Categories
мэдээ цаг-үе

Манай улсад 92 улсын 7000 иргэн хөдөлмөр эрхэлж байна DNN.mn

Хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөр эрхлэлтийн талаар Засгийн газрын мэдээлэл  сонслоо

Манай улсад энэ оны 3 дугаар улирлын байдлаар гадаадын 92 улсын 7 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олохоор хөдөлмөрлөж, мөн сайн дурын ажил хийж байна.

Ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 1.3 (22.3 хувь) мянга, өмнөх улирлынхаас 0.8 (13.3 хувь) мянган хүнээр нэмэгджээ. Тэдний 6.2 (88.1 хувь) мянга нь эрэгтэй, 0.8 (11.9 хувь) мянга нь эмэгтэй аж. Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэдийн 56.5 хувь нь БНХАУ-ын, 5.3 хувь нь БНЭУ-ын, 4.9 хувь нь БНСВУ-ын, 4.5 хувь нь ОХУ-ын, 3.8 хувь нь БНСУ-ын, 3.1 хувь нь АНУ-ын, 3.1 хувь нь БНТУ-ын 2.8 хувь нь Австрали, 2.7 хувь нь Филиппин, 2.4 хувь нь ӨАБНУ-ын, 10.9 хувь нь бусад улсын харьяат юм. Насны бүлгээр харьцуулбал 50-54 (16.9 хувь), 45-49 (16.8 хувь) насныхан хамгийн их, 24 хүртэлх (2.8 хувь) насныхан хамгийн бага хувийг эзэлжээ.

Ажил эрхэлж буй гадаад иргэдийн 2.9 (40.8 хувь) мянга нь Улаанбаатарт, 2.4 (33.7 хувь) мянга нь төвийн, 1.1 (15.8 хувь) мянга нь зүүн, 0.4 (5.7 хувь) мянга нь баруун, 0.3 (4.1 хувь) мянга нь хангайн бүсэд ажиллаж байна. Боловсролын түвшнээр харьцуулбал 3 (42.1 хувь) мянга нь диплом, бакалаврын дээд, 2.5 (35.9 хувь) мянга нь техник мэргэжлийн, 692 (9.8 хувь) нь бүрэн дунд, 604 (8.6 хувь) нь тусгай мэргэжлийн дунд, 138 (2 хувь) нь суурь, 109 (1.5 хувь) нь магистр, докторын боловсролтойг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Мөн тэдгээр гадаад иргэдийн 3 (42.4 хувь) мянга нь мэргэжилтэн, 1.6 (22.6 хувь) мянга нь техникч, туслах дэд мэргэжилтэн, 0.9 (13.3 хувь) мянга нь үйлдвэрлэл, барилга, гар урлалын ажилтан, 0.7 (10.2 хувь) мянга нь менежер, 0.6 (8.2 хувь) мянга нь суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагч, 0.1 (1.8 хувь) мянга нь энгийн ажил, мэргэжил, холбогдох ажил, үйлчилгээний ажилтан, 64 (0.9 хувь) нь контор, үйлчилгээний ажилтан, 42 (0.6 хувь) нь худалдаа, үйлчилгээний ажилтнаар ажиллаж байгаа аж.

Манай улсад 2022 оны 3 дугаар улиралд ажил эрхэлж буй гадаад иргэдийн 2187 (31.1%) нь уул уурхай, олборлолтын, 1641 (23.3%) нь барилгын, 866 (12.3%) нь боловсролын, 748 (10.6%) нь боловсруулах үйлдвэрлэлийн, 513 (7.3%) нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний, 419 (6.0%) нь тээвэр ба агуулахын үйл ажиллагааны, 205 (2.9%) нь үйлчилгээний бусад үйл ажиллагааны, 455 (6.5%) нь бусад салбарт ажиллаж байна. Ажил эрхэлж буй гадаад иргэд өмнөх улиралтай харьцуулахад боловсрол (229 хүнээр), уул уурхай олборлолтын салбарт (158 хүнээр) хамгийн их нэмэгдсэн байна

Categories
мэдээ цаг-үе

Он гарсаар ахуйн гал түймрийн улмаас 29 хүн амь насаа алджээ DNN.mn

Он гарсаар улсын хэмжээнд 413 удаагийн ахуйн гал түймэр гарчээ

Он гарсаар 2586 удаагийн ахуйн гал түймрийн дуудлага бүртгэгдэж, 29 хүн амь насаа алдаж, 20 иргэн түлэгдсэн байна.

Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан ахуйн гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байгаа тул иргэн бүр гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

  • Халуун үнс нурмыг ил задгай асгахгүй байх, үнс нурмыг таглаа бүхий зориулалтын саванд хийж занших,
  • Гэр орондоо зул, хүж, лаа, дэн асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй байх,
  • Шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлах,
  • Эвдрэл гэмтэлтэй зориулалтын бус цахилгаан хэрэгслийг ашиглахгүй байх,
  • Гарааш ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлах,
  • Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байх,
  • Цахилгаан халаагуур, халаагчийг гэр, байшин, аж ахуйн нэгж байгууллагадаа суурилуулахаар сонгосон бол цахилгаан ашиглалтын дүрэм журмыг мөрдөх, аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгаа авах, мэргэжлийн цахилгаанчаар холбуулж, холбогдох байгууллагуудаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхийг Онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Никола ТЕСЛА DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС ДАРААХ НИЙТЛЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.


“Монголын пси­хот­роникийн хүрээлэн” хэмээх даруухан ТББ байгуулагдаад өнөө жил бараг 14,15 жил ч болж байна уу. Гоц гойд, эгэл бус алдартай хүмүүсийг бүртгэж судалж олон нийтэд сурталчлах үйл ажиллагаа голчлон хийдэг газар л даа. Энэ ажлынхаа хүрээнд дэлхийн содууд суутнуудын талаарх судалгаа, бестселлер болсон бүтээлээс эх хэл дээрээ хэвлүүлж соён гэгээрүүлэх үйл мэтгэсээр гаршиж байна даа. Манайд хандаж шинээр гаргасан номынхоо дээжийг байнга хүргүүлэх агаад тэр нь маньд хаяглагдан ирдэгт гүнээ талархаж явдгаа дашрамд хавчуулсуу. Зарим номыг нь уншсаныхаа дараа тэсгэлгүй сонин дээрээ нэлээд дэлгэрэнгүй биччихдэг. Тэр нь эрхэм нөхдөд тус болдог уу эсвэл хамаг орлогыг нь хаачихдаг уу бүү мэд. Энэ удаа аанай л тэссэнгүй “Тесла”-гийн тухай бичмээр санагдаад…

Тесла брэндийн төрөл бүрийн цахилгаан бараа байдаг билүү. Орчин цагийн шинжлэх ухааны нээлтүүдийн оргил үе болох ХIХ-ХХ зууныг дамнан ажиллаж амьдарсан Югославын Серби гаралтай Никола Тесла гэдэг агуу эрдэмтний нэрийг дэвшилтэт хүмүүн мэдвэл зохих ёстой аж. “Америкийн империалист” олон эрдэмтэн зохиолчдыг өмнөх хаалттай нийгэм биднээс нуун дарагдуулж байсны нэг нь бол энэхүү харь гаригаас ч илгээгдсэн байж болзошгүй “Цахилгааны инженер” нөхөр болой.

Одоо хаа сайгүй нийтийн хэрэглээ болчихсон өчнөөн эд хэрэгслүүдийн анхны санаануудыг 100 гаран жилийн тэртээд бодож ологсдын амьдрал уран бүтээлийн замнал гэж бөөн адал явдал байжээ. “Өөр ертөнцөөс илгээгдсэн икс хүн” хэмээх баримтат номонд энэ тухай гарна.

Никола Тесла 1856 онд одоогийн Хорватын Смиляна гэдэг уулын буйдхан гацаанд санваартан гэр бүлд айлын дөрөв дэх хүү болон мэндэлжээ. Эднийхний өмнөх удам судар лам эсвэл офицер гэх хоёрхон мэргэжлээр хэдэн зуунаар үргэлжилсэн агаад тэрнийгээ цөмөөрөө мэддэг аж. Гэр бүлийн энэ хатуу жаягийг зөрчин физик, технологийн чиглэл рүү тэрээр анх удаа зориглон гажигтсанаар багагүй саад бэрхшээлтэй тулгарсан байдаг. Теслаг долоотой байхад аав нь багашаархан тушаал дэвшин хөдөөнөөс Госпич гэдэг хот руу нүүж ирцгээлээ. Хот газрын соёлд балмагдан бүгд гоё цэвэрхэн хувцаслах гэж үйлээ үзнэ. Харин бяцхан хүү хотын номын санд нь сууж тэнд байсан бүх номыг уншсан ба одоогоор бол ПС тоглоомонд донтогсод шиг шөнө ч унтахаа больсон аж. Харин гэрт нь хогоороо байдаг шашны урт урт судар маани мэгзимээс шал өөр физик бусад шинжлэх ухааны сэдэвтэй зохиолууд хөдөөний жаалд гойд сэтгэгдэл төрүүлж улмаар насан туршийнх нь амьдралд нөлөөлжээ. Ном уншихаас бусад үед ер зүгээр сууж чаддаггүй “дайсантай” хүү ямагт хэрэг тарина. Үеийнхэнтэйгээ байлдаж тоглох зуураа гурван санжийн зузаан банзыг цоо харвадаг арбалет нум сум хийчихсэн томцуулын үнхэлцэг зүрхийг хагалахаа шахсан нь наад захын асуудал.

Хотын гал командын алба хувин савнаасаа салж голоос шахуурга ашиглан түймэр унтраах шинэ төхөөрөмжтэй боллоо. Энэ чухал үйл явдлын нээлтийг үзэхээр иргэд удирдлагууд бүгдээрээ цугларцгаав. Сургуулийн модон байшингийн хажууд гал асаан түүнийг дор нь нам шүршиж унтраагаад л…Гэтэл үзүүлэх сургууль ид дундаа явж байтал гэнэт ус тасарч улмаар сургууль ч шатах аюул нүүрлэж бүр баларсан юм болов. Тэнд байгсад бүгдээрээ балмагдан яахаа ч мэдэхээ байх тэр агшинд үзэгчдийн дундаас долоо найман насны бяцхан хүү гол руу үсрэн орж шахуургыг шалгаж үзээд тэр хавьд нь шланк нугаларсан бололтойг тэнийлгээд дор нь засаад өгчээ. Хүмүүс хүүг мөрөн дээрээ суулган хотыг бүтэн тойрон явснаар түүний алдрын замнал эхэлсэн түүхтэй. Сонирхолтой нь хүү энэ талын ямар ч мэдэгдэхүүнгүй анх удаа л усны шахуурга насос, шалаанк гээчийг энэ өдөр харжээ.

Том хүүгээ цаг бусаар алдсан эцэг Милутинд Теслагийн үйл хөдлөл бүхэн түгшүүр төрүүлнэ. Учир нь үл мэдэх өвчин байнга ороохоос гадна тэр үеийн Европыг нөмөрсөн аюулт урвах тахал тусч явчихаа алдсан. Биеэ огт боддоггүй зөрүүд Тесла хэтэрхий их уншиж судлан яс арьс болтлоо турж эцэх тул түүнийг Прагийн техникийн их сургуулиас гаргаж төлбөрийг нь төлөхөөс татгалзаж, онц сурсан баярын бичигнүүдийг нь шатааж хүртэл үзсэн байна. Залуу хүү сэтгэлээр унаж улмаар улаан мөрийтэй тоглоомчин болон орон гэрийнхээ хамаг хөрөнгийг самрангаа алдсан. Залуу насандаа ийнхүү баахан “гайрийдаж” бүр гуларч гүйцсэн нөхрийг хамаатнууд нь тусалж нэгэн радио станцын газар ажилд оруулав. Ажилтан болсноор баахан адал явдалтай учирснаас гадна өчнөөн олон санаачилгууд зохион бүтээж бүр том нээлтүүдийг ч бодож олов. Бодсоноо ажил болгохоор Францыг зорьсон боловч тэнд хүнд сурталтнуудад айхтар мэхлэгдэн дахиад л дампуурав. 1884 онд шинэ тив буюу Америкт хөл тавьжээ. Зам зуур тээшээ хулгайд алдаж юу ч үгүй хоцорсон, сууж явсан хөлөг онгоцон дээр бослого гарч золтой л мажийчихаа алдсан зэрэг яаж зүгээр байхав гэсэн шиг. Тэгж нэг юм сохор зоос ч үгүй Нью-Йоркт буугаад эхний гудамжинд тааралдсан дэлгүүрийн эзний засах гээд ноцолдож буй цахилгааны генераторыг дор нь янзалж 20 ногоон хармаалаад авав. Нөгөөдөх нь бүр баярлаад манайд ажилд орооч бариач гэхэд бушуухан салахын түүс болов. Тэр бүр агуу их рүү зорьж яваа шүү дээ. Тэр үед цахилгааны талаар Америкт төдийгүй дэлхийд хамгийн цууд гарсан эрдэмтэн бол одоогийн бидний хэрэглээ болсон чийдэнг дөнгөж нээгээд байсан агуу Томас Эдисон байлаа. Тесла найзаараа зуучлуулан түүнд бараалхаж компанид нь багашаархан зиндааны инженерийн ажил олж авав. Эдисон чийдэнг нээх гэж мянга гаруй удаа туршилт хийн цөхрөлтгүй зүтгэснээ гайхуулахад нь

-Нэг муу чийдэн асаахын төлөө юун ч сүртэй юм бэ дээ гэх ухааны юм хэлчихсэн нь хожим Эдисоны мөнхийн өстөн болох юм гэж яаж санахав. Чийдэн нээгч эрдэмтэн цахилгааны салбарт тогтмол гүйдэлийг шүтэн түүгээр олон ч төсөл санал болгон ивээн тэтгэгчээ олоод байсан үед Тесла гэгч гай гарч ирээд наадах чинь бишээ гээд оронд нь хүн үнэмшиж ойлгохын аргагүй бөөн нээлт нотолгоо гаргаад ирэв. Шинэ тив ардчилсан орон болохоор Теслаг арай ч “мээк” нөхөр гэж шоолсонгүй. Гэхдээ л хувьсах гүйдлийн цахилгааны онолыг нь санхүүжүүлэх зоригтон олдсонгүй. Хэрэг бишдэж байгааг Эдисон тэнэг хүн биш болохоороо зөнгөөрөө гадарлаж далдуур Теслаг хорлох ажиллагаа явуулж түүндээ мөнгө харамгүй зарцуулсан байдаг. Яг л өнөөдрийн манай нийгэм шиг шар хэвлэлүүдээр захиалгат нийтлэл хөврөн, эх орончид цээжээ балбан “Тесла гэгч нөхөр мөнгөний төлөө тог цахилгааны зарчмыг өөрчилж ард түмнийг өчүүхэн ч өрөвдсөнгүй. Түүний бүтээл дотор хүнд аюултай 65 ширхэг зүйл байна Үүнд…” гэж ирээд л авч өгчээ. Харин энэ нөхрийн бүтээлээр гэмт хэрэгтэнг цаазлах сандал хийвэл зохилтой гэснийг нь парламент шүүрэн авч хууль санаачлан анхны цаазын цахилгаан сандал үүсвэй. Тэгээд эхний үйлчлүүлэгчээр цуутай алуурчин Кеммлер гэгчийг суулгаад тогоо залгасан чинь үхдэггүй ээ. Нөгөөдөх нь бүр ял завшихаа алдаж цаазаа та нар гүйцэтгэсэн гээд гүрийчихэв…Хожим Тесла өөрийн нээлтээ биен дээрээ нотлон 6000 вольтын тог гүйлгэж олныг алмайруулсан байдаг.

1890 он гэдэг чинь одоогоос 120-иодхон жилийн өмнө эрчим хүчийг 500 метр зайд ч хүргэж чадахгүй замд нь алдаад барчихдаг байсан юм уу даа. Харин “тэнэг” Тесла Ниагрын хүрхрээнээс эрчим хүч гаргаж аваад гучин километрийн зайд орших Буффало хотыг цахилгаанжуулах боломжийг хэлж өглөө. Энэ солиотой санаанд мөнгөө шидэх зоригтоноор Ж.Вестангауз хэмээх орос гаралтай саятан бас таггүй зохион бүтээгч нөхөр тодров. Мөнгөний ханш чулуу байсан тэр үед Теслагийн зохион бүтээгчийн 40 гаран патентийг нь нэг бүрийг нь 25 мянгаар үнэлж нийтдээ сая гаран доллар бэлнээр төлөн өөрийг нь ч уг төсөл дээрээ ажиллахыг санал болгов. Ингээд л ганц өдрийн дотор саятан болсондоо бус хувьсах гүйдлийн талаарх багын мөрөөдөл нь ийнхүү хэрэгжсэнд туйлын их баярлажээ.

Фаз, трансформатор гээд тог цахилгааны салбар дахь бидний мэдэх мэдэхгүй баахан нээлтүүдийг энэ Тесла гэгч нөхөр нээсэн ба улам боловсронгуй болгосон юм билээ. Юм л шинээр нээж байвал ганц жаргалаа эдэлдэг шунал дэвгүй энэ эрдэмтэн цахилгаан станц дээрх ажлуудаа заримыг нь дундаас нь хаяж бусад эрдэмтэд, бизнесмэнүүдийн хоол болгоод өөр салбар шинжлэх ухаанууд руу тэнээд явчихжээ.

Хүүхэд байхдаа гайхаад л байдаг аянга цахилгааны учир начрыг жаал мөнгөтэй болмогцоо олохоор хорхойсч энэ тал дээр баахан цагаа барсан байдаг. Тэгээд Коларода муж дахь байнга аянга буудаг газар нүсэр лаборатор барин хиймэл аянга үүсгэн туршиж үзсэн. Аянга төдийгүй дэлхийн бусад цаг агаар хур тундасыг захиран хүссэн газраа ган тайлах боломжийн талаар яриад эхлэв. Мөн өөрийнхөө Нью-Йорк дахь урландаа хиймлээр оюун ухаан бүтээх, хөргөгч, агаараас азотын бордоо гаргах төхөөрөмж санаачлан макет схемийн заримыг нь бичил хэлбэрээр хийчихээд байтал гал гарч урлан нь юу ч үгүй шатаж дэлхий даяар сенсаац тарив. Нөгөө аянгын төхөөрөмж нь бас аянганд ниргүүлж будаа болов???

Үүнтэй зэрэгцээд бие нь дахиад л муудаж олон хоног сараар өвдөж үхэнгээ алдсан. Тэр үедээ рентген зураг ба цахилгаанаар анагаах эмчилгээн дээр баахан нээлт хийж орхилоо. (Тэрээр биеэрээ тог гүйлгэн хачин аргаар өөрийгөө эмчилдэг байсан ба энэ сул биетэн гайхалтай өндөр насалж бараг 90 хүрээд 1943 онд өөд болсон. Хоёр метр шахам өндөртэй атлаа тавь гаранхан килограмм жинтэй хэрзийсэн нөхөр) Түүний гоёлын шаахайн дотор байгаа хөлний рентген зураг алдарт эрдэмтэн Рентгений нээлтээс өмнөх цаг үеийг гэрчилдэг. Бидний дунд сургуульд заадаг байсан физикийн сурах бичиг дээрх Морзоор ярих, Герцийн долгион, Оросын Поповын радио нээсэн түүхүүд эргэлзээтэй болоод явчихлаа. Германы Герц гэх лаг эрдэмтэн Эдисон лугаа үй олон туршилтанд толгойгоо гашилгаж агаар дахь цахилгаан соронзон оронг хариугүй нээчихээ алдаад байхад нь Тесла уулзаад “Энэ л байхгүй юу даа” гээд хэлээд өгчихсөн. Яахав хүүхдийн урам байна чиний нэрээр Герцийн долгион гэж байя тэрнээс наадахыг чинь би бүр оюутан байхдаа нээчихсэн юм. Худлаа гэвэл энэ гээд баахан патент бүр зайнаас ярьдаг гар утасархуу юм хүртэл хийснээ үзүүлсэн гэдэг. Утасгүйгээр хол зайд хүмүүс хоорондоо ярих ба радио нэвтрүүлэг цацахад тулгарсан антени гэгч юм хийхээс өгсүүлээд баахан “хар ажлуудын” ихэнхийг шажигнатал угсруулаад зохион бүтээчихсэн, тэнд бараг хийх ажилгүй болсон шахуу хойно Попов, Маркони нар орж ирэн олны хүртээл болгожээ. Мөн энэ үед онол дээр ажиллаж байсан Английн О.Лож гэх эрдэмтэнд хандан “Та наадахыгаа ашиглан хүмүүст мэдээ дамжуулдаг хэрэгсэл зохиогооч” гэхэд тэрээр ихэд уурлан “За за одоо бүр байтлаа шуудан хүргэгч болчих юм байна л даа” гэсэн гэдэг. Хожим энэ үгэндээ маш их харамссан байдаг. Радиог хэн зохиосон тухай маргаан дэгдэж олон улсын шүүхийн шийдвэр Теслагийн талд гарахад тэрээр төдийлөн тоогоогүй. Тэр байтугай Нобелийн шагналаа авах гэж ч очоогүй. Нобелийг мань эрээс түрүүлээд Эдисон, Рентген, Герц энэ тэр авчихсан учир уг шагнал түүнд доромж мэт санагджээ.

Теслагийн аяыг дааж түүний хэлснээр нь юм хийх гэдэг их хэцүү. 1901 онд Лон-Айлонд хотод “Даян дэлхийн цахилгаан холбоо” гэгч 80 га талбай бүхий бүрэн хотхон барихаар болж саятан Морган санхүүжүүлээд дампуурчээ.Америкийн хямрал, дэлхийн дайн ч давхцсан байх. Тэрнээс хойш санхүүгийн олигтой дэмжлэггүй болсон Теслагийн санаанууд зөнөглөж байгаа өвгөний үг мэт улам л үнэмшилгүй сонсогддог болсоор. Тухайлбал “Хүн бол машин техникээс нэг их ялгаагүй ш дээ. Уураг тархийг нь гаднаас өөр юм удирддаг. Мэдлэг акумлятор шиг тархинд хадгалагддаггүй. Байнгын өдөөлтөнд өсгөсөн байдлаар сэргээгддэг төдий.Цуурайтай яг адилхан процесс. Мэдлэгт хамгийн их нэмэр болдог эрхтэн бол нүд. Нүдний салст бүрхэвч өөртөө харагдсан болгоныг буулган авч дамжуулдаг юм. Тэгэхлээр оюун ухааны мэдрэмжийн тал нь нүдэнд оногдох агаад түүнд үл харагдах өөр олон хэмжээс зүй тогтол байгааг бид мэдэхгүй өнгөрч байна. Би мэдлэгийг хуримтлуулж хадгалдаг төдийгүй биеэ дагаад сэтгэх чадвар бүхий технологи нээчихлээ. Түүнийг төмөр металл дээр ч юм уу эсвэл яс махбодиор ч хийсэн болно” гэж ярьсан байдаг.

1920-иод онд шинэ тутам байгуулагдсан Зөвлөлт улс цахилгаанжуулалт хийх гээд тэвдэж байхад Тесла Ленинтэй ярилцаад Америкийг хаяхаар шийджээ. Мөнгө хөрөнгө ёо ёо гэдэггүй нийгэм журамтай газар очиж дураараа нээлт хийж суухад надад яг тохирно гэж дотроо тооцсон юм билээ.Тэгтэл түүний зуучилж байсан орос найзыг нь коммунистууд Америкийн империалисттэй холбоотон боллоо гээд буудчихаж.

Насаараа авгай аваагүй, үр хүүхэдгүй гэр оронтой байж үзээгүй тувтан буудлаар амьдарсан хажиг, сэжигч Тес¬лад дотны найз гээд байхаар хүн цөөхөн. Маш цэвэрхэн цагаан даавуутай ширээн дээр өглөөнийхөө цайг ганцаараа уух агаад өдөр хүмүүстэй уулзахаас зугтан бүгж байгаад шөнөжингөө ажиллана. Идэх уухдаа өндөр шаардлага тавих агаад сүүлдээ хоолоо сэжиглэж голсоор байгаад талх сүү хоёроос өөр юм идэхээ больсон аж. Том тансаг зэрэглэлийн буудлаар голдуу гэрээ хийж байсан ба сүүлийн хэдэн жилээ “Нью-Йоркер”-т өнгөрөөжээ. Буудлын төлбөрөөр үе үе сууна. Тэгмэгц гялс нэг юм сэтгээд л мөнгө. Автомашины спидометр “мийл”-ийг ганцхан шөнийн дотор бодож олоод үйлдвэрт аваачиж өгсөн нь одоо хүртэл дэлхий даяар анхны хувилбараас төдий л өөрчлөөгүй хэрэглэсээр л. Иймэрхүү гарын дорх “нээлт” өч төчнөөнийг тоочоод баршгүй.

Марк Твентэй үе үе буу хална. Твений “Артур вангийн өргөө” зэрэг зохиолд цахилгааны тухай их л мэдэмхий адал явдал гардаг нь тийм учиртай юм билээ. Нэг удаа Альберт Эйнштэйн “Нью-Йорк таймс” сонины сурвалжлагч К.Суиза гэгч хархүүг зааж “Их ирээдүйтэй сэтгүүлч болох хүн. Тесла чи түүнтэй ярилцлага хий “ гэж хэлүүлжээ. Тэрнээс хойш Теслаг насан эцэслэтлээ сэтгүүлч Суизагаас өөр хүнтэй дотно нөхөрлөөгүй. Суиза энэ агуу эрдэмтний хувийн амьдралыг олны хүртээл болгож, зарим нэг эд өлөг, баримтуудыг цуглуулснаар судлах боломжтой болжээ. Нэг иймэрхүү ном сая орчуулагдан гарлаа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Мөнгөнтулга: Яаж ажиллахыг нь заахын оронд ажилчдынхаа цалинг танах, орон тоогоо цөөлөх нь буруу шийдэл DNN.mn

Сэтгүүлч, “NSF” олон улсын байгууллагын Азийн бүс хариуцсан олон улсын хоол хүнсний аюулгүй байдлын аудитер Б.Мөнгөнтулгатай ярилцлаа.


-Таныг 70 гаруй жилийн түүхтэй олон улсын байгууллагын анхны бөгөөд цорын ганц монгол ажилтан гэж сонссон. Танай байгууллага болоод таны ажлын тухай тодруулмаар байна?

-Манай байгууллага 70 гаруй жилийн өмнө АНУ-д Сансар судлалын агентлагтай нийлж байгуулагдсан “NSF” International. Хүний эрүүл, аюулгүй байдалтай холбоотой олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, бүтээгдэхүүн болон тоног төхөөрөмжид баталгаажуулалт хийдэг. Манай байгууллагаар баталгаажсан хүнсний бүтээгдэхүүнийг олон улсын брэндүүд авч хэрэглэдэг.

Олон оронд үйлчилгээ явуулдаг байгууллагууд тухайн оронд үйлчилгээ хэрхэн явагдаж, стандартыг мөрдөж байгаа эсэхийг мэдэх боломжгүй. Түүнийгээ мэдэхийн тулд хөндлөнгийн байгууллагыг хөлсөлж гэнэтийн шалгалт хийлгэдэг. Тус байгууллагын монгол дахь аудитерээр тав дахь жилдээ ажиллаж байна. Монголд “KFC”, “Burger King”, “Little sheep”, “Godiva” гэх мэт байгууллагуудад гэнэтийн шалгалт хийдэг.

Хоол үйлдвэрлэлийн салбарт 13 жил ажиллаж байна. АНУ болон Европын орнуудад рестораны ерөнхий менежер, ахлахаар ажиллах эрхтэй, ОУ-ын гэрчилгээтэй. Үндсэн ажлаас гадна үйлчилгээний газруудад зөвлөх үйлчилгээ, сургалт ордог. Хамгийн сүүлд хийсэн ажил гэвэл Монголд дөрвөн салбартай ресторанд санхүүгийн, үйл ажиллагааны, хүний нөөцийн аудит хийсэн. Шалгалт хийсний дараа дүгнэлт гаргаж, зөвлөгөө өгдөг. Тухайн газар зөвшөөрвөл үргэлжлүүлж шаардлагатай ажлуудыг хийж чиглүүлж өгдөг. Хүмүүсийг нь сургаж өгөөд сар яаж ажиллаж байгааг нь хянадаг. 2017 онд CU-д гурван сар зөвлөгөө өгч ажилласан. Олон улсын брэндүүд сургалт авч холбоотой ажилладаг.

-Таны үндсэн мэргэжил сэтгүүлч гэсэн үү?

-2006 онд Радио телевизийн дээд сургуульд элсэж гурван жил сураад АНУ-руу тэтгэлгээр сургуульд явсан. Өмнөд Калифорнийн их сургуульд орсон. Тэнд тэтгэлэгтэй байсан ч сургалтын төлбөр маш өндөр. Аав, ээж маань багш, манайх дундаж айл. Төлбөрийн хувьд асуудалтай байсан учраас визээ хадгалаад англи хэл суръя, мөнгө хураая гэж шийдсэн. АНУ-д таван жил орчим болохдоо хэл сурч, ажил хийж сурсан, санхүүгийн хувьд боломжтой хэмжээний болоод ирсэн. Ирснийхээ дараа РТДС-даа суралцаж төгсөөд Хүнсний технологийн коллежид хүнсний технологич, эрүүл ахуйч мэргэжлээр сурсан. Сүүлд 2019 онд Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийг бизнесийн удирдлагаар мастер хамгаалсан. Сурсан нь гэвэл ийм л байна даа (инээв).

-Мэргэжлээрээ ажиллахгүй яагаад энэ салбар руу орсон юм бэ?

-АНУ-д байхдаа голдуу ресторанд ажилласан. Тэндхийн рестораны зөөгч, үйлчилгээний ажилчид Монгол шиг тогтмол цалингүй. Гарын мөнгө буюу та хүнд яаж үйлчилнэ тэр хүн танд хэр талархаж буйгаар цалинждаг. Гурваас дөрвөн төрлийн ресторанд ажилласан. Хамгийн сүүлд ажиллаж байсан газраа зөөгчөөс ерөнхий менежер хүртэл ажилласан. Сүүлдээ үйлчилгээний байгууллагад ажиллах үнэхээр дуртай болсон.

-Ажиллах арга барилаа олсон болохоор ажилдаа дуртай болсон уу?

-Америк яваад хоёр жил хагасын дараа аав маань өөд болсон. “Явах замынхаа талд нь ирчихлээ” гэж аавтайгаа утсаар ярьснаас хоёр хоногийн дараа аав өнгөрчихсөн байсан. Ирж аавыгаа нутаглуулаад ээжтэйгээ сар хамт амьдраад АНУ руу буцсан. Тэнд надад хамгийн их хань болж байсан зүйл бол миний ажил. Тийм хүнд сэтгэл зүйтэй үедээ хүнтэй инээгээд харилцана гэдэг маш хэцүү. Удалгүй нэг өглөө ажил дээрээ иртэл буурал толгойтой аавтай маш адилхан хүн 100 гр архи захиалж уусан, дахиад 100 граммыг ч захиалсан. Зүгээр хүн яасан ч өглөө эрт ингэж архи уухгүй гэж бодоод тэр хүнд шинэ талх, өглөөний цай бэлтгэж очоод жаахан юм ярьтал “Чи ямар сайхан сэтгэлтэй охин бэ. Эхнэрээ нутаглуулаад хоёр долоо хонож байна. Өглөө хүнтэй юм ярихгүй байх надад маш хэцүү байдаг. Чамтай ярилцах сайхан байна” гэж хэлсэн. Тэр үед надад ресторанд үйлчлүүлж байгаа хүмүүстэй өөрийнхөө аав, ээж, ах дүү шиг харилцах юм бол надад ч тэр үйлчлүүлэгчид ч гоё байх юм байна гэдгийг ойлгосон. Тэрнээс хойш орж ирсэн хүн бүртэй маш гоё харилцсан. Ингэснээр ажил урагшлахад, сэтгэл зүйд ч амархан болсон. Ажилдаа дуртай болохоор ажил маш амжилттай явж Монгол руу явах гээд үйлчлүүлэгчдийн үдэлтийн үдэшлэг хийхэд 250 гаруй үйлчлүүлэгч ирсэн.

-Монголд ирээд мэргэжлээрээ ажилласан уу?

-Мэргэжлээрээ ажиллах гээд одоогоор томоохон хэд хэдэн телевизэд очсон. Гэтэл нэгт, хүлээж авсан хандлага нь их сонин. Хамгийн түгээмэл нь “Дипломгүй байж ажил хийх гэж байгаа юм уу”. Хоёрт, цалин үнэхээр бага. Тэр үед “Bluefin” ресторан нээгдэж байсан. Тэдний менежер телевизийн цалингаас хоёр дахин өндөр цалин, уян хатан цагийн хуваарь санал болгосон. Хичээлийнхээ хажуугаар ээлж хариуцсан менежерээр ажилласан. АНУ-д үйлчилгээний салбарт нэлээд сайн бэлтгэгдээд ирэхэд үйлчилгээний салбарт үйлчилгээ гэж бараг байгаагүй. Ээлжээ хариуцаад хоёр долоо хоног ажилласны дараа манай захирал “Чиний хариуцдаг ээлжинд ажил сайн яваад нөгөө ээлжин дээр үйлчилгээ унаад байна. Чи манай үйл ажиллагаа хариуцсан менежер болох уу” гэсэн. Тэгээд цалингаа нэмүүлээд үйл ажиллагаа хариуцсан менежер болсон.

Зөөгч гэдэг бол зүгээр захиалга аваад явдаг хүн биш. Үйлчлүүлэгчид үйлчилгээ үзүүлэх, юу зарж байгаагаа мэдэж байх ёстой гэх мэт агуулгатай сургалтын материал боловсруулаад ажилчиддаа сургалт орсон. Монгол хүүхдүүдийг бэлтгэж ажиллуулах бага зэрэг хэцүү байсан. Гэхдээ 3-4 сарын дараагаас ажлын үр дүн гарч эхэлсэн. Түүнээс хойш тасралтгүй үйлчилгээний байгууллагад ажилласан. 2015 онд “Макс групп”, “Max center”-ийн анхны ерөнхий менежерээр орсон. Манай компани гурван захирлаас өөр ажилтангүй, дөрөв дэх ажилтан нь болсон. Тэр үед “Burger King”-г Монголд оруулж ирэх гэж байсан. Багаа бүрдүүлж Бээжинд хоёр сар сургалтад суугаад “Burger King”-ийн эхний таван салбарыг нээсэн.

-Одоо ажилладаг байгууллагатайгаа хэрхэн холбогдсон бэ?

-“Burger King” нээгдэж байх үед Цэцэг төвийн салбар хариуцсан менежер байсан. Одоо миний ажиллаж байгаа “NSF” “Burger King”-тэй хөндлөнгийн шалгалт хийх гэрээтэй. “NSF”-ээс мэргэжилтэн ирж шалгадаг байлаа, нэг ёсондоо би ажлаа шалгуулдаг.

Хоёр жил орчмын дараа “NSF”-н Азийн бүс хариуцсан Солонгос дахь захирлаас “Монголд байдаг шалгалт хийдэг ажилтантай болмоор байна, чи ажлын анкетаа явуулаач” гэсэн ажлын саналын мэйл ирсэн. Тэгээд анкетаа явуулж, онлайнаар ярилцлагад ороод сарын дараагаас “NSF”-н ажилтан болсон. Цар тахлаас өмнө Япон, Малайз, Солонгос, Сингапур гээд Азийн англи хэлтэй орнуудад шалгалт хийдэг байсан. Одоогоор Монголдоо ажиллаж байна.

-Монголд үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын сүлжээ ресторан, түргэн хоолны газрууд стандартаа ямар түвшинд баримталж ажилладаг вэ?

-Ер нь бол сайн. Тэр тусмаа хүнсний аюулгүй байдал тал дээр стандартыг маш сайн мөрддөг. Брэндийн стандарт буюу үйлчилгээний хурд, бүтээгдэхүүний харагдах байдал, хүргэлт, хурд гэх мэт хүн идээд хордохооргүй, гэхдээ үзэмж талын алдаанууд гаргадаг.

-Хүнсний эрүүл ахуй стандарт яг юугаар хэмжигддэг юм бэ?

-Хүнсийг аюулгүй байлгахын тулд нэгт, хүнстэй харьцаж байгаа ажилтны хувийн ариун цэвэр. Хоёрт, хүнстэй харьцаж байгаа гадаргуу буюу гал тогооны орчин. Гуравт, бүтээгдэхүүнийг агуулахаас хүлээж авах, хадгалах, боловсруулах, бэлтгэх, үйлчлүүлэгчид хүргэх үйл явцад баримтлах ёстой цаг хугацааны болон температурын хяналт чухал.

-Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Одоохондоо Монголд байгаа учраас цөөн салбартай ажиллаж байна. Жилд гурван удаа шалгадаг. Хэрвээ шалгалтад хангалтгүй үнэлгээ авбал тодорхой хугацааны дараа дахин шалгана. 40 хүрэхээсээ өмнө дөрвөн хэл сурах зорилготой шинэ хэл сурч байгаа. Өглөө хүүгээ цэцэрлэгт нь хүргэж өгөөд хэлний хичээлдээ яваад хуваарьтай байвал нэг шалгалт хийгээд орой хүүгээ цэцэрлэгээс нь аваад гэртээ ирдэг. Миний хувьд хүүгээ гэртээ байх үед нь ажил хийхгүй, өөр ямар нэг зүйлд сатаарахгүй утсаа ч оролдохгүй анхаарлаа 100 хувь хүүхдэдээ зориулахыг хичээдэг. Гэр рүүгээ ажлаа авч ордоггүй.

-Монголчуудын хоолонд хандах хандлага, мэдлэг, үйлчилгээний соёл ямар байна вэ?

-Тухайн хүний сард олох орлогын хэмжээнээс идэх хоол хүнс ялгаатай байна. Зөв, буруу гэж хэлж болохгүй. Жишээлбэл, зарим хүмүүсийн баяраар иддэг хоол зарим хүний энгийн хэрэглээ байна. Харин үйлчилгээний ялгаатай байдал харагддаг. Үйлчилгээ гэдэг эмзэг, маш сайн явагдах ёстой. Үйлчлүүлэгчдээ анхааруулж, сэтгэл ханамжтай байлгахын тулд ажилчдаа анхаарах ёстой. Зөөгч, тогооч гээд ажилчдаа яагаад тэр хүнд сайхан хандах ёстойг зааж өгөх хэрэгтэй. Яаж ажиллахыг нь зааж өгөхийн оронд ажилчдынхаа цалинг танах, орон тоогоо цөөлөх нь буруу шийдэл.

-Танд мэдлэг, туршлагадаа тулгуурлан өөрийн гэсэн үйлчилгээний байгууллагтай болох төлөвлөгөө бий юү?

-Он гараад үйлчилгээ үргэлж ийм сайхан байх, үйлчилгээний салбарт хангалттай цалинтай ажиллах боломжтойг харуулсан өөрийн үйлчилгээний байгууллагаа нээхээр төлөвлөж байна. Монголд найман хүний ажил хийчихээд таван хүний цалин авах тохиолдол олон учраас ажилчид ажлын байрандаа сэтгэл ханамжгүй байна. Ажлаа сайн хийлгэхийн тулд шударга байх ёстой. Нэг хүний ажлыг нэг л хүн сэтгэл ханамжтай хийж хангалттай үнэлүүлж болдог. Үүнийг компаниуд зардал гэж хардаг. Бүтэн хоёр жил ажиллахдаа нэг минутын хоцролтгүй, эргэлзээгүй сэтгэл ханамжтай ажиллаж болдог. Ажиллуулж байгаа хүмүүстээ яагаад чин сэтгэлээсээ хийх ёстойг ойлгуулах нь чухал.

А.ГАНТУЯА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн DNN.mn

2022.10.22, БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 27

НАМРЫН ДУНД САРЫН ШАРАГЧИН ТАХИА САР
ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ШАР БИЧ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.10.22, Бямба гараг
  • Наран ургах шингэх: 07.21-17.52
  • Үс засуулбал: Өлзийтэй сайн
  • Барилдлага: Үл тохирох
  • Шүтэн барилдлага: Сансар

Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр эд эдлэл барагдах, хулгай, дээрмийг дарах тэргүүтэнд махаши тэнгэрээс гаслан ирэх тул хэрэг тус үл бүтнэ, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 7-9 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 9-11 градус, бусад хэсгээр 5-7 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн баруун хойд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр хур тунадас орно. Өдөртөө нийт нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Шөнөдөө нийт нутгаар баруунаас, өдөртөө нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 11-16 градус, Дархадын хотгор, Хөвсгөл, Алтай, Хангайн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 3-8 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

“Дэлхийн ур чадвар-2022” тогоочийн мэргэжлийн тэмцээнээр үргэлжилж байна DNN.mn

“Дэлхийн ур чадвар-2022” тэмцээн Европ, Хойд Америк, Зүүн Азийн 15 улсад 61 мэргэжлээр зохион байгуулагдаж байна.

Тэмцээнд 58 улсын 1000 гаруй оролцогчид авьяас чадвараараа өрсөлдөж байгаа юм. Манай улсын тухайд токарь, гагнуур, өрөг угсралт, сантехник, тогооч, мужаан, цахилгаан угсралт зэрэг 7 төрөлд өрсөлдөж байна. Тодруулбал, Дорнод Политехник коллежийн оролцогч Г.Очбаатар, эксперт багш Г.Оюунбатын хамт ХБНГУ-д 10 дугаар сарын 6-17-ны өдрүүдэд токарийн мэргэжлийн тэмцээнд оролцсон.

Швейцар улсын Базел хотод 10 дугаар сарын 7-16-ны өдрүүдэд болсон мужааны тэмцээнд Завхан Политехник коллежийн оролцогч Г.Хатанбаатар, эксперт багш Б.Анхбаярын хамт оролцож, 800 онооноос 665 оноо авч тэмцээнээ өндөрлүүллээ.

Тогоочийн мэргэжлийн оролцогч С.Өсөх-Ирээдүй, эксперт багш С.Цэнд-Аюушийн нар Швейцар улсыг зорьсон. Тэд эдгээр өдрүүдэд тэмцээндээ оролцож байгаа юм.

Сантехникийн тэмцээн ХБНГУ-д удахгүй болох бол өрөг угсралт, цахилгаан угсралтын тэмцээн Австри улсад 11 дүгээр сард болно.

“Дэлхийн ур чадвар-2022” тэмцээн есдүгээр сарын 7-ноос 11 дүгээр сарын 26-ныг хүртэл 12 долоо хоногийн турш үргэлжилнэ гэж БШУЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Г.Чингүүн Уулын дугуйн ААШТ-ээс медаль авчээ DNN.mn

Уулын дугуйн Азийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр БНСУ-д эхэлсэн. Тус тэмцээний даунхилл төрлийн 17-18 насны ангилалд Монгол Улсын тамирчин

Сонирхуулахад, Монголд дугуйн даунхилл төрлийн улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн 2018 онд зохион байгуулагджээ. Түүнчлэн Монголын дугуйн даунхилл төрлийн тамирчид 2020 онд ААШТ Тайланд улсад зохион байгуулагдахад анх удаа тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон.

Categories
мэдээ нийгэм

Долоон байршилд зэрлэг амьтдын ундны усны хэрэгцээг хангах зорилготой хөв цөөрөм байгуулжээ DNN.mn

Сүүлийн үед Монгол орныхоо үзэсгэлэнт байгаль, түүхэн дурсгалт газруудаар аялах иргэдийн тоо олширсоор байна. Магадгүй та ч гэсэн аялдаг байх. Энэ үедээ тухайн газар сайжруулмаар, хийж хэрэгжүүлмээр санаа төрөх үе зөндөө байдаг биз дээ?

Тэгвэл Юнител Групп монгол орны 21 аймаг, 330 сум, багуудад сүлжээ нэвтрүүлэхээр хүний төвлөрөл байхгүй онгон зэлүүд байгальд очиж ажиллах үеэр анзаарсан зүйл бол дэлхийн дулаарлаас үүдэн зэрлэг амьтад усгүйдэх, харангадах эрсдэл тулгарсан байгааг анзаарч хөв цөөрөм байгууллаа.

2021 онд Говь-Алтай аймгийн Бугат суман дах их говийн дархан цаазат газар гурван хөв байгуулсан нь үр дүнгээ өгч, тухайн бүс нутгийн аргал, янгир, ирвэс, бөднө шувуу зэрэг зэрлэг ан амьтад ундаалж байгаа нь тэнд байршуулсан камерт бичигдэн үлдсэн байна.

Энэ жил ч гэсэн хөв байгуулах ажлаа үргэлжлүүлэн нутгийн байгаль хамгаалагч, малчдад хийх аргыг үлгэрлэн харуулж, хамтдаа хийж байна.

“Хөв гэдэг зүйл хийхэд амар, хэмжээ бага ч ач холбогдол маш их, зардал бага. Ус нэвтрүүлдэггүй мембран, байгалийн чулуугаар л хийх боломжтой.”

2022 онд Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум, Дундговь аймгийн Дэлгэрхангай сум, “Их газрын чулуу” байгалийн цогцолбор газруудад дөрвөн хөвийг нэмж байгууллаа. Онгон зэлүүд байгаль, зэрлэг амьтадаа хамгаалж, хөв цөөрөм байгуулан зорилготой аялахыг Юнител группийн залуус уриалж байна.

Өнөөдрийн байдлаар нийт 7 байршил дах зэрлэг амьтдад ундны усны хэрэгцээг хангах зорилготой хөв цөөрмийг байгуулжээ.

Говь-Алтай аймгийн Бугат сум. 2021 онд байгуулсан хөвГовь-Алтай аймгийн Бугат сум. 2021 онд байгуулсан хөв

2021 онд байгуулсан хөв цөөрмөөс амьтад ундаалж байна2021 онд байгуулсан хөв цөөрмөөс амьтад ундаалж байна

2022 онд Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд байгуулсан хөв

Categories
гадаад мэдээ

Индонезод эмийн сиропны худалдааг хориглов DNN.mn

Шалтгаан нь тодорхойгүй бөөрний цочмог эмгэгийн улмаас 100 гаруй хүүхэд нас барсны дараа Индонез улс бүх төрлийн сироп, шингэн эмийн худалдааг зогсоолоо.

Эмчилгээний зориулалттай хэмээсэн бүртгэлгүй сиропуудыг шалгаж дуустал уг хориг үргэлжилнэ гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн лхагва гарагт мэдээлсэн байна.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мохаммад Сиахрилын хэлснээр бөөрний цочмог эмгэгийн 206 тохиолдол илэрсний 99 нь нас барсан бөгөөд ихэвчлэн 6-аас доош насны хүүхдүүд байгаа аж.

Түүнчлэн Баруун Африкийн Гамби улсад 70 хүүхэд ханиаданд хэрэглэдэг сиропны улмаас бөөрний цочмог эмгэгээр өөд болсон гэж ДЭМБ-аас мэдээлээд байв. Тус эмийг Энэтхэг улсад үйлдвэрлэсэн бөгөөд Шинэ Дели хот дахь үйлдвэрийг нь хаагаад байсан юм.

Maiden Pharmaceuticals Limited компанийн үйлдвэрлэсэн Promethazine oral solution, Kofexmalin baby cough syrup, Makoff baby cough syrup, Magrip N cold syrup гэсэн дөрвөн нэр төрлийн бүтээгдэхүүнийг ДЭМБ-аас хориглосон байна.

Эдгээр бүтээгдэхүүн нь хүний тархи, бөөр, уушгийг гэмтээж болох зөвшөөрөгдөөгүй химийн бодис агуулсан байж болзошгүй ажээ.

Зарим төрлийн будаг, хуванцар, гоо сайхны бүтээгдэхүүнд агуулагддаг этилийн гликол, диэтилийн гликол хэмээх бодис сиропноос илэрсэн гэж Энэтхэгийн ЭМ-ын сайд Буди Гунади Садикин хэлсэн байна.

Эх сурвалж: CNN