Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Сүхбаатар: Оросуудтай ойлголцож, хамтарч ажилласан тохиолдолд төмөр зам дагасан автозам барих боломжтой DNN.mn

Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад хийж хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийлээ.

Тэрбээр танилцуулгадаа “Дэлхийн хотуудад түгжрэл үүсгэж байгаа хоёр шалтгаан байна. Нэгдүгээрт, хотын хүн ам, эдийн засгийн өсөлтөөс хамаарч түгжрэлийн индекс нэмэгддэг. Хоёрдугаарх нь, зохиомол түгжрэл. Энэ нь замбараагүй хот төлөвлөлт, хүн амын гэнэтийн шилжилт, бөөгнөрөл, төрийн цэгцтэй бодлогогүйгээс үүдэлтэй. Улаанбаатар хотод стандарт байхгүйгээс барилга байшин, хашаагаа янз бүрээр барьж байна. Зөв, буруу рультэй бүхий л машин замын хөдөлгөөнд оролцож байна. Бодит байдал дээр манай улсын нийт автомашины 65 хувь нь буруу талдаа жолооны хүрдтэй машин эзэлж байна. Гэтэл замын хөдөлгөөний дүрэмд зөв, буруу талдаа рультэй машиныг аль алиныг нь зөвшөөрчихсөн. Дэлхийн хотуудад аль нэгийг нь л зөвшөөрдөг. Манайд зохиомол түгжрэл үүсэн шалтгаан нь төрийн удирдлагын сул байдал, нийгмийн шилжилт, хүн амын хэт бөөгнөрөл, төрийн бодлогын асуудал, Улаанбаатар хотод хөрөнгө оруулалт сул байсантай холбоотой. Хот хариуцсан сайдын албан тушаалыг аваад Хотын дарга Д.Сумъяабазартай ярилцаж байхад хөрөнгө оруулалтад 20 тэрбум төгрөг төсөвлөсөн гэж байсан. Газар чөлөөлөлтөд гурван тэрбум төгрөг гэсэн. Гэтэл нэг дүүрэгт гурван тэрбум төгрөгөөс илүү дүнтэй мөнгөөр газар чөлөөлөлт хийж байгаа. Том хөрөнгө оруулалт Улаанбаатар хотод тавигддаг ч хэрэгждэггүй шалтгаан нь газар чөлөөлөлт шүү дээ. 2022 онд хөрөнгө төсөв тавигдаж, хуульчлагдсанаар газар чөлөөлтийн асуудал өөрчлөгдсөн. 2022 онд хотын хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж байна.

Бидэнд зохиомол түгжрэл үүсчихсэн болохоор иргэн бүрт өөрийн гэсэн нэг шийдэл байна. Түгжрэлийн цогц төлөвлөгөө танилцуулъя гээд маш олон хуудас төлөвлөгөө гаргачихсан иргэд надтай уулзаж байна. Жишээ нь, өчигдөр нэг математикийн багш нийтийн тээврийн маршрутын тооцооллыг хийчихсэн түүнийгээ надад танилцуулсан. Түгжрэлийг долоон үндсэн чиглэлд хуваагаад 204 автобус гол чиглэлээр явахад түгжрэл үүсгэхгүй явах боломж байна хэмээн танилцуулсан. Зохиомол түгжрэл байгаа учраас иргэн бүр өөр өөрийн өнцгөөс түгжрэлийн шийдлийг харж байна. Гэрийнх нь хажууд байгаа саадыг холдуулчихвал энэ хавийн түгжрэл арилна ч гэдэг юм уу, тэнд байгаа хувийн компанийн хашааг сэтлээд гарчихвал түгжрэл буурах нь, нийтийн тээврийн эргэлтийг ингэж шийдвэл түгжрэл буурна. Нарантуул зах, шүүх, цагдааг хотоос гаргачих, Засгийн газрыг Улаанбаатараас нүүлгэ. Газар доор зогсоол байгуул гэж байна. Түүнчлэн их сургуулиудыг Дархан, Өмнөговь зэрэг аймаг руу нүүлгэ зэргээр шийдлүүд хэлж байна. Бүгдийнх нь шийдэл амьдралтай сонсогдож байгаа юм. Иргэдийн хэлж байгаачлан төвлөрөл түгжрэл үүсгэж байгаа нь үнэн. Төвлөрлийг сааруулах бодлого ч дэлхий дахинд гарсан байна. Энэ бодлого бол захиргаа, эдийн засаг, улс орны хөгжлийн бодлоготой, хот хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийг хангах засаг захиргааны реформтой уялдаж хийгддэг. Манай улсад засаг захиргааны реформ гэдгийг засаг захиргааны хуваарийг шинэчлэх асуудлын хүрээнд ярьж байсан болохоос бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд шинэчлэлийг хийж чадаагүй. Эдийн засгийн амьдрах чадвартай мужлалаар аймаг, сумдыг бий болгоогүй учраас Улаанбаатарт төвлөрсөн хэвээр байгаа юм. Аж ахуйн нэгж байгууллагуудын 77 хувь нь Улаанбаатар хотод төвлөрч байна. Үүний 10 хувь нь хотын төвд төвлөрч байна. 18500 гаруй аж ахуйн нэгж байгууллага Их тойруу дотор үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс нүүлгэн шилжүүлэлт хийнэ. Захиргааны болон эдийн засгийн арга хэмжээ авна. Энэ хоёр аргыг ашиглахдаа хууль зүйн аргыг ч хэрэглэнэ. Одоогийн нөхцөлд түгжрэл дээр богино хугацаанд хэрэглэж байгаа арга нь захиргааны арга. Захиргааны арга хэмжээ гэдэг нь зохицуулалтыг хэлж байгаа юм.

Хүний амьдралын үй түмэн өөрийн зохицуулалт, сонирхлоор явдаг зүйл дээр захиргааны аргыг хэрэглэх гэхээр тэр олон хүний ажил, амьдралыг зохицуулах хэцүү. Жишээлбэл, их сургуулиудыг хотоос гаргана гэхэд тэнд багшилдаг багш нарын гэр бүл, үр хүүхдийн ажил амьдрал яах уу. Нэг хэсэг хүнийг нүүлгэх оролдлого нь нөгөө хэсэг хүний амьдралыг бүгдийг нь бусниулж байгаа хэрэг болчихож байгаа юм. Үүний үр дагавар нь сөрөг байх магадлал бий. Олон улсад төвлөрлийг сааруулах бодлого нь засаг захиргааны болон шинэтгэлийн бодлогоо зөв уялдуулсан байдаг.

Хот төлөвлөлт гэдэг бол Улаанбаатар хотын хөгжлийн төлөвлөгөө ямар байх, 2030 онд дүүрэг, хороод ямар болох вэ гэдэг төлөвлөгөө байх ёстой. Харамсалтай нь өнөөдөр ийм төлөвлөгөө батлуулж чадаагүй. Завсрын үеийн төлөвлөгөөгөөр явж байна. “Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2040” төлөвлөгөөг Засгийн газар, УИХ-д танилцуулж батлуулах ажил хийгдэж байна.

Төрийн байгууллагын байршлууд, үйлчилгээний тойргуудыг дагаж тэнд нь тухайн үйлчилгээний газрыг байгуулах ёстой. Түүнээс олдсон газар барьсан барилгууддаа нүүж орж болохгүй. Хот төлөвлөлт бол түгжрэлийн суурь яах аргагүй мөн. Гэхдээ хот төлөвлөлтөөс ажлаа эхэлнэ гэхэд хэцүү. Хотын түгжрэлийг бууруулахын тулд нэгдүгээрт үүнийг хийчихээд хоёрдугаарт түүнийг хийнэ гэсэн жагсаалтгүйгээр чухал ажлуудаа хамтад нь хэрэгжүүлэх хэрэгтэй.

Манайх шиг ийм түгжрэлтэй Улаанбаатар хотод нийтийн тээвэр зонхилох ёстой. Бага тойруу дотор нийтийн тээвэр ноёрхох ёстой. Их тойруу дотор нийтийн тээвэр давамгайлах ёстой. Хэрвээ энэ философийг мөрдөхгүй бол баахан давхар зам, метро зэрэг барьж одоогийн асуудлаа шийдэх гэж оролдох сонголт үлдэнэ.

Үндэсний хороо бодлогын чиг шугамаа гаргасан. Том малгай нь хот хөдөөгийн тэнцвэрт бодлого буюу макро түвшний улсын хөгжлийн бодлогын асуудлыг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаа анхаарах ёстой. Ойрын хугацаанд богино болон дунд хугацааны бодлогоо явуулна.

Нэгдүгээрт, Нийтийн тээврийн асуудал. Үүнийг ярихад автобуснаас гадна автобус бааз байгуулах асуудал үүсч байна. Дулаан гараж байрлуулах ёстой. цахилгаан автобус авлаа гэхэд цахилгаан цэнэглэгчтэй байх ёстой. Хажуугаар нь жолоочоо бэлтгэдэг байх хэрэгтэй байна. Автобус баазуудын стандарт нэг байх ёстой. Мөн маршрутын асуудал ч яригдана.

Хоёрдугаарх асуудал нь, хот төлөвлөлт. Улаанбаатар хот 2040 оны хэтийн төлөвлөгөөгөө батлуулж авах хэрэгтэй байна. Хүн бүр дор бүрнээ олон юм ярьдаг биш, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу шийддэг баймаар байгаа юм.

Гуравдугаарх нь, авто замын сүлжээний асуудал. Улаанбаатар хотод хатуу хучилттай замын нийт урт 1180 км байна. Үүний хамгийн гол зам нь 150 орчим км байна. Хатуу хучилттай болон шороон зам гээд Улаанбаатар дахь нийт замын урт 7000 км. Үүний 200-300 км идэвхтэй ашиглаж байна гэж байгаа юм. 2016-2020 онд 303 км зам барьсан байна. Үүний 29 км зам нь түгжрэлд ач холбогдолтой зам байна. Бусад нь сонгогчдын шаардлагаар ая тухтай байлгах чиглэлд зам барьжээ. Түгжрэлд ач холбогдолтой гол гол замууд дээр хийгдэх гүүрэн байгуулалт, замуудын холболтуудын мөнгө энэ жилийн нийслэлийн 420 тэрбум төгрөгт суух байсан ч санхүүжилт ээдрээтэй болчихсон. Манайх хөндлөн гол замуудтай. Ирэх жил хийгдэх зарим гол зам дээр холболт, гүүрэн байгууламж хийчихвэл 2024 онд замын нэвтрүүлэх чадвар эрс нэмэгдэнэ. Яармаг, Зайсан зэрэг түгжрэлийн хэд хэдэн гол цэгт таван гүүрэн байгууламж байгуулчихвал түгжрэлийн асуудалд өөрчлөлт орохуйц суурь нь тавигдсан.

Дөрөвдүгээрт, замын хөдөлгөөний зохион байгуулалт, зохицуулалтын асуудал. Улаанбаатар хотод 670 мянган машин бүртгэлтэй байна. Үүний 470 мянган машин идэвхтэй хөдөлгөөнд оролцож байна. Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцох машины даац 140, 150 мянга. Дугаарын хязгаарлалт хийвэл 230, 240 машин явдаг. Замын хөдөлгөөний төвд Улаанбаатар хотын бүх замыг харж хянаад замын цагдаад команд өгч зохицуулдаг. Үүнээс гадна өдөрт 250-иад осол, аваар бүртгэгдэж байна. Жижиг осол аваараас болж тэр хэсэгт 30 минутаас дээш цагаар түгжрэл үүсчихэж байгаа юм. Тиймээс жижиг сажиг ослыг даатгалын компаниуд шийдэх чиглэлд даатгалын компаниудтай уулзаж ярилцаж байна. Үүнээс гадна Улаанбаатар хот дахь нийт машины 40 хувь нь даатгалгүй байна. Даатгалгүй машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй байх хуультай. Гэвч бид даатгалгүй машиныг хянаж чадахгүй байгаа юм. Нийт машины 35-38 хувь тээврийн үзлэг, оношилгоонд ороогүй байна. Мөн нийт машины 95 хувь нь хуучин буюу 7-гоос дээш жилийн насжилттай байна. 16-гаас дээш жилийн насжилттай гэвэл 50 орчим хувь нь. Үүнийг хянаад замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэж араас нь хөөцөлдөж болохгүй байна. Хүчин чадлынхаа хэмжээнд зөрчилтэй тээврийн хэрэгсэлд торгууль ногдуулж байгаа ч торгуулсан иргэдийн 78 хувь нь торгуулиа төлөөгүй байна. Тиймээс Улаанбаатар хотын гол замуудад нэмэлт ухаалаг систем тавьж байршуулж байна. Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж автомашинуудад уншигч үнэгүй суурилуулна. Мөн Зам, тээвэр хөгжлийн сайдтай хамтарч тус уншигчийг улсын хэмжээнд бүх машинуудад суурилуулна. Ингэснээр торгуулиа төлөөгүй, даатгалд хамрагдаагүй, үзлэг оношилгоонд ороогүй машин хаана явж байгааг тогтоох боломж бүрдэнэ. Түүнчлэн хотын төвд зогсоолыг багасгана. Төлбөртэй зогсоол руу шилжинэ. Эцэст нь хэлэхэд, түгжрэлийн асуудлыг нэг байгууллага, нэг дарга бүрэн шийдэхгүй. Үүнд иргэдийн оролцоо ч чухал. Эрхийг нь хасч биш, хамтдаа үүрэг хариуцлагаа үүрч байж давдаг олон улсын туршлага байна” гэлээ.

Энэ үеэр түүнээс цөөн асуултад хариулт авснаа хүргэе.

-Хотын төвөөр төмөр зам сүлжиж байгаа шүү дээ. Тиймээс төмөр замын хажуугийн зайг ашиглаж төмөр зам дагасан автозам барьж болохгүй юу?

-Төмөр зам бол Монгол-Оросын хамтарсан компанийнх. Тиймээс төмөр замын зурвас хэсэг тус компанийн эзэмшлийн бүс болчихож байгаа юм. Саяхан Хотын дарга Москвад айлчилсан. Айлчлалын үеэр нийтийн тээврийн асуудлыг ярилцсан юм билээ. Оросуудын зарим нь “Та нар LRT гэж илүү юм ярьж байхаар төмөр замынхаа хажуугаар авто зам барьчих. Бид ч тусалъя” гэсэн юм билээ. Энэ чиглэлээрх баг сарын дараа Монголд ирж магадгүй. Энэ бол санаа, санал төдий байгаа. Гэхдээ таны хэлдэгчлэн үүнийг ашиглах боломж байгаа юм. Гол нь Оросууд төмөр замын хажуугийн зайг ашиглуулах сонирхол бага байгаа. Ер нь төмөр зам Улаанбаатарыг хоёр талд хуваачихаад байгаа юм. Төмөр замыг нэвтэрч гарахын тулд нэмэлт дөрөв, таван нүхэн болон гүүрэн гарц барьж байж нэвтэрч гарах болчихоод байгаа юм. Тиймээс хажуугийн талбайг ашиглаж автозам барьж ашиглах бололцоо байна. Гэхдээ энэ асуудлыг Оросуудтай ойлголцож, хамтарч ажилласан тохиолдолд боломжтой болно.

-Яармагаас Туул голыг хөндлөн давсан I хороолол ч юм уу, X хороолол руу орсон гүүр барих боломжтой юу?

-Яармагийн чиглэлд гүүр барих төсөл явж байгаа. Цаасан дээр харж байхаар газар дээр нь ажилласан нь дээр гэж үзсэн учраас би маргааш Яармагт ажиллах гэж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй DNN.mn

Аргын тооллын аравдугаар сарын 15, Санчир гариг. Билгийн тооллын 21, гөрөөсөн толгой одтой, цагаагчин үхэр өдөр. Өдрийн наран 7:11 цагт мандан, 18:05 цагт жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үүлэрхэг, уулаараа ялимгүй цас орно DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг, уулаараа ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 7-9 градус, бусад хэсгээр 4-6 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газар болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хүйтэрч шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр голын хөндийгөөр 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 6-11 градус хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Алтайн өвөр говиор 10-15 градус, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

Ж.Энхцэцэгийн оронд “Амгалан” амаржих газрын дарга Ц.Батболдыг түр томилжээ DNN.mn

Өргөө" амаржих газрын дарга Г.Баясгаланг ажлаас нь чөлөөлжээ

“Өргөө” амаржих газрын дарга Ж.Энхцэцэгийг ажлаас нь өчигдөр чөлөөлж, оронд нь “Амгалан” амаржих газрын дарга Ц.Батболдыг түр томилжээ.

Энэ талаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг хэлэхдээ “Ж.Энхцэцэгийн оронд “Амгалан” амаржих газрын дарга Ц.Батболдыг түр томилсон бөгөөд “Өргөө” амаржих газрын удирдлагад дэмжлэг зөвлөгөө өгч, хэвийн үйл ажиллагааг нь хангахаар ЭМЯ-ны холбогдох албан тушаалтнаар ахлуулсан зөвлөх багийг давхар томилоод байгаа” хэмээн хэллээ.

Мөн тэрбээр Ж.Энхцэцэгийг ажлаас нь чөлөөлөх болсон үндэслэлийг тайлбарлаж, ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёсзүйн хороо болон ЭМЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас тус тус өнгөрсөн наймдугаар сард шалгалт хийсэн талаар хэллээ.

“Ж.Энхцэцэг нь төрийн захиргааны болон эмнэлгийн ажилтны ёс зүйн дүрмийн нийт 12 гаруй заалт зөрчсөн гэх шийдвэр ирсэн”

Тэрбээр “ЭМЯ-наас хийсэн шалгалтаар “Өргөө” амаржих газрын захирал нь Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан бүтэц, орон тоо, дүрэм журмыг дур мэдэн өөрчилсөн, сонгон шалгаруулалттай холбоотой заалтуудыг өөрчилсөн, өөрийн харьяаны функцүүдээ өөр дэд захирлууд руугаа шилжүүлсэн, санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой асуудлууд гарсан байсан.

Үүнийг Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас илрүүлж, наймдугаар сарын 22-ны өдөр зөвлөмж, албан бичгээ хүргүүлсэн. Энэ дагуу нэг сарын хугацаатай зөрчлүүдээ засаж, залруулах чиглэлээр зөвлөмж өгсөн. Дараа нь есдүгээр сард тухайн зөвлөмжийн хэрэгжилтийн биелэлтийн талаар танилцахад нэлээд олон зөрчил нь хэвээр байсан буюу өгсөн зөвлөмжийг биелүүлээгүй үндэслэл бий.

Мөн өргөдөл гаргасан хүмүүсийн дийлэнх нь харилцаа, ёс зүйтэй холбоотой байсан учраас ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороо шалгалт хийсэн. Энэ ёс зүйн хороо ЭМЯ-ны дэргэдэх гэж байгаа боловч 15 гишүүнтэй уг хороонд ЭМЯ-наас нэг л мэргэжилтэн оролцдог. Уг хорооныхон албан хаагч нартай уулзаж, асуулга зэргийг авсан бөгөөд гаргасан дүгнэлтийг нь харахад Төрийн захиргааны болон эмнэлгийн ажилтны ёс зүйн дүрмийн нэлээд хэдэн заалт, эмнэлгийн мэргэжилтний хэд хэдэн заалт буюу нийт 12 гаруй заалтаар зөрчил гаргасан нь тогтоолоо гэсэн шийдвэр ирсэн.

Өнгөрсөн долоо хоногт мөн Эрүүл мэндийн сайд Ж.Энхцэцэг даргыг дуудаж, энэ тал дээр тайлбар авахад энэ асуудлуудыг хүлээн зөвшөөрөөгүй. Тийм учраас процессынхоо дагуу аравдугаар сарын 12-ны өдөр Ж.Энхцэцэг даргад үүрэгт ажлаас нь чөлөөлөгдөх сонсох ажиллагааг зохион байгуулаад өчигдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн” гэлээ.

Түүнчлэн 2021-2022 онд Өргөө амаржих газраас нийт 138 ажилтан чөлөөлөгдсөн. Үүнээс 60 хувь нь өөрсдөө чөлөөлөгдсөн бөгөөд тэд ажлын дарамт шахалт байсан учраас хүсэлтээ гаргаад ажлаасаа гарсан гэж хэлснийг Ц.Эрдэмбилэг дурдлаа.

Categories
мэдээ цаг-үе

Эхний есөн сард 12139 хос гэрлэлтээ бүртгүүлсэн бол 3279 хос цуцлуулжээ DNN.mn

Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар (УБЕГ)-аас энэ оны эхний есөн сарын иргэний бүртгэлтэй холбоотой зарим тоон мэдээллийг хүргэж байна.

Тус газрын статистикаас гэр бүлийн мэдээллийг харвал энэ оны эхний есөн сард 12,139 хос гэрлэлтээ бүртгүүлсэн бол 3,279 хос цуцлуулжээ. Харин зөвхөн есдүгээр сарын хувьд 1,789 хос гэрлэлтээ бүртгүүлсэн бол 398 хосууд гэрлэлтээ цуцлуулсан талаар УБЕГ бүртгэсэн байна.

Мөн улсын хэмжээнд есдүгээр сард 6,267 хүүхэд төрсний бүртгэлээ нээлгэсэн байна. Үүнээс

  • Эрэгтэй 3,173 хүүхэд
  • Эмэгтэй 3,094 хүүхэд байгаа аж.

Энэ үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал шинээр мэндэлсэн хүүхдийн тоо 7,284-ээр буурчээ.

Categories
мэдээ нийгэм

“Хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа DNN.mn

Санхүүгийн зохицуулах хорооноос зөвлөмж гаргалаа

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 18 дугаар хуралдаан өнөөдөр болж нийт 34 асуудал хэлэлцлээ.

Хуралдаанаар дотоодын хөрөнгийн зах зээлд мэргэжлийн хөрөнгө оруулагчдын бааз суурийг нэмэгдүүлж, хамтын хөрөнгө оруулалтын сангууд бий болох, мэргэжлийн түвшинд хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулах зохицуулалтын таатай орчин бүрдүүлэх зорилгоор “Хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа. Ингэхдээ сангийн активт тавих шаардлагыг илүү хөнгөвчилж зах зээлийн нөхцөл байдал, өөрийн орны онцлог болон олон улсын жишигт нийцүүлж боловсронгуй болголоо.

Журмын нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхэлснээр хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалтын сангууд нэмэгдэж, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын суурь бэхжих, шинэ бүтээгдэхүүнүүдийн тоо өсөх цаашилбал гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвх оролцоо, зах зээлд итгэх итгэл өссөнөөр хөрөнгийн зах зээлийн хөгжилд эерэг нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтой.

УИХ-аас баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглосон. Хуулийн 56 дугаар зүйлийн 7-д “Энэ хуулийн 56 дугаар зүйлийн 5,6 дахь хэсэгт заасан шалгуурыг мөрдүүлэх, хяналт тавихтай холбогдсон журмыг Санхүүгийн зохицуулах хороо батална” гэсэн заалттай холбогдуулж “Төрийн болон орон нутгийн өмчит нээлттэй хувьцаат компанийн хувьцааг эзэмшихтэй холбоотой хуульд заасан шалгуурыг мөрдүүлэх, хяналт тавих журам”-ыг боловсруулж өнөөдрийн хуралдаанаар баталлаа.

Мөн хуралдаанаар нэг компанид хамтын, нээлттэй хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэв. Ингэснээр энэ төрлийн 2 дахь сан манай улсад бий болж байна. Түүнчлэн нэг компанийн хамтын, нээлттэй сангийн нэгж эрхийн танилцуулгыг бүртгэсэн бөгөөд энэ танилцуулгынхаа хүрээнд олон нийтээс санхүүжилт татан төвлөрүүлсний дараа СЗХ-ноос тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлэх юм.

ББСБ-ын финтек зээлийн бүтээгдэхүүнд өр, орлогын харьцаа тогтоолоо

Хуралдаанаар банк бус санхүүгийн байгууллагаас олгох финтек зээлийн бүтээгдэхүүнд тооцох өр, орлогын харьцаа тогтоох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Тодруулбал, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ББСБ-аас олгох финтек зээлийн бүтээгдэхүүний хувьд зээлийн сарын хүүгийн болон үндсэн төлбөр нь сарын татварын дараах орлогын 70 хувиас хэтрэхгүй байхаар хязгаарлалаа. ББСБ-ууд энэ оны эхний хагас жилийн байдлаар зөвхөн аппликэйшнээр олгосон 1,159,569 зээлдэгчийн 319.8 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа нь нийт зээлдэгчдийн 76.4 хувь, нийт зээлийн үлдэгдлийн 12.8 хувийг бүрдүүлж байна. Финтекээр нэг зээлдэгчид дунджаар 275.8 мянган төгрөгийн зээл олгосон нь уламжлалт зээлийн дунджаас 22.0 дахин бага байна. Энэ нь финтекээр олгож байгаа зээлийн хүртээмж хэр өндөр байгааг харуулж буй үзүүлэлт.

Финтек ББСБ-ууд богино хугацаатай, бага дүнтэй зээлийн зах зээл дээр голчлон үйл ажиллагаа явуулдаг бөгөөд санхүүгийн зах зээл дэх зохицуулалтын орчныг чангаруулах нь тухайн бизнесийн үйл ажиллагаанд хязгаарлалт үүсгэх нөлөөтэй хэдий ч нөгөө талд өр, орлогын харьцааг 70 хувиар тогтоож амьжиргааны наад захын хэрэгцээг хангах орлогыг зээлдэгчид үлдээх шаардлагыг тавьж байгаа нь зээлдэгчийг өрийн дарамтад оруулахаас урьдчилан сэргийлсэн бодлогын томоохон арга хэмжээ юм.

Санхүүгийн зохицуулах хороо нь тогтвортой санхүүгийн тогтолцоог хөгжүүлэхэд шаардлагатай бодлогын эрх зүйн орчныг бүрдүүлэх, нийтэд хүртээмжтэй, тогтвортой хөгжлийн төлөөх бодлого, үйл ажиллагааны шинэчлэл болон Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор банк бус санхүүгийн байгууллагуудад зориулсан байгаль орчин, нийгмийн хүчин зүйлтэй холбоотой эрсдэлийн удирдлагын журам боловсруулах үлгэрчилсэн зааврыг хуралдаанаар баталлаа.

Урт хугацааны даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олголоо

Хуралдаанаар “Мандал лайф” ХХК-д урт хугацааны даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олголоо. Тус компани нь Монгол Улсын урт хугацааны буюу амьдралын даатгалын зах зээлд үйл ажиллагаа эрхлэхээр тусгай зөвшөөрлөө авсан 2 дахь компани болж байгаагаараа онцлогтой бөгөөд одоогоос 14 жилийн өмнө буюу 2008 онд манай улсын анхны урт хугацааны даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Нэйшнл лайф даатгал” ХХК авч байсан.

Хөгжингүй орнуудад урт хугацааны буюу амьдралын даатгалын зах зээл нь дотоодын нийт бүтээгдэхүүний 4 хувь, дунджаар 3 хувь (source: sigma 2021)-ийг эзэлдэг. Үүнээс үзэхэд манай улсын урт хугацааны даатгалын зах зээл цаашид өргөжин тэлэх орон зай их бөгөөд хувийн тэтгэврийн даатгал, амьдралын даатгал, моргэйжийн даатгал, эрүүл мэндийн даатгал гэх мэт бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ даатгуулагчдын дунд өсөх хандлагатай байна.

БУСАД:

Зохицуулалтын салбаруудад үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох хүрээнд:

  • Үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх 1, үнэт цаасны зах зээлд оролцогчид аудитын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээд -1,
  • Банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх-1,
  • Хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгах-5,
  • Үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх-2
  • Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх-2 компанид тусгай зөвшөөрөл олгохоор тус тус шийдвэрлэв.

Түүнчлэн банк бус санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэг компанийн хаалттай өрийн бичгийг бүртгэж, хоёр компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ болон хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар, нэр бүхий зургаан банк бус санхүүгийн байгууллагын банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээхээр шийдвэрлэсэн юм.

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

Categories
мэдээ улс-төр

ЧУУЛГАН: Өдрийн зээл буюу хүүг урьдчилж авахыг хориглох хуулийг хэлэлцэж байна DNN.mn

УИХ: Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг буцаалаа

“Түр хорооны даргыг сонгох” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих түр хорооны даргаар Ж.Бат-Эрдэнийг сонгов.

Үргэлжлүүлэн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Өдрийн зээл буюу хүүг урьдчилан авахыг хориглох асуудлын талаар тус хуулийн төсөлд тусгажээ. Зээлдэгч зээлийг авч хэрэглэснээр ашигласан хугацааны мөнгөн дүнг зээлдүүлэгчид төлөх нь зээлийн гэрээний гол зарчим байдаг боловч өдрийн зээл нэрэн доор үндсэн зээлийг бүрэн ашиглаагүй байхад өдөр өдрөөр тооцон үндсэн зээл, хүүг зээлдүүлэгчид төлдөг зээлийн хэлбэр түгээмэл байдлаар иргэдийн дунд байнга явагдах болсон.

Тиймээс зээлийн хүүг урьдчилан авахыг хориглож, хэрэв урьдчилж үндсэн зээл, хүүг тооцож авбал Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээх байдлаар хуулийн төсөлд тусгасан байна.

Categories
гадаад мэдээ

Израилийн “Төмөр бүрхүүл” DNN.mn

Өнөөдөр дэлхийд цэргийн чухал байршлууд төдийгүй бүхэл бүтэн том хотыг агаарын дотолгооноос бүрэн хамгаалах систем гэвэл зөвхөн Израилийн “Төмөр бүрхүүл” л байна.

Израилийн нутаг дэвсгэрт довтолж буй пуужингуудыг сөнөөх “Төмөр бүрхүүл” хөтөлбөрийг 2005 оны наймдугаар сарын 3-нд Израилийн Батлан хамгаалах яамны Судалгаа, хөгжлийн газар (MAFAT)-ын дарга, хошууч генерал, доктор Дани Гоулд гаргав. Харин 2007 оны 4 дүгээр сард “Rafael” компани болон Батлан хамгаалах яам “Төмөр бүрхүүл” системийг хөгжүүлэх, үйлдвэрлэх хамтарсан гэрээнд гарын үсэг зурав. “Төмөр бүрхүүл” систем 2009 оны гуравдугаар сарын 25-нд Засгийн газрын хяналтын туршилтыг амжилттай давсан бөгөөд Сдерот хотыг хамгаалахаар хамгийн анхны батерей гэх иж бүрдлийг байршуулжээ. Удалгүй Израилийн Батлан хамгаалах яам агаарын довтолгооноос хамгаалах “Төмөр бүрхүүл” системийн бүхэл бүтэн дивиз байгуулах болсноо зарлав.

Эхлээд уг системийг Газын зурвасын дагуу, дараа нь Ливаны хил дээр байрлуулна гэж таамаглаж байсан ч эхний хоёр иж бүрдлийг Газын зурвасыг пуужингаас хамгаалах зорилгоор 2011 оны 3-4 дүгээр сард Ашкелон, Беер Шева хотын ойролцоо байрлуулав. 2011 оны 4 дүгээр сард Газын зурвасаас найман “Град” пуужин Израилийн нутаг дэвсгэр рүү харвах үеэр тус систем дайсны пуужингуудыг бүгдийг нь устгасан байна. Удалгүй “Төмөр бүрхүүл”-ийн гурав дахь иж бүрдлийг 2011 оны 9 дүгээр сард Ашдод хотын ойролцоо байрлуулав.

“Төмөр бүрхүүл” системийн нэг иж бүрдэл бүр нь 150 хавтгай дөрвөлжин километр талбайг хамгаалах чадвартай. “Төмөр бүрхүүл” нь 4-70 километрт тусдаг ямар ч пуужингаас хамгаалах чадвартай систем юм.Эхний батерей гэх иж бүрдэл 2011 оны 3 дугаар сард анх байлдааны үүрэг гүйцэтгэсэн бөгөөд 2014 оны 7 дугаар сарын байдлаар Израиль даяар есөн батерей буюу иж бүрдэл байлдааны бэлэн байдалд оров. Израилийн “Төмөр бүрхүүл” байлдааны үүрэг гүйцэтгэж эхэлсэн эхний жилдээ буюу 2012 оны 4 дүгээр сар гэхэд дайсны 93 пуужинг сөнөөсөн бол 2014 оны эцэс гэхэд 1200 пуужинг амжилттай устгасан билээ. 2021 оны тавдугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө уг систем Газын зурвасаас Израиль руу харвасан 200 орчим пуужинг нэг дор сөнөөж байв.

Хиймэл оюун ухаан бүхий Израилийн “Төмөр бүрхүүл”-ийн пуужингууд нэг байг давхцаж онодоггүй учир зэрэг ирсэн бүх байг сөнөөх магадлал 90 хувь гэдэг ч үнэндээ бол 100 хувь юм. Учир нь Палистины зэвсэгт дайчид маш олон пуужин нэгэн зэрэг харвах болсон учир “Төмөр бүрхүүл”-ийн нэг батерей гэх автоматаар байгаа хуваарилан онодог нэг хайрцганд байрлах 20 пуужин дуусч дайсны сөнөөгүй үлдсэн цөөн пуужин ирж цохилт өгдөг гэсэн үг. Иймээс Израилийн эрдэмтэд энэхүү алдаатай талаа нөхөхийн тулд энэ жилээс пуужин сөнөөх, “сум” нь дуусдаггүй “Төмөр тусгал” гэх лазерын зенитийн системийг “Төмөр бүрхүүл”-тэйгээ хавсран хэрэглэж эхлээд байна. Одоогоор ийм агаараас хамгаалах систем Израилиас өөр улсад байхгүй байгаа бөгөөд Израиль улс технологийн нууцаа алдахгүй гэж бусад улсад нийлүүлэхгүй байгаа юм.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.долларын ханш 3270-3370 төгрөг байна DNN.mn

Ханшийн өсөлт ба урт хугацааны шийдэл

Монголбанкны өчигдрийн /2022.10.13/ зарласан албан ханшаар ам.доллар 3,370 төгрөг байна. Харин евро 3,270 төгрөг байгаа бол ОХУ-ын рубль 53.05 төгрөг байна.

Харин Найман шарга валют арилжааны төвд ам.доллар 3,430 төгрөг, евро 3,345 төгрөг, ОХУ-ын рубль 51.80 төгрөг тус тус байна.

Categories
мэдээ цаг-үе

Тяньжин дахь чингэлгийн тоо 1392 болж буурчээ DNN.mn

Дэлхий даяар чингэлэг тээвэрлэлтийн үнэ өсөж байна

БНХАУ-ын төмөр замын төв компанийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газраас авсан албан ёсны мэдээлэлд 2022 оны аравдугаар сарын 14-ны байдлаар, Тяньжин боомтод Монгол Улс руу хаягтай нийт 1392 чингэлэг байгаа талаар дурджээ.

УБТЗ нь долоо хоног бүрийн Мягмар, Баасан гарагуудад Хятадын төмөр замын төв компаниас ирүүлсэн чингэлгийн талаарх мэдээллийг тогтмол хүлээн авдаг. Харин өнөөдрийн байдлаар өмнө авсан мэдээллээс 400 орчим чингэлгээр нэмэгджээ.

Тухайн долоо хоногт Тяньжин боомтод буусан ачааны усан онгоцны тооноос хамаарч эдгээр тоо нь хэлбэлзэж байдгийг албаны эх сурвалж мэдээлэв. УБТЗ-ын хувьд, Хятадын төмөр замаас илгээсэн төлөвлөгөөний дагуу Тяньжин боомтод буусан чингэлгийг хоногт 2 галт тэргээр татдаг. Өнгөрсөн оргил ачааллын үед татан авалтыг хоногт 4-5 чингэлэгтэй галт тэрэг болгон нэмэгдүүлснээр урт хугацааны турш боомтод хуримтлагдсан ачаа, барааг татан авч хэвийн хэмжээнд хүргэсэн байна.

Цар тахлын өмнө буюу хэвийн үед ч өдөр бүр Тяньжин боомтод Монгол Улс руу хаягласан 2-3 мянган чингэлэг байдаг байсан. Энэ нь нэг усан онгоцоор их хэмжээний чингэлэг тээвэрлэн бөөн авчирдагтай холбоотой.

Сүүлийн өдрүүдэд цахим орчинд БНХАУ-ын Тяньжин боомтод Монгол Улс руу хаягласан 4500 орчим чингэлэг хуримтлагдсан гэх мэдээлэл гарах боллоо. Уг мэдээлэл нь баталгаагүй, албан ёсны эх сурвалжгүй мэдээлэл юм. Иймд энэхүү мэдээллээр Тяньжин боомтод манай улс руу хаягласан 4500 орчим чингэлэг хуримтлагдаад байна гэдэг нь ор үндэсгүй ташаа мэдээлэл болохыг албан ёсоор мэдээлж байна.

Ташрамд дурдахад, УБТЗ Замын-Үүд-Эрээн хилийн төмөр замаар сард 10000 орчим вагон ачааг хүлээн авч улс, эх орны импортын хэрэгцээг ханган ажиллаж байгаа билээ.

Эх сурвалж: “УБТЗ” ХНН