УИХ–ын гишүүн Н.Энхболдтой ярилцлаа.
-УИХ-аар ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Өмнөх жилүүдийн төсвөөс ямар онцлогтой төсөв болсон гэж харж байна?
-Энэ удаа Засгийн газраас оруулж ирсэн төсвийн төсөл 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу төрийн бодлого тогтвортой байх зарчмын дагуу буюу Монгол Улсын хөгжлийн бодлого урт хугацаандаа тогтвортой байх зарчимд нийцсэн төсөл болсон. Өөрөөр хэлбэл, сонгууль болгон, жил бүр өөрчлөгддөг, түүнчлэн УИХ-ын гишүүдийн байр сууринаас болоод Засгийн газраас оруулж ирсэн төсвийн дүр төрх батлагдаад гарахдаа өөрчлөгддөг байдлыг халж чадлаа. Хоёрдугаарт, урт хугацааны хөгжлийн бодлоготойгоо өөрийн нөөц боломжоо уялдуулж, тэвчиж болох зардлуудаа хойш тавьсан төсөл боллоо. Гуравдугаарт, бидний муу зуршил юу байсан гэхээр өмнө нь зураг төсөлгүй, хэрэгжихэд бэлэн бус төслүүдийг янз бүрийн шалтгаанаар, тэр дундаа гишүүдийн тойрогтоо хөрөнгө оруулалт тавиулах гэсэн сэдлээр улсын төсөвт суулгадаг байсан. Энэ нь эргээд ямар сөрөг үр дүн дагуулсан бэ гэхээр эхнээсээ төсөв тооцоо нь хийгдээгүйнэгэнт төсөвт мөнгө нь суучихсан гэх шалтгаанаар эхлүүлсэн төсөл, хөтөлбөрүүд хэрэгжихдээ ихээхэн хугацаа зарцуулдаг. Цаг хугацаа нь хойшлох тусмаа төсвийн өртөг нэмэгдэж, үр дүн мууддаг. Яг ийм шалтгааны улмаас бүрэн дуусгаж амжаагүй төслүүд үлдчихдэг учраас тэдгээр төслүүдийг цаг хугацаа алдалгүй дуусгахаас өөр аргагүй. Иймээс бодлогын нэлээд өөрчлөлтүүд хийж “Ямар ч байсан эхлүүлсэн ажлаа дуусгаад, дараа дараагийнхаа төсөл, хөтөлбөрүүдийг ном журмынх нь дагуу ТЭЗҮ, зураг төсөлтэй, эдийн засгийн нарийн тооцоололд суурилж, бодлогыг нь Эдийн засаг, хөгжлийн яам дээрээ зангиддаг байхыг зорьсон байна. Тиймээс энэ байдал дахин давтагдахгүй байх агуулгыг ирэх оны төсвийн төсөлд шингээсэн байсан. Дөрөвдүгээрт, төсвийн алдагдлын хэмжээг өмнөх жилүүдийнхээс бууруулж оруулж ирсэн.
-Төсвийг ямар ч алдагдалгүй батлах боломжтой гэдгийг зарим УИХ-ын гишүүд хэлж байгаа. Таны хувьд…?
-Ямар ч үед төсвийг алдагдалгүй батлах боломжтой л доо. Гэхдээ тухайн үеийнхээ орлогыг бодитоор тооцож үзээд, олох орлоготоо тааруулж зардлаа баталчихвал төсвийг алдагдалгүй л батлана. Цаашлаад гадаадад тавих өр зээлийн хэмжээ ч багасна. Гэтэл янз бүрийн шалтгаанаар тухайн жил зайлшгүй хийх ёстой гэж үзсэн төслүүдээ суулгасаар олон жил алдагдалтай төсөв баталж ирлээ. Үүнээс үүдэн гадаад өрийн хэмжээ нэмэгдэж, сэтгэл түгшээх хэмжээнд хүрчихсэн байна. Үүнд олон учир шалтгаан бий. Үнэхээр тухайн жилд заавал хэрэгжүүлэх шаардлагатай төсөл, хөтөлбөр, зардал байвал төсөвт суулгахаас өөр аргагүй. Тухайлбал, сүүлийн хоёр жил ковидтой холбоотой зардал төсөв мөнгийг танах боломжгүй л байсан. Хэрэв би буруу санаагүй бол өмнөх жилийн төсвийн алдагдлаас энэ жил даруй 1.4 их наяд төгрөгөөр алдагдлын хэмжээг бууруулж оруулж ирсэн. Энэ бол дараа дараагийн төсвийг батлахдаа баримтлах чиг хандлагыг тодорхойлсон алхам болсон гэж бодож байна. Одоогоор төсвийг эцэслэн батлаагүй байна. Эцсийн байдлаар төсөв батлах үед ямар ч алдагдалгүй батлах эсэх нь УИХ-ын гишүүдээс ихээхэн шалтгаална. Хамгийн гол нь дээр дурдсан төсвийн онцлогууд ганцхан энэ удаагийн төсөв дээр гарсан онцлог гэхээс илүү дараа дараагийн төсвийг батлахад жишиг, зарчим болохуйц төсвийн төсөл байлаа. Засгийн газраас улс төрийн эр зориг гаргаж, алс хэтээ харахад нь илүү анхаарал тавьснаараа онцлогтой төсвийн төсөл байсан хэмээн харж байна.
-Ирэх он бол сонгуулийн өмнөх жил гэдгээрээ ихээхэн онцлогтой. Өмнө нь сонгуулийн жилийн өмнөх төсөв дээр УИХ, Засгийн газрын гишүүд аль болох өөрийн тойрогтоо ахиухан хөрөнгө, мөнгө тавиулахыг хичээдэг байсан. Үүний үр дүнд дараагийн удаа дахин УИХ-д сонгогдох боломж хэмээн хардаг байсан биз. Харин энэ жилийн тухайд шинэ хөрөнгө оруулалтын төсөв хэрэгжүүлэх боломжгүй болсон нь улсын хөгжлийг тойргийн хэмжээнд харах биш, том зургаар нь хардаг байх жишиг рүү нэг алхам ойртож чадсан явдал уу. Эсвэл…?
-Миний хувьд Засгийн газар энэ чиглэл рүү хандуулж төсвөө оруулж ирсэн гэж харж байгаа. Ер нь бол УИХ-ын гишүүд ч нөхцөл байдлыг ойлгож байгаа. Төсвийн төслийн хэлэлцүүлгийн үеэр гишүүд хоорондоо санал солилцож байгаа. Энэ үеэр гишүүдийн хэлэлцүүлэгт хандаж, байр сууриа илэрхийлж байгаа байдлаас нь харахад тойргийн эрх ашгийг бодохоос илүү том зургаар нь улс орныхоо хөгжлийг хардаг байх зарчимд шилжихгүй бол хэтдээ болохгүй гэдгийг хэлж байна. Өмнөх жилүүдийг бодоход “Тойрогтоо заавал ийм шинэ хөрөнгө оруулалт хийнэ” гээд янз бүр болоод байх асуудал бага мэдрэгдэж байна. Гэхдээ тойрогтоо мөнгө хөрөнгө татдаг, тавиулахыг хичээдэг асуудлыг ганцхан гишүүн болох хүсэлтэй холбоотой гэж ойлгох нь учир дутагдалтай. Манай улсын сонгуулийн тогтолцоо ямар ч гишүүнийг тодорхой хэмжээгээр тойрогтоо анхаарч ажиллахаас өөр аргагүй нөхцөл байдал руу түлхэж байгаа. Тэгэхээр яах аргагүй сонгуулийн тогтолцооны асуудлыг хөндөхөөс аргагүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дараа Монгол Улсын Цэцээс гаргасан хэд хэдэн шийдвэрүүдийн ерөнхий агуулга нь урт хугацааны, тогтвортой хөгжлийн асуудалд илүү анхаарал тавихад түлхсэн, тогтолцоотой байхад болохгүй зүйлгүй гэсэн утга бүхий дүгнэлт гаргасан. Тиймээс цаашид Үндсэн хуульд хүрэхгүйгээр бусад хууль тогтоомжид сонгуулийн тогтолцоо руу чиглэсэн нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага байгааг харуулж байна. Зарим хүмүүс шүүмжлэлтэй л хандаж байгаа. Сонгуулийн тогтолцоог өөрчлөх талаар олон парламент дамжин яригдсан. Зөвхөн одоогийн парламентын гишүүд яриад, хөндөөд байгаа асуудал биш. Болохгүй байгаа, өөрчлөх ёстой бол өөрчлөх л учиртай.
-Хэнтий аймгаас манай улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд сонгогдсон нь улсын төсвийн хуваарилалтад хүчтэй нөлөө үзүүлж байх шиг. Хэнд илүү эрх мэдэл байна түүнийг дагаж төсөв хуваарилагддаг байх нь хэр зүйтэй юм бэ?
-Төсвийн хуваарилалт жил бүр янз бүр байдаг. Зарим аймагт их, заримд нь бага төсөв хуваарилах тохиолдол бий. Энэ удаа Хэнтий аймагт өндөр төсөв хуваарилагдсан нь өмнөх жилүүдэд тус аймагт нэлээд өндөр төсөв тавигдаж байсантай холбоотой. Чингис хааны төрсөн нутгийг аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлэхээр хөрөнгө оруулалтын ажлууд, төсөл хөтөлбөрүүд нэлээд хэрэгжиж байгаа. Тиймээс дуусгаагүй хөрөнгө оруулалтуудаа дуусгах зорилтын хүрээнд өндөр төсөв тавигдсан болов уу гэж харж байгаа. Ирэх оны төсвийн талаар Ерөнхий сайдын өгсөн тайлбарт “Засгийн газраас оруулж ирсэн төсвийг учиргүй их нааш, цааш нь болгож хөдөлгөхгүйгээр энэ чигээр нь баталчихвал, дуугсаагүй үлдсэн, дуусгах ёстой төслүүдийнхээ 82 орчим хувийг гүйцэтгэнэ” гэж байсан. Энэ асуудлыг бодолцож үзэх хэрэгтэй байх. Ер нь бол өм цөм төсөв тавих нь юу юм, хэнд эрх мэдэл байна түүнийг дагаад төсвийн хуваарилалт хийх тохиолдол ажиглагддаг. Асуудлыг нэг талаас эрх мэдэлтэй хүмүүс өөрийн тойрогт их мөнгө хуваарилж байна гэж харж болно. Нөгөө талаас хэн бусад гишүүддээ тавьж байгаа асуудлынхаа ач холбогдлыг бусад гишүүддээ зөвөөр ойлгуулж чадсанаас шалтгаалдаг байх гэж боддог. Улс орны эрх ашиг, эдийн засагт үр нөлөө үзүүлэх төслүүд, түүнийг бий болгох дэд бүтэц рүү хөрөнгө мөнгө илүү тавих нь чухал. Тухайлбал, Төв аймгийг бусад аймгийн төвүүд засмал замаар нийслэл Улаанбаатар хоттой холбогдоогүй байхад бүх сумандаа засмал зам тавиулчихлаа гэж шүүмжилдэг. Энэ ажлыг бид илүү их эрх мэдэлтэй байсан гэхээсээ илүү Төв аймгийн дэд бүтцийг хөгжүүлснээр хөгжлийн олон гарц нээгдэнэ гэдгийг ойлгуулж чадсан учраас л төсөвт суулгуулсан.
-Шинээр хөрөнгө оруулалт тавихгүй гэдгээ халхавчлаад өмнө нь эхлүүлсэн бүх ажлуудыг дуусгах нь зөв шийдэл мөн үү. Өмнө нь хэрэгжүүлж байсан төсөл, хөтөлбөрүүдээ дахин ач холбогдлоор нь ангилж үзэх ёстой юм биш үү?
-Төсөв хэлэлцэх үеэр хэрэгжүүлэх бүхий л төсөл, хөтөлбөрүүдээ ач холбогдлоор нь эрэмбэлдэг. Манай улсын орлого Засгийн газрын тооцоолсон хэмжээнд хүрээд, элдэв хор уршиг нэмэгдэж гарч ирэхгүй бол дээр дурдсан 82 хувийн гүйцэтгэлийг эрэмбийнх дагуу гүйцэтгэх боломжтой. Ер нь цаашид төсөв дээр тавьж байгаа нэг шаардлага бол ямар ч төсөл байсан гурван жилийн дотор бүрэн дуусдаг байхаар бодож, төлөвлөдөг байя гэсэн зарчим яригдаж байгаа. Энэ бол маш зөв зүйтэй асуудал. Мэдээж зарим нэг том хэмжээний төслүүдийг гурван жилийн дотор гүйцээх боломжгүй байж болно. Гэхдээ энэ зарчмаар явбал эхлүүлж орхиод олон жил болдог, төсөвт өртөг нь нэмэгддэг, үр ашиг муутай төсөл хөтөлбөрүүдээс бүрэн ангижрах боломжтой гэж бодож байна.
-Зураг төсөвгүй, ТЭЗҮ хийгдээгүй төсөл хөтөлбөрүүдийг төсөвт суулгадаг гэснээс Дарханы замыг барихдаа анхнаас нь зураг төсөл, ТЭЗҮ-гүй байхад нь яагаад баталчихсан юм бол. Хаана нь ямар алдаа гарав. Ирэх оны төсөв дээр Дарханы замын ТЭЗҮ хийх үлдэгдэл санхүүжилт болох гурван тэрбум төгрөгийг суулгасан харагдсан. Энэ ямар учиртай вэ?
-Зураг төсөл, ТЭЗҮ-гүй олон төсөл хөтөлбөрүүдийг төсөвт суулгаж байсан нь бидний олон алдаануудын нэг. Дарханы замын салаа мөчир бүртэй холбоотой бүх зураг төсөл нь бэлэн болсон байсан эсэхийг би хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан эхлүүлэх хэмжээнд очсон хэмээн Засгийн газраас шийдвэр гарсан учраас эхлүүлсэн. Дарханы замын ажил удаашрахад цар тахлаас эхлүүлээд олон хүчин зүйл нөлөөлсөн байх. Нэг бүрчлэн дурдахаа больё. Миний харж байгаагаар Дарханы зам удааширсан нэг том шалтгаан нь олон улсын банк, санхүүгийн байгууллагаас санхүүжүүлж хэрэгжүүлдэг төслүүдийн янвцыг шийдвэрлэх механизм нь хүнд сурталтай, олон дамжлагатай. Тухайлбал, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийж байгаа зам. Манайхан төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулдаг боловч санхүүжүүлэгч тал эцэслэн шийддэг. Шалгаруулалт явагдаад ажилдаа орохын даваан дээр ковид гарсан учраас гадны компанийхан орж ирэх боломжгүй болсон. Цаг хугацаа алдаад эхлэхээр манай талаас Азийн хөгжлийн банкинд хандаад гүйцэтгэгчээ солих хүсэлт хүргүүлсэн ч боломжгүй гэдэг хариу өгсөн. Энэ мэтчилэн олон саад байсан. Түүний хажуугаар манайхан ч алдаа дутагдал гаргасныг огт үгүйсгэхгүй. Гэхдээ л бүдүүн барагцаагаар хэлэхэд Дарханы зам удааширсны 50 орчим хувь нь сонгон шалгаруулалт, гүйцэтгэгч компанийг богино хугацаанд өөрчлөх боломжгүй зэрэг механизмтай холбоотой болов уу гэж бодож байна. Ингэж хэлснээрээ би аль нэг яам, хэн нэгнийг өмгөөлж хамгаалах асуудал байхгүй. Бид асуудалд шүүмжлэлтэй хандахаас илүүтэй учир шалтгаанд бодитой үнэлэлт, дүгнэлт өгч, санаа бодлоо хуваалцах нь зөв байх.
-Өнөөдөр иргэд үнийн өсөлт, өрийн дарамтад өртсөн хэвээр байна. Ирэх онд инфляцийг нэг оронтой тоонд хүрнэ гэдэгт итгэлтэй байх боломжтой юу?
-Инфляци тал дээр Засгийн газраас нэлээд өөдрөг зорилт дэвшүүлсэн байна лээ. Ерөөсөө мөнгөний ханшийг тогтвортой, инфляцийг боломжийн хэмжээнд барьж, валютын нөөцийг нэмэгдүүлэх хамгийн гол зүйл бол гадагшаа л бараа бүтээгдэхүүн гаргах асуудал шүү дээ. Бид хичнээн дотооддоо юм үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээгээ хангаад ч валютын нөөц нэмэгдэхгүй. Хүн төрөлхтний түүхэнд эдийн засаг, зах зээл, эрэлт хэрэгцээ гэдэг чинь физикийн хууль шиг бодитойгоор оршдог. Энэ хуулийг хүссэнээрээ өөрчлөх хэцүү. Бид өөрсдийн хэрэгцээнээсээ давсан бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гадагш нь гаргаж байж түүгээрээ л хөгжиж ирсэн. Тиймээс гадаадын шууд хөрөнгө оруулалт маш чухал. Дэлхийн нэг ч улс орон зөвхөн дотоодынхоо хөрөнгөөр хөгжлийн дээд түвшинд хүрсэн түүх байхгүй. Дандаа гадаадын хөрөнгө оруулалт татаж, түүнийгээ зөв ашигласны үр дүнд хөгжсөн. Одоогоор манай улсад мөнгө олж байгаа ганцхан салбар байгаа нь уул уурхай. Дандаа энэ замаар яваад байна гэж байхгүй. Эдийн засгаа солонгоруулахад анхаарах ёстой. Тиймээс цаашид гол анхаарах асуудал бол яавал гадагшаа гаргадаг бүтээгдэхүүнийхээ тоог олшруулах вэ гэдэгт анхаарч ажиллах ёстой.