Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Төгөлдөр: Бид хэлмэгдүүлэлтийг мартах учиргүй, давтах ч ёсгүй DNN.mn

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга Г.Төгөлдөртэй ярилцлаа.


-Хэлмэгсдэд зориулан гэрэлт самбар хийж байгаа гэсэн. Энэ талаарх мэдээллээр ярилцлагаа эхлэх үү?

-Ерөнхийдөө гэрэлт хөшөө, самбар гэж олон янзаар л нэрлэгдэж байгаа юм. XX зууны Монголын түүхэнд хар бараанаар тэмдэглэгдэн үлдсэн үйл явдал бол хэлмэгдүүлэлт юм. Энэ талаар манайхан ярихдаа 1937 оны тухай л ярьдаг. Гэвч хэлмэгдүүлэлт гэдэг нь 1921-1990 оны хооронд явагдсан үйл явдал юм. Зөвхөн Монгол туулан өнгөрүүлсэн биш, дэлхийн бусад улс орнууд хэлмэгдүүлэлтийг туулан өнгөрүүлсэн байдаг. Бид хэлмэгдүүлэлтийг мартах учиргүй, давтах ёсгүй. Таны асуусан гэрэлт самбарын хувьд хуучнаар Зөвлөлт социалист бүгд найрамдах орос улс (ЗСБНОУ)-д 1930-1940-өөд онд хэлмэгдсэн монгол иргэдийн гэгээн дурсгалд зориулсан хөшөө, самбар, нэрс бүхий цогцолборыг Монгол Улсын санаачилгаар 2001 онд одоогийн ОХУ-ын Москва хотын ойролцоо Коммунарка мужид байрладаг Бутово хэмээх тусгай хамгаалалтын газар босгосон юм. Уг гэрэлт хөшөөний зургаан самбар дээр Монголоос хэлмэгдсэн 249 хүний нэрс бий. Бутово гэх тусгай объектод социалист лагерын хүрээллийн олон орны 11000 гаруй хүнийг цаазалж, бөөнөөр нь оршуулсан газар гэж судлаачид тогтоосон байдаг. Монгол Улс санаачлан тэр газарт нь хөшөө дурсгал босгосон. Цагаатгалын улсын комиссын дарга С.Одонтуяа 2019 онд Москвад албан ажлаар зорчих үедээ тэрхүү газар очиж хүндэтгэл үзүүлсэн ба 2022 онд хэлмэгдлийн бусад үр дагаврыг арилгах, соён гэгээрүүлэх, дурсгалыг мөнхжүүлэх ажлыг эрчимжүүлэх ажлын төлөвлөгөө гарган уг арга хэмжээний хүрээнд энэхүү гэрэлт самбар дурсгалын цогцолборыг бүтээхээр ажиллаж байна. Цагаатгах ажиллагааг удирдан зохион байгуулах комиссын салбар комисс болох Нийслэлийн салбар комиссоос уг ажлыг гардан зохион байгуулан ажиллаж байна. Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд ногоон төгөл бүхий цогцолбор болгон тохижуулахаар аж ахуйн нэгж хувь хүмүүсийн дэмжлэгийг авч байна.

-Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисст ажиллаж байгаа хүний хувьд түүхийг их судалсан байх. Хэлмэгдүүлэлтийн үйл явц анх хэзээ, хаанаас эхэлсэн юм бэ?

-1921-1990 оны хооронд үзэл бодлоо илэрхийлсэн, Монгол Улсын төлөө зүтгэсэн, аль нэг харь орны хараат байгаагаа мэдэрсэн хүмүүс үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө улс төрийн хилс хэргээр хэлмэгдсэн гэж үзэж болно. Тухайн үеийн хуульд заасан тодорхой хэдэн заалтууд байдаг. Тэр заалтад багтсан хэргүүд дээр цагаатгах ажиллагааг төрийн тусгай байгууллага хэрэг үүсгэн шалгаж шүүхээс цагаатгах ажиллагааг явуулдаг. Монголд явагдсан Улс төрийн хилс хэрэг гэдэг зүйл анх хаанаас эхэлсэн бэ гэвэл хамгийн анх Саж ламын хэрэг гэгчээр эхэлсэн гэж түүхч, судлаачид үздэг. 1921 онд хувьсгал ялсны дараа Төвөд улсын харьяат Саж лам гэх хүн Богдын хажууд зөвлөхөөр ажиллаж байсан. Ардын засгийн газраас энэ хүнийг гадны тагнуул байж болзошгүй хэмээн шалгаж байсан. Тухайн үед Монгол Улсын анхны ерөнхий сайдаар Д.Бодоо байсан. Харамсалтай нь 1921 онд Монгол Улсын анхны ерөнхий сайд Д.Бодоо хувьсгалын эсэргүү хэргээр баривчлагдан одоогийн Баянзүрх дүүргийн нутаг болох шар хаданд 14 хүний хамт цаазаар авахуулсан байдаг. Ингэж улс төрийн хилс хэлмэгдүүлэлтийн цаазаар авах хамгийн анхны хэлбэр явагдсан. Ерөнхий сайд Д.Бодоо “Монгол Улс өөрийнхөө жамаар хөгжих хэрэгтэй, Монгол Улс өөрийн гэсэн зан заншилтай гэсэн байр суурьтай байснаар хэлмэгдэлтэд өртөж хувьсгалын эсэргүү гэсэн нэр зүүсэн. Үүний дараах хамгийн том төлөөлөл нь С.Данзан. МАН-ын хувьсгалт намын анхдугаар хурал дээр С.Данзан “Иргэн баян бол улс баян. Бид ганцхан улстай харьцахгүй, дэлхийн бүх улстай харьцана. Бид тусгаар Монгол Улс Швейцар, Бельги, Унгар,Япон, АНУ гээд улс орнуудтай гадаад харилцаагаа өргөжүүлнэ. Бид энэ улс орнуудтай худалдаа наймаа хийнэ. Монгол доллартай болно” гэсэн байр суурийг илэрхийлснээр мөн эсэргүү болж цаазаар авахуулсан. Энэ нь ямар учир байна гэхээр коминтерний бодлогыг дагаагүй, аль нэг улсын хараат болохгүй гэсэн санаанууд л яваад байсан байна гэж судлаачид үздэг.

-Алтан ургийнхныг бүртгэж бас л хэлмэгдүүлсэн үү. Хичнээн хүн байсан бэ?

-Алтан ургийнхны талаар орос, монгол хэл дээр лавлах толь гарган бүртгэж байсан гэсэн баримт байдаг. 1926 оны хөрөнгийн бүртгэл явуулахын зэрэгцээ Алтан ургийнхны бүртгэлийг хийж Чингисийн алтан ургийн 40 засаг ноёныг хэлмэгдүүлэн хороосон, тайж угсаатай 1300 орчим хүнийг мөн хэлмэгдүүлсэн гэж судлаач эрдэмтэд тооцоолж гаргасан байдаг. Цаашлаад том толгой лам нар гэдэг нэрийн дор лам нар болон хутагт хувилгаадуудыг хэлмэгдүүлсэн. Тухайн үед сүм хийдүүд нь Монголын соёл, боловсролын төв газар байсан. Монгол гэр шавь сургалттай. Чингисийн алтан ургийн тайжууд гэртээ хүүхдүүддээ бичиг үсэг зааж сургадаг. Сүм хийд нь арав гаруй төрлийн эрдэм заана. Гадаад хэл, хими, биологи, анагаах ухаан гэх мэтчилэн эрдэм заадаг боловсролын төв болох сүм хийдүүдийг устгаж эхэлсэн. Түүхийн маш үнэт өв соёл устгагдаж үгүй болсон.

-Одоо бидний тэмдэглээд байдаг есдүгээр сарын 10 ямар учиртай өдөр вэ?

-1937 оны есдүгээр сарын 10-ны өдөр М.Ф.Фриновский тэргүүтэй хүмүүс оросын коминтерний төлөөлөл 169 хүний нэр бүхий “Заговор” буюу хуйвалдаан гэсэн бичиг авч ирсэн. “Энэ 169 хүн Монголын эсрэг төрийг булаах, харийн капиталист гүрнүүдтэй нийлж бослого гаргах гэж байна” гэсэн утгатай. Тэр дотор нь урлаг соёлынхон, дуучин, бүжигчин, цэргийн жанжин, төрийн албан хаагчид, сэхээтнүүд гэх мэт хүмүүс байсан ба Монгол Улсын бүтээн байгуулалтын төлөө зүтгэдэг Монголын соруудын нэрс байсан. Ингээд Х.Чойбалсан хурал зарлан 60 гаруй хүнийг баривчилсан байдаг. Эдгээр хүмүүсээс 14 хүнийг олны өмнө Бөмбөгөр ногоон театрт шүүх хурлыг хийж ял тулгасан ба 12 хүнд цаазаар авах ял оногдуулсан байдаг. Ингэж их хэлмэгдүүлэлт гэдэг нь оргил цэгтээ хүрсэн. 1937 онд байгуулагдсан Онцгой бүрэн эрхт Комисс нь 1937 оны аравдугаар сараас 1939 он хүртэлх хугацаанд Онцгой бүрэн эрхт комисс гэх гуравхан хүн 51 удаа хуралдаж, 25000 гаруй хүнд ял оноосон байдаг. Үүнээс 20 гаруй мянга нь лам нар. Лам нарын 75 хувь буюу 18000 гаруйг нь цаазаар авсан. Энэ хоёр жил хүрэхтэй үгүйтэй хугацааг их хэлмэгдүүлэлтийн оргил үе гэж үздэг юм.

-Хэлмэгдүүлэлтийн тухай баримт материал одоо хэр их байгаа вэ?

-1956 оны бүгд хурлын тогтоол архиваас олдсон. Үүн дээр профессор О.Батсайхантай хамтран ажиллаж байгаа. 1956 оны хурлаар нэг хүнийг тахин шүтэх асуудалд тухайн үеийн ЗСБНОУ-ын нэгдүгээр нарийн бичгийн дарга Никита Хрушёв анх удаа Сталиныг шүүмжлэн буруушааж илтгэл тавьсан. Сталиныг бид тахин шүтсэнээр орос 20 сая гаруй хүнээ хэлмэгдүүлж, 9 сая хүнээ буудан хороосон. Ийм асуудлыг 1956 онд Никита Хрушёв шүүмжилснээр тэр хуралд суусан Ю.Цэдэнбал тэргүүтэй хүмүүс хүрч ирэн бүгд хурал дээр мөн энэ асуудлаар шүүмж гаргасан байдаг. Гэхдээ тэр бүх хурлын тогтоолыг харахад тухайн үеийн Монголын төр засгийн удирдлагууд Монгол Улсыг шинэ орчин цагийн хөгжлөөр хөгжүүлэхийн тулд ямар их зүйл хийж байсан нь харагдаж байгаа юм. Өвөлжилтийн бэлтгэл, мал аж ахуй, аж үйлдвэрийг яаж хөгжүүлэх вэ гэх зэрэг аймаг, баг, сумдуудын нутаг дэвсгэр дээр ямар үйл ажиллагаа явуулах уу гэх мэт асуудлыг хэлэлцэн хурц шүүмжлэлүүд гаргасан байдаг. Бие биенээ маш ил тодоор шүүмжилдэг, бас ардчиллыг ярьдаг байсан нь тодорхой бичигдсэн байна лээ. Мөн үүний зэрэгцээ хэлмэгдүүлэлт Чойбалсанг тахин шүтсэн талаар шүүмжлэлүүдийг ярьж хэлэлцсэн байдаг.

-Гэрэлт хөшөөн дээр бичигдсэн 249 хүний нэрс бий гэсэн. Ямар байдлаар цаазлуулсныг судалж үзсэн үү?

-Хөшөөн дээр бичигдсэн хүмүүсийг бид ангилж үзсэн. Төр нийгмийн зүтгэлтэн 15, энгийн ард 12, Дотоод явдлын яамны дотоод хэргийн газрын тагнуулаар ажиллаж байсан 27, малчин 70 хүний нэрс гэх мэт байх ба Зөвлөлт оросын шүүхээр ял шийтгэл аван цаазлагдсан, 5-10 жилийн хорих ялаар шийтгүүлсэн Монгол Улсын иргэд байгаа.

-Яагаад энгийн ардыг хороосон юм бэ?

-Ихэнх нь Хэнтий, Сүхбаатар, Дорнодын харьяат иргэд байсан байна.

-Та бүхэн мэдээллээ ямар сувгаар олон нийтэд хүргэж байна. Хэлмэгдүүлэлт гэдэг хүн бүрд хүргэх ёстой сэдэв байх?

-Энэ асуудал дээр үнэнийг хэлж байх ёстой гол том засаглал бол хэвлэл мэдээллийн байгууллага. Соён гэгээрүүлэх байгууллагууд бидэнтэй хамтарч хэлж сануулж байх хэрэгтэй. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын соён гэгээрүүлэх ажлын гол сэдэв нь түүхийн энэ үнэн зөвийг хүүхэд залуучуудад зөвөөр ойлгуулж, Монгол Улсын дотоодын эв нэгдэл, оюунлаг байдалд зориулж мэдээлээд, судлаад, шинжлээд байгаа юм шүү дээ. Тэр үед хүний эрх, эрх чөлөө, хүний жам ёсны эрх гэж юу ч байгаагүй. Хэвлэл мэдээллийн байгууллагууд манайхтай хамтарч ажиллавал бид мэдээллийг хангалттай өгнө. Зөвхөн нэг талын мэдээллийг битгий ав. Тэр их хэлмэгдүүлэлтийг хийсэн хүмүүс чинь их бүтээн байгуулалтыг бас хийсэн юм. Ямар ч аргагүй нөхцөл байдалд байсан нь үнэн. Өнөөдөр 2022 оныхоор 1937 оныг дүгнэж болохгүй. Бүх зүйл нь өөр байсан үе.

-Орост аваачаад цөллөгт үлдсэн хүмүүс байдаг гэсэн. Энэ талаар та бүхэнд судалж үзсэн мэдээлэл, баримт байдаг уу?

-1980 оны үед Укриан оросын бүрэлдэхүүнд байхад манай төр засгийн өндөр албан тушаалтай хүн украинд явж байгаад Өмнөговь аймгийн Цогтцэций сумын хүнтэй таарсан гэдэг. Тэр хүний өөрийнх нь яриагаар лам байсан бөгөөд орос руу цөллөгдсөн. Тэндээ орос нэртэй, орос эхнэр хүүхэдтэй болчихсон. Тэгээд цөллөгдөөд байж байтал 1930-аад оны сүүл үед дайн эхэлсэн. Ингээд дайнд украины фронтод арын албаны цэргээр ажиллаж байгаад дайн дуусахад нутаг буцах эрхгүйгээр украин руу цөлчихсөн. Тэр хүн украинд эхнэр хүүхэд аваад суурьшаад амьдраад явсан. Монгол 1980-аад онд бас л оросоос хараат хэвээрээ байсан байгаа биз. Үнэнийг хэлэхэд Монголдоо байгаа баримт материалуудаа ч судалж дуусаагүй байна. Орост очоод баримт материал эрж хайгаад, олж судална гэдэг асуудалтай. Хэзээ нэгэн цагт орост очиж судлах цаг ирэх л байх.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн DNN.mn

2022.10.8, БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 14

НАМРЫН ДУНД САРЫН ШАРАГЧИН ТАХИА САР
НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХ МОРЬ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.10.8, Бямба гараг
  • Наран ургах шингэх: 07.01-18.19
  • Үс засуулбал: Эд мал арвидна
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Төрөхүй

Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө ялимгүй хур тунадас орно DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Шөнөдөө төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хүйтэрч Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 градус, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 7-12 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

СХД-ийн гэрэлтүүлэг энэ онд 640 ширхэгээр дахин нэмэгдэнэ DNN.mn

СХД-ийн гэрэлтүүлэг энэ онд 640 ширхэгээр дахин нэмэгдэнэ
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2022 онд нийт 21075 ширхэг буюу 632250 метр урттай гэрэлтүүлгийг бүрэн ашиглаж байна. Тухайлбал, 2016 оноос хойш дүүргийн нутаг дэвсгэрт хийгдсэн гэрэлтүүлгийн нийлбэр юм.
Мөн 2022 онд ДОНХС-ийн хөрөнгөөр 240, НОНХС-ийн хөрөнгөөр 400 ширхэг гэрэлтүүлгийг хороодод суурилуулах ажил үргэлжилж байна. Харин 2021 онд Улсын төсвийн хөрөнгөөр 875, НОНХС-ийн хөрөнгөөр 530, ДОНХС-ийн хөрөнгөөр 35, Дэд бүтцийн хөгжил-Сонгинохайрхан” төслийн хөрөнгөөр 6800 ширхэг буюу нийт 8240 ширхэг гэрэлтүүлгийг суурилуулсан. Түүнчлэн, Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд шинээр хийгдсэн 3.4 км авто замын ажлыг хүлээн авч зам дагуу хийгдсэн 143 ширхэг гэрэлтүүлгийг хүлээн авч байнгын ашиглалтад оруулж, 2021 онд 250.9 км гэрэлтүүлгийн ажил хийгдсэн. Инйхүү Нийт гэрэлтүүлгийн тоо 21094 болж нэмэгдсэн.
Мөн 2021 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан дүүргийн нутаг дэвсгэрийн авто замын нэмэлт гэрэлтүүлэг хийх ажил амжилттай дууссан бөгөөд ажлын хүрээнд дараах байршлууд дээр 621 ширхэг гэрэлтүүлгийн шон дээр нэмэлт буюу гоёлын гэрэлтүүлгийг 17.7 км авто зам дагуу хийж гүйцэтгэлээ.
Энэ ажлын хүрээнд:
-21-р хорооллын авто замын уулзвараас Толгойтын хуучин эцэс хүртэл 150 ширхэг
-Геологийн төв лабораторийн уулзвараас 21-р хорооллын уулзвар хүртэл 80 ширхэг
-Баянхошуу, Ханын материалын авто замын уулзвараас Баянхошууны Хөтөл хүртэлх 344 ширхэг
-14-р хорооны Залуус гудамж, 15-р хорооны Барилгачин гудамж, 17-р хорооны 33-р байрны ар талын гүүрнээс Энхтайваны өргөн чөлөөний авто зам хүртэл 47 ширхэг нэмэлт гэрэлтүүлэг суурилууллаа.
Categories
мэдээ нийгэм

АРХАНГАЙ: Айл өрхүүдийн нүхэн жорлонг ариутгаж, халдваргүйжүүлэх ажлыг эхлүүллээ DNN.mn

БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй гэр хорооллын айл өрхүүдийн нүхэн жорлонг ариутгах, халдваргүйжүүлэх ажлын хүрээнд “Био Эко” био бэлдмэлийг Эрдэнэбулган сумын өрхүүдэд тарааж эхэллээ. Аймгийн төв Эрдэнэбулган сум нь 7000 орчим өрхтэй, төвийн 6 баг, алслагдсан хөдөөгийн нэг багтай юм.

Энэхүү ажлыг “Био технологийн инкубатор” ХХК гүйцэтгэж байгаа ба Эрдэнэбулган сумын ЗДТГ, багийн Засаг дарга, нийгмийн ажилтнуудтай хамтран зохион байгуулж байна.
“Био Эко” 1 литр био бэлдмэлийг хашаа бүрийн нүхэн жорлонд гэж тооцон тараах ба өнөөдрөөс буюу 10-р сарын 07-ноос 09-нийг дуустал хугацаанд айл өрхөөр явж тараан, хэрэглэх зааврыг өгнө.
Ашигтай бичил биетний технологи “Био Эко” био бэлдмэлийг нүхэн жорлонд хэрэглэснээр:
-Лагийн шимэгдэлтийг нэмэгдүүлэх замаар лагийн хэмжээг багасгана,
-Халдварт микроб, өвчин үүсгэгч бактерийг дарангуйлж, устгах болон саармагжуулна,
-Нүхэн жорлон болон бохирын цооногоос гарах эвгүй үнэрийг арилгана,
-Хөрсний бүтцийг сайжруулж, эрүүлжүүлэн, нөхөн сэргээнэ,
-Химийн бус биологийн аргаар цэвэршүүлэлт хийнэ,
-Ой модны хортон шавжтай тэмцдэг байна.
Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн 100 мянгөн төгрөгийг архи, тамхины хэрэглээнд зарцуулахыг хориглох чиглэлийг 2023 оны төсөвт тусгажээ DNN.mn

Sorgog.mn

УИХ-ын чуулганаар 2023 оны улсын төсвийг ид хэлэлцэж байна. Хуулиараа тухайн оны арваннэгдүгээр сарын 15-ны дотор дараа жилийн улсын төсвийг батлах учиртай.

Төсвийн төслөөс хүүхдийн мөнгөн тэтгэмж олны анхаарлын төвд байна. Энэ удаа хүүхдийн мөнгийг зорилтот бүлгийнхэнд олгох буюу 91%-д нь үргэлжлүүлэн олгох тухай шийдвэр гарагчид байр сууриа илэрхийлээд буй.

Тухайлбал, 2022 оны есдүгээр сарын 26-ны өдөр Төрийн ордонд болсон “Халамжаас хөдөлмөрт” хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Төсвийн хуульд цар тахлыг даван туулах зорилгоор хүүхдийн мөнгийг 100,000 болгон нэмэгдүүлсэн шийдвэрийг эргэн харах ёстой. Хүүхдийн мөнгө олгоход 1.5 их наяд төгрөгийг зарцуулж байгаа. Ирэх оны төсвийн бодлого дээр хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт шилжүүлэхээс өөр аргагүй болно” хэмээн хэлсэн.

Харин Сангийн сайд Б.Жавхлан 2022 оны есдүгээр сарын 27-ны өдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “2023 онд хүүхдийн 100,000 төгрөгийг хэвээр олгоно. Ингэхдээ зорилтот бүлэг буюу 80%-д нь олгоно” гэж байв.

Гэвч хүүхдийн мөнгийг ялгавартай олгох талаар олон нийт янз бүрийн байр суурь илэрхийлж байна.

iKon.mn сайт энэ талаар санал асуулга явуулахад өнөөдөр(2022.10.07)-ийн байдлаар 8,261 иргэн оролцсоноос 91.2% нь хүүхдийн мөнгийг зорилтот бүлгийнхэнд өгөхийг дэмжихгүй хэмээн хариулжээ.

Өөрөөр хэлбэл, хүүхдийн мөнгийг ялгавартай олгохыг дэмжихгүй байгаагаа ийнхүү илэрхийлэв.

Сангийн сайд Б.Жавхлан хүүхдийн мөнгийг ийнхүү ялгавартай олгож байгаа шалтгаанаа чинээлэг өрхүүд хүүхдийн мөнгө авах шаардлагагүй хэмээн тайлбарлаж байгаа. Тиймээс “Ирэх оны төсөвт 1 их наяд 394.6 тэрбум төгрөгийг нийт хүүхдийн 91 хувьд олгохоор өргөн барих гэж байна. Эдийн засгийн хүндрэл, тодорхойгүй байдал үргэлжилж буй энэ үед өндөр орлоготой хэсгийнхэн хүүхдийн мөнгөнөөс татгалзсанаар дийлэнх хэсэгт тасралтгүйгээр хүүхдийн мөнгө өгөх боломжийг баталгаажуулна” гэсэн юм.

Өргөн барьсан төсвийн төсөлд тусгаснаар хүүхдийн мөнгийг чинээлэг өрхийг оруулахгүйгээр зорилтот бүлэгт 100,000 төгрөг хэвээр үргэлжлүүлэн олгох бөгөөд ингэхдээ

  • өрхийн амьжиргааны түвшнийг нарийвчлан тооцохдоо өрхийн мэдээллийн нэгдсэн сан болон төрийн мэдээллийн бусад санг ашиглан бүрдүүлэх;
  • хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүүхдийн мөнгөн хуримтлал болон бусад хэлбэрээр хадгалах, хөрөнгө оруулалт хийх боломжийг олгох;
  • хүүхдийн мөнгөн тэтгэмжийг согтууруулах ундаа, тамхины хэрэглээнд зарцуулахыг хориглох хэмээн нарийвчлан тусгажээ.

Өчигдөр/2022.10.06/ болсон УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны төсвийн төслийг танилцуулсан. Түүний танилцуулгад “Хүүхдийн мөнгө нэмэгдүүлсэн бодлогууд ч цар тахлын сорилтыг даван туулахад чухал түлхэц болсон гэж үзэж байна” гэснээс өөр хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хэчнээн хувьд олгох талаар дурдагдаагүй байна.

зураг

Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаанаас үзэхэд нийт өрхийн 9 хувь нь өндөр орлоготой байх бөгөөд эдгээр өрхүүд хүүхдийн мөнгөнөөс татгалзсанаар цар тахлын үед орлого нь буурсан олон өрхүүд энэ хөтөлбөрт хамрагдах боломж нь илүү баталгаажна” гэжээ.

Сангийн сайдын хэлснээр сарын 3.5 сая ба түүнээс дээш төгрөгийн орлоготой өрх өндөр орлоготой ангилалд орсноор хүүхдүүд нь мөнгө авах боломжгүй болохоор байна. Энэ нь хүүхдүүдийн хувьд тэгш бус байдал үүсгэж буйг үгүйсгэхгүй.

Манай улсын 0-18 насны 1.2 сая хүүхэд 100,000 төгрөгийн тэтгэмж авдаг. Цаашид хэдэн хүүхэд тэтгэмж авахаар 2023 оны улсын төсөвт эцэслэн батлагдах нь хүлээлт үүсгэж байна

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 97 жолооч согтуугаар жолоо барьж, 124 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Arslan.mn

Энэ сарын 6-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1910 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1520, хулгайтай холбоотой 32, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 88, гэмт хэргийн шинжтэй 100 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 97, хүний биед халдсан 50, эрүүлжүүлэх байранд хоносон 124 тохиолдол гарчээ.

Categories
гадаад мэдээ

Нобелийн утга зохиолын шагналтан тодорлоо DNN.mn

Нобелийн утга зохиолын шагналтан тодорлоо | News.MN

Нобелийн утга зохиолын шагналтан өчигдөр /2022.10.06/ тодорлоо. Хүйс, хэл, ангиллын ялгааг 50 жилийн турш тууштай судалсан Францын зохиолч Анни Эрнау уг шагналыг хүртэв. Энэхүү нэр хүндтэй шагналыг Шведийн академиас олгодог бөгөөд 807 мянган фунт стерлинг олгодог. Түүний бичсэн “A Man’s Place”, “A Woman’s Story” зохиолууд Францын орчин үеийн сонгодог бүтээлд тооцогддог.

Эрнау нь утга зохиолын шагнал хүртсэн анхны франц эмэгтэй болж байна. “Энэ шагнал нь шударга бус байдлын эсрэг тэмцлийг үргэлжлүүлэх үүрэг хариуцлага боллоо. Уран зохиол нэн даруй нөлөө үзүүлэхгүй ч гэсэн эмэгтэйчүүд ба хэлмэгдэгсдийн эрхийн төлөөх тэмцлийг үргэлжлүүлэх шаардлагатай байна” гэж тэр хэллээ.

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон түүнд баяр хүргэж, түүний дуу хоолойг “эмэгтэйчүүдийн мартагдсан эрх чөлөө” гэж нэрлэжээ. Анни Эрнау нь феминист зохиолч юм. Феминист утга агуулгаас гадна ажилчин ангийн маш чухал зохиолч гэж түүний бүтээлийг хэвлэдэг хэвлэлийн газар тодорхойлжээ. Энэ хоёр сэдэв түүний бүтээлд маш тод томруун харагддаг.

Нобелийн шагналыг нийт зургаан төрөлд олгодог. Энэ нь анагаах ухаан, физик, хими, эдийн засгийн шинжлэх ухаан, уран зохиол, энх тайван гэсэн зургаан төрөл юм. Цар тахлын улмаас шагнал гардуулах үйл ажиллагаа 2020, 2021 онд тасалдаад байсан. Энэ жил шагналтнууд арванхоёрдугаар сард Шведийн Стокгольм хотноо шагналаа гардан авна.

Анагаах ухааны салбарын нобелийн шагналыг Шведийн генетикч доктор Сванте Паабо хүртсэн. Тэрбээр эртний хүний ДНХ хэрхэн хувьсан өөрчлөгдсөнийг судалсан. Физикийн салбарын нобелийн шагналыг энэ жил гурван хүн хүртсэн. Квант технологийн чиглэлээр хийсэн бүтээлээрээ Ален Аспект, Жон Ф.Клаузер, Антон Зейлингер нар шагнал хүртжээ. Химийн шагналыг мөн гурван хүн хүртлээ. 2000 оноос хойш функциональ молекулуудыг бүтээхээр ажилласаар ирсэн Каролин Р.Бертоззи Мортен Мелдал, К.Бэрри Шарплес нар энэ шагналыг авлаа.

Эх сурвалж: NY TIMES, BBC

Categories
мэдээ нийгэм улс-төр

2023 оны улсын төсвийн төсөлд олон нийтийн саналыг өнөөдрөөс авч эхэллээ DNN.mn

2023 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ: Төсвийн ерөнхийлөн захирагч нарын ирэх онд  зарцуулах хөрөнгө

“Төсөв-2023” аян эхэлж байгаатай холбогдуулж Төсвийн байнгын хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн “2022 оны төсөв Цар тахлын хүндрэлийг даван туулах, эрсдэлийг бууруулах байсан бол 2023 оны төсөвт эдийн засгийг тогтворжуулах шинэчлэлүүдийг өргөн барьсан гэж үзэж байна.

Төсвийн ил тод байдал, хяналтыг сайжруулах чиглэлээр тодорхой шинэчлэлийг хийх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн. Энэхүү дүгнэлтэд тулгуурлан аравдугаар сарын 19-нд “Төсөв-2023” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг хийнэ. УИХ төсвийн асуудлаар анх удаа олон нийтийн хяналттай хэлэлцүүлгийг хийх гэж байна.

Өнгөрсөн жилүүдэд төсвийн төслийг Засгийн газраас боловсруулж, УИХ-д өргөн барьдаг байсан. “Төсөв-2023” хэлэлцүүлгийн хүрээнд төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэн батлах явц дунд нь биш төсвийг анхнаас нь төлөвлөх ажилд олон нийтийн саналыг авдаг тогтолцооны асуудлыг шийднэ.

Төсвийн төсөлд өгөх олон нийтийн саналыг өнөөдрөөс эхлээд аравдугаар сарын 17-ныг дуустал авна. Иргэд саналаа гар утасны d.parliament аппликэйшн ашиглан өгөх юм.

Аравдугаар сарын 18-19-ний өдрүүдэд нийт саналыг нэгтгэсэн хэлэлцүүлгийг хийх болно” гэв.

Categories
мэдээ цаг-үе

Оны эхний есөн сард 19 сая тонн нүүрс экспортолжээ DNN.mn

Эхний хагас жилд 18 сая тонн нүүрс экспортлов

Энэ оны эхний есөн сарын гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 15.3 тэрбум доллар болж, 2.6 тэрбум долларын ашигтай буюу эерэг гарсныг Гаалийн ерөнхий газар мэдээллээ.

Тодруулбал, есдүгээр сард Монгол Улс экспортод 8.9 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үеэс 39.3% өссөн байна. зураг

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

Экспортод нийлүүлсэн барааны 99.5 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлжээ.

Нийт экспортын барааны 50% буюу 4.5 тэрбум ам.долларыг нүүрсний экспорт, 24.4% буюу 2.17 тэрбум ам.долларыг зэсийн баяжмалын экспорт эзэлсэн байна.

Оны эхний есөн сарын байдлаар 19 сая тонн нүүрс экспортолжээ. Энэ нь төсөвт тусгасан 28 сая тоннын 68%-д хүрч буй дүн бөгөөд 2020 оны түвшнээс 4.1% доогуур байна.

зураг

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

Зэсийн баяжмалын экспорт өмнө хоёр орны мөн үеэс өссөн дүнтэй байгаа юм. Эхний есөн сард нийт 1.1 сая тонн зэсийн баяжмал экспортод гаргажээ.

Экспортын барааны нийт дүнд

  • эрдэс бүтээгдэхүүн 7603.7 сая ам.доллар буюу 85.2 хувь;
  • сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 754.0 сая ам.доллар буюу 8.5 хувь;
  • нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 400.1 сая ам.доллар буюу 4.5 хувийг тус тус эзэлж

эдгээр нь нийт экспортын дүнгийн 98.2 хувийг эзэлж байна.

2022 оны эхний 9 сард экспортолсон хар тугалганы хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, цайрын баяжмал болон түүхий нефтийг 100.0 хувь, чулуун нүүрсний 90.8 хувийг БНХАУ-д; үхэр адууны боловсруулсан ширний 80.9 хувь, самнасан ноолуурын 81.9 хувийг Италид; ямааны угаасан ноолуурыг 100.0 хувь БНХАУ-д тус тус экспортолж дээрх нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 82 хувийг эзлэжээ.

Монгол Улс дэлхийн 63 оронд бараа экспортолсноос БНХАУ-д 84.5 хувь, Швейцарт 7.8 хувь, Сингапурт 3.6 хувь тус тус ногдож нийт экспортын 95.9 хувийг эдгээр улс эзэлж байна.