Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Дэлхийн цоохор ирвэс хамгаалах өдөр”-т зориулсан өдөрлөг нээлтээ хийв DNN.mn

Цоохор ирвэс бүхий дэлхийн 12 улс, Донор байгууллагуудын төлөөлөл оролцон Цоохор ирвэс хамгаалах Бишкекийн тунхаглалыг 2013 оны 10 дугаар сарын 22,23-ны өдрүүдэд хэлэлцэн баталж, жил бүрийн 10 дугаар сарын 23-ны өдрийг “Дэлхийн цоохор ирвэс хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байдаг.

Дэлхийд нэн ховор цоохор ирвэсийг таньж мэдэх, экологийн ач холбогдлыг олон нийтэд ойлгуулж таниулах, хайрлан хамгаалах үйл хэргийг уриалах зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар (WWF)-тай хамтран нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 200 орчим сурагчдад 2022 оны 10 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд “Цоохор найз” хүүхэлдэйн кино үзэж, гэрэл зургийн үзэсгэлэн, музейтэй танилцаж тэмдэглэн өнгөрүүлнэ.

Өдөрлөгийн эхний өдөр Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд нийслэлийн ерөнхий боловсролын 30, 52, 29 дүгээр сургуулийн ахлах ангийн сурагчид ирж “Цоохор ирвэс”-тэй танилцлаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Арваннэгдүгээр сарын 1-нээс УБ-Дархан чиглэлийн нийтийн вагон 9000 төгрөг болж нэмэгдэнэ DNN.mn

Ирэх 11 дүгээр сарын 1-ний өдрөөс УБТЗ ХНН орон нутгийн болон олон улсын зорчигч тээврийн галт тэргээр зорчих тарифыг 50 хувиар нэмж байна. Мөн тээвэрлэлтийн үнэ нэмэгджээ.

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс албан бичгээр ирүүлсэн зарим ачаа тээврийн бүлэг болон зорчигч тээврийн үнэ, тарифыг индексжүүлэх талаар “Зөвшөөрөл хүсэх” тухай хүсэлтийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар авч хэлэлцлээ. ШӨХТГ-аас судалгааг хийхдээ үнэ тарифын индексжүүлэлт хийх тээврийн бүлгүүдийн хувьд Зам, тээврийн хөгжлийн яам, Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас холбогдох санал авч хийж гүйцэтгэсэн байна.

Хүнс, барилгын материал, шатахуун зэрэг нийгмийн чанартай ачаа тээврийн үнэд өөрчлөлт оруулахгүй хэвээр үлдээж экспортын ачаа тээврийн бүлгийн болон зорчигч тээвэрлэлтийн үнэ тарифыг тодорхой хувиар индексжүүлэхээр боллоо.

Хуралдаанаар

  • экспортын зэс, цайрын баяжмалын тээвэрлэлтийн үнэ тарифыг 20%
  • экспортын төмрийн хүдрийн тээвэрлэлтийн үнэ тарифыг 15%
  • экспортын жонш тээвэрлэлтийн үнэ тарифыг 15%
  • экспортын нүүрсний тээвэрлэлтийн үнэ тарифыг 20%
  • мөн зорчигч тээвэрлэлтийн хувьд орон нутгийн болон олон улсын зорчигч тээвэрлэлтийн үнэ тарифыг тус бүр 50%-иар индексжүүлэхийг дэмжив.

Тус шийдвэр 11 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.

Зорчигч тээврийн тарифын хувьд 2017 оноос хойш индексжүүлэлт хийгээгүй бөгөөд одоогийн мөрдөгдөж буй тарифаар орон нутгийн зорчигч тээврийн хувьд нийтийн вагон УБ-Дархан чиглэлд 6000 төгрөг байдаг бол уг чиглэл дэх том оврын автобус 20600, суудлын тэрэг (такси) 31000 төгрөгийн үнэ тарифтай байна.

Хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу үнэ тарифын индексжүүлэлт хийснээр дээрх чиглэлд иргэдэд үйлчлэх үнэ тариф 9000 төгрөг болох юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Хатанбаатар: Цирк нь гэр бүлд халуун дулаан уур амьсгалыг бэлэглэдэг урлаг DNN.mn

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Монголын циркчдийн холбооны тэргүүн, “Bravo Circus” нэгдлийн ерөнхий продюсер Ч.Хатанбаатартай ярилцлаа.


-Өнөөдөр тоглогдож эхэлж буй “BRAVO CIR­CUS” олон улсын циркийн тоглолтын талаар та тодруулаач?

-Хүүхэд багачуудад циркийн урлаг хэрэгтэй, нийгэм өөрөө шаардаад байна. Энэ шаардлагын дагуу олон жилийн туршлага, хөдөлмөр зэргийг үндэслэн өнөөдөр зайлшгүй олон улсын циркийн тоглолт хийх хэрэгтэй юм байна, хийхдээ бид нэгдэж хийх ёстой гэж үзэн зохион байгуулаж байна. Цирк гэдэг олон хүний хүч хөдөлмөр, цаг хугацаа орж байж бүтдэг зүйл. Циркийн урлаг концерт, жүжиг, кино биш, аргалж зохицуулж болдоггүй ил, үнэн бодит байдаг урлаг юм. Зайлшгүй нийгмийн хүсэл байгаагийн үндсэнд “Монголын циркчидийн холбоо”, “Монгол циркус” энтертайнмент, “Циркус Монголиа Хадгаа” уран бүтээлийн компаниуд нэгдэн “Bravo Circus” нэгдлийг Монголын циркчидийн холбооны дэргэд байгуулж, нээлтийн тоглолтоо өнөөдөр хийх гэж байна. Тоглолтын онцлог нь олон орны циркчид Монголд ирж хүүхэд багачууд, гэр бүлийнхнийг баясгаж, мөн гадны циркчид гаднынхнаас туршлага судалж, Монголын циркийн хөгжил, циркчид хаана явна вэ гэдгийг дэлхийд таниулах, монголын үзэгчид циркийг ямар их хүсэн хүлээдэг вэ гэдгийг дэлхийн түвшинд харуулж, мэдрүүлэх зорилготой. Нэлээн хүч, хөдөлмөр гарлаа. Бид бэлтгэл ажлаа өнгөрсөн долдугаар сараас эхэлсэн. Өнөөдөр 10 орны жүжигчид энд ирсэн байна гэхэд бид цаана нь 20-30 орны жүжигчидтэй харилцаж байж түүнээсээ шилж авч, үнэ хөлс, ачаа тээврийн хувьд тохируулж, зохицуулж авах зэрэг их ажилтай байна. Жүжигчид бүгд чимданаа авчраад тоглолтоо үзүүлдэг асуудал биш шүү дээ. Гаднаас орж ирж буй хамгийн том тоног төхөөрөмж гэвэл хоёр тонны хэмжээтэй хүн дотор нь эргэлддэг агаарын сэнс байна.

-Тоглолт тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Бэлтгэл ажил бүрэн хангагдсан уу?

-Цаг хугацааны хувьд мэдээж 99 хувийн бэлтгэл хангачихсан байх ёстой. Гэхдээ бид бүгдийг 0-ээс эхэлж байгаа. Тийм учраас ажил амаргүй байлаа. Хамтран ажилласан уран бүтээлчид, баг олон, удирдан зохион байгуулах зэрэг олон хүн бий. Спонсорууд Монголын хүүхдүүдэд циркийг үзүүлээд өг гээд бидэнд бүрэн эрхийг өглөө. Airmarket гаднаас ирж буй жүжигчдийн нислэгийн тийзийн асуудлыг шийдэж өглөө. Бид спонсоргүйгээр явж болохгүй.

-Тус циркийн тоглолтод ямар уран бүтээлчид, амьтад оролцох вэ?

-Тоглолтод дэлхийн 11 орны циркийн урлагийн шилдэг 86 жүжигчид оролцоно. Тухайлбал, ОХУ, Япон, Вьетнам, Казахстан, Армени, Африк, Аргентин, Узбекистаны циркчид тоглож аварга могой, морь, нохой, зэрэг амьтдын хөгжилтэй үзүүлбэрээр хүүхэд багачуудыг баярлуулах юм. Гадны циркчидийг арын албаны, аюулгүй байдлыг хангасан хүмүүс дагаж ирдэг. Ялангуяа агаарын номеруудад улс бүрээс 1-2 хүн дагаж ирсэн байдаг. Казахстаны жүжигчдийн хөгжилтэй нохой, аварга могойны үзүүлбэр, дэлхийд алдартай “Үхлийн цагираг” үзүүлбэр үзэгчдэд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Мөн Алматын циркийн морьтнууд, Монголын морьтнуудтай хамтран тоглоно. Узбекистаны циркчид өндөрт агаар дээгүүр алхдаг тоглолт үзүүлэх учир онцолж урьсан. Африкийн циркчид ахуйн хэрэглээний эд буюу түмпэнгээр жонглёрдох зэрэг сонирхолтой үзүүлбэрүүд багтсан байгаа. Узбекистаны олсон дээр алхдаг үзүүлбэр бол Узбекистаны нүүр царай болсон үзүүлбэр. Мөн тоглолтод гэрлийн гайхамшиг, амьд хөгжмийн оркестр хамтлаг зэрэг циркт байх ёстой бүгд тоглогдоно.

-Циркийн тоглолт үзэх нь хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Хүүхдэд цирк хэрхэн циркийн тоглолт үзээд сууж буй хүүхдийн гэрэлтэх нүднээс л олж харах хэрэгтэй. Тэдний нүднээс л уншиж тайлаарай. Амьтдын үзүүлбэр ч нөлөөлнө. Цирк гэр бүлд халуун дулаан уур амьсгалыг бэлэглэдэг урлаг. Хүн бүр хүүхэд багачуудаа баярлуулахаар гэр бүлээрээ тоглолтыг зорьж, баярлах гайхах зэрэгцэн хүүхдүүдийнхээ баяр хөөрийг хараад дагаад баясдаг сайхан урлаг. Хүүхдийн хүмүүжилд нөлөөлөх асар их ач холбогдолтой. Тэр тусмаа гэр бүлийн хүмүүжилд циркийн урлаг ямар их нөлөөтэй вэ гэдгийг хийсэн олон улсын мэргэжлийн циркчидийн судалгаа бий. Ганц хүүхдэд нөлөөлөх нөлөөлөл биш гол нь гэр бүлийн гишүүд бүгд орно. Цирк үзэж буй үзэгчид гэр бүлээрээ, тоглолтоо үзүүлж буй жүжигчид ч гэр бүлээрээ байдаг. Циркийн амьтад ч гэр бүлээрээ ажиллаж байдаг. Үүгээрээ цирк гэр бүлийн урлаг гэдэг онцлогтой.

-Аварга могойн үзүүлбэр тоглогдоно гэлээ. Тус аварга могойг яаж сургадаг вэ, багаас нь тэжээж сургасан уу?

-Цаг хугацааны асуудал. Гэртээ тэжээж буй амьтад ч циркид тоглогдож буй амьтад бүгд эзэнтэйгээ дасах асуудал яригдана. Тэгж байж хоёр биедээ дасаж сайн болж хүмүүст амьтан, хүний холбоо хоршил, байгаль дэлхийн холбоо тэр бүхэн харагдана шүү дээ.

-Тоглолт нь ямар давтамжтайгаар, хэдэн хоног тоглогдох вэ?

-Бөхийн өргөөнд өнөөдрөөс эхлэн аравдугаар сарын 30-ны хооронд, 10 хоногийн хугацаанд тоглогдоно. Ажлын өдрүүдэд 20:00 цагт, амралтын өдрүүдэд 11:00, 15:00, 20:00 цагуудад тоглогдоно. Монгол бөхийн өргөө бол одоогоор Монголд циркийн барилгад хамгийн ойрхон дөхөж буй байгууламж юм. Тоглолтод агаар орон зайг эзэлсэн төрөл бүрийн дэлхийн томоохон үзүүлбэрүүд оролцож буй учир дэлхийн циркийн стандартад нийцсэн, Монголд өмнө нь засаж байгаагүй тоглолтын манеж тайзыг Монгол Бөхийн өргөөнд иж бүрнээр нь жүжигчид болон үзэгчдийн аюулгүй ажиллагааг 100 хувь ханган засч тохижуулсан. Тасалбарыг ticket.mn, болон Бөхийн өргөөний тасалбарын кассаас худалдан авах боломжтой. Тасалбарын үнэ ханшны хувьд гурван наснаас дээш насны бүх хүн 40 мянган төгрөг гэж байгаа.

-Цаашдаа илүү сонирхолтой олон улсын циркийн тоглолтыг ямар хугацаанд зохион байгуулах вэ?

-Мэдээж Монголын циркчдийн холбооны дэргэдэх “Bravo” нэгдлийн зорилго бол олон улсын циркийн тавцанд гайхуулагдаж буй тэр үзүүлбэр, уран бүтээлүүдийг монголын хүүхэд багачуудад үзүүлэх зорилготой. Ер нь жилдээ хоёр удаа буюу хавар, намрын улиралд зохион байгуулах төлөвлөгөөтэй, тасралтгүй сайн сайн үзүүлбэрийг авчирч үзүүлэхээр төлөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Тэнгэрт тэмүүлсэн Нью-Йорк DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС ДАРААХ НИЙТЛЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.


Нью-Йоркт нар эртээ манджээ. Эртлэн босч эргэн тойрныхоо сонин хачныг ажиглан зогсох нь ээ америкчууд нэг алхаад л таарал­дах жижигхэн хоолны газраар ороод гарахдаа манайхны хэмжүү­рээр бол хоёр аяга цай уухын дайны хэмжээтэй цаасан аягатай кофе мөн цаасан ууттай түргэн хоол авч гараад ажилдаа явах замдаа өглөөний цайгаа амжуулах аж. Тэдний өглөөний унд эрүүл хоолыг шүтэгчдэд бол хор л гэсэн үг. Өдөр тийшээ өнөөдүүл дахиад л кофе эсвэл кола, аймшигтай том гамбургер, шарсан төмс, сэндвич иднэ. Оройн хоол мөн л нүсэр их. Хоолны газар суугаад хоол за­хиалахад порц нь дэндүү их, нэг өдөрт бидний долоо хоногийн хоолыг нэг америк хүн идчихдэг бололтой. Аян замд дөрөө нийлсэн хэд маань хамтдаа үдийн хоол идэхээр болж ширээн дээр хүн тус бүрийн өмнө тавагтай биш тогоо­той юм шиг их хоол тавихад дуу алдав. Бид гуравны нэгийг нь ч баралгүй толгой сэгсэрч байгаад үлдээгээд гарч одсон. Энэ их идэлт тэднийхний эрүүл мэндийг ёстой алж байгаа байх даа гэж бодогд­сон. Бас гамбургер шигээ хэлбэр­тэй болтлоо таргалсан хүмүүс хажуугаар зөрөх нь дэндүү олон. Таргалалт ДОХ-оос илүү аюулын харанга дэлдэж байгаа гээд бай­сан нь яах аргагүй үнэн юм байна. Гэхдээ баячууд нь бол харьцангуй гоолиг юм билээ. Эндхийн хүний хэлснээр Нью-Йоркт ямар нэг талаараа энгийн биш хүмүүс бай­даг гэсэн нь жаахан дэгсдүүлсэн үг ч ортой аж. Нэг бол хамгийн шил­дэг нь эсвэл хамгий хүнд гарууд энд байдаг нь олон зүйлээс ажиг­лагдаж байсан. Хамгийн бая­чууд нь, хамгийн лидерүүд нь, бас хам­гийн зүггүйчүүд энэ хотод зэрэгцэн байх аж. Хүнээс бол яаж ийж бай­гаад мөнгө салгах аргаа олсон улс. Тиф буюу үйлчилгээний хөлс авах­гүй байна гэж байхгүй. Бродвейн гудманд явж байтал хамт явсан нөхрөөс минь нэг хар арьст залуу СD авахыг шалаад салдаггүй. “Үгүй” гэж толгой сэгсрээд цааш явтал хой­ноос нь ирж “Май, би үүнийг чамд бэлэглэчихье” гэлээ. Бэлгэнд дур­гүй хэн байх вэ дээ. Өнөө бэлгийг нь аваад цааш эргэ­тэл хариу бэлэг нэхээд салахгүй зо­воов. Үгүй бол дөрвөн доллар өг гээд бүр салах янз алга. “Чадахгүй. Үүнийгээ буцаа­гаад ав” гэхээр “Чи нэгэнт авчихсан” гээд зүтгээд бай­хыг нь яана. Нөгөө нөхөр маань энэ балай юмыг яах вэ” гээд толгой сэгсэрч байгаад арай ядан буцааж өгөөд нэг юм салсан даа. Бродвейд шөнө дунд хүртэл хүний хөл тас­рахгүй. Бродвей хэмээх алдарт урт гудам­жинд худалдаа арилжаа, шоу үзүүлбэр, реклам сурталчил­гаа, бүр кино зураг авалт тасрахгүй. Хэдхэн хонохдоо хоёр ч удаа кино зураг авч байхтай таарсан.

Гэнэт гудманд байсан хүмүү­сийг хоёр тийшээ ярагдаж замын хажуугийн хашлага руу шахаж эхэлтэл сониучирхвал кино зураг авахаар болж байна гэнэ. Зураг авалтын талбайд хээнцэр хувцас­тай хэдэн хүн сандал дээр сууж буй нь найруулагч, продюссерууд нь аж. Энд байсхийгээд л ийм үйл яв­дал болдог болохоор хүмүүс нэг их гайхахгүй юм. Киноны гол дү­рүүд бололтой эрэгтэй, эмэгтэй хоёр Бродвейн гудамжны голд тэврэл­дэн зогсож юм ярих бөгөөд ха­жуу­гаар нь туслах дүр болох ний­тийн хэсэгт тоглогчид гудам­жаар нааш цааш алхах аж. Бидний ойролцоо цагаан цувтай нэг бүсгүй хэдэн ч удаа нааш цааш явав. Болохгүй байна гэхээр дахиад л зураг авалт эхлэх аж. Тэрхэн агш­ныг тийм олон удаа авч байгаа юм чинь хэцүү үзүүл­бэртэй хэсгийг нь яадаг бол гэж бодож зогслоо.

Баар цэнгээний газарт хүн дүүрэн байх аж. Хаа очиж тамхи татахгүй нь сайхан. Тэгээд ч Нью-Йоркт нэг хайрцаг тамхи 13 ам.дол­лар. “Ямар үнэтэй юм бэ” гэвэл “Энэ чинь Нью-Йорк шүү дээ. Хажуухан өөр хотод 4 ам.доллар тавин цент” гэнэ. Бааранд харин хүмүүсийн ярих чимээ нь аймшиг­тай. Өдөржин хуримтлуулж бай­гаад орой нэг дураараа хашгирч авдаг юм шиг билээ. Торхон дотор баахан зөгий хийчихсэн мэт айм­шигтай дүнгэнэх чимээг сонсоод хөгжлөөс үүдэлтэй хамаг стрессээ ингэж л тайлдаг юм байлгүй дээ гэж бодлоо.

Тэнд амьдардаг хүмүүс “Ногоон авгайтай уулзсан уу” гэж асуух юм. Эрх чөлөөний хөшөөндөө ийм хоч өгчихөж. Америкийн бэлгэ тэмдэг болсон эрх чөлөөний хө­шөө­гөө ингэж нэрлэчихээд шоглож суугаа тэд далбаагаа дотуур хувц­сандаа хүртэл мөнхлөөд дэл­гүүрт зарж байх юм. Манайхан төрийн далбаа­гаараа турсикээ гоёвол “нүгэл” болно биз дээ. Гэхдээ хууль цаа­занд тэр олон хүн нэг зэрэг за­хираг­даад овлигогүй нэг нь хүртэл зөвшөөрөөгүй газар машин тави­на гэж байхгүй. Мэдээж цагдаатай тохирох ойлголт байх­гүй болохоор камераар команд авсан нөхөр ирээд л торгуулийн хуудсыг урд шилэн дээр нь наа­чихна. Цаана нь бүртгэгдчих боло­хоор 150 ам.дол­лар зүгээр нэг цацахыг хэн хүсэх вэ дээ. Тэгээд ч өгөхгүй бол сарын дараа хоёр дахин нэмэгдэнэ гэсэн үг. Ингээд л аргагүйн эрхэнд дү­рэмд захираг­дах нь тэр. Эндээс эрх чөлөө гэдэг хамаагүй дураараа байхын нэр биш гэдэг нь тодорхой. Дэлхийн хамгийн түгжрэл ихтэй энэ хотод явган хүн ч замын түг­жээнд ормоор.

Такси барих гээд хамт явсан бүсгүйтэйгээ зогсож байтал уриал­гахан зантай эрхэм гараа даллан дохилоо. Дугуйныхаа ард сүйх тэрэгнийх шиг суудал зассан нь хоёр хүн зэрэгцээд элбэг суу­чихаар. Найрсагхан дохилзоод байхаар нь “Бензингүй юм чинь арай хямд” гээд суучихлаа. Замд бас элдвийг хөөрөн хаанаас ирс­нийг нь асуутал турк хүн гэнэ. Туркийн тухай мэддэг бүхнээ бурж жигтэйхэн инээд хөөр болсоор буудлынхаа үүдэнд буутал такси­гаар үйлчилгээний хөлсөө өгөөд зургаан ам.доллар болдог газар 48 ам.доллар нэхдэг байгаа. Бүр хүний тоогоор шүү. Биднийг ирэ­хийг харсан нэг нөхөр маань “Оросууд Италид” кино шиг та хоёр ч хөглөж байх шив” гэж ирээд л инээдээ барьж ядлаа. Одоо яая гэхэв. Инээд алдаад суусан юм чинь дуртай дургүй төлсөн л дөө.

Нью-Йорк тэнгэрт тэмүүлсэн хот. Дэндүү өндөр байшингийнх нь оройг харах гэвэл арагшаа савж унах биз. Өргөөшөө биш өндрөө­шөө л тэлж байгаа юм байна гэж бодогдов. Дуу чимээ гэж нөхцөлгүй.

Манайд намрын аяс орж нав­чис шарлаад унаж байхад тэнд 40 хэмийн халуунтай углааш сан­даал­тайгаа л жирийлгээд байна лээ. Дэлхийн хамгийн өндөр ба­рилга болох ихэр хоёр цамхгийг террористууд дэлбэлчихсэний ор­мон дээр нь цэцэрлэгт хүрээлэн бай­гуулсан байх юм билээ. Жи­жиг­хэн хэрэмнүүд хүмүүс найзал­чих­сан хээвнэг гүйлдээд л. Дэлхий ний­тээ­рээ ногоон байгууламжид хүндэт­гэл­тэй ханддагийн нэг жи­шээ бол нэг томоохон барилгыг барихад удаан жил ургаж ирсэн хэдэн модны асуудал сөхөгдөж. Анх барилга барихдаа тэр хэдэн модыг тооцолгүй зураг төслөө гаргасан байж. Тэгээд нөгөө мод­дыг хэвээр нь үлдээхийн тулд зураг төслийг өөрчилж бүр нар тусахад дөхөм­тэйгээр барилгаа барьсан байгаа юм. Харин манайхан шиг төр засаг нь хүртэл хотынхоо чимэг болсон цэцэрлэгт хүрээлэнг ну­рааж бай­гаад төрийн ордноо барих тухай яривал энд юу болох бол гэж бо­догдсон шүү. Бас Ж.Со­рос манай улсын Ерөнхий сайд­тай албаны уул­залт хийхээсээ өмнө америк­чуудын бахархал болсон цэцэр­лэгт хүрээнг ажлын­хаа өрөөний цонхоор зааж бай­гаад гайхуулан ярьж бай­сан шүү.

Дэлхийн бүх улс орны цуг­луулга гэлтэй зүсэн зүйлийн үндэс­тэн ястан энд байна. Зав­сар зайгүй бөөрөөрөө наал­дан боссон барил­гууд дотор давчдуулна. Хаа очиж гудамжийг нь хайж сүйд болохгүй дугаараар нь олохоор эмх зам­бараатай. Хаа нэг жижиг лааз гартаа барьсан гуйлгачин мөнгө гуйгаад зогсох юм. Ер нь дэлхийн хаана ч иймэрхүү нөхдүүдтэй таа­рал­даад байх юм.

Хятад хүний толгой дээр нар жаргадаггүй гэдэг үг шиг монгол хүний толгой дээр нар жаргахаа өнгөрсөн бололтой. Хаа сайгүй л мон­голчуудтай таарах юм билээ. Хүүх­нүүд болсон хойно яаж зүгээр байхав. Их ажлын ха­жуу­гаар зав гаргаад хэдэн дэлгүүр ороод ам­жив. Хажууд монгол хү­мүүсийн ярихыг сонсвол нутаг нэгтэн болох хоёр охин бас дэлгүүр хэсч таарав. Тэнд сурдаг оюутнууд бо­лолтой. Бас бидний буусан буу­далд таван монгол хүн ажил­ладаг гэж бо­дохоор бид чинь дэлхийгээр нэг болжээ. Хуучин цагийг бодвол заавал Чин­гэсийн нэрийг ур­даа барилгүй Монгол гэж хэлэ­хээр хэр баргийн хүн мэддэг бол­чихож. Нийслэл хотыг минь хүр­тэл торол­гүй хэлж байгааг бодоход Монгол гэдэг нэр ертөн­цийн хаа сайгүй дуурсагд­жээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Б.Сувданзаяа: Би “Дэлхийн оюутны мисс”-ийн цахим санал хураалтыг одоогоор тэргүүлж байгаа DNN.mn


“Miss Mongolia-2022” тэмцээний “Sec­ond winner up”, бикини мисс Баянмөнхийн Сувданзаяатай ярилцлаа. Тэрбээр удахгүй болох Дэлхийн оюутны миссийн тэмцээнд оролцохоор бэлтгэж байгаа юм.


-“Дэлхийн Оюутны Мисс-2022” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох болсон. Тэмцээний бэлтгэл хангагдаж байна уу?

-Дэлхийн оюутны мисс буюу “World Miss University-2022” тэмцээн Сөүл хотод арваннэгдүгээр сарын 30-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 21-нийг хүртэл үргэлжилнэ. Тэмцээний бэлтгэл ерөнхийдөө хангагдаж байна. Тэмцээнд оролцоход тусалж байгаа гэр бүлийнхэн, Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлынхан, “Андра” академи, “Photohub”-ийн хамт олондоо маш их баярлалаа.

-Миссийн тэмцээний өмнөх бэлтгэлийн өдрүүд хэрхэн өнгөрдөг вэ?

-Одоогоор Ч.Энхтуяа багшийнхаа зөвлөснөөр биеэ чангалахаар бассейнд явж, агентлаг дээрээ хэл яриа, хоолойн дасгал хийж байгаа. Өнгөрсөн зун ярианы англи хэлний сургалтаа дүүргэсэн, одоо танхимын сургалтад хамрагдахаар бэлтгэж байна.

-“Miss Mongolia-2022” тэмцээнд анхны жилээ амжилттай оролцож “Second winner up”-аар шалгарсан. Энэ удаагийн тэмцээндээ өөртөө хэр итгэлтэй байгаа вэ?

-Есдүгээр сарын 21-ний өдрөөс тэмцээний цахим санал хураалт эхэлсэн. Цахим санал хураалтаар одоогоор нэгдүгээр байранд явж байна. Энэ нь надад өөртөө итгэх итгэлийг маш их өгч байна. Цахим санал хураалт финалийн шатанд чухал нөлөөтэй.

-Цахим санал хураалтад яаж оролцох вэ?

-Цахим санал хураалт хүн бүрд нээлттэй. Гар утсандаа “Anystory” аппликэйшнийг суулгаад утасны дугаар эсвэл и-мэйл хаягаараа бүртгүүлнэ. Нэр, зургаа оруулаад баруун дээд буланд байгаа “register” хэсэгт дарж “Mongolia” гэж хайж “Vote” хэсэгт дарж санал хураалтад оролцоно.

-Оюутны миссийн тэмцээний онцлог юу вэ. Улс бүрээс нэг оюутан оролцох уу?

-Оюутны миссийн тэмцээнд дэлхийн 89 орны мисс оролцоно. Солонгос улсаас гурав, бусад улсаас нэг мисс оролцох юм. Тэмцээний 21 хоногийн турш сайн үйлсийн аян, загварын шоунд оролцох гэх мэт өдөр тутмын үйл ажиллагаатай. Мөн форум дээр илтгэл хэлэлцүүлнэ, илүү хандлага, мэдлэгээрээ өрсөлдөнө.

-“Miss Mongolia-2022” тэмцээний авьяас үзүүлбэрт элсээр зураг зурсан. Энэ удаагийн тэмцээнд авьяас үзүүлбэр бэлтгэж байгаа юу?

-Оюутны тэмцээнд авьяас үзүүлбэр байхгүй. Тэр үед нутгийнхаа онцлогийг харуулах гэж элсэн зураг зурсан. Зурагт тэмээ, гэр зэргийг зэрэглээтэж буйгаар харуулсан. Би Өмнөговь аймгийн Ноён суманд төрсөн л дөө.

-Одоо аль сургуульд ямар мэргэжлээр суралцдаг вэ?

-Монгол Улсын Боловсролын их сургуульд сэтгүүл зүйн гуравдугаар дамжаанд суралцдаг. Дашрамд хэлэхэд, тэмцээнд оролцоод хичээлээ хойш тавих үе олон гардаг. Тэр бүрт ойлгож дэмждэг тэнхимийн багш нартаа баярлалаа.

-“Miss Mongolia” тэмцээнд амжилттай оролцоход таны ямар чанар танд тус болсон гэж бодож байна?

-Мисс хүнд байх чанаруудыг өөртөө суулгасан юм болов уу гэж боддог. Төлөв, хүмүүст нөлөөлж чаддаг, хүмүүс намайг хараад үлгэр дуурайл авдаг байх ёстой. Ур чадваруудыг өөртөө суулгаснаар тайзан дээр өөрийгөө зөв илэрхийлж, хүчирхэг харагдаж, инээмсэглэлээрээ хүнд аз жаргал бэлэглэж чадна.

-Хэдэн настайдаа миссийн тайзан дээр хөл тавьж байв?

-Дунд ангиасаа Өмнөговь аймагт сургуулийнхаа “Үнсгэлжин” тэмцээнд оролцож эхэлсэн. Түүнээс хойш “Андра” академид суралцаж мэргэжлийн модель болсон. Мисс болоход шаардлагатай ур чадваруудыг “Андра” академиас суралцсан. Хамгийн анхны том тэмцээн маань “Miss Mongoliа-2022” байсан.

-Яагаад энэ салбарыг сонирхох болсон бэ?

-Гэрийнхэн маань намайг Монголын мисс болно гэж өхөөрддөг байсан. Түүнийг сонсож өссөн болохоор ч юм уу багаасаа загварын салбарт сонирхолтой байсан. Арваннэгдүгээр ангидаа “Андра” академийнхаа анхан, гүнзгий шатны сургалтад суусан. Оюутан болсон цагаасаа хойш “Андра” академидаа гэрээт моделиор, “Miss Mongolia-2022” тэмцээн дууссанаас хойш алхааны дадлагажигч багшаар ажиллаж байна. Мөрөөдлийн маань нэгээхэн хэсэг биелсэн. “Андра” академид орохоос өмнө Х.Бадамгэрэл багшийг шүтдэг, зургийг нь хараад “Энэ эгч шиг л болно” гэж боддог байсан. Гэр бүлийнхэн маань намайг маш их дэмждэг. Дунд сургуулийн “Үнсгэлжин”-ээс “Дэлхийн оюутны мисс” тэмцээн хүртэл ээж минь үргэлж тайзны ард дэмжиж байгаа.

-Таны биеийн өндөр, жинг сонирхож болох уу?

-Миний биеийн өндөр 174 см, жин 54 кг.

-Гоо сайхандаа баримталдаг зарчим тань юу вэ?

-Орой бүр нүүрээ бүрэн цэвэрлээд арьсаа арчилна, чийгшүүлэх маск тавьж унтдаг маань л юм болов уу (инээв).


Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шарагчин тахиа өдөр DNN.mn

2022.10.23, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 28

НАМРЫН ДУНД САРЫН ШАРАГЧИН ТАХИА САР
ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ТАХИА ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.10.23, Ням гараг
  • Наран ургах шингэх: 07.23-17.50
  • Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ
  • Барилдлага: Хүчин төгсөх
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээхэд сайн, амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 11-13 хэм дулаан байна DNN.mn


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 10-12 градус, бусад хэсгээр 2-4 градус хүйтэн, өдөртөө 11-13 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 10-15 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 6-11 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

“Нийслэлд хууль зөрчиж барьсан барилгуудыг нураана” гэв DNN.mn

Ulaanbaatar, Mongolia | International Republican Institute

Богдхан уулын Дугуй цагаан орчимд хийж буй тохижилтын ажилд тус уулын аманд газар эзэмшдэг компани саад учруулж байгаа талаар албаны хүмүүс мэдээлэх үеэр Хотын дарга Д.Сумъяабазар хууль зөрчсөн 22 байршлын барилгыг нураана хэмээн мэдэгдлээ.

Тодруулбал тэрбээр “Тохижилтын ажилд саад учруулж буй тухайн компани өөрсдөө ойрхон их гоё байшин барьчихсан. Тэгсэн мөртлөө нийтийн эрх ашгийн төлөө нийслэл жоохон юм хийх гэхээр оруулахгүй байгаа нь буруу.

Буруугаар ч барахгүй ийм зүйл байх ёсгүй. Гэтэл Байгаль орчны сайд нь хамгаалаад, хувийн өмчид халдлаа гээд байдаг. Хуулийг уландаа гишгэсэн, иргэдийн хүсэл сонирхлын дээрээс дэвссэн байдалтай нийслэл эвлэрэхгүй. Нийслэл аж ахуйн нэгжүүдээ дэмжинэ. Гэхдээ ийм аж ахуйн нэгжийг дэмжих бололцоо алга” хэмээн хэлээд “Энигма” компанитай холбоотой дөрвөн тусгай зөвшөөрлийг цуцлах үүргийг албаныханд өглөө.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 4 хэм хүйтэн

Ulan-Bator - the Capital of Mongolia | Online Travel Guide

Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: 24-25-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 25-нд говь, талын нутгаар хүчтэй салхи, шуургатай байна.


2022 оны 10-р сарын 22-ны 20 цагаас 10-р сарын 23-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 10-15 хэм, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 6-11 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 10-12 хэм, бусад хэсгээр 2-4 хэм хүйтэн, өдөртөө 11-13 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.


2022 оны 10 дугаар сарын 24-нөөс 10 дугаар сарын 28-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд тал, хээрийн нутгаар, 27-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 25-наас ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна.

Categories
мэдээ цаг-үе

Сайжруулсан шахмал түлшний стандартыг шинэчлэн баталлаа DNN.mn

Н.Тавинбэх: Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн хамт олны хөдөлмөрийг  үнэлэх хэрэгтэй | Эрчим хүчний яам

Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн 5 дугаар хуралдаанаар Сайжруулсан хатуу түлшний техникийн шаардлага – MNS 5679 : 2019 стандартыг шинэчлэн боловсруулах даалгавар өгсөн. Үүний дагуу Стандартчиллын үндэсний зөвлөл 2022 оны наймдугаар сарын 14-нд Сайжруулсан хатуу түлшний техникийн шаардлага MNS 5679:2022 стандартыг хэлэлцэж баталсан байна.

Шинэ стандартын дагуу 13-50 мм ширхэглэлтэй түлшийг сайжруулсан шахмал түлшинд тооцож байна. Харин 13 мм-ээс бага хэмжээтэй байвал ширэмний завсраар унаж дутуу шаталт явагдах сул талтай тул түлшний үйрмэг гэж үзэх юм.

Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүний анхны хэлбэр алдагдаж, бутарч 13 мм-ээс бага хэмжээтэй болсон жижиг хэсгүүдийг түлшний үйрмэг гэж үзэх юм байна.

Шахмал түлшний чийглэгийн хэмжээг 10 хувь байсныг шинэ стандартаар 6 хувь болгосон. Энэ нь түлшний шаталтаас ялгарах нүүрстөрөгчийн дутуу исэл буюу угаарын хийг бууруулахад ач холбогдолтой юм байна. Өмнөх стандартаар үнслэгийн хувь 29 байсан бол шинэ стандартаар 27 хувь болгож бууруулсан. Ингэснээр түлшний шаталтаас хаягдах үнсний хэмжээ 10 орчим хувиар буурах тооцоо гаргажээ.

Эх сурвалж: Тавантолгой түлш ХХК