Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Помпейн сүүлчийн шөнө буюу Везуви галт уул DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС ДАРААХ НИЙТЛЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.


…Наймдугаар сарын 24-ний үдийн үед уулын дээр асар том үүл бий болжээ. Тэр үүл томрон улам өндөрт хөөрч аварга том мөчир салаагаа өргөн тэлж буй моддыг санагдуулж байв. Зарим хэсгээр цагаан, өөр хэсгээр үнс мэт саарал толботой байлаа. Салхины хүчтэй урсгалд хөөгдөн улам дээшилж байснаа салхины хүч буурсан хэсэгт өргөжин том болж тас хар үүлс тэнгэрийг бүрхлээ. Тэрхүү аварга том хар үүлэн дундуур аянга цахилж, өмнө нь хэзээ үзэгдэж харагдаж байгаагүй нэн аймшигт сүртэй үзэгдэл бий болов. Эхэндээ багахан үнс нурам бууж эхлэв. Намайг эргэн харах үед өтгөн манан мэт зүйл биднийг чиглэн айсуй. Хааж битүүлсэн өрөөн доторх шиг харанхуй бүрхэг боллоо. Хүүхэд эмэгтэйчүүдийн орилох, эрчүүдийн чангаар ярилцах сонстож байв. Хүүхдүүд эцэг эхээ дуудаж байхад өөр газар нь эхнэр хашгиралдаж байхад бас хэсэг нь бурханд хандан гараа дээш өргөн гуйж, мөргөж залбирцгааж байлаа. Гэтэл бас маш олон хүн тэнгэр бурхан гэж үгүй ажээ, ингээд ертөнцийн мөхөл, үүрдийн харанхуй ирлээ гэцгээж байв…

Бага Плинигийн үлдээсэн тэмдэглэлд ийн бичжээ. Хүн төрөлхтний түүхэнд магадгүй хамгийн их судлагдсан, бас тэр хэрээр домог болсон галт уул бол Везуви хэмээх алдарт уул юм. 2000 орчим жилийн турш судлагдаж байгаа гэж эх сурвалжуудад өгүүлсэн нь бий. Харин Везуви уул идэвхжин дэлбэрсэн тухай анхны бичээс нь эхэнд өгүүлсэн Ромын их эрдэмтэн зохиолч Бага Плинийн 79 оны тэмдэглэл юм. Италийн хамгийн үзэсгэлэн төгс газруудын нэг бол Неополитаны булан бөгөөд яг эрэг дээр нь мөнөөх алдартай галт уул болох Везуви оршин байх ажээ. Европын эх газар дээр оршин байх галт уулсын цор ганц нэн идэвхтэй бүс энд байдаг. Үе үеийн өндөр соёл иргэншлүүд энд байсаар иржээ. Анир чимээгүй, нам гүмхэн, амгалан тайван байдал, бас хосгүй үзэсгэлэнт байгаль нь ямар ч хүнийг эрхгүй татна.

Гэвч мөнөөх галт уулын доод гүнд ямархан их хүч хуримтлагдан хэзээ мөдгүй тэсрэн оргилох мөчөө хүлээн байгааг хэн ч үл мэдэж байлаа. Өдөр тутмын энгийн амьдрал үргэлжилж, ард иргэд нь хийдэг хийдэг ажлаа хийн, нам гүмхэн байж. Уг нь Везуви уулын бэлээр, тэнгисийн эрэг дээр Помпей, Оплонтис гэх мэт тухайн үеийн хөгжил цэцэглэлийн оргил болсон гоо үзэмж төгс хотууд оршин байсан юм. Харин тэнгисээр цэргийн хөлөг онгоцууд эргүүл хамгаалалт хийн дээрэмчдээс худалдааны хөлгүүдийг хамгаалдаг байсан бөгөөд тэдгээрийг байгаль судлалын томоохон эрдэмтэн бол Том Плини захиран удирдана. Плинитэй хамт түүний ач хүү болох бага Плини байнга явах ба гагцхүү түүний бичин үлдээсэн тэмдэглэлээс өнөөгийн бид тухайн үед болсон эмгэнэлт, харуусалт үйл явдлын талаар мэдсэн билээ.

1979 оны наймдугаар сарын 24-ны өдрөөс маш хүчтэй газар хөдлөлт болж ойр орчинд байх хүмүүсийг сандралд оруулав. Газар хөдлөлттэй зэрэгцэн галт уул үнс нурам, халуун хайлмагаар оргилж эхэлжээ. Галт уул оргилж эхэлсэн нь аймшигтай халуун тамын эхлэл болж төд удалгүй хар бараан үнсэн үүл тэнгэрт бүрхжээ. Хүмүүс яахаа үл мэдэн орилолдож эхнээсээ байшин барилгууд үнсэнд дарагдаж, байшингийн дээврүүд тэр хүнд үнс нурам, халуун чулууг үл даан цөмөрч байсан гэдэг. Гудамжаар нь эмх замбараагүй байдал газар авч хаана хэнд хандаж яахаа үл мэдэх энгийн иргэдээр дүүрчээ. Яг ийм үйл явдлын талаар “Помпейн сүүлчийн өдрүүд” гэх кино бий. Энэ киног олж үзвэл тухайн үед юу болсон талаар боломжийн зүйл олоод мэдчихнэ. Хэдхэн өдрийн өмнө хөгжил цэцэглэлт нь ид бадарч байсан Помпей, Стабия зэрэг хотууд газрын хөрснөөс нэгэнт арчигдсан байлаа. Ийм аймшигтай үйл явдал болж байхад усан флотын захирагч хөлөг онгоцуудаа эргийн зүг залж ганц ч болов хүнийг аврахаар зүтгэсэн тухай бага Плинийн тэмдэглэлд бий.

Бага Плини

“… Хөлөг онгоцууд ойртох тусам үнс нурман аадар улам л ширүүсч, аймшигтай халуун болж, чулуу, халуунд халж бутарсан уушгин чулуунууд дээрээс унаж, бараг л чулуун бороо болж, тэнгис хүчтэйгээр татарч галт уулын дэлбэрэлтээс болж эрэгт ойртох аргагүй байв. Энэ хооронд Везуви уулын оройгоос улаан гал хилэнтэйеэ цухалзаж төд удалгүй тэнгэр өөд асар өндөр галан багана бий болж үнс утаанд дарагдан харанхуй нөмөрсөн газарт асар хурцаар харагдаж байлаа” хэмээн өгүүлжээ. Зөвхөн энэ хэсгийг уншиж үзэхэд л тэнд болсон аймшиг төсөөлөхөд ч нэн бэрх. Хэдий тийм хүнд бэрх байсан хэдий ч тэнгисийн флотынхон Том Плинээр удирдуулан ямар ч гэсэн эрэг дээр газардан хот руу очсон гэдэг. Энэ тухай мөн л бага Плинийн тэмдэглэлд буй.

…Байшингуудын хаалга цонх, эзэмшлийн хашаа гээд бүгд үнс нурам, уушгин чулуугаар дарагдан онгойх зүйл байхгүй болжээ. Хаалга үүд нь ч хаа байгааг мэдэхийн эцэсгүй болж, зөвхөн л баримжаа авах төдий болж. Тэнд амьд байгсад байшинд үлдэх үү эсвэл ямар нэгэн аргаар гарцгаах уу гэж ярилцана.

Ер бусын аймшигтай доргилт, чичиргээнээс болж байшин юу юугүй нурж унах гэж байлаа. Байшингаас гарлаа гэхэд ч гадаа ч мөн найдвартай биш, амьд үлдэх эсэхэд туйлын эргэлзээтэй байв. Тэнгэрээс бөөн бөөн уушгин чулуу унаж байх нь чулуун бороо гэхээр болж үнэхээр аюултай, бас аймшигтай байлаа. Дээрээс унах чулуун аадраас тархи толгойгоо хамгаалахын тулд толгой дээрээ дэр болон бас бус зүйл тавин алчуураар дарж боосон хүмүүс хаа сайгүй гүйлдэж харагдана. Дэлхийн өөр хаа нэгтэй газар цэлмэг сайхан, гайхалтайгаар амьдрал өрнөсөн өдөр байгаа бол яг энэ үед энд аймшигт түнэр харанхуй шөнө мэт болж Везуви галт уулын аварга том галан оргилуур, бас бус жижиг цучилууд тийм түнэр харанхуйг гэрэлтүүлж эс дийлэн, аргагүй хүч үл хүрэн байв. Тэнгисийн эрэгт яаж ийгээд хүрцгээх шийд гарган явсан хэдий боловч тэнд улам аюултай байжээ. Хэзээ мөдгүй дөхөн ирэх гал, хүхрийн аймшигт үнэрээс дайжин зугтаах хүмүүс үй олноороо хошууран дайрч авга ахыг минь дайран унагаав. Хоёр зарцаараа түшүүлэн өндийсөн боловч тэрээр дахин үхэтхийн уналаа. Галт уулын хорт бохир утаанд амьсгал боогдон унав гэж би бодлоо… гэжээ.

Ер нь л уг галт уулын дэлбэрэлтийн цар хүрээ нь маш их, байсан бөгөөд бараг л 40-50 км-ын зайнд орших нөгөө эрэг дээр унах үнс нурам, шороо хүн дарж алахаар байжээ. Уг аймшигт явдал бараг бүтэн гурван өдөр үргэлжилсэн агаад үр дүнд нь зөвхөн аймшиг, сөнөж сүйдсэн хот, дарагдаж, дайрагдаж үхэгсэдийн цогцос л аймшигтай их үнс нурамнаас харагдаж байсан гэдэг. 1979 онд болсон гурван өдөр үргэлжилсэн аймшигт явдлын дараа Везуви галт уул үе үе идэвхжиж, дэлбэрч байсан юм. 1631 оны сүүлчээр дахин хүчтэй дэлбэрчээ. Яг 1551 жилийн дараа. Бас л ойр орчмынх нь хот тосгод сүйрч, арваад мянган хүний амийг авсан тухай бичээсүүдэд бий. Ойр хавийн газрууд мөн л үнс нурманд дарагдан, галт уулаас урсан гарах халуун хайлмаг тун богинохон хугацаанд урссаар тэнгисийн усанд хүрсэн гэдэг. 1906 оны дөрөвдүгээр сард бас дахин асар хүчтэй дэлбэрчээ. Харьцангуй орчин цагт болсон дэлбэрэлтийн дараах дүр зураг бас л аймшигтай байсан тухай дурдагддаг. Везуви дэлбэрэхээс бараг хоёр жилийн өмнөөс эхлэн галт уулын тогоо нь халуун хайлмагаар дүүрч, байсгээд жижгэвтэр дэлбэрэлт үүсч байж. 1906 оны дөрөвдүгээр сарын 4-нд галт уулын тогооны амсраас хэдэн зууны өмнө яг л ингэж байсан болов уу гэмээр хар утаа асар хүчтэйгээр дээш хөөрч, асар халуун хайлмаг урсаж эхэлжээ. Саарал үүлс тэнгэрийг бүрхэн авч үнс тортог ойр хавийг бүрхэн авч, нүргэлсэн дуу тэр хавьд цуурайтан их хэмжээний хайлмаг хотын зүг урсжээ. Энэ удаад галт уул бүтэн дөрвөн өдөр хилэнгээ бадруулж, байгалийн сүр хүчийг хүн төрөлхтөнд дахин нэг мэдрүүллээ. Ойролцоогоор хоёр метр хавьцаа зузаан үнс нурам дарсан гэдэг. Агаарт цацагдсан асар их үнс нурам олон хоног хотуудыг бүрхэж, айдаст автсан хүмүүс орон гэрээ орхин дүрвэцгээсэн авч орон гэртээ үхсэн хүмүүс маш их байжээ.

Помпей хотын гудамж

1944 онд Везуви дахин нэг дэлбэрсэн бөгөөд уулын хажууд байх Сан Себестиан хот багагүй өртөж хохирчээ. Түүхэнд хамгийн анх тэмдэглэгдсэн 79 оны дэлбэрэлтээс хойш бараг 2000 жил өнгөрчээ. Хэдийгээр тийм аймшигтай явдал болсон тухай яригдах авч ерөнхийдөө л хүмүүс мартжээ. Харин 79 оноос хойш буюу бүхэл бүтэн 1700 орчим жилийн дараа Везуви уулын хажууд газар ухаж байсан хүмүүс эртний нэгэн шүтээний баримал олсноос улбаалан археологийн малталт хийж үнс нурманд мөнхөд дарагдан хоцорсон Помпей хотын туурийг олж илрүүлсэн юм. 7-12 метрийн зузаан нурман дороос тухайн үеийн хөгжил цэцэглэлтийн илэрхийлэл болсон, уран барилгын гайхамшигт хийцтэй сүм дуган, соёлын газар, зураг, дарханы урлан, байшин барилга, үй олон урлагийн бүтээл сэлтийг малтан гаргасан билээ. Дагтаршсан үнс нурман дунд үе үе таарах хоосон хөндий газруудаас амиа алдагсдыг ч олж байна. Эцсийн амьсгалаа хураахын өмнө ямархуу байдалтай байсныг өнөө цагт технологийн тусламжтайгаар тооцоолон гаргадаг. Үр хүүхдээ энгэртээ наан аюулаас хамгаалахыг хичээсэн эх, эхнэрээ тэврээд гүйж яваад унасан болов уу гэж таамаглахуйц тэврэлдсэн хоёр хүний гээд эндээс тэр цаг үед болсон зүрх шимшрэм үйл явдлын багахаан төсөөллийг харж болно. Везуви галт уул дэлбэрэх бүртээ өндөр нам болж байдаг учир яг таг нарийн хэмжээ байхгүй. 1000 метрээс бол хол илүү гарахгүй. Тогооных нь гүн 200 орчим метр, тойргийн хэмжээ нь 500 гаран метр бөгөөд дотогш их л хүнхэр тул орж болохгүй. Бас л хэзээ ч дахин сэрж, байгалийн сүр хүчний өмнө хүнийг сөхрөөж магадгүй галт уул бол Везуви юм. Оросын алдартай зураач Карл Брюлловын “Помпейн сүүлчийн өдөр” гэх бүтээлд тэр үеийн эмгэнэлт аймшигт явдлыг тод томруунаар дүрслэн үлдээсэн нь бий. Везуви галт уулын дэлбэрэлтэнд сүйрсэн Помпей хот нь судлаачдын хувьд тун үнэтэй судлагдахуун бөгөөд өдгөө малтаж гаргасан гудамжуудаар жуулчид хөлхөж, тэр үеийн аймшгийг сэтгэлдээ төсөөлөн алхдаг билээ.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт шөнөдөө 11 хэм хүйтэн DNN.mn

Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн ~ Toim.mn: Tодорхой тоймлоно

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна.


2022 оны 10-р сарын 16-ны 20 цагаас 10-р сарын 17-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар цэлмэг. Нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-8 хэм хүйтэн, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 3-8 хэм, Их нууруудын хотгор, говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 15-17 хэм, бусад хэсгээр 9-11 хэм хүйтэн, өдөртөө 5-7 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө 12-14 хэм хүйтэн, өдөртөө 5-7 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө 15-17 хэм хүйтэн, өдөртөө 4-6 хэм дулаан байна.


2022 оны 10 дугаар сарын 18-наас 10 дугаар сарын 22-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

18-нд Монгол-Алтай уулархаг нутгаар, 19-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи 20, 21-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 9-14 дулаан байна. 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрнэ.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар
Categories
гадаад мэдээ цаг-үе

Крымийн гүүрний засвар ирэх оны долдугаар сард дуусна DNN.mn

Крымийн гүүрний халдлагыг Украины аюулаас хамгаалах алба зохион байгуулсныг  Путин мэдэгдэв

Өнгөрсөн амралтын өдөр болсон дэлбэрэлтийн улмаас эвдэрсэн Крымийн гүүрийг засварлах ажил ирэх оны долдугаар сард дуусна гэж ОХУ-ын Засгийн газрын цахим хуудсанд нийтлэгдсэн мэдээлэлд дурджээ.

Керчийн хоолойн гүүр гэгддэг 18 км урт Крымийн гүүр нь ОХУ болон Крымийн хойгийг холбосон гол гарц юм.

Энэ сарын наймны өдрийн үүрээр гүүрэн дээр явж байсан ачааны машинд дэлбэрэлт болж, гүүртэй зэрэгцэн орших төмөр замын гүүрэн дээрх шатахуун ачсан ачааны галт тэрэг дэлбэрсний улмаас авто замын зарим хэсэг нь нурсан.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин үүнийг Украины зохион байгуулсан “терроризм” гэж мэдэгдэв.

Тэрбээр телевизэд өгсөн ярилцлагын үеэрээ “Украин улс террорист халдлага үйлдэх оролдлогыг үргэлжлүүлбэл ОХУ хатуу хариу үйлдэл үзүүлнэ” гэдгийг анхааруулсан байна.

Categories
мэдээ цаг-үе

Дорнод аймгийн хэмжээнд ургац хураалт 52.5 хувьтай үргэлжилж байна DNN.mn

Тариалалт 50-60 хувьтай байнаДорнод аймгийн хэмжээнд ургац хураалт 52.5 хувьтай үргэлжилж байна. Тодруулбал, өнөөдрийн байдлаар улаан буудай 15830 га-аас 18102 тн, төмс 145 га-аас 1189.2 тн, хүнсний ногоо 115 га-аас 800 тн, бусад үр тариа 950 га-аас 1184 тн, тосны ургамал 2900 га-аас 1245 тн, малын тэжээл 110 га-аас 500 тн-ыг хураан авчээ.

Ургац хураалтад 190 хүн, буудайн тээвэрт л гэхэд 68 машин, мөн төмс, хүнсний ногооны 34 аж ахуйн нэгж байгууллага, 1243 өрхийн тариалан эрхлэгчид ажиллаж байна гэж ХХААГ-аас мэдээлэв.

Аймгийн ХХААГ-аас оюутан сурагчид, хугацаат болон гэрээт цэргийн албан хаагчдыг ургац хураалтад ажилуулах захиалгыг үр тариа, төмс, хүнсний ногоо, малын тэжээл гэсэн чиглэлүүдээр авч, 250 хүн хүч шаардлагатай гэсэн судалгааг гаргасан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 276 дугаар тогтоолын хүрээнд Дорнод аймаг дахь Политехник коллежийн 165 оюутан намрын ургац хураалтын ажлыг гүйцэтгэж байгаа аж. Тус сургууль нь нийгмийн түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд “Дорнод гурил” ХХК, “Найнги” ХХК, “Сүүн Зээрд” ХХК, “Нарс мод” ХХК, “Галт-Өд” ХХК, “Алтай агро” трейд зэрэг компани оюутнуудыг хуваарилан ажиллуулж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОМИЛОЛТ: “Ховд эко цемент” үйлдвэрийн чулуунцар үйлдвэрлэх хэсэг ашиглалтад орлоо DNN.mn

Ховд аймгийн төвөөс 18 км-ийн зайд орших “Ховд эко цемент ” үйлдвэрийн чулуунцар үйлдвэрлэх хэсэг албан ёсоор ашиглалтад орлоо. Чулуунцар үйлдвэрлэх хэсэгт гал өгөх ёслол энэ сарын 11-нд болсон юм. Цементийн үйлдвэрийн “зүрх” гэгддэг эргэх зууханд гал өгөх нэхүү үйл явдал бол барилгын салбарынхан, тэр дундаа цементийнхний хувьд маш чухал түүхэн үйл явц байлаа. Уг үйлдвэрийн эргэх зууханд гал өгснөөр цементийн чухал найрлага болох чулуунцар үйлдвэрлэгдэх нарийн шат дамжлага ажиллаж эхэлсэн гэсэн үг. Энэ утгаараа Ховдоор зогсохгүй баруун таван аймаг, цаашлаад Монгол Улсын хөгжлийг түргэтгэх зуух ажиллаж эхэлж байна гэдгийг нээлтэд оролцсон албаны хүмүүс нэгэн дуугаар хэлж байлаа.

Уг үйлдвэр одоогоор 400 гаруй ажилчинтай. Зуух галлах ёслол бол үйлдвэрийн ажилчдын хувьд удаан хүсэн хүлээсэн баяр нь байв. Ажлын хувцас, хамгаалалтын малгайгаараа ижилссэн тэд бөмбөлөг, элдэв туузаар чимэглэсэн 84 метр өндөр силос бүхий эргэх зуухтай том байгууламжаа бахдан харцгааж “Одоо юухан байхав. Зуух асвал тэгээд цементтэй боллоо гэсэн үг” гэж ойр зуураа ярилцана. “Ховд эко цемент” үйлдвэр бол байгальд ээлтэй технологиор тоноглогджээ. Ус хэрэглэдэггүй, ямар ч тоос тортог гаргадаггүй.

Барилгын талбайд нийтдээ 62 тоос шүүгч байрлуулжээ. 2018, 2019 оны үед баруун таван аймагт жилдээ 210-220 мянган тонн цементийн хэрэгцээ бий гэсэн тооцоо байжээ. Харин тэр тоо одоо өссөн нь мэдээж. Энэ үйлдвэр жилдээ 300 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай гэхээр баруун таван аймгаа өлхөн хангаад байх боломжтой. Баруун бүс ийм үйлдвэртэй болж байгаагийн бас нэг үндэс бол баруун аймгийнхан төвийн бүсийнхтэй адил үнэтэй цементээр хангагдах. Баруун бүсэд цементийн үйлдвэр байгуулах нь улс орны ирээдүй, хөгжилтэй холбоотой чухал бүтээн байгуулалт учир үүнд төр засгийн зүгээс хэд хэдэн тогтоол гаргаж, дараалсан ажлууд хийсний үр дүнд 2019 онд үйлдвэрийн шавыг тавьж байжээ. Цар тахлын хоёр жилд хил хаагдаж, үйлдвэрийн угсралтын ажил саатах, зогсох зэрэг хүндрэлүүдтэй нүүр тулж байсан ч зөв менежментийн үр дүнд ажлаа нэг ч өдөр зогсоогоогүй учир хагас жилийн өмнө ийнхүү зуухаа галлаж, чулуунцраа үйлдвэрлээд эхэлж байна.

No description available.

Үйлдвэрийн нийт талбай 20 га бөгөөд энэ нь 19 хөлбөмбөгийн талбайтай тэнцэхүйц хэмжээ юм. Энэ талбайд хэрхэн бүтээн байгуулалт өрнүүлснээ “Нью Прогресс” группийн ерөнхийлөгч, “Вестерн холд” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Балжинням ирсэн зочдод сонирхуулаад “Бид эзгүй зэлүүд байсан газарт бүтээн байгуулалт өрнүүлж, үйлдвэрээ сүндэрлүүллээ. Энэ талбайд 30 гаруй барилга, байгууламж босгоод байна.

Сүүлийн үеийн технологиор цемент гаргах цогцолбор гэж хэлж болно. Өнөөдөр бол үйлдвэрийн үндсэн түүхий эд болох чулуунцар галлах зуухаа асааж буй түүхэн өдөр. Энэ түүхэн бүтээн байгуулалтад оролцсон бүх хүмүүс, компаниуддаа талархал илэрхийлж байна. Мөн баруун таван аймгаа цементээр хангах болно гэдгээ энэ дашрамд илэрхийлье” хэмээгээд ёслолын ажиллагаа нээгдсэнийг мэдэгдэхэд Монгол Улсын төрийн дуулал эгшиглэж, дараа нь салют буудуулж, нэгэн дуугаар хурайлцгаалаа.

No description available.

Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди “Дөрвөн жилийн өмнө цаасан дээр байсан төлөвлөгөө өнөөдөр ийнхүү бодит ажил болж, үйлдвэрийн зүрх болох зуухыг нь асааж байгаа нь бахархахгүй байхын аргагүй түүхэн үйл явдал болж байна. Энэ бол хөгжлийн галыг бадраах үйл явдал. “Үйлдвэрлэгч Ховд” болоход хувь нэмрээ оруулах үйлдвэр болж байна. Ховд, баруун таван аймаг, Монгол Улсын хэмжээнд хувь нэмрээ үзүүлэх бүтээн байгуулалт юм. Нөгөөтэйгүүр энэ үйлдвэр эко гэдэг утгаараа “Ногоон хөгжил”-ийн загварт бүрнээ байна. Аливаа зүйл стандарттай байж гэмээнэ төгс болдог. Энэ үйлдвэр стандартуудыг бүрэн хангаж байгаа нь мөн сайшаалтай. Ховдын 90 гаруй мянган иргэнийхээ өмнөөс энэ том үйлдвэрийг ашиглалтад оруулсан хамт олонд баярлаж байна” хэмээлээ. Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн “Монголд барилгын материалын 342 үйлдвэр бий. Тэр дундаа цементийн үндэсний хэмжээний таван үйлдвэртэй. Харин “Вестерн холд” компанийн хамт олон бүтээгдэхүүнээ экспортод гаргана гэсэн том зорилготой байгаа. Бид ч дэмжиж гадагшаа гаргах гарцыг нь нээх болно” гэж байлаа. Гүйцэтгэх талын төслийн удирдагч Ван энэ үеэр эргэх зуухаа хагас жилийн өмнө ийнхүү асааж байгаа нь хоёр талын хамтын ажиллагаа нягт, биенээ дээд зэргээр дэмжиж ажиллаж байсны үр дүн гэж тодотгов.

Ингээд энэ ёслолын хамгийн оргил хэсэг болох зууханд гал өгөх ёслол эхлэв. Монголчууд галын дөл өөдөө гэж галыг ихэд дээдэлдэг. Тэр утгаараа ирсэн зочид шууд дамжуулалтаар зуухыг хэрхэн асааж буйг үзэж байлаа. “Вестерн холд” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Балжинням, гүйцэтгэх талын төслийн удирдагч Ван, төслийн удирдагч С.Жавхланбаатар нар эргэх зуухны хэсэгт очицгоолоо. Урьдчилсан бэлдсэн жижиг бамбаруудаараа том бамбараа асаав. Дүрэлзсэн улаан галтай бамбараа зуухны жижиг нээлхий рүү хийх агшинд чулуунцар үйлдвэрлэх эргэх зууханд гал очиж, хүнгэнэсэн их дуу чимээ гарлаа. Арваад жилийн турш үе үеийн Засгийн газрыг дамжсаар 2019 онд шаваа амжилттай тавьсан “Ховд эко цемент” үйлдвэрийн чулуунцар үйлдвэрлэх хэсэг ийнхүү ашиглалтад орлоо. Өнгөрсөн хавар Хөгжлийн банкны асуудал сөхөгдөхөд тэр дуулиан шуугиан энэ үйлдвэрийг чиглэж байсан ч цементийн үйлдвэрийн ажил зогсолтгүй, зөв гольдролоор явж байсан учир тов ёсоороо ийнхүү зуухаа галласнаар цемент гаргах үндсэн ажил нь эхэлж байгаа юм.

Том бамбараар зууханд гал өгсний дараа хойд нээлхийний хэсэгт очиход зууханд гал хэрхэн дүрэлзэж буйг харж болохоор байв. Монгол ажилчид гэхээсээ илүүтэй үйлдвэрийн тоног төхөөрөмжийг эхнээс нь угсарсан, эргэх зуухын угсралтад хөлс хүчээ зориулсан хятад ажилчид баярлаж, хөөрч, бүгд шахуу шаагилдан инээлдэж, гар утсаараа зураг дарж, бичлэг хийж, бүр нэг нэгнээ тэвэрч авч харагдсан шүү. Үүнээс нь үзвэл цементийн үйлдвэрийн эргэх зуухыг асаана гэдэг ямар том үйл явдал, ямар олон хүний хөлс хүч, хөдөлмөрийг шингээсэн бүтээн байгуулалт байдгийг харуулж байлаа. Энэ үйлдвэр хоногт 1200 тонн цемент үйлдвэрлэх бөгөөд ирэх сард эхний бүтээгдэхүүнээ гарган авах юм.

Үргэлжлэл бий.

Categories
мэдээ цаг-үе

“Шар дарцаг” аян даваа гаригаас эхэлнэ DNN.mn

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хохирогч болох эрсдэлийг бууруулах, зөв дадал хэвшлийг бий болгох зорилготой “Шар дарцаг” аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Аяныг аравдугаар сарын 17-ноос арваннэгдүгээр сарын 17-ныг дуустал нэг сарын хугацаатай нийслэлийн хэмжээнд зохион байгуулах юм.

Тус аян нь ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зохицуулалтгүй гарцаар зам хөндлөн гарахдаа дарцаг өргөж гарах дадал хэвшлийг суулгах, замын хөдөлгөөнд аюулгүй оролцоход чиглэжээ. Шар дарцгийг гэрлэн дохиогүй гарцны хажууд байрлуулснаар зам гарах гэж буй хүн дарцгийг авч, жолоочид дохио өгнө. Гарцаар гарсны дараа шар дарцгийг зориулалтын саванд буцааж хийх юм.

Тус аянтай холбогдуулан НЗДТГ нь нийслэлийн ерөнхий боловсролын 400 гаруй сургуулийн захирал болон цэцэрлэгийн эрхлэгч нарыг хүлээн авч, танилцуулах уулзалтыг зохион байгуулж, хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлэх зарим арга хэмжээ, түүнчлэн зам тээврийн осол, гэмтлийн нөхцөл байдлын талаар танилцуулж, мэдээлэл өглөө.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Б.Батзориг: Аймгуудад их, бага мөнгө төсөвлөсөн гэхээс илүү мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлуудад жигд хөрөнгө хуваарилсан уу гэдэг нь чухал DNN.mn

Монгол Улсын Эрдмийн Их сургуулийн эрх зүйн профессорын багийн гишүүн, доктор, дэд профессор Б.Батзоригтой ярилцлаа.


-Ирэх оны төсвийн хэлэлцүүлэг нэлээд их маргаан дагуулж байна. Учир нь аймгуудад харилцан адилгүй хөрөнгө төсөвлөснөөс гишүүд бухимдаж, бие биетэйгээ барьцах боллоо. Аймгуудад өөр, өөр дүнтэй хөрөнгө хуваарилсан нь хууль зөрчсөн явдал мөн үү?

-Төсөв гэж юу вэ гэдгээс эхэлье. Айлаар авч үзвэл хүүхдийнхээ сургалтын төлбөр, хоол унд, малын өвс тэжээлээ яаж бэлтгэх вэ. Малаа хэнд, хэдээр зарах вэ гэдийг тооцохтой л адил. Хуулиараа төрийн болон орон нутгийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд мөнгө хөрөнгө яаж бий болгох, түүнийг хэрхэн хуримтлуулах, зарцуулах талаар зохицуулсан. Хүүхдүүддээ харилцан адилгүй мөнгө хуваарилаад, амттай, амтгүй хоол өгөөд ялгаварлаад байвал гомдоод зогсохгүй юм болно биз дээ. Харин бөөнөөрөө ярилцаж мөнгө цуглуулаад “Ахыг нь гадаадад сургууль явуулъя, том эгч нь ажил хийж байгаа гэвч байрны лизингд нь жаахан нэмэр болчих мөнгө өгье” гэх нь барьцах зүйл биш. Үүнтэй адил Засгийн эрх авсан нам 2020-2024 онд юу хийх хөтөлбөрөө баталсан байдаг. Түүнд энэ аймгаа хөгжүүлнэ, тэр аймаг жаахан гүрийж байгаарай гэсэн зүйл харагддаггүй. Харин Хөвсгөл, Хэнтий аймагт тогтвортой аялал жуулчлал хөгжүүлнэ, Нууц товчооны дурсгалт газрыг хамгаалж сурталчилна гэвэл энэ хоёр аймагт их мөнгө төсөвлөсөн байсан. Хамгийн бага мөнгө төсөвлөсөн Булган аймагт засмал зам барина, Сүхбаатар аймагт дулааны станц барина гэж хөтөлбөрт тусгасан байна лээ. Тэгэхээр аймгуудад их бага мөнгө хуваарилсан гэхээс илүү мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлуудыг хийхэд жигд мөнгө хуваарилсан уу гэдэг нь тусдаа асуудал.

-Сангийн сайд Б.Жавхлан чуулганы танхимд хэлэхдээ “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиа баримталж төсөв оруулж ирсэн” гэж байсан. Уг хуульд төсөвтэй холбоотой ямар заалтууд байдаг юм бэ?

-Энэ хууль төрийн байгууламжийн нэгдмэл байдлыг хангах, иргэдийг орон нутгийн үйл хэрэгт оролцох боломжийг олгосон хууль л даа. Тэгэхээр Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар нутгийг иргэд, тэднийг төлөөлж аймгийг удирдаж байгаа албан тушаалтнууд улсын төсөв санхүүгийн эх үүсвэрээ хуваарилуулах ажлыг хийх ёстой. Түүнийгээ үндэслэлтэй, судалгаатай, иж бүрэн, үнэн зөв, хариуцлагатай байх бас Сангийн яамны мэдэлтэй хүмүүсийн үүдийг сайн сахих, лобби хийх ёстой гэсэн үг. Төсөв тусгуулж чадаагүй бол тэдний буруу, төсвөө сайн тусгуулсан бол орон нутгийнхны сайных гэсэн утгаар хэлсэн юм болов уу гэж харж байна.

-Ингэхэд хуулинд нэг аймагт 20 сая, нөгөөд нь найман саяыг хуваарилна гэх маягтай зохицуулалт байдаг юм уу?

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгуулсан ажлуудаа хийхэд зориулагдсан л байх ёстой. Яг мөнгөн дүнгээрээ тусгах боломжгүй л дээ.

-Хэмнэлтийн хуультай уялдуулж Засгийн газраас 2023 оны төсвийг оруулж ирсэн гэж тайлбарлаж байгаа. Гэтэл төсөв хуулийн хэрэгжилттэй зохицоогүй байна гэж зарим гишүүд шүүмжилж байсан. Хуулийн судлаачийн хувьд та ямар байр суурьтай байна вэ?

-Татвар төлөгчдийн мөнгийг ард түмний өмчид байдаг баялгийн мөнгөөр үрэлгэн байдлыг хязгаарлах, санхүүгийн сахилга батыг мөрдүүлэх гэж Хэмнэлтийн хууль батлагдсан. Уг нь хуультай хуульгүй мөрдөх ёстой, үгүй бол шийтгүүлэх ёстой биз дээ. Тэгэхээр наад хуульд зааснаар хэмнэлт хийгдсэн эсэхийг хуваарилсан төсвийг яг тулгаж үзэж байгаад хэмнэсэн, хэмнээгүй гээд харьцуулахаар тодорхой болно.

-Хуулиар батлагдсан төсвийг орон нутагт зарцуулж амжаагүй байхад цуцалдаг тал бий. Үүнд хэн хариуцлага хүлээх ёстой вэ?

-Төсвийн жилдээ зарцуулж чадаагүй бол буруутай буруугүй хамаагүй цуцална л даа. Харин буруутай албан тушаалтанд хариуцлага заавал тооцох ёстой. Манайд хариуцлага гэдэг зүйл алга болчихоор буруугаа ийш тийш шидээд ширээндээ шигдээд байгаа юм.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

УИХ-ын ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд DNN.mn

Улсын их хурлын чуулганаар ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд, тов, дараалал 2022.10.17

ДАВАА ГАРАГ /2022.10.17/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

1

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

10.00

“Их Эзэн Чингис хаан”

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Эдийн засгийн байнгын хороо

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00

“Их засаг”

2

Эдийн засгийн байнгын хороо

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

15.00

“Их засаг”

3

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Байгалийн ургамлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

16.00

“Их Эзэн Чингис хаан”

ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Нийгмийн бодлогын байнгын хороо

  • Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/
  • Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/

13.30

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

  • Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/
  • Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/

15.00

“Үндсэн хууль”

МЯГМАР ГАРАГ /2022.10.18/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

334 тоот

2

Хянан шалгах түр хороо /Хүний эмийн чанарын асуудлаарх/

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Эмийн шинжилгээний лаборатори болон Монос эмийн үйлдвэрийн Эм бэлдмэл сорилтын лабораторийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах

14.00

3

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

15.00

“Их засаг”

4

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

15.00

334 тоот

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Хууль зүйн байнгын хороо

  • Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2022.09.29-ний өдөр Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/
  • Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/
  • Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж 2022.04.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

  • Галт зэвсгийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонсох /хаалттай/

12.00

“Их засаг”

3

Эдийн засгийн байнгын хороо

  • Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/
  • Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/
  • Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг нарын 5 гишүүн 2021.06.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

13.30

“Их Эзэн Чингис хаан”

4

Төрийн байгуулалтын байнгын хороо

  • Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.09.29-ний өдөр Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/
  • Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/

15.00

“Жанжин Д.Сүхбаатар”

5

Төсвийн байнгын хороо

  • Монгол Улсын сүүлийн 15 жилийн төсвийн бодлого, төсвийн тэнцэлд дүн шинжилгээ хийж, цаашид баримтлах төсвийн бодлогын талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлттэй танилцах

16.00

“Их Эзэн Чингис хаан”

ЛХАГВА ГАРАГ /2022.10.19/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо

Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00

“Их засаг”

2

Эдийн засгийн байнгын хороо

Дархан-Улаанбаатар хот хоорондын авто зам барих ажлын явц, хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Зам, тээврийн хөгжлийн яамны мэдээлэл сонсох

14.00

“Их засаг”

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Инновац, цахим бодлогын байнгын хороо

  • Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/
  • Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/
  • Бусад

15.00

“Үндсэн хууль”

ГУРАВ.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

1

Төсвийн байнгын хороо

  • “Төсөв-2023” Олон нийтийн хэлэлцүүлэг /Үндсэн хэлэлцүүлэг/

08.30-16.00

“Их Монгол”

  • “Төсөв-2023” Олон нийтийн хэлэлцүүлэг /Салбар хэлэлцүүлгүүд/

08.30-16.00

“Их Эзэн Чингис хаан”

“Жанжин Д.Сүхбаатар”

“Үндсэн хууль”

ПҮРЭВ ГАРАГ /2022.10.20/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Нийгмийн бодлогын байнгын хороо

Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэгтэй байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00

“Их засаг”

2

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Дээд боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

11.00

“Үндсэн хууль”

3

Эдийн засгийн байнгын хороо

Уул уурхайн биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

БААСАН ГАРАГ /2022.10.21/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Хууль зүйн байнгын хороо

Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

ПҮРЭВ, БААСАН ГАРАГ /2022.10.20,10.21/

Д/Д

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ЦАГ

ТАНХИМ

1

  • Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг нарын 5 гишүүн 2021.06.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж 2022.04.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/
  • Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Намрын ургац хураалт болон өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар
Categories
мэдээ нийгэм

Увс аймгийн Бөхмөрөн суманд 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ DNN.mn

Танилц: Монгол орны газар хөдлөлтийн нөхцөл байдал

Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн “Ачит нуур” гэдэг газар аравдугаар сарын 15-ны өдрийн 03:33 цагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Аймгийн төвөөс баруун хойд зүгт 150 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 17 км-т газар хөдлөлт болсон тухай ШУА-ийн ООГХ-ээс 03:40 цагт цахим шуудангаар ОБЕГ-т илгээсэн байна. Тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Л.Банзрагч: “Сэрэлт” киноны Пүрэвжавын дүрээр урлагийн амьдралын анхны мөн чанарыг нээж, урлагтай амьдралаа холбосон DNN.mn

Хорьдугаар зууны манлай жүжигчид болох Цагааны Цэгмид, Түдэвийн Цэвээнжав болон Ардын жүжигчин Зундуйн Цэндээхүү нартай “Сэрэлт” кинонд лам хүү Пүрэвжавын дүрийг бүтээсэн Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Лувсанжамцын Банзрагчтай ярилцлаа.


-Таныг “Сэрэлт” Монголын уран сайхны киноны Пүрэвжавын дүрээр түмэн олон сайн мэднэ. Тухайн кинонд тоглож байх үеэсээ яриач?

-1956 оны найм, есдүгээр сарын дундуур кино зураг авалт эхэлсэн. 1957 онд одоогийн хөрөнгийн бирж байгаа газарт “Элдэв очир” гэж кино театр байсан. Тус кино театрт орой 19:00 цагаас гарч байлаа. Би энэ кинонд урлагийн алтан үеийнхэн болох агуу уран бүтээлчидтэй тоглосон. Тухайн үед 19 настай, жижигхэн биетэй хүүхэд байсан. Би Театр урлагийн сургуулийн жүжигчин, найруулагчийн сургуулийг төгссөн хүн. Энэхүү кино Монгол Улсын алдарт зохиолч тухайн үеийн БНМАУ-ын төрийн соёрхолт, ардын жүжигчин Ламзавын Ванганы зохиол юм. Л.Ванган, төрийн шагналт алдарт зохиолч Чойжилын Чимид нар хамтарч уг киног бүтээсэн түүхтэй. Тус киног Монголын түүхэн киноноос дээгүүр эрэмбэлэгдэж айргийн тав дотор л орно гэж боддог доо. Энэ алдарт кинонд урлагийн алтан үеийнхэн, тухайн үед Монгол даяар нэр нь алдаршиж, хүн бүрийн мэддэг агуу жүжигчид тоглосон гайхамшигтай сайхан үе. Тэр үед ардын жүжигчин Цагааны Цэгмид, ардын жүжигчин Зундуйн Цэндээхүү, ардын жүжигчин Дашзэвэгийн Ичинхорлоо, тайзны зураачаар ардын зураач Доржпалам, кино оперотароор төрийн шагналт, ардын жүжигчин Дэжидийн Жигжид ажилласан. Мөн ардчилсан хувьсгалыг үүсгэн байгуулагчийн нэг С.Зоригийн ээж С.Доржпалам тухайн үед Анагаахын их сургуульд нэг хоёрдугаар курсийн оюутан байхдаа тоглож, миний эгчийн дүрд буюу Сүрэнгийн дүрд тоглосон Янжинжав гээд театрт дуучин, үүнээс гадна Жамсрангийн Гүр найруулагч, жүжигчин байсан хүн ажилласан. Гүр бол Жамцын дүр буюу миний ахад тоглосон. Энэ киноны найруулагчаар Урлагийн гавьяат жүжигчин манай алдартай найруулагчдын нэг Сангижавын Гэндэн зэрэг уран бүтээлчид ажилласан даа. Пүрэвжав хүүгийн дүрд тоглоно гэдэг бол надад сайхан боловч хүнд даалгавар байсан. Яагаад гэхээр театр урлагийн их сургуульд хоёрдугаар курст орох гэж байсан учир ямар ч гэсэн анхны мэдэгдэхүүнтэй, мөн дээр нь алтан үеийн уран бүтээлчидтэй тоглох нь хүнд даалгавар байлаа. Тэдгээр хүмүүс бүгдээрээ надад маш их тусалдаг агуу их багш нар байсан. Энэхүү кино маань дэлгэцээр гараад 60 гаруй жил болж байна. Энэ түүхэн кинонд эдгээр мундаг хүмүүстэй тоглосондоо үргэлж бахархаж баярлаж явдаг. Монголын ард түмэн ч жүжигчдийг дүр, алдар суу, өөрсдийн байгуулсан гавьяа, ажил хөдөлмөрөөр нь үргэлж бахархаж, дурсаж байдаг. Тэр үед кинонд тоглосон хүмүүсийг киноны дүрээр нь дууддаг байсан. Намайг Банзрагч аа гэж дуудахаас илүүтэй Пүрэвжав аа хэмээн дууддаг байлаа. Тухайн үеийн нэг гайхамшигтай нь дүрээ хүмүүст ойлгуулж тэр зэрэгтэй тоглоход маань алдарт гавьяатуудын агуу их дэмжлэг, сургамж нөлөөлсөн юм.

Тухайн кино анх гарахдаа “Оч” нэртэй байсан. Энэ нэр нь цаад утгаараа Монголын нийгэм улс төрийн байдал ямар байсан, ЗХУ Монголд хэрхэн тусалж байсан болон шарын шашин манайд ямар байр суурьтай байснаас улбаалан монголчууд биеэ хэрхэн авч явж байсан тухай харуулдаг шүү дээ. Тухайн үед Монголд маш олон аймшигт өвчин гарч байсан. Орос өөрсдийн гар бие оролцоотойгоор тусламж үзүүлдэг тийм сайхан үе байлаа. Тиймээс тэр гайхамшигтай үеийг бодож “Оч” нэрийг өгсөн болов уу гэж боддог. Тэгээд сүүлд нь Сэрэлт гээд сэргэсэн, дэгжиж дээшилсэн үеэр нь нэрлэж, тогтсон.

Би ЗХУ-ын Ленинград, Москвагийн Радиод очиж Монголын том сэхээтнүүдийн нэг болох Ванган багш, Чойжилын Чимэд, Эрдэнэбатын Оюун, Сангижавын Гэндэн, тайзны зураач Ц.Доржпалам нарын удирдлага дор дадлага хийж байлаа. Оросын холбооны улсад дээд курсээ төгсөөд ирсэн.

-“Сэрэлт” киноны “Бумаа” нэрээр алдаршсан Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Цэвээнжавыг танихгүй хүн байхгүй. Та энэ хүний талаар дурсаач?

-Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Цэвээнжав бол хэд хэдэн кинонд дүр бүтээсэн. “Сэрэлт” киноны Бумаагийн дүрд Бумаа гээд сувилагчид, миний эгчид тоглосон Янжинжав хоёр эмнэлэгт ажилладаг хоёр. Одоогийн Булган аймгийн Хишиг-Өндөр сумын төвийн бага эмнэлгийн байр дээр зураг авалтыг хийсэн. Зохиолын нэр дээр “Хайрхан” сумын эмнэлэг гэж нэр өгсөн. Цэвээнжав гуай кинонд үнэн сэтгэлээсээ хандаж үзэгчдэд итгэл үнэмшлийг төрүүлж чаддаг агуу жүжигчин. Тэр үеийн жүжигчид дотоод сэтгэлийн ертөнцөө нээж өгч, амьдралд болсон үйл явдлыг дүр дээрээ аваачин тоглолт болгон гаргаж, үнэн байдлаар сэтгэлээрээ хүргэж байгаа нь ард түмэнд итгэлцлийг өгч чадсан гэж боддог.

-Таны аавын дүрийг бүтээсэн Цагааны Цэгмид гуайн тухай яриач. Киноны дараа та хоёрын харилцаа ямархуу байсан бэ?

-Ц.Цэгмид гуайг урьд өмнө нь таньдаггүй байсан. Би ер нь Цэгмид, Цэндээхүү жүжигчидтэй эхэн үедээ жаахан хөндий, юм ярихдаа бишүүрхэнгүй байдаг байсан. Нэг жилийн хугацаанд хөдөө байгалийн сайханд үргэлж зураг авалтад хамт байгаад сүүлдээ нэлээн дотно болцгоосон доо.

-Ах ламын дүрийг бүтээсэн Зундуйн Цэндээхүү гуайн талаар ярьж өгөхгүй юү?

-Цэндээхүү бид хоёр хоёулаа киноны зураг авахаас өмнө сургуулилт хийж бэлэн байх хэрэгтэй байдаг байлаа. Цэндээхүү гуай өөрөө лам дээлээ өмсөж, ламын шовгор малгай, хонх, дамар бүх зүйлээ тойруулж тавиад “Хувцсаа өмс Пүрэвжав, хувцсаа өмс, тэгэхгүй бол итгэл төрөхгүй шүү” гэж хэлдэг байсан. Хувцсаа өмсөж байж л жинхэнэ болно шүү гэдэг байлаа. “Миний хүү одоо энийг ингэж хийнэ шүү, тэрийг тэгж гаргана шүү” гээд үргэлж зааж зөвлөдөг байсан даа. Тэр үеийн жүжигчид ер нь шаардлага их өндөртэй байсан. З.Цэндээхүү гуай бид хоёр сүүлдээ их дотноссон. Дээр үед лам байсан хүн юм гэнэ лээ, тэр үед ганц бие байсан. Тэгээд лам байсан учраас ламын амьдралыг их мэднэ. Намайг аваачиж хоол идүүлдэг байсан. Ганцаараа гэртээ завилаад сууна. Дээлээ өмсөөд шар дурдан бүсээ чанга ороогоод бүсэлнэ, их нямбай цэмцгэр, лам байсан нь их мэдэгддэг цэвэрч байсан. Намайг үргэлж Пүрэвжав аа л гэж дууддаг байлаа.

“Сэрэлт” киноны Пүрэвжавын дүрээр би урлагийн амьдралын анхны мөн чанарыг нээж, урлагтай амьдралаа холбосон хүн. Нэлээн хэдэн жүжгүүдэд дүр бүтээж байлаа.

-Та 1960 оноос 1991 он хүртэл гавьяаныхаа амралтад гарах хүртлээ Монголын радиод ажиллаж байсан шүү дээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Би 1960 онд Соёлын яамны тушаалаар Монголын радиод ажиллах болсон. Радиодоо их хайртай байдаг, радиодоо 40-өөд жил ажиллачихаад СУИС-ийн Радио телевиз медиа урлагийн сургуульд 20-иод жил телевизийн дарга байсан Чойжил зэрэг хүмүүстэй хамтран багшилж байсан. Сайхан шавь нар олонтой. Радио гэдэг нь тайзгүй урлаг гэсэн үг. Микрофонтой их харьцаж, жүжигчидтэй радио жүжиг их тоглодог байсан. Тэр үед зохиолчдын бичсэн зохиолоор жүжигчилсэн зохиомжуудыг их хийдэг байлаа. Радиод байх хугацаандаа 200 гаруй жүжиг найруулж бүтээсэн.