Categories
мэдээ нийгэм

Оюутан залуус ЭМД-ын шимтгэлээ төлж, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгт хамрагдах боломжтой DNN.mn

Оюутны эрүүл мэндийг дэмжих зорилгоор орон даяар “Эерэг хандлага-эрүүл оюутан” аяныг өрнүүлж байна.

Энэ хүрээнд оюутан залуус ЭМД-ын шимтгэлээ төлж, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгт хамрагдах боломжтой боллоо.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулинд Монгол Улсын иргэн бүр 19 нас хүрсэн өдрөөс эхлэн эрүүл мэндийн даатгалд албан журмаар хамрагддаг. Тиймээс их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагчид ч мөн эрүүл мэндийн даатгалаа өөрөө хариуцан төлөх иргэнд багтдаг. Ингэхдээ тухайн жилийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувиас доошгүй төлбөрийг эрүүл мэндийн даатгалын шимтгэлд төлнө.

ЭМД-ын шимтгэлээ цаг хугацаандаа төлснөөр ЭМДЕГ-тай гэрээтэй 2500 гаруй эрүүл мэндийн байгууллагуудаас 16 төрлийн багц тусламж, үйлчилгээг 70-100 хувь хөнгөлүүлнэ. Мөн Урьдчилан сэргийлэх, эрт үзлэг оношилгоо, шинжилгээнд хамрагдахаас гадна ЭМД-аас үнийн дүнг нь зайлшгүй хөнгөлөх шаардлагатай 600 гаруй эмийг 30-70 хувь хөнгөлүүлэн авах олон боломжууд нээлттэй гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 2 хэм дулаан DNN.mn

Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.


2022 оны 10-р сарын 19-ний 20 цагаас 10-р сарын 20-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Шөнөдөө нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс, өдөртөө ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 7-12 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 хэм дулаан, Хэнтийн уулархаг нутаг болон Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, бусад нутгаар 0-5 хэм дулаан, өдөртөө ихэнх нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 15-20 хэм, Их нууруудын хотгор болон Дорнодын тал нутгаар 9-14 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй хур тунадас, өдөртөө цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0-2 хэм, өдөртөө сэрүүсэж 4-6 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө ялимгүй хур тунадас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө сэрүүсэж 5-7 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй хур тунадас, өдөртөө цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 3-5 хэм хүйтэн, өдөртөө сэрүүсэж 4-6 хэм дулаан байна.


2022 оны 10 дугаар сарын 21-нээс 10 дугаар сарын 25-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 21-нд говь, тал, хээрийн нутгаар, 23, 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 21-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна. 22-ноос ихэнх нутгаар дулаарна.

Categories
гадаад мэдээ

Си Жиньпин төмрийн үнийг унагав DNN.mn

БНХАУ-ын дарга Си Жиньпин коммунист намын ХХ их хурал дээр коронавирусний халдварын тоог “тэглэх” бодлогоо үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэний дараа дэлхийн зах зээлд төмрийн хүдрийн үнэ унажээ. Сингапурын биржийн арилжааны үеэр төмрийн хүдрийн гэрээний үнэ 2.4 хувиар буурч, нэг тонн нь 91.55 ам.доллар болсон байна. Хэрэв үнэ нэг тонн нь 91.20 ам.доллароос доошилж унасан бол 2021 оны 11 дүгээр сараас хойших хамгийн доод түвшинд хүрэх байв.

Хятадын удирдагч тус улсын эдийн засагт ихээхэн нөлөөлсөн цар тахалтай тэмцэх хатуу арга хэмжээг сулруулна гэж зах зээлийн тоглогчид хүлээж байсан гэж “Bloomberg” мэдэгдсэн байна. Коронавирусний тархалтыг зогсоох илүү зөөлөн бодлого нь “түүхий эдийн зах зээлийн хувьд аврал байж болох байлаа” гэж “Commonwealth Bank of Australia” банкны шинжээч Вивек Дхар мэдэгджээ. Тэрээр Хятадын удирдагч эдийн засгийн хөгжил тус улсын хамгийн чухал тэргүүлэх чиглэл хэвээр байна гэж хэлсэн ирэх онд зарим хориг арга хэмжээг сулруулна гэсэн найдлага төрүүлж байна гэж нэмж хэлсэн байна.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Эрээн өртөөнд 2466 экспортын чингэлэг хүлээлгэн өгчээ DNN.mn

АЛТАЙ ЛОЖИСТИК ХХК, Altai Logistic LLC

Цар тахлын халдварыг хумих зорилгоор өнгөрсөн оны эцсээр БНХАУ-ын зүгээс Замын-Үүд – Эрээн боомтын төмөр замаар нэвтрэх ачааны хэмжээг эрс багасгасан нь манай улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй уул уурхайн экспортын бүтээгдэхүүний тээврийн хэмжээ үлэмж хэмжээгээр буурах эрсдэлийг бий болгосон юм.

“Улаанбаатар төмөр зам” ХНН нь ГХЯ, ЗТХЯ зэрэг холбогдох төрийн байгууллагын дэмжлэгтэйгээр Хятадын төмөр замтай шаргуу ярьж зөвшилцөж, хамтран ажилласны үр дүнд Замын-Үүд – Эрээн боомтын төмөр замаар солилцох галт тэрэгний тоо аажмаар нэмэгдэж, өнөөдөр хэвийн хэмжээнд хүрээд байна.

УБТЗ нь Хятадын төмөр замтай хэлэлцэн тохирсон ёсоор өргөн царигаар хоногт 14 галт тэргийг Хятадын талд хүлээлгэн өгч байхаар тохирсон бөгөөд энэ оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс хоногт 14 галт тэргийг Эрээн өртөө хүлээн авч эхлээд байна. Ийнхүү Замын-Үүд – Эрээн өртөөний галт тэрэг солилцоо нэмэгдсэнээр манай улсын экспортын тээврийн хэмжээ нэмэгдэх нөхцөлийг бүрдүүллээ.

Галт тэрэг солилцоо нь экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг тодорхойлж байдаг төмөр замын нарийн технологид ажиллагаа бөгөөд 1 галт тэрэг гэдэг нь дунджаар 50 вагоноос бүрдсэн хөдлөх бүрэлдэхүүн бүхий урт цуваа юм.

“Улаанбаатар төмөр зам” ХНН нь 2022 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 18-ны өдрийн хооронд Замын-Үүд – Эрээн боомтын өргөн царигийн төмөр замаар 47 галт тэрэг буюу 2,460 вагон бүхий 2,466 экспортын чингэлгийг Эрээн өртөөнд хүлээлгэн өгөөд байна.

Мөн Замын-Үүд – Эрээн боомтын нарийн царигийн төмөр замаар импортын чингэлэгтэй 34 галт тэрэг буюу 1,907 вагон бүхий 1,907 чингэлэг Замын-Үүд өртөөгөөр хүлээн авсан байна.

Улаанбаатараас 2,751 хоосон чингэлэг ачиж, 2,664 ачаатай чингэлэг буулгажээ.

Эх сурвалж: “УБТЗ” ХНН

Categories
мэдээ цаг-үе

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрнэ DNN.mn

Ихэнх нутгаар хүйтэрнэ

Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шууран, ихэнх нутгаар хүйтрэхийг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

Аравдугаар сарын 20-ны 20:00 цаг хүртэл ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өнөө шөнө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, маргааш өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи шөнөдөө нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс, өдөртөө ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 7-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг болон Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн хононо.

Бусад нутгаар 0-5 градус дулаан, өдөртөө ихэнх нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 15-20 градус, Их нууруудын хотгор болон Дорнодын тал нутгаар 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

Улаанбаатарт маргааш өдөртөө цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0-2 градус , өдөртөө сэрүүсэж 4-6 градус дулаан.

Багануур орчмоор өдөртөө ялимгүй хур тунадас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө сэрүүсэж 5-7 градус дулаан байна.

Тэрэлж орчмоор өнөө шөнөдөө ялимгүй хур тунадас, өдөртөө цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө сэрүүсэж 4-6 градус дулаан.

Эх сурвалж: ЦУОШГ

Categories
мэдээ нийгэм

Задгай ачааны автомашин дээр цэрэг тээвэрлэхийг хориглох тушаал гарчээ DNN.mn

Нийслэлийн цэрэг татлага өнөөдөр дуусч байна · Dorgio.mn

Цэргүүдийг тээвэрлэж явсан автомашин осолдож, алба хаагчид гэмтсэн тохиолдол Сүхбаатар болон Завхан аймагт гарсан байна.

Энэ талаар Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Х.Нямбаатар “Зүүн тийш явж байсан цэрэг тээвэрлэлттэй холбоотой асуудал Сүхбаатар аймагт болсон. Хилийн цэргийн алба хаагчдын осолдсон. Мөн Завхан аймагт зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдыг тээвэрлэж явсан асуудал бий.

Цаашид задгай, ачааны автомашин дээр цэрэг тээвэрлэж явдгийг зогсоохоор тушаал гаргасан. Ирэх жил шинэ хөрөнгө оруулалт байхгүй ч төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд цэрэг тээврийг зориулалтын, шинэ автобусаар цэрэгт татах болон халах ажлыг зохион байгуулна. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хууль арваннэгдүгээр сард батлагдах байх.

Сүхбаатар аймагт осолдсон хилийн цэргийн автомашин нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, зээл тусламжаар орж ирсэн. Зургаан цэрэг гэмтсэн учир тусламж үйлчилгээ үзүүлж байна” гэлээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Амарсайхан: Стандартын асуудлыг цогцоор нь шийдэхгүйгээр хөгжлийн тухай ярих боломжгүй DNN.mn

Шадар сайд С.Амарсайхан өчигдөр сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийлээ.

Энэ үеэр Тэрбээр “Стандартын асуудалд Засгийн газар онцгой анхаарч ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд алдаатай оноотой зүйл олон байсан. Товчхон хэлэхэд, бид бие биенээсээ хөгжил шаарддаг. Хөгжлийн гол шалгуур нь стандарт байдаг. Мөн аюулгүй байдал шаарддаг. Аюулгүй байдлын гол хэмжүүр нь мөн л стандарт. Тиймээс стандартад онцгой анхаарч ажиллах шаардлагатай байгаа юм. Манай улсад 6400 гаруй стандарт байна. Англи, Австрали, Дани, Норвеги, Канад зэрэг орнууд амьдрах орчны аюулгүй байдал, хүний хөгжлийн индексээр дэлхийд тэргүүлдэг. Манайхтай стандартын тоо ижил төстэй буюу Австрали 6000 стандарттай. Хүний хөгжлийн индексээр Канад 15 дугаар байрт ордог, 160 гаруй мянган стандарттай. Англи хүний хөгжлийн индексээр дэлхийд тавдугаарт ордог, 6000 мянга гаруй стандарттай байна. Манайх хүний хөгжлийн индексээрээ 96 дугаарт ордог. 6500 гаруй стандарттай. Гэхдээ эдгээр стандартууд нь ашиглагдахаасаа ашиглагдахгүй нь их байна. Хүнс, эрүүл мэнд, барилгын салбар бол манай улсын хамгийн их стандарттай салбар. Гэтэл Монгол Улсын хүнсэнд хэрэглэгдэж байгаа бүтээгдэхүүний 10-хан хувь баталгаажигдсан. Гэтэл гадагшаа гаргаж байгаа бүх бараа 100 хувь стандартын баталгаажуулалт хийгддэг. Энэ юуг хэлж байна гэхээр бид өөрсдөө хэрэглэж байгаа юм чинь юу ч хэрэглэсэн яах вэ, ямар ч стандарттай байсан хамаагүй гэдэг байдлаар ханддагийн илрэл. Гадагшаа гаргах болохоор бусдын шаардлагад нийцүүлэхийн тулд бүх шалгуурыг хангаж, бүх хүчээ дайчилдаг. Ийм эрс тэс ялгаа харагдаж байгаа юм. Стандартын асуудал эзэнгүй, бодлогогүй яваад ирсэн учраас өнөөдөр бид хэнээс юу шаардахаа мэдэхгүй болчихсон. Дарга нараас бид сэтгэл, хариуцлага шаарддаг. Манай улсад стандарт орхигдсон учраас бидний явсан, суусан газар бүр эрсдэлтэй байна. Гадны улс орныг харахаар наад зах нь явган хүний зам, гэрэл чийдэн, нийтийн тээвэр зэрэг бүх юм нь стандарт хэмжүүртэй. Тэнд бие биенээсээ стандарт л шаарддаг. Түүнээс ингэчихвэл сайхан байна, тэгчихвэл гоё байна гэхээсээ илүү тодорхой стандарт шаарддаг учраас тэдгээр орнууд хөгжөөд байгаа юм. Бидэнд урагшилж сайжирч байгаа зүйл бий ч энэ асуудлыг цогцоор нь шийдэхгүйгээр хөгжлийн тухай ярих ч боломжгүй. Амьдралын ая тухын тухай ч дурсах боломжгүй болчихож байна. Тиймээс үндэсний хэмжээнд “Стандарт” гэдэг хөтөлбөр хэрэгжүүлж, иргэд аж ахуйн нэгжүүдийнхээ оролцоог хангая гэж байгаа” хэмээв. Мөн тэрбээр стандартыг мөрдүүлэхэд хууль эрх зүй, тогтолцооны асуудал байна. Тохирлын үнэлгээний байгууллага хэрэлцэхгүй байна. Хүний нөөц, тоног төхөөрөмж хангалтгүй байна гэлээ.

-Өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангагдаж байгаа вэ?

-Аймаг, орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл ажил одоогоор 80 хувьтай хангагдаж байна. Өвөлжилт бол дан ганц тухайн нэг орон нутаг, малчны мал, өвс тэжээлтэй холбоотой асуудал биш. Энэ бол манай улсын эдийн засгийн үндсэн суурь салбар. Амьжиргааны гол эх үүсвэр болсон хөдөө аж ахуйн салбар. Тиймээс үүнд Засгийн газар онцгой анхаарал хандуулж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж ажиллах үүргийг аймаг орон нутагт өгч байна. Засгийн газар өмнө нь өвс тэжээлийн бүх нөөцөө бүрдүүлдэг, асуудал үүсэхээр эндээс тээвэрлэж аваачиж өгдөг байсан. 2021 оноос эхлэн аймаг, орон нутгийн удирдлагууд малчид, тариаланчид, аж ахуй эрхлэгчид өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангадаг, аюулгүйн нөөц бүрдүүлдэг тогтолцоо руу орсон. Ингэж зохицуулахгүй бол бүх зүйлийг төр хангадаг байж болохгүй.

-2012 онд манайх Солонгос, Хятадаас тодорхой хэмжээний шатахуун импортолж ОХУ-ын шатахууны үнийг хямдруулж байсан. Үүн шиг өнөөдөр шатахуунаа Орос гэлтгүй өөр улсаас авах бололцоо бий юү?

-Бид шатахууныхаа дийлэнх хувийг ОХУ-аас авдаг. Хятадаас тодорхой хувийг авдаг. Өнөөдөр ч авч байна. Ер нь хоёр хөршөөс л өнөөдөр авна шүү дээ. Гуравдагч хөршөөс авах боломж хязгаарлагдмал, хомс. Тиймээс дотооддоо нефтийн үйлдвэрийг барих, газрын тосны бүтээгдэхүүнүүдийнхээ олборлол, хайгуулыг нэмэгдүүлэх, дотоодын хэрэглээгээ хангах асуудалд Засгийн газар онцгой ач холбогдол өгч байгаа юм. Импорт дээр ач холбогдол өгөхөөс гадна урт хугацаанд өөрсдийн хэрэгцээгээ хангах хэмжээний боломжийг бүрдүүлэхээр нефть боловсруулах үйлдвэрийн ажлыг явуулж байна.

-Оросоос бараа бүтээгдэхүүн татдаг байгууллагууд ОХУ-д олон улсын тавьсан хоригоос болж төлбөрөө шилжүүлж чадахгүй гацчихаад байна. Энэ чиглэлд ямар зохицуулалт хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа вэ?

-Төлбөр тооцохтой холбоотой асуудлууд амаргүй байгаа. Банкны системийн хоорондын доголдол, ОХУ-д Европын холбооны улсуудын тавьсан, хориг саадаас үүдсэн хүндрэлийг даван туулахын тулд Монголбанк, Сангийн яам, Засгийн газар зохих зохицуулалтыг олон улсын байгууллага, банк санхүүгийн байгууллагуудтай ярьж зохицуулж байгаа. Энэ талаарх илүү тодорхой мэдээллийг Сангийн яам, Монголбанкнаас авах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

УИХ-аас баталсан 36-р тогтоолын бодлого, арга хэмжээний хөтөлбөрийг НЗДТГ болон Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт танилцууллаа DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар орон даяар хэрэгжиж буй “Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд УИХ-аас 36-р тогтоолыг батлан гаргасан.

Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан ажлын албаны төлөөлөгчид 36-р тогтоолын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг хамтран хэрэгжүүлэх үүрэгтэй төрийн болон төрийн өмчит орон нутгийн байгууллагууд, засаг захиргааны нэгжүүдэд танилцуулах ажлыг өнгөрөгч наймдугаар сараас хойш тогтмол хийж байна.

Өнөөдөр /2022.10.19/ Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Хүнс, хөдөө, аж ахуйн газар болон бусад холбогдох байгууллагуудын төлөөллүүдтэй уулзаж, хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар ярилцаж, санал солилцлоо.

Тус уулзалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг төлөөлөн:

  • Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга И. Баатархүү
  • Нийслэлийн Хүнс, хөдөө, аж ахуйн газрын дарга Х.Эрдэнэбилэг
  • Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга С.Даваасүрэн
  • Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга А.Нарантуяа
  • Нийслэлийн Бизнес хөгжил, инновацын газрын дарга Б.Бат-Өлзий
  • Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн Зөвлөлүүдийг нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр
  • Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Ачаа тээвэр, ложистикийн хэлтсийн дарга Э.Нямсан
  • Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн ерөнхий менежер А.Анхбаяр
  • Нийслэлийн Боловсролын газрын Хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын хэлтсийн мэргэжилтэн Б.Өлзийбаяр
  • Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн Хүнс үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Мөнхзул

Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албыг төлөөлөн:

  • Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр
  • ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн А.Амаржаргал
  • Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны референт О.Дамдиндулам
  • Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны Гадаад харилцааны мэргэжилтэн Р.Будмаа
  • Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны хэвлэлийн ажилтан Д.Намуунцэцэг нар оролцлоо.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хүн амын дийлэнх хувь нь амьдардаг. Иймд НЗДТГ-аас бодлогын хүрээнд хүнсний аюулгүй байдалд анхаарах шаардлагатай. Энэ хүрээнд эрх зүйн орчныг сайжруулан, үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлж, мэдээлэл зөвлөгөө өгөх, аюулгүй байдал стандартыг нь хангуулах тал дээр хамтарч ажиллахаа илэрхийллээ.

Categories
мэдээ цаг-үе

Халдварт бус өвчний үед хэрэглэх 16 төрлийн эмийн зардлыг төр бүрэн хариуцахаар болов DNN.mn

Ирэх сарын нэгнээс халдварт бус өвчний үед хэрэглэх эмийг ЭМД-ын сангаас  100 хувь хариуцан төлнө

Халдварт бус өвчний үед хэрэглэх 16 төрлийн эмийн зардлыг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцаж төлнө. Хүн амын дунд зонхилон тохиолддог, нас баралтын хувь өндөртэй зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үеийн эм зүйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор “Новартис эмийн хүртээмжийг сайжруулах” хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь 2021 оноос Швейцарын Холбооны Улсын “Новартис Глобал” эрүүл мэндийн байгууллагатай гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. Монгол Улсын хүний эмийн зөвлөл хуралдаж, “Новартис аксес” хөтөлбөрийн хүрээнд нэн шаардлагатай байгаа эмийн жагсаалтад орсон олон улсын нэр хүндтэй компанийн 16 төрлийн эмийг жагсаалтад бүртгэлээ. Түүнчлэн дээрх эмийг хамгийн бага өртгөөр зах зээлд нийлүүлж, санхүүгийн дарамтаас шалтгаалан эмээ авч чадахгүй байгаа даатгуулагч-иргэдэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувийн зардлын төлбөрийг нь хариуцаж олгох бөгөөд улс орон даяар бүх эмийн сангуудаар тэгш хүртээмжтэй хүргэхээр бэлтгэл ажлаа хангаж байна.

Эх сурвалж: www.polit.mn

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймаг хүнс үйлдвэрлэгчдийнхээ бүтээгдэхүүнийг экспортод гаргах зорилт дэвшүүллээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний орон нутаг дахь нээлт Сэлэнгэ аймгаар үргэлжилж байна. Тус арга хэмжээг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр уншиж танилцууллаа. Мөн Сэлэнгэ аймгийн нутгийн удирдлагууд, аж ахуйн нэгж, хоршоод, төрийн албаныхан оролцон өргөн цар хүрээнд болж өндөрлөлөө.

Сэлэнгэ аймаг нь Улсын хэрэгцээт үр тарианы 50%, төмсний 28%, хүнсний ногооны 30%-ийг дангаараа хангадаг. Жилд дунджаар 174.0-196.0 мян.га талбайд үр тариа, тэжээл, тосны ургамал, төмс, хүнсний ногоо тариалж, 120.0-130.0 мян.га талбайд уринш бэлтгэж, 200.0-250.0 мянган тонн ургац хураан авдаг. 2022 оны хаврын тариалалтаар нийт 337 аж ахуйн нэгж, 2450 иргэн 204.0 мян.га талбайд үр тариа, төмс хүнсний ногоог тариалсан байна. Ургац тогтоолтын дүнгээр улаанбуудай 129340 га-д хураалт хийхээс 575 га талбай мөндөрт цохигдон ургац алдаж, 128765 га талбайгаас 13,4 цн буюу 157358 тн ургац хураан авах урьдчилсан баланс гарсан. Намрын ургац хураалтад 411 комбайн, 125 будаа цэвэрлэгч, 128 будаа ачигч, 10 төмсний комбайн, 5 даршны комбайн, 27 төмс ухагч, 32 хүнсний ногоо хураагч, 22 механикжсан үтрэм ажиллаж байгаа аж.

Мөн Сэлэнгэ аймгийн хэмжээнд бүртгэлтэй 154 хоршоод үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр хоршоодын 52 хувь нь газар тариалан, мал аж ахуй хосолсон, 9,2 хувь нь мал аж ахуй, 10,2 хувь нь түүхий эд бэлтгэл, 13,3 хувь нь газар тариалан, 15,3 хувь нь бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.

Сэлэнгэ аймаг нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийлүүлэгч аймаг болох зорилт тавин ажиллаж байгаа бол “Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийг манлайлж, үр дүнтэй ажиллах зорилт дэвшүүллээ.Цаашид зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээ гаднын улс орнууд руу экспортлох боломжийг эрэлхийлж ажиллах юм.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний Сэлэнгэ аймаг дахь нээлтийн үйл ажиллагаа хэлэлцүүлгээр үргэлжилж, иргэд, аж ахуйн нэгжүүд санал хүсэлтээ илэрхийллээ.

Тухайлбал Сэлэнгэ аймаг хүнсний ногоо, үр тариагаар аймгаа 100 хувь хангаж, бусад орон нутагт нийлүүлэх хүчин чадалтай ч гэсэн хадгалах зоорь дутмаг байна. Ингэснээр тариаланчид намар ургацаа хямд өгч, хавар хүнсний ногооны хомсдолд орох нөхцөл үүсдэг гэв. Мөн өвлийн хүлэмж байдаггүйгээс зарим ногоочид орлогогүй болж, үйл ажиллагаа нь зогсоход хүрдэг. Сэлэнгэ аймагт чадварлаг боловсон хүчин зонхилж байна. Харин залуу үеийн төлөөлөл бага байдаг тул залгамж халаагаа бэлдэх шаардлагатай гэдгийг ч мөн хэлж байв.

  • НАРСАН ОЙ НАЙГАЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон төвийн бүсийн таван аймагт ажиллах ажлын хэсгийн гишүүд Тужийн нарсан ойн нөхөн сэргээлтийн үйл явцтай танилцаж, мод тарилаа.

Тужийн нарс нь Сэлэнгэ аймгийн Шаамар, Алтанбулаг сумын нутагт орших Төрийн тусгай хамгаалалт бүхий байгалийн цогцолборт газар юм. Энэхүү байгалийн цогцолборт газар нь ой хээрийн түймэр болон хүний буруутай үйлдлээс болж ихээхэн сүйдээд байсан. Тиймээс УИХ-ын 39-р тогтоолоор 2002 онд тусгай хамгаалалтад авч, иргэд, аж ахуйн нэгжүүдийн ачаар нарсан ой өнөөдөр найгасаар байна.

– ХӨДӨЛМӨРЧ ХҮН ЯМАР Ч ЦАГ ҮЕД САЙХАН АМЬДАРЧ ЧАДНА

Төвийн бүсийн таван аймагт ажиллах ажлын хэсгийн гишүүд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгонд өрхийн тариалан эрхэлдэг С.Наранцогтын гэрт зочилж, жимсний мод үржүүлгийн талбайтай нь танилцлаа. С.Наранцогтын хувьд 20 гаруй жилийн хөдөлмөрийн үр шимээ хүртэж байгаа, үлгэр жишээ иргэн юм. Түүний жилийн орлого 60 орчим сая төгрөг бөгөөд орон нутгийнхаа жимс, жимсгэнэ, модны суулгацын хэрэгцээг хангахаас гадна өөрсдийнхөө тарьсан эрүүл аюулгүй, шинэхэн хүнсийг хэрэглэж байна. Тэрээр мод үржүүлгийн талбайгаа танилцуулах үеэр, “хөдөлмөрч хүн ямар ч нөхцөлд, ямар ч цаг үед сайхан амьдрах боломжтой. Гагцхүү ” гэж хэлсэн юм.

Сэлэнгэ аймаг дахь “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлт амжилттай болж өндөрлөн, хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчид сэтгэл хангалуун буцлаа. Мөн өнөөдрийн \2022.10.15\ арга хэмжээний хүрээнд Сэлэнгэ аймагт “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, шилдэг тариаланч, үйлдвэрлэгчдэд шагнал гардууллаа.