Манай хуучны их эрдэмтэд болох Цэндийн Дамдинсүрэн, Бямбын Ринчен, Шадавын Лувсанвандан тэргүүт хэл шинжлэлийн оргилуудаас улбаалаад үе үеийн эрдэмтэн судлаачид эх орныхоо өнцөг булан бүрт явахдаа тэр нутгийн үүх түүхийг хадгалсан хүмүүстэй уулзаж ирсэн бичигдээгүй хууль бий. Бичиг соёлын энэхүү алтан зарчмыг хадгалж мань мэтийн жулдрайнууд хаа явсан газраа эрдэнэ өвөртөлсөн өвгөд хөгшидтэй уулзахыг эрмэлздэг юмсан. Өнөө зун Монголын хууль шүүхийн домогт хурандаа нарын нэг Пүрэвийн Бадамдоржтой унаган нутаг Хөвсгөлийн Цэцэрлэг суманд нь хамт очсон билээ.
Тийн явахдаа түүх судлаач Суурийн Лхагва гуайтай уулзсан юм. Эдүгээ 80 насны өндөрлөг рүү дөхөж яваа эл буурал Эрдэнэ дүүрэгч вангийн хошууны амьд түүх болсон нэгэн. “Хотгойдын Дүүрэгч вангийн хошууны түүх” хэмээх ном бүтээсэн. Уг бүтээлийг академич Н.Бэгз, төрийн соёрхолт түүхч Д.Өлзийбаатар, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Ардын багш Б.Даш-Ёндон гээд олон хүмүүс баримт судалгаатай, жинтэй бүтээл болсныг үнэлсэн байдаг. Мөн Хотгойд, Чингүнжав гэхээр л чухамхүү халуун цус нь буцалдаг соёлын гавьяат зүтгэлтэн Чойсүрэнгийн Дагвадорж Лхагва гуайн тухай олонтаа бичсэн нь бий. Чингисийн музейн захирал, түүхийн шинжлэх ухааны доктор, академич С.Чулуун үе үе Лхагва гуайг зорьсоор очдогийг, Чингүнжавын тухай асуудгийг өвгөн хэлж байна. Ийм л нэг даруухан хүнтэй Хөвсгөлийн Цэцэрлэгт гэрт нь зочилсон маань энэ.
Эхлээд ном бүтээлийнх нь тухай, үндсэндээ Хотгойдын Дүүрэгч вангийн хошууны түүхийг сонирхлоо. “Намайг бага залууд хөгшчүүл нутаг усныхаа хууч түүхийг их ярина. Би энэ талаар нэлээн сонсож ном сонин хэвлэл ч захиалан уншдаг байв. Дидэнлхүмбэ уулынхаа орой дээр гарахад нутаг ус минь тал бүртээ цэлийн харагддаг. Тэгээд надад “Хотгойд нутаг минь ярьдаг сан бол мөн ч ихийг хүүрнэнэ дээ” гэж бодогддог байсан. Ингээд л хойч үедээ хошуу нутгийнхаа түүхийг баринтаглаж үлдээе гэж зорьсон. Нутгийн гарал үүсэл, хөгжил, газар зүй, цаг уур, хөрсний бүтэц төдийгүй гол ус нууруудын химийн найрлагыг хүртэл гаргасан юм шүү дээ. Сайн уншсан хүнд Хотгойдын зан үйл, ёс заншил, хүн малын өсөлт зэрэг олон зүйлийг товчлон багтаасан нь бий” гээд манай нутаг чинь Их нууруудын хотгорын болон Тагнын нуруу, Хөвсгөлийн уулсын хэсэг, Шаврын нуруу, Булнайн нуруу, Алтанхөлийн нуруу, Дэлгэрхаан, Буга-Өндөрийн нуруудын дундах эрс тэс уур амьсгалтай бүсэд оршдог. Увс нуур орчмын Их нууруудын нөлөөллөөс болж цас их унадаг. Мал, малчин хоёроос асар их тэсвэр тэвчээр хатуужил шаарддагийг хэллээ.
Тэгснээ бүр нарийвчилтай ярилаа. “Сумын ихэнх газар далайн түвшнээс дээш дунджаар 2200 метрийн өндөрт оршдог учир цасан бүрхүүлтэй хоногийн тоо сүүлийн 20 жилээс харахад нэг жилдээ гэхэд 176 хоног үргэлжилсэн байна. Уул нуруудын хяраар хунгарласан цас мөс наймдугаар сард хайлж дуусдаг ба 8 дугаар сард дахиад цастай золгодог. Рэнцэнжугнай нуурын усны химийн найрлага хлорт сульфат, натри эзэлдэг, харин Сангийн далай нуур карбонатын төрөлд, Бүстийн цэнхэр нуур, Тэлмэн, Ойгон нуурууд сульфат натрийн төрөлд мөн багтана гэв. Цэцэрлэг сумын төвийн Халбангийн хөрсний шинжилгээний байдлыг үзүүлбэл… гээд газар зүйн чигээс ярилаа. Энэхүү яриаг миний бие Чингүнжавын тухай, нутаг хошууны түүхийн тухай хандуулахад ийн өгүүлсэн. “Эрдэнэ дүүрэгч вангийн хошуу Хотгойдын үндсэн хошуу бөгөөд Чингүнжавын бослого дарагдмагц түүний эзэмшил Хотгойдыг таван хошуу болгон бутаргаж, үндсэн дүүрэгч вангийн хошууны засаг ноёноор Чингүнжавыг барихад хүчин зүтгэсэн Вамбуудоржийг суулгаж, Чингүнжавын “Жүн ван” цолыг шилжүүлэн өгчээ. Улиастайд сууж байсан Манжийн хааны үнэнч зарц урвагчийн ятгалгаар Чингүнжавын ах дүүсийн хүүхэд Вамбуудорж, Дашпунцаг, Доржцэдэн нөлөөтэй хүчтэй том ноёд түүнээс урваж баривчлуулан Мажид тушаан их шан хүртэхийн дон шүглэсэн байдаг. Энэ нь Чингүнжавыг гарцаагүй уналтад хүргэсэн.
Манжийн хаан дээрх гурван ноёны зүтгэлийг үнэлж бослого дарагдсаны дараа Хотгойдыг олон хэсэгт жижиглэн хуваахад тэд нэг нэг хошууны ноёд болцгоожээ. Чингүнжавын дүүгийн хүүхэд Ринченгийн Вамбуудорж 1758 онд Дүүрэгч вангийн хошууны ноён болов. Түүнээс хойш энэ хошууны ноёд угсаа залган суусаар 1924 онтой золгожээ. Вамбуудоржийн угсаа Бишрэлт ван Довдонжамцын хүү Дүүрэгч ван Артсагар, Дүүрэгч вангийн сүүлчийн хатнаас гарсан ноёны агь Эрдэнэ ван Намхайжанцан. Эрдэнэ ван ноён хошуу нутгийг 16 жил захирч байгаад 1922 оны хаврын адаг сард нас барсан. Дашбалжир хатнаас төрсөн Сэрээнэндоржийг 10 настай байхад нь ноёны ширээнд суулгаж 1924 онтой золгосон нь тэр” гэв. Мөн Дүүрэгч ван ноёны хатан нь хошууг захирахаар эрх мэдэл булаалдаж байжээ. Хүрээн дээр хошууны хуралд ирээд, хурал захирах санаа гаргахад нь Бэгз гэдэг аграмба хатныг “төлийг чинь авах гэсэн болохоос, төрөө чамаар бариулах гээгүй, гар” гэж хурлаас хөөж байсан гэдэг. Хожим ноёны тахилч байсан Гатавранжин гэх лам хатныг нь ноёноос салгаж авч суугаад Цагаан усны Цахиуртайд амьдарч байсан” гээд бүр нарийн юм ярилаа.
Лхагва гуай Хул азаргын нурууны Тахилт гэдэг газар төрсөн хүн. Чингүнжав дайсанд бүслэгдэн Хотгойдынхоо цэргийн туг сүлдээ алдахад хүрэхэд унаж явсан хул зүсмийн азарганыхаа дэл сүүлэнд зүүж тавьжээ. Дайн дажны дараа туг сүлд дэл сүүлэндээ зүүсэн азарга нутаг бэлчээртээ гүйж ирснээр энэ уулыг Хул азарга хэмээн нэрийдэх болсон домогтой. Шадар ван Чингүнжавын шүншигтэй, Хотгойд түмний туг сүлдийг оршоосон гэх хийморьтой уулын өвөрт төржээ. Тэрээр сумын бага дунд сургууль, Сэлэнгийн Алтанбулагийн ХАА-н техникумыг авто-хөдөө аж ахуйн механик мэргэжлээр төгсчээ. 1968-1971 онд Хуягт танкийн бригадад гурван жил алба хааж, цэргийн парадад алхсан түүхтэй. “Тухайн үед Батлан хамгаалахын сайд Лхагвасүрэн генерал байлаа. Залуу жанжин танкийн баталеоны бидэнтэй ирж уулзалт хийнэ. Дандар баатар, Нянтайсүрэн баатар гээд домогт баатрууд ирж уулзалт хийнэ” гэв. Цэрэгт байхдаа улсын наадамд зодоглож Өмнөговийн Дэмүүл, Увсын Дамирангийн Баатаржав гээд хүчтэнүүдтэй зодог шуудаг атгалцаж явснаа хэлсэн. Жаран есөн онд алдарт хоёр Мөнх удаан барилдлаа хэмээн хасагдахыг дэргэдээс нь харж суусан түүхийн гэрч гэдгээ мөн ярианы сэжүүрт дуулгаад авна лээ.
Цэргээс ирээд сумынхаа “Энх-Амьдрал” нэгдэлд тракторын жолооч хийжээ. Улмаар нягтлан бодогч, цахилгаанчин, Авто хөдөө аж ахуйн ерөнхий механик, Ардын хянан шалгах хорооны дарга, мэргэжлийн хяналтын улсын байцаагч гээд бүхий л насаараа нутаг усандаа ажиллаж, ёстой өөрийнх нь хэлснээр “морь нохой” мэт зүтгэсэн байна. “Сум орон нутагт ямар л хэрэгцээ шаардлага гарна, тэр бүгдэд аавыг хот руу явуулж ажил хөөцөлдүүлнэ” гэж хүү Мөнхбаатар нь хэлсэн. “Би чинь жилдээ 10 гаруй удаа хот явна. Эхний ажлаа арайхийн бүтээгээд Мөрөнгийн төвд буухад “Дахиад хот явах ажил гарлаа, та яваад ирнэ үү” хэмээн нутгаас цахилгаан ирж, гэрийнхээ барааг ч харалгүй буцаад Мөрөнгөөсөө онгоцонд сууж байсан минь тоймгүй дээ” гээд өвгөн инээд алдаж сууна. Хөдөө аж ахуйн нэртэй эрдэмтэн, эдийн засгийн ухааны доктор, Хөвсгөл аймгийн Засаг дарга байсан Сэнгийн Лувсандаш Цэцэрлэг сумын унаган хүүхэд. Лувсандаш докторыг ХАА-н яаманд, дараа нь Намын төв хороонд хэлтсийн орлогч эрхлэгчийн алба хашиж байхад Лхагва гуай олон удаа очиж уулзсан байдаг. Мөн сүүлд гавьяат механикжуулагч болсон Пүрэвдорж, Даваадорж нарын хүмүүстэй ч ажил албаар халзагнаж уулзсан байдаг.
“Яамны коллегийг хүртэл хуралдуулж явлаа” гэсэн нь газар тариалангийн механикжсан салаа хоёрыг бүтээж, сум орондоо хөдөө аж ахуйн шанг онцгой татаж байснаа хэлж буй хэрэг. 1971 онд жолоочоор ажилд ороход нэгдэл нь тариалангийн 200 га талбайтай таван трактор, дөрвөн автомашинтай байсан бол 20 жилийн дараа 4500 га эргэлтийн талбайтай болж, улаан буудай, хөх тариа, арвай, овъёос, рапс зэрэг тэжээлийн ургамал тариалан өргөжсөнөөр барахгүй 46 трактор комбайнтай, 33 автомашинтай болтлоо хөгжиж, сумын бүх ажлыг техникээр хийдэг болжээ. Энэ бүхэн Лхагва гуайн гавьяа. Өнөө байн байн хот руу гүйдгийнх нь бодит үр дүн.
Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Түмэнбаярын Рагчаа Цэцэрлэг сумаас АИХ-ын депутат болсон түүхтэй юм билээ. Тэртээ далан зургаан онд Рагчаа даргыг нутагтаа ирэхэд нь Пүрэв гэж хүний хамт “Манай суманд харгана хэт их ургаж, бэлчээр муудаж байна. Харганаар тэжээл хийвэл ашигтай юм даа” гэх саналыг тавьжээ. Рагчаа дарга энэхүү саналыг хүлээн авч харгана хадагч машин, тэжээл хийх бутлагч машиныг Зөвлөлтөд захиалгаар хийлгэж, машиных нь паспорт дээр “Монгол Улс, Цэцэрлэг суманд зориулан бүтээв” гэсэн хаягтайгаар ирүүлсэн гэдэг. “Нэгдэл тэжээлийн баазтай болж, ургацын төлөвлөгөөгөө давуулан биелүүлж, 2.3 сая төгрөгийн ашигтай ажилласан тохиодол ч бий. ХАА-н яам, нэгдлийн холбооны дээд зөвлөлийн шийдвэрээр сум нэгдэл өөрийн хөрөнгөөр 500 га-гаас доошгүй атар газар эзэмшвэл 500 мянган төгрөг олгодог байсан. Нэгдэл маань тэр болзлыг биелүүлж урамшуулал авч байсан. Трактор 14 мянга 600, “Жаран ес” машин 16 мянга, “ЗИЛ-130” 27 мянган төгрөгийн үнэтэй байсан, тэр үед 500 мянган төгрөг гэдэг хэмжээлшгүй их мөнгө. Ингэж л нэгдэлдээ хөрөнгө оруулалт хийсэн хүн дээ, би” гэж даруухнаар өчсөн юм. Лхагва гуайг тухайн үед сайн ажилласныг үнэлэн Москва, Украин, Беларусь, Эрхүүгээр аялуулж байсан гэдэг.
Улсын төлөвлөгөө биелүүлэх албан хүнсний хэрэгцээгээр хойд хил дээр байгаа Цэцэрлэг сумаасаа урд хил Алтайн хязгаар, Говь-Алтайн Төгрөгөөс тэмээ авч байсан, гантай жил зүүн хязгаар Дорнодын Эрээнцаваас хадлангаа бэлтгээд Наушикаар тойруулж Сэлэнгэ рүү авчран улсын фондод хүлээлгэн өгч байсан гээд явдал суудлыг нь үнэндээ тоймлохын аргагүй. Тэрээр яриан дундаа сонин сонин юм хавчуулна. “Жаран найман онд манай сум айхтар зудлаад, хойшоогоо Тувагийн нутаг руу давж Хосын гол, Буур тайлаг, Бөөн мод, Онгон гэдэг уулсын өвөрт өвөлжиж байлаа. Хоёр улсын харилцан тохиролцсоны үндсэн дээр өвөлжсөн юм. Дөчин хэдэн онд чинь Тувагийн шуудан Цэцэрлэгээр дайрч хойшоо явж байсан. Манай сумын нэгдлийн орлогч дарга байсан Аюурзана гуай өртөөчингөөр нь явж байсан. Жаран хоёр онд манай сум Туватай шиф болсон юм. Монгол хөрөө рам гэж тухайн үед бараг байгаагүй шахам байхад манайх Тувагаас хөрөө рам авчирч суурилуулж байлаа” гээд яриа бүр нь сонирхол татна.
Лхагваа гуай гэргий Ц.Цэрэндолгортойгоо хагас зуун жил нутагтаа амьдарч явна. Эднийх дөрвөн хүүхэдтэй, гурван хүү, нэг охинтой. “Хүүхдүүдээ боловсролтой, шударга, шуналгүй хүн болохыг өөрөөрөө үлгэрлэсэн, бусдаар бол хэлж сургаад сүйд болсон юм байхгүй” гэж эрсхэн хэлсэн юм. Номыг дээдэлсэн, хүнийг дээдэлсэн, ажлыг дээдэлсэн, ус нутаг, эцэг дээдэс, эх орноо хайрласан энэ л халуун голомтод төрсөн хүүхдүүд нь тэгш дүүрэн амьдарч явна. Хүү Л.Мөнхбаатар нь Хөвсгөл нутгийнхаа ард түмний итгэл хүлээж УИХ-ын гишүүнээр хоёр дахь удаа сонгогдсон дархан төрийн түшээ. Эдүгээ Хууль зүйн байнгын хорооны даргын хариуцлагатай албыг хашиж буй. “Миний хүү Их хурлын гишүүн” гэж Лхагваа гуайн амнаас нэг үг ч гараагүй нь сонин. Хүүхдүүдээ дарга цэрэг, энээ тэрээ гэлгүй яг л ижилхэн үнэлж, хүндэтгэн буй нь номын өндөр соёл, жудаг журам, ёс суртахуунтай нь холбоотой болов уу.
“Таны амьдралын философи, барьж ирсэн зарчим юу вэ” гэж жаахан албан маягтай асуухад, “Ээжийн маань ганц сургаал байдаг юм. “Хүний амьдралд тохиолддог ямар ч зүйлийг хэр хэмжээгээр хайрлана, тэр хэмжээний буян тогтоно” гэж. Байгаль дэлхий хүн төрөлхтөн бурхан чөтгөр гээд хэнбугайг ч өөрийн чадах хэмжээндээ хайрла гэсэн утгатай юм. Би энэ сургаалаар хүмүүжсэний хувьд, олон түмнийхээ тусын тулд амьдралаа зориулж ирсэн. Баримтлах зарчим шунахгүй байх. Энэ амьдралдаа би шуналгүй явлаа, үүндээ бардам суудаг даа, өвгөн ах нь” гэж сэтгэл дүүрэн хэлсэн. Тэгээд “Ээж минь сургуульд ороогүй аль багаас л “Эрийн сайн хан харангуй”, “Эрхээдэй мэргэн баатар”, “Царцаа Намжил” гэх олон үлгэр домог ярьж өгдөг байлаа. Тэр үлгэр домог хууч сэлтээс сурган хүмүүжүүлэхүйн их ухаан ундардаг байж л дээ. Дээрээс нь лам Дугар, Балдорж, өвгөн Дондов гуай, Шарав, Арагмаа гээд нутгийн мэргэн, цээж цэцтэй хүмүүсийг алийг тэр гэхэв. Энэ бүхний хариуд ерэн жилийн түүхтэй сумынхаа Дашлин хийдийг сэргээж, гол шүтээн Сэндэн (Сэндом) бурхныг Бурханч лам Г.Пүрэвбат гуайгаар цаасан шуумлаар бүтээлгэн заллаа” хэмээн өгүүлсэн.
Бал даргын гарын үсэгтэй “Шилдэг ухуулагч”-ийн шагналдаа сэтгэл хангалуун байдаг, төрийн шагналт, хөдөлмөрийн баатар, Чингис хаан одонт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын “Эрхэм дотны найз С.Лхагваадаа зориулъя” гээд “Тэсийн гол” дууных нь шүлэгт бичсэн хөгжмийн аялгуунд сэтгэл уясан байдаг, эх орныхоо хоймор нутаг Цэцэрлэгийн их уулс дунд ном бүтээлээ туурвисаар яваа хуучны сэхээтэн, Хотгойд судлалын эрхэм хүмүүний тухай товчхон өгүүлэхэд ийм байна. Эгэл жирийн нэг хүний түүх ерэн жилийн настай сумын түүх болон бичигдэн буй нь, алс хол сууринд даруухан амьдарч яваа буурлыг Монголын шинжлэх ухааны эрдэмтэд хүндэтгэн дээдлэх нь нэгийг өгүүлнэм буюу.
Н.Гантулга