АН-ын гишүүн Ж.Энхбаттай ярилцлаа.
-ХЗДХ-ийн яамны Төрийн нарийн бичгийн даргын мэдээлэлтэй холбоотойгоор хошин шогийн нэр бүхий ж үжигчид мэдээлэл хийсэн. Таны хувьд уг үйл явцыг хэрхэн дүгнэж байна вэ?
-ХЗДХ-ийн яамны гадна нэр бүхий гавьяатууд үзэл бодлоо илэрхийлсэн үйл явцыг иргэн хүнийхээ хувьд эгдүүцэж хүлээж авсан. Учир нь хошин шогийн жүжигчид, улс төр урлаг соёлын зүтгэлтнүүдийг янз янзын байдлаар элэглэж, урлагийн тоглолт бэлддэг хэрнээ өөрсдийнх нь эрх ашиг хөндөгдөхөд Хууль зүй дотоод хэргийн яамны гадна жагсаал цуглаан хийсэнд иргэн хүнийхээ хувьд маш их эгдүүцэж байна. Хошин урлагийнхан ямар нэгэн байдлаар төлбөртэй контент хийхдээ хүний эрхийг дээдэлдэггүй шүү дээ. Гэтэл зөвхөн өөрсдийнх нь эрх ашиг хөндөгдөх үед жагсаал цуглаан хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор байдгаа баталж, засаг төр барьж байгаа хүмүүсийн найз нөхөд гэдгээр давуу байдлаа ашиглах ёсгүй. Тэд цагдаагийн хамгаалалт дор жагсаал цуглаан хийж байна. Гэтэл жирийн иргэд ХЗДХЯ-ны гадна үзэл бодлоо илэрхийлсэн тохиолдолд хамгийн түрүүнд ачаад аваад явна. Гэтэл хууль яагаад тэдэнд тэгш бус хандаж байна вэ. Хошин урлагийн жүжигчид олон нийтэд үлгэр дуурайл үзүүлэхийн оронд увайгүй үйлдэл гаргасныхаа төлөө хариуцлага хүлээх ёстой. Үүнд иргэн хүнийхээ хувьд маш их дургүйцэж байна.
-Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр хошин урлагийн жүжигчдийг дуулианаар дуулианыг дарах оролдлого хийлээ хэмээн шүүмжилж байна. Таны байр суурь?
-Яг одоогийн байдлаар улсын төсөв хэлэлцэж байна. Дээр нь хэдхэн хоногийн өмнө ланд 200 маркийн автомашины жолооч хоёр хүүхэд, долоон автомашинд хохирол учруулсан нь олон нийтийн анхаарлын төвд байгаа энэ үед дуулианыг дуулианаар дарах оролдлого хийж байна хэмээн үзэж байна. Та бүхэн санаж байгаа бол 2020 онд Дэнжийн 1000-д амьдардаг дөрвөн хүүхэд амьдрах орчиндоо тоглоомын талбай байхгүйгээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тоглох явцдаа амь насаараа хохирсон.
Тэр үед хошин урлагийнхан хаана байсан юм бэ. Мөн 2019 онд хүүхэд тогонд цохиулаад нас барахад, дөнгөж төрсөн таавчигтай ээжийг эмнэлгээс гаргаж байхад тэд хаана байсан юм бэ. Ковидын хатуу хөл хорионы үеэр нийгмийн сэтгэл зүй хүнд байхад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Соёлын дэд сайд 980 сая төгрөгөөр 14 хоногийн хугацаанд нийгмийг соён гэгээрүүлэх нэрээр хошин шогчид микрофон булаацаалдаж байхад, иргэд хоногийн хоолоо яая гэхээс гадна гал түлэх модгүй л байсан шүү дээ. Энэ үед хошин шогийн жүжигчид хамгийн их орлоготой, хамгийн баян тансаг нь л байсан ш дээ. Гэтэл өнөөдөр АИ-92 шатахууны үнэ өнөөдрийг хүртэл хэд дахин нэмэгдээд байна. Гэтэл өөрсдийгөө нийгмийн дуу хоолой хэмээн өргөмжилдөг жүжигчдийн дуу хоолой хаана байсан юм бэ. Хүний хамгийн наад захын хэрэглээ болсон Атар талхны үнэ 3000 төгрөгт хүрчихлээ шүү дээ.
-Нийгэмд болж бүтэхгүй байгаа асуудлаар дуу хоолойгоо илэрхийлсэн ч олон нийтийн дэмжлэгийг авч чадахгүй байна?
-Нийгэмд болж бүтэхгүй асуудал олон байна. Харин нийгмийн инфлюсерүүд хаана байна вэ. Хамгийн ойрын жишээ дурдахад, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 130 дугаар сургуулийн сурагчид аюултай орчинд сурч боловсорч байгаа талаар мэдээлэхэд хэн, хаана дуугарч байна вэ. Ногоон байгууламж, Туул гол, Сэлбэ голыг сүйтгээд барилга байгууламж барьж байна. Гэтэл хошин урлагийнхан хаана байсан юм бэ. Зөвхөн өөрсдийнх нь эрх ашиг хөндөгдсөн үед л тэд дуугарч байна. Үүнийг баримт нотолгоотойгоор дэлгэж болж байна. Хошин урлагийнхан засаг барьж байгаа нам эвслийнхнийг “Хүчээ нэгтгээрэй, Миний нутгийн ах дүүг дэмжээрэй” гэх мэт сонгуулиас сонгуулийн хооронд бурсан. Гэтэл одоо яаж байна. Үүнийхээ үр дүнг Г.Алтаншагай жүжигчин хангалттай хүртсэн. Тэрээр Хэнтий аймгийн урдаа барьдаг жүжигчин байхыг үгүйсгэхгүй. Гэтэл түүний эхнэр яагаад Эрдэнэт үйлдвэрийн салбарын орлогчоор ажиллах ёстой юм бэ. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр гэдэг маш том бүтээн байгуулалтын байгууллага байтал яагаад жирийн нэг жүжигчний эхнэр даргаар нь томилогддог юм бол. У.Хүрэлсүхийн сонгуулийн сурталчилгаанд ажилласан жүжигчин Н.Онон яагаад МҮОНРТВ-ийн үндэсний зөвлөлийн гишүүнээр ажилладаг юм бэ. Жүжигчин Н.Ариунболд буюу Бооёо СХД-т баригдсан Хүүхэд залуучуудын театрын даргаар яагаад томилогддог юм бэ. Хэн нэгэн даргын ивээлд багтсан жүжигчид даам гардаг цаг ирчихсэн юм уу. Гадаад, дотоодод мэргэжил дээшлүүлсэн мянга, мянган залуучуудыг мэргэжил дээшлүүлж, албан тушаал ахиулахаас өмнө яагаад өөрсдийнх нь төлөө дуугардаг, сонгуулийн сурталчилгаанд томилдог хүмүүсийг тодруулах ёстой юм бол. Хошин урлагийн жүжигчид бүр “Араа даагаарай, аятайхан байгаарай” гэх зэргээр дарамт үзүүлдэг, бүр цаашлаад заналхийлэл үзүүлдэг болсон юм байна.
-Төрд ажилласан хүмүүс нийгмийн дундаж давхаргад арайчүү багтаж байхад нам дагасан хошин шогийнхон хамгийн тансаг хаусанд амьдарч байгаа нь нууц биш шүү дээ?
-Энэ бол шударга ёс биш. Жүжигчин Бооёо, залуу бизнес эрхлэгч хоёр харилцан ямар хэмжээнд татвар төлж байна вэ гэдэг харьцуулалтаас олон зүйл хамаарах ёстой. Гэтэл үүнийг харьцуулахгүйгээр нийгэмд шударга ёсыг ярих боломжгүй. Гэтэл эрс тэс үзүүлэлттэй хэрнээ увайгүй үйлдэл гаргахыг иргэн хүнийхээ хувьд үгүйсгэж байгаа.
-Хошин шогийн жүжигчдийг мэргэжлийн алиалагчдын хэмжээнд ойлгосон нь өндрөөр үнэлсэн хэрэг хэмээн ойлгох нэгэн байна. Гэтэл хошин урлагийнхан иргэдийг нас хүйс, харагдах байдал, хэл соёлоор нь ялгаварлан гадуурхах үзэгдлийг хүний эрхийн зөрчил хэмээн үзэх тохиолдол элбэг байна шүү дээ?
-Тантай санал нэг байна. Тухайлбал, ХЗДХЯ-ны гадна жагссан гавьяат жүжигчид хүнийг Үндсэн хуулийн дагуу нас хүйс, гарал үүслээр ялгаварлан гадуурхахыг хориглох талаар сануулах оролдлого хийсэн. Яг үнэндээ дээхнэ үед алиалагч гэдэг нь нарийн мэргэжил байсан. Хүн бүр алиалагчийн тоглолтыг үзэхийн төлөө догдолдог, тэмүүлдэг байсан. Алиалагч гэдэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нарийн мэргэжил. Хүүхдийн баярыг алиалагчгүйгээр төсөөлдөггүй байсан. Гэтэл өнөөдөр алиалагч гэх мэргэжлийн дор дуулианаас дуулианы хооронд шоу хийж, Монгол Улсын нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлыг өөр зүгт хандуулах оролдлого хийж байна. Сенсациас сенсацийн хооронд, захиалгатай, төлбөртэйгөөр жагсаал зохион байгууллаа гэж харж байна. Төрийн ордонд 2023 оны төсвийн хэлэлцүүлэг, 21 аймаг, есөн дүүрэг, Улаанбаатар хотын хэмжээний эдийн засгийн реформ явагдаж байна. Гэтэл цаг үетэй холбоотой иргэдийн анхаарлыг өөр тийш татах, 12 настай хүүхэд автомашинд мөргүүлснийг хөнгөн гэмтэл хэмээн цагдаагийн байгууллагаас дүгнэсэнд нийгэм бухимдалтай байна. Олон нийтийн анхаарлыг захиалгатайгаар өөр тийш хандуулах сонирхол байгаа нь гавьяат жүжигчдээс харагдаж байна. Яагаад нийгэмд өрнөсөн болохгүй, бүтэхгүй асуудал бүрийг өөр сенсациар дарах ёстой гэж. Магадгүй маргааш дахин өөр сенсацид бид анхаарал хандуулах биз. Эрх баригчид хэн намайг шүүмжлэх нь үү тэр хүнд хариуцлага тооц, цагдаад өг гэсэн зарчим үйлчилж байна.
Энэ бүхнээс дүгнэхэд, Монгол Улс сенсациас сенсацийн хооронд ажилладаг төр засагтай, сайд дарга нар нь нийгэм, эдийн засгийн бодлогод тулгуурлаж шийдвэр гаргадаг биш, цахимаар ажлаа хийж, нийгмийн бухимдлыг өөр тийш нь хандуулдаг боллоо. Төр засгийг хэн шүүмжилсэн байна тэр хүнийг барьж, шалгадаг, цагдаад өгдөг болсон. Тухайлбал, Төр засгийн удирдлагыг шүүмжилж танай сонинд ярилцлага өгсөн учраас маргааш би дахин цагдаад дуудагдахыг үгүйсгэхгүй. Миний бие есдүгээр сарын 15-нд БЗД-ийн нэгдүгээр хорооны ногоон байгууламжийг сүйтгэж, хууль зөрчиж барилга барих гэж байгаа талаар хэвлэл, мэдээллийн байгууллагад ярилцлага өгсөн. Гэтэл БЗД-ийн I хорооны цагдаагийн байгууллагаас намайг “Жагсаал цуглаан хийсэн” хэмээн үзэж, зөрчлийн хэрэг нээсэн. Хэвлэл мэдээллийн байгууллагад ярилцлага өгөх нь нийгмийн эмх замбараагүй байдал үүсгэж, жагсаал цуглаан хийсэн гэж үзэгдэх боллоо. “Би лоозон бариагүй, цагаан хоолойгоор орилоогүй, төрийн байгууллагын үйл ажиллагааг тасалдуулаагүй байхад яахаараа жагсаал цуглаан хийсэн хэмээн үзэж байна вэ” гэхэд “Чи зөвшөөрөлгүй хэвлэл мэдээлэлд ярилцлага өгсөн” хэмээн зөрчлийн хэрэг нээсэн. Би эрх баригчдаас зөвшөөрөл авч байж хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөх ёстой юм байна. Миний хувьд 2020 оноос хойш 10 гаруй удаа цагдаагийн байгууллагад очиж мэдүүлэг өгсөн. Би өөрийгөө ардчилсан улсын иргэн гэдэгт итгэхгүй байна. Харин комминуст дэглэмтэй хойд Солонгост амьдарч байгаа мэт л ойлгож байна.