Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Санжей Гуптагийн “Дэлхийн дайн Ковид” DNN.mn

Энэ ном “ковид-19” цар тахлын сургамж ба дараагийн цар тахалд хэрхэн бэлтгэх вэ гэсэн давхар цагаан гарчигтай юм. Номыг зохиогч нь СНН сувгийн анагаах ухааны тэргүүлэх сурвалжлагч анагаах ухааны доктор хүн гэнэ.Тэрбээр тархины мэс засалч бөгөөд цар тахлын эсрэг хийж байгаа тэмцлийн тэргүүн эгнээнд ажиллаж байгаа сурвалжлагч аж. Зоорины давхраа студи болгон засаж оргил цаг бүрт тахлын мэдээ мэдээллийг өдөр алгасахгүй хүргэж байжээ.Түүний зөвлөгөөнүүд олон америк хүнд амьдралд итгэх итгэл төрүүлж, тахлыг даван туулах урам зориг өгсөн гэнэ.

Зохиолч номондоо анх тахал дэгдсэн мэдээлэл авсан болон эх үүсвэр нь тодорхойгүй хатгаа Ухань хотод дэгдсэн талаар яриа гарахад тэрбээр огт тоогоогүй тухайгаа өгүүлжээ. Гэвч энэ өвчин хүнээс хүнд халдаж эхэлсэн, дээрээс нь Хятадын Засгын газрын бүрхэг мэдээ зэрэг нь түгшүүрийн харангыг улам дэлдсээр байлаа. Гэвч энэ бүгд ийм хурдан өрнөж цаг үе ингэж өөрчлөгдөнө гэдгийг мэдээгүй. Ердөө хэдхэн сарын дараа жигтэйхэн хурдан халдварладаг энэ вирус дэлхий даяар тархаж олон сая хүн халдварлан, уг тахлыг туссан хүн амьдралынхаа сүүлчийн мөчийг хайртай дотны хүмүүсээсээ тусгаарлагдан ганцаардсаар үхнэ гэж мэдээгүй гэж бичсэн байна. Засгийн газрууд тахлын өөдөөс барих юу ч байгаагүй бөгөөд ямар ч зохион байгуулалт авч чадалгүй паниканд орцгоожээ. Өвчлөл, үхэл хөгжингүй баян тарган орнуудад өндөр байсан бөгөөд үхлийн тоо нь ядуу буурай орнуудаас хавьгүй илүү гарч байсан нь тэдгээр засгийн газруудыг аргаа барахад хүргэжээ. Вирус бол амьд биш бөгөөд яг л ургамал шиг өсч үржиж байдаг эд гэнэ. Таатай нөхцөл бий болмогц бүр таагүй нөхцөлд ч хамаагүй өөрийгөө өөрчлөн өсч үржих нь л тэдний зорилго аж. Үржихийн тулд хүнээс хүнд дамждаг болж өөрчлөгдөх бол вируст том зүйл биш. Өөрчлөгдөхийг нь мутаци гэж нэрлээд байгаа аж. Эхний үед вирус маш догшин байсан ч энэ нь вируст сайн зүйл биш бөгөөд яагаад гэвэл өөрийн амьдрах орчноо сөнөөгөөд байвал цаашид яахан үргэлжлэн өсч үржих билээ. Ингээд вирусийн өөрийн тээгчээ үхүүлдэггүй мутаци нь өсч үржиж эхэлжээ. Энэ нь бидэнд үхэл их байснаа сүүлдээ арай гайгүй, үхэл цөөрч байгаагаар мэдэгдэж байдаг. Вирусийг дарах ганц арга бол вакцин өөр юу ч биш шүү гэж энэ хүн хэлж байна. Вакцины эрсдэл 1000000-д нэг байдаг аж Тэгвэл гэртэй сууж байтал онгоц унаж ирээд дарж алах эрсдэл 250000-д нэг байна. Вакцинаас болж ингэж байна, тэгж байна гэдэг яриаг сонсвол та хаанаас энэ мэдээллийг авсан бэ гэж асуу гэж байна. Албан ёсоор хаана ч ийм хариу байхгүй гэж байна. Эрдэм шинжилгээний байгууллагаас ийм хариу одоо хүртэл гараагүй гэнэ. Дандаа дам бас худал мэдээ л байдаг аж. Энэ ковидын вирус их ухаалаг бүр хэтэрхий гэмээр ухаалаг байгаа нь сэжигтэй гэж эрдэмтэд үздэг байна. Уг нь аль далаад онд ковидын вирусийг Хятадын агуйгаас олоод судалж байжээ. Тэр үед судалж байсан вирусийн суурь шугам нь яг одооны ковидтой маш адилхан аж. Дотор бол ковидын вирус масктай ч хол ч, ойр ч адилхан аюултай аж. Дархлаа сайжруулагч бодис гэж энэ дэлхий дээр байдаггүй, сайн хоол стрессгүй байх, сайн нойр, дасгал хөдөлгөөн л дархлааг дэмждэг. Хөдөл, унтаж амар хорт хавдраас урдьчилан сэргийлэх үзлэгт ор, дархлаагаа дэмж. Энэ тахал байн байн дэгдэж болзошгүй, тиймээс вакцины давтан тун байн байн хийдэг болж магадгүй. Эмнэлэг одоо энэ тахлыг эмчилж сурсан тул эмчийн заавар зөвлөгөөг ягштал бариад явахад асуудалгүй болсон аж. Нянтай хамт амьдарч сурах хэрэгтэй. Нянтай хамтарч амьдарснаар дархлаа улам хүчирхэг болно. Тэд тэмцэж таньж сурна. Яагаад хөгжингүй орнууд илүү үхэлтэй байсан бэ гэвэл хэт цэвэр цэмцгэр байдал дархлааг сулруулж тэмцэх чадваргүй болгосон гэсэн таамаг байдаг аж. Ковид эдгэсний дараа 1-6 сарын дотор нас барах эрсдэл тусаагүй хүнээс 60 хувиар өндөр байгаа. Энэ нь архаг өвчин болж магадгүйг харуулж байна гэжээ.Гэвч шинжлэх ухаан хэзээд ялдаг, бид ялж гарна хэмээн бичжээ.

Categories
мэдээ соёл-урлаг цаг-үе

З.Чингүүн BTS хамтлагийн тоглолтод оролцоно DNN.mn

Бүжигчин, модель, YouTuber Зоригтбаатарыг Чингүүн дэлхийн алдарт “Gillete” брэндийн нүүр царай болсон анхны монгол хүн бөгөөд БНСУ-ын гудамжны бүжигчдийн “Street man fighter” тэмцээнд оролцож, олон, олон шилдгүүдтэй өрсөлдсөн.

Тус цувралын эцсийн шилдэг 16 оролцогчдын нэгээр Монгол бүжигчин Yamakasi буюу З.Чингүүн шалгарч байв.

Тэгвэл өнөөдөр /2022.10.15/ Солонгосын Бусанд болох алдарт BTS хамтлагийн тоглолтод бүжигчнээр оролцохоор болсон аж.

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Дэлхийн аварга Ц.Цогтбаатарын багш Ш.Чинсанаа: Шавь минь аваргыг ялж аварга боллоо DNN.mn


Узбекистан улсын Ташкент хотод жүдо барилдааны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд үргэлжилж байна. Монголын тамирчдаас эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд зодоглосон олон улсын хэмжээний мастер Ц.Цогтбаатар Дэлхийн аварга Соочи Хашимотог ялж алтан медалийн болзол биелүүлээд байгаа юм. Мөн олон улсын хэмжээний мастер Л.Энхрийлэн энэ удаагийн тэмцээнээс хүрэл медаль зүүгээд байна. Тэдний багш “One team” спорт клубийн дасгалжуулагч, спортын мастер Ш.Чинсанаатай ярилцлаа.


-Бэлтгэсэн шавь тань дэлхийн аварга боллоо. Ц.Цогтбаатар тан дээр ямар хүүхэд ирж байв?

-Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв, Л.Алтанзул бидний хамтарч бэлтгэсэн шавь минь дэлхийн аварга боллоо. Анх 2007 онд Шийрэв багш Бөхийн өргөөний сандал дээр уйлаад сууж байсан жаахан хүүг Спортын төв ордон руу дагуулж жүдо бөхийн бэлтгэлд оруулсан нь өнөөдрийн дэлхийн аварга Ц.Цогтбаатар. Өсвөр бөхийн барилдааны бүртгэлээс хоцорчихоод уйлж суусан нь тэр юм билээ. Бэлтгэлд ирэхэд нь 11-хэн настай хүүгээс жүдо бөхөд чин сэтгэлээсээ дуртайг нь анзаарч байлаа. Өглөөний бэлтгэл 09:00 цагт эхэлнэ. Цогоо хаа холын Толгойтоос бэлтгэлдээ ирдэг ч огт хоцрохгүй. Шалтгаан хэлж чөлөө авч байсан удаагүй. Нэлээн сахилгагүй, хөдөлгөөнтэй ч бэлтгэлийг сэтгэлээсээ хийдэг хүүхэд байлаа. Миний хувьд Цогоогийн энэ чанарыг их үнэлдэг байсан юм. 2007 оноос хойш жүдо бөхөөр хичээллэсэн гэж тооцохоор 15 жилийн хөдөлмөрийн үр дүнд дэлхийн аварга болж байна.

-Дэлхийн аварга Ц.Цогтбаатар бөх барилдах авьяастай хүүхэд байсан уу?

-Жаахан байхад нь авьяасыг нь анзаарч байсангүй. “Монгол Улс олимпийн аваргатай болчихлоо. Хоёр дахь аварга нь би болно” гээд л том ярьдаг жаахан хүү байсан юм. Тэмцээнд орж ялагдсан ч нэг их харамсаад байхгүй. Тамирчин хүний том давуу тал нь энэ. Ялагдлаа мартаж байж л дараагийн ялалт ирдэг. Цогоогийн тухайд гол онцлог нь энэ юм даа.


-Энэ жил шавийгаа Дэлхийн аварга болно гэж төсөөлж байв уу?

-Цогтбаатар одоо үндэсний шигшээ багт бэлтгэл хийдэг. Дэлхийн аваргын өмнө шигшээ багийн дасгалжуулагч Б.Хишигбаяртай уулзахад бэлтгэлийн үеэрх дайралтад ороход өндөр үзүүлэлт гаргасныг нь хэлж байлаа. Зургаан минутын дайралтад ороход л 60 орчим мэх хийсний 33 нь амжилттай болсон байна лээ. Ийм үзүүлэлттэй тамирчин дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд медалийн төлөө л өрсөлддөг. Энэ утгаараа медаль авах болов уу гэж харж байсан. Харин Соичи Хашимотой аваргын төлөө барилдахаар гарч ирэхэд нь огт эргэлзээгүй.

-Дэлхийн аварга Соичи Хашимотог Ц.Цогтбаатар ялна гэдэгт нь итгэлтэй байсан хэрэг үү?

-Тийм. Тэмцээний үеэр Хашимотогийн барилдааныг анзаарахад мэхээ дутуу хийгээд өөртөө итгэлгүй байсан. Хоёрдугаар тойрогт барилдах үеэрээ толгойгоо хагалсандаа эмзэглээд ч юм уу, барилдаанаа бүрэн гаргаж чадахгүй байсан. Харин нөгөө талд Ц.Цогтбаатар тайван, өөртөө итгэлтэй барилдаан үзүүлж шигшээд шалгарсан. Яг л тооцоолж байснаар Хашимото дутуу мэх хийхэд нь Цогоо голлож дайраад ялалтын үнэлгээ авсан. Шавь минь аваргыг ялж аварга боллоо. Хүүхэд байхдаа л давтдаг байсан солгой этэх мэхээрээ Хашимотог унагахад нь их баярласан. Хэдэн мянган удаа давтсан. Уйгагүй давтсан мэх нь л тулсан газар аминд нь орлоо гэж харлаа. Ер нь Ц.Шийрэв багшийн шавь бөхчүүд этэх мэхийг гаргууд эзэмшсэн байдаг. Тод жишээ нь улсын заан Б.Серик байна. Этэх мэхээр өндөр амжилт үзүүлсэн бөх бол Серик заан шүү дээ.

-Ц.Цогтбаатар 2016 оны олимпийн наадамд Г.Болдбаатар, Д.Амартүвшин нарын гавьяатуудыг үлдээгээд явсан ч ялагдаж байлаа. Тухайн үед мөн ч их хэл аманд орсон шүү дээ.

-Тийм, амтай бүхэн л шүүмжилж байлаа. Тухайн үед жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга илүү холыг харж ийм шийдвэр гаргасан юм болов уу гэж ойлгодог. Цогтбаатар 2016 оны олимпийн наадамд оролцсон тулдаа л олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль зүүлээ гэж ойлгож байгаа. Риогийн олимпийн дараа шүүмжлэлд мөн ч их өртсөн. Жүдо барилдана гэсэн чин сэтгэлтэйдээ л тэр олон хүний хэл амыг давж гарсан байх. Сүүлийн хоёр жилийн хугацаанд л гэхэд Цогоо маань том хагацал амссан. Гэсэн ч хатуужилтай байж Дэлхийн аварга болж, олимпийн наадмаас хүрэл медаль зүүлээ. Хүнд үед нь эхнэр нь түшиж сэтгэл санаагаар дэмжээд өгөхөд л манай хүн дорхноо сэргээд ирдэг. Бага байхдаа л холыг харсан хүний сэтгэл зүй өөр. Ямар ч саад бэрхшээлийг даваад л гарна.

-Ц.Цогтбаатарын суурийг багш нар нь зөв тавьж өгч дээ…

-Тухайн үед Л.Алтанзул багш Японд сургууль төгсөөд дөнгөж ирчихсэн. Би БНСУ-д сургууль төгсөж ирээд удаагүй байлаа. Л.Алтанзул багш хүүхдүүдэд япон техник сургана, би Солонгос техник, гол төлөв үүрээ мэхийг хүүхдүүдэд заадаг. Харин Ц.Шийрэв багш монгол бөхөөр барилдаж байсан хүний хувьд хүүхдүүдийн хөл мэхний техникт анхаарна. Ингээд харахад дугуйлангийн хүүхдүүддээ орон орны жүдо школын захаас л сургадаг байж. Миний бие Ц.Цогтбаатарын үүрэх мэхэн дээр их ажилласан. Цогтбаатар ч олон шилдэг тамирчдыг үүрч унагасан.

-Сая хүрэл медаль хүртсэн Л.Энхрийлэн Ц.Цогтбаатар нар хамт бэлтгэл хийдэг байв уу?

-Тийм, Л.Энхрийлэн маань 17 настайдаа Улаанбаатарын Гран при тэмцээнд түрүүлж байлаа. Дараа жил нь залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль зүүсэн. Их хүчтэй гарч ирсэн ч хүнд бэртэл авч амжилт нь буурсан. Гэсэн ч бэртлээ бүрэн илааршуулж формдоо орсон нь сая харагдлаа. Украины Дариа Билодид, Канадын Кристиа Дегучи гээд дэлхийн аваргуудыг ялж хүрэл медаль хүртлээ. Ирэх олимпийн наадмаар манайхны урдаа барих бөхчүүдийн нэг нь Л.Энхрийлэн байх болно. Барилдаануудыг нь анхааралтай ажиглахад алдаа огт гаргахгүй байна лээ.

-Олимп гэснээс нэг мэдэхэд л Парисын олимп хаяанд ирнэ. Ц.Цогтбаатараас ямар амжилт хүлээж байна вэ?

-Хамгийн гол нь бэртэл гэмтлээс хол байх хэрэгтэй. Тэгж гэмээнэ аварга болох бүрэн нөөцтэйгөө сая харууллаа. Жаахан хүү байхдаа л “Монголчууд олимпийн аваргатай боллоо. Хоёр дахь алтан медалийг нь би авна” гэж шууд хэлдэг байлаа. Олимпийн аварга болохыг үгүйсгэх арга байхгүй. Ямартаа ч олон тэмцээнд биднийг баярлуулах болно.

-Бид шинэ дэлхийн аваргатай боллоо. Олон хүүхэд жүдо спортод хөл тавьж байгаа болов уу. Энэхүү спорт амьдралд хэрэгтэй ямар чанарыг хүүхдэд суулгадаг юм бэ?

-Би сүүлийн 10 гаруй жил өсвөрийн хүүхдүүдтэй тулж ажиллаж байна. Өсвөр насны хүүхдийг ямар нэг спортоор хичээллүүлэх хэрэгтэй. Эрүүл мэнд талаасаа ч тэр, төлөвшил талаасаа ч чухал ач холбогдолтой. Эрүүл, чийрэг бие бялдартай болоход төгс сонголт бол жүдо урлаг. Мөн хүүхдэд ёс суртахуун, тэвчээр суулгана. Энэ чанарууд амьдрал дээр гарахад нь маш чухал.

Categories
мэдээ нийгэм

Яармаг орчмын замын түгжрэлийг 50 хүртэлх хувиар бууруулах гүүрний ажил эхэлжээ DNN.mn

Яармагийн түгжрэлийг 50 хүртэлх хувиар бууруулах 391 метр урттай гүүрний бүтээн байгуулалт ирэх онд дуусна
Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө /Яармагийн замаас Нэгдүгээр хорооллын зам/ хүртэлх шинэ зам ашиглалтад орсноор Яармаг орчмын замын түгжрэлийг 50 хүртэлх хувиар бууруулах тооцооллыг мэргэжилтнүүд гаргажээ. Энэ хүрээнд шинэ гүүрний суурь, бүтцийн ажлууд хурдтай өрнөж буйг гүйцэтгэгч байгууллага онцолж байлаа.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын гүүрний хяналтын мэргэжилтэн, Монгол Улсын зөвлөх инженер Ч.Батсайхан “Наадамчдын гудамжнаас Энхтайваны өргөн чөлөө хүртэл төсөл хэрэгжинэ.
Эхний ээлжид гурван гүүрний барилгын ажил үргэлжлээд явж байна. Эхний гүүр нь 37 метр урттай Туул голын салаа дээр баригдаж байгаа. Дараагийнх нь 391 метр урттай. Энэ нь Монгол Улсад уртынхаа хэмжээгээр хоёрт орох том хэмжээний гүүр юм.
Мөн Дунд гол дээгүүр 55 метр урт гүүр барина. Тус гүүрэн байгууламж нь Монгол Улсдаа анхны зургаан эгнээтэй, дөрвөн өнцөгт нь амрах тавцантай, хоёр талдаа явган хүний замтай, 31.3 метр өргөн. Гүүрэн байгууламжийг барьснаар Энхтайваны өргөн чөлөө болон Яармагийн замын ачааллыг хуваарилах ач холбогдолтой” гэлээ.
Харин төсөл гүйцэтгэгч “Мотор Сервис” ХХК-ийн захирал Д.Доржбат “Гэрээг тавдугаар сарын 20-нд байгуулж, ажил есдүгээр сарын 5-нд эхэлсэн. Эхний гүүрний шон, суурь, өрөмдлөгийн ажил дууссан. Үлдсэн хоёр гүүрний ажил мөн өндөр хувьтай явж байна.
Энэ жилдээ суурь, бүтцийн ажлыг бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Бүтээн байгуулалтын явцад материалын асуудал, цементийн үнийн өсөлт зэрэг хүндрэлтэй байна.
2023 онд зөвхөн Яармагийн гүүрний ажил дуусна. Нийт авто замын ажил үе шаттай үргэлжлэх юм” хэмээн ярьж байлаа.
Гүүр ашиглалтад орсноор Яармагийн төв замд хоёр түвшний огтлолцолтойгоор урдуураа тойрч, хурдны замтай нийлэх замын трассын ажил үргэлжилнэ. Үндэсний “Мотор сервис” ХХК-ийн хамт олон тендер сонгон шалгаруулалтад шалгарч, тус бүтээн байгуулалтыг ямар нэг урьдчилгаа авахгүйгээр ажлаа эхлүүлжээ.
Categories
мэдээ улс-төр

​Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих түр хорооны даргаар Ж.Бат-Эрдэнийг сонгов DNN.mn


“Түр хорооны даргыг сонгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих түр хорооны санал, дүгнэлтийг санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар уншиж танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 29 дүгээр зүйлийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын 2022 оны долдугаар сарын 06-ны 48 дугаар тогтоолоор Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж, санал боловсруулах, дүнг нэгтгэн танилцуулах үүрэг бүхий Түр хороог байгуулсан.

Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих түр хорооны 2022 оны аравдугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар тус Түр хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн байна. Түр хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Улсын Их Хурлын гишүүн Жадамбын Бат-Эрдэнийг Түр хорооны даргад нэр дэвшүүлэхийг дэмжсэн байна.

Түр хорооны даргад нэр дэвшигч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нь 1965 онд төрсөн. Эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Авто механик-инженер, эрх зүйч мэргэжилтэй. Удирдахуйн ухааны магистр. Тэрбээр 1990-1992 онд ОХУ-ын Рыпкооп улсын үйлдвэрийн газарт менежер, 1994-2000 онд “Ашид-Эрдэнэ” компанийн захирал, 2000-2004 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газрын дарга, 2007-2012 онд Зам тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2008-2012 онд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга, 2011-2012 онд “МИАТ” компанийн ТУЗ-ийн дарга, 2013 оноос Булган аймгийн МАН-ын хорооны дарга, 2017-2018 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд, 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Түр хорооны даргад нэр дэвшигч Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнээс асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул санал хураалт явууллаа.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 63 хувь нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнийг Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих түр хорооны даргаар сонгохыг дэмжиж, “Түр хорооны даргыг сонгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ DNN.mn

Тариаланчид, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам даваа гүвээнд халтиргаа, гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна.

2022 оны 10-р сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нийт нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 9-14 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч 0 хэм орчим байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч 0 хэм орчим байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч 0-2 хэм хүйтэн байна.


2022 оны 10 дугаар сарын 16-наас 10 дугаар сарын 20-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 19-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 16-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна. 17-нд нутгийн баруун хагаст, 18-нд ихэнх нутгаар дулаарна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Чингис хаан музейн нээлтийн эхний сарын ажиллах цагийн хуваарь, үнэ тариф DNN.mn

“Чингис хаан” хаад язгууртны музей хэдхэн хоногийн өмнө олон нийтэд үйлчилж эхэлсэн. Тэгвэл тус музейн цагийн хуваарь, үнэ тарифийн мэдээллийг хүргэж байна.


Ажиллах өдөр: Даваа – Ням гараг

Ажиллах цаг: 09:00-17:00
Касс хаах цаг: 15:30-16:00
(Мягмар гарагт амарна)
Жишээлбэл, 2022 оны аравдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн доорх үнээр үйлчилнэ.
Хүүхэд 0-16 нас /Музейн тухай хуулийн 9.1-т … Монгол Улсын харьяат 16 хүртэлх насны хүүхэд … гэж заасан/: Үнэгүй
Ахлах анги 17-18 нас: 15000 төгрөг
Оюутан /бакалавр түвшин/: 15000
Том хүн: 30000 төгрөг
Ахмад настан /Ахмад настны тухай хуулийн 3.1-т заасанчлан Эр 60 наснаас, эм 55 наснаас дээш/: 15000 төгрөг /Музейн тухай хуулийн 9.3-т зааснаар хөнгөлөлттэй үйлчлэх үнэ/
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн /Үнэмлэхтэй/: 15000 төгрөг /Музейн тухай хуулийн 9.3-т зааснаар хөнгөлөлттэй үйлчлэх үнэ/
Гадаадын иргэн: 30000 төгрөг
Гадаад хүүхэд: 15000 төгрөг
Нээлтийг тохиолдуулан өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 2022.10.16-ны өдрийг дуустал үнэ төлбөргүй үйлчилж байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдрөөс томуугийн эсрэг вакцин хийж эхэлнэ DNN.mn

Засгийн газар жилээс жилд томуугийн эсрэг вакцины тоо хэмжээг нэмэгдүүлж, хүн амаа вакцинаар сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Энэ жил БНСУ-ын Грийн кросс үйлдвэрийн улирлын томуугийн эсрэг А, В хүрээний хэв шинжийг агуулсан дөрвөн цэнт вакциныг хүлээн авч дархлаажуулалтыг аравдугаар сарын 15-ны өдрөөс зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Томуугийн эсрэг вакцинаар томуугийн өвчлөлд өртөмхий:
  • 65-аас дээш насны
  • Архаг хууч өвчтэй хүн ам
  • Эрүүл мэндийн ажилтан,
  • 1-5 насны хүүхдүүдэд үнэ төлбөргүй хийх бөгөөд харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын байнгын цэгүүд болон цэцэрлэг дээр дархлаажуулалтын түр цэг байгуулан вакцинжуулна.

Хүүхдүүдэд вакцин хийхийн өмнө эцэг, эх, асран хамгаалагч нарт вакцины талаарх мэдээллийг хүүхдийн байгууллагаар дамжуулан өгч, тухайн хүүхэд сүүлийн нэг сарын хугацаанд томуугийн болон товлолын бусад вакцинд хамрагдаагүй, аливаа нэг халдварт өвчнөөр өвдөөгүй болохыг баталгаажуулан эцэг эхийн зөвшөөрлийн хуудсанд гарын үсэг зуруулсны үндсэн дээр вакцинжуулна.

Мөн 4-өөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, 65 ба түүнээс дээш насны болон архаг өвчтэй хүн, эрүүл мэндийн ажилтнууд харьяа эрүүл мэндийн байгууллага болон ӨЭМТ-ийн дархлаажуулалтын нэгжүүдэд вакцинаа хийлгэнэ.

Томуугийн сайн дурын дархлаажуулалтыг ХӨСҮТ-ийн амбулаторийн 114 тоот дархлаажуулалтын кабинетаар дамжуулан сайн дурын үндсэн дээр иргэд төлбөрөө төлөн хамрагдана.Дархлаажуулалт нь халдварт өвчнөөр зөвхөн нэг хүүхдийг өвчлүүлэхгүй байх асуудал биш, олныг хамарсан дэгдэлт, цар тахлаас нийтийн эрүүл мэндийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг ба дэлхийн 194 орон бага насны хүүхдийг томуугийн вакцинаар дархлаажуулж, хүүхдийн өвчлөл эндэгдлийг эрс бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулж байна.

Тиймээс эцэг, эхчүүд томуугийн цар тахлын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс мэргэжлийн эмчийн зөвлөгөө, зөвлөмжийн дагуу үр хүүхдээ дархлаажуулалтад бүрэн хамруулж, томуугийн өвчлөл хүндрэлээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна.
Эх сурвалж: ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын алба
Categories
мэдээ спорт цаг-үе

М.Анхцэцэг дахин Ази тивийн аварга боллоо DNN.mn

Бахрейн улсын нийслэл Манама хотноо Ази тивийн хүндийн өргөлтийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Энэ удаагийн тэмцээнд 30 орны 187 өрсөлдөж байгаа бөгөөд Монгол Улсаа төлөөлөн дөрвөн тамирчин өрсөлдөж буй.

Тэгвэл өчигдөр эмэгтэйчүүдийн 87 кг-ын жинд гавьяат тамирчин М.Анхцэцэг огцом болон түлхэлттэй өргөлтийн төрөлд алтан медаль хүртэж, нийлбэр дүнгээр тэргүүлэн төрийн дуулалаа эгшиглүүлэв. Тэрбээр огцом өргөлтөөр 114 кг, түлхэлттэй өргөлтөөр 135 кг нийлбэр дүнгээр 249 кг-ыг өргөсөн юм. Зургаан жилийн өмнөх тус тэмцээнд түрүүлж байсан М.Анхцэцэг энэ удаад дахин түрүүлж, Ази тивийн хошой аварга болж байна.

Өмнөх өдрүүдэд эмэгтэйчүүдийн 71 кг-ын жинд Г.Ануужин огцом өргөлтөөр 99 кг, түлхэлттэй өргөлтөөр 116 кг-ыг өргөж, нийлбэр дүнгээр хүрэл медаль, эмэгтэйчүүдийн 76 кг-ын жингийн огцом өргөлтийн төрөлд О.Дархижав 98 кг-ыг өргөснөөр мөнгөн медаль тус тус хүртсэн.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Чулуунцэцэг: Хар нүдэн хүүхдүүд минь хаа яваа бол DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС… АХМАД СЭТГҮҮЛЧ Д.ЧУЛУУНЦЭЦЭГТЭЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГЫГ ХҮРГЭЖ БАЙНА.


1988 онд дайнтай
байсан Афганистанаас 27 афган хүүхдийг Монголд авчирч асарч тойлж байгаад явуулсан
билээ. Тухайн үед афган хүүхдүүдээс ярилцлага авч, сурвалжлага бэлтгэж байсан Монголын
радиогийн ахмад сэтгүүлч Д.Чулуунцэцэгтэй ярилцлаа.


-Монголчууд Афганис­та­наас
хүүхдүүд ав­чирч асарч хүмүүжүүлж байсан. Тухайн үед та тэр хүүхдүүдийн тухай радиогийн
нэвтрүүлэг бэлтгэж байсан гэдэг. Тэр үйл явдлын тухай яриагаа эхэлье. Таныг очиход
ямар­хуу хүүхдүүд угтсан бэ?

-1990 оны намар шиг
санаж байна. Сансрын үйлчилгээний төвийн дэргэдэх “Хараацай” нэртэй цэцэрлэгт хүмүүжиж
байсан афган хүүхдүүдтэй уулзаж сурвалжлага авч байж билээ. Гялалзсан хар нүдтэй,
хөөрхөн бор хүүхдүүд монголоор гайхалтай сайхан ярьж, монголоор дуулж бүжиглэж,
үлгэр ярьж эгээ л монгол хүүхдүүд шиг байсан даа. Үл ялиг аялгуутай, одоогоор манайхны
баруун аймгийн ястны хэл аялгуутай төстэй юм уу даа. Г-г к-гээр хэлэх жишээний аялгуутай
ярьдаг. Гэхдээ ээрч түгдрэх, хүний яриаг ойлгохгүй эргэлзэж тээнэгэлзэнэ гэж ер
үгүй. Монголд ирээд хоёр жил болчихсон болоод ч тэр үү, яг л монгол хүүхдүүд шиг
ярьж байсан. Би тэдэнтэй хагас өдөр бужигнаж өнгөрөөсөн дөө. Тэдэнтэй хамт хоёр
багш дагаж ирсэн нь монголоор бага сага ярьдаг болчихсон байсан. Тэр цэцэрлэгийн
багш казах бүсгүй гол орчуулагч. Та бүхэн тэр багшийг олж ярилцлага хийвэл олон
сонин зүйл ярих байх даа.

-Ээж ааваасаа хол,
хүний нутагт ирсэн хүүхдүүд юуны талаар ярьж байв. Та тухайн үед хийж байсан ярилцлагаасаа
манай уншигчдад сонирхуулахгүй юу. Тэд нэлээн сахилгагүй хүүхдүүд байсан гэдэг?

-Сахилгагүй байсан
эсэхийг сайн хэлж мэдэхгүй юм. Хүүхдүүд хойно хөдөлгөөнтэй байсан байх, ямар ч байсан
тун сэргэлэн хүүхдүүд байсан даа. Олонхи нь 4-5 орчим насны хүүхдүүд. Яг л манайхны
хүүхдүүд шиг хоорондоо уралдаж ирээд л ярина. Миний асуултад бие биеэсээ өрсөж ярих
гэж урагш давшиж зүтгэлээд, хоорондоо түлхэлцэж, сандарч тэвдэхдээ бүр ээрч түгдрээд
л… тэдний тэр хөгжилтэй хөөрхөн байдал одоо ч миний нүдэнд тодхон харагдаж байна.
Энэ дурсамжаа эргэн санах бүр тэд маань одоо хаана, юу хийж яваа бол доо гэж эрхгүй
бодогддог юм. 2008 онд бил үү дээ, Ираны радиогоос зарласан Олон улсын уралдаанд
“Радио цомог” нэвтрүүлэг бэлтгэж оролцохдоо “Хар нүдэн хүүхдүүд минь хаа яваа бол”
гэсэн бүлэгтээ өнөө афган хүүхдүүдтэй хийсэн ярилцлагаа, тэдний дуу хууртай оруулсан
юм. Энэ нэвтрүүлэг маань сүүлийн шат хүртэл давхисан даа.

Тэр ярилцлагын маань
гол баатар Суммоли хүү байсан юм. Хүү ярихдаа: “Би том болоод баатар болно. Дайн
муухай, хүмүүс буудалцаад, байшин нураад, хүүхэд уйлаад. Би дайнд дургүй…” гэж
ирээд ярьсан байдаг юм. Тэр яриа одоо хүртэл надад хадгалагдаж байдаг юм. Би тэр
нэвтрүүлгээрээ Суммоли хүү болоод бусад хар нүдэн охидуудаа дурсан санаж “Хар нүдэн
хүүхдүүд минь хаа явна даа, та нарыгаа монголчууд бид мартаагүй ээ…” гэсэн юм.
Ер нь би тэднийг одоо ч дурсч, ярьж байдаг. Харин хүүхдүүд маань танай тэр афган
жаалууд чинь террорист болчихсон яваа бол яана гэж намайг цаашлуулж суудаг юм.

-Афган хүүхдүүдийн
талаар тухайн үед хүмүүс ямар хандлагатай байсан бол. Тухайлбал таны нэвтрүүлгийг
хүмүүс яаж хүлээж авсан бэ. Өөрсдийгөө яая гэж байж юун гадны хүүхэд асрах гэж хэмээн
ундууцах хүн байсан уу?

-Өө, манайхан тун
сайхан хүлээж авдаг байсан шүү. Тэр үед тэдний талаар телевизээр ч бас нэлээд нэвтрүүлдэг
байсан. Гэхдээ тэр афган хүүхдүүдийн яриа, бичлэг миний хувийн фондод л үлдсэн шиг
байгаа юм. Миний тэр сурвалжлага дотоодын сонсогчдод биш гадаадын чиглэлд зориулсан
юм. Тухайн үед Японы сонсогчдоос сонирхсон, гайхсан захидал хүртэл ирж байсныг санаж
байна. Монголчууд афган хүүхдүүдийг асарч өсгөж байгаа нь, афган хүүхдүүд монгол
хэлээр ярьж байгаа нь тэдний сонирхлыг үнэхээр татаж байсан байх.

Хар нүдэн хүүхдүүд
минь хаана юу хийж яваа бол доо, Суммоли хүү маань яаж яваа бол доо гээд бодогдоно
доо. Магадгүй тэр хүү хүсээгүй буугаа бариад буудалцаж явааг үгүй гэх аргагүй. Нутаг
орон нь дайны хөлд байгаа хойно сайн сайхан юм бодогдох нь ховор доо. Нэг үе хар
нүдэн хүүхдүүдийнхээ эрэлд мордохсон гэж их боддог байлаа.

-Одоо дайнд нэрвэгдээд
байгаа сири хүүхдүүдийг авчирч асарч өсгөж өгье гэж манай сонин бичиж байгаа. Үүнийг
та зөв гэж бодож байна уу?

-Монголчууд хэзээнээс
ядарч зовсон нэгэндээ тусалж ирсэн ард түмэн. Манайхан энэ талаар ер нь уламжлалтай,
бас туршлагатай ч гэж хэлж болох байх. 1950-иад оны сүүл үеэр Солонгосын өнчин хүүхдүүдийг
сургаж хүмүүжүүлж байсан. Тэдний амьдарч байсан байшин өнөө ч Зайсангийн аманд бий
шүү дээ. Тэр үед би цэцэрлэгт байсан юм. Одоо Чингисийн хөрөг буй уулын орой дээр
хоёр хүн чулуу хэлбэртэй чулуу байдаг байв. Манай цэцэрлэгийн хүүхдүүд “Солонгос
сургуулийн хүүхдүүд гэрээ санаад гэр рүүгээ явах гэж байгаад энэ уулын орой дээр
эндсэн юм. Тэгээд энэ хоёр чулууг босгосон гэнэ лээ” гээд “бурдаг” байж билээ. Инээдтэй
шүү, хүүхдүүд л өөрсдийнхөө сэтгэхүйгээрээ ургуулан бодсон зүйл байсан байх даа.
Дараа нь Афганы хар нүдэн хүүхдүүд амар тайван хэдэн жил болоод нутаг буцсан. Тухайн
үед үр хүүхэдтэй болохыг хүссэн хүмүүс өргөж авах санаатай очиж байсныг би мэдэх
юм байна. Тэр хүүхдүүд хоёр улсын гэрээгээр ирсэн. Бүтэн өнчин ховор. Олонхи нь
эх нь үгүй ч, эцэг нь цэргийн хүн байдаг. Тэд буцахаараа байлдаж байгаа аавууд дээрээ
очно гээд буцааж байсан тухай сураг сонсож байсан.

Солонгос, Афганы өнчин
хүүхдүүдэд орон гэр нь, эцэг эх нь болж байсан манай улс сири хүүхдүүдийг хүлээж
авахад болохгүй нь юу байхав. Ер нь монголчууд бид өнчнийг өрөвдөж, өөрөө хоосон
ч өрөөлийг хооллож чаддаг хүмүүс шүү дээ. Тийм болохоор туршлага ч байна, сэтгэл
ч байна гэж бодож байна. Би хувьдаа танай сонины уриалгыг дэмжиж байна.

-Та их олон сурвалжлага
хийж, олон янзын хүмүүстэй уулзаж ярилцаж байсан байх. Хамгийн тод санаанд үлдсэн
үйл явдал ч юм уу, сонин намтар түүхтэй хүмүүсийн тухай ярья гэвэл алийг нь онцлох
вэ?

-Би радиод ажиллах
хугацаандаа олон үйл явдалд оролцож, олон ч нэвтрүүлэг бэлтгэж байсан. Аль бүгдийг
ярьж барах билээ. Тэр бүгдийн дундаас Афганы хар нүдэн хүүхдүүдтэй уулзаж хийсэн
нэвтрүүлэг минь хамгийн сонин содон, хамгийн их сэтгэл догдлуулсан мартагдашгүй
үйл явдлын нэг байсан гэж боддог юм. Миний бүтээлийн бараг 80-аас илүү хувь нь гадаадынханд
чиглэсэн байдаг тул Монголоороо бахархаж, монголчуудаа магтан дуулсан байдаг юм.
Гадаадын сонсогчид олны танил хүмүүсээс илүүтэй эгэл хүнийг сонирхдог юм. Гадаадынханд
зориулсан “Хүмүүс” булангаараа 11 хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн Мэндсэн ээж, хараагүй
дуучин бүсгүй Баярдулам, тэмээчин эмэгтэй Аюуш… гээд эгэл хүний тухай өгүүлсэн
нэвтрүүлгүүдэд их олон захидал ирж байлаа. Монголын 11 хүүхэдтэй ээжийн нэвтрүүлгийг
сонсоод Хирошима хотын иргэн “11 хүүхэд төрүүлж өсгөнө гэдэг бидний санаанд буухгүй
байна. Манай гэр бүл ганц хүүхэдтэй мөртлөө ажил их, амжихгүй гээд эцэг, эхээрээ
хүүхдээ харуулдаг. Таны нэвтрүүлгийг сонсоод бид бодлоо өөрчилж, хүүхдээ өөрсдөө
өсгөхөөр шийдлээ” гэж бичиж байлаа. Ер нь эгэл хүмүүс л жинхэнэ монгол, монголчуудын
төлөөлөл болдог юм.

-Та сургуулиа төгсч
ирээд л Монголын радиод ажил­лаж, тэндээсээ тэтгэвэртээ гарсан гэхээр олон жилийн
үнэнч хөдөлмөр санагдаж байна. Таныг анх радиод ирэхэд хуучны ланжгарууд байсан
биз?

-Тэгэлгүй яахав. Мундаг
ланжгаруудын гар дээр ирсэн азтай хүн шүү, би. Радиогийн нэрт сэтгүүлч Соёлын гавьяат
зүтгэлтэн Гүнсэн, Сандуйжав гуай биднийг тосож авч байлаа. Би анх хятад хэлний редакцид
орчуулагчаар ирж байсан. Тэр үед нэрт сэтгүүлч С.Одхүү, Лувсандорж, Нанж.Лхагва,
Ү.Хүрэлбаатар нарын материалыг орчуулж хөлд орж, хэл зүгширч үеийн нөхөд П.Соёлдэлгэр,
Б.Нарантуяа, А.Авирмэд, С.Цогтсайхан нартай өрсөлдөж сэтгүүлч болж билээ.

-Монголын радио
хятад хэлний мэргэжилтнээ бэлтгэхдээ Вьетнамд бэлтгэж байсан сонин үе байжээ. Тэр
үеийн талаар та ярихгүй юу?

-Энэ бас л түүхийн
нэгэн үйл явдалтай холбоотой юм даа. Радиод орчуулагчаар ирээд хоёр жилийн дараа
Монголын радио, Вьетнамын радио хоёрын хамтын ажлын хүрээнд Вьетнамын радиод нэг
жилийн хугацаатай сурахаар явсан юм. Тэр цаг үе бас сонирхолтой байсан даа. Хятад-Вьетнамын
дайнаас ердөө ганц сарын дараа Вьетнамд очиж билээ. Вьетнамын хүнд үеийн амьдралыг
нүдээр үзэж, биеэр туулсан. Бас Хятад-Вьетнамын цэргийн олзлогсдыг солилцох түүхэн
үйл явдал, дайны хөлд нэрвэгдсэн Лангшон мужийг нүдээр үзэж, дарийн утаа үнэрлээд
авсан гэж байгаа.

-Та орчуулагчаар
ажиллаж байгаад сэтгүүлч болсон. Одоо харин сэтгүүлчийн мэргэжлээр сурч байгаа залууст
багшилж байгаа байх аа?

-Би 1977 онд МУИС-ийг
хэл уран зохиолын багш, хятад хэлний орчуулагч гэсэн хос мэргэжлээр төгсөж, мөн
жилээ Монголын Радиогийн Гадаад нэвтрүүлгийн Хятад хэлний редакцид ирж 10 жил орчуулагч
хийж байгаад сэтгүүлчийн мэргэжил рүү урвасан юм. Радиогийн Гадаад нэвтрүүлгийн
албанд 30 жил ажиллахдаа гадаадынханд монгол, монголчуудаа бичиж, монголоороо гайхуулж,
бахархаж ирсэн. Харин сүүлийн таван жилд нь радиогийн өргөн нэвтрүүлэгт ажиллаж
байгаад одоо СУИС-ийн Радио-Телевизийн сургуульд багшилж байна. Багш болсноор ном
гаргах ажилтай сууж байна даа. Хэрэв багш болоогүй бол нэг ч ном гаргахгүй байсан
байх. Одоогийн байдлаар хоёр ном бэлтгээд байна. Нэг нь радио, телевизийн сэтгүүлзүйн
оюутан, магистрантуудад зориулсан “Эфир ба сэтгүүлч” ном олны хүртээл болсон.

-Таны радио бүтээлийн
сан хэр арвин бол?

-Өө, тоолж тооцож
барахгүй л дээ. Харамсалтай нь радио бүтээл
хадгалагдаж үлдэх нь ховор юм. Нэвтрээд арчигдаад өнгөрчихнө. Залуу байхад бүтээлээ
хайрлаж, хадгалахаа мэддэггүй байж. Радиогийн алтан санд орсон бүтээлүүдээс гадна
ямар нэгэн байдлаар гар дээр үлдсэн бүтээлийнхээ багахан хэсгээр нь энэ номоо бүтээж
байна. “Монголын дуу хоолой” радио өнөөдөр 50 нас өнгөрч байна. Гэхдээ манай хүмүүс
биднийг бараг л мэддэггүй юм. Харин гадаадад бол мэдэхээр барахгүй, бүр тооно шүү
дээ…/инээнэ/

-Танай сонсогчдын
захидлууд хөгжилтэй сонин содон асуултаар дүүрэн байдаг гэсэн. Та сонирхуулахгүй
юу?

-Энэ тухай хэлнэ гэвэл
барагдахгүй ээ. Харин санаж байгаа хэсгээсээ хэлье. Тухайлбал гадныхан “Малчид нүүж
суухдаа газрынхаа чиг баримжааг яаж тогтоодог вэ, эргээд бууриндаа төөрөхгүй ирж
чадах уу?, Монголд мал хариулдаг нохой байдаг юм байна. Харин тийм муур байдаг болов
уу?, Монголд хүмүүс, тэр дундаа хүүхдүүд траншейнд амьдардаг тухай сонсоод их цочлоо.
Энэ бол Японд төсөөлшгүй зүйл. Монголд баян, ядуугийн ялгаа хэр байдаг вэ?, Улаанбаатарчууд
зун болохоор зуслангийн байшин руугаа нүүдэг гэж сонслоо. Японд зуслангийн байшинтай
хүмүүс тийм ч олон биш. Ингээд бодохоор монголчууд илүү баян тансаг юм биш үү?,
Малчид тэр олон зуун малаа яаж ялгаж таньдаг юм бэ…? гэх олон хачин асуултынхаа
хариуг авахаар хүлээнэ. Харин энэ болгон нь бидэнд шинэ санаа өгч, дараа дараагийн
нэвтрүүлгийн маань эхлэл болж байдаг юм шүү дээ.

-Ингээд бодохоор
гадаад нэвтрүүлгийнхний бичлэгийн өнгө төрх нэлээд өөр байх даа?

-Бидний бичлэгийн
өнгө төрх, хэв маяг өргөн нэвтрүүлгийнхээс өөр өө өөр. Тухайлбал, зөвхөн монгол
хүн л ойлгож мэдэх өвөрмөц ахуй, ёс заншил гээд олон зүйлийг бичлэгийнхээ өнгө төрхийг
алдагдуулахгүйгээр тайлбарлан хүргэх. За тэгээд ямар ч мэдээллийг үндэсний онцлогоо
илэрхийлэхийн хамт сонирхолтойгоор хүргэх гээд олон зүйл бий. Манай сонсогчид бидэнд
урам хайрлаж, биднийг хөглөж хөгжөөхөөс гадна бас шударга шүүмжлэл, хатуу үг ч дуулгана.
Надад тохиолдсон нэг зүйл одоо ч санаанаас минь гардаггүй юм. Нэг удаа “Дуут элс”
гээд тэмдэглэл бичлээ. Дараахан нь Японы нэг сонсогчоос “Дуут элс” гээд сонирхолтой
нэвтрүүлэг сонслоо. Харамсалтай нь тэр элс яаж дуугардгийг нь сонсгосонгүй дээ…” гэж бичсэн байсан. Нээрэн тийм шүү дээ, миний
санаачилга дутсан хэрэг. Тэр явдлаас хойш жилийн дараа Германы Дойчивэлли радиогийн
сурвалжлагчтай хамт Хонгорын элсэн дээр очих үедээ өнөө дуу чимээг бичиж авах болов.
Харамсалтай нь салхи шуургагүй зуны сар байсан болохоор бүтэхгүй болов. Харин нутгийн
хэдэн залуу элс нураахаар болж, би аппаратаа
үүрээд манхан өөд зүтгэлээ. Нэлээд явж байгаад ядраад зогсож байтал дээр онгоц нисэж
байна шүү. Дээшээ хараад онгоц хайгаад байв. Гэтэл өнөө залуус: “Зүтгээд бай эгчээ… дуугарч байна, сонсож байна уу…?” гэлээ. Гэтэл
элсний нуралт онгоц шиг дуугарч байгааг сая мэдээд тэр чимээг бичиж авахаар аппаратаа
залгаж билээ.

-Олон жил гадаадын­ханд
хандаж Монгол, монголчуудынхаа тухай бичээд ирэхээр монголоороо омогших сэтгэл хүн
хүнээс илүү төрдөг байх даа?

-Тэгэлгүй яахав. Ёстой
нэг омогшино шүү дээ. Ер нь өөрөө барьж байгуулж, хийж бүтээсэн юм шиг хөлсч хөөрдөг
юм, сонин шүү. Бидэнд гадаадын сонсогчдын
ирүүлсэн асуулт бичих сэдвийг минь хэлээд өгчихдөг юм, сайхан шүү. Харин тэдний
сэтгэлд хүртэл хийх нь л чухал… Би сонсогчдоо хүүхэдтэй адилтгаж нэвтрүүлгээ хийхийг
хичээдэг. Яагаад гэвэл тэдэнд бидний талаар мэдэхгүй, бүр төсөөлөх ч үгүй зүйл их
бий. Дээр сонирхуулсан сонсогчдын асуултуудаас та анзаарсан байх. Тиймээс тусгайлан
хандсан тайлбарт нэвтрүүлэг хийхээс гадна бусад нийтлэл нэвтрүүлэг дотор тэдэнд
ойлгомжгүй зүйлийг тайлбарлах шаардлага гардаг. Чухам энэ л бидний нэвтрүүлгийн
гол онцлог юм даа. Ямар ч үед “Миний сонсогч хэн бэ?” гэдгийг мартаж болохгүй. Жишээ
нь торомны уралдааны тухай бичихдээ, “…Сонсогч та, тором гэж ямар амьтан болохыг
мэдэх үү? Энэ бол дороо нэг юм уу, хоёр дүүтэй, дөнгөж хөхнөөс гарч яваа жаахан
тэмээ. Мориор бол даага, хүнээр бол гурван настай хүүхэд. Та бодоод үз дээ, дөнгөж
хөхнөөс гарч яваа амьтан гэхээр ямар байх билээ. Уралдаж яваагаа мартаад өөр тийшээ
давхиж мэднэ. Уралдааны замд нэг тором урагш давхихгүй адарч, унасан жаахан эзнээ
мөн ч их зовоож харагдана билээ. Манай телевизээр гардаг “Мөлхөө тамирчид” нэвтрүүлгээр
хэдэн маамуу уралдаж, зарим нь ээж рүүгээ зүтгэж уралдааны замаас гарч, зарим нь
уралдаж яваад гэнэт зогсож амьтан хүнийг инээлгэж байсан шиг явдал мөнөө л торомны
уралдаан дээр гарч байлаа. Эхний зургаад давхиж явсан торомны овсгоотой эзэн бариан
дээр эхийг нь буйлуулахад өнөө тором эх рүүгээ ухасхийн хурдалснаар айргийн тавд
орж, хурсан олныг хөгжөөж билээ…” гэж “Тэмээний баяр”-аас хийсэн тэмдэглэлдээ
бичих жишээний.

-Өнөөдөр манай
хүүхэд залуучууд ч бас гадаадынхан шиг болчихоод байна шүү дээ, тиймээ?

-Харин тиймээ, бас
нэг хөгжилтэй зүйл хэлье. Нэг орчуулагч охин
тором гэхийг “Тормо машин” гэж орчуулсан тухай хөгжилтэй яриа миний нэвтрүүлэгт
бий. Би бас хичээл дээрээ гадаадынханд зориулсан “Гүүний үрс гаргах ёс”-ны тухай
нэвтрүүлгээ сонсгохооос өмнө “Гүүний үрс гаргах” гэж юуг хэлдэг вэ? гэхэд мэдэх
хүүхэд бараг л байдаггүй юм билээ. Гэхдээ сэтгүүлч болох хүн мэдэх л хэрэгтэй. Уншиж
танилц, хөдөө нутгаараа яв, үзэж хар, асууж лавла гэж хүүхдүүддээ хэлдэг юм даа.