Categories
мэдээ нийгэм

Хөшигийн хөндийд жимсний мод суулгав DNN.mn

Авлигатай тэмцэх газрын албан хаагчид Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороон дахь Хөшигийн хөндийд 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр мод тарив.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжигч байгууллагын хувьд Авлигатай тэмцэх газар 2022 оны 5 дугаар сард Хөшигийн хөндийд үүсгэн байгуулсан өөрийн байгууллагын нэрэмжит ногоон төгөлд хайлаас, улиас, шар хуайс зэрэг төрлийн 400 ширхэг мод суулгасан бөгөөд уг тарьсан модны ургалт, арчлалтад анхаарч, ургах найдваргүй болсон 4 суулгацыг шинээр сольж, энэ намар нэмж 54 ширхэг жимсний мод суулгалаа.

Авлигатай тэмцэх газрын хамт олон 2014 оны 5 дугаар сараас эхлэн “Бүх нийтийн мод тарих өдөр”-өөр жил бүр тогтмол мод, бут тарьдаг бөгөөд зөвхөн тариад орхих бус арчилгаа усалгаанд байнга анхаарч хариуцагч байгууллагатай хамтран ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дээд шүүх УОК-ын тусгаарлалтын шийдвэрийг хэлэлцэнэ DNN.mn

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд маргааш буюу аравдугаар сарын 10-нд Б.Баялагмаагийн нэхэмжлэлтэй, Улсын онцгой комисст холбогдох, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 12 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор хэлэлцэхээр болжээ.

Улсын онцгой комиссын тусгаарлалтын хоногийг 21 хоног болгож сунгасан шийдвэрийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг өмгөөллийн “Фиделитас Партнерс” ХХН-ийн гишүүн өмгөөлөгч Эргэн сануулахад, Б.Баялагмаа иргэний хувиар нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргаж байсан юм. Тус нэхэмжлэлийг Давж заалдах шатны шүүх хэлэлцээд нэхэмжлэхийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм.

Иймд Улсын дээд шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргасан юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 10 гаруй төрлийн мод тарьж байна DNN.mn

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд намрын “Бүх нийтээр мод тарих” үйл ажиллагааг энэ амралтын өдрүүдэд буюу аравдугаар сарын 8, 9-нд зохион байгуулж байна.

Нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувийг дангаараа бүрдүүлдэг тус цэцэрлэгт хүрээлэн нь 2022 онд 20 мянган модыг цэцэрлэгжүүлэлтийн хэлбэрээр, 100 мянган модыг Туул голын эргийн хамгаалалтад ойжуулалтын хэлбэрээр тарихаар төлөвлөсөн.

Хаврын бүх нийтээр мод тарих өдрүүдэд 10 мянган мод тарьсан бол энэ намар 110 мянган модыг 50 гаруй байгууллага, 3,000 гаруй иргэнтэй хамтран тарьж байгааг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-аас мэдээллээ.

Намрын мод тарилтаар бор голт, монос, тэхийн шээг, өрөл, гүйлс, буйлс, үхрийн нүд, агч, хайлаас, шар хуайс, долоогоно, улиас зэрэг 10 гаруй төрлийн мод тарьж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Экспорт, импортын хэмжээ нэмэгджээ DNN.mn

Экспорт импортын хэмжээ нэмэгдсээр байна. Гаалийн ерөнхий газрын мэдээгээр 2022 оны эхний есдүгээр сарын байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлт 15276.1 сая ам.доллар болж өсчээ. Энэ нь 2021 оны мөн үеэс 3744.7 сая ам.доллар буюу 32.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Экспортын хэмжээ ч нэмэгдэж импортын дүнгээс 2563.2 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс ч эерэг гарчээ.

Нийт экспортын барааны 50 хувийг нүүрсний экспорт, 24.4 хувийг зэсийн баяжмалын экспорт эзэлсэн байна. Оны эхний есөн сарын байдлаар 19 сая тонн нүүрс экспортолсон бол зэсийн баяжмалын экспорт ч өнгөрсөн хоёр жилийн мөн үеэс өсчээ. Оны эхний есөн сард нийт 1.1 сая тонн зэсийн баяжмал экспортод гаргасан байна.

No description available.

Харин мал махны экспорт өнгөрсөн оны мөн үеэс буурч 4 мянган тоннд хүрсэн бол алт 12,9 мянган тоннд хүрч өнгөрсөн оны мөн үеэс 63,4 хувиар, ямааны самнасан ноолуур 5,9 мянган тоннд хүрч өнгөрсөн оны мөн үеэс 34,7 хувиар тус тус өссөн байна.

Импортын хувьд автобензин 483,5 мянган тонн болж өнгөрсөн оны мөн үеэс 33,6 хувиар өссөн бол дизель түлш 698,3 мянган тонн болж 5,4 хувиар буурсан байна. Харин импортоор орж ирж байгаа суудлын автомашины тоо 51700 ширхэг болж өнгөрсөн оны мөн үеэс 24,6 хувиар өссөн бол ачааны автомашины импортын хэмжээ буурчээ.

No description available.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

НӨАТ-ын сугалааны тохирол ирэх лхагва гаригт явагдана DNN.mn

Ebarimt сугалааны тохирол энэ сарын 12-нд буюу ирэх лхагва гаригт явагдана. Энэ оны есдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа уншуулж аравдугаар сарын сугалааны шууд тохиролд идэвхтэй хамрагдаарай.

НӨАТ-ын сугалааг аравдугаар сарын 1-нээс шинэчилсэн байдлаар явуулахаар болсон билээ.

Categories
гадаад мэдээ

В.Путин Крымийн гүүрний хамгаалалтыг чангатгах захирамжид гарын үсэг зуржээ DNN.mn

Крымийн хойгийг ОХУ-ын эх газартай холбодог авто болон төмөр замын гүүр өчигдөр болсон дэлбэрэлтийн улмаас гэмтээд байгаа.

Тэгвэл ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ явдлын дараа Крымийн гүүр болон Крым рүү эрчим хүч дамжуулах шугам, хий дамжуулах хоолойн харуул хамгаалалтыг чангатгах захирамж гаргажээ.

Крымийн дэд бүтцийн аюулгүй байдлыг хангах ажлыг Оросын Холбооны Аюулаас Хамгаалах Албанд даалгасан байна.

Бямба гарагийн орой гүүрний авто замын хэсгийн нэг урсгалыг суудлын автомашин, автобуснуудад нээжээ. Төмөр замаар галт тэрэг явуулах эхний туршилт амжилттай болсон ч хөдөлгөөнийг нээгээгүй байгааг бас мэдээлж байна.

Крымийн гүүрэнд гарсан ослын хэргийг шалгах ажлын хэсгийг ОХУ-ын засгийн газрын шадар сайд Марат Хуснуллин ахлахаар болжээ.

Эх сурвалж: ТАСС

Categories
мэдээ улс-төр

Ирэх долоо хоногт УИХ-ын байнгын болон түр хороод дараах асуудлыг хэлэлцэнэ DNN.mn

УИХ-ын байнгын болон дэд хороодын ирэх долоо хоногт /2022.10.10-10.13/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.


ДАВАА ГАРАГ /2022.10.10/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

· Хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын мэдээлэл сонсох /хаалттай/

09.00

“Их засаг”


МЯГМАР ГАРАГ /2022.10.11/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

БАЙНГЫН, ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Нийгмийн бодлогын байнгын хороо

· “Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

· “Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” Байнгын хорооны 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 14 дүгээр тогтоолын хэрэгжилтийн тайланг сонсох

09.00

“Их Эзэн Чингис хаан”

2

Төсвийн байнгын хороо

· Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

3

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

· Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн хэрэгжилт, хар тамхины хэрэглээ, энэ төрлийн бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээлэл сонсох /хаалттай/

13.30

“Жанжин Д.Сүхбаатар”

4

Эдийн засгийн байнгын хороо

· Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг нарын 5 гишүүн 2021.06.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· “Хянан шалгах түр хорооны хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

15.00

“Их Эзэн Чингис хаан”


ЛХАГВА ГАРАГ /2022.10.12/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

БАЙНГЫН, ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Хууль зүйн байнгын хороо

· Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

· Байнгын хорооны тогтоолд өөрчлөлт оруулах тухай /Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

· Байнгын хорооны тогтоолд өөрчлөлт оруулах тухай /Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

09.00

“Их Эзэн Чингис хаан”

2

Түр хороо /Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих/

· “Түр хорооны даргыг сонгох тухай” асуудал

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

3

Хянан шалгах түр хороо /Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаар/

· Монгол Улсын Хөгжлийн банкнаас цаг үеийн асуудлаар хийх мэдээлэл сонсох

· Хянан шалгагч нарын ажлын явцын тайлан, мэдээлэл сонсох

· Бусад

13.30

“Жанжин Д.Сүхбаатар”

4

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

· Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Бусад

14.00

“Их Эзэн Чингис хаан”

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Боржигон найр DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС 2014 ОНЫ АРАВДУГААР САРД НИЙТЛЭГДСЭН “БОРЖИГОН НАЙР” НИЙТЛЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.


Хангайд цас орж аль хэдийнэ гандсан ч тал нутагт өвсөн сөл ногооноороо. Буурын ухаа, Малах, Тэрэгт зэрэг боржигоны их талд зунаараа, өвс нь ногооноороо хадлан хадмаар халиурна. Гэвч энэ нутгийнхан үеийн үед намартаа найрлана уу гэхээс хадлан өвс хадаж зовлогоо зовоодоггүй уламжлалтай юм. Боржигоны их тал нутагт ёстой нэг “Айраг найр хоёроо барж ядсан урт шар намар” болж байна. Манай боржигонуудын ууж идэх, найрлаж наадах нь хүртэл бусдаас ондоо хөгийн улс шүү. Халхын боржигон сум, боржигонууд гэж би хуучнаар Сэцэн хан аймгийн боржигон Цэц вангийн хошуу нутгийн үлдэгдэл хүмүүс буюу одоогийн Хэнтий аймгийн зүүн урд сумд, Төв аймгийн Баяндэлгэр, Баянжаргалан, Баян, Баянцагаан, Дундговь аймгийн Цагаан дэлгэр, Дэрэн зэрэг зүүн хойд талын сумд, Говьсүмбэр аймгийн уугуул иргэдийг “жинхэнэ боржигон” гэж хэлэх гээд байгаа юм.

Энэ л нутгийн уугуул иргэдийн найрлах, наадах, дуулах хуурдах, ярианы аялга нь хүртэл шал ондоо. Манайхан бол их шавийн хүмүүс. Гэвч Боржигонуудтай айл аймаг явж, хүүхдүүдтэй нь сургуульд хамт суралцаж, хүргэн бэр бололцож, цус аль хэдийнэ холилдож, хэн нь шавь, хэн нь боржигон гэдгээ одоо ялгахаа больжээ. Иргэний үнэмлэх дээр “овог” гэж нэг юм бөглөх болоход боржигонууд ч яахав бүгдээрээ “боржигон” овогт болчихсон. Харин боржигоныхонтой айл аймаг явсан манай, нутгийнхан сандарсан. Тэгээд л айл болгон нэг “овог” шүү юм олж зохиож иргэний үнэмлэхээ бөглөв. Овог гэдгийг ойлгоогүйгээс нэг л мэдэхэд монголчуудын 76 хувь нь боржигон овогт болсон гэж иргэний бүртгэлийнхэн мэдээлэв. Гэтэл сүүлийн үеийн эрдэмтэд боржигон гэдэг бол овгийн нэр биш. Зүгээр нутгийн нэр, хааны мал сүргийг адуулдаг, цэргийн унаа хөсөг, хүнс хоолыг базааж өгдөг иргэдийг боржигон гэдэг байжээ гэж онолдох нь тэр. Тэгээд Чингис “боржигон” овгийнх юм гэнэ лээ. Д.Нацагдорж боржигон овогтой байсан. Боржигон овог авчих юм бол Чингисийн ах дүү хамаатан болно гэж баахан “боржигон овогтон төрсөн нь” одоо яаж ч болохоо болиод байна.

Ганц манай нутагт ч биш монгол даяараа шахуу боржигон овог авч эцэг өвгөдөө гомдоожээ. Боржигон гэдэг бол овог биш их хаадын гар хөлийн үзүүрт зарагдаж, адуу малыг нь харж айраг цагааг нь дөхүүлж өгдөг “борчуудыг” боржигоныхон гэдэг юмсанжээ. Гэхдээ боржигоныхон ёс заншлаа дээдлэх, найрлах, дуулах, эмээл хазаар, цагаан сарын боов нь хүртэл ондоо. Манай ээжийн хоёр эмэгтэй дүү нь гэхэд л хоёулаа боржигон хүнтэй гэр бүл болсон юм. Боржигонууд мэндлэхээсээ эхлээд, ярих аялгаараа танигдана. Сайн уу гэхийг боржигонууд “сай юу” гэнэ. Тэгсэн шүү дээ ингэсэн шүү дээ гэж хэлэхдээ “Тэгсэн шуу даа”, “Ингэсэн шуу даа” гэж ярих. Би багадаа ярианы аялгыг нь сонсоод боржигон хүмүүс гэж мэддэг байв. Одоо боржигонууд аялга нь ялгагдахааргүй “айхтар засарсан”. Гэхдээ л боржигон дуу боржигон найр нь одоогийн найрнаас өөр байдаг юм. Боржигонууд найр хийх ууж идэхдээ хүртэл их ёсорхуу.

Архи дарс алиа марзанд дуртай, залуу насанд боржигон найранд суултгүй, уйтгартай. Найрлах ёс заншилд нь уур, дургүй хоёр зэрэг хүрээд байдагсан. Одоо эргэн бодоход боржигонууд тун дэгтэй найрладаг байжээ. Боржигонууд гэрийн найр хийхдээ хамгийн чухал хүн бол, найрын дарга, найрын дууч, хуурч гурав. Найр хийхийн тулд найрыг даргалах хүнээ урина. Найрын дууч хуурчаа урина. Найрын даргаар уригдсан хүн сумын дарга болсон юм шиг бүх найрчдын уух идэх, гарч орох, тамхи татах, хоорондоо ярих, бөөлжих, морь харахыг хүртэл бүгдийг зохицуулна. Найрын даргад торгох, чөлөө өгөх, найр эхлүүлэх өндөрлүүлэх бүрэн эрхийг эдлүүлнэ. Боржигон найр ямар ч ардчилалгүй зөвхөн найрын даргын дарамт доор бохирон сууж найрлана. Найрын дууч гэж ус нутаг, аймаг хошуундаа алдартай нэг л уртын дуучийг, хуурчтай нь хамт найранд дуулуулах гэж зална. Гурван өдөр найрлалаа гэхэд зөвхөн тэр дуучин дуулна. Тэгэхдээ дандаа гүр дуу буюу төр ёсны дуунуудыг голдуу боржигон аяаар дуулна.

Найр хавтгайрлаа гэж дарга хэлээгүй байхад өөр хүнээр дуулуулахгүй. Богино дууг завхай дуу гэх ба боржигон найранд дуулуулахгүй. Одоогийн хотын найр шиг олуулаа бахиралдвал торгуулна. Найрчид найрын гэрт орж ирэхээсээ эхлээд дээлийнхээ энгэр заамыг жимбийтэл товчлоод, малгайгаа өмсөөд орно. Найрчид бүгд нэг хөлөө бохирч сууна. Завилж суух, тамхи татах, ярих, инээх, бүгд хориотой бүгд торгуультай. Найрын дууч нэг уртын дуу дуулаад дуусахад бүгдээрээ түрнэ. Дуу дуулж байхад ямарч хүн гэрт орж гарахгүй хуультай. Дуу дуусахад аяны дугараа гэж бүх хүнд том хул айраг ирнэ. Найранд цагаасаа хоцорч ирсэн зочид хэдэн дуу дуулсан байна дуу болгоны тоогоор “дугараа гүйцээн” айраг ууж найранд нийлнэ. Боржигон найранд хүүхэд залуучууд хатуу архины тухайд бол горьдолтгүй, “Хатуу цагаан архи бол” зөвхөн хөгшчүүдэд нүд шиг жоохон хундагаар хааяа нэг оногдож харагддагсан. Найр хийж байгаа айлд ах дүү нар нь ёс шиг хонины бүтэн ууц боов чанаж айлчлан ирнэ. Баянжаргалан сумын нэлээд бэлэрхүү найрласан боржигон найранд дээд тал нь 30-аад ууц ирлээ гэж ярьж байсан. Найранд чанаж ирсэн хонины махыг бүгдийг нь хуваагаад боов дээр мах тавиад найрчдад өвөртлүүлээд явуулна. Боржигон найрын бэлэг голдуу л халзан цагаан хонь өгнө. Бэлгийн хонийг дүүрч ирээд шинэ гэрт оруулж аманд нь өрөм зуулгаад хоттой хонинд нийлүүлж байгаа харагддаг сан. Боржигон найр гэж залуу насанд ийм л уйгартай найр байдагсан. Боржигонууд гэр барьж найр хийхийгээ бүүр төрийн ажилд тооцно. Сум, баг, бригадын дарга нь хүртэл найрыг албан ажил гэж үзнэ. Нэг айл гэр барилаа гэхэд 80 настай чавганц ч хана унины боолт, сагладарга томож найман настай балчир хүртэл хонь хургыг нь хариулж өгнө. Нутгийн айлууд гүүгээ найр хийх гэж байгаа айлд бариулна. Айрагны гэр гэх илүү гэрт цэдийсэн том хөхүүр эгнүүлэн дүүжилж суга ханзартал бүлүүлнэ. Найр хийх гэж байгаа айлын сургуулийн хүүхдэд хичээлээс чөлөө өгдөг нь сайхан. Ер нь сумын дарга, намын дарга, багийн дарга, сургуулийн захирал нар хуйвалдаж хийдэг ганц ажил бол намрын дунд сарын арван долоонд болдог гэрийн найр байдаг. Социализмын үед боржигон найрыг нүсэр болж байна гэж хичнээн хориод дийлээгүй юмдаг. Баянжаргалан сумын улсад гурав түрүүлж хоёр аман хүзүүдсэн хүрэн халзан азарганы эзэн Даваанэрэнгийн Санжаа гуай социализмын үед дуулиантай найр хийж билээ. Найр хийлээ гэж нэг нь аймагт матаж “Үнэн” сонин дээр бут авахуулав. Сумын дарга нар нь намаас хөөгдөж байв. Д.Санжаа гуай ардчилсан намын их хурал дээр “Одоо манай боржигоныхон найрлана, дуулна, хуурдана. Морио ч уралдуулна. Цагаан сараа ч хийнэ. Чингис хаанаа ч ярина. Энэ нэгдлийг чинь тараана. Нийгэмчилсэн малаа авна. Боржигоны их тал нутаг ардчиллын буянд сэрлээ” гэж хэлсэн нь одоо архивт байдаг юм. Боржигон гэдэг чинь ястан үндэстэн бол биш. Алтан ургийн хаадуудын адуу малыг маллаж, хүнс хоолыг бэлтгэж, халхын их талдаа гэр сахиж үлддэг тал нутгийнхныг “Боржигоныхон” гэж нэрлэдэг юм. Боржигоны их талд ёстой найрлаж баймаар урт сайхан намар болж байна. Энэ жилийн намрын дунд сарын арван долоонд манай нутагт дөрөв таван айл гэрийн найр хийх юм байна. Манай их шавийнхан ч яах вэ хүрээ маягаар бүгдээрээ хоороор дуулж идэж ууж дүрэмгүй найрлана. Манай голын нэг охин боржигоны их баян айлд бэр болон очиж найр хийх дуулдсан. Боржигон найр даргалчих ёс төр мэддэг хүн олддоггүй гэнэ. Одоо боржигон найр даргалчих хүн ховордсон. Харин сум даргалаад явах хүн олон байгаа. Боржигон аяар дуулчих дуучид хуурчид олон болсон нь бахархмаар. Тэднийх лав л долоо хоног найрлах юм гэнэ. Боржигоны их тал нутагт намрын дунд сарын арван долоон ирж хуурын аянд уртын дуу уянгалж, уруул чимчигнэсэн намрын айраг мэлтэлзэнэ.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар-2023” зүүн Азийн залуучуудын наадмын үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллана DNN.mn

Жил хүрэхгүй хугацааны дараа Улаанбаатар хотноо болох Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулах хорооноос спортын салбарын удирдлагуудад тус наадмын зохион байгуулалт, бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгч, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

Энэхүү уулзалтад Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан, нийслэлийн Засаг даргын орлогч, ЗБХ-ны Нийслэлийн дэд хорооны дарга З.Төмөртөмөө, “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын зохион байгуулах хороо ХК-ийн гүйцэтгэх захирал П.Буяндэлгэр болон албаны бусад хүмүүс байлцав.
Тамирчид, зочид төлөөлөгчдийг хаана байрлуулах, тэмцээн уралдаануудыг хаана хэрхэн явуулахаар төлөвлөж байгаа, наадмын уриа үг, лого, маскотыг хэрхэн сонгосон, нээлт, хаалтын ёслолын төлөвлөгөө, наадам зохион байгуулснаар Монгол Улсад орж ирэх эдийн засгийн өгөөж зэрэг олон чухал мэдээллийг зохион байгуулагч тал өглөө.
Сайд Б.Бат-Эрдэнэ төсөв мөнгөтэй холбоотой тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр анхаарал тавьж ажиллана гэдгээ энэ үеэр хэлэв.
Зүүн Азийн залуучуудын наадамд есөн орны 1500 гаруй тамирчин спортын 12 төрөлд өрсөлдөнө. Дасгалжуулагч, албаны хүмүүс, хэвлэл мэдээлэл зэргийг тооцвол 4500 гаруй хүн наадмын үеэр Монголд хүрэлцэн ирэх урьдчилсан тооцоо гараад байна.
Эх сурвалж: МҮОХ
Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгчийн нэрэмжит практик буудлагын тэмцээний аваргууд тодорлоо DNN.mn

Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, хууль сахиулах тусгайлсан чиг үүрэгтэй төрийн цэргийн болон цэрэгжсэн байгууллагуудын дунд жил бүр болдог Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит практик буудлагын тэмцээн Монголын практик буудлагын холбооны төв клубийн буудлагын талбайд хоёр өдөр үргэлжилж, шилдгүүдээ тодрууллаа. Онцгой байдлын ерөнхий газар, “Практик буудлагын холбоо” хамтран зохион байгуулсан тус тэмцээнд 13 байгууллагын 180 гаруй тамирчид, мэргэн буучид цэц мэргэнээ сорин өрсөлдсөн юм. Тэмцээний хаалтын ажиллагаанд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр оролцож энэ удаагийн практик буудлагын тэмцээн нь зохион байгуулалтын хувьд маш сайн болсон төдийгүй оролцогч байгууллагуудын хамтын ажиллагаа, тамирчдын ур чадварыг дээшлүүлэхэд өндөр ач холбогдолтой тэмцээн боллоо гэж онцоллоо.

Ингээд тэмцээний дүн гарахад Карабины опен ангилалд нэгдүгээр байрт Хил хамгаалах ерөнхий газрын тамирчин Б.Соронзонболд, дэд байрт Онцгой байдлын ерөнхий газрын тамирчин Б.Дэлгэрсайхан, гутгаар байрт Тагнуулын ерөнхий газрын тамирчин Э.Үнэнхүү, Карабины стандарт ангилалд нэгдүгээр байрт Цагдаагийн ерөнхий газрын тамирчин Ж.Баттулга, дэд байр мөн ЦЕГ-ын тамирчин О.Баттөгс, гутгаар байр Төрийн тусгай хамгаалалтын газрын тамирчин Б.Жагдаг, Гар бууны сумтай автомат ГСК эрэгтэй төрөлд нэгдүгээр байрт Төрийн тусгай хамгаалалтын газрын тамирчин А.Лхагвасүрэн, дэд байрт Цагдаагийн ерөнхий газрын тамирчин Ш.Ариунбаяр, гутгаар байрт Зэвсэгт хүчний жанжин штабын тамирчин Л.Пүрэвсүрэн,

Монголын практик буудлагын холбооны төв клубийн буудлагын талбайд зохион байгуулагдсан тус тэмцээн нь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдын хурд, хүч, авхаалж самбаа, цэц мэргэнийг сорихоос гадна тэдний ур чадварыг дээшлүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, буудлагын тамирчдын залуу халааг бэлтгэж цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлсэн ач холбогдол өндөртэй тэмцээн болж өнгөрлөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.