Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан, хур тунадас орохгүй DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг Сонгины орчмоор 12-14 градус, бусад хэсгээр 8-10 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө нийт нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон голын хөндийгөөр 16-21 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 2-7 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 1-6 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 9-14 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 метр. Шөнөдөө 13-15 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Ц.Цогтбаатар жүдогийн Дэлхийн аварга боллоо DNN.mn

“Токио-2020” олимпийн хүрэл медальт жүдоч Ц.Цогтбаатар өнөөдөр урамтай сайхан барилдаж, учраа бүрээ илүүрхэн ялсаар дэлхийн аварга боллоо.
Манай бөх нэгийн даваанд Израилийн залуу бөх И.Левинийг торгуулиар цэвэр, дараа нь Румыний А.Сулкаг хоёр вазаригаар мөн цэвэр, шөвгийн наймд Канадын А.Маргелидоныг өчих мэхээр цэвэр ялж, шилдэг дөрөвт үлдсэн. Тэрбээр өнгөрсөн жил Токиогийн олимпод энэ бөхийг мөн өчих мэхээр ялж, хүрэл медаль хүртсэн билээ.
Манай бөх хагас шигшээд Италийн бөх, өнгөрсөн жилийн дэлхийн дэд аварга, Европын аварга М.Ломбардог вазаригаар буулган авч, дэлхийн медальтан болох нь тодорхой болсон юм.
Улмаар финалд дэлхийн аварга япон бөх Соичи Хашимотог нэмэлт цагт хутгах мэхээр ялж, дэлхийгээс алтан медаль хүртсэн тав дахь монгол жүдоч боллоо.
Өмнө нь Х.Цагаанбаатар (2009), М.Уранцэцэг (2013), Г.Болдбаатар (2014), Д.Сумъяа (2017) нар дэлхийн аварга болж байсан билээ гэж Монголын Үндэсний Олимпийн Хорооноос мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

ОБЕГ-ын гамшгаас хамгаалах сургуулилтад 670 гаруй алба хаагч оролцжээ DNN.mn

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бодлого, төлөвлөгөөний дагуу төмөр зам, уул уурхайн осол, газар хөдлөлтийн гамшгийн голомтод эрэн хайх, аврах ажиллагааны мэргэжлийн ангийн дууриалган үзүүлэх сургуулиудыг зохион байгууллаа.

Дээрх дадлага сургуулиудад орон нутгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн нийт 670 гаруй алба хаагч оролцсон юм. Уул, уурхайн ослын үеийн дадлага сургуулийг ОБЕГ-ын Уул уурхайн аврах ангийн алба хаагчид хамтран оролцсон бол газар хөдлөлтийн гамшгийн голомтод эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийн үеэр ОБЕГ-ын Агаараас эрэн хайх, аврах ангийн алба хаагчид нисдэг тэргээр аврах ажиллагааг зохион байгуулсан анхны иж бүрэн сургууль боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн DNN.mn

Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн ~ Toim.mn: Tодорхой тоймлоно

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар хур тунадас орохгүй, цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.


2022 оны 10-р сарын 08-ны 20 цагаас 10-р сарын 09-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө нийт нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон голын хөндийгөөр 16-21 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 2-7 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 1-6 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 9-14 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг Сонгины орчмоор 12-14 хэм, бусад хэсгээр 8-10 хэм хүйтэн, өдөртөө 5-7 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 хэм хүйтэн, өдөртөө 4-6 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 метр. Шөнөдөө 13-15 хэм хүйтэн, өдөртөө 3-5 хэм дулаан байна.


2022 оны 10 дугаар сарын 10-наас 10 дугаар сарын 14-нийг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

10-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 13-нд нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 10-наас ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

“Агаар, орчны бохирдлыг бууруулах ногоон технологи-2022” үзэсгэлэн гарч байна DNN.mn

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, НЗДТГ, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын хамтран зохион байгуулж буй “Агаар, орчны бохирдлыг бууруулах ногоон технологи-2022” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ.

“Цэвэр технологи-Эрүүл орчин” уриан дор энэхүү үзэсгэлэн аравдугаар сарын 8, 9-нд Дүнжингарав худалдааны төвийн Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд хоёр өдрийн турш үргэлжлэх юм.Байгаль орчныг хамгаалах, нөөцийг зохистой ашиглах, орчны доройтлыг бууруулах техник технологийн ололт, инновацын шийдлийг ашиглаж, ногоон технологийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулж, амьдралын зүй зохистой хэрэглээ, үйлдвэрийн дадал, хандлага бий болгох зорилгоор энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж буй. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, айл өрхүүдэд зуухны стандартыг мөрдүүлэх, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлээс сэргийлэх талаар иргэдэд мэдээлэл, зөвлөмж хүргэж байгаа юм.

Түүнчлэн Хаан, Хас, Төрийн банк хөнгөлөлттэй нөхцөл бүхий “Ногоон зээл”-ийн үйлчилгээнийхээ талаар танилцуулж, иргэдэд хөнгөлөлттэй зээлээр бүтээгдэхүүн худалдаж авах зэрэг олон боломжийг бүрдүүлжээ.

АЖ АХУЙН НЭГЖҮҮД ДЭЛХИЙН ТЕХНОЛОГИЙН ОЛОН ШИЙДЛИЙГ МОНГОЛД НЭВТРҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Технологийн шинэчлэл, инновац шингээсэн импортын болон Монгол инженерүүдийн бүтээсэн тоног төхөөрөмжийн ногоон үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Өнгөрсөн жил тус үзэсгэлэн худалдааг Сүхбаатарын талбайд хийж байсан бол энэ жил Дүнжингарав худалдааны төвд хоёр өдрийн турш зохион байгуулж байгаа. Улаанбаатар хотын иргэдийн 50 орчим хувь нь гэр хороололд амьдардаг. Иймд сайжруулсан шахмал түлш хэрэглэхээс гадна бусад технологийн шийдлүүдтэй танилцаасай гэж хүсэж байна. Харин урт хугацаандаа орон сууцжуулах хөтөлбөрийг хурдтай өрнүүлэх зэрэг ажлыг нийслэлээс төдийгүй Засгийн газраас анхаарч байгаа. Иргэд, компанийн хандлага өөр болсон. Иргэд шинэ технологийг хэрэглээндээ нэвтрүүлэхийг эрмэлздэг болжээ. Мөн аж ахуйн нэгжүүд дэлхийн технологийн олон шийдлийг Монголд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, энэ жил оролцогч аж ахуйн нэгжийн тоо 20-30 хувиар өсөж, ногоон технологи олон дэлгэгджээ. Түүнчлэн “Ногоон зээл”-ийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран хэрэгжүүлж байна. Иргэд сонирхож байгаа технологи, бүтээгдэхүүнээ “Ногоон зээл”-д хамрагдаж, төлбөрийн уян хатан нөхцөлөөр банктай гэрээ байгуулан худалдан авах боломжтой. Гадаа хүйтний эрч чангарч, цас хаялж эхэллээ. Иймд тус үзэсгэлэнг цагаа олсон арга хэмжээ гэж бодож байна” хэмээлээ.

БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ НОГООН ТЕХНОЛОГИЙГ ҮЙЛДВЭРЛЭЖ, ХЭРЭГЛЭЭНДЭЭ НЭВТРҮҮЛЖ БАЙГААД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ

БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Буяннэмэх “Энэхүү үзэсгэлэнд 45 аж ахуйн нэгж оролцож байна. Байгальд ээлтэй, бохирдол багатай, инновацын шийдэл бүхий ногоон технологийг үйлдвэрлэж, хэрэглээндээ нэвтрүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, эко системийн тэнцвэрт байдлыг хадгалах, агаар орчны бохирдол бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулж буй та бүхэнд талархал илэрхийлье. Ногоон эдийн засаг буюу хүлэмжийн хийн ялгарал багатай ногоон технологийн үйлдвэрлэл, хэрэглээг нэвтрүүлэх, нийгмийн сайн сайхан, эрүүл, тогтвортой амьжиргааг төлөвшүүлэхийг дэлхий нийтээр чухалчилж байна. Ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр эрх зүйн орчныг бүрдүүлж, ногоон худалдан авалтын чиглэлээр нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг хэрэгжүүлсний зэрэгцээ байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлсэн аж ахуйн нэгжийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, урамшуулах, ногоон зээлийн хөнгөлөлтийг санхүүжүүлэх зэрэг ажлыг зохион байгуулж байна” гэлээ.

“Агаар, орчны бохирдлыг бууруулах ногоон технологи-2022” үзэсгэлэнд оролцогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл бүтээгдэхүүнээ танилцууллаа.

“Нанолик ойл” ХХК-ийн Маркетингийн газрын захирал В.Сүрэнжав:

-Манай компани АНУ-ын бүх төрлийн шатахуун болон моторын тосны нэмэлт нано технологид суурилсан бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирдэг. Энэ нь автомашины түлшийг 100 хувь шаталтад оруулж, цэвэрлэдэг гэсэн үг. Ингэснээр шатахууныг 14 хувь хүртэл хэмнэж, яндангаас гарч байгаа утааг 98 хувь хүртэл бууруулна. Хөдөлгүүрийн тосны хувьд эд ангиудын дотоод элэгдлийг зогсоож, насжилтыг уртасгадаг. Бүтээгдэхүүнээ авто сервисийн үйлчилгээний газруудаар дамжуулж борлуулж байгаа.

“Юнигаз” ХХК-ийн борлуулалтын менежер Ө.Батзул:

-Манай компани “Агаар, орчны бохирдлыг бууруулах ногоон технологи-2022” үзэсгэлэн худалдаанд газ буюу хийн тоног төхөөрөмжийг ашиглан, өрхийн хэрэглээний халуун ус, халаалт, гал тогоог цогцоор нь шийдэх технологийг танилцуулж байна. Япон чанар, стандартаар угсарч байгаа. Тус үзэсгэлэнгийн 18-р павильоноос дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Гэр хорооллын өрхүүд болон томоохон аж ахуйн нэгжүүд нүүрс, түлшээр халаалтаа шийддэг бол манайх хийн буюу газан бойлуур ашиглан халаах юм” гэлээ.

Үзэсгэлэнд “АБУ трейд”, “Тасума”, “Дашваанжил газ”, “Монгол базальт”, “Алтай эколос” ХХК зэрэг байгаль орчинд ээлтэй ногоон технологи, халаалт, агаар цэвэршүүлэгч, дулаалга, ариутгал, халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаа явуулдаг компаниудын төлөөлөл оролцож, бараа бүтээгдэхүүн болон үйл ажиллагаагаа танилцуулж байгаа юм. Тус үзэсгэлэнд хүрэлцэн ирж, ногоон технологийн шийдлүүдтэй танилцан хэрэглээндээ нэвтрүүлэхийг уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

Цасанд боогдсон 63 автомашин, 140 хүнийг аюулгүй болгожээ DNN.mn

Архангай аймагт замын хөдөлгөөн тодорхойгүй хугацаагаар хаагдлаа

Архангай аймагт энэ сарын 7-ны өдөр их хэмжээний цас орсны улмаас зам давааг хааж, онц байдал үүсч, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон. Энэ үеэр аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх аврах салбараас алба хаагчид, 2 автомашинтай ажилласан байна. Улмаар цасанд боогдсон 63 автомашин, 140 хүнийг аюулгүй болгожээ. Мөн дуудлагаар 11 хүн, 3 автомашиныг татан гаргасан байна.

Хашаат суманд хүн алга болсон дуудлагын дагуу сумын Онцгой комисс, мэргэжлийн анги, албад ажиллаж, эсэн мэнд олжээ.

Өчигдрийн байдлаар Хайрхан, Өгийнуур, Хашаат сумдаас автомашин цасанд суусан, нэг хүн алга болсон зэрэг дуудлагууд ирсэн гэв. Дуудлагын дагуу тус сумдын Онцгой комисс, мэргэжлийн ангийн албад ажиллажээ. Тодруулбал, баруун хойд сумдаас Улаанбаатар чиглэлд гарч, цасанд боогдсон 4 автобус 82 хүн, 6 автомашины татан гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.

Мөн Өгийнуур суманд цасанд боогдсон 8 иргэн 2 автомашиныг татан гаргажээ.

Categories
мэдээ нийгэм

Маргааш “Өргөө” амаржих газар “Хүүхэд бүрт хүрч үйлчилье” аяныг зохион байгуулна DNN.mn

“Өргөө” амаржих газрын төрөлжсөн мэргэшлийн эмч нарын баг “Хүүхэд бүрт хүрч үйлчилье” аяны хүрээнд эх, нярайд үзүүлэх тусламж үйлчилгээгээ өргөжүүлж, 2022 оны 5-р сараас нярайн амбулаторийн үйлчилгээг үзүүлж эхэлснээс хойш 3000 орчим нярайд үзлэг, зулай болон зүрхний хэт авиан оношилгоог хийсэн байна.

Тус эмнэлэгийн эмч нарын баг 2022 оны 8 дугаар сард Чингэлтэй дүүргийн зарим алслагдсан хороодын нярайд тархины саа саажил үүсгэх эрсдэлтэй эмгэгүүдийг эрт илрүүлэх зорилгоор үзлэг, оношилгоо хийсэн ба тархины хүнд хэлбэрийн эмгэгшилтэй 3, тархины цус харвалттай 1, өндөр шарлалттай 3 нярайг эрт илрүүлж, хэвтүүлэн эмчилжээ.

Тэгвэл тус аяныг үргэлжлүүлэн 10 дугаар сарын 9-ний Ням гарагт буюу маргааш эмнэлгийн нярай, хүүхдийн зүрх судас, эх барих эмэгтэйчүүдийн эмч нар, нярайн сувилагч, сэтгэлзүйч нараас бүрдсэн баг Чингэлтэй дүүргийн 13-19 дүгээр хороодын эх нярайд үзлэг хийх ажээ.

Үзлэгийг Хайлаастын хүүхдийн амбулаторид 09:00-17:00 цагт хийх юм байна.

Уг аяны хүрээнд:

-Нярайн эмчийн үзлэг

-Хүүхдийн зүрх судасны эмчийн үзлэг

-Хүүхдийн зулайн эхо

-Хүүхдийн зүрхний эхо оношилгоо

-Нярайн шарлалтын оношилгоо

-Нярайн асаргаа, сувилгаа /Хүй, нүд, ам, хамар цэвэрлэх гэх мэт/

-Ар гэрт “Имж-эх” асаргаа заах, сургалт, зөвлөгөө

-Эх барих эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг, зөвлөгөө

-Эх барих эмэгтэйчүүдийн эхо оношилгоо

-Төрсний дараах хярзангийн оёдол авах, угаах

-Эмэгтэйчүүдийн мазокийн шинжилгээ

-“Төрсний дараах сэтгэлзүйн онцлог” сэтгэлзүйчийн бүлгийн ярилцлага, зөвлөгөө, сэтгэл засал

-“Төрсний дараах сэтгэлзүйн онцлог” сэтгэлзүйчийн ганцаарчилсан ярилцлага, сэтгэл засал эмчилгээг тус тус хийх аж.

Үйлчлүүлэгч зөвшөөрвөл цаашдын үйл ажиллагаанд тусгаж, үйлчилгээг сайжруулах зорилгоор “Өргөө” амаржих газарт амаржих, үйлчлүүлэх үеийн сэтгэл ханамжийн судалгаа авах аж.

Categories
мэдээ нийгэм

Монголын уран зургийн галерей “Уран зураг сэргээн засварлах лаборатори”-тай боллоо DNN.mn

ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны Соёлын өвийг хадгалан хамгаалах хөтөлбөрийн буцалтгүй тусламжаар Монгол Улсын хэмжээнд олон улсын стандартад нийцсэн анхны уран зураг сэргээн засварлах лабораторийг Монголын Уран Зургийн галерейн дэргэд байгуулж, өчигдөр нээлтийг нь хийлээ.

Тус лабораторийг олон улсын стандартад нийцсэн тавилга, багаж хэрэгсэл, материал, орчин үеийн технологиор бүрэн тохижуулжээ. Энэхүү иж бүрэн лабораторийн үйл ажиллагааг цаашид тогтвортой явуулах гол хүчин зүйл нь хүний нөөцийн чадавхийг сайжруулах, сэргээн засварлагчдыг чадавхижуулах явдал байгаа. Тиймээс уг төслийн хүрээнд гэмтэлтэй зураг сэргээн засварлах чиглэлээр ХБНГУ-ын сэргээн засварлагч хатагтай Сузанне Эрхардс Монголын Уран Зургийн галерейн 2 сэргээн засварлагчийг тусгайлан сургаж мэргэшүүлэх эхний шатлалт сургалтыг зохион байгуулж байна.

Цаашид энэхүү лаборатори нь үндэсний хэмжээнд өргөн цар хүрээтэй ажиллах бөгөөд хувь цуглуулагч болон хувийн галерейдын бүтээлийг мэргэжлийн өндөр түвшинд сэргээн засварлах боломж нээгдэх юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Сургууль шатаасай DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…


Амралт дуусч хичээлдээ явна гэхээс дургүй хүрдэг байснаа санаж байна уу. Зарим нь ч тэр чигтэй сургуулиа хаяад “жаргасан” явдал бий. Одоо мөн ялгаагүй хүүхдүүд ангийнхантайгаа уулзах тал дээр хаашаа юм гэхээс “Хичээлийн шинэ жилийн нээлт” гэгч албанд дуртай онц сурлагатан ховор хэвээрээ юм билээ. Ер нь энэ есөн сарын нэгнийг хүсэн хүлээж, тэсэн яддаг тийм хэнээтэй амьтан хаа ч байхгүй.Эрдэм ном сурах сонирхолгүй балай болох гэсэндээ биш. Энд зөвхөн хамгийн амттай цаг хугацаанаас салах цаг болсны харамсал нөлөөлдөг. Яахав тэгсгээд хэд хоноод анги багш нараа хараад шинэ орчиндоо дороо дасчихдаг л даа.

Зун цаг дорхноо дуусч залгаад энэ есөн сарын хэдхэн хоногт байгаль дэлхий сайхан аашилж, алга нь тэнийж, гурил ногоо, цагаан идээ, өвс хадлангаа өгдөг. Тэгээд арван сарын дундаас хойш өдөр эрс богиносон хүйтний ам наашлан, орчин тойрны өнгө зүс сааралтан хүүхэд томчуул, усны шувууд хар аяндаа дулаан орон байр руугаа тэмүүлдэг жам ёстой.

Гэтэл бид өөрсдийгөө сайн дураараа тамлах мэт хаваржин зунжин чанасан хоолоо тогооноос уудлаад аягалчихаад амсаж амжилгүй зэрэг зэрэг бөөн бөөнөөрөө сумын төв, хот руу хуу хөөгдөн буцацгаана. Өчигдөрхөн шуугилдаж байсан зуслан лагерь ганцхан өдрийн дотор түгшүүр зарласан цэрэг арми мэт эзгүйрэн эль хуль оргих нь нэн гунигтай. Хүүхэд заавал есөн сарын нэгэнд хичээлдээ очих ёстой юм чинь араас нь эцэг эхчүүд хамаг ажлаа хаяад дагаад явж таараа. Энэ гаж мөрдлөгөө сэтгэл санаанд дарамт өгөхийг тэвчдэг юм гэхэд дам тойруугаараа эдийн засгийн бөөн алдагдалд ордгийг ойлгож ядах юмгүй. Ядахад яг есөн сараас эхлэн айраг, өрөм, тараг амт шимт орж, мойл жимс ургаж гүйцэхийг нь яана. Хурааж нөөцөлдөггүй юм аа гэхэд дахиад энэ үеэр хөдөө хэд хоночихвол бүтэн жилээ даах эрч хүчээ базаагаад авахсан. Сургуультай сургуульгүй тасралтгүй явагдаж байдаг боловсрол эзэмшилтэд эхлэл төгсгөл, нээлт хаалт хийх, хонх дамар тачигнуулах нь зүгээр л үзэл суртал төдий. Энэ чухал юм биш. Малчин бэлчээр дээрээс хонио орхилгүй насан турш дагаад явж байхад багш нар жилдээ бүтэн гурван сараар хүүхэдтэйгээ хамт сургуулиа хаяад явчихдаг. Ёстой нарт ертөнцөд байхгүй ялархуу тунирхуу мэргэжил шүү. Тэгээд дараа нь хорлож байгаа юм шиг хамгийн чухал цагаар бүх нийтийг үндсэн ажлыг нь хийлгэхгүй, хүүхдээр дамжуулан хичээл номоо уншицгаа хэмээн арай хэтэрхий амьдралаас тасархай балмад ааш гаргана. Манай монголын хүүхдүүд ч гэж хүүхдүүд. Багш гээд нэг юм заавал хажууд нь байж байж жаал юм тогтоохчоо аядана. Ихэнх нь оюун ухааны чадамжгүй эрхэн тэнэгүүд тул нэмэлт өчнөөн давтлага, дамжаануудад цаг, зардал гаргуулан баймааж бусад үндэстний хүүхдийн энд дөхөж очдог юм уу, хаашаа юм. Боловсролыг цаг тухайд нь төвөггүй ойлгоод авчихдаг хэвийн тархи толгойтой хүүхэд хот хөдөө ялгаагүй ховор. Энэ тэнэгрэл хавтгайдаа учраас л улс орон хөгжиж өгөхгүй үйл тамын амьдрал үргэлжлээд байгаа юм даа.Саяхны жишээ гэхэд улс даяар телевизийн тоон системд шилжсэн тухай өчүүхэн танин мэдэхүйг маанайцгаан яагаад байгааг ерөөсөө ойлгохгүй дахин дахин асуугаад л. Тайлбарлаж байгаа мэдээллийн хэрэгсэл ба мэргэжилтнүүд нь болохоор аятайхан хэлээд өгчихгүй, өөрсдийгөө лут хүн болгож харагдуулах гээд байгаа юм уу хаашаа юм. Зориуд гадаад дотоод үг хольж хутган ойлгоход улам төвөгтэй ярьж бичээд дамшиглацгаана.

Гэтэл гадаадад өндөр хөг­жил­тэй оронд очихоороо сурахын хажуугаар орой за­ван­даа ажил хийгээд болоод байдаг нь хачин. Тэгэхлээр манай боловсролын сис­тем тийм домбоо, догма тог­тол­цоотой л байгаа байхгүй юу.

Ганцхан жилийн дотор дөрвөн өөр орчлонг үзүүлэнгээ барилгүй аашилдаг байгаль дэлхийнхээ аяыг дагаж амьдардаг монгол нутгийн хамгийн сайхан зантай өдрүүд удахгүй эхлэх гэж байна. Өвс хадах, төмс хураах ажил нажиднаасаа ангижирсан хот суурингийнхан ч гэсэн намрыг налаад суусан шигээ, модод шаргалтан улаарч ягаарахыг таашаан үзэж баясалгүй өнгөрүүлэх мөн л хайран санагдана.

Өдөр алдаж шөнө гэгчээр өвлийн бэлтгэлээ базаадаг гол цаг үетэй Монгол нутгийн онцлог нөхцөлд боловсрол, бодит амьдрал хоёрыг бодлогогүйгээр давхцуулаад одоо бүр ёс заншил шиг болгочихсон. Энийг одоо илүү сайн хувилбараар яаж л бол яаж өөрчлөх боломж арга зам бий. Манайхаас цөөн улиралтай бараг өвөл болдоггүй япон солонгосчууд хавар сакура цэцэглэх дөрвөн сарынхаа нэгэнд хичээл сургуулиа нээгээд бөөн баяр хөөр болцгоодог юм билээ. Нэгэн оны ажиллах, эрдэм номд боловсрох асуудал шинэ жил эхэлмэгц төлөвлөгдөж хавар нь халуун дээрээ залгуулан нээгдэн улмаар зунжин хэрэгжиж намар үр дүнгээ тооцоцгоодог байх нь. Харин манай амьдралын цагийн хуваарь байгаль цаг уурын хувьд бүх юм болоод өнгөрсөн хойно есөн сард төмс тарих гээд зогсож байгаа мэт эсвэл хойтонгийн явдлыг одоо хийгдэх ажлаараа солиод нээх нь бүр ч утгаа алдчихаж байгаа хэрэг юм.

Аливаа боловсрол, мэргэшил эзэмших процесс нь захиргаадалтын үед уралдаан конкурсанд зориулагддаг байсан. Түүнээ дагаад бөөн гараатай холын зайн кросс уралдааны дүрэм үйлчилнэ. Үндсэн утгаасаа төөрчихсөн энэхүү эрдэм номын үйл явдал нь намар улс даяар нэгэн зэрэг ярс хийн эхэлж хавар барианд орж буй нь зөвхөн тэмцээнд будилаан орчих вий гэсэн өчүүхэн ач холбогдолтой. Түүнээс амьдрал дээр тулгуурласан жолооны курс, англи хэл, математик, монгол хэлний хоцрогдол нөхөх сургалтууд, зуны цэцэрлэг яслиуд, спортын бэлтгэл сургуулилалт хэзээ ч хэнд ч бэлэн хаалга нь нээлттэй байгаа. Энэнээс болж хохирсон , эрүүл мэнд, эдийн засагт нөлөөлсөн юм алга.

Улсын болон хувийн цэцэрлэг, их дээд сургуулиуд, ЕБС-иудийн элсэлт төгсөлт улс даяар зэрэг эхэлж төгсгөдөг, шалгаж шүүдгийг болиулмаар байгаа юм. Багш нар зуны гурван сар мэргэжлээсээ хөндийрч амрахгүй бол яг юу нь болдоггүй юм. Сургууль заавал өвөл хичээллэн гал түлж бөөн зардал гаргаж байснаа дулаан орохлоор анги танхимуудаа цэлийтэл нээгээд хаяад явчихдаг үрэлгэн байдал гайхалтай. Тариа тарьж, уурхай ухах зэрэг гадаа ажилладаг ажил мэргэжил бол улирлаа дагахаас өөр арга бараг байхгүй л дээ. Цаашилбал бүх нийтээрээ яг арав, арван хоёр, дөрвөн жилээр багцлан боловсрол эзэмших гэдэг ойлголт өөрөө өөрчлөхийн аргагүй ертөнцийн жам биш. Зарим нь улираад л, зарим нь түрүүлээд л, мөн заримдаа чөлөө тайм аваад л явж байна биз.

Гэрт гадаа ялгаагүй халуун хүйтэн хоёрыг хүмүүс хүссэнээрээ үнэ өртөггүй зохицуулж төгс шийдчихээгүй л бол Монгол орны хувьд бүх газарт өвлийн бэлтгэл базаах цаг хугацааны чөлөө өгөх асуудал байх л ёстой. Тэр нь зөвхөн есдүгээр сар юм. Есөн сарын орчмын энэ хэдэн өдрийг халуун ам бүлээрээ, хамт олноороо байцгааж олз ашиг сайн олж чадвал дараа нь сурах, амьжиргаагаа хангах боломж хамаагүй сайжирдаг биз дээ. Өвөл даараад, зун бүгчимдээд, хавар ядраад намар оройтвол яараад хөдөлмөрийн бүтээмж санасан хэмжээнд хүрдэггүй. Тэгвэл есөн сард бороо цас аль аль нь түр азнаад, халуун хүйтэн, өдөр шөнө тэнцвэртэй болчихсон, тариаланчдын хэлдгээр алттай дүйх өдрүүд гялтганаад өнгөрдөг. Улс орныхоо эдийн засгийг өргөн хүрээнд бүхлээр нь харж нийтийн эрх ашгийг эрүүл саруул зохицуулъя гэвэл чухам энэ үеэр сургууль ном, найр наадам, цэрэг татлага, аялал зугаалга, жагсаал цуглаан, хурал чуулганаа түр зогсоож, зарим нэг худалдаа наймаа, шүүх засаглал, гоо сайхны эмнэлгийн үйлчилгээ, спортын тэмцээн, урлагийн тоглолтуудыг түр хойшлуулах шийдвэр гаргавал хүмүүс дуртай дургүй жаахан ажил хийж магадгүй юм. Ядаж хотын гэр хорооллынхон байшингаа зузаалж шавардан, эсгий нэмж барих цаг зав боломж олдон арай бага нүүрс хэрэглэн ирэх өвлийн утаа шингэрэх ч юм билүү. Оюутнууд арван сард хичээлдээ ирэхээр болчихвол нийгмийн баялаг илүү үйлдвэрлэгдэн хөдөөд цагаан идээ, түлээ, жимс ногоо, мах зэрэг өргөн хэрэглээний сагсны нөөц арвижиж улмаар ченжүүдийн зохиодог үнийн хөөрөгдлийн ханд хэсэгхэн ч атугай дарагдаж дундаас доош амьжиргаатай иргэдийн амьдралд юун түрүүн нөлөөлнө.

Бүр байг гэхэд хэсэгхэн хугацаанд өлсөхгүй, даарахгүй, халууцахгүй хэд хоног жаргаад авсан ч яадаг юм.

Гэрээсээ бараг хөөгдөн сургуулийн дотуур байраа зорин, олдсон унаанд амжиж дайгдан төв орох замд үхэр мал оодогнохоо байж, гэдэс нь цадан нэн жаргалтай хивэн хэвтэцгээх нь атаархмаар. Унага татах бүл үгүй тул уруул чимчигнэсэн айраг хахран гүүгээ тавьчихлаа. Зун олдохгүй түүхий байсан мойл жимс, хоолны төмс, лууван, байцааны салатнаас амсаж ч амжилгүй газар дээр нь хаяж оготно шувууны хоол болоод өнгөрч байх шиг. Үгүй тэр арын гууны хэдэн мөндөлнөөс ичихээс нь өмнө ядаж ганцыг нь тоншчихвол яг л иддэг дээрээ байсансан. Хамаг юм энэ муу өгөр сургуулиас л боллоо. Шатчихаасай билээ.

Categories
мэдээ нийгэм

О.Чинзориг: Авто замын төлбөр хураах цэгийг цахимжуулах үйлчилгээг нэвтрүүлэхэд бэлэн болсон DNN.mn

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал болж, хурлаар Авто замын төлбөр хураах цэгийг цахимжуулах тухай Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг танилцуулав.

Засгийн газрын 302 дугаар тогтоолоор олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламж ашиглан зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр хураах цэгийг цахимжуулах ажлыг шуурхай зохион байгуулахыг Зам, тээврийн хөгжлийн сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нарт даалгасан бөгөөд Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт мөн туссан юм.

Энэ хүрээнд Нийслэлийн Зам тээврийн нэгдсэн тогтолцоог бий болгох ажлуудыг үе шаттайгаар хийж байна. Нийслэлд шалган нэвтрүүлэх найман товчоо бий. Үүнээс дөрвөн шалган нэвтрүүлэх товчоонд төлбөр хураамж авдаг. Иймээс төлбөр хураамж авах явцыг цахимжуулах ажлыг хийж байна.

Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг “Нийт 34 хаалганаас 21-ийг цахим хэлбэрт шилжүүлснээр тээврийн хэрэгсэл хаалганд ирээд, төлбөрийн харилцаа үүсгэхгүй буюу бэлэн мөнгө, карт уншуулахгүй, шууд нэвтрэх бололцоог бүрдүүлсэн. Төлбөрийн харилцааг гурван аргаар шийдлээ.

  • Нэгдүгээрт, дугаар таних системээр дугаарыг таньж, жолооч банкны картаа бүртгүүлсэн тохиолдолд автоматаар мөнгө шилжинэ.
  • Хоёрдугаарт, И-баримт болон бусад төлбөрийн хэрэгсэл рүү нэхэмжлэл үүсгэж шийднэ.
  • Гуравдугаарт, Е-Mongolia болон smartcar системд нэхэмжлэл үүсэх юм. Энэ нь тээврийн товчоодоор орж ирж байгаа бүх тээврийн хэрэгслийг бүртгэж, зөрчилтэй тээврийн хэрэгслийг оруулахгүй байх нөхцөлийг ч бүрдүүлж, цаашлаад тээврийн хэрэгслээр үйлдэгдэх гэмт хэргийг бууруулахад хувь нэмэр оруулна.

Тус үйлчилгээг нэвтрүүлэхэд бэлэн болсон, холбогдох байгууллагатай тохирсон” гэв.

Мөн холбогдох журмыг шинэчлэх, арваннэгдүгээр сарын 1-ний дотор үйл ажиллагааг нэвтрүүлэхэд шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээ авах хэрэгтэй байгааг хэлж байлаа.

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар