Categories
мэдээ эдийн-засаг

Аялал жуулчлалаас энэ онд 1 их наядыг олохоор төлөвлөжээ DNN.mn

Цар тахлын өмнө буюу 2019 онд 577 мянган гадаадын жуулчин хүлээн авч, тус салбараас 607 сая ам.долларын орлого олсон бол 2020 онд 58,859 жуулчин, 2021 онд 33,100 жуулчин хүлээн авчээ.

Харин 2022 оны хоёрдугаар сард хилээ нээснээс хойш долоон сар гаруйн хугацаанд 210 мянган жуулчин хүлээн авч эдийн засагт 750 тэрбум төгрөгийн орлого оруулжээ.

Энэ оны жилийн эцэс гэхэд жуулчдын тоог 250 мянгад, орлогыг нэг их наяд төгрөгт хүргэх зорилт тавьж байна.

Үүний тулд Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооноос Монгол Улсыг олон улсад сурталчлах стратеги төлөвлөгөө хийх, агаарын тээвэр, дотоод нислэгийн асуудлыг цогцоор нь шийдэх, аялал жуулчлалын мэдээлэл, үйлчилгээний цахим платформыг бий болгох, 2023 оны аялал жуулчлалын нэгдсэн хуанлийг гаргах, аялал жуулчлалын нэгдсэн стандартыг бий болгох, Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгүүдийг байгуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Экспортыг дэмжих институц шаардлагатай байгааг хэлэлцлээ DNN.mn

Манай улсын нийт экспортын 94 хувийг эрдэс баялгийн бүтээгдэхүүн бүрдүүлдэг. Гэхдээ статистик дүнгээр сүүлийн 20 жилд уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортод эзлэх хувь хэмжээ буурсан дүнтэй гарчээ. Тиймээс уул уурхайн бус экспортыг баримжаалсан, импортыг орлосон үйлдвэрлэлийг дэмжсэн бодлого шаардлагатай байгааг МҮХАҮТ-д болсон “Экспортлогч үндэстэн-Шинэ сэргэлтийн бодлого” чуулганаар хөндсөн юм.

Экспортыг дэмжихийн тулд юун түрүүнд нэгдсэн бодлого хэрэгтэй гэдгийг чуулганд оролцсон Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолж, үүнтэй оролцогчид санал нэгдэж байв. Түүнчлэн, экспортын санхүүжилтийн арга хэрэгслийг нэвтрүүлэх, санхүүжилтийн тогтолцоог бий болгох шаардлагатай байгааг бизнес эрхлэгч нар илэрхийллээ. Энэ талаар МҮХАҮТ-ын тэргүүн О.Амартүвшин, “Экспортыг дэмжих институцийг бий болгох, санхүүжилтийг тогтолцоог хөгжүүлэх талаар зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай байгаа”-г тодотголоо. Чуулганаар:

  • Монгол Улсын экспортын бүтцийг өөрчлөх,
  • уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүний эзлэх хувийг нэмэгдүүлэх,
  • экспортын бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх,
  • экспортлогч үндэстэн болох зорилгыг хэрэгжүүлэх талаар ярилцлаа.

Чуулганд экспорт хийх үйл явцад оролцож буй төрийн байгууллагууд, арилжааны банк, даатгалын байгууллагууд, экспортлогч ААН-ийн төлөөлөл оролцлоо.


Уул уурхайн бус экспортыг хөгжүүлэхэд төрийн нэгдсэн бодлого, санхүүжилтийн тогтолцоо шаардлагатай байна.


Үргэлжлүүлэн ирэх даваа гарагт МҮХАҮТ-д Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн өөрчлөлт болон Төр-хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн талаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна.

Чуулганы үеэр уул уурхайн бус экспорт хийхэд шаардлагатай санхүүжилт татахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр МҮХАҮТ “Ти Ди Би Секьюритис ҮЦХ” ХХК-ийн хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Худалдаа, аж үйлдвэрийн Танхимын гишүүн байгууллагуудад санхүү, хөрөнгийн зах зээлийн цаг үеийн мэдээ мэдээлэл болон судалгаа, тайланг хуваалцах замаар санхүүгийн боловсролыг дэмжих аж.

  • Тодруулбал, уул уурхайн бус экспорт хийхэд шаардлагатай санхүүжилт татахад дэмжлэг үзүүлэх
  • Зах зээл, эдийн засгийн болон хөрөнгө оруулалтын боломжуудын талаарх мэдээллээр хангах, сургалт зохион байгуулах зэрэг ажлыг хийх юм.

Categories
мэдээ нийгэм

Ирэх оноос зөвхөн самнасан ноолуур экспортолно DNN.mn

Манай улс түүхий эдийн бааз биш харин дотооддоо бүтээж чадах бүхнээ үйлдвэрлэхэд гол хөшүүрэг болохуйц чухал шийдвэрийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан.

Ирэх оноос угаасан бус харин самнасан ноолуур экспортолж эхэлснээр одоо байгаа 2200 ажлын байрыг хадгалж, 4400 ажлын байр шинээр нэмэгдэх улмаар тус салбарын борлуулалтын орлогыг 600-700 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.

  • Манай улсын экспортолж байгаа ноолуурын 80 хувийг зөвхөн угаасан ноолуур эзэлдэг;
  • Ноолуурыг угаах явцад ашигласан маш их хэмжээний бохир усыг байгаль орчинд гаргадаг;
  • Дэлхийн худалдааны байгууллагад манай улс элсэхдээ ноолуурын экспортын татварыг тэглэх үүрэг хүлээсэн нь дотооддоо нэмүү өртөг шингээх, өндөр ашиг шим хүртэх стратегийн бүтээгдэхүүнээсээ олох боломжит орлогоо алдсаар байна.

Иймд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас үйлдвэрүүдийн хүчин чадлыг бүрэн ашиглах, дотооддоо нэмүү өртөг шингээх, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор “Ямааны ноолуурын боловсруулалт, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт”-ын төслийг холбогдох дүрэм, журамд нийцүүлэн боловсруулж, батлууллаа.

Тус техникийн зохицуулалтад “Экспорт, импортын зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэх ямааны ноолуур нь хялгас болон завсрын үсний агууламж 0.3 хувиас ихгүй байна” гэж тусгасан нь зөвхөн самнасан ноолуурыг хилээр нэвтрүүлэх гол зохицуулалт болж байна. Тухайлбал, 3880 тонн самнасан ноолуур экспортолж, 2.5 сая ширхэг бэлэн бүтээгдэхүүн (600-700 тэрбум төгрөгийн нэмүү өртөг шингэсэн) борлуулж, нийтдээ 1.8 их наяд төгрөгийн борлуулалт хийх нөхцөлийг бий болгож байна.

Цаашид ноолуурын үйлдвэрлэлийн шат дамжлагыг ахиулж, ээрсэн утас буюу бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн төлөө ажиллах шаардлагатайг салбарынхан онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

БЗД-ийн ЕБС-ийн 400 гаруй сурагчдыг сүрьеэгийн эрт илрүүлэг үзлэгт хамруулав DNN.mn

ЭМЯ, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн хүрээнд “Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө” ТББ-аас Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд сүрьеэгийн халдварын тохиолдлыг илрүүлэн, баталгаажуулах (IGRA) сүрьеэгийн сорил шинжилгээнд хамруулах ажлыг тогтмол хийж байгаа билээ.

Өнгөрсөн хугацаанд ЕБС-ийн сурагчдын дунд сүрьеэгийн эрт илрүүлэг, ковидын дараах шинж тэмдгийг оношлох үзлэг хийснээр уушгины өөрчлөлт, нурууны муруйлт, архаг бронхит, сүрьеэгийн далд халдвар зэргийг илрүүлсээр байгаа юм.

Энэ ажлын хүрээнд өнгөрсөн 9 дүгээр сард Баянзүрх дүүргийн ЕБС-ийн нийт 526 багш, ажилчид, сурагчид сүрьеэгийн эрт илрүүлэг үзлэгт хамрагдсанаас 15-аас дээш насны 465 сурагч үзлэгт оржээ.

Үзлэгээр сурагч тус бүрээр нь асуумж, рентген зураг авч нарийн мэргэжлийн эмч үзлэг хийж, зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаа.

Тус үзлэгийн үеэр уушгины рентген зураг өөрчлөлттэй 25 сурагчдыг илрүүлж, сурагчдын цуснаас баталгаажуулах шинжилгээ авч, эерэг гарсан тохиолдлуудыг эмчилгээнд хамруулахаар болжээ.

Arslan.mn

Сүрьеэгийн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх чиглэлээр үр дүнтэй ажил зохион байгуулж байгаад ЭМЯ, Эрүүл Сүрьеэгүй Ирээдүйн төлөө ТББ, БЗД-ийн ЕБС-иудын удирдлагууд, ХӨСҮТ, АШУҮИС-ийн Ангаахын ухааны сургуулийн Халдварт өвчин судлалын тэнхим болон БЗД-ийн сүрьеэгийн диспансерын хамт олонд сурагчдын эцэг, эхчүүдийн зүгээс талархал илэрхийлжээ.

ЭСИТ-ээс 2022 он дуустал нийслэлийн хүн амын сүрьеэгийн өвчлөл өндөр дүүргүүдийн ЕБС-иудаар сүрьеэгийн эрт илрүүлэг үзлэг, оношилгоо үргэлжлэн явуулахаар ажиллаж байна.

“Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө” ТББ нь 2021 онд Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн ЕБС-ийн нийт 4860 гаруй, 2022 онд Баянзүрх дүүргийн 4220 гаруй сурагч, багш ажилчдыг сүрьеэгийн эрт илрүүлэг үзлэгт хамруулж, нийт 100 гаруй уушгины рентген зураг өөрчлөлттэй тохиолдлыг илрүүлсэн байна. Үүнээс сүрьеэгийн 16 тохиолдлыг илрүүлэн харьяа эрүүл мэндийн байгууллагад эмчилгээнд хамруулан үр дүнгээ тооцсон байна.

Arslan.mn

Categories
булангууд гадаад мэдээ шинжлэх-ухаан-технологи

НАСА-ын сансрын нислэгийн төвийн түүхэн барилгыг нураажээ DNN.mn

АНУ-ын Алабама мужийн Хантсвилл хот дахь НАСА-гийн Маршаллын сансрын нислэгийн төв байрыг бямба гарагт тусгай хяналтан дор нураах ажиллагаа явуулжээ.

НАСА-гийн мэдээлснээр, 63 жилийн өмнө баригдсан тус барилга 1963-2020 он хүртэл тус байгууллагын төв байр байсан ч хэт хуучирч муудсан тул засварлахад асар их зардал шаардагдана гэж үзжээ. Саран дээр анх хөл тавьсан хөлгийн багийнхныг зөөвөрлөсөн Сатурн V пуужин болон бусад зөөгч пуужингуудыг энэ барилгад зохион бүтээж байжээ.

Шинэ, сүүлийн үеийн барилга байгууламжийг барих зай талбайг чөлөөлөх үүднээс хуучин төвийн барилгыг буулгаж байгаагаа НАСА-гаас мэдэгдсэн байна. Анх тус төв байрыг 2030 онд шинэчлэхээр төлөвлөж байсан байна. Гэвч инженерүүд 2020 онд гадна ханын хавтанд нь бүтцийн асуудал үүссэнийг илрүүлсэн бөгөөд засварлаж, засвар үйлчилгээ хийхээс илүүтэйгээр нураах нь зүйтэй гэж шийджээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Арваннэгдүгээр сарын цаг агаарын төлөв байдал DNN.mn

Ирэх сарын цаг агаарын төлөв байдлыг танилцуулж байна.

Арваннэгдүгээр сард нутгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, хур тунадас бага байх төлөвтэй байна.

Сарын эхээр ихэнх нутгаар хур тунадас орох ба говь, тал хээрийн бүс нутгаар цасан болон шороон шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ.

Нэг болон хоёр, гуравдугаар арав хоногуудын эхэн үеүдээр ихэнх нутгаар агаарын температур хүйтрэх төлөвтэй байгаа тул эдгээр үеүдэд цаг агаарын нарийвчилсан мэдээг цаг тухайд авч ашиглахыг Цаг уурын байгууллагаас зөвлөв.

Дэлгэрэнгүй:

Баруун аймгуудын нутгаар. Агаарын температур 4-6°С-аар сэрүүснэ. Сарын эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас орно. Энэ үеэр салхи зарим газраар 11–13 м/с, зарим үед түр зуур 13–15 м/с хүрч ширүүснэ.

Төвийн аймгуудын нутгаар. Агаарын дундаж температур Булганы ихэнх, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгуудын нутгаар ОЖД-аас дулаан ба бусад нутгаар дунджийн орчим байна. Агаарын температур ОЖД-аас 4–6°С-аар сэрүүснэ.

Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, дунд үеүдээр хур тунадас орно. Салхи зарим газраар 10–12 м/с, зарим үед түр зуур 12–14 м/с хүрч ширүүсэж болзошгүй.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-аас дулаан, хур тунадас ихэнх нутгаар (Хэнтийн баруун хэсгээс бусад) ОЖД-аас бага байна.

Агаарын температур ОЖД-аас 3–5°С-аар сэрүүснэ. Сарын эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 14–16 м/с хүрч ширүүснэ.

Говийн аймгуудын нутгаар. Агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД-ийн орчим, Дундговь, Дорноговийн зүүн хойд хэсэг болон Говьсүмбэрийн нутгаар дунджаас дулаан, хур тунадас нийт нутгаар ОЖД-ийн орчим байна. Агаарын температур ОЖД-аас 3–5°С-аар сэрүүснэ.

Ихэнх нутгаар хур тунадас орох төлөвтэй. Салхи 13–15 м/с хүрэх буюу зарим үед 15–17 м/с хүрч ширүүснэ.

Эх сурвалж: ЦУОШГ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Дагина сахиус” DNN.mn

Үлгэрч Т.Цэрэнлхамын “Дагина сахиус” сургамжит үлгэр бяцхан уншигчдын гарт хүрч байна. Тэрээр үлгэрүүдээ цувралаар гаргаж байгаа бөгөөд эхнийх нь энэ. Зохиогч одоогоор 20 орчим үлгэртэй. Тэрээр үлгэрийн дүрүүддээ монгол нэр өгөхийг чухалчилдаг агаад “Өрөмхөн гүнж”, “Дагина сахиус”, “Ухаарал”, “Ариун үйлст хүүгийн үлгэр”, “Алимны мод”, “Хамгийн гайхамшигтай бэлэг” гэх нэрүүдээс яалт ч үгүй тэр нь мэдрэгдэж байна. 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан “Чингисийн билиг” сургаалт үлгэрийн уралдаанд Т.Цэрэнлхамын “Ариун үйлст хүүгийн үлгэр” нь шалгарч байсан удаатай.

Үлгэр ингэж эхэлдэг. Дээд тэнгэрийн оронд Түмэнхишиг хааны үзэсгэлэн гоо хатнаас цасан цагаан царайтай, алиман улаан хацартай төгөлдөр гоо гүнж мэндэлжээ. Түүнийг Сүйбилэг хэмээн нэрийджээ. Гүнж нэг настайдаа хэлд орж, дэлхий ертөнцийн сонин сайхан хийгээд элдэв сайн мууг ээж аавдаа ярьдаг байв. Хаан миний охин юуны учир зовлонт ертөнцийн талаар өдөр шөнөгүй ярих болов хэмээн мэргэн зөвлөхөөсөө асуувал “Гүнж өрөвч нинжин сэтгэлтэй төрсөн тул зовлонт ертөнцийн хүн ардыг зовлонгоос гэтэлгэхээр сэтгэл шулууджээ. Тун удахгүй дэлхий рүү явуулж өгөхийг танаас гуйна. Тэр үед та өөрийн зөн совингоор шийдвэрээ гаргах хэрэгтэй” хэмээн мэргэн зөвлөх айлджээ. Удсангүй Сүйбилэг гүнж ааваасаа дэлхий рүү явуулж өгөхийг гуйв гэнэ. Түмэнхишиг хаан охиноо хайрлан өрөвдөж хэцүү хатуу ертөнц рүү битгий яваач хэмээн аргаа тасартал гуйсан боловч тусыг эс олов. Ингээд Түмэнхишиг хаан “Би энэ удаад хэд ч хориглоод сэтгэлийг чинь хувиргаж чадахгүй нь ээ. Тиймээс чамайг үзэсгэлэн гоо дүрээр биш үзлийн муухай дүрээр ертөнцөд илгээнэ. Нэг нар, нэг сарны хугацаанд чамайг хэн нэгэн авахгүй бол чи тэнгэрийн ордондоо ирж дахин хэзээ ч тэр ертөнц рүү зүглэхгүй гэдгийг хатуу сануулъя” гэжээ. Сүйбилэг гүнж болзлыг зөвшөөрч явахаар болов. Хаан ядуу гуйлгачны дүрээр газарт бууж үзлийн муухай царай төрхтэй болсон нялх гүнжээ нэгэн баян айлын үүдэнд орхиод явж гэнэ. Өглөө болж нэгэн нар эхэллээ. Баяны эхнэр өглөөний зоогийг бэлтгүүлэх санаатай зарц нарын овоохой руу явахаар гараад үүдэнд байгаа үзэшгүй муухай царайтай хүүхдийг олж хараад орь дуу тавин хашгирч “Чөтгөр, чөтгөр…” хэмээн бахардан уналаа.

Орилоон шуугианаар сандарч тэвдсэн зарц нар гүйлдэн ирж хүүхдийг хараад огло үсрэн харайж хаанаас гарч ирсэн ад тийрэн бэ хэмээн айж балмагдан зэвүүцэж хэн ч ойртож чадсангүй…Үлгэр цааш хэрхэн үргэлжлэхийг та “Дагина сахиус” номоос дэлгэрүүлж уншаарай. Зохиогчтой фэйсбүүкийн “Гайхамшигт үлгэрүүд” группээр холбогдож, үлгэрээ хүргүүлж авах боломжтой юм байна.

Нэг хэсэг монгол үлгэрүүдийн утга агуулга, үйл явдал гажуудаж, ёс бус үг хэллэг ихээр гарах болсныг хүмүүс шүүмжилсэн. Тэр үед үлгэрч Т.Цэрэнлхам “Баян хоосны ялгаа, тэр дундаа баян хүнийг үзэн яддаг санаа ямар ч үлгэр, зохиол бүтээлд байж л байдаг. Тэр нь уншигч, үзэгчдэд их таалагддаг. Түүнээс гадна нийгмийн хандлага ерөөсөө баян хүнийг үзэн ядах, сэтгэлгээ хүүхэд байхаас нь суучихсан. Яагаад гэвэл тэр санаа үлгэрээр зогсохгүй зохиол бүтээлд нийтлэг болчихсон. Миний үлгэрт баян ядуу хамаагүй, хэн хөдөлмөрлөнө, тэр үр шимийг нь хүртэнэ гэсэн санаа зонхилно. Баян хүн бүр хулгайч луйварчин биш. Тэд чамаас илүү хөдөлмөрлөсөн байна гэдэг санааг л өгөхийг зорьж үлгэрээ бичдэг” хэмээн ярьж байсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 километр замын хоёр урсгалын хөдөлгөөнийг нээлээ DNN.mn

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын эхний хоёр эгнээ болох 204.11 км замыг өнөөдөр бүрэн нээж байна. Багц-2 хэсгийн 45,5 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг хоёр өдрийн өмнө нээгээд байсан бол багц-4 хэсгийн 20 гаруй км автозамын замын тэмдэг тэмдэглэгээ, бусад заслын ажил хийгдэж дуусч өнөөдөр /2022.10.30/ зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээсэн талаар ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар мэдээллээ.

Ингэснээр Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км хатуу хучилттай замаар зургаан жилийн дараа зорчих боломж бүрдэж байна.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалт зохион байгуулалтын зарим алдаанаас болж удааширч ирсэн. Тус замын ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгаварыгЗасгийн газраас өгсөн бөгөөд Ерөнхий сайд ажлын явцтай өнөөдөр очиж танилцах байсан боловч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж цуцлагджээ.

Нийт төслийн гүйцэтгэгч байгууллагуудтай хийсэн гэрээний дагуу 2023 онд Улаанбаатар-Дархан чиглэлийн 4 эгнээ автозам бүрэн ашиглалтад орох юм.

Categories
мэдээ спорт

3X3: Эмэгтэй шигшээ баг Оюутны Дэлхийн Аваргаас хүрэл медаль хүртлээ DNN.mn

Монголын шигшээ баг 3х3 сагсан бөмбөгийн Оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анх удаа медаль авчээ.

3х3 сагсан бөмбөгийн оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Турк Улсын Истанбул хотод боллоо.

May be an image of 7 people, people standing and text

Тус тэмцээний эмэгтэй төрөлд 12 баг өрсөлдсөнөөс Монголын эмэгтэй шигшээ баг хүрэл медаль хүртжээ.

May be an image of 3 people, people standing and text that says "FIS"

Categories
гадаад мэдээ цаг-үе

Итэвонд болсон хэрэг явдлын улмаас 270 орчим хүн сураггүй болжээ DNN.mn

Өмнөд Солонгосын Сөүл хотын Итэвон дүүрэгт өчигдөр буюу аравдугаар сарын 29-ний үдэш Халловен баяр тэмдэглэхээр нарийн давчуу гудманд хэт олон хүн цугларснаас бөөгнөрөл үүсч олон хүний амь эрсэдсэн харуусалтай явдал болжээ. Энэ хэрэг явдлын улмаас 150 гаруй хүн нас барж, 80-аад хүн гэмтэж бэртсэн тухай Ёнсан хотын гамшигтай тэмцэх газраас мэдэгдснийг Ёнхап агентлаг мэдээлжээ.

Тодруулбал, Итэвон дүүрэгт байрлах Hamilton зочид буудлын ойролцоох нарийн гудманд 100-мянгаад хүн цугларсны улмаас бөөгнөрөл үүсч олон хүн дарагдаж амиа алджээ. Ёнхап мэдээллийн агентлагийн уламжилснаар, өнөө өглөөний 08:00 цагийн байдлаар, нас барсан хүний тоо 151 болжээ. Үүнээс 19 нь, Узбекистан, Хятад, Норвег зэрэг улсын иргэд байна.

Мөн 82 хүн гэмтэж бэртсэний 19 нь маш хүнд бэртсэн тул амь үрэгдэгсдийн тоо цаашид өсч болзошгүйг Ёнсан хотын гамшигтай тэмцэх албанаас мэдэгджээ. Хохирогчдын дийлэнх нь өсвөр насныхан буюу 20-иод насныхан байна. Түүнчлэн Ням гаригийн өглөөний байдлаар ослын улмаас 270 орчим хүн сураггүй байгаа тухай Сөүл хотын захиргаа мэдэгдсэн. Эрэн хайх ажиллагаа явагдаж байгаа юм байна. Энэ явдлын улмаас БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёоль ийм харуусалт хэрэг гарч олон хүнээ харамсалтайгаар алдсанд гүн эмгэнэл илэрхийлж үндэсний хэмжээнд гашуудал зарлажээ.