050 бодлогын баримт бичгийн хүрээнд агаарын орон зайн шинэ зохион байгуулалт хийж, агаарын зам ашиглалтыг сайжруулж, аюулгүй, ая тухтай зорчих боломж бүрдүүлэхээр зорьсны нэг хэсэг нь ийнхүү биелж байгаа”-г тэмдэглэлээ.

Агаарын зайд ашиглах замаа шинэчилснээр Олон Улсын иргэний нисэхийн байгууллага/ICAO/-ын шаардлагын дагуу дээд, доод агаарын замыг нэгтгэн, уламжлалт болон үзүүлэлтэд тулгуурласан агаарын замтай болж байна. Ингэснээр үндсэн чиглэлд 33 чиг шулуун агаарын замтай болж байна. Мөн үзүүлэлтэд тулгуурласан 10 зам дээр нэмж агаарын хаалгаас хаалга чиглэлтэй чиг шулуун 6 зам тогтоож, нийт 16 RNAV5 ангиллын агаарын замтай болсноор тээвэрлэгчдэд илүү олон, аюулгүй, үр ашигтай чиглэлийг бий болгожээ.

Мөн нислэгийн хөдөлгөөний удирдлагын сектор зохион байгуулалтыг шинэчилж, 6 секторын 2 нь болох Алтай, Баян салбарын техник, тоног төхөөрөмжийг шинэчилж, “Баян” салбарыг нислэгийн хөдөлгөөний ажиглалтын удирдлагад шилжүүлсэн байна. Эдгээр өөрчлөлт нь GANP буюу дэлхийн агаарын навигацийн төлөвлөгөөний хүрээнд Ази номхон далайн бүсийн орнуудад хэрэгжүүлж буй SEAMLESS ATM PLAN-ний агаарын зай маршрутын үзүүлэлт шаардлагыг шинэчлэх төлөвлөлттэй уялдуулан ИНЕГ-аас системтэй хийж буй томоохон ажлын нэг юм. Ингэснээр Монгол Улсын агаарын замын 80 хувийг шинэчилж байна.

Монгол Улс агаарын зайн багтаамж, үр ашгийг сайжруулснаар 2030 он гэхэд нислэгийн тоог жилд 500 мянгад хүргэж, агаарын навигаци, нисэх буудлын үйлчилгээний орлого нэмэгдэнэ. Агаарын навигацийн үйлчилгээ нь Олон улсын иргэний нисэхийн байгууллагын бодлого, чиг хандлагын дагуу технологид суурилан хөгжиж, бүс нутагтаа тэргүүлэгч улс орнын түвшинд хүрэх аж. Мөн агаарын тээвэрлэгчдийн олон улсад өрсөлдөх чадвар дээшилж, гадаад ертөнцтэй шууд холбогдох сүлжээг өргөжүүлж, Монгол Улсын гадаад харилцаа, худалдаа идэвхжинэ гэж ЗТХЯ мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гэр бүлээрээ боловсролын салбарт ажиллаж буй 9 өрхөд түрээслээд өмчлөх орон сууц олгов DNN.mn

Дэлхийн багш нарын 28 дахь, Монголын багш нарын 56 дахь удаагийн баярын өдрийг тохиолдуулан НЗДТГ, Нийслэлийн Боловсролын газар хамтран “Нийслэлийн боловсрол-Амжилтын эзэд” хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Энэ үеэр гэр бүлийн хөгжлийг дэмжих, боловсролын салбар дахь багшийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд гэр бүлээрээ нийслэлийн боловсролын салбарт ажиллаж буй есөн өрхөд НЗДТГ-аас түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцыг олгож, Хотын дарга батламжийг гардууллаа.

Түүнчлэн ”Шилдэг зөвлөгч удирдах ажилтан”, “Шилдэг зөвлөгч нийгмийн ажилтан”, “Шилдэг зөвлөгч багш”, “Боловсролд ээлтэй Засаг дарга”, “Нийслэлийн тэргүүний насан туршийн боловсролын төв”, “Контент бүтээгч багш”, “Шилдэг менежменттэй удирдлагын баг”, “Боловсролын үйлчилгээний чадварлаг ажилтан”, “Тэгш хамруулагч байгууллага” зэрэг номинацид шилдэг боловсролын салбарын ажилтнуудыг шалгаруулж, шагнал гардуулсан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үйл ажиллагааг нээж “Монгол Улсын боловсролын салбар, ирээдүйг тодорхойлж байгаа хүмүүс бол багш, ажилтнууд. Улаанбаатар хотынхоо хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийн нэгээр боловсролын салбарыг тодорхойлж, нийслэлийн удирдлагууд, нутгийн захиргааны байгууллагуудаас дэмжин, олон шинэлэг ажлуудыг хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, энэ жил Нийслэлийн Боловсролын газрын бүтэц, орон тоог шинэчлэн, төрийн албан хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэн, ялангуяа судлагдахуун хариуцсан мэргэжилтнүүдийг багшаа хөгжүүлэх, сургалтын хөтөлбөр стандартыг хэрэгжүүлэх боломж нөхцөлөөр хангаж өглөө.

Энэ хичээлийн жилд “Сургуулийн автобус” төслийн хүрээнд стандартын шаардлага хангасан хүүхдийн 75 автобусыг үйлчилгээнд нэвтрүүлсэн. Цаашдаа ч ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн автобусыг үе шаттайгаар нэмэгдүүлнэ. Мөн хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд хөгжих, тоглох эрхийг хангах үүднээс захирамж гарган, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, орон сууцны хорооллын гадна байрлах биеийн тамир, спортын болон тоглоомын талбай, ногоон байгууламжийг өдөр бүр 06:00-22:00 цагийн хооронд нээлттэй байлгаж, хүүхэд тоглох, ашиглах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.

Түүнчлэн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах тухай УИХ, Засгийн газрын шийдвэр гарч, энэ хүрээнд Засгийн газраас 100 тэрбум, нийслэлийн төсвөөс 100 тэрбум төгрөгийг гарган, нийслэл дэх төрийн бус өмчийн цэцэрлэгүүд, иргэд, аж ахуйн нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажилласны үр дүнд 2022-2023 оны хичээлийн жилд цэцэрлэгийн эхний ээлжид бүртгүүлсэн хүүхдүүд 100 хувь цэцэрлэгт хамрагдлаа” хэмээв.

БОЛОВСРОЛЫН САЛБАРТ АЖИЛЛАГСДЫН 50 ХУВЬ НЬ УЛААНБААТАРТ АЖИЛЛАЖ БАЙНА

Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “Ерөнхий боловсрол, сургуулийн өмнөх боловсролын салбарт ажиллагсдын 50 хувь нь буюу 40 мянга гаруй багш, ажилтан нийслэл Улаанбаатар хотод ажиллаж байна. Нийслэлээс хүнээ хөгжүүлэх буюу боловсролын чанараа сайжруулахад багш, удирдах ажилтнуудаа илүү дэмжиж ажиллахаар зорьж байгаа. Энэ хүрээнд амжилттай ажилласан шилдэг хүмүүсээ шалгарууллаа. Тухайлбал, боловсролын салбарт гэр бүлээрээ ажиллаж байгаа багш, ажилтнуудыг дүүрэг болгоноос шалгаруулж, түрээслээд өмчлөх орон сууцаар урамшуулж байгаа. Нийт 800 орчим гэр бүл, 1600 гаруй хүн боловсролын салбарт гэр бүлээрээ ажиллаж байна. Эдгээрээс 400 орчим нь удам дамжсан багш, ажилтан байгаа юм. Түүнчлэн боловсролын салбарт ажиллагсдын 70 хувь нь багш, 30 хувь нь аж ахуйн ажилтан байна. Иймд арын албанд амжилттай ажилласан хүмүүсийг урамшуулж, дэмжиж байгаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ердийн сургуульд сургах бодлогыг барьж, эдгээр хүүхдийг сургуульд авч, ажиллаж байгаа сургуулиудыг боловсролын тэгш хамруулагч байгууллагаар шалгаруулж буй. Боловсрол гэдэг асар олон хэлбэртэй учир насан туршийн боловсролын төвүүдийг мөн шалгарууллаа” хэмээв.

“НИЙСЛЭЛЭЭС БАГШ НАРЫН НИЙГМИЙН АСУУДАЛД АНХААРЧ БАЙГААД МАШ ИХ БАЯРЛАЛАА”

Түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардсан гэр бүлийн төлөөлөл сэтгэгдлээ хуваалцав.

Нийслэлийн Налайх дүүргийн ерөнхий боловсролын 109 дүгээр сургуулийн математикийн багш Д.Лхагвасүрэн, тус сургуулийн сургалтын менежер М.Алтансувд нарын гэр бүл:

“Манай гэр бүл боловсролын салбарт 18 дахь жилдээ ажиллаж байна. Дөрвөн хүүхдийн аав, ээж болсон бид Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн нэгэн эд эс болсон. Үнэ цэнтэй, сайхан шагнал гардлаа. Хамт олондоо, төрүүлж өсгөсөн ээж аавдаа, түшиж тулж буй ханьдаа баярлалаа. Нийслэлийн зүгээс багш нарын нийгмийн асуудлыг анхаарч, энэ олон өрх гэрүүдэд аз жаргалыг бэлэглэж байгаад үнэхээр их баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн газарзүйн багш Т.Норов, тус сургуулийн герман хэлний багш Н.Туяацэцэг нарын гэр бүл:

“Манай гэр бүл нийслэлийн 1 дүгээр сургуульд 10 жил ажиллаж байна. Сэтгэгдэл маш өндөр байна. Боловсролын салбарт үр бүтээлтэй, тууштай ажилласны ач гавьяа гэж бодож байна. Шагнал авна гэж төсөөлөөгүй. Хамт олондоо маш их баярлалаа. Бүгдэд нь багш нарын мэнд хүргэе” гэлээ.

ХҮҮХДҮҮДИЙГ ЕРДИЙН СУРГУУЛЬД ТЭГШ ХАМРУУЛАН СУРГАСНААР ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГААР ШАЛГАРЛАА

Шагнал хүртсэн боловсролын байгууллагын удирдлага, багш сэтгэгдлээ хуваалцлаа.

Тэгш хамруулагч байгууллагаар шалгарсан Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуулийн захирал Б.Нарангэрэл:

“Миний хувьд боловсролын салбарт 16 дахь жилдээ ажиллаж байна. Харин нийслэлийн 9 дүгээр сургуулийн захирлаар хоёр дахь жилдээ ажиллаж байгаа. Манай хамт олон боловсролын тэгш хамруулах төслийг амжилттай хэрэгжүүлж, хүүхдүүдийг ердийн сургуульд тэгш хамруулан сургаснаар боловсролын тэгш хамруулагч байгууллага боллоо. Японы Хүүхдийг ивээх сангийн тэгш хамруулах төслийн хүрээнд багш нараа чадавхжуулан, хөгжлийн онцлогтой 28 суралцагчид багш нар ганцаарчилсан сургалт орж буй. Мөн тус сангийн тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажиллах арга барилд суралцаж байгаа. Энэ жил маш онцлогтой, сайхан багш нарын баяр боллоо” гэлээ.

Шилдэг контент бүтээгч багш Г.Наранзул:

-Боловсролын салбарт ажиллаж байгаа үе үеийн багш, ажилтнууддаа баярын мэнд хүргэе. Миний хувьд боловсролын байгууллагад тав дахь жилдээ ажиллаж байна. Өмнө нь Баянгол дүүргийн “Номт наран” сургуульд дөрвөн жил ажилласан. Ажиллах хугацаандаа ээлжит хичээлийн цахим контентыг хийхийг зорьсон. Энэ зорилттоо хүрсэн гэж бодож байна. Би энэ жилээс орон нутаг руу гэр бүлийн хамт шилжсэн. Өнгөрсөн ч гэсэн хийсэн ажлыг минь үнэлсэн Нийслэлийн Боловсролын газрын хамт олон маш их баярлалаа.

Түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцад хамрагдах батламж хүртсэн нийслэлийн боловсролын салбарын есөн гэр бүлээр:

  • Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 117 дугаар сургуулийн бага ангийн багш Ц.Чинбат, Чингэлтэй дүүргийн 103 дугаар цэцэрлэгийн бүлгийн багш Ө.Оюунгэрэл нарын гэр бүл;
  • Нийслэлийн Баянгол дүүргийн 98 дугаар цэцэрлэгийн бүлгийн багш, арга зүйч Д.Алтанхуяг, Сонгинохайрхан дүүргийн 99 дүгээр цэцэрлэгийн туслах багш Ц.Цэвээнролом нарын гэр бүл;
  • Нийслэлийн Багануур дүүргийн ерөнхий боловсролын Боловсрол цогцолбор сургуулийн биеийн тамирын багш Б.Энхбат, Багануур дүүргийн Боловсролын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Ононтунгалаг нарын гэр бүл;
  • Нийслэлийн Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 53 дугаар сургуулийн түүх нийгмийн ухааны багш Б.Сэлэнгэ, 53 дугаар сургуулийн бага ангийн багш Р.Гандиймаа нарын гэр бүл;
  • Нийслэлийн Налайх дүүргийн ерөнхий боловсролын 109 дүгээр сургуулийн математикийн багш Д.Лхагвасүрэн, тус сургуулийн сургалтын менежер М.Алтансувд нарын гэр бүл;
  • Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 65 дугаар сургуулийн дизайн технологийн багш Ж.Отгонбаяр, тус сургуулийн бага ангийн багш Г.Эрдэнэчимэг нарын гэр бүл;
  • Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн газарзүйн багш Т.Норов, тус сургуулийн герман хэлний багш Н.Туяацэцэг нарын гэр бүл;
  • Нийслэлийн ерөнхий боловсролын 130 дугаар сургуулийн сургалтын менежер Э.Нармандах, Хан-Уул дүүргийн Язгуур ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш Т.Ариунсанаа нарын гэр бүл;
  • Нийслэлийн Багахангай дүүргийн 44 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Н.Тунгалаг, 44 дүгээр цэцэрлэгийн дуу хөгжмийн багш Д.Батбаяр нарын гэр бүл шалгарч, түрээслээд өмчлөх орон сууцны батламжаа гардлаа.
Categories
мэдээ нийгэм

Х.Оргил-Эрдэнэ, Д.Доржханд нарыг цагдан хорьжээ DNN.mn

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВ

Х.Оргил-Эрдэнэ, Д.Доржханд нарыг цагдан хорьжээ. Тодруулбал, Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга асан Х.Оргил-Эрдэнэ, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга байсан Д.Доржханд нарыг цагдан хорьж, шалгаж буй аж.

Х.Оргил-Эрдэнийн хувьд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр тавьж буй дээрх чиглэлийн замын ажлыг гүйцэтгэгч Хятадын компанийн захирлаас 2019 оны арвахоёрдугаар сарын 30-нд 20 мянган юнийн хахууль авсан үйлдэл дээрээ АТГ-ынханд баригдаж, улмаар 14 сая төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн. Харин Д.Доржханд Төв аймагт тавих авто замын шинэчлэлийн ажлын өртгийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж, “Ялгуусан” компанид давуу тал бий болгон, улсад 420 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдож байсан бөгөөд шүүхээс хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааснаас хойш хэрхсэн нь тодорхойгүй болсон.

Дээрх гурван хүнээс гадна “Дарханы замын” гэх хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн Зам тээврийн хөгжлийн дэд сайд, ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга зэрэг албан тушаал хашиж байсан, өдгөө ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт холбогдуулан 48 цагийн хугацаатай албадан саатуулсан юм.

Categories
мэдээ спорт

Өнөөдөр Э.Цэндбаатар, Г.Баярхүүтэй аваргын төлөө тулалдана DNN.mn

Э.Цэндбаатар өнөөдөр медалийн төлөө өрсөлдөнө

Олон улсын хэмжээний мастер /ОУХМ/ С.Баттулга багшийн нэрэмжит 5 дахь удаагийн шилдэг боксчдын тэмцээн Эрдэнэт хотын Хангарьд палас ордонд амжилттай үргэлжилж байна.

Өчигдөр тус тэмцээний 67 кг жинд Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар, ОУХМ Б.Чинзориг нарын хооронд халз тулаан маш ширүүн өрсөлдөөнтэй болж, эн тэнцүү тоглосны эцэст 3:2-оор Э.Цэндбаатар яллаа. Тэд өмнө 2 удаа халз тулалдаж Б.Чинзориг ялж байсан бөгөөд тэдний тулааны ийнхүү 2:1 боллоо.

Өнөөдөр /2022.10.07/ шилдэг боксдын тэмцээний финалын тоглолтууд 11.00 цагаас эхлэх хуваарьтай бөгөөд 67 кг жинд аваргын алтан медалийн төлөө МУГТ Э.Цэндбаатар, ОУХМ Г.Баярхүүтэй тоглох юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Агаар орчны бохирдлыг бууруулах технологи -2022” үзэсгэлэнг зохион байгуулна DNN.mn

Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар хамтран “Агаар, орчны бохирдлыг бууруулах ногоон технологи-2022” үзэсгэлэнг энэ сарын 8,9-нд зохион байгуулна.

Ес дэх жилдээ зохион байгуулж буй байгаль орчинд ээлтэй ногоон технологийн үзэсгэлэнд аж ахуйн нэгж, байгууллага байгальд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй, дэвшилтэт техник, технологи инновацын шийдлээ сонирхуулах юм. Тухайлбал, агаар, орчны бохирдлыг багасгах, эрчим хүчний хэмнэлттэй халаагуур, дулаалга, агаар цэвэршүүлэгч, авто тээврийн хэрэгслээс ялгарах бохирдуулагч бодисын хэмжээг багасгах технологи, эко ариун цэврийн байгууламж, хог хаягдал дахин боловсруулах, бохир ус цэвэрлэх зэрэг тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүнээ танилцуулна.

Мөн БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо 2019 оноос Хаан, Хас, Төрийн банктай хамтран хэрэгжүүлж буй хөнгөлөлттэй нөхцөл бүхий “Ногоон зээл”-ийн үйлчилгээний талаар мэдээлэл хүргэх юм. Түүнчлэн, “Ногоон зээл”-ийг агаар, орчны бохирдлыг багасгах, байгальд ээлтэй, бүтээмжтэй тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэлийг дэмжихээр иргэнд жилийн 2-3 хувь, аж ахуйн нэгж, байгууллагад 8 хувийн хүүтэй олгож буй зээлийн талаар мэдээллийг авах боломжтой.

Байгаль орчныг хамгаалах, нөөцийг зохистой ашиглах, орчны доройтлыг багасгахад техник, технологийн ололт, инновацын шийдлийг ашиглах, ногоон технологийг иргэдэд сурталчлан таниулж, амьдралын зүй зохистой хэрэглээ, үйлдвэрлэлийн дадал, хандлага бий болгох зорилгоор үзэсгэлэнг Дүнжингарав худалдааны төвийн “Нэг цэгт” зохион байгуулах юм.