“Монгол-Японы хамтын ажиллагаа 50 жилд” эрдэм шинжилгээний бага хурлын үеэр “Стратеги, судалгааны хүрээлэн”-гийн Эдийн засгийн судалгааны төвийн эрхлэгч, эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.
–“Монгол, Японы хамтын ажиллагаа 50 жилд” эрдэм шинжилгээний бага хурлын талаар та сэтгэгдлээ хэлэхгүй юү?
-Монголбанк сүүлийн жилүүдэд Монгол Улсад эдийн засаг, банк санхүү, гадаад худалдааны чиглэлээр гүнзгий судалгаануудыг маш сайн хийж байна. Манай улсад байгаа төрийн болон төрийн бус байгууллагууд, их дээд сургуулиуд дундаас хамгийн тууштай, гүнзгий онолын судалгаа хийж буй байгууллага бол Монголбанк юм. Энэ хүрээнд гадаад худалдааны гол түнш улс орнуудтай хамтарсан худалдаа, эдийн зассгийн асуудлаар цуврал хэлэлцүүлэг хийж байна. Өнгөрсөн хавар Монгол-БНХАУ-ын худалдаа, хамтын ажиллагааны асуудлаар эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан бол одоо Монгол-Японы худалдаа, эдийн засаг, хамтын ажиллагааны асуудлаар ЭШБХ-ыг зохион байгуулж байна. Энэхүү хурлаар бид худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын түнш харилцаатай орнуудтай бид илүү сайн ойлголцохын тулд харилцааны ямар боломж байна, юуг дутуу, юуг сайн ашиглаж байгааг олж харах боломжтой байдаг тул ийм хэлэлцүүлэг маш чухал үр дүнтэй. Сэтгэгдэл өндөр байна.
-Монгол-Японы хоорондын худалдаа, эдийн засаг, хамтын ажиллагаа өнгөрсөн 50 жилийн хугацаанд ямар ололт амжилт, алдаа оноотой явж ирсэн бэ?
-1990-ээд оны эхэнд Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжиж, 1991 онд шинэ үндсэн хуулиа батлаад хуучин төвлөрсөн тогтолцооноос татгалзлаа гэдгээ хэлсэн. Түүнээс хойш нийгмийн олон өөрчлөлтүүд явсан. Тэр үед энэ өөрчлөлтийн явцын нэг том асуудал нь банк санхүүгийн салбар байсан. Учир нь 1989-оны сүүл хүртэл Монгол Улс буюу тухайн үеийн нэрээр БНМАУ нь социалист системийн орнуудын нэг бүрэлдэхүүн хэсэг байсан. Тэгэхээр энэ улсуудын холбоонд байсан учраас БНМАУ гадаад орноос аливаа хөрөнгө, санхүүгийн дэмжлэгийг авахдаа зөвхөн ЗХУ-аас авч ирсэн. Москва хотод төвтэй байсан “Эдийн засгийн харилцан туслалцах Зөвлөл” гэсэн нэртэй хамтын ажиллагааны, хөрөнгө оруулалтын банк байсан юм. Одоогийн бидний ойлголтоор Дэлхийн банк, АХБ-тай төстэй үйл ажиллагаа явуулдаг банк гэсэн үг. Тус байгууллага нь 1989 онд татан буугдан, гишүүн орнууд бүгд бие даасан улс болоод задарсан. Тухайн задарсан гурван /1990-1992 он/ жилийн хугацаанд Монгол Улс ямар ч гадаад санхүүжилтгүй болж, эдийн засгийн гүнзгий хямралд орсон. Энэ хямралтай хүнд жилүүдэд Монгол Улсад хамгийн түрүүнд гар сунгаж, ихээхэн туслалцаа улс орнуудын нэг нь Япон улс.
1991 оны нэгдүгээр сард тухайн үеийн Улсын Бага Хурлаас Монгол улсыг Дэлхийн банк, Олон Улсын Валютын сангийн гишүүнээр элсүүлэх тухай хуулийг баталсан нь цаг үеэ олсон маш чухал шийдвэр болсон.
Энэ шийдвэр нь маш онцлогтой шийдвэр байсан. Учир нь анх удаа Монгол гаднын аль нэг улс орноос асуухгүйгээр өөрөө бие даан Олон улсын байгууллага дэлсэх шийдвэрийг гаргасан юм. Үүнээс өмнө дандаа Москвагаас энэ байгууллагад элсэж болох уу гэж асуудаг байсан. Тэр тусмаа өрнөдийн орнууд, АНУ-ын нийслэл, Вашингтон хотод төвтэй байгууллагад элсэх бололцоогүй байсан. Тэгэхээр энэ шийдвэрүүд нь Монголын зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтэд маш чухал хүчин зүйл болсон.
Тухайн цаг үед Улаанбаатар хотын 4-р цахилгаан станц маш доголдолтой, өр авлага ихтэй, техникийн шинэчлэлт хийж чадаагүй, тоног төхөөрөмж нь хуучирсан байсан. Мөнгө санхүүжилт байхгүйгээс болоод цахилгаан станц маш их доголддог, нүүрсний уурхайнууд технологийн шинэчлэлт хийж чадаагүй, хуучрсан техникүүдтэй, эргэлтийн хөрөнгөөр дутмаг тун хүнд цаг үетэй тулгарсан.
1990-ээд оны эхээр Улаанбаатар хотод хэдэн цаг, бүтэн өдрөөр ч тог цахилгаангүй харанхуй суух, үйлдвэр аж ахуйн газрууд үйл ажиллагаа явуулах боломжгүй сул зогсож байсан цаг үе юм. Энэ бүх хүндрэл, бэрхшээлийг даван туулж гарахад хамгийн эхэнд гар сунгасан байгууллагууд бол Японы Засгийн газар, Дэлхийн банк юм. Үүнээс хойш энэ мэтчилэн Японы Засгийн газар, байгууллагуудын санхүүжилт оролцоогүй салбар бараг байхгүй, үндсэндээ манай улсын нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн. 1974 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол-Японы харилцаанд 50 гаруй жилийн маш зузаан түүх бүтээгдсэн. Төрийн байгууллага, төрийн бус байгууллага, иргэний нийгэм зэрэг бүхий л салбарт. Ялангуяа соёл боловсролын салбарт манай улсын олон мянган залуус Япон улсад суралцаж мэдлэг боловсрол олж авсан, дээшлүүлсэн бөгөөд тэдний нэг төлөөлөлд би ч гэсэн багтдаг.
-Одоогоор хоёр улсын хамтын ажиллагаа ямар түвшинд байна вэ?
-Япон улс нь дэлхийн том долоо буюу G7-ийн бүлгийн гишүүн орны нэг. Дэлхийд эдийн засгаараа гуравдугаарт бичигддэг. Дэлхийн бүхий л улс оронтой харилцаатай, гадаад худалдаа хөрөнгө оруулалтын хувьд АНУ, БНХАУ зэрэг топ улсуудтай гол худалдааг хийж байна. Эдийн засгийн бүтцийг нь авч үзвэл 70-80 хувь нь өндөр хөгжилтэй, дэлхийн эдийн засагт томоохон жин эзлэх улс орнууд улсууд бий. Тэгэхээр Монгол шиг харьцангуй багахан (15.0 орчим тэрбум ам долларын ДНБ-тэй) эдийн засагтай улсын хувьд Япон улсын гадаад худалдааны бүтцэд манай үзүүлэлт бараг харагдахааргүй жижиг гэсэн үг юм. Тэгэхээр ийм тэнцвэргүй харилцаанд хоёр улс харилцан тэнцүү үр ашиг хүртэнэ гэдэг нь тун амаргүй асуудал юм..
Орчин үеийн технологийн түвшинд хүрч үйлдвэрлэл явуулахын тулд бидэнд гарцаа байхгүй өндөр хөгжилтэй орноос бүхий л төрлийн машин тоног төхөөрөмжийг импорт авах шаардлага байна. Нөгөө талаас Монгол эдийн засгийн хувьд аж үйлдвэржээгүй учраас Монголоос гаргаж буй экспорт Япон улсын зах зээлийн шаардлагыг төдийлөн хангахгүй байна.
Монголын экспортод гаргаж буй статистикийг үзвэл 92-94 хувь нь уул уурхайн түүхий эд. Тэгэхээр цаана 6-8 хувь уул уурхайн бус бүтээгдэхүүн, ноолуур, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн орно. Хэдийгээр бид эдийн засгийн худалдааны хэлэлцээр зэрэг хийж сайжруулах гэж оролдож буй боловч зөвхөн хэлэлцээрээр сайжрахгүй юм. Үүний цаана бидний экспортод гаргаж буй бүтээгдэхүүний боловсруулалтын түвшин, чанарын асуудал бий. Тухайлбал, “Эрдэнэт” хивсийг хөдөө аж ахуйн гаралтай гэрээ хэлэлцээрийн дагуу нийцсэн бүтээгдэхүүн гээд гаргаж, Японы лабораторид чанарыг шалгаж үзэхэд хивсний арыг бэхэлж түрхсэн цавуу нь өөр улсын гаралтай, орцын хувьд их байгаа нь чөлөөт худалдааны хэлэлцээрийн шаардлага хангахгүй болж байсан тохиолдол ч байдаг.
Тэгэхээр энэ нь зөвхөн татварын асуудлын хувь хэмжээ ярихаас гадна тухайн импортлогч улс орны зүгээс тавигдах чанар, стандартын, гарал үүслийн зэрэг олон шаардлагад нийцүүлэх ёстой нарийн түвэгтэй асуудлууд их байдаг. Анхан шатны боловсруулалт технологийн бүхий л процесс нь өндөр хөгжилтэй орны түвшинд мөрдөгдөж буй чанар, стандартын шаардлагыг хангаж байх шаардлагатай.
Энэ мэтчилэнгээр арьс, ширэн бүтээгдэхүүнийг дагуулан бусад бүтээгдэхүүний боловсруулалтын шаардлагыг анхнаас нь тавьж буй шаардлагад хүргэх ёстой. Одоогоор бид энэ стандартыг өөрсдөө хийх гэж оролдож, зарим талаар алдаж байна. Бусад улс орны жишээг харвал Япон Улс өөрийн зах зээлд зуучилдаг, мененжэнтийн компаниас мэргэжлийн зөвлөгөө авах ёстой. Тэд Японы зах зээлд хэрхэн нэвтрэх аргыг үе шаттайгаар бидэнд зааж өгнө. Энэ арга замыг нь өнөөдөр сайтар суралцаж чадвал бид дараа дараагийн улсын зах зээлд нэвтрэхэд маш том туршлага болж үлдэх юм. Бид Япон улсаас гадна өөр улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахад илүү богино хугацаанд үр ашгийг хүртэж чадна гэсэн үг. Эхний байгуулсан хэлэлцээрээсээ бусад улс орны зах зээлд нэвтрэх худалдааг өргөжүүлэх мэдлэгийн том сургамжийг авах нь маш чухал юм.
-Монгол-Японы эдийн засгийн харилцааг хөгжүүлж, өргөжүүлэхэд цаашид ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Нэгдүгээрт, худалдаагаа өргөжүүлэх шаардлагатай. Монгол Улсын экспортын бүтцийг улс орнуудаар авч үзвэл 80-85 орчим хувь нь БНХАУ, хоёрдугаарт, алтны экспортоос хамааран Их Британи улс, гуравдугаарт, Европын холбооны бусад 30 гаруй улс орнууд, дөрөвдүгээрт нь Япон улс орж байна.
Зөвхөн хоёр хөрш бус гуравдагч зах зээлтэй хийж буй худалдааг бид цаашид улам нэмэгдүүлэх,өргөжүүлэх шаардлагатай. Учир нь бид урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлого зэрэг олон бодлогын баримт бичигт эдийн засгаа төрөлжүүлэх зорилтыг тавьж, түүнийг хэрэгжүүлэх зорьж ирсэн.
Бид цаашид уул уурхайн экспортышг бууруулалгүй хадгалахын зэрэгцээ аж үйлдвэрийн болон үйлчилгээний салбарын экспортыг нэмэгдүүлэх, төрөлжүүлэх шаардлагатай. Энэ зах зээл нь Европын холбоо, Япон, Өмнөд Солонгос улс юм. Үүнийг цааш нь улам өргөжүүлж, дардан болгох ёстой.
Монгол Улсад дутагдаж буй нэг зүйл хөрөнгө санхүүжилт. Гэтэл хувийн хэвшлүүдэд томоохон төслийг хэрэгжүүлэхэд их хэмжээний эх үүсвэр хэрэгтэй. Манай арилжааны банкууд бага хэмжээний зээл өгч, энэ нь томоохон төслүүдийг санхүүжүүлж чадахгүй байна. “Оюу толгой”, “Таван толгой”, “Монполимент” цементийн үйлдвэр зэрэг гаднаас зээл аван үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Ийм төслийг хурдан шуурхай зардал багатайгаар явуулахад бага хүүтэй, тухайн төслийн үйл ажиллагаанд нийцсэн өөр төрлийн зээлүүд хэрэгтэй.
Үйлдвэр байгуулахад ганцхан арилжааны зээлээр хэрэгжихгүй. Төслийн менежмэнт гэдэг төслийн зээлээр томоохон төслүүд хэрэгждэг. Тус төсөл нь арав гаруй жил үргэлжилдэг, энэ хугацаанд төслөө сэргээж, хөл дээр нь зогсоохын тулд зээлийн үндсэн өрөө төлдөггүй, зөвхөн хүүгээ төлж үйл ажиллагаа нь жигдэрсэн үед үндсэн өрөө төлдөг зээл. Ийм зээлийг манай банкууд олгож чадахгүй. Эдийн засгийг шинэ тавцанд гаргахад хамгийн их дутагдаж буй зүйл нь энэ эх үүсвэр юм.
Олон улсын түвшинд хөрөнгө санхүүжилтийн эх үүсвэр нь олон өнгийн будаг шиг маш олон төрөл, хэлбэрүүдтэй байдаг. Тэр олон өнгийн нэг нь гадаадын банкууд. Тэгэхээр бид цаашид эдийн засгаа тэлье гэвэл, тоомохоон төслүүдийг амжилтттай хэрэгжүүлье гэвэл (зарим талаар гадаадын хөрөнгө оруулалттай банкнаас болгоомжилж буй зүйл байгаа хэдий ч, зүй зохистой эрх зүйн орчныг нь бүрдүүлэх замаар) гадаадын хөрөнгө оруулалттай банк, санхүүгийн байгууллагыг оруулж ирэх ёстой. Болж буй чиглэлүүдээр бид эдгээр банк санхүүгийн байгууллагуудаас олон талын хөрөнгө санхүүжилтыг татах хэрэгтэй.
Өнөөдрийн хэлэлцүүлгийг сонсоход худалдаа, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн чиглэлээр Япон улстай маш шуурхай өргөн хүрээнд харилцаагаа өргөжүүлэх шаардлага байна. Үүнийг төрийн бодлогод тусгах ёстой юм. Бидний дутагдалтай нэг тал нэг бодлого гарган замд нь ухарч, түр мартан орхидог. Ялангуяа Япон улсын зүгээс тавьдаг шаардлага бол тууштай урт хугацаанд хэрэгжүүлдэг. Бусад улсынх шиг 3-5 жилийн хооронд үргэлжилдэггүй.
Тэгэхээр энэ шиг зах зээлийн эдийн засагт харьцангуй сураагүй, гадаад зах зээлд гарч чадаагүй манайх шиг улсад тогтвортой төслүүд маш чухал. Зүгээр мөнгөөр байшин бариад орхичихдоггүй, тэнд ажиллах боловсон хүчин эмч, багш нарыг сургаж өгч буй маш давуу талтай төсөл. Тэгэхээр өмнө хэрэгжүүлж буй төслүүдийн үр дүнг дүгнэж, ямар үр ашиг хүртэв, үүнийг дараагийн хоёр, гуравдугаар шат хүртэл хэрхэн тэлж болох вэ гээд явбал асар их боломж байна.