Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хураасан хүнсний ногоо өнгөрсөн жилээс 26 хувиар өсчээ DNN.mn

Хураасан хүнсний ногоо өмнөх оны мөн үеэс 18.5 (26.6%) мянган тонноор өссөн байна.

Ургац хураалтын явцын мэдээгээр улсын хэмжээнд 2022 оны 10 дугаар сарын 1-ний байдлаар:

  • 166.0 мянган тонн үр тариа
  • 173.5 мянган тонн төмс
  • 88.2 мянган тонн хүнсний ногоо
  • 54.4 мянган тонн таримал тэжээл
  • 555.6 мянган тонн хадлан, 9.8 мянган тонн гар тэжээл бэлтгэсэн байна.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хураасан таримал тэжээл 8.7 (13.8%) мянган тонн, бэлтгэсэн гар тэжээл 2.6 (20.9%) тонноор буурч, харин бэлтгэсэн хадлан 74.9 (15.6%) мянган тонн, хураасан төмс 51.4 (42.1%) мянган тонн, үр тариа 38.0 (29.7%) мянган тонн, хүнсний ногоо 18.5 (26.6%) мянган тонноор тус тус өссөн байна.

Categories
мэдээ нийгэм

Хэрлэн голыг хамгаалах Ажлын хэсэг хуралдлаа DNN.mn

Хэрлэн голыг хамгаалах цогц ажил хийх үүрэг бүхий Ажлын хэсгийн анхдугаар хурал Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд болов.

Хурлаас:

  • Хэрлэн гол дамжин урсдаг таван аймаг, нэг дүүрэг тус бүр Хэрлэн голыг хамгаалах Ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөөний дагуу ажиллах;
  • Гол болон түүний эх цутгал голуудад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохгүй байх;
  • Гол дагуу үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалт хийж, стандарт мөрдүүлэх;
  • Усны нөөц, горим, чанарын судалгаа хийх;
  • Голын бургасыг нөхөн сэргээх, мод тарьж, ургуулах;
  • Онцгой хамгаалалтын бүсийн тэмдэг, тэмдэглэгээг нэмэхээр шийдвэрлэлээ.

Мөн ирэх онд голын эрэг дагуух хур хогийн цэгүүдийг цэгцэлж, нүхэн жорлонг буулган, эвдэрч сүйдсэн газрыг нөхөн сэргээхээр боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хэрлэн голыг хамгаалах санаачилга гарган, холбогдох яам, байгууллагад чиглэл өгсөн юм.

Энэ хүрээнд байгуулсан Ажлын хэсгийг Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж ахалж, гишүүдээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Байгаль орчны төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга, Хэнтий, Төв, Говьсүмбэр, Сүхбаатар, Дорнод аймаг болон Багануур дүүргийн Засаг дарга, холбогдох төрийн байгууллагуудын удирдлага ажиллаж байна

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

ЗГ: Ерөнхий сайдын ХБНГУ-д хийсэн албан ёсны айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө баталж ажиллана DNN.mn

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2022 оны аравдугаар сарын 21-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХБНГУ-д хийсэн албан ёсны айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө баталж ажиллана
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХБНГУ-д энэ сарын 12-15-нд хийсэн албан ёсны айлчлалын дүнг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Айлчлалын дүнг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгалаа. Айлчлалын хүрээнд болсон албан ёсны хэлэлцээ, уулзалтуудаар ярилцаж, тохиролцсон асуудлын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг Ерөнхий сайдаар батлуулж ажиллана.
Энэ удаагийн айлчлал нь хоёр орны итгэлцлийг бэхжүүлэх, иж бүрэн түншлэлийн харилцааг шат ахиулж, стратегийн түвшинд хүргэх, дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, эдийн засаг, худалдаа болон аж үйлдвэр, бүтээн байгуулалтын олон салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж, гуравдагч хөрш-ХБНГУ-ын эдийн засгийн эрх ашиг, сонирхлыг татах чухал ач холбогдолтой боллоо гэж дүгнэж байна.
Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Холбооны Канцлер Олаф Шольцтой албан ёсны хэлэлцээ хийж, цаашдын харилцаа, хамтын ажиллагааны тодорхой асуудлуудыг тохиролцлоо. Мөн тус улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерт бараалхаж, Холбооны Цахим хөгжил, зам тээврийн сайд, Холбооны Эдийн засаг, уур амьсгалын яамны Төрийн нарийн бичгийн дарга зэрэг албаны хүмүүс, улс төрийн намуудын төлөөлөл, Германы бизнес эрхлэгчид, тус улсад үйл ажиллагаа явуулж байгаа Монголын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн төлөөлөлтэй албан болон ажил хэргийн уулзалт хийлээ.
Монгол, Германы харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хүргэж, шат ахиулах саналыг талууд зарчмын хувьд тохирч, энэ зорилтоо 2024 онд буюу дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд эцэслэн шийдвэрлэхээр санал нэгдсэн нь айлчлалын гол үр дүн гэж дүгнэж байна.

Товч мэдээ
· Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар Мөнгөнцогийн Ганхүлэгийг томиллоо.
· Сэргээгдэх эрчим хүчний төслийн талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Засгийн газрын гадаад, зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Бэлтгэсэн гар тэжээл 2.6 тонноор буюу 20.9 хувиар буурчээ DNN.mn

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хураасан таримал тэжээл 8.7 мянган тонн буюу 13.8 хувь, бэлтгэсэн гар тэжээл 2.6 тонноор буюу 20.9 хувиар буурчээ.

Харин бэлтгэсэн хадлан 74.9 (15.6%) мянган тонн, хураасан төмс 51.4 (42.1%) мянган тонн, үр тариа 38 (29.7%) мянган тонн, хүнсний ногоо 18.5 (26.6%) мянган тонноор тус тус нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Ургац хураалтын явцын мэдээгээр улсын хэмжээнд энэ оны аравдугаар сарын 1-ний байдлаар:

  • 166 мянган тонн үр тариа
  • 173.5 мянган тонн төмс
  • 88.2 мянган тонн хүнсний ногоо
  • 54.4 мянган тонн таримал тэжээл
  • 555.6 мянган тонн хадлан, 9.8 мянган тонн гар тэжээл бэлтгэсэн байна.
зураг

Categories
мэдээ улс-төр

Макро эдийн засгийг тогтворжуулах чиглэлээр баримтлах бодлого, экспортын орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээний талаарх мэдээлэл сонслоо DNN.mn

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2022.10.21/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Макро эдийн засгийг тогтворжуулах чиглэлээр баримтлах бодлого, экспортын орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээний талаарх Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонсов.

Энэ талаарх мэдээллийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хийлээ.

Тэрбээр макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлээд богино хугацаанд экспортын орлогыг нэмэгдүүлэх чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулав.

Тэрбээр, Нэн тэргүүнд уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос орох валютын бодит орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг тогтоолоор баталж хэрэгжилтийг хангуулах ажлыг эхлүүлээд байна.

Богино, дунд хугацаанд валютын бодит орлогыг нэмэгдүүлэх цогц арга хэмжээнүүдийг тусгасан Засгийн газрын тогтоол батлагдаж, хэрэгжилтийг хангуулах ажил эхлээд байна. Тухайлбал:

Ашигт малтмалыг олборлох, боловсруулах, тээвэрлэх, хадгалах зэрэг бүх дамжлагуудад төлбөрийн баримт үүсгэх, холбогдох гэрээнүүдийг гааль, татварын нэгдсэн цахим системд бүртгэдэг тогтолцоог бүрдүүлнэ.

2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс зөвхөн энэ тогтолцоонд бүртгэгдсэн ашигт малтмал экспортлогдох боломжтой болно.

Ашигт малтмалыг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулах уул уурхайн биржийн тогтолцоог 2023 оны 1 дүгээр улиралд багтаан нэвтрүүлнэ.

Ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалыг хилийн үнээр худалдан борлуулж, ачаа тээврийн хил нэвтрэх зөвшөөрлийг өөрсдөө олгодог болно.

Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдэж буй хөрс хуулалт, олборлолт, тээвэрлэлт зэрэг бүхий л үйл ажиллагааны төлбөрийг үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгүүлж “Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай” хуулийн хэрэгжилтийг хангуулна.

Төрийн өмчит компаниуд Засгийн газрын шийдвэргүйгээр төлбөрийг ашигт малтмал, түүхий эдээр төлөх нөхцөлтэй гэрээ шинээр байгуулахыг хориглож, өмнө нь хийгдсэн ашигт малтмалын борлуулалт, хөрөнгө оруулалт, худалдан авалттай холбоотой нууц гэрээ хэлэлцээрийг нууцаас гаргаж ил тод болгох,

Төрийн өмчит компаниудын төлбөрийг ашигт малтмал, түүхий эдээр төлөх нөхцөлтэй гэрээ, төлбөрийг урьдчилан авч ашигласан гэрээ, төлбөр нь нэн даруй хийгдэх гэрээнүүдийн ачилт, тээвэрлэлт, экспортыг валютын бодит орох урсгалыг нэмэгдүүлэхээр оновчтой зохион байгуулах зэрэг төлөвлөгөөт үүрэг даалгаврууд өгөгдсөн болно.

Мөн гадаад валютын орох урсгал, валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр ашигт малтмал олборлолтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын олборлолт, экспортын тасралтгүй үйл ажиллагаа хангагдахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллана гэлээ.

Макро эдийн засгийг тогтворжуулах хүрээнд төсөв, мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлж, уул уурхайн голлох бүтээгдэхүүний экспортын биет хэмжээг цар тахлын өмнөх түвшинд хүргэж нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Мөн уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалт, төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг ил тод болгож, уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшнийг нэг шат ахиулна гэж сайд хэллээ. Түүнчлэн эдийн засгийн хөгжлийг хязгаарлаж буй эрчим хүч, тээвэр, санхүүгийн салбаруудад либералчлал, реформыг үе шаттайгаар хэрэгжүүлж эхлэн, хувийн хэвшил, бизнесийн үйл ажиллагааг дэмжиж, санхүүжилтийн эх үүсвэр, төрлийг нэмэгдүүлэн, боомт, тээвэр, логистикийн үйл ажиллагааг сайжруулахаар ажиллаж байна хэмээсэн. Эцэст нь тэрбээр гадаад хүчин зүйлс, эрсдэлүүдийн талаар дурдаад гадаад зах зээл дээрх тодорхой бус байдал өндөр байгаа хэдий ч Монгол Улсын Засгийн газар дээр дурдсан бодлого, арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр макро эдийн засаг тогтворжиж, экспортын орлогоо нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна гэлээ.

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Эдийн засаг нүүрснээс хамааралтай байна. Өдөрт 150 мянган тонн нүүрс гаргаж, 15-20 сая ам.долларын борлуулалт хийж байна гэсэн мэдээ байна. Энэ мөнгө хаачив гэтэл оптек гэрээгээр нүүрсээ урьдчилаад зарсан гэж байна. 5-7 жил борлуулах нүүрсийг зараад мөнгийг нь урьдчилаад авчихсан гэсэн мэдээлэл үнэн үү. Хэдэн оптек гэрээ хийгдсэн юм бэ. Нүүрс олборлож буй компаниудын өр, авлага хэд байна вэ. Тэр компаниудаас ойрын жилүүдэд мөнгө орж ирэх үү гэж асуусан.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, “Эрдэнэс таван толгой” компанид зургаан оптек гэрээ байгаа юм байна. Манай яаманд дөрвөн гэрээ ирсэн. Хоёр гэрээний талаарх мэдээлэл ирээгүй байна. Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, газрын тосны үйлдвэрийн нефть дамжуулах хоолой, Богд хаан төмөр зам, нүүрс баяжуулах үйлдвэртэй холбоотой дөрвөн оптек гэрээ байна. Оптек гэрээний нийт дүн 3.3 тэрбум ам.доллар. Үлдэгдэл нь 2.5 тэрбум ам.доллар байна.

“Эрдэнэс таван толгой” компанийн авлага 920 тэрбум төгрөг байна. Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас 12 тэрбум, “Чингис хаан” банкнаас 60.2 тэрбум, “Багануур” компаниас 14.5 тэрбум төгрөг гэх мэт. Өглөг нь 3 их наяд 489.6 тэрбум төгрөг байна. Гэрээний төлбөр, гэрээт олборлогчын төлбөр, гадаад харилцагч нарт өгөх төлбөр, бондын төлбөр, түүний хүү, татвар, нийгмийн даатгалын шимтгэл гэх мэт. Энэ бол 09 сарын 27-ны мэдээ. Нүүрс борлуулалттай холбоотой Засгийн газрын тогтоол гарсан. Энэ тогтоолоор төлбөрийг нь урьдчилан авсан нүүрс, одоо борлуулах нүүрсээ хэрхэн гаргах талаар зохицуулалт хийж, валютын урсгалаа нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан байгаа. Тогтоол хэрэгжиж эхлээд 14 хонож байна. Үр дүнд нь 260.6 сая ам.доллар орж ирээд байна. Энэ тогтоолыг бүрэн хэрэгжүүлэхийн тулд Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Ингэснээр валютын нөөцөө нэмэгдүүлээд явна гэж тооцож байгаа гэсэн хариулт өгсөн юм.

УИХ-ын гишүүн С.Чинзориг, УИХ хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох мах, гурил, шатахууны нөөц бүрдүүлэх, үнэ тогтворжуулах талаар хэлэлцэн хууль баталсан. Энэ шийдвэр гурилын асуудал дээр хэрэгжихгүй байна. Гурилын үйлдвэрүүдэд 100 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй санхүүгийн эх үүсвэр олгож, нөөц бүрдүүлнэ гэсэн. Гэтэл гурилын үйлдвэрүүдэд 100 тэрбумын хөнгөлөлттэй зээл олгогдоогүй байна. Гаргасан шийдвэр хэрэгжихгүй бол нөөц бүрдүүлэх, үнэ тогтворжуулах бодлого биелэлээ олох уу хэмээн лавлав.

Мөн тэрбээр, Үнийн өсөлт, инфляцын түвшин саарахад хэцүү болсон харагдаж байна. Статистикийн мэдээг харахад нэг сарын дотор талх, гурил, будааны үнэ 21.1 хувиар өсжээ. Эрчим хүчний сайдын мэдээлснээр 11 дүгээр сарын нэгнээс аж ахуйн нэгж байгууллагуудад өгч буй цахилгааны үнэ 11-24 хувиар өсөх нь. Суурь үнэ өсөхөөр инфляцид нөлөөлнө гэлээ. УИХ-ын гишүүн С.Чинзориг мөн валютын ханш тогтворжино гэх баталгаа байна уу хэмээн тодруулсан.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Есдүгээр сарын байдлаар Монгол Улсын валютын нөөц 2.8 тэрбум орчим ам.доллар байна. Наймдугаар сард 2.6 тэрбум ам.доллар байсан. Валютын нөөц нэмэгдэж байна. Бусад улс орнуудыг харж байхад үнэ тогтворжуулах гээд зээл өгдөг, мөнгө өгдөг аргууд бүгд бүтэлгүйтэж байна. Гурилын компаниудад хөнгөлөлттэй зээл өгье гэхэд шалгуурыг нь даваад авах аж ахуйн нэгж ховор байна. Даваад авлаа гэхэд хэл ам байнга дагадаг учир банк нь ч тэр, аж ахуйн нэгж нь ч тэр өгч, авахыг бодохгүй байна. Түүний оронд зах зээлийнхээ жамыг дагах нь зүйтэй гэсэн хандлагатай байна гэж хариулав.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдыг томилох асуудлыг танилцууллаа

Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийн дараа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдыг томилох асуудлыг танилцууллаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилно” гэж, мөн Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Засгийн газрын гишүүний орон гарсан тохиолдолд Ерөнхий сайд түүнийг энэ хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад заасан журмын дагуу 14 хоногийн дотор нөхөн томилно” гэж заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалд Төмөрбаатарын Аюурсайханыг томилохоор танилцуулж байна гэлээ.

Т.Аюурсайхан нь 1975 онд Улаанбаатар хотод төрсөн, 1993 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль, 1999 онд Бүгд Найрамдах Турк Улсын Докуз Ейлүл их сургууль, 2006 онд Японы олон улсын их сургууль, Сөүлийн Үндэсний их сургууль, 2014 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Олон улсын хөгжлийн эдийн засгийн магистр, Боловсролын докторын зэрэгтэй. 2000-2005 онд “Аста Пресс” ХХК-ийн ерөнхий захирал, 2006-2009 онд Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газарт ахлах референт, 2008-2012 онд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Монгол Ардын Намын Хэрэг эрхлэх газарт улс төрийн ажилтан, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, 2012 онд Чингэлтэй дүүргийн Засаг дарга, 2013-2015 онд Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хорооны Дэд дарга, 2015 онд Засгийн газрын тохируулагч агентлаг-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2019-2020 онд Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, 2020 оноос Улсын Их Хурлын Дэд даргаар тус тус ажиллаж байгаа юм.

Ерөнхий сайдын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тохижилтын ажил хойшилсны улмаас 200 сая орчим төгрөгийн алдагдалд оржээ DNN.mn

Дугуй цагаан орчмын тохижилтын ажлын явц, төсвийн талаар Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат мэдээллээ.

Тэрбээр “Дугуй цагаан орчмын тохижилтыг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас гүйцэтгэж байгаа. Тохижилтын ажил аравдугаар сарын 15-нд бүрэн дуусах ёстой байсан. Гэсэн ч тус ажил бараг сарын хоцрогдолтой явж байна. Үүнээс шалтгаалан эдийн засаг, инфляцын өсөлттэй холбогдуулан урьдчилсан байдлаар 200 орчим сая төгрөгийн алдагдалд орж, энэ хэмжээгээр нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай боллоо. Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, ажиллах хүчний асуудал зэрэг наад захын зардлууд өсөлттэй байна. Богино хугацаанд тохижилтын ажлыг дуусгаж, зохион байгуулалттай ажиллах үүргийг Хотын дарга өгсөн. Тус аж ахуйн нэгж машин, техник хэрэгсэл оруулахгүй байгаа. Энэ байдал үргэлжилбэл хот төсвийн алдагдалд орох, тохижилтын ажлын төсөв нэмэгдэх асуудал үүсээд байна. Тохижилт одоогийн байдлаар 90 хувьтай байгаа. Ариун цэврийн өрөө, тусгай харуул хамгаалалт, кофе шопын байгууламжийн ажил 70 хувьтай үргэлжилж байна. Хот тохижилтын газраас Дугуй цагаан, Бага тэнгэрийн ам, Богд хааны музейн урд талын тохижилтыг гүйцэтгэж, Нийслэлийн Засаг даргын захирамжаар зөвшөөрөлгүй гараашнуудыг буулгасан. Гарааш буулгасан байршилд мөн тохижилтын ажлуудыг гүйцэтгэж байна. Түүнчлэн гэр хорооллын дундах бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах зэрэг ажлыг гүйцэтгэж байгаа” гэлээ.

Тохижилтын ажлын гүйцэтгэгч “Цагаантолгойн нуур” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батцэнгэл “Дугуй цагаан орчмын тохижилтын ажил наадмаас өмнө эхэлсэн. Хүйтрэхээс өмнө ажлаа 100 хувь дуусгах төлөвлөгөөтэй ажилласан боловч нэвтрэх хаалганд “Энигма” ХХК-ийн зүгээс машин техник оруулахгүй, ажил зогсонги байдалтай байна” хэмээв.

Дугуй цагаан хүртэлх уулын алхалтын замын тохижилтын ажлын хүрээнд нийт 2.7 га талбайд 4047 ам метр явган зам, 7950 ам метр ногоон байгууламж, 24 хогийн сав, 48 гэрэлтүүлэг, 17 хүүхдийн тоглоом суурилуулах ажил хийж гүйцэтгэж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Шинээр томилогдсон Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөлөө DNN.mn

Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2022.10.21) үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 00 минутад эхэлж, шинээр томилогдсон Засгийн газрын гишүүний Улсын Их Хуралд тангараг өргөх ёслолын ажиллагаа болов.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Төмөрбаатарын Аюурсайханыг томилсон талаарх Захирамжийг уншиж, танилцуулсан.

Дараа нь Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан “Засгийн газрын гишүүн би улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн хууль биелүүлэх ажлыг төр, ард түмэн, Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж, Засгийн газрын гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангараг өргөж, Төрийн сүлдэнд мэхийн хүндэтгэл үзүүлэн, адис авлаа.

Үргэлжлүүлэн холбогдох журамд заасны дагуу тусгайлан бэлтгэсэн ширээнд сууж тангаргийн бичигт гарын үсэг зурж, энэхүү тангаргийн бичгээ УИХ-ын даргад гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүнд Засгийн газрын гишүүний үнэмлэх, энгэрийн тэмдгийг нь гардууллаа.

Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг тангараг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар шинээр Засгийн газрын гишүүн томилогдсонтой холбогдуулж үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, “Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан, сэтгэл зүтгэл, зорилго нэгтэй журмын нөхөр Таны боловсрол, мэдлэг, туршлага, хууль засагладаг нийгэм, шударга ёсыг тогтоох чин эрмэлзэл тань энэ салбарыг удирдахад чухал нөлөө үзүүлнэ гэдэгт Монгол Улсын Их Хурал бүрэн итгэж байна” хэмээн тэмдэглэв.

Мөн Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэнийхээ хөдөлмөрлөх эрхийг эдлүүлэх, хүн амын хөгжлийн бодлого, төлөвлөлт, нийгмийн даатгал, халамжийн бодлого, хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн болон гэр бүлийн хөгжлийн асуудал зэрэг хуулиар тогтоосон төрийн бодлогыг хэрэгжүүлэх эрхэм чухал үүрэг Танд ногдож байна гэлээ.

Улсын Их Хурлын дарга хэлсэн үгийнхээ төгсгөлд, иргэн бүр нь хөдөлмөр эрхэлдэг, хөдөлмөрийн үр шимээрээ элбэг хангалуун амьдардаг Монголыг цогцлоож, “Халамжаас хөдөлмөрт” шилжих зорилт, нийгмийн даатгал, тэтгэврийн шинэчлэл хийх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулж, эрсдэлт цаг үеийг даван туулах нэн чухал, тулгамдсан асуудлууд хүлээж байгааг анхааруулаад эдгээр асуудалд онцгой анхаарч, цаг алдалгүй ажилдаа шуурхайлан орохыг хүсэв.

Үүгээр Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанд өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Монголд анх удаа Салса, Кизомба бүжгийн марафон болно DNN.mn

Монголд анх удаа олон бүжигчдийг нэг дор цуглуулсан, Салса, Кизомба бүжгийн марафон тэмцээн аравдугаар сарын 23-ны өдөр 16:00 цагт “Мишээл энтертайнмент” гудамжинд зохион байгуулагдана.

Тус тэмцээнийг Нийслэлийн аялал жуулчлалын газар ивээн тэтгэж байгаа бөгөөд ерөнхий зохион байгуулагчаар “Нью Йорк стрийт”, “К-поп” ресторан ажиллаж байна. Уралдаанд 16 наснаас дээш бүх хүн оролцох боломжтой. Мөн оролцогч хосын хувцасны сонголтод стандарт тогтоохгүй аж.

Монголын Салса бүжгийн холбооны тэргүүн Б.Булгантуяа “Монголын Салса бүжгийн холбоо байгуулагдаад 10 жил болж байна. Салса бүжгийн төрөл манай улсад хөгжиж эхлээд 15-16 жил болсон. Тэмцээн маань нийт долоон үе шаттай бөгөөд нэг үе шат нь 50 минутын хугацаанд үргэлжлэх юм. Салса, Бачата, Кизомба, Мэрэнгэ бүжгийн аянд бүжиглэнэ.

Мөн бүжгийн хосоо сольж бүжиглэхгүй. Хэрвээ сольсон тохиолдолд тэмцээнээс шууд хасагдана. Сүүлийн шатанд хоёр хос тунан үлдвэл нэг үе сунгаж дахин наймдугаар үеийг давсан хос ялагч болно. Уг уралдааны ялагч 2,000,000 төгрөгийн шагнал, цомын эзэн болох юм.

Нийт 200 гаруй хос оролцохоор бүртгүүлсэн байгаа. Оролцогчдын тооноос шалтгаалаад гурван үед хуваасан. Тэмцээн маань нийт 6 шүүгчтэй, нэг үед хоёр шүүгч ажиллахаар төлөвлөгдсөн” хэмээлээ.

Categories
мэдээ нийгэм

​Умайн хүзүүний хавдрын эсрэг вакциныг ирэх жилээс товлолт вакцинд оруулна DNN.mn


ДЭМБ-ын 2021 оны тоо мэдээгээр 18 сая хүн хорт хавдраар өвчилж, 9,5 сая хүн хорт хавдрын улмаас нас барж байгаагаас умайн хүзүүний хорт хавдраар 569 847 эмэгтэй өвчилж, 311 365 эмэгтэй энджээ.

Монгол улсад жилд дунджаар 300 орчим эмэгтэйчүүд умайн хүзүүнийхавдраар нас бардаг батохиолдол болон нас баралтын тоогоор тэргүүлж байна. Тодруулбал хавдраар эндэж буй 12 эмэгтэй тутмын нэг нь умайн хүзүүнийхавдраас шалтгаалдаг гэсэн харамсалтай тоон мэдээлэл бий.

Хэрвээ охидын 90 хувь нь вакцинд хамрагдаж, эмэгтэйчүүдийн 70 хувь нь эрт илрүүлэгт хамрагдаж, умайн хүзүүний хорт хавдартай эмэгтэйчүүдийн 90 хувь нь эмчилгээнд хамрагдаж чадвал Умайн хүзүүний хорт хавдар нь дэлхий дээрх анхны устгаж болох хорт хавдар байх боломжтой гэдгийг ДЭМБ зүгээс зөвлөж байна.

Умайн хүзүүний хорт хавдрын гол эрсдэлт хүчин зүйл нь хүний папиллома вирус (ХПВ) бөгөөд умайн хүзүүний хорт хавдар үүсгэх шалтгааны 99,7 хувийг эзэлдэг байна.

Умайн хүзүүний хорт хавдрыг хянах чиглэл, хүний папиллома вирус (ХПВ)-ийн эсрэг вакциныг нэвтрүүлэх ажил Монгол улсад 2011-2012 онуудад хийгдэж 10,000 гаруй иргэн хамрагдсан байдаг. Тухайн онд вакциныг тухайн иргэний нас хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилан 1-3 тунгаар хийсэн ба вакцин хоорондын зайг ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу 6-12 сар байхаар зохион байгуулж байсан. Гэвч уг вакцины талаар ойлголтгүйгээс болж муйхарлан эсэргүүцэгч хэсэг бүлэг хүмүүс олон нийтийн дундхуурамч, нотолгоогүй мэдээлэл тарааснаас үүдэн иргэдийн вакцинжуулалт зогссон байдаг.

2019 онд Хавдрын үндэсний зөвлөлийн тэргүүн доктор Б.Цэцэгсайхан нарын судлаачид дээрх онуудад вакцин хийлгэсэн 10000орчим иргэдэд дагах судалгааг хийж олон улсын томоохон сэтгүүлд хэвлүүлсэн бөгөөд судалгааны үр дүнгээр 75-аас дээш хувиар вирусын халдвараас хамгаалж буй нь нотлогдсон бол 2011 онд энэхүү вакцинжуулалтыг хийсэн Их Британи улс умайн хүзүүний хавдрыг 95 хувь бууруулж чадсанаа өнгөрсөн онд зарлаад байна.

Гэтэл вакцин эсэргүүцэгч хэсэг бүлэг хүмүүсийн буруу шатаа мэдээллээс болж өнгөрсөн онд гэхэд 157 эмэгтэй , сүүлийн 10 жилийн хугацаанд умайн хүзүүний хавдраар 2500 гаруй иргэд хорвоог орхисон нь харамсалтай. Одоогоор 4300 эмэгтэй умайн хүзүүний хорт хавдрын хяналтад байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ)-ын Эрдэмтэдийн зөвлөлөөс 2022 оны 4-р сард зөвлөмж гарсан бөгөөд НЭГ тун хийлгэсэн ч дархлал тогтоц 96-аас дээш хувь байгаа тул НЭГ тунгаар хийх зөвлөмж гаргасан байна.

Энэ вакцин нь дэлхий дахинд хамгийн үнэтэй вакцины тоонд ордог бөгөөд Монгол улс НҮБ-ын хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр маш хөнгөлөлтэй үнээр 10,000тун вакциныг авах боломжтой болсон зэрэг таатай мэдээ сүүлийн үед сонсогдох боллоо.

ХПВ-ийн эсрэг вакциныг дэлхийн 150 гаруй улс нэвтрүүлснээс 120 гаруй улс орон Дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрт тусган нэвтрүүлж эхэлсэн бол 2022 онд 13, 2023 онд 18 улс орон нэвтрүүлэхээр болжээ.

Харин Эрүүл мэндийн яамнаас санаачлан Дархлаажуулалтын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар 2023 оноос тус вакциныг товлолт вакцинд оруулахаар төлөвлөөд байгаа юм.

Categories
булангууд мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Баясгалан: Жүжигчин хүн гэдэг бусдын сэтгэлийн хээг шаглан урлагч, гэгээн үйлийн бүтээлч юм DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…


УДЭТ-ын жүжигчин, Мон­гол Улсын соёлын тэр­гүүний ажилтан Цэ­рэндоржийн Баясгалантай уулзаж уран бүтээлийн яриа өрнүүллээ. Тэрбээр А.П.Чеховын “Гэрлэх гэсэн нь” жүжгийн Наталья Степановнагийн дүрээр “Мэшил” наадмын шилдэг эмэгтэй дүр, “Жүжигчид дуулж байна” уралдаанд тэргүүн байр, Ф.Шиллерийн “Хар санаа, хайр сэтгэл” жүжгийн Мильфордын дүрээр “Дэлхийн сонгодог жүжиг” контенпрейри урсгалд тэргүүн байр, зохиолч С.Жаргалсайханы “Нууц амраг чинь болъё” жүжгийн Шүрийн дүрээр “Гэгээн Муза-2007” наадмын шилдэг эмэгтэй гол дүр, В.Красногоровын “Солиотой жүжиг” жүжгийн Жаннагийн дүрээр “Гэгээн Муза-2010” наадмын “Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн алтан цомын эзнээр тодорч байсан шилдэг жүжигчин билээ. “Зүрхний улаан торгон дээрх хүний сэтгэл гэгч алтан утаст хээ юм. Жүжигчин хүн гэдэг бусдын сэтгэлийн хээг шаглан урлагч, гэгээн үйлийн бүтээлч юм” хэмээн ярих эл бүсгүй тавь гаруй жүжгийн гол болон туслах дүрийг амилуулжээ.


-Та ойрд их завгүй байх шиг байна. Уран бүтээлийн олз омог их байна уу?
-Манай Улсын драмын эрдмийн театраас жил бүр хоёр жүжигчнийхээ тайлан тоглолтыг хийдэг. Энэ удаад миний ээлж таарлаа. “Моно жүжгийн өдрүүд” маань сайхан боллоо. Эхний өдөр олон улсаас гран при авчирсан “Эдит Пиаф”-аа, удаах өдөр нь зохиолч Б.Галааридын “Тэнгэрийн аялгуу” жүжгээ тоглосон. УДЭТ-ын долоон найруулагчийн долоон бүтээл болох камерны жүжгийн төсөл хэрэгжиж байгаа. Миний хувьд Ч.Найдандорж найруулагчийн “Чөлөөт хос” жүжигт залуу жүжигчин Тодоотой хамт ажиллаж байгаа. Энэ жүжиг гурван дүртэй, төгсгөлд нь жүжигчин М.Түвшинхүү орж ирэх юм.

-“Чөлөөт хос” гэж юун тухай жүжиг бол?

-Гэр бүлийн хос болох эхнэр, нөхөр хоёр бие биедээ эрх чөлөөг олгоод ирэхээр амьдрал юу болдог талаар өгүүлсэн жүжиг байгаа. Их ур чадвар, ажиллагаа шаардсан жүжиг байна.

-Таныг бага байхад аав чинь үлгэр их ярьж өгдөг байсан гэж сонсч байсан юм байна. Танай удамд урлагийн хүн байна уу?

-Манай гэр бүлд урлагаар явсан хүн байхгүй л дээ. Гэхдээ би аавыгаа үнэхээр авьяастай, урлагийн хүн байжээ гэж боддог юм. Их сайхан дуулна. Аавын дуулсан дуунууд хуурцагт бичээтэй байдаг. Уртын дуу, ардын дууг гайхалтай дуулдаг, хүчтэй хоолойтой хүн байсан. Ээж маань ч эвлэгхэн сайхан хоолойтой хүн байдаг. Дөнгөж мэдээ орж эхэлсэн цагаас аав минь бидэнд үлгэр их ярьж өгөхдөө бүх дүрдээ хувирдаг байсан болохоор кино шиг нүдэндээ төсөөлж хардаг байсан. Магадгүй энэ чанар нь намайг урлагт дурлуулсан болов уу. Эх хэлнээ гарсан дэлхийн сонгодог зохиолчдын бүтээлийг уншихдаа кино болгож төсөөлдөг байсан. Манай аав Гомбожавын Цэрэндорж гэж зураг, шугам зургийн багш хүн байлаа. Ээж маань орос хэлний багш. Манай гэрээр дүүрэн “Мурзылка”, “Художника время” сэтгүүлүүд байдаг байсан. Тэр сэтгүүлүүдэд дэлхийн сонгодог зураач Рембрандт ч юм уу, Шишкиний хуснуудын судалбар, Айзовскийн далайн тухай зургууд их гарна. Энэ бүхнээс урлагийн гайхамшигтай мэдрэмж авч өсч. Тэр зургуудыг хараад өмнө нь ийм амьдрал байсан байхдаа ч гэх юм уу, цаашаа ингэж өрнөх болов уу гэж их төсөөлдөг байлаа. “Тэнэмэл хүү буцаж ирсэн нь” гэдэг зургийг хараад энэ хүү ямар амьдрал туулаад орон гэртээ ирсэн бол гэж их боддог байсан. Аав, ээжийн минь бидэнд олгосон хүмүүжил намайг урлагт түлхэж өгчээ. Ээж маань одоо хүртэл намайг хүмүүжүүлсэн хэвээрээ л байгаа. (инээв.сур)

-Ээж хүн ч насан туршдаа л үр хүүхдээ хүмүүжүүлдэг юм шиг байгаа юм аа?
-Би ээжтэйгээ, хүүтэйгээ, дүүтэйгээ дөрвүүл амьдардаг. Багш хүн болохоор ч тэр юм уу сурганых нь зан үйл одоо хүртэл салж өгөхгүй шөнөжингөө л жүжгийн сургуулилтаа хийгээд ирэхэд “Та одоо хэдэн цагт орж ирж байгаа юм бэ” гээд аягүй хэцүү. “Ээж минь ээ, та намайг хангалттай хүмүүжүүлчихээд одоо ажлыг минь хийлгээч ээ. Миний нас ч гуйвж дайвахаасаа өнгөрөөд замаа олсоон” гэнэ шүү дээ.

-Та СУИС-ийн хэдэн оны төгсөгч билээ?

-Урлагийн гавьяат зүтгэлтэн Уртнасан багш, тайзны ярианы багш ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт Гантөмөр хоёрынхоо удирдлагад 1994 онд төгссөн. Сургуулиа төгсөөд Урлагийн зөвлөлийн дарга Тунгалаг эгчийн удирдаж байсан “Орчин үе” театрт ажиллаж байхад 1997 онд Б.Мөнхдорж найруулагч, Зориг багш хоёр дуудаж Улсын драмын эрдмийн театртаа ирсэн дээ.

-Драмын урлагийн бурхад шахуу улс урьж авчирсныг бодоход таны авьяас тэдэнд ямар нэгэн хэмжээгээр анзаарагджээ дээ?

-Оюутан байхдаа янз бүрийн дүрд тоглож байсан. Оюутны маань хөдөлмөр багш нарт маань анзаарагдсан юм болов уу даа. Оюутан байхдаа уншиж хайсаар “Атга буудай” гэдэг зохиолыг тайзны хэсэг болгож тавьж байсан. Бас Ф.М.Достоевскийн “Цагаан шөнө” туужийг хэсэг болгож тавьж байлаа. Би чинь хөдөөний хүүхэд болохоор тэр бүрий жүжиг сайн мэдэхгүй, зөвхөн өөрөө л уншиж судалдаг байлаа. Энэ хоёр зохиол СУИС-д олон жил миний открывка (хэсэг) болгосноор явж байгаа. Тайзны ярианы хичээл дээр А.П.Чеховын “Бэр гуйсан нь” жүжиг дээр Эрдэнэзаантай хамт ажиллаж “Мэшил” наадмын эрэгтэй, эмэгтэй шилдэг дүрийн шагналыг авч, “Сонгодог инээд” тэмцээнд оролцон тусгай байрын шагнал авч байсан. Энэ бүхэн багш нарын минь нүдэнд өртөж байсан болов уу. Зориг багш маань “Манай Баясаа бол зүгээр нэг энгийн цэнхэр цэнхэр дүрүүдэд тоглоод байх хүн биш, төрөл төрлийн янз бүрийн араншин гаргах характерный жүжигчин” гэж үнэлдэг байсан. Хоёр багш маань театрт авчирснаас хойш маш олон жил олигтой юм хийлгүй явсан.

-Дэлхийн болоод сонгодог жүжгүүдэд тоглочихсон том цолтой жүжигчдээс эмээж зүрхшээгээд олигтой юм хийж чадахгүй явав уу?

-Монголын үндэсний телевиз гэхэд ганцхан байлаа. Одооныхтой адил “од” болох сурталчилгаа, шоу цэнгүүн ч цөөхөн байж. Одоо манай театрт гэхэд ганцхан сарын дотор долоон жүжиг тавигдах гэж байна шүү дээ. Тэр үед жилд ганц жүжиг л тавьдаг байлаа. Дөнгөж орж ирсэн жүжигчин, дээр нь Жульеттад тоглохоор ховорхон хүн биш шүү дээ, би. Нэг ёсондоо боломж тэр бүр нээлттэй биш байлаа.

-Хүрд эргүүлэх боломж олдохгүй гэдэг шиг байсан юм байна шүү дээ?

-Тухайн үед тавигдаж байсан жүжгүүдийн жижигхээн дүрүүд оногддог байсан. Тэр жижиг дүрүүдээ л аль болох сайн хийчих юм сан гэж гүйдэг байлаа. 2003 он хүртэл гайгүй дүрд тоглох хүрд эргүүлэх боломж ёстой гардаггүй байсан. Хамтарч ажиллаж байсан мундаг жүжигчдээсээ маш их зүйлийг харин энэ хугацаанд суралцсан. Ганц хоёр гайгүй дүр хийчихээд амжилтад хүрчихсэн бол “арчигдаад” л арилах байсан байх.

-Тайзан дээр тэгж түр зуурын од болж гялалзаад арчигдсан түүх олон байна уу?

-Тэрийг би сайн мэдэхгүй. Өөр дээрээ л дүгнэж хэлж байгаа юм. Маш олон жилийн турш чанартай бүтээл хийх гэж суралцаж, зүтгэсэн минь миний хувь тавилан байж.

-Та түрүүн “хөдөөнөөс ирсэн оюутан” гэж байсан. Хаанахынх билээ?

-Би Увсынх. Улаангом хотын уугуул. Хоёрдугаар арван жилийн сургуулийг төгсдөг жил “Гарын таван хуруу”-гийн Шагдарын дүрээр олноо алдаршсан Лхасүрэн багш, Зориг багш хоёр маань очиж шалгалт аваад, Увсаас Иньяахүү, Эрдэнэзаан, Батнасан, бид дөрвийг авчирч байсан. Заан бид хоёр дөнгөж дунд сургуулиа төгссөн хүүхдүүд байв.

-Та сая олон улсын тэмцээнээс моно мюзикл жүжгийн төрлөөр гран при авлаа гэсэн. Ноднин тоглож байсан “Би Эдит Пиаф байна” жүжгээрээ оролцов уу?

-“Эдит Пиаф”-ыг өнгөрөгч жил Шангрилагийн арван долоон давхарт 100 ам.долларын такстайгаар нээлтийг нь хийсэн. Драмын мэргэжлийн жүжигчдийн төвөөс арав дахь жилийнхээ ойд олон улсын чанартай зохион байгуулсан үйл ажиллагаанд нэг хүний жүжгийн төрлөөр хэд хэдэн орноос жүжигчид оролцсон. “Эдит Пиаф” жүжгийг надад “Чи дуулдаг юм чинь” гэж санал болгосон. Найруулагч Баатар найруулж, Батбилэг эгч тайзыг нь хийж өгсөн. Ганхуяг хөгжмийн чимэглэлийг гайхамшигтай хийж өгсөн. УДЭТ-ын менежер Нямсүрэн маань продюссорлосон. Энэ жүжиг маань Косовогийн арван гурван орон оролцсон тэмцээнд очиж оролцлоо. Монголын театрын урлагийнхан гадагшаа уралдаан тэмцээнд явахад олон хүний бүрэлдэхүүнтэй жүжгээр оролцоход зардал мөнгө, хэлнээс өгсүүлээд бэрхшээл их байдаг. Сая гурвуулаа яваад ирэхэд л асар их зардал гарч байна. Долоон дуу нь франц хэлээр, яриа нь монгол хэл дээр тоглогдлоо. Аз болоход Эдит Пиаф жүжиг маань дэлхийд маш их түгсэн уран бүтээл юм билээ. Ханноверт ирэх оны гуравдугаар сард болох тэмцээнд үзэгчдэд зориулж тоглогдоно. Шүүгчдийн нэрэмжит, шилдэг эмэгтэй, эрэгтэй дүрийн шагнал, шилдгийн шилдэг гран при шагнал гэсэн дөрвөн шагналаас бидний бүтээл гран приг нь авлаа. Драмын урлагтаа хамгийн анхны олон улсын гран при шагнал авчирсандаа баяртай байгаа. Бидэнд явах боломж олгосон “Ирээдүй энержи” компанийн захирал, “Юм Агаа” сангийн тэргүүн хатагтай М.Түвшинбаяртаа маш их баярлалаа. Хамтран тоглогч бүх жүжигчдэдээ талархлаа илэрхийлье.

Францын алдарт дуучин Эдит Пиафын амьдралтай таны амьдрал ойролцоо учраас дүрээ сайн гаргасан гэж цахим ертөнцийнхөн шуугисан байна лээ. Тэр дуучин чинь амьдралдаа маш их алдаж, оносон бүсгүй гэсэн биз дээ?

-Яаж Эдит Пиафын амьдрал минийхтэй ойрхон байх юм бэ, ямар аймаар юм бэ. (элгээ хөштөл инээв.сур) Би чинь хоёрын хоёр сурган хүмүүжүүлэгчийн айхтар мундаг хүмүүжилтэй гэр бүлээс гаралтай, тухайн үедээ өндөр цалин хангамжтай, элбэг ханалуун амьдралтай, дүү нараа асардаг, хүнийг хайрлаж мэддэг, хайран дунд умбаж өссөн ийм хүн шүү дээ. Гэтэл Пиаф чинь бүүр зоргоороо амьтан. Ээж нь төрүүлэнгүүтээ аавд нь өгөөд хаяад зугтчихсан, эмэг эх нь угжны шилний талд нь дарс, талд нь сүү хийж угжиж өсгөсөн, аавтайгаа гудамжинд дуулж өссөн хүн шүү дээ. Хэнд ч дурлаж чаддаг, дурлалынх түүхүүдээс дуунууд нь төрж байсан, дурлалгүйгээр хэзээ ч амьдарч чаддаггүй, архинд орж байсан, хайртай хүн нь үхэж байсан, охин нь үхэж байсан эмгэнэлт хувь тавилантай хүн л дээ. Тайзнаасаа бууж, тайзан дээрээ мандан бадарч байсан, хар тамхинд донтсон, эмчлүүлж эрүүлжсэн, дахин мандан бадарсан, сэтгэцийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан, эцэст нь цэл залуухан насандаа бурхан болсон ийм түүх намтартай хүн шүү дээ. Тэгэхэд би нэг л хүнийг хайрлаж, нэг л хүнээс хүүгээ төрүүлсэн тэс өөр амьдралтай хүн байгаа биз дээ. Тэр хүнээсээ хойш өдий олон жил хүүгээ бөөцийлж, урлагтаа үнэнч явж ирлээ. Тэгэхээр бид хоёрын амьдрал тэнгэр газар шиг зөрүүтэй. “Ээж минь болохгүй болохгүй” гэх асуудлыг байнга тавьж ирсэн гэж түрүүн би танд ярьсан даа. Жүжигчнийхээ хувьд дүрээ харин маш сайн судалсан нь бол үнэн.

-Эдит Пиафын долоон дуунд юуны тухай өгүүлэхэв?

-Дэлхий нийтэд хүрчихсэн сонсголонтой сайхан дуунууд л даа. “Парисын тэнгэр доор” гэдэг дуу нь гэхэд өмнө зүг рүү галт тэргэнд явж байхдаа нэг залуугийн мөрийг санаандгүй дэрлэн зүүрмэглэж сэрээд дурласнаа яруу найрагч Раймонд Ассод ярин дуу болгуулсан байх жишээтэй.

-Монголын өнөөгийн драмын урлагийн нүүр царай болсон бүсгүйчүүд тантай нэг өрөөнд ажилладаг юм байна. Сайхан биз?

-Манай өрөө чинь “Эвтэй таван амьтан” байхгүй юу. “Аравт” кинонд тоглодог Ганцэцэг маань гайхамшигтай эмэгтэй. “Шинэ үсгийн багш” киноны Дунжидмаад тоглодог Болормаа эгч маань, жүжигчин Хулан, “Орхидос” кинонд тоглодог жүжигчин Отгонцэцэг бид тавуулаа энэ өрөөнд суудаг. Нэгнийхээ дүрүүдэд их нөлөөлнө. Баяр ёслол, зовлон жаргалаа ч хуваалцана.

-Удахгүй зуны амралт эхэллээ. Яаж амрах бодолтой байна даа?

-Өнгөрөгч зун “Анирлагч” уран сайхны киноны Дэнсээгийн дүрийг бүтээгээд олигтой амарч чадаагүй. Энэ жил саяын хоёр жүжгээ ӨМӨЗО-нд тоглох санаатай байгаа. Б.Амарсанаа найруулагчийн кинон дээр давхар ажиллана. Реклам сурталчилгааны саналууд ч их ирж байна.

Л.Батцэнгэл