Categories
мэдээ нийгэм

Өмгөөлөгч Б.Баасанцогтод 4 жилийн хорих ял оноожээ DNN.mn

Өмгөөлөгч Б.Баасанцогт нарын нэр бүхий дөрвөн яллагдагчид холбогдох хэргийн шүүх хурал болж, шүүхээс өмгөөлөгчид Б.Баасанцогтод 4.4 жилийн хорих ял оноожээ. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн хоёр дахь хэсэг /Биеэ үнэлэхийг зохион байгуулах/ мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/ зүйл ангиар буруутган ийнхүү яллажээ.

Categories
мэдээ цаг-үе

Байгаль нуур орчимд болсон газар хөдлөлт Улаанбаатарт мэдрэгдлээ DNN.mn

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын нутаг дэвсгэр Байгал нуур орчимд өнөөдөр буюу аравдугаар сарын 14-ний 08:53 цагт 6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.

Газар хөдлөлт Монгол Улсын хилээс 140 километр зайтай болсон байна.

Газар хөдлөлтийн чичирхийлэл Дархан, Төв, Орхон, Сэлэнгэ, Улаанбаатар хотод мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Иргэд та бүхэнд өөрийгөө болоод бусдыг газар хөдлөлтийн аюулаас хамгаалах зөвлөмжийг хүргэж байна.

  • Хүчтэй чичиргээ ихэнхдээ нэг минут орчим үргэлжилдэг тул бат бөх ширээн дор орж, толгойгоо хамгаалах хэрэгтэй. Ийм ширээ байхгүй бол жин, овор ихтэй тавилга болон цонхноос аль болох хол зайтай ханан талд очиж суух хэрэгтэй.
  • Цахилгаан болон хийн зуухыг салгах. Гал гарсан тохиолдолд нэн даруй унтраах хэрэгтэй.
  • Орчин тойрныг ажиглаж, тайван байх хэрэгтэй. Цахилгаан шат ашиглахыг хориглоно.
  • Хаалган дор зогсоход аюул багатайгаас гадна гадагш гарахад тустай.
  • Хэрвээ гудамжинд явж байхад тань газар хөдлөлт болбол барилгын тоосго, мод, цонхны шил, гэрэлтүүлгийн болон зар сурталчилгааны багана, самбар зэрэг гэмтээж болох зүйлээс хол байж, нээлттэй, задгай талбай олж зогсох хэрэгтэй.
  • Дэлгүүр, зах, үзвэр, үйлчилгээний газар зэрэг олон хүнтэй орчинд хүмүүс сандралд орж үймээн, шуугиан үүсдэг. Иймд тайван байж, сандарч тэвдэхгүйгээр тухайн байгууллагын ажилтны заавар зөвлөгөөг дагах хэрэгтэй.
  • Автомашинаар зорчиж яваа тохиолдолд нэн даруй зогсож радиогоор өгөх мэдээллийг сонсох хэрэгтэй. Нүхэн гарцын дор, өндөр барилгын хажууд зогсож болохгүй.
  • Хэрэв гол, устай газрын ойролцоо байдаг бол нэн яаралтай өндөрлөг газар очих хэрэгтэй.
  • Аль болох бага эд зүйлс биедээ авч, явганаар шилжин байрлах. Автомашинаар зорчих нь замын түгжрэлд орохоос гадна аврах ажиллагаа явуулахад саад болж болзошгүй.
  • Гамшгийн үед хүмүүс цуу ярианд автах, төөрөлдөх явдал их байдаг тул нутгийн захиргааны болон онцгой байдал, цагдаа, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй бодит мэдээлэлд анхаарлаа хандуулах хэрэгтэй.
Categories
мэдээ цаг-үе

ЭМД-ын сангаас нүдний болор солиулах мэс засалд 2.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгов DNN.mn

ЭМД-ын хөнгөлөлтөөр 1226 даатгуулагч нүдний болор солиулах мэс засал  хийлгэжээ

МДҮЗ-ийн 2022 оны 01-р тогтоолын хүрээнд болор солиулах мэс заслын тусламж, үйлчилгээний төлбөрийн 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлөх бол үлдсэн 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлөхөөр зохицуулсан.

Улмаар болор солих мэс засалд ашиглагдах багаж хэрэгсэл, хагалгааны хүндрэлээс хамаарч ЭМД-ын сангаас 552.000 – 1.320.000 төгрөг, хос эрхтэнд мэс засал хийхэд 883.200-2.112.000 төгрөгөөр санхүүжүүлэхээр зохицуулсан.

Дээрх төлбөрт мэс заслын тусламж, үйлчилгээний зардлын бүтээгдэхүүнд нийт эмчилгээ /мэс засал, мэдээгүйжүүлэг, сэрээх үйл ажиллагаа, эрчимт эмчилгээ/-ий хугацаанд хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгсэл, цус, цусан бүтээгдэхүүн, мэс заслын тусламж, үйлчилгээг үзүүлэхэд хэрэглэгдсэн бүх төрлийн мэс заслын хэрэгсэл, протез, ортопед /өндөр өртөг бүхий болон бусад/, мэс заслын багийн зардал, эмчийн үзлэг, бүх төрлийн оношилгоо шинжилгээ, уламжлалт анагаах ухаан, сэргээн засах, сувилахуйн тусламж, үйлчилгээ, хоолны зардал болон холбогдох бусад зардал бүгд багтана.

ЭМДҮЗ-ийн 01-р тогтоол хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш нэг нүдний болор солиулах мэс засалд 1172, хос эрхтэнд буюу 2 нүдний болор солиулах мэс заслын тусламж үйлчилгээ авсан 54, нийт 1226 даатгуулагч ЭМД-ын хөнгөлөлт эдэлж амьдралын чанараа дээшлүүлжээ. Эдгээр даатгуулагчдад үзүүлсэн тусламж, үйлчилгээний төлбөрт ЭМД-ын сангаас 2.5 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг эрүүл мэндийн байгууллагуудад олгоод байна.

Categories
мэдээ цаг-үе

Богд хааны ордон музейг гэр бүлээрээ үзвэл 50-75 хувь хөнгөлнөDNN.mn

Богд хааны ордон музейн онцлох 10 үзмэр | Zaag.MN

Богд хааны ордон музейд өнөөдөр (2022.10.13) “Хааны ордны намар-2022” музейн нээлттэй өдөрлөгийн нээлт боллоо. Музей үзэх тасалбарын үнийг нэг гэр бүлд 50-75 хувь хөнгөлөх аж. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үнэ төлбөргүй үзэх ажээ. Мөн насанд хүрсэн хоёр үзэгч бүрийн нэг нь үнэгүй буюу 50 хувь хөнгөлөлттэй үзэх боломжтой юм байна.

Нээлттэй өдөрлөг аравдугаар сарын 13-наас 16-ны өдрүүдэд болох бөгөөд уртын дуучин Б.Батцэцэглэн ая дуугаа өргөж, ШШГЕГ-ын дэргэдэх “Соёмбо” чуулгын бүжигчид бүжиглэв. Чуулгын бүжиг дэглээч М.Мөнгөнцэцэг “Монгол тойрон бүжиг” үндсэн хөдөлгөөн зааж, хамт бүжиглэнэ.

Тогооч Г.Тэнгисийн хоолны нэвтрүүлгийн бичлэг, “Хаан ордны зоог” асарт гал тогоо хоолны үдлэгт мастер тогооч Ж.Отгонпүрэв оролцож, “Зоог барих уламжлал”-ын тухай танилцуулга хийж байна.

Categories
мэдээ нийгэм

22-ын товчоон дээр нас барсан иргэний хүү О.Гантулга: Ээж минь эмнэлгийн анхан шатны тусламж авч чадалгүй шөнөжин тарчилсаар өглөө 07:00 цагийн үед амьсгал хураасан DNN.mn

-Анхны задлан шинжлэх дүгнэлтээр “Хэрвээ анхны тусламж цаг алдалгүй авсан бол амь насыг нь аврах боломжтой байсан” гэж гарсан-


Ковидын хөл хорионы үеэр буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр Архангай аймгаас Улаанбаатар хотыг зорин ирсэн эмэгтэй 22-ын товчоон дээр шинжилгээний бичиг байхгүйн улмаас нэвтэрч чадалгүй нас барсан харамсмаар хэрэг гарсан. Тухайн иргэний хүү О.Гантулгатай ярилцлаа.


-Тухайн үед яг юу болсон юм бэ?

-Манай ээж Архангай руу ажлаар явчихаад буцаж явсан. Хот руу нэлээд дөхчихсөн үед бие нь гэнэт муудсан юм билээ. Хот руу нэгэнт дөхсөн юм чинь гайгүй байх, очоод эмнэлэг бараадаад эмчлүүлчих байх гэж найдсан. Хэвлий хавиар нь гэнэт өвдөөд эхэлсэн юм билээ. Тэгээд хот руу ирэхэд 22-ын товчооны постоор оруулаагүй. Тухайн үед ковидийн ид синдром эхэлчихсэн байсан шүү дээ. Сүржигнээд байсан л болохоос дотооддоо ковид илрээгүй байсан. Хий сүржигнэж байсан үе. 2020 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн 22:00 цагийн үед 22-ын товчоон дээр ирсэн байдаг. Тэгээд постоор оруулахгүй юм чинь гээд түргэн дуусан чинь ирээгүй. Өчнөөн дуудсан гэсэн. Гэтэл түргэнийхэн юу хэлсэн бэ гэхээр “Наана чинь анхны тусламж үзүүлэх эмч байгаа. Үүргээ гүйцэтгэж байх ёстой эмч бий” гээд ирээгүй. Тэр эмч тэнд яах гэж байгаа юм бэ. Болзошгүй тохиолдолд анхны тусламж үзүүлэх л гэж байгаа биз дээ.

Ээжийн тань биеийн байдал яг тэр үед ямархуу байсан юм бол?

-Манай ээж хөөрхий маш их өвдөж үнэхээр тарчилсан байхгүй юу. Үнэхээр өрөвдмөөр байдалтай байсан. Хамт байсан хүмүүс нь одоог хүртэл гэрчлээд өгье гээд холбогддог. Тэсэхийн аргагүй өвдөөд манай ээж өөрөө санаа зовсон юм шиг байна лээ. Хүний машинд такси маягийн унаатай яваа шүү дээ. Түүнээсээ санаа зовоод хүнд төвөг удчих вий, яачих вий, ийчих вий гээд их л тэссэн байх. Тэгэхэд бараг л тэр машинаас нь буулгахгүй байсаар алчихсан юм биш үү.

-Тэгээд тэнд байсан эмч нь тусламж үзүүлсэн юм уу?

-Түргэн дуудаад ирэхгүй. Наана чинь эмч байгаа гээд. Пост дээр байх ёстой эмч нь нэлээд удаж байж ирсэн юм билээ. Би цагийг нь одоо тодорхой санахгүй байна. Бичиж тэмдэглэсэн, хадгалсан баримтууд байгаа. Ямар ч байсан маш удаж байж ирсэн. Тухайн үед н.Пүрэвбаяр гэдэг эмч үүрэг гүйцэтгэж байсан юм билээ. Одоо тэр эмч инээд алдаад ажлаа хийгээд явж байгаа байх даа. Жолооч нь хэлдэг юм. Ээжийг маань үзэхдээ судсыг нь л барьсан. Тэр эмчийн ганц хийсэн зүйл нь. Судас барьж үзчихээд гараад явчихсан. Жолооч нь араас нь гүйж гараад “Энэ хүний бие маш эвгүй байна шүү дээ. Та нар ядаж өвчин намдаах эм өгөхгүй юм уу” гээд гараад аминчилж уулзсан байна лээ. Жолооч өөрөө гэрчилдэг. Гэтэл жолоочид нь “Наадах чинь үхэл хагацалд хүргэх өвчин биш байна” гэж хэлчихээд яваад өгсөн байдаг.

Миний ганц гомдоод байгаа юм тэгж их өвдөлт мэдэрч байгаа хүнд ганц ширхэг өвчин намдаах эм өгчихөж болох байсан шүү дээ.

Тэгээд миний ээж шөнөжин тарчилж байгаад өглөө 07:00 цагийн үед амьсгал хураасан байдаг.

-Тухайн үед Цагдаагийн байгууллагаас мэдэгдэл хийж хэрэг үүсгэсэн байдаг. Хэрэг ямар шатандаа яваа вэ?

-Тусгай мэдлэг бүхий 4-5 шинжээч томилогдоод хэргийн материалтай нэг нэгээрээ танилцаад тэгээд бөөндөө нэгдсэн нэг дүгнэлт гаргадаг юм байна. Тэр дүгнэлт дээр үндэслэн цаашдаа шүүх хурал энэ тэр хийдэг юм байна. Тэр нь бүр инээдтэй.

Анхны дүгнэлт нь бүр нэг жилийн дараа гарч байгаа юм. Анхны задлан шинжлэх дүгнэлтээр “Хэрвээ анхны тусламж цаг алдалгүй авсан бол амь насыг нь аврах боломжтой байсан” гэж гарсан.

Тусгай мэдлэг бүхий шинжээч нар гэдэг нь цаашдаа хэргийн үйл явцыг л үргэлжлүүлдэг юм шиг байна лээ. Би хуулийн хүн биш болохоор сайн мэдэхгүй байна. Нөгөөх дүгнэлт нь нэг жилийн дараа өчнөөн хүлээлгэж гарахдаа илтэд худлаа гарсан. Тэнд өчнөөн гэрч байсан. Ямар нь тэгж худлаа мэдүүлэг өгснийг би сайн мэдэхгүй. Эмч судас барьж үзсэн гээд байгаа. Түүнийгээ анхны тусламж үзүүлсэн болгож яриад байгаа. Хэддүгээр зуунд яаж оношлоод байгаа юм бэ. Үнэхээр тэгж оношилж болдог юм бол яагаад буруу оношилчихдог юм. Би хувьдаа нойр булчирхайн цочмог юм болчихов уу даа л гэж бодоод байгаа. Шүүх шинжилгээний дүгнэлт болохоор дотуур цус алдалт энэ тэр гэсэн юм гарсан байна лээ.

-Тусгай мэдлэг бүхий шинжээч нар нь хаанаас томилогдсон юм бэ. Тухайн дүгнэлттэй санал нийлэхгүй байгаагаа хэлсэн үү?

-Эрүүл мэндийн яам, прокурор, яаралтай түргэн тусламж өөр хаанаас ч гэлээ 4-5 шинжээч нар томилогддог юм байна. Би ганц зүйлийг гайхдаг. Тэр олон шинжээч нар одоог хүртэл яагаад ажлаа хийхгүй байгаа юм бэ. Би Хууль зүйн яаманд өргөдөл гаргаж өгсөн. Энэ хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү. Энд миний ээжийн амь нас яригдаж байна гэсэн утга бүхий. Одоо хүртэл шийдэгдээгүй л байна. Эхний шинжээчийн дүгнэлт, түүний хариутай би санал нийлэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна гэж гарын үсэг зураад прокурорт өгсөн. Одоо би хоёр дахь шинжээчийн дүгнэлтийн хариуг хүлээж байна. Яг үнэнийг хэлэхэд, би өмгөөлөгч энэ тэр аваагүй. Зүгээр хуулийн зөвлөгөө аваад явж байна.

-Тухайн үед жолоочоос гадна хажууд нь хүн суугаад л явсан байлгүй. Тэдгээр хүмүүсийг дуудаж гэрчийн мэдүүлэг авсан байдаг юм болов уу?

-Хэрэг явдал гарсны дараа цагдаагаас нэг нэгээр нь дуудаж байцаалт авсан юм билээ. Манай дүү бид хоёроос хохирогчийн мэдүүлэг гэж авсан.

-Та хохирогчийн байр сууринаас тухайн хэргийн материалтай танилцсан байх. Гэрчүүдийн өгсөн мэдүүлэг яг үнэн байдаг уу?

-Хэргийн материалыг надад танилцуулаагүй. Тийм гэрч тэгж мэдүүлсэн энэ тэр гэж ер үзэж хараагүй.

-Яагаад хохирогчид хэргийг одоо хүртэл танилцуулахгүй байгаа юм бол. Хоёр жил боллоо шүү дээ?

-Одоо бол прокурор, мөрдөгч хоёр нь хоёулаа надад “Шинжээчийн дүгнэлтийг л хүлээгээд байна” ингэж л хэлдэг. Нэгхэн хүний хэрэг шүү дээ. Монголд өөр өчнөөн гэмт хэрэг гарч байгаа. Нэг хүний хэрэг дээр хоёр жил болоод байдаг. Тэгээд түүнд нь нөлөөлж болохгүй гээд байгаа юм. Надад хугацаа хэлдэггүй. Би маргаашнаас прокурорт өргөдөл гаргаж үзнэ. Хууль зүйн яам бол нэг их авч хэлэлцээгүй.

-Та мөрдөгч, прокурорт хэрэгтэй танилцах тухай хэлж байв уу?

-Үгүй. Энэ маш инээдтэй, өмгөөлөгч авъя гэхээр хохирогчийн талд өмгөөлөх хэцүү гээд өмгөөлөгч нар хулчийгаад байх юм билээ.

-Талийгаач ямар мэргэжилтэй хүн байв. Олонтой ямар харилцаатай хүн байсан бэ?

-Манай ээж Сэлэнгэ аймагт насаараа л бага ангийн багш хийсэн дээ. Сэлэнгэ аймгийн Хөтөлд хамгийн сүүлд багшилж байгаад тэтгэвэртээ гарсан. Олонд нэр хүндтэй. Шавиараа хүрээлэгдсэн хүн байсан. Насны хувьд тэтгэвэрт гараад удаагүй байсан.

-Тухайн үед Архангай руу ажлаар явсан гэсэн. Биеийн байдал нь хэр байсан бэ?

-Бид хоёр нэг хэсэг эмнэлгээр яваад эмнэлэгт хэвтээд гарч ирсэн байсан. Жаахан ядаргаа энэ тэрээс болоод. Тэгж байхдаа шинжилгээ өгөхөд суурь өвчин гарч ирээгүй.

-Архангайгаас гарахад бие нь зүгээр байсан уу?

-Зүв зүгээр гарсан. Гэнэт л тийм зүйл болчихсон. Манай хүүхэд тухайн үед Сэлэнгэ аймагт байсан. Хүүхдийнхээ төрсөн өдрөөр хүүтэйгээ ганц хоночихоод маргааш нь буцаад гаръя гэж байтал гэнэт хөл хорьчихож байгаа юм. Тэгээд би хот руу явж чадахгүй хөл хоригдоод байж байтал өглөө тийм таагүй дуудлага хүлээж авсан. Ээжийн чинь бие муу байна гэж хамт явж байсан эгч уйлаад залгасан. Тухайн үед ухаангүй болоод амь тавихын үед насилкаар дамжилж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх өрөөнд оруулсан юм байна лээ. Уг нь тэнд бүх зүйл нь бэлэн байсан юм билээ. Бүтэн шөнөжингөө оруулахгүй юу хийж байсан юм бэ.

Үнэхээр гомдмоор, тэгж байж нэг оруулаад эцсийн шатандаа очих мөчид, бараг нас барсных нь дараа нэг дусал залгасан байгаа юм. Тэрийгээ анхны тусламж гэж ярих гээд байгаа. Бүтэн шөнөжингөө юу хийж байсан юм бэ. Бүхэл бүтэн эрдэнэт хүний амь шүү дээ. Би хууль сайн мэдэхгүй ч гэсэн тэнд хүний амьд явах эрх, эрүүл мэндээ хамгаалуулах эрх зөрчигдчихлөө. Үндсэн хуулийн үндсэн заалтууд бүгд зөрчигдсөн байгаа биз дээ.

-Та Хүний эрхийн комисст хандаж үзсэн үү?

-Үзсэн. Хүний эрхийн комисст ч гомдолтой байгаа. Тийм комисс гэж байгаад ч яах юм бэ.

Хүний амьд явах эрх нь зөрчигдчихөөд байхад Хүний эрхийн комисс гэж сүржин нэртэй байгууллага юу ч хийгээгүй. Одоог хүртэл энэ байгууллага холбогдохгүй байгаа нь инээдтэй байна.

Би комисс руу залгаад уулзаач ээ гэхэд ёстой нэг сонин зүйл болсон. Ээжийн минь амь нас настай холбоотой хэрэг болохоор би орхиж чадахгүй. Хамгийн гол нь би шүүх хурал хүлээгээд байна. Шүүх хурал болох ёстой гэж бодож байна. Дээрээс нь нөлөөлөөд байдаг юм уу, ямар учиртай юм. Шүүх хурал хийхгүй байна. Эсвэл тэр шинжээч нар нь ажлаа хийхгүй байгаа юм уу.

-Та тэр үед Сэлэнгэ аймагт хөл хоригдчихсон байсан. Хугацаа алдалгүй ирж чадсан уу?

-Ээж минь нас барчихлаа гэхээр би яаралтай гарах хэрэг болж байна шүү дээ. Тэгэхэд харин Сэлэнгэ аймгийн Онцгой байдлынхан надад маш хурдан нэвтрэх бичиг хийж өгч тусалсан. Ямар ч саадгүй Улаанбаатар хот руу орж ирсэн. Би мэдэнгүүтээ тэр өглөөнөө шууд гараад л үдээс хойш хотод ирсэн.

-Ирээд юу болсон бэ. Таниулах үйл ажиллагаа хийгдсэн үү?

-Ирээд шууд моорг руу очсон. Тэр чинь бас мөнгө төгрөг төлдөг юм байна лээ. Тэр үед ухаан санаа дэн дун байсан. Залуухан ээжийгээ цочир алдана гэдэг хамгийн аймшигтай зүйл байдаг юм байна. Түүнээс өвчтэй байгаад олон сар эмчлүүлээд явсан бол сэтгэл санааны бэлтгэл суучихсан байгаа шүү дээ. Гэнэт ээжийгээ алдсандаа маш их гомдолтой байгаа.

Би юу хүсээд байгаа вэ гэвэл тэр буруу онош тавьсан эмчийн буруу эсэх дээр шүүх хурал болоосой л гэж хүсч байна. Хамтарсан шинжээч нар дүгнэлтээ үнэн зөв гаргаад өгөөч ээ. Түүнийх нь дагуу шүүх хурал болоод тэр эмчид хуулийн дагуу ямар арга хэмжээ авах ёстой юм тэр хариулагыг л тооцуулмаар байна. Хамгийн гол нь шүүх хурал болох ёстой. Миний ойлгож байгаагаар улайм цайм худлаа дүгнэлт гаргаж ирээд, худлаа гэрчийн мэдүүлэг энэ тэр тавингуутаа шүүх хуралгүйгээр дуусгах гээд байна. Замхруулах гээд байна. Миний ээжийн амь нас учраас би шүүх хурал л хүсч байна. Тэр шинжээч нар хэнд ч ойлгомжтой хэрэг байхад яагаад бүтэн жил тойрч дуншдаг юм бэ. Гайхаад байх юм.

-Эхний дүгнэлт нь жилийн дараа гарсан гэсэн. Яг дүгнэлт дээрээ юу гэсэн байдаг юм бэ?

-Тэр илт худлаа дүгнэлт. Тухайн үед хэрэг болсон процессыг бичээд постны эмч ирээд судас барьж үзсэн гээд байгаа шүү дээ. Тийм арга хэмжээ авч болно. Зөв маягийн юм бичсэн байдаг. Хүний бие маш муу. Хамт байгаа улсууд нь гүйж сандарч давхиад байхад яагаад тэр эмч хамгийн наад зах нь ганцхан ширхэг өвчин намдаах эм өгчихсөн бол (уйлав). Тэр өрөөндөө оруулаад тариа хийдэггүй юм аа гэхэд. Үхэх хүртэл тэр өвдөлт ямар аймшгийн өвдөлт байсан бол. Тэр хүйтэн машин дотор. Тэр өвлийн ид хүйтэнд маш их зовж шаналж байж үхсэн байхгүй юу. Одоо би үүнийг ярихад маш хэцүү байна. Тэр эмч надад маш муухай, маш муу хүн санагдаж байна. Эмч хүн, хүн ардынхаа төлөө тангараг өргөдөг биз дээ. Ажилгүй гудамжинд явж байсан ч хүн хэвтэж байвал заавал тусламж үзүүлэх тангарагтай хүн шүү дээ. Гэтэл тэр хүн үүргээ гүйцэтгэж байгаа постон дээрээ анхны тусламж үзүүлэхээс татгалзсан. Тэр хүнийг өмөөрөх ямар ч шалтгаан байхгүй. Судас барьж үзсэн. За яах вэ тэрийг нь авч үзэхээ больё. Сүрхий том аппарат тавиад үзсэн гэж бодъё. Үхэлд хүргэх өвчин биш гэж худлаа онош тавьсан байгаа биз дээ. Тухайн үед тусламж үзүүлэх бүх аппарат техник хэрэгсэл нь тэр постон дээр бэлэн байсан байгаа юм. Хэрвээ миний ээжид тэр л үедээ оруулаад дусал залгаад хэвтүүлчихсэн бол өнөөдөр амьд сэрүүн явж байх ёстой байсан. Тийм байтал тэр эмч ямар ч буруугүй юм шиг биднийг мартлаа шүү дээ.

-Тэр эмч та бүхэнтэй уулзсан уу?

-Юун уулзах, уучлалт гуйх байтугай одоог хүртэл зүв зүгээр ажлаа хийгээд явж байгаа. Биднээс албан ёсоор уучлалт гуйгаагүй. Бүхэл бүтэн хүний амь насаар тоглочихоод үнэхээр гомдолтой байна.

Categories
мэдээ цаг-үе

Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 229 сайтыг хязгаарлаж, 201 сая төгрөгийг битүүмжлэв DNN.mn

Мөрийтэй тоглоомын 43 сайтын хандах эрхийг хязгаарлаж мөрдөн шалгах  ажиллагаа явуулж байна ~ Toim.mn: Tодорхой тоймлоно

Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг нь сүүлийн жилүүдэд “цахим” орчинд ихэвчлэн үйлдэгдэж байгааг Цагдаагийн ерөнхий газраас анхааруулав.

Энэ төрлийн гэмт хэргийн онцлог нь их хэмжээний мөнгө эргэлддэг, хууль бусаар олсон орлогынхоо эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор бусдын дансаар дамжуулан санхүүгийн эргэлтэд оруулж байгаа нь давхар мөнгө угаах гэмт хэргийн шинжийг агуулдаг аж.

Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааны явцад цахим орчинд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан 229 сайтын үйл ажиллагааг зогсоож, мөрийтэй тоглоомын орлого 200.7 сая төгрөгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлажээ.

Мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэгт өнгөрсөн онд гэхэд нийт 189 хэргийг цагдаагийн байгууллага шалгаж, прокурорт шилжүүлсэн байна.

Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг ажиллахад 2022 оны эхний есөн сард улсын хэмжээнд цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах 78 гэмт хэрэг бүртгэгджээ.

Мөрийтэй тоглоом нь хүнийг хар тамхинаас илүүгээр донтуулдаг бөгөөд үүнээс шалтгаалж хохирогч нар нь эд хөрөнгө, хадгаламж, бэлэн мөнгөө алдах, орон байраа барьцаалах, цаашилбал өр зээлд орж, сэтгэл санаагаар унаж, амиа хорлох хүртэл хор уршиг дагуулдаг тул иргэдийг ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулахгүй байхыг анхаарууллаа.

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлах, 20 сая хүртэлх төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх хуулийн заалттайг сануулав.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Золжаргал: Манай намын гишүүд арай ч Засгийн газарт ортлоо тэгж үзэл бодол, үнэт зүйлээсээ урвахгүй байлгүй дээ DNN.mn


Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Сүүдрийн парламентын Нийгмийн бодлогын хорооны дарга Д.Золжаргалтай ярилцлаа.

Эрх баригч нам, УИХ-ын бодлого үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор танай нам Сүүдрийн парламент байгууллаа. Үүний утга учир нь юу вэ?

-Өнгөрсөн гуравдугаар сард манай намын шинэ дүрмийг Улсын Дээд шүүх бүртгэж авсан. Улмаар намын дүрэмд орсон өөрчлөлтийн дагуу УИХ-ын бүтэцтэй адил сүүдрийн парламент байгууллаа. Яг л УИХ-ын бүтцийн дагуу ажиллана. УИХ-ын Байнгын хороод орж ирсэн хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барьдаг шиг, УИХ-ын хаврын болоод намрын ээлжит чуулган хуралдуулдаг шиг л үйл ажиллагаа явуулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, УИХ-ын Байнгын хороод чиглэл чиглэлээрээ асуудлаа хэлэлцдэг шиг манай намын Үндэсний бодлогын хорооны чиглэл бодлогын хороод асуудлаа хэлэлцдэг дүрэмтэй болсон гэсэн үг. Үүний дагуу өчигдөр Үндэсний бодлогын хорооны намрын ээлжит чуулган эхэллээ. Дахиад хэлэхэд, манай намын Үндэсний бодлогын хороо УИХ шиг үйл ажиллагаа явуулна. Чиглэл бодлогын хороод нь УИХ-ын Байнгын хороод шиг үйл ажиллагаа явуулна л гэсэн үг. Нөгөөтэйгүүр манай намын дунд шатны дүрэмд ч адил өөрчлөлт орсон. Нийслэлийн, орон нутгийн ИТХ-ын үйл ажиллагаа шиг намын дунд шатны байгууллагууд адилхан ажиллах дүрэмтэй болсон.

Таны хувьд Нийгмийн бодлогын хороог ахалж байх шиг байна. Тэгэхээр УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны үйл ажиллагаатай адилхан ажиллана гэсэн үг үү?

-Яг тийм. Миний хувьд 20 гаруй жил нийгмийн хамгааллын салбарт ажилласан. Тиймээс энэ чиглэлд бодлогын хороог ахалж ажиллаж байна. Манай бодлогын хороо нь УИХ-ын Нийгмийн бодлогын хорооноос гаргаж байгаа бодлого, үйл ажиллагаанд хяналт тавих, болж байгааг нь дэмжих, болохгүй байгааг нь шүүмжлэх, санал гаргах, дүгнэх зэрэг ажлуудыг хийнэ. Тухайлбал, өнөөдөр хүүхдийн мөнгийг нийгмийн халамжид оруулна гэж ярьж байна.

Энэ нь зөв үү, буруу юу гэдгийг манай бодлогын хороо хэлэлцэж, гаргасан санал дүгнэлтээ тухайн Байнгын хороонд уламжилна, мөн шаардаж ажиллана. Нөгөөтэйгүүр Ардчилсан нам бол Үндэсний том нам. Тиймээс эдгээр асуудлуудыг дотооддоо хэлэлцэж байх нь зөв гэсэн үүднээс ийм дүрмийн өөрчлөлт оруулж өгсөн гэж ойлгож болох юм. Нэг үгээр хэлэхэд, өнөөдрийн УИХ-ын хэлэлцэж байгаа асуудлыг дотооддоо хэлэлцэж, үнэлэлт, дүгнэлт гаргаж ирнэ гэсэн үг. УИХ-аар төсөв хэлэлцэж байна, тийм үү. Тэгвэл манай намын Төсвийн бодлогын хороо ч гэсэн Төсвийг хэлэлцэнэ гэсэн үг.

-Байнгын хороодтой адилхан, УИХ-тай адилхан үйл ажиллагаа явуулна гэж байна. Та хэдийн хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэр, үнэлэлт, дүгнэлт бол эрх баригч намын үйл ажиллагаа цаашлаад УИХ-ын үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар нөлөө үзүүлэхгүй шүү дээ?

-Бидний гаргасан дүгнэлт, бодлого, шийдвэрийг хүлээж авах эсэх нь дараагийн асуудал. Бид батлагдсан намынхаа дүрмийн дагуу л ажиллаж байна. Нөгөөтэйгүүр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдээрээ дамжуулаад гаргасан шийдвэр, санал, бодлого, дүгнэлтээ УИХ-д танилцуулна. Өөрөөр хэлбэл, Үндэсний бодлогын хорооны санал дүгнэлт, чиглэл бодлогын хорооны санал дүгнэлтээ УИХ дахь гишүүдээрээ дамжуулж, УИХ-д оруулна гэсэн үг. Цаашид ч ингэж ажиллана.

-Сүүдрийн парламентад сайн ажилласан улстөрчдөө сонгуулиар дэмжих, цаашлаад олонх болж Засаг бүрдүүлэхэд чиглэл хороод ахалж байсан хүмүүсээ сайдад суулгах алсын бодлого барьж байна уу?

-Энэ асуудал мөн адил дараагийн бодлого, төлөвлөлт болов уу. Одоохондоо миний хэлж чадах ганц зүйл бол манай намын шинэчлэгдсэн дүрмээр дээрх үйл ажиллагаа, бодлогыг гарган ажил хэрэг болгож явуулж байгаа гэж харж байна. Өчигдөр Үндэсний бодлогын хороо намрын анхдугаар чуулганаа хийлээ. Үүнээс цаашлаад хаврын чуулган, бүр ээлжит бус чуулган зарлах зэрэг УИХ-ын үйл ажиллагаа, бүтцийн дагуу л ажиллана. Харин сонгуулиар дэвшүүлэх, сайд болох зэрэг нь дараагийн асуудал. Тодорхой хэлбэл, намын дараа дараагийн хурлуудаар шийдэгдэх асуудал гэж бодож байна.

-Та Үндэсний бодлогын хорооны гишүүн, мөн үү?

-Тийм ээ, би Архангай аймгаас сонгогдсон Үндэсний бодлогын хорооны гишүүн.

-С.Эрдэнэ даргатай АН-ын тамга, дүрэм, гэрчилгээ зэрэг албан бичиг баримтууд бүгд шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдсэн гэдгийг та мэдэж байгаа байлгүй?

-Тийм ээ, мэдэж байгаа.

-Үндэсний бодлогын хороо гэдэг бол танай намын эрх барих дээд байгууллага. Тиймээс одоо маргаантай байгаа намын удирдлагаа солих, намын даргын сунгааг явуулах эсэх нь танай хорооны эрх, үүрэг шүү дээ. Энэ ажлыг хэзээ хийж эхлэх вэ?

-Миний ойлгосноор даргын асуудал бол дүрмэндээ нээлттэй юм шиг байна лээ. Өмнө намын даргыг сонгохдоо дандаа сунгаа зарлаж тодруулдаг байсан. Одоо сунгаа зарлаж болно, эсвэл Үндэсний бодлогын хорооноос тодруулж болно. Мөн намын их хурлаар дарга, удирдлагуудаа сонгож болох боломжтой болсон. Ерөнхийдөө тухайн үеийн нөхцөл байдлаас л шалтгаалж дарга сонгох процессоо яаж явуулах уу гэдгээ тодорхойлно. Энэ нь дүрмэндээ нээлттэй. Хуучин дүрмэнд байсан шиг хатуу, зөвхөн сунгаагаар сонгоно гэсэн зүйл байхгүй гэж хувьдаа ойлгож байгаа. Тиймээс тун удахгүй шинэ даргын асуудал яригдах болов уу.

-Яг хэзээ ярих вэ, та Үндэсний бодлогын хорооны гишүүн шүү дээ. Үүнд тодорхой тайлбар өгөхгүй юү?

-Энэ асуудлыг намын их хурлаар л шийднэ. Намын их хурлаар Үндэсний бодлогын хороонд эрхийг нь шилжүүлэх, эсвэл сунгаа зарлах хоёр арга зам байгаа. Эсвэл намын их хурал даргын асуудлаа өөрөө шийдвэрлэх боломжтой.

-Намын их хурлаар шийднэ гэхээр одоо ээлжит бус их хурлаа зарлана гэсэн үг үү?

-Он гараад намын их хурал зарлагдах байх. Саяхан бас нэг хуралдсан. Одоо дүрэм журамд өөрчлөлт орсон, түүнийгээ батлаад он гаргаад хуралдах байх.

-Танай нам тал талдаа уулзалтууд хийж, нэгдье гэх акцыг идэвхтэй өрнүүлж байна. Ер нь удахгүй дотоод дахь асуудлаа шийдчих болов уу гэсэн итгэл төрж байна уу?

-Тал талдаа явж байхаар эвлэрч, нэгдсэн нь л дээр. Аймаг, орон нутагт манай нам хагарсан зүйл огт байхгүй. Дээд түвшиндээ энэ намын лидерүүдийг хоорондоо хурдан эвлэрээсэй л гээд харзанасан байдалтай л байна, үнэн дээ. Ер нь Ардчилсан намд ил тод янз бүрийн шүүмжлэл, маргаан гарч л байдаг. Гэхдээ энэ удаагийнх шиг ингэж доошоо ортлоо бид түүхэндээ маргалдаж, хагаралдаж үзээгүй. Одоо энэ асуудал бүр хэрээс хэтэрлээ. Цэг тавих цаг нь болсон л гэж ойлгож байгаа.

-Танай намын УИХ дахь гишүүд Засгийн газар руу орж ажиллах гээд эрх баригчдад тал засаж байна гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр их явах юм. Үнэхээр ийм зүйл байна уу. Хэрэв Засгийн газарт орж ажиллавал намын зүгээс ямар арга хэмжээ авах вэ?

-Ард түмний сонголт. Ард түмэн МАН-д итгэл хүлээлгэж 65, дараа нь 62 суудал өглөө. Тиймээс одоо Ардчилсан намыг Засагтаа оруулж ажиллуулна гэж урилга санал тавьж байгаа бол Ардын намын хувьд байж боломгүй үйлдэл. Миний хувьд Ардын намаас ч юм уу манай намаас Засагт орж ажиллая гэдэг зүйл хэн нь ч яриагүй болов уу. Ярих нь битгий хэл бодох ч үгүй яваа байх. Арай ч манай намын гишүүд Засгийн газарт ортлоо тэгж үзэл бодол, үнэт зүйлээсээ урвахгүй байлгүй дээ. Хэдий дотроо маргаантай байгаа ч сөрөг хүчин гэдэг утгаараа үйл ажиллагаа, бодлого зохицуулалтаа үргэлжлүүлээд л явах байлгүй. Гэхдээ хүний дотор орсон биш бид яаж мэдэх билээ. Эцсийн эцэст ард түмний сонголтыг л хүндэтгэх ёстой юм шүү дээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цагаан хулгана өдөр DNN.mn

Аргын тооллын аравдугаар сарын 14, Сугар гариг. Билгийн тооллын 20, чөлөөт эх одтой, цагаан хулгана өдөр. Өдрийн наран 7:10 цагт мандан, 18:07 цагт жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм дулаан байна DNN.mn


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 6-8 градус, бусад хэсгээр 2-4 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 10-15 градус, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 1-6 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчимоор 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 14-19 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Хангай хүүг дараагийн Хадбаатар, Цогтбаатар хүүг дараагийн Түвшинбаяр болгочих вий” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт 22-ын товчоон дээр нас барсан иргэний хүү
О.Гантулг “Ээж минь эмнэлгийн анхан
шатны тусламж авч чадалгүй шөнөжин
тарчилсаар өглөө 07:00 цагийн үед
амьсгал хураасан” гэснийг VII нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Ж.Батзандан баригдахаа
мэдээд Ерөнхийлөгчийг
шүүмжлэв үү, шүүмжилж
байгаад баригдав уу?

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Хангай хүүг дараагийн Хадбаатар, Цогтбаатар хүүг дараагийн Түвшинбаяр болгочих вий” хэмээн өгүүллээ.

Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар “Оросуудтай
ойлголцож, хамтарч
ажилласан тохиолдолд
төмөр зам дагасан автозам
барих боломжтой” хэмээв.

Томилолт “Ховд эко цемент” үйлдвэрийн чулуунцар
үйлдвэрлэх хэсэг ашиглалтад орлоо” XI нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Ардчилсан намын
Үндэсний бодлогын
хорооны гишүүн, Сүүдрийн
парламентын Нийгмийн
бодлогын хорооны
дарга Д.Золжаргал “Манай намын гишүүд арай ч
Засгийн газарт ортлоо тэгж үзэл бодол,
үнэт зүйлээсээ урвахгүй байлгүй дээ” гэв.

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Л.Банзрагч “Сэрэлт” киноны Пүрэвжавын дүрээр урлагийн амьдралын
анхны мөн чанарыг нээж, урлагтай амьдралаа холбосон” хэмээлээ.

Дэлхийн аварга Ц.Цогтбаатарын
багш Ш.Чинсанаа “Шавь минь
аваргыг ялж аварга боллоо” гэв.

Санхүүгийн зохицуулах
хорооны Виртуал
хөрөнгийн үйлчилгээ
үзүүлэгч хэлтсийн хянан
шалгагч Б.Батмөнх “Бидний судалгаагаар дотоодын
койн, токенууд нийт 970 орчим тэрбум
төгрөгийн хөрөнгө татсан” гэлээ.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ